Pearl сэтгүүлийн 4 дэх дугаар худалдаанд гарчээ.
Эхний дугаарууд нь барууны гялгар сэтгүүлүүдийг шууд дууриаж тансагладаг Citynight ба Uptown хоёрт хараахан хүрээгүй ч үнийн хувьд хямдхан – ердөө 1500 төгрөг хэвээрээ байна.
Харин энэ дугаараас Pearl арай өөр замаар явахаар шийдэж Америкийн санхүү-эдийн засгийн алдартай сэтгүүл – Форбс-ийг дууриахаар шийдсэнээ албан ёсоор зарлаж эрхлэгчийн зурвастаа “Тансаг, цэвэр, ариун, гэгээлэг бат бөх шинжийг агуулсан “Сувд”-тай эрхэм бизнесмен, ажил хэрэгч та бүхнийгээ адилтган нэрийдсэн нь учир утгатай билээ. Дэлхийн элитүүдийн унших дуртай Forbes сэтгүүлийн нийтлэлийн бодлого, донж маяг, өнгө аясыг Монголынхоо нийгэм болон зах зээлд уялдуулан өөрийн гэсэн уншигчдын хүрээг бий болгон дэлхийн зах зээл рүү нэвтрэн гарах нь манай сэтгүүлийн гол зорилго байдаг. Pearl сэтгүүлд “Сувд” шиг үнэ цэнэтэй, нууцлаг эрхмүүдийн тухай мэдээ, мэдээлэл тавигддаг гэдгийг уншигч та бүхэн хэдийнэ анзаарсан байх” хэмээн тайлбар хийжээ. (Зөвхөн Монголд л бизнесменүүдийг сувдтай зүйрлэдэг байх даа)
Ингээд хавтсан дээрээ Mongolian Forbes Magazine гэж бичсэн байлаа.
Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Швейцарын банкинд тэрбумын данстай гэх Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн талаар Forbes сэтгүүлийн дугаарт гарах байсныг хойшлуулсан тухай сөрөг сурталчилгааны бор төдий биш том хар шувуу нисэхэд Forbes-ийг захиалж уншдаг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодорч, Forbes тийм муухай юм бичдэггүйг нотолж баахан ярьсан билээ.
Тэгвэл Монголын Forbes юу нийтлэв?
Хавтсан дээр харагдаж байгаагаас бусад гарчгыг жагсаавал: Алдарт сүлжээ зочид буудал Chicago Sheraton, Саятнуудын хүлээсэн шинэ Lotus Evora авто хүлэг, Хамгийн том алдартай алмазууд, 1,3 сая ам.долларын цаг, Лондонгийн хөрөнгийн бирж, Хувьцаа гэж юу вэ?, Барьцааны гэрээний тухай, Та удирдагч – зурхай, Шинэ ажилтнаа харцаар нь шинж, Дарга ажилтнуудтайгаа нэг тасалгаанд суух ашигтай юу? Төсөл хэрхэн бичих вэ? Өөртөө итгэлгүй лидер байх уу? Аль эсвэл, Америкийн тамхины зах зээлийн төлөөх дайн, Mont Blanc үзэг, Мөнгөний урсгалыг өөртөө тат, Их өвөг дээдэс Хүннү гүрэн, Зэвсэгт хүчиндээ эрс шинэчлэл хийе, Төрийн албаны хуулийг өөрчлөх шаардлагатай, Kitchen булан: Махтай винегрет гэх мэт жорууд.
Яах аргагүй эдийн засаг, бизнес тал руугээ хэлбийжээ. Америкийн Форбес-т баячуудын баяжсан түүх их гардаг бол энэ дугаарт “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын дутуугүй сонин түүх нийтлэгджээ. Зах зээлийн өрсөлдөөний арга ухаан, алдаа оноог харуулсан цуврал нийтлэлийн энэ удаагийнх гаднаас бензин оруулдаг компаниудын тухай байв.
Гэхдээ энэ дугаарын хамгийн том “хадаас” нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болдын өгсөн ярилцлага, түүнд орсон “Тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь гадаадын тусгай алба, түүний төлөөний этгээдийг илрүүлэх явдал. Энэ ажлыг идэвхжүүлж байгаа. Зарим үр дүнг …” гээд цааш үргэлжилж дууссан өгүүлбэр юм.
Би энэ өгүүлбэрийг дуустал иш татаагүй учраас “Pearl сэтгүүлд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, ялангуяа ТЕГ-ын мэдээлэл болон ярилцлагаас иш татах, зураг, реклам сурталчилгааны материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно” гэж анхааруулсныг нэг их зөрчөөгүй гэж найдья.
Харин “Сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно” гэсэн дараачийн анхааруулга гайхаш төрүүлэв. Forbes өөрөө нийтлэлийн бодлогоо харамлаагүй байхад шүү!
Нэгэнтээ Uptown сэтгүүл ХЗДХЯ-ны улсын бүртгэлийн 198 тоот, Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн онцгой эрхийн 6517 тоот гэрчилгээ, зохиогчийн эрхийн 2871 тоот гэрчилгээ сэлтээ дурдаад “…албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно. Мөн сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно…” гэсэн байсан.
Ер нь манайд сэтгүүлийн нэр, үсгийн хэлбэр, нүүр булангийн нэр, дизайны загвараас гадна нийтлэлийн бодлогод зохиогчийн эрх олгодог болсон юм уу? Сүүлийн үед чухамдаа барууны сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг маш сайн дууриаж чадсан учраас олон сайхан сэтгүүл мэндэлж хөл дээрээ босч байгаа билээ. Бусдын юмыг бусдаас харамлаад дэмий байх аа.