АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for May, 2009

“… Шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд …”

Posted by Ажиглагч on 2009/05/28

Олон телевиз дамжин мэдээ уншихдаа этгээд яриагаараа ялгарч жижигхэн брэнд болсон сэтгүүлч Алтаншагай хамгийн сүүлд “Ийгл” телевизэд зурвас үзэгдээд сураг алдарснаас хойш бараг жилийн дараа 2009 оны 05-р сарын 22-ны үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааны үеэр Соёлын төв өргөөний тайзан дээр гэнэтхэн гарч ирлээ.

Хөтлөгч:

– Та бүхний дунд ажлаа хийж байгаа нэгэн хүсэлт тавьж сэтгэгдлээ илэрхийлэх гэсэн юм. Сэтгүүлч Алтаншагай таныг урьж байна хэмээн зарлав. Чухам ямар ажил гэдгийг хэлээгүй, тэгээд ч энэ удаагийн сонгуулиар дэлгэцэн дээр харагдаагүй болохоор хөшигний цаана далд фронтод ажилласан байж мэдэх тэрбээр үнэхээр гарч ирлээ.

Сэтгүүлч Алтаншагай:

snapshot20090528125735

– Сайн байцгаана уу? Би та бүхэнд мэдээ танилцуулья, Алтаншагай. Энэ дууг сонссон уу? [Алга ташилт]. Яг энэ миний энэ дуу хоолой бараг сар гаруй TV9 телевизээр яваад байна л даа, “Шударга мэдээ” гээд. Би нэг зүйл хэлэх гэсэн юм. Өөрийгөө хамгаалж байна гэж ойлгоно уу яана уу, өөрсдөө мэд. Тэр “Шударга мэдээ”-г миний бие, би хийгээгүй. Алтаншагай мэдээллээ гэдэг утгаараа хийгээгүй. Тэр мэдээг хийсэн ч гэсэн тийм шударга мэдээ байдаггүй л байхгүй юу! Хүнийг яаж хутган.. гутаан доромжилж байна, тийм үү? Зүгээр одоо Алтаншагайг ард түмний зарим хэсэг ардчиллыг дэмждэг гэдэг утгаар нь мэдэх байх….Гэхдээ ардчилллыг дэмжихдээ хүнээ ялгаж дэмжих ёстой биз дээ [Алга ташилт]. Тэгээд нэг ийм залруулга хийж байгаа юм. Би ноён Энхбаярыг зарим хэвлэлээр… нэлээд сайн авч өгдөг л дөө… Гэхдээ тэр шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд ноён Энхбаяраас одоо албан ёсоор уучлал гуйгаад, та энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялна аа, нөгөө хүн чинь таныг хувь хүнийхээ хувьд ч тэр, хийж бүтээж байгаа юмныхаа хувьд тэр шал өөр, эсрэг тэсрэг. Би ноён Элбэгдоржтой бас хамтарч ажиллаж байсан, ямар хүн гэдгийг мэднэ… Тийм учраас би өөрийнхөө сонголтыг хийж байгаа байхгүй. Миний сонголт бол ноён Энхбаяр. Та ялна аа… Танаас уучлалт хүсье! (Очиж тэврэлдэв).

snapshot20090528130117

Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн шийдвэрлэх өдөр ноён Н.Энхбаярыг монголчууд тэр чигээрээ дэмжиж байгааг харуулж УИХ-ын гишүүдээс эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд, оюутан сурагчид, үндэстэн ястнууд, олимпийн аваргууд, бөхчүүд, цэргийн албан хаагчид, урлаг соёлын одууд гээд нийгмийн анги давхарга, ажил мэргэжил болгоноос цуглуулж Соёлын төв өргөөний тайзан дээр долоон эгнээ ярайтал суулгаж заримаар нь үг хэлүүлэхдээ Н.Энхбаярыг дэмжсэн “намын дайчин байлдагчид”-ын шинэ үеийн төлөөллийг үлдээчихэв үү гэтэл ашгүй сэтгүүлч Алтаншагай өөрөө хүсэлт тавьж энэ алдааг засчээ.

Уучлал гуйсан тухайд. Сэтгүүлч хүн өөртөө шүүмжлэлтэй хандах сайн хэрэг боловч өмнө ярьж хэлж байснаа “худлаа тал руугаа байсан” гэж үгүйсгэх нь өөрөө “худлаа тал руугаа” байх шүү.  Урьд нь сэтгүүлч Алтаншагай улс төрчдийг, түүний дотор Н.Энхбаярыг зөндөө шүүмжилсэн байх, гэхдээ камерын өмнө улаан цайм гүтгэж суусан гэж бодохгүй байна. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй шүү! Тэр тусмаа үүнийгээ дөрвөн жилд ганц удаа тохиох  сонгуулийн урьд өдөр зөвхөн “зарим талаар” (бүрэн гүйцэт биш!) мэдэрчихээд гүйж очоод тэврэлдэх хэрэг байсан уу? Одоо яаж “шударга мэдээ” хийнэ дээ.

Эсвэл “татгалзахааргүй санал” ирсэн юм уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 17 Comments »

Тэргүүн нүүрний эсэргүүцэл

Posted by Ажиглагч on 2009/05/27

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.

Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.

“ӨДРИЙН СОНИН”

2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…  

 2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.

2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.

Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!

Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?

2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан  ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?

 2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.  

2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.

Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.

Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 3 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by Ажиглагч on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Ажиглагч on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

Сүүлчийн мөч хүртэл хууль зөрчсөөр өндөрлөв

Posted by Ажиглагч on 2009/05/22

Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?

МҮОНТ:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН

Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.

TV9 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН

Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]

TV5 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН

Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.

20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”

20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.

22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.

23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

Эсвэл нээгээд … эсвэл хаагаад …

Posted by Ажиглагч on 2009/05/22

Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут http://www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.

Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.

Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” http://www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.

Тэгтэл http://www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм.  Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)

Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.

(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 7 Comments »

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага (Эхний сэтгэгдэл)

Posted by Ажиглагч on 2009/05/22

Ямар ч байсан энэ удаа Ерөнхийлөгчийн сонгууль халз ярилцлагатай боллоо. [Хоёрхон хоногийн өмнө Монголын үндэсний олон телевиз, радио өөрөө халз мэтгэлцээн гэж зарласан мөртлөө яг хийх болохоороо сэмхэн халз ярилцлага болгож хувиргасныг сая анзаарлаа] Өчигдөр орой буюу 21-ны Пүрэв гаригийн 21.00-23.00-д болж орон даяар шууд нэвтрүүлж үзэгч, сонсогчдоос урьдчилан хүлээж авсан 1400 гаруй асуултаас багцалж 60 асуулт бэлтгэж хайрцаглаад тэндээсээ сугалж 19 асуултыг тавьж амжив.

Тэр оройн “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар “асуултуудаа урьдчилж үзүүлэхгүй, манай радио, телевизэд тэр хэдэн асуултыг багцлах байтугай өөрсдөө зохиодог мундаг сэтгүүлчид байдаг” гэж даналзаад байсан ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сугалж гаргасан асуултууд дэндүү жол, ямар ч найруулгагүй, заримдаа давтагдсан байх юм. Ямар сайндаа шүүхийн тогтолцооны талаар ижилхэн асуулт дахин тавигдахад нэр дэвшигч Энхбаяр ”түрүүн гарсан асуулт байна” гэж дуугарахав. Багцлах байтугай сонгож ч чадсангүй. Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд шууд хамаарахгүй баахан асуултууд гарлаа. Үнэхээр мэтгэлцүүлье гэсэн бол тэртээ тэргүй хариулж амжихгүй 60 асуулт бэлтгэх бус, харин хамгийн чухал хэдэн асуултыг тэр мундаг сэтгүүлчдээрээ бэлтгүүлэх байж  дээ. Харин ч хоёр нэр дэвшигч өөрсдөө овсгоо гаргаж тавьсан асуултаас зөрж байж бага сага мэтгэлцсэн шүү!

Ярилцлагын эхний хэсэгт Н.Энхбаяр илүү, төгсгөлийн хэсэгт бараг тэнцүү байж, харин Ц. Элбэгдорж чангахан дуусгах шиг санагдлаа.

Эхлээд нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж нэг минутийн үг хэлэхэд Н.Энхбаяр сурталчилгаагаа аавынхаа төрсөн нутгаас эхэлж ээжийнхээ төрсөн нутагт дуусгасан тухайгаа зарлав. Элбэгдоржийн юуг сануулаад байгаа нь шууд ойлгогдов.

Дараах асуултууд байлаа.

1. Монгол орны эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

2. 7-р сарын 1-ны үйл явдлыг хэрхэн үзэж байна вэ?

Хөтлөгч Ц.Мөнхтөр будлив уу, эхний хоёр асуултын хариултыг Ц.Элбэгдоржоор эхлүүлсний дараа л “асуултыг ээлжилж хариулах ёстой юм байна” гэж сая нэг ойлгов.

3. Газрын лицензийг хэрхэн цэгцлэх вэ? Гадаадын иргэдээс буцааж авах тухай.

Газрын лиценз гэж чухам юуг хэлэв? Нэр дэвшигч Энхбаяр таав бололтой хотын газрыг ч, ашигт малтмалын лицензийг ярив.

4. Шүүхийн шударга тогтолцоог хэрхэн хангах вэ?

Хулгай хийгээд 10 жилийн ял авсан эмэгтэйн жишээг Ц.Элбэгдорж хэлмэгц Н.Энхбаяр “Элбэгдоржийн тэр яриад байгаа давтан хулгай хийгээд 10 жил авсан эмэгтэйг би зарлиг гаргаж өршөөсөн” гээд өөртөө оноо нэмэх нь тэр.

5. Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ноолуурын татварыг чөлөөлөх боломжтой юу?

6. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар?

  Н.Энхбаяр хариулахдаа, Элбэгдорж нэр дэвшигч Архангайн цагаан идээг ярилаа. Миний багаасаа идэж өссөн Архангайн ааруул амттай шүү. Өрсөлдөгчдөө баярлалаа гэж дахиад овсгоо гаргав.

7. Одоогийн шүүхийн тогтолцоог хэрхэн дүгнж байна вэ?

8. Бүсийн төвүүдийг эрчимтэй хөгжүүлэх талаар таны бодлого?

Ц.Элбэгдорж сайн мэдэхгүй байгаа бололтой “Бүсийн төвүүдээс гадна орон нутгийн хөгжлийг ярих хэрэгтэй.. “ гээд баахан хальсан бол Н.Энхбаяр “Энэ бол миний хамгийн их анхаарал тавдаг асуудал гээд 8 бүсийн төвийг нэгбүрчлэн нэрлэж байгаад хариулав. Үнэхээр мэддэг юм байна.

9. Монголчууд бүтэн хоёр жил сонгууль хийж байна. Үүнийг өөрчлөх арга байна уу?

Н.Энхбаяр “Бид өдөрт Оюутолгойгоос 1 сая доллар алдаж байна. Сонгуулийг нэгтгэх хэрэгтэй

Ц.Элбэгдорж “Саналыг худалдаж авна гэх юм аа… Худалдаж авахгүй гэхлээр булааж авна гэх юм. Булаалгахгүй гэхлээр шоронд хийгээд байх юм..

10. Монгол оронд засаглалын хуваарилалт ямар байна вэ?

Ямар “мундаг” асуулт вэ? Яг үүнийг ашиглан Н.Энхбаяр гэнэтийн дайралт хийж “Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээгээр 43 тонн алт олборлосноос бид150 сая доллар алдсан… Энэ гэрээний цаана авлига байгаа гэж Элбэгдорж ярьдаг… Энэ гэрээг Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хийсэн… Би энд Элбэгдоржийн тухай ярьж байгаа юм биш… ” гээд Элбэгдоржийг угсруулан нэрлэж шууд буруутгалаа.

11. Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Н.Энхбаяр: Би эх орны хишгийг санаачилсан хүний хувьд энэ Засгийн газрыг дэмжиж ажиллана.

Ц.Элбэгдорж: Олон удаагийн амлалтуудыг нийгмийн амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан… Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл дан нэг намаас байгаа. Одоо Ерөнхийлөгчийг сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй.

Тэрбээр шинэ аргумент гаргаж ирлээ.

12. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний уламжлалыг авч үлдэх асуудлыг системтэй явуулж чадах уу?

Н.Энхбаярын ганц чаддаг сэдэв тул “хөдөө орон нутгаараа явахдаа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг… Би Ерөнхийлөгчийн хувьд санаачлага гаргаж Төрийн дууллаа шинэчилсэн…” гээд авч өглөө.

13. Говь болон алслагдсан бүс нутгийн талаар онцгой арга хэмжээ авах цаг болсон юм биш үү?

Ц.Элбэгдорж: Өмнөговь аймагт АН олонхи болж нийт иргэддээ 50 мянган төгрөг тараагаад өгсөн. Одоо 7 сард бас 50 мянган төгрөг өгнө…

14. Малчдын нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг болох тухай?

15. УИХ-ын гишүүн ба Засгийн газрын гишүүдийг заагласнаар төрийг сайжруулж чадах уу?

Ц.Элбэгдорж: Авлигачид төрөөс 3 тэрбум доллартай тэнцэн мөнгө завшсан байна гэсэн тоо гарсан байсан… Оюутны төлбөрийг гар дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Сургуулиа, багшаа өөрөө сонгодог байх хэрэгтэй…гэж өрсөлдөгчийнхөө сурталчилгааны нэг гол хөзөр болоод байгаа үнэ төлбөргүй боловсролын талаар байр сууриа илэрхийлэв. (Ийм л асуудлыг тусад нь тавьж мэтгэлцүүлэх байсан юм).

16. Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаар таны бодол?

Ц.Элбэгдорж: Хувьцаа болгож ард түмэндээ өгнө. Ерөнхийлөгч гадаадынхан ирэхэд нь ард түмэндээ хувь болгоод өгчихсөн гэж хэлж чаддаг ерөнхийлөгч байх ёстой.

Н.Энхбаяр: Миний байр суурь дэндүү тодорхой… Элбэгдоржтой нэг зүйл дээр санал нийлэхгүй. Хувьцаа хэлбэрээр өгвөл 1990-ээд оны ягаан тасалбар шиг юм болоод иргэд алдчих вий…

17. Өмч хувьчлал хэр зэрэг шударга болсон бэ? Орон сууц? ….Газар гэж битгий хэлээрэй….

Н.Энхбаяр: Өмч хувьчлал нэрээр ягаан цэнхэр тасалбараар үйлдвэрүүдийг авсан гэж ард түмэн маань ярьдаг.

Яг энд Ц.Элбэгдорж чангарч хариу дайралт хийлээ: “Өнөөдөр хүмүүс [Н.Энхбаяр гэсэн үг] амлаж болох бүх юмыг амлаж байна. Харин шударга ёсыг л амлахгүй байна… Социализмын үед гаднаа 500 хонь хэвтүүлчихээд эхнэр нь амаржихад хонь гаргаад шөл уулгачихаж чаддаггүй байсан… Дэлхийн гал зуух болсон Таван толгойг өгөх юм бол ….. хувьцаа нь дараа жил өснө…. Бид Бороо гоулдын гэрээг ашигтай, татвар авахаар байгуулсан байхад дараа жил нь [Энхбаяр та өөрөө] гарч ирээд өөрсдөө татвараас чөлөөлөөд өөрсдөө [Сү.Батболдоос өөр хэн байхав] хувь ороод авчихсан байсан

Хэрвээ жинхэнэ мэтгэлцээн байгаад цааш үргэлжилсэн бол сонгогчид хэн нь хэн болохыг мэдэж авах байсан биз.

18. 7-р сарын 1 давтагдахгүй байж болох уу?

Ц.Элбэгдорж: Шударга ёсон дээр эв нэгдэл суурилдаг. Хүүхдийг нь буудчихаад ээжтэй нь эв нэгдэл ярьж болохгүй!

Н.Энхбаяр: Би зарлиг гаргаж Монгол даяар тархахыг зогсоож чадсан. АН-ын штабын хүмүүс санал сайн авч чадвал 10000 төгрөг өгнө гэсэн байгаа. Шударга сонгууль явуулахад үнэхээр бэлэн байна уу? .. Өдөөн хатгачихаад зөвтгөж ярьж болохгүй. Уучлал гуйх хэрэгтэй..

Зөвхан энэхэн хэсэг жинхэнэ мэтгэлцээн байв.

19. Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?…

Мэдээжийн асуулт учраас хариулт сонирхолтой байсангүй.

Төгсгөлд нь хоёр нэр дэвшигч сонгогчиддоо хандаж тус бүр 2 минутийн үг хэлэв.

Ц.Элбэгдорж: Миний өвөө Монгол нь Ховд аймгийн Мөстийн Бодончийн хавцалд төрсөн. Миний аав Мөст суманд төрсөн… би ээжийнхээ хамгийн бага нь … Захны даавуугаа янданд нааж индүүдээд явдаг байсан … Би 4 хүүтэй…

Н.Энхбаяр: Би өрсөлдөгчийнхөө талаар өөрийн зохиол гэсэн тараагаагүй… Монгол улс салаа замын уулзвар дээр ирээд байна… Бүтээх үү, нураах уу?… Эвийн хүч дотор шударга ёс багтаж байгаа…

Одоо л жинхэнээсээ мэтгэлцэж эхэлсэн ч ярилцлагын цаг дуусч хөтлөгч Ц.Мөнхтөр “Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг МҮОНТ амжилттай зохион байгууллаа” хэмээн гялс дүгнэж амжив.  Энэ бол түүний хамгийн сайн хөтөлсөн хэсэг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 21 Comments »

Хэд дахин хэтэрсэн “тэнцвэртэй” сурталчилгаа

Posted by Ажиглагч on 2009/05/21

Маргааш өндөрлөж байгаа сонгуулийн сурталчилгааны кампани дэндүү муухай болж өнгөрөхнээ.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу улс орон даяар нэвтрүүлэг явуулдаг 6 телевиз, нэг радиогоор явуулах нэр дэвшигчдийн төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлгийг сар өдөр, эхлэх дуусах цаг минут, үргэлжлэх хугацааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор баталсан юм. Цаана нь “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн хуулийн заалт  арыг нь даана. Нэг үгээр бол, нэр дэвшигчдийн сурталчилгааг дур зоргоороо явуулахыг хязгаарлаж, дээрх телевизүүдийг хөндлөнгийн, түүний дотор намуудын сонгуулын штабын дарамтаас хуулиар хамгаалж өгсөн хэрэг. “Хуваарьгүй юм чинь ямар ч арга алга” гээд буцаагаарай гэж. Мэдээж хуваарьтай нэвтрүүлгээр элдэв гүтгэлэг сэлт гарч болох ч өнөөдрийнх шиг тархи угаах хэмжээнд хүрэх ёсгүй байлаа.

Харамсалтай нь манай телевизүүд сэтгүүл зүйн үүргээ бүрэн умартаж МАХН ба АН-ын сонгуулийн хоёр штабын эрхшээлд орж хэдэн төгрөг аваад шууд тохиролцдог байжээ. Асуухлаар, тэнцвэртэй байсан, “заримдаа нэг нам нь нэвтрүүлгээ авчирч өгөөгүй өдөр нөгөө намын нэвтрүүлэг давж гараад тэнцвэргүй харагддаг” мэтээр толгой эргүүлж эхэллээ. Үнэн хэрэгтээ огт тийм биш, “заримдаа нэвтрүүлгээ авчирч өгөөгүй” байхад л аль аль намын захиалгат нэвтрүүлэг CЕХ-ны хуваариас хэд дахин хэтэрч сүүлдээ эх захаа алдаж хавтгайрсан билээ.

Жишээ болгож TV5 телевизийн ганцхан үдшийн захиалгатай нэвтрүүлгүүдийг жагсаав. Энд “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй мэдээ, сурвалжлагуудаас эхлээд уран сайхны киног хүртэл зай завсаргүй шахам сөөлжин чигжсэн хоёр нэр дэвшигчдийн тухай клип, урт богино яриануудыг огт тооцоогүй юм шүү.

2009 ОНЫ 5-Р САРЫН 18. ДАВАА.

СЕХ-ноос баталсан хуваарь
Тус телевизээр явуулсан сурталчилгааны нэвтрүүлгүүд
21.20-21.25
5 мин
МАХН-ын төлбөртэй нэвтрүүлэг
18.20-18.40.
АН-ын захиалгат нэвтрүүлэг.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. Дотроо “Шагналыг үнэ цэнэтэй болгоно” гэх мэт хэд хэдэн бүлэгтэй.
20.10-21.03.
МАХН-ын захиалгат “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэг.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож голдуу АН ба нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай шүүмжилж ярилаа.
22.38- 22.45.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Ямар нэгэн нэр, оршилгүй, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс бүрджээ.
22.59- 23.10.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Дотроо Гүтгэлэг1,  Гүтгэлэг 2, Гүтгэлэг 3 … гэх мэтээр дугаарласан.
23.11-23.20.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. “МАХН-ын шударга гишүүд ярьж байна” нэртэй
23.22-23.47.
МАХН-ын захиалгат нэвтрүүлэг. “Шинэ Монголын залуус хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй. Лектор Даваахүү, Хатанбаатар нар Н.Энхбаярын үнэ төлбөргүй боловсролыг дэмжиж 21 аймагт лекцээ үнэ төлбөргүй уншиж байгаа тухай.

Одоо ядахдаа сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр Монгол Улсын хууль ба СЕХ-ноос баталсан хуваарийг ягштал сахиж хойшид  ийм юм хийхгүй гэдгээ харуулж яагаад болохгүй гэж?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз | 7 Comments »

МҮОНТ сонгуулийн сурталчилгааны хуваарийг “тэнцвэртэй” зөрчиж байна.

Posted by Ажиглагч on 2009/05/21

Өчигдөр оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу тэнцвэртэй явуулж байна гэж тайлбарлаад үүнийгээ МАХН ба АН-ын сонгуулийн штабын дарга нараар нотлуулав. Тэд “тэнцвэртэй сайн явж байгаа”-г баталж өглөө.

Үнэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар улс орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевиз, радиогоор зөвхөн СЕХ-ны баталсан хуваарийн дагуу сурталчилгаа явуулахыг заасны дагуу МҮОНТ-д өчигдөр буюу 5 сарын 20-ны Лхагва гаригт МАХН-аас 19.30-19.45 цагт, АН-аас 19.45-20.00 цагт 15 минутын үнэ төлбөргүй сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тохиролцож МҮОНТ-ийн захирал ба намуудын штабын дарга нар гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталжээ.

Өчигдрийн МҮОНТ хөтөлбөрт ч энэ хоёр нэвтрүүлэг хуваарийн дагуу явлаа. (Минут нь бага зэрэг илүү дутуу байсныг орхиё). Гэхдээ сурталчилгаа үүгээр зогссонгүй:

21.35 – 21.50. АН-ын сурталчилгааны нэвтрүүлэг.

21.50 – 22.07. МАХН-ын сурталчилгааны нэвтрүүлэг тус тус явлаа.

Харав уу? МҮОНТ хоёр намын сонгуулийн штабтай хуйвалдаж (өөр ямар үгээр хэлэхэв?) хуваарьт ороогүй хоёр нэвтрүүлгийг нэмж явуулсан байна. Хууль зөрчихийг харилцан тохирч үйлдсэн тул хоёр намын штаб “МҮОНТ тэнцвэртэй байгаа шдээ” гэж хайцаалсан хэрэг. Чухам ийм залилангаас сэргийлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн тусгай заалт оруулсан байдаг.

Бас нэгэн зүйл. Тэр 21.50-иас гарсан МАХН-ын захиалгат нэвтрүүлэг нь нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг үндэс угсаагаар нь доромжилсон “Монголоороо л үлдэх юмсан” байх юм. Үндэсний эв нэгдлээс эхлээд хамаг сайн сайхан зарчмыг ягштал баримтлуулахын тулд хараат бус байдлыг нь хуулиар хамгаалж өгсөн Монголын үндэсний олон нийтийн телевиз ийм юм гаргах ч гэж дээ.  Мөнгө цагаан, МҮОНТ-ийн нүд улаан ажгуу.

Арилжааны телевизээс ялгаа алга. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МҮОНТ-ын “Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн цагаа намуудад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр зарсаар өдий хүрчээ. Гэтэл МҮОНТ-ийн бүх нэвтрүүлэг, түүний дотор мэдээллийн хөтөлбөр бэлтгэх зардлыг төсвөөс болон үзэгчид хураамжаараа төлдөг. Чоно борооноор гэдэг шиг МҮОНТ сонгуулийг далимдуулан хулгайн бизнес хийж байгаа хэрэг. Хэрвээ тус телевиз ядахдаа “Цагийн хүрд”-ээрээ сонгуулийн үйл явцыг хэнээс ч мөнгө авахгүйгээр үнэн бодитой бөгөөд тэнцвэртэйгээр мэдээлж чадахгүй юм бол олон нийтийн телевиз гэсэн нэр зүүж төсвөөс мөнгө аваад, татвар төлөгчид бид өгөөд яах юм бэ?

Хамгийн харамсалтай нь МҮОНТ-ийнхэн өөрсдөө энэ бүхнийг одоо хүртэл “ойлгоогүй” тууж яваа бололтой.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

МАХН-ын үнэртэй фашизм

Posted by Ажиглагч on 2009/05/20

Өчигдөр орой TV5 телевизийн оргил цагаар МАХН-ын захиалгат нэвтрүүлгийн цагаар “Монголоороо л үлдэх юмсан” нэртэй эрэн сурвалжилсан нэвтрүүлэг үзлээ. Сэтгүүлч бүсгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн удам угсааг тодруулахаар Ховд аймгийг зорин нисч нутгийн иргэдтэй уулзаад иржээ. Хөгшид голдуу хүмүүс ам уралдан ярина:

– Элбэгдоржийн өвөө – Монгол нэртэй хүн Шинжаанаас 10 орчим насны шар хүүхэд дагуулж орж ирсэн…

– Элбэгдоржийг хятадын эрлийз юм байгаа юм гэж хэлдэг…

Бусад яриаг алгасья. Ховдчууд нэг нэгнээ ингэж муулдаг хүмүүс байна. 

Өөрт нь хамаатай л биш бол мэдээлэл гаргаж өгдөггүй Улсын төв архиваар энэ сэтгүүлч орж 1933 оны хүн амын тооллогоор Цахиа нэртэй хүн бүртгэгдээгүй, тэгэхлээр Монголд байгаагүй гэх мэтээр ухаж төнхөн, бас ШУА руу утасдаж уугуул иргэн гэсэн ойлголтыг тодруулаад амжжээ.

Ийм их нотлох баримтаар зэвсэглэсэн сэтгүүлч маань Ц.Элбэгдоржийг халх ч биш, захчин ч биш … гэж оношлоод зогсохгүй “Монголыг зөвхөн монголчууд удирдсан цаг л монгол хүнийг хайрлана” гэж анхаарууллаа. Тэгснээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг үндэс угсаагаар нь ялгах гэсэнгүй хэмээн хаяагаа малтаад О.Дашбалбарын “Монголоороо л үлдэх юмсан” шүлгийн нэрний ард орж дуусгав.

Сонгуулийн солиорол иймдээ тулжээ. Ц.Элбэгдорж Монгол Улсын уугуул иргэн мөн гэж хүлээн зөвшөөрөөд нэрийг нь дэвшүүлсний дараа юу яриад байна аа? Ховд аймгийн зарим сумынхан Элбэгдоржийн өвөг дээдсийг урдаас орж ирсэн гээд дургүй, магадгүй гадуурхдаг байж. Тэгээд юу гэж? Хаа сайгүй хүмүүс нутаг нугын үзэл гаргаж илүү дутуу юм ярьдаг. Үүгээр албан ёсны улс төр хийж болох уу? Болохгүй гэдгийг нэвтрүүлгийн захиалагч МАХН маш сайн ойлгож иймээс сэтгүүлчээр могой бариулсан хэрэг. Цаадах нь “миний бие сэтгүүлч Д.Ариунаа” гэж сагсуурч байгааг бодоход овоо мөнгө цүнхэлсэн байж таарна. Сүүлдээ хэт чармайж Цахиагийн төрсөн бууцыг хайж гэж Ховдоор баахан хэсэж харагдав. Тэр хүн чинь урдаас аавыгаа дагаад орж ирсэн юм бол төрсөн бууц нь Монголоос яаж олдох вэ дээ?

Мөнгөөр хэн нэгний бууны нохой болдог сэтгүүлч ийнхүү нэгээр нэмэгдэв.  Бас Мөст сумын Засаг даргын орлогч З.Рагчаабазар гэдэг төрийн албан хаагч хүн бусдын удам судрыг муулаад зогсож байгаа бол энэ төр нэг л биш ээ…

Хэд хоногийн өмнө хас тэмдгээр гоёсон ширүүн залуучууд хэвлэлийн хурал дээр үг үсгийн зөрөөгүй адил юм яриад сууж байсан шүү!

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 48 Comments »

МАХН ба АН – 3:2 болоод байна.

Posted by Ажиглагч on 2009/05/20

Элбэгдоржийн хэлсэн зарим үгийг нь тасалж залгах аргаар гуйвуулсан “солонгос” бичлэгийг илчилсэн ээлжит няцаалтыг өнгөрсөн долоо хоногт АН-ынхан үзүүлж солонгосчуудаас мөнгө авсан аваагүйн төлөө МАХН ба АН-ын цусгүй тулааны оноог 2:2 болгож тэнцүүлсэн ч МАХН-ын салж өгсөнгүй. Тэд “Монгол Улсын Их гишүүн Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн уулзалт” гэсэн фоныг харуулж байгаад хандив цуглуулсан эсэхээ зарлахыг тасралтгүй шаардсаар өдий хүрлээ.

Үүнийг Ерөнхий сайд С.Баяр өөрөө манлайлж юуны өмнө Солонгост болсон уулзалтын бичлэгийг бүтнээр үзүүлэхийг АН-аас шаардав. Нэг их улс төр яриад байдаггүй МУИС-ын хууль зүйн сургуулийн захирал, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Нарангэрэл: Би сүүлийн үед техникийн хүмүүсээс хүний толгойг эвлүүлгээр солих боломжтой эсэхийг асуухад боломжгүй гэсэн… Хуульч хүний хувьд ч боломжгүй гэж бодож байна… гэж сонин юм ярьсан (мэргэжлийн хүмүүс бол мэднэ, харин хуульч яаж мэддэг байна?) бол УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг Солонгос явах байтугай солонгос кино үзэх ч завгүй явна гэж худлаа ярьсан гэж “Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш … “ гэж хэлснийг нь гуйвуулж өөрөө худлаа ярихын зэрэгцээ бичлэгэн дээр хайрцаг харагдсан, ийм хайрцгийг санал, эсвэл хандив авахад ашигладаг хэмээн нотолж хууль зүйн талаас “баараагүй” болгов. Өчигдрөөс уулзалтын бичлэг дотор нуугдаж байсан “хандив” гэсэн үг илэрч хэл судлаачид, орчуулагчид хөдөлгөөнд орлоо. 

Иймээс оноо 3:2 болж бөмбөг АН-ын тал руу даваад байна.

Уг нь солонгосын цагдаагийн байгууллага хуурамч бичлэгт тоглосон хүмүүсийг хэдийнэ олсон, хэрвээ Элбэгдоржийг зүгээс хүсэлт тавибал тэднийг баривчилахад бэлэн хэмээн мэдээлсэн боловч Элбэгдорж тийм хүсэлт гаргасан тухай юу ч сонсдохгүй байх юм. Хэрвээ тэр “жүжигчид”-ыг бариулсан бол эндээс очсон “уран бүтээлчид”-ын нэр болон жинхэнэ захиалагчид зах зухаасаа тодрохсон…

Одоогоор АН таг чиг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 7 Comments »

Авлигын загалмайлсан эцэг хаачив?

Posted by Ажиглагч on 2009/05/18

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Өөрийг нь бараг л хятад мэтээр шиг харуулж байгаа “цэвэр монгол” ерөнхийлөгчийн талын хорон сурталчилгаагаар бүтэн сар балбуулсны эцэст Элбэгдорж дээл өмсөж уурга шүүрэн мордож адуун дундуур нааш цааш давхиснаа морь уургалж үүндээ ихэд сэтгэл хангалуун алсыг ширтсэн бичлэг шинээр гарч ирлээ. Тэгснээ хэн нэгний гэр барилцаж зогсож харагдана. Дээл нь ч зохижээ. Жирийн монгол эрийн дүр байна.

Гэхдээ нэмэргүй ээ. Энэ бол Н.Энхбаярын ганц чаддаг жанр. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс дээлнээс салахаа болж саяхан Бурхан халдун ороод хамаагүй гоё клипэнд (баахан морьтнуудын дунд хатируулж яваа эзэн Чингэс шиг эрийг санав уу?) тоглоод ирсэн. Ерөөсөө Энхбаяр Элбэгдоржоос хамаагүй өндөр (МАХН-ын сурталчилгааны хэлээр бол урт хүзүүтэй) учраас илүү сүрлэг харагдана. Бүгд л наанаа “хүний нуруу туруу ямар хамаатай юм!” гэж хилэгнэх боловч наад зах нь монгол эрчүүд өөрсдөө өндөр, хүүхнүүд өндөр нөхөртэй байдгийг хүсдэг…

МАХН-ын сурталчилгааны нэг хөл чухам үүн дээр тогтож байгаа. Ерөнхийлөгчийн хувийн TV9 телевизийн “Но[ц]той мэдээ” “манайд гадаад орны төрийн тэргүүнүүдтэй дороос биш, урдаас нь гар барих ерөнхийлөгч хэрэгтэй”, бас “… хоёр нутагтан… захчин… ” гэх мэтээр зогсоо зайгүй авч өгдөг. Харин Элбэгдорж “тэгээд юу гэж … “ хэмээн хариулдаггүй, “тийм ээ би захчин..” гээд бахархдаггүй. Америкийн ерөнхийлөгчөөр хар арьст Обама сонгогдоод Change хийгээд явж байхад шүү.

Тэгсэн атлаа өрсөлдөгчийнхөө сул талыг дэлгэж чадахаа больсон байна. Нөгөө авлигын загалмайлсан эцэг хаачив? Хоосон лоозонгоор гүтгэж яллахыг хэлээгүй юм шүү. Түүний Ерөнхий сайд болсон 2000 оноос хойш эх захаа алдсан Улаанбаатарын газрын наймаа, Туулын эрэг, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн барилгууд (хэрвээ Элбэгдорж тэнд амьдардаг гэсэн мэдээлэл үнэн бол ёстой хохь нь)-ыг яагаад нэхэхгүй байна? Н.Энхбаярын үед үйлдэгдсэн гаалийн Баатарын хэрэг, түүнээс МАХН-ын данс руу орсон наад зах нь 100 сая төгрөг? Нөгөө 500 сая төгрөгийг хахууль аваагүй “шударга” явдлын жинхэнэ үнэн? Төгсгөлд нь Н.Энхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийн тоо, цифрүүд? TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, Төрийн ордны зүүн талын барилга?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 8 Comments »

Үнэгүй лекцийн цаадах далд хүчин

Posted by Ажиглагч on 2009/05/18

Физикч, философич, доктор З.Бат-Отгон “Тэнгэрлиг Монголчуудын оюун санааны далд хүчин” нэртэй цуврал лекц уншиж байгаа. Далд ухамсар энэ тэр гээд хачин юм ярихыг нь телевизээр зөндөө сонссон тул сонирхоогүй, харин лекцээ үнэ төлбөргүй уншина гэсэн тодотгол анхаарал татлаа. Өчигдөр уг лекцэнд суусан нэг хүний ярьснаар, Бат-Отгон лекцээ “Н.Энхбаярын төлөө саналаа өгөөрэй” гэж дуусгасан гэнэ ээ. Тэнгэрлэг монголчуудад үнэгүй лекц уншуулдаг далд хүчин хэдийнэ буй болжээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | Leave a Comment »

Гүтгэлгийн шуурганаас “аврагдлаа”

Posted by Ажиглагч on 2009/05/15

“Хөлөг онгоцны мэдээ” (Shipping News) гэж америкийн кино бий. Далайн эргийн боомт хотын сонины эрхлэгч нэг удаа ажилчин залууг сурвалжлагч болохыг ятгаж иймэрхүү хичээл заадаг.

– Тэр үүлийг харж байна уу? Чи сурвалжлагч хийвэл яаж бичихэв?

– Үүл нүүж байна …

– Биш ээ! Бөөн хар үүл гарч аймшигт шуурга дэгдэхнээ гэж бич!

– Шуурга болохгүй бол яахав?

– Аймшигт шуурганаас аврагдлаа гэж бич!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэг иймэрхүү. “Гүтгэлэг” – няцаалт – “гүтгэлэг” – няцаалт …. Сүүлдээ хэн нь юугаа нэхээд байгааг тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч шиг ойлгоход бэрх болов. 

Хамгийн сүүлийн хэдэн жишээг сануулахад, СЕХ-ноос Энхбаярыг 60 хувиар ялуулахаар бэлтгэж байгаа, эсвэл “Шууданч бор шувуу“ нэртэй нэр хаяггүй товхимол, АН-аас сонгуульд “зарцуулж байгаа” 11 тэрбум төгрөг зэрэг гүтгэлгийн эздийн овог, нэр, ажил албан тушаал тодорсон уу?  Заавал хариуцлага тооцно гэж ам тангараг өргөөд байсан хаачив?

Хоёр нам бие биенээ ээлжилж гүтгэсэн байх тул хоёулаа ээлжин дээрээ амаа хамхихаас өөр аргагүй болжээ. Өөр тайлбар олдохгүй байна.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 8 Comments »

МАХН ба АН – 2:1

Posted by Ажиглагч on 2009/05/15

МАХН-ын зүгээс Ц.Элбэгдоржийг солонгосын шашны байгууллагаас сонгуулийн хандив авсан тухайд бичлэг тарааж хүнд цохилт өгсөн бол АН-ынхан хэд хоногийн пауз авсны дараа З.Энхболд нар дээрх бичлэгийг Солонгосоос өөр бичлэг ирүүлж няцаагаад дээрээс нь цагдаад хандаж оноог тэнцүүлсэн билээ. Тэгтэл өчигдөр МАХН сөрөг дайралтанд орж цагдаад адилхан хандсан төдийгүй УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Ж.Сүхбаатар, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар нар Ц.Элбэгдоржийг гаднаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрөхийг шаардлаа.

Оноо 2:1 болов.

Ажиглаад байхад МАХН-ын сурталчилгаа илүү цэгцтэй, дэс дараатай, бас холын төлөвлөгөөтэй байжээ. Бүр 4-р сарын хорьдоор Ц.Элбэгдоржийг гаднын мөнгөөр сонгуулийн ажил зохион байгуулсныг баримтаар дэлгэхээ амалж байсан бол удалгүй үүнийг нотолсон гэх бичлэг http://www.youtube.com-д тавигдав.

Харин АН-ынхны хувьд МАХН-аас тавьсан “бууны нохойнууд”-тай мод саваагаар цохилцож, Ц.Элбэгдорж нь тов тодорхой хариу өгөхийн оронд (чухам үүн дээр МАХН тоглож байгаа) хагас “Эксел”-ийн мөнгө эх орноо худалдахад багадана (нөгөөдүүл нь тэгэж гуйвуулбал яана?) гэхчлэн цэцэрхэж байх зуур Ерөнхийлөгч Н.Энхбаяр сурталчилгааны бусад орон зайг ганцаараа эзэгнэж өчигдөр гэхэд нийслэлийн гэр хорооллын нэгэн айлын байшинг барьж дуусгаад сүүлчийн хадаасыг алхаар түс түс цохин оруулж гайхууллаа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 5 Comments »

Уулзаад явжээ. Хоноогүй л болохоос биш…

Posted by Ажиглагч on 2009/05/14

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхсан тухай дүрстэй товч мэдээг  өнөө өглөө ганцхан телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс олж үзлээ. Айлчлалын үеэр телевизүүдийг хэтэрхий дэглэснээс болж сурвалжлагуудыг сурвалжилсан би Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахгүй явчихжээ гэж гомдох шахлаа шүү.

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 5 Comments »

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted by Ажиглагч on 2009/05/13

Өнөөдөр үдээс хойш ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Монголд айлчлаад оройдоо багтаж ниссэн байна. Би ихэнх улаанбаатарчуудын адилаар яг айлчлал болж байгааг зөвхөн зурагтаар харав.

Путины онгоц 15 цагийн үед Улаанбаатарт газардахад “Ийгл” телевиз өөрийн алдарт шууд сурвалжлагаа эхэлсэн ч камер нь Чингэс хаан олон улсын нисэх буудалд биш, харин Төрийн ордны хашааны бүр гадна зоолттой байж баахан хүлээлт үзүүлж хүлээлгэв. Ингээд 16 цагийн үед Төрийн ордонд хоёр орны Засгийн газрын тэргүүний хэлэлцээр эхэлсэн тухай сурвалжлагыг “Ийгл” дээр нэмж TV5 телевиз үзүүллээ. Эхлээд сэтгүүлч Дагиймаа дэлгэц дүүрэн чалчиж эхлэхэд нь Путин, Баяр хоёрыг яриулахгүй нь гэж айсан шүү. Ашгүй тэгэсхийгээд больсон.

Дараа нь С.Баяр, В.Путин зэрэгцэн зогсож урдуур нь хоёр орны сайд дарга нар ээлжлэн ширээнд сууж баахан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг МҮОНТ ба TV5 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Зөвхөн энэ хоёр телевизэд онцгой эрх олгожээ. Бас монгол, оросын зөвхөн нэг нэг сэтгүүлчид асуулт тавихыг зөвшөөрсөн байв. Хоёр талаасаа хэтэрхий цензурдсэн үү, бүү мэд хал балгүй жол асуултууд тавигдав. Дашрамд хэлэхэд монгол орчуулагч (эмэгтэй) маш сайн, харин оросын талын орчуулагч нь гацаа ихтэй байв. Түүний орчуулгыг Путин хэд хэдэн удаа тасалж дараачийн өгүүлбэрээ хэлж байв.

“Ийгл” телевиз яг энэ арга хэмжээг сурвалжилж чадаагүй болохоор айлчлалын талаар үзэгчидтэй ярилцав. Хамгийн эхэнд холбогдсон үзэгч “Энэ бол Баярын гуйлтаар хийж байгаа айлчлал. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу” гэж хэлээд дараачийн бүх үзэгчдэд толгой түрүүгүй загнууллаа. Гэхдээ В.Путин өөрөө “Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон улсын тавцан дээр нэрд гарсан хүн, манай орны анд нөхөр” гэж хэлээд авсан шүү.

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд бас л буугаад мордоход оросын сонинууд “Монголчууд АНУ-ын хүсэлтээр Иракт цэргээс илгээсний төлөө баярлалаа гэж хэлэхэд Бушт тав, зургаан цаг хангалттай байлаа” хэмээн бичсэнийг санаж байна. Энэ удаад Монгол Улс Оростой төмөр зам-ураны хамтарсан компани байгуулахыг зөвшөөрснийг сайшааж, хажуугаар нь Н.Энхбаярын талаар хэдэн үгийг хэлэхэд В.Путинд бас л төдийчинээн хугацаа элбэг хүрэлцэв.

Гэхдээ Путин Н.Энхбаярын нутагт нь ирж, бүр ордонд нь орж ирсэн мөртлөө түүнтэй уулзахгүй явлаа гэж ойлгосон. Үнэн үү? (Зөвхөн ОХУ-ын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч В.М.Якунин бараалхав гэсэн мэдээ байв). Монгол айлчлах сураг дуулдангуут зарим монголчууд “сонгуулийн өмнө Н.Энхбаярыг дэмжихээр ирэх нь” гэж баахан шуугисан тул орос зангаараа “яршиг” гээд больсон байж мэднэ.

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй, Ийгл телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Ардчилсан намын хариу цохилт – 1:1

Posted by Ажиглагч on 2009/05/12

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгосын шашны байгууллагаас хандив авч байгааг харуулсан бичлэгийг МАХН-ын сонгуулийн штаб мөнгийг нь төлж хэд хоногийн турш бүх телевизээр цацахад АН чимээгүй шахам байснаа гэнэт хариу цохилт өглөө. Маапаантай бичлэг гэдгийг нотлох баримтыг Солонгосоос хүлээсэн юм байж. “Цэвэр удирдагчдын клуб” байгууллагаас ирүүлсэн тайлбараас үзэхэд, уулзалтын албан ёсны бичлэгийн араас үл таних солонгос хүмүүсийг пастор болгон тоглуулж 1,5 сая воны тухай хэлүүлсэн хуурамч нэмэлт оруулжээ. Үүнийг АН-ын сонгуулийн штаб МАХН-ынхаас дутахгүйгээр (гурван хуульч оролцсон тусгай нэвтрүүлэг л хийгээгүй байх) цацаад байна.

Оноо 1:1 боллоо.

Гэхдээ тоглолт үргэлжилнэ. Солонгосчууд тэндээ хуурамч бичлэгт тоглосон хүмүүсийг цагдаагаар эрэн хайлгаж эхэлсэн бол АН-ын сонгуулийн төв штабаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ханджээ. Одоо МАХН-ын штаб дээрх бичлэгээс зайгаа барьж “гадаадын байгууллага, иргэнээс хандив мөнгө авсан эсэхийг өөрөөс нь тодруулахыг шаардаж буй олон нийтийн байгууллага, иргэдийн зүй ёсны дуу хоолойг сонсож, хуульд заасан журмын дагуу тайлбараа өгөхийг нэр дэвшигч Ц.Элбэгдоржид уриалж байна” гэсэн мэдэгдэл хийв. Бичлэгийг хэд хоногийн турш цуцалтгүй сурталчилсан “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн бөгөөд TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч Цогтгэрэл “хамгийн сайн хамгаалалт бол давшилт”-ын аргаар ээлжит хурал хийж хэдэн нэр хэлээд загнаж баахан дүвчигнэсэн байна. Ямар их мөнгөтэй золиг вэ?

МАХН-ынхан youtube.com дээр хэвтэж байхаар нь татаад авсан бичлэг шдээ гэж хэлэхэд Монголын цагдаагийн амыг таглана. Гагцхүү тэр өдрүүдэд Сөүл ниссэн монголчуудын нэрсийн жагсаалт тун сонирхолтой…

Харин солонгосчуудын эрэн сурвалжлага илүү ноцтой. Бичлэгт тоглосон солонгосчууд илэрвэл, тэд Монголоос очсон телевизийн “сурвалжлагчид”-ыг хэлж өгөх биз. Одоогоор мэдэгдэж байгаа юм гэвэл 2009 оны 3-р сарын 15-нд Сөүлд болсон Ц.Элбэгдоржийн уулзалтаас сарын дараа буюу 4-р сарын 15-нд монголын ТВ-ээс явна хэмээн гурван хүн ирж бичлэг хийсэн бол 4-р сарын 23-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар “Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчиж гаднын мөнгөөр сонгуулийн ажлаа зохион байгуулсныг удахгүй дэлгэнэ. Тоо баримт, дүрс, баримт бий” хэмээн ам алджээ.

Одоо МАХН-ын сонгуулийн штаб яаж хариулах бол? Өчигдөр, өнөөдөр TV9-ын довтолгооны “Но[ц]той мэдээ”, бас “Ардын мэдээ” сэлтээ өнжөөв. Бас Ц.Мөнх-Оргил гэнэт үзэгдэж Элбэгдоржтой халз мэтгэлцэхээс татгалзахгүй, даанч нэр дэвшигч маань хөдөөгүүр яваад байна… гэх мэтээр тандаж үзэх нь тэр. Найрах гэсэн оролдлого уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 4 Comments »

Хоёуланг нь сонгодог бол балрах байж шүү!

Posted by Ажиглагч on 2009/05/11

[Онигоо]

Оройжин хоёр нэр дэвшигчийн магтаал, гүтгэлэг, няцаалт үзэж учраа олохоо байсан нэгэн:

– Ямар азаар зөвхөн нэгийг нь сонгох юм бол доо. Хоёуланг сонгодог бол Монгол улс балрах байж шүү!

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 1 Comment »

Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөв

Posted by Ажиглагч on 2009/05/10

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөхөөр шийдэж түүнийг энэ хавар Солонгост очиж хууль зөрчин хандив цуглуулсан гэх бичлэгийг цацлаа. Үүний тулд өөрийн мэдлийн TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, factnews.mn сайтыг бүрэн дайчлав. Бусад хэвлэл мэдээлэл “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Төлбөртэй нийтлэв” гэсэн тайлбарт хойтохоо даатгаж уг бичлэгийг хэдэн өдрийн турш айл бүрт хүргэв.

Ялангуяа TV9-ын хөтлөгч Цогтгэрэл бүрмөсөн гүйцээхээр шийдэж бичлэгийг СЕХ-нд аваачиж өгөөд шалгахыг шаардлаа. Баахан телевиз дагуулахаа ч мартсангүй. Хожим Элбэгдоржийг унагасан гавьяат хэн болохыг түүх мартах учиргүй … Тэгээд ч тайвшралгүй нэвтрүүлэг бэлтгэжээ. Бямба гаригийн үдшийн оргил цагаар TV9 телевиз хөтөлбөрөө яаралтай эвдэн бүтэн цагийг зориулав. Хуульч Н.Сосорбарам, Ц.Гансүх, Ч.Энхээ гуравтай тойрч суугаад бичлэгийг минут секундээр задлан үзэж нэр дэвшигч Элбэгдорж гаднаас хууль бусаар санхүүжилт авсныг нотолж ярьцгаалаа.

Мартсанаас, энэ хөтлөгч хэд хоногийн өмнө “Шууданч бор шувуу” нэртэй товхимолыг яаралтай шатааж устгахыг анхааруулаад, бас хэвлүүлсэн эздэд нь хариуцлага хүлээлгэхийг шаардаад байсан. Бас илчилж зарлахаа ч амалсан. Гэтэл одоо таг чиг болж, харин дараачийн цамналтаа ийнхүү эхэлжээ.

Ингээд МАХН-ын штаб Элбэгдоржийг нам цохиж чадлаа гэсэн дүгнэлт хийв бололтой Бямба, Нямд түүнийг бохио хамаагүй хаясныг илчилсэн мэтийн сөрөг сурталчилгаагаа завсарлаад байна. TV9 телевиз “Но[ц]той мэдээ”-гээ өглөө, өдөр завсарлав. Харин орон нутгийн “Инфо“ сүлжээний мэдээнд илтгэгч Даваахүү, Хатанбаатар нар Өвөрхангайд лекцээ уншихдаа залуучуудаас асуусан чинь бүгд Энхбаярыг дэмжиж байна гэсэн хариулсныг дурдаад авчээ.

Амралтын өдрүүдэд харьцангуй нам гүм байхнээ. Гэхдээ шийдвэрлэх тулааны өмнөх нам гүм. Даваа гаригаас АН-ын штаб Элбэгдоржийг Солонгост “ямар юмаа хийгээд явж байсан”, тэр 1 сая 500 мянган вон хаачсаныг нэгд нэгэнгүй тайлбарлах биз.

P.S: Зөвхөн амсхийсэн байж. TV9 телевиз 18 цагаас өчигдрийн 3 хуульчийн ярилцлагыг давтсан төдийгүй “Ийгл” телевизээр төлбөртэй нэвтрүүлэг болгон цацууллаа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 15 Comments »

Домэйн нэрний түрээс эхэлжээ

Posted by Ажиглагч on 2009/05/10

Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны албан ёсны сайт http://www.enkhbayar.com байгаа нь сонин санагдлаа. Тодруулбал, mn ба сom сайтуудын аль алиныг авч чадаагүй, ингээд гадаад хүмүүсийн эзэмшдэг энэ хаягаар сайтаа байрлуулжээ. Эзэдтэй нь тохиролцсон биз. Тэр эзэд нь Монголд бизнес эрхэлдэг (лав 40 мянгатын “Амстердам” бар) голландчууд бөгөөд одоо ч нэр дээрээ байлгасан хэвээрээ. Харин Элбэгдорж бас http://www.elbegdorj.mn ба http://www.elbegdorj.com гэсэн домэйн нэрүүдийг давхар эзэмшиж одоо аль аль хаягаар сурталчилгааныхаа ижилхэн сайтыг байрлуулсан байна.

Үүнээс үүдээд манай улс төрчид өөрсдийн нэртэй домэйныг эзэмшдэг эсэхийг сонирхлоо. Монголд нэг ижил нэртэй хүн хэдэн мянгаар тоологдох тул зөвхөн том дарга, улс төрч эзэмших албагүй ч тэд бусдаас илүү өөрсдийгөө сурталчлах шаардлагатай учраас өрсөөд авчихсан байх магадлалтай. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд С.Баярынхыг үзвэл (http://www.bayar.mn) аль эрт алдчихсан нөхөр байна. Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл яана? Харин өнгөрсөн сонгуулиар http://www.sbayar.mn сайт ажиллуулсны (одоо хаагджээ) домэйн нэрний эзэмшлийг сонирхвол Оршихийн Сумъяабаатар гэж хүний нэр гарч ирлээ.

Бас ноднингийн УИХ-ын сонгуулиар http://www.batbold.mn хаягаар гадаадад төгссөн, гадаад харилцааны мэргэжилтэй, тэгээд Гадаад хэргийн сайд, бас лиценз зэрэг энэ байтугай ховор юмыг сэмхэн цуглуулдаг Сү.Батболдынх биш, харин “хөдөөнөөс ирсэн” уяач гишүүн Су.Батболдынх байгаа нь сонин санагдаж билээ. Цааш ухвал http://www.batbold.mn-ын  жинхэнэ эзэн хоёр Батболдын алин ч биш, харин Цэдэнбалын Ариунбаяр гэж хүн байна. (Гэхдээ Сү.Батболд гишүүн http://www.subatbold.mn сайт нээсэн байсан ч одоо хаагджээ)

Манайд домэйн нэр түрээсэлдэг бизнес улс төрчдөөс эхэлж байх шиг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Тэд яагаад огцордоггүй вэ?

Posted by Ажиглагч on 2009/05/09

Өнгөрсөн хавар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хоёр хөрөнгө, орлогоо худал мэдүүлж үл хөдлөх хөрөнгө, компаниа нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоод албан тушаалаас нь огцруулах саналыг Иргэдийн хурлуудад нь тавьснаа мэдэгдсэн билээ.

Бид ярьдаг: Монголоос бусад ардчилсан оронд ямар нэгэн “но”-той юманд нэр холбогдсон албан тушаалтан шууд огцордог, эсвэл түдгэлздэг. Тийм нөхдийг гэрээсээ гарч ажилдаа ирэх, ажлаасаа тарж гэртээ ирэх, хурал цуглаанд оролцох гээд ахлам тутамд нь сэтгүүлчид бүчиж телевизийн камер, сурвалжлагчийн микрофон амар заяа үзүүлдэггүй. Хөрөнгө орлогыг нь эрж хайна, зургийг авна, папараци хийнэ. Албан тушаалаа өгөөд улс төрөөс зайлдаггүй юмаа гэхэд түдгэлзэж нуугдаад үнэн мөнөө олуулсан нь дээр болдог биз.

Дөрөвдүгээр сарын дундуур Батлан хамгаалах яаман дээр Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн уулзалт болоход МҮОНТ-ийг ганцааранг нь шахуу урьжээ. Тэгтэл Дорнод аймгаас Ц.Жанлав дарга ирчихсэн оролцож суув. Тэр ч бүү хэл сурвалжлагчаас айхгүйгээр ой угтсан ажлынхаа талаар ярилцлага өглөө. Шударга биш Засаг дарга сэтгүүлчийн аманд өөрөө ороод ирэх нь тэр! Харамсалтай нь сэтгүүлч маань “Та хөрөнгө орлогын мэдүүлгээ…” гэж эхэлсэн ганц асуулт тавьж зүрхэлсэнгүй.

Нутгийнх нь сэтгүүлчид Жанлав даргыг “зовоож” байна гэж сонсдоогүй, харин ч аймгийн хамгийн том телевиз түүний мэдлийнх, бас аймгийн ганц сонин Засаг даргатайгаа “нягт хамтран ажилладаг” гэсэн.

Энэ хаваржин Баянгол дүүрэгт Л.Амгалан даргын санаачилсан  бүтээн байгуулалт бүх телевизээр байнга гарч дуртайяа ярилцлага өгч байлаа. Сэтгүүлчид түүнийг эвгүй асуултаар зовоосонгүй. Харин өнөөдөр дөрөвдүгээр цахилгаан станцын урдуур “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн нээлтийн ёслол болсныг миний суваг эргүүлэхэд тааралдсан МҮОНТ, TV5, TV9, USB, SBN, “Ийгл” телевизүүд бүгдээрээ сурвалжилж Амгалан даргаас ярилцлага авчээ. Зөвхөн “Ийгл” телевизийн сурвалжлагч тэр асуултыг тавьсан байна. Хариуд нь Амгалан дарга “Нуусан барьсан, худлаа мэдүүлсэн юм байхгүй… ” гэж мэдэгдлээ. Одоо АТГ хүнийг гүтгэсэн болохнээ?

“Ийгл” телевиз ямар ч байсан салхи хагаллаа. Дараачийн удаад, бусад телевизүүд Амгаланд, бас Жанлавт “илүү, илүү” асуулт тавих байх гэж найдахаас.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болбол хувьсгал хийнэ”

Posted by Ажиглагч on 2009/05/09

Хэрвээ та өнөө өглөө шугамын радиогоор юмуу FM-ын 101,7 MHz долгион дээр нийслэлийн “Улаанбаатар” радиог сонссон бол гайхалтай нээлт хийх байлаа.

Эхлээд “МАХН-аас ярьж байна” гэснээ “Улаанбаатар радиогийн нэвтрүүлэг” гэж булаацалдаад Мянганы сорилтын сангийн тухай 20 минутийн тайлбар сонсголоо. Нэр дэвшигч Н.Энхбаярын магтаалаар эхэлж, дуусч байна. Тэр яахав, энэ байтугай гадуур магтаж байгаа. Харин нэвтрүүлгийн эхлэл агуу:

“… Манай улсад ажилгүйдэл, ядуурал, мөн нийгмийн эмзэг давхаргын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тухай бид өдөр бүр сонсож харж байна. Энэ байдлыг мэдэрч харж байгаа манай төрийн тэргүүн маань Мянганы сорилтын санг анх сэдсэн юм…”.

Ямар азаар АНУ-ын албаны хүмүүс, ялангуяа экс Ерөнхийлөгч Жорж Буш “Улаанбаатар” радиог сонсдоггүй вэ?

2008 оны УИХ-ын ба орон нутгийн сонгуулиар тус радио зөвхөн МАХН-ын сурталчилгааг эцсээ хүртэл явуулсан. Гэтэл нийслэлийн удирдлага зөвхөн 2009 онд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг гарган санхүүжүүлж байгаа. Урьд жилүүдэд ч тэгсэн. Өнөөдөр “Улаанбаатар” радиогийн эзэмшил тодорхойгүй бөгөөд орон нутгийн өмчөөс захирал У.Булган гэдэг эмэгтэйн халаас руу гулсах шилжилтийн насандаа яваа гэж ойлгогддог. Ямар ч байсан татвар төлөгчдийн мөнгөөр нэг намын сурталчилгааг сийхгүй явуулж байх юм.

Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхлэнгүүт нийслэлийн МАХН-ын хорооны дуу хоолой болж хувирч “Ирэх сонгуульд Энхбаярыг сонгох шалтгаан”, “Хямралын эсрэг эвийг эрхэмлэгч ерөнхийлөгч хэрэгтэй” нэртэй нэвтрүүлгүүд цуварлаа. Сүүлдээ “Хэрвээ Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болбол хувьсгал хийнэ” гэж айлгаад авсан шүү.

Шугамын радиогийн чих мушгин чангалж суллаж суудаг гэрийн ажилтай хөгшид, хүүхнүүдийг басаад байх шиг. Тэд юм хэлэх биш.

Posted in "Улаанбаатар" радио, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, FM радио | 2 Comments »

Үнэгүй лекцүүд

Posted by Ажиглагч on 2009/05/06

Өнгөрсөн сард англи хэлний багш Даваахүү, ой тогтоолтын аварга Хатанбаатар гэдэг хоёр залуу лекцээ огт үнэ төлбөргүйгээр уншлаа. Ядахдаа хямдхан тасалбар зарж UB Palace-ийн том заалын түрээсийн төлбөрөө ч нөхөхийг хүсээгүй гэнэ. Удалгүй тэр лекцийн бичлэгийг TV9 телевиз дахин дахин үзүүлдэг болов. Нэг удаа Даваахүүгийн яриаг чагнатал монгол залуучууд гадаад хэл сурах авъяастайг тэнгэрт тултал магтах завсраа дээд боловсролыг үнэ төлбөргүй болгохыг дэмжиж гарлаа. Тэгснээ Who is … Mongolian President гэсэн асар хүнд асуултаар заалыг доргиож хоороор хэлүүлэв. Англи хэлийг сайн суръя гэвэл Nambar Enkhbayar-ыг President-ээр сонгохыг сайн ойлгуулж чадав бололтой. Одоо тэд Дархан, Эрдэнэтэд үнэгүй лекцэлж яваа…

Тэгтэл Шри шри амьдарч бясалгах ухааны багш Саранцэцэг, Гантөгс хоёр уралдан лекц уншдаг боллоо. Хоёулаа үнэ төлбөргүй. Лав Саранцэцэг багш өөрийн лекцэн дээрээ “Ерөнхийлөгч болох хүний өндөр нам хамаагүй, зөвхөн гавал доторх нь чухал” гэж ярихыг АН-ын нэвтрүүлгээр үзлээ. Харин Гантөгс багш Н.Энхбаярыг дэмжиж ярьсан, учир нь тэрбээр орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн төдийгүй одоо Төрийн ордонд ажилладаг болсон гэлцэнэ.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн фэнгшү Ганбаатар Монголын бүх аймгаар явж өөрийгөө гайхуулахын хажуугаар Н.Энхбаярыг магтсан давхар лекцийг үнэ төлбөргүй уншсан байдаг. Тэгээд Н.Энхбаярыг сонгогдмогц Ерөнхийлөгчийн дэргэд ажилд орсон билээ…

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 7 Comments »

Хэн юунд яасан нь … (киноны нэр)

Posted by Ажиглагч on 2009/05/05

Өчигдөр орой “НЯНГАР ХАДАНД ГАРСАН НЬ” уран сайхны шинэ киног үзлээ.

… Хөдөөнөөс хотод ирээд хими цэвэрлэгээний газарт ажилд орж толгой түрүүгүй хараалган зүтгэх Нянгар бусдын хувцасны халааснаас олсон урилгаар томчуудын цайллагад нэвтрэн орж лав 10 хундага угсруулан хөнтөрсний дараа тавган дээр идэш ууш тавиад эргэтэл сайд бололтой нэгэн эрхэм санаандгүй түлхээд асгачихдаг. Градус, хилэн хоёр зэрэг оволзсон Нянгар тэр сайдыг балмагдтал хашгичлаа. Үүнийг харсан эсрэг фракцийнхан Нянгарыг таалж эгнээндээ элсүүлээд сайд хүүхэнтэй танилцуулна. Нянгарын авиралт эхэлж Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдоно.

Би тэр киноны талаар сайтуудад бичсэнийг уншаад баримжаатай очсон. Бүр 1930-аад оны Польш улсын дээдсийн ялзралыг илчилсэн цуутай романаас (тэндээ 2 удаа кино болгосон гэнэ) сэдэвлэн Баабар, Цэнддоо нарын бичсэн зохиолоор бүтээжээ. Польш роман ба кинонуудыг мэдэхгүй учраас харьцуулах юм алга. Харин “Нянгар” манай дээдсийн авлига, хуйвалдаан, олигарх, албан тушаалын наймааг эротик сэлтээр хачирлан томруулсан фарс болжээ. Гэхдээ зөвхөн нийтлэг дүр төрхийг ерөнхийлөн шоглоод орхисон бол сонирхолгүй байхсан.

Гадаадын зарим киноны төгсгөлд, саяын үзүүлсэн үйл явдал, дүрүүд бүгд зохиомол, бодит байдалтай таарвал зүгээр л тохиолдол юм шүү гэж анхааруулдаг. Баабарын ярьснаар бол, зарим нөхдүүд киноноос нь өөрийгөө олж харчихаад гомдол мэдүүлж эхэлсэн хэдий ч бодит дүр нэг ч байхгүй. Гэвч…

Гадуур киноны нэрийг “Намбар ууланд авирсан нь” болгоод цуурч байна гэсэн.  Тэр бага хэрэг. Киноны дүрүүд нэр бүхий тодорхой хүмүүс рүү заагаад байвал яахав?

Киноны Санаадагва сайдын дүр бол Д.Тэрбишдагва, харин Индра сайд Т.Ганди яавч биш хэрнээ  параллельдуулаад нэрлэчихсэн болохоор хамтдаа мөнхөрлөө гэсэн үг. Тэр ч бүү хэл ард түмнийг (иргэний нийгмийг гэсэн ч яахав) төлөөлөөд телевизийн студид авлигач сайдтай үзэлцэж суугаа эрийн нэр Авир. Мэдэх үү, төстэй хүнийг? Бас цагдаагийн дарга баахан хэвлэл мэдээллийг хааж цэгцэлье гээд жагсаалт оруулж ирэхэд Хууль зүйн сайд хэд тонгочсоноо “болохгүй юм байхгүй” гэлээ. Батзаяагийн тоглосон энэ сайдын дүр … -ыг шууд санагдуулав. Киноны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдаар Нянгарыг томилсноо мэдэгдэхээр цугларсан Эвслийн засгийн газрын тэргүүний дэргэд намхандуу ба том биетэй шадар сайдууд бололтой эрхмүүд эрэмбээрээ зогсож харагдсан шүү.

Өндөр биетэй бөгөөд урт сайхан хүзүүтэй учир битүүлэг ноёнтон Нянгарыг муу хүмүүсээс авраад зогсохгүй түүний бүтэлгүй намтрыг засварлаж өгөхөөр уулын амны модон дотор сэмхэн уулзалдана. Ноёнтныг “Шар цувт” гэж дуудна. Улаан биш, ногоон биш, зөвхөн шар!!!

Чухам ингэж тааруулсан учраас “мөн үү?” гэж тааруулж суухад зугаатай байлаа. Харамсалтай нь бусад дүрүүд албан тушаалаас өөр нэргүй, эсвэл би титрээс олж хараагүй юу бүү мэд, орхиё. Анхаарал сайтай үзэгчид илүү ихийг анзаарсан биз. Кино тарахад бөөн жуумалзсан хүмүүс гарцгаасан.

Харин Ерөнхий сайдын дүр бол тусдаа…

Одоо болъё. “Энэ кинонд бодит дүр нэг ч байхгүй” болохоор хамаагүй цуурах хэрэггүй, зүгээр л дотроо бодох учиртай байх шүү.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

Мөн үү? … Гүтгэлэг биш байна шдээ…

Posted by Ажиглагч on 2009/05/03

Сүүлийн жилүүдэд монголчууд сонгууль хийж сурч байна гэж их ярьдаг болжээ. 2008 оны сонгуулиар элдэв гүтгэлэг маш багассан ч гэх шиг. Хоёр нам энэ амжилтаа 2009 онд бататгаж Ерөнхийлөгчийн сонгуулийг гүтгэлэггүй, шударгаар явуулна хэмээн ам амаа асуулцаж сүрхий эхэлсэн боловч бүтсэнгүй.

Саявтархан АН-ын штабын дарга Д.Дорлигжав ярихдаа, бидэнд Энхбаяр ерөнхийлөгч, түүний тойрон хүрээлэгчдийн талаар бодитой, баримттай материал хэдэн арван сонинд дамжуулж тавиад багтахааргүй их байна… Би өөрөө хэвлэл мэдээлэл хариуцаж байгаа ч тийм юм хийгээд яахав гэж бодож байгаа” гэсэн билээ. Хариуд нь МАХН-ын штабын У.Барсболд адилхан айлгаад авсан.

Гэвч тэд удаан тэссэнгүй. Өнгөрсөн долоо хоногоос телевиз, сонинуудыг “гүтгэлэг” гэж тодорхойлсон тэр юмаараа пиг дүүргэлээ. Одоо сонгуулийн штабууд тэр юмыг бэлтгэх, эсвэл няцаах гэсэн хоёрхон горимоор ажиллаж, сүүлдээ Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр индэр дээрээс бие биенээ муулдаг болсон байна. Бас Ерөнхий сайд, Гадаад харилцааны яам хүртэл гүтгэлэг няцаах ажилд хошуугаа дүрээд авлаа.

Харин тэр бүх “гүтгэлэг” ихэнхдээ баримт, жишээтэй байвал яахав? Нэгэнт нотолгоотой юм чинь гүтгэлэг биш шүүмжлэл баймаар, гэтэл өрсөлдөгчийнх нь штабаас гүтгэлэг гэж шууд гүтгээд няцаачихдаг сайхан аргатай болжээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 6 Comments »