АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for July, 2009

7-р сарын 1-ныг хэсэглэсэн хэсгүүд байгуулагдав

Posted by Бид on 2009/07/31

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Уртаас урт гуншинг нь манайхан хялбарчлаад “7-р сарын 1-нд дүгнэлт өгөх ажлын хэсэг”, “7-р сарын 1-ны комисс” гэх мэтээр нэрийдэж эхэллээ. Үгүй ээ. Нэрийг нь тайлбал, зөвхөн цагдаагийнхныг (тагнуул, цэргийнхэнтэй хамтатгаад) шалгах ажлын хэсэг байна. Энэ бол УИХ-ын хоёрдахь ажлын хэсэг бөгөөд эхнийх нь онц байдлын үеэр болон дараах хүний эрхийн зөрчлийг шалгах үүрэгтэй байгуулагдсан юм.

Тэр өдрийн үймээн дэгдэхэд хүргэсэн гэх сонгуулийн булхайг бараг л хараад зогсож байсан мэтээр сүржигнэж үй олон залуусыг тултал хөөрөгдөөд тавьчихсан хүмүүс, бас галдан шатаагчдыг УИХ тойроод байгаа биз? 7-р сарын 1-ны хэрэг явдлыг эхнээс дуустал шалгаж дүгнэлт өгөх ганц ажлын хэсэг байгуулахын оронд ингэж хэсэглээд байх юм. Овоо босгоогүй байхад шаазгай суучихсан юм шиг.

Удалгүй иймхэн самууныг тэсэлгүй шатсан МАХН-ын байранд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж магадгүй. (Нээрээ, дүгнэлт өгөөд нураачихсан бил үү?)

Posted in 2008.07.01 | Leave a Comment »

Түүхий хөтлөгчөө болгоосой

Posted by Бид on 2009/07/27

Өнөөдөр 18 цагийн мэдээний төгсгөлд МҮОНТ-ийн хөтлөгч Ичинхорлоо “… Өнөөдөр болсон илүү дэлгэрэнгүй мэдээллийг 20 цагаас хүлээн авч үзээрэй” гэлээ.

Явсаар олон нийтийн телевизээр мэдээ зүгээр нэг болоод зогсохгүй бүр дэлгэрэнгүй болдог болжээ. Энэ хөтлөгчийн “ачаар” мэдээ, мэдээлэл Монголд төдийгүй дэлхийд болдог болоод удаж байна. Сүүлийн өдрүүдэд тэрбээр”Монголын мэдээ”агентлаг энэ өдөр манай эх оронд болон дэлхий дахинд болсон мэдээ, мэдээллээс хүргэлээ”, “Дараа нь дэлхий дахинаа болж байгаа мэдээ, мэдээллээс тоймлон хүргэнэ”, “Эх оронд болон дэлхий дахинд болж байгаа мэдээ, мэдээллээс танилцууллаа” гэж ярьсаар байна.

Үндэсний хэл соёлоо цэвэр ариун авч явах үүрэгтэй МҮОНТ хэлж байгаа үг өгүүлбэрийнхээ утгыг одоо хэр ойлгоогүй яваа түүхий хөтлөгчөө л болгомоор юм даа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 16 Comments »

Олон нийтийн телевизийн гамшгийн өдөр

Posted by Бид on 2009/07/18

Долдугаар сарын 16-17-ны шөнө Говь-Алтай аймагт хүчтэй үер бууж 18 хүн амь насаа алдсан бол 17-ны 15-16 цагийн үед Улаанбаатарт хотод бууж лав 5 хүн үрэгдлээ. Олон айлын гэр орон, барилга байгууламж урсч сүйджээ.

Гамшиг тохиолдоод байхад (иймээс Ерөнхийлөгч Эрдэнэтээс, Ерөнхий сайд Японоос эмгэнэл илэрхийлсэн) манай телевизүүд ердийн нэг хурал семинарын хэмжээнд анзаарчээ. Ихэндээ бороо орж байгаа дүрс бүхий мэдээ уншаад Онцгой байдлынхан болон хотын удирдлагууд хуралдаж суугааг баахан үзүүлэв. Говь-Алтайг орхъё гэхэд нийслэлд үер буусан тухай дүрстэй мэдээнүүдээр хязгаарлав. Аль ч телевиз гамшгийн дараах үйл явдлын шууд сурвалжлага хийсэнгүй. (Зөвхөн баяр ёслолыг шууд дамжуулдаг гэж хэн хэлсэн бэ?)  Тэгээд бүгдээрээ юу ч болоогүй мэт оройн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр.  Ийгл, бас  TV9 арай илүү байж нурсан хананд даруулсан машин, усанд автсан хонгил зэрэг сурвалжилсан ч тайчигчийн тухай америкийн уран сайхны киног үзүүлж оройг барлаа.

Ганц найдвар – МҮОНТ ямар байсан бэ? 

Үер хэдэн цагийн өмнө буучихаад байхад 18 цагаас товчхон мэдээ, 20 цаг хүртэл уран сайхны киногоо үзүүллээ. Хэтэрхий эрт буусан үерийн “аз дутсан” бололтой.

20.00. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

– Говь-Алтай аймаг хүчтэй аадар борооноос болж 18 хүн нас барсан тухай мэдээлээд аймгийн Засаг даргатай утсаар ярив. (Болж л байна).

– Улаанбаатарт хүчтэй бороо орсон тухай дурдаад араас нь Онцгой байдлын ажилтантай хийсэн ярилцлага үзүүлснээ ”18 цагт дахиад мэдээ авах гэсэн боловч “дуудлага ихтэй гээд мэдээлэл өгсөнгүй” гэж гомдоллов. (Үйл явдал болсон газруудаар өөрсдөө явж сурвалжлахын оронд албан тушаалтны ам сахих юм даа. Сүүлдээ цаадуул нь залхсан биз)

– Улсын онцгой байдлын комиссын хуралдаан Төрийн ордонд болов гэсэн сурвалжлага. ОБЕГ-ын дарга Амгаланбаатар МҮОНТ-ийн хүссэн ярилцлагыг өгч “Иргэд үерийн усны замд буусан байсан, үүнийгээ онцгой анхаарах хэрэгтэй” гэж ухуулж гарлаа. (Хожимджээ) Тэгснээ хэл нь хальтирч “амь насаасаа хохироод байх нь тийм ч оновчтой зүйл биш” гэсэн хачин юм хэлэв. (Гамшиг тохиолдоод байхад Онцгой байдлын дарга өөрийн биеэр аварч сэргээх ажлыг удирдах, харин олон нийтийн сэтгүүлч цаг алдалгүй очиж сурвалжлахын оронд хоёулаа нийлээд Төрийн ордонд ингэж дэмийрч суух ч гэж дээ)

– Хоёрхон цаг орсон бороо нийслэлийн үерийн усны байгууламжийг шалгалаа. Орос ах нар 400000 хүнтэй хотын усны  байгууламжийг барьж өгсөн ч сая хүнтэй хотод байгууламж алга. (Өдөр болгон хоосон давтдаг сүржин яриа)

Цаашаагаа зөвхөн албан ёсны, дарга дагасан, хурал тойрсон сурвалжлагууд үргэлжиллээ. Дурдвал: С.Баярын Япон улсад хийж байгаа айлчлал… “С.Баярын айлчлалын талаар дэлхийн томоохон хэвлэлүүд ч мэдээлж байна. Японы NHK айлчлалын талаар ч мэдээлж байна” (бас нэг дэмийрэл) гэсэн эхлэлтэй тайлбар… УИХ-ын чуулганы хуралдаанаар нөхөн сонгуулийг товлож, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хангамжийг шийдвэрлэв… Атрын 3 дахь аяны хүрээнд ХХААХҮЯ-наас бага оврын тракторуудыг орон нутгийн удирдлагуудад гардуулав… Төмөр замын засвар, шинэчлэл эхэлж галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оров…. Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтын өргөтгөл ашиглалтанд оров… Мэргэжлийн хяналтын дэд даргын зөвлөлийн хуралдаанаар барилгын чанарын асуудлыг хэлэлцлээ…. УИХ-аас голын сав, ойн бүсэд ашигт малтмалын үйл ажиллагааг хориглох хуулийн талаар хэвлэлийн хурал… Голуудын хөдөлгөөний хэвлэлийн хурлын сурвалжлага… Сингапурын хөгжлийн тухай сурвалжлага… Сингапурын түүхийн тухай дахиад нэг сурвалжлага…. Дэлхийн мэдээ. Спортын мэдээ. Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ…

21.00. Соно студи: “Маамуу нааш ир”

21.15. “ММ- Тoday” English news

21.25. “Хэцүү ангийн өдрийн тэмдэглэл”

21.40. “Баярын мишээл” /давталт/

23.00. Үдшийн мэдээ

Өнөөдөр болсон дотоод үйл явдлыг  товч дурдаад гадаад мэдээнд шилжиж, хүнийг хумсаар нь таньж эмчилдэг хумс заслын клиник Хятадад нээгдсэн тухай мэдээг гадаадын телевизээс цаг алдалгүй авч орчуулан үзүүлэв.  

23.10. “Гэрэлтэй цонх” хөтөлбөр

… “Таван хором” булан. 1. “Америкийн шүтээн” шоуны хөтлөгч хамгийн их орлоготойгоор тодорсон, 2. Их Британийн дуучин од хүүхэдтэй болох гэж байгаа тухай баяртай мэдээ. 3. Муурууд дуугаараа эзэндээ янз бүрийн мессеж өгдөг гэсэн нийт гурван мэдээ … “Үдшийн шуудан”-гийн зочноор ЦЕГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга оролцлж Цагдаагийн баярыг хэрхэн тэмдэглэх тухай ярьж, бас өөрийн шүлгээс уншив… Америкийн цөлийн үзэсгэлэнт газруудыг харуулж тайлбарласан танин мэдэхүйн урт нэвтрүүлэг… Маргаашийн өрнийн зурхай…

МҮОНТ энэ өдөр олон хүний амь үрэгдсэн үерийн гамшиг тохиолдоогүй юм шиг цэнгэн хөгжилдсөөр 24 цаг гэхэд эфирээ хааж гүн нойрондоо дугжирч байлаа.

P.S:

Маргааш буюу 18-нд гамшгийн байдал, уршгийг сурвалжлахын оронд гамшгийн асуудлаар болсон хурлуудын дүрсийг үзүүлж албан мэдээ уншихаас хэтэрсэнгүй. 

P.P.S:

19-нд мөн адил. Ялгаа гэвэл МҮОНТ-ийн сэтгүүлчид нийслэлд болсон гамшгийн газарт очсон байна! Гэхдээ зөвхөн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг дагаж.

Говь-Алтай руу сурвалжлагч илгээсэн бол эхний мэдээгээ ирүүлэх хугацаа өнгөрлөө…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 12 Comments »

Монголын зам муу, гэхдээ Малайзынх маш сайн …

Posted by Бид on 2009/07/18

Сүүлийн өдрүүдэд МҮОНТ тэргүүтэй телевизийн хэд хэдэн сувгаар Сингапур, Малайз хичнээн сайхан хөгжиж байгааг харуулсан сурвалжлагууд тасралтгүй гардаг боллоо. Ялангуяа автозамынх нь ганц ч нүхгүй, толигор сайхныг ээ!!!

Манай телевизүүд яагаад энэ хоёр улсыг гэнэт сонирхов? Нэг ч сэтгүүлч энэ талаар дуугарсангүй.

Харин “Өнөөдөр” сониноос явсан сэтгүүлч “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдах орнуудын туршлагаас эх орондоо нэвтрүүлэхийн тулд монголчуудынхаа оюуны мэлмийг нээх тал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар шийджээ. Тэрбээр хувиасаа хөрөнгө гарган, хэвлэл мэдээллийн 26 ажилтныг Сингапур, Малайзаар аялуулсан нь дээрх ажлын гараа болов” хэмээн шударгаар бичив.

Зөвхөн гараа нь ийм байгаа юм чинь  цаашаа мөн ч урт зам туулахнээ. Гэхдээ УИХ-ын гишүүн төдийгүй Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан сайд Х.Баттулга эхлээд монголын зам ямар байгааг, хэрхэн Сингапур, Малайзынх шиг болгож буйгаа сурвалжлуулмаар аа.  Хэвлэл мэдээллийн 26 ажилтныг нийслэл хотын замаас эхлээд Лүнгийн замаар аялуулаасай.

Социализмын үеийн онигоо байдаг:

Сангийн аж ахуйн хурал дээр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөв.  1. Малын саравч засах ажил  2. Коммунизм байгуулах зорилтын тухай.  Хурал эхлэхэд дарга босч ” Одоогоор банз байхгүй тул шууд хоёрдахь асуудалдаа орьё” гэжээ.

Posted in "Өнөөдөр" сонин, + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Архи, пивоны компаниуд ба телевизүүд хуулийн хоригийг цуцлаад байна

Posted by Бид on 2009/07/14

Наадмаар согтууруулах ундааны сурталчилгаа телевизийн дэлгэцнээ сад тавьж найр болж хувирлаа. Яваандаа найр хавтгайрав бололтой, 22 цагаас өмнө ба 18 градусаас дээш “болохгүй” гэсэн хоригийг архи пивоны компаниуд ба телевизүүд “мэдээд” буюу тохиролцоод цуцалсан байх юм.

Наадмын хэдэн үдэш ихэнхдээ 22 цагаас өмнө“Жем Интернэйшнл”, UFC, “Морьтой Чингэс”, “Чингэс” (18 граудсаас зөөлөн архинууд юм байх даа?), “Жалам хар”, “Сэнгүр”, “Алтантүрүү”-гийн шинэ шинэ клипүүд эрээлжилж АПУ, “Спирт, бал бурам” болон бусад компаниуд баярын мэнд хүргэж сайхан наадахыг ерөөж салсангүй. Мэдээ  сурвалжлаган сурталчилгаанууд зөндөө. Маргааш өглөө нь бүгдийг давтаж үзүүлэв. (Хуулиар бол 06 цагт зогсоох ёстой).

Сэтгүүлч Ш. Гүрбазарын “Алтантүрүү” архийг сурталчилсан клипэнд тоглож (олон нийтийн телевизийн хуулиар хориотой) арилжааны телевизүүдээр гаргасан орлого чамлалтай санагдсан бололтой наадам дууссаны дараа МҮОНТ-ийнхээ “Гэрэлтэй цонх”-он дээрээ лого тавьж байгаад бөхийн хууч дэлгэв. “Алтантүрүү” 40 градусын архи байснаа төрөл арилжиж шар айраг болсон юм уу?

P.S: MTC компанийн Ice брэндийн “бүтээгдэхүүн”-ийг наадмын өмнөхөн юутай хамтатгаж яаж сурталчилсныг мэдсэн үү? Таныг мэдээгүй өнгөрөх вий гэж санаа зовсон телевизүүд нөхөн үзүүлэхгүй хаачихав. Нэгэн зэрэг. Команд авсан мэт.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Хүй долоон худагт нэг сая хүн …

Posted by Бид on 2009/07/14

Нэг бөх нөгөөдөө “чи намайг боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гоморхсон тухай онигоо байдаг. Тэрбээр гуравдугаар анги, нөгөөдөх нь дөрөвдүгээр анги төгссөн байж.

Саяын наадмын хоёр дахь өдрийн өглөө соёолон морины уралдааныг Хүй долоон худгаас шууд дамжуулсан UBS телевизийн хоёр тайлбарлагч морьд барианд орохыг сэтгэл өндөр тайлбарлаж дуусангуутаа нэг нь багширсан олон хүн амьтныг сая анзаарч:

– Өнөөдөр Хүй долоон худагт лав хагас сая хүн цугларч сайхан наадлаа гэж дүгнэв.

Хэдийгээр соёолонгийн тоосонд даруулах дуртай ч нийслэлийн сая гаруй хүн амын тэн хагас тэнд оччихсон бужигналдсан гэхэд итгэмээргүй. Нөгөө тайлбарлагч нь бас итгээгүй бөгөөд залруулж

– Өнөөдөр энд сая гаруй хүн цугларч сайхан наадлаа гэх нь тэр.

Сайхан наадсан нь үнэн байх, гэхдээ тэр өглөө нийслэл эзгүйрсэн байж таарах уу? 

Баримжаа гэж нэг юм байдаг даа…

Posted in Наадам, UBS телевиз | 1 Comment »

2008 оны наадмын “ардчилсан сонголт”

Posted by Бид on 2009/07/14

Naad huushuur

Бараг телевиз болгон шууд дамжуулсан наадам өндөрлөв. Хэдэн зуун сурвалжлагчийн хараа чих, тэр дундаа гэрэл зурагчдын дуранд өртөөгүй хүн амьтан, дуу чимээ, үйл хөдлөл Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт нэг ч үлдээгүй тул сонин санагдаад баахан дарсан хуушуурын хаягаар дагнахаар шийдэв.

Энд ирж хуушуурдсан олон хүн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ивээл дор “ардчилсан сонголт” хийжээ. Харин ардчилсан ерөнхийлөгч маань ард түмнийхээ дунд орж ганц хоёр хуушуур идсэн бол зүгээр байж. Америкийн ерөнхийлөгч Обама гэр бүлээрээ Макдональдс орж томоос том хамбургер зооглосныг санаж байна…     Read the rest of this entry »

Posted in Наадам | 8 Comments »

22 цагаас өмнө…

Posted by Бид on 2009/07/09

Бараг ижил зорилготой архи, [шар] айрагны компаниуд ба телевизийн эздийн лоббинд дуртайяа автсан УИХ-ын гишүүд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засварлаж өгснөөр 18-аас доош градустай согтууруулах ундаа, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ телевизээр бол 22-06 цаг, харин сонин хэвлэлээр долоо хоногт ганц удаа.

Эздэд энэ хамаагүй. Тэдэнд зөвхөн сиймхий хэрэгтэй. Урьд нь хуулийг зөрчиж дураараа сурталчилж ирсэн бол одоо “бараг” зөрчихгүйгээр хүссэн цагтаа, хүссэн градустай сурталчилгаа явуулах эрхээ олж авчээ. Хугацаа, градус хоёрыг хэтрүүлээ л биз…

Сонины хуудсууд архи, пивээр хэдийнэ нэвчсэн бол телевизийн дэлгэц дээр үзэгчдийн сайхан наадах эсэхэд санаа зовсон согтууруулах компаниуд ээлж дараалан байраа эзэллээ: Жем Интернэйшнл, UFC…. Морьтой Чингэс дээр юм байна. Маргааш ажилтай шүү дээ!!!… [Зүгээр] Чингэс … Хан тэнгэр шиг харчууддаа зориулав. Жалам хар… “Арвай” унаагүй байна шүү?…

Тэгээд ихэнхдээ 22 цагаас хамаагүй өмнө гарч байх юм. Нөгөө шинэхэн засагдсан хууль арвай шууд биш будаа болох нь тэр.

Манай арилжааны телевизүүд дүүрчээ. Тэгвэл олон нийтийн телевиз?

МҮОНТ-ийн 2009.07.06-ны хөтөлбөрт 18.25-18.55. “Дэлхийн бренд Монголд 2 жил” гэсэн нэвтрүүлэг зарласан нь “Тайгер” шар айрагны сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. Юм болгонд далдагнаж явдаг Ц.Ганхүү нэртэй “од” хөтөлж “Тайгер”-аар ивээн тэтгүүлсэн учраас үгүй гэх эрхгүй хэсэг хүмүүсийг шахаж баахан магтуулаад сүүлдээ яриандаа согтож “… Тайгер” үйлдвэр бол нийгмийн хамгийн хариуцлагатай компани … Тайгер Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж байна… Бидний зүгээс, үзэгчдийнхээ зүгээс “Тайгер” брэндийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэж төгсгөсөн. Тэрбээр өөрөө Тайгер хавьд ажилладаг байх шүү. Бас нэг нөхөр: “Сая УИХ-дээр 18 градусаар бага согтууруулах ундаагаар урлаг спортыг дэмжих хэрэгтэй гэсэн маш зөв санаа гарсан” гэж магтсан.

МҮОНТ-ийн 2009.07.09-ны хөтөлбөр. 18.30-19.30 “Анхны мөнгөн медальт” гэсэн нэвтрүүлэг орсныг үзтэл, “Сэнгүр” шар айрагны ямар нэгэн ой, бас Австралийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн үйл явдалд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.

Арилжааны ба олон нийтийн телевизийн хооронд ялгаа алга.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Өнгөрсөн ба энэ 7-р сарын 1.

Posted by Бид on 2009/07/02

2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хоёр дахь 7-р сарын 1 өнгөрлөө. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатаасан, үй олон энгийн иргэн, цагдааг гэмтээж бэртээсэн, дараа нь 5 хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зууг шоронд хийсэн билээ. Дахиад хэд ачигдах дутуу байгаа…

Харин хоёрдахиар нь эхнийхийг эргэн дурслаа. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэд тэр хэрэг явдлын шалтгааныг “сонгууль шударга биш болсноос” гэж ярихыг өдөржин сонслоо.

Тэр ч бүү хэл экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “7-р сарын 1-ны хэрэг явдлын учрыг олохын тулд бүхнийг хийх болно” гэж тангараглаад буусны дагуу “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз санал асуулга зарлаж “Төрийн эргэлт хийх оролдлого уу?”, “Өнгөт хувьсгал хийхийг санаархсан уу?” гэх мэтээр чиглүүлж өгөөд байхад л 66 хувь нь “сонгуулийн будлианаас” гэж хариулснаар эзнээ хүнд байдалд оруулах нь тэр.

Бас энэ орой Монгол Улсын цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө (тэртээ тэргүй буучихсан Н.Энхбаярын араас “уул тахиад байгаа юм уу, хүн тахиад байгаа юм уу?” зэрэг хэдэн үг чулуудсанаар өөр гойд юмгүй яриа болов) 7-р сарын 1-нээс сургамж авах хэрэгтэй гэхээс цааш хэтэрсэнгүй.

Уг нь ноднингийн санал хураалтын маргааш АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж “бидэнд өгсөн саналыг луйвардчихлаа” гэж цамнаад эхэлснийг санаж байна.

Сонгууль үнэхээр будилсан юм уу? Хэрвээ бид энэ асуултанд шударгаар хариулж чадахгүй бол 7-р сарын 1-ны үйл явдалд зөв онош тавьж чадахгүй ээ. Мэдээж төгс сонгууль болоогүй. Будлиан зөрчил зөндөө гарсан. Гэхдээ сонгогчдын олонхи АН-ын төлөө саналаа өгснийг МАХН руу хэлтийлгэснийг хэн нотолсон юм бэ?

Дан ганц иргэний үнэмлэхээр санал өгүүлснийг буруутгасан АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн гомдлыг шүүх дэмжсэн ч сонгуулийн дүнг бүхэлд нь эргүүлэхээр биш байсан бол бусад гомдол заргууд бүгд нотлогдоогүй өнгөрсөн билээ. Надад ч гэсэн шударга бус санагдсан ч хуулиндаа тэгээд заачихсан, эсвэл түс тас журамлаагүйн улмаас бүгд л өөрсдийн зөв гэж хэрэлдэхээс хэтрээгүй реалити шоу хичнээнийг ч харав даа. Хууль нь тийм юм чинь.

2008 оны сонгуулийг явуулсан хууль бол МАХН ба АН хоёр зөвшилцөөд нэг хөнжилд ороод байсан 2005 оны 12-р сард төрсөн “хүүхэд”. Цаадуул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг “огцрууллаа.. болилоо… тэгвэл огцрууллаа… “ гэж сандалтай нь дэнжигнүүлсээр байгаад амжуулчихсан эд. АН-ынхан сайн хуулийг бус Ерөнхий сайдын суудлыг сонгосон ч МАХ намынхан хэргээ дуусмагц хагас сарын дараа хөмрүүлж орхисон …

Дараачийн буруутны тухайд. 2008 оны УИХ-ын сонгуулийн “будлианы” гол буруутнаар тодроод байгаа СЕХ-нд хэн хэн орсон билээ? Хоёр нам бас л зөвшилцөж “дарга нь манайх, дэд нь танайх.. гээд хувааж авцгаасан санагдах юм.

Бас сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураалт, тооллого, нэгтгэлийг ямар үл мөргүй будлиулдаг 90-ээд оны “Алтан цөгц”, Өнөрмаагийн гал мэт ид шидийн аргуудыг хэрэглэсэн гэж ноднингоос хойш хичнээн шуугив? Тэгвэл 2008 оны сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний лав тэн хагаст намаасаа томилогдож очсон ардчиллынхан хаана байв? Сонгуулийг шударгаар явуулахад оролцох, хяналт тавихад өөр юу хэрэгтэй юм бэ? Гадаадынхнаар хуулиа батлуулж, сонгуулиа хийлгэх байсан юм уу?  

Тэгчихээд “сонгууль шударга бус боллоо” хэмээн албан ёсоор турхирахад (мэдээж Магнай, Батзандан, Жаргалсайхан нар буухиалан үргэлжлүүлсэн) саналаа хайр гамгүй өгсөн АН нь ялаагүйд бухимдсан баахан залуучууд доргиж 2008 оны 7-р сарын 1-ны шударга ёсыг тогтоох хувьсгалын баатрууд гэж гэж дүрдээ итгээд …. нэг мэдэхэд түймэр, үхэл, хагацал, шоронгоор төгссөн.

Дашрамд дурдахад, 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан нэг хэрэг бараг нотлогдсон нь Баянгол дүүргийн сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийн хамсаатнуудынх. Шүүх хурал дээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ирээд шүүгчдийг эгцлэн харж дарамтлаад суучихдаг. Хөөж гаргалтай биш…

Тэгвэл одоо 2008 оны сонгуулийг луйвардуулсан гэх АН-ынхан луйвардсан гэх МАХН-тайгаа дахиад л эвсээд (харин үүнийг шинэ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа эсэргүүцээд дийлээгүй санагдана) яваа. Уг нь хоёр нам УИХ-ын танхимд хайр майргүй үзэлцээд (эрхбиш насанд хүрсэн хүмүүс учраас гайгүй биз) дэлгэрэнгүй бөгөөд цоорхойгүй хууль гаргах ёстой атал найзалчихлаар нэг л өдөр сонгогчид нь гудамжинд үзэлцэж эхлэнэ биз дээ?

7-р сарын 1-ны аймшигт хэрэг явдлын учир шалтгааныг парламентын комисс байгуулан жинхэнэ үнэнийг тодруулж зарлахын оронд иргэний нийгмийн байгууллагууд бүтэн жилийн турш хийж байгааг дууриаж нэгэнт өнгөрсөн хүний эрхийн зөрчлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, бас өршөөлийн хууль, нөхөн төлбөр зэргээр хоёр нам нүглээ халхлан сугарч үлдлээ.  Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

Чухамдаа 7-р сарын 1-ны хариуцлагыг дээрээсээ  бөгөөд өөрөөсөө эхлээд тооцсон бол шинэ Ерөнхийлөгчийн амалсан тэр шударга ёс Монголд тогтох эхлэл болохсон.

Харамсалтай нь дахиад хойшиллоо…

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 13 Comments »