АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for April, 2009

“Болжмор” намнах кампани

Posted by Бид on 2009/04/26

1958 он. БНХАУ.
Их жолоодогч Мао Цэдуны их үсрэлтийн бодлогын үеэр хөдөө аж ахуйн ургамлын дөрвөн хортон болох хулгана, шумуул, ялаа, болжмортой тэмцэх кампанит ажил Хятад орон даяар өрнөжээ. Ялангуяа болжмор шувууг хамгийн ихээр ургац идэж сүйтгэдэг ангийн дайснаар тодруулж заналтайгаар онилсон байна.

boljmor-1958-hyatadБолжмор турь муутай, агаарт 15 минутаас удаан нисч чаддаггүй тул тариачид, бас хотоос дайчлагдан ирсэн сая сая ажилчид, залуучууд, пионерууд чавхаар харваж, түмпэн сав, бөмбөр гээд юу ч хамаагүй нүдэж, толгой дээрээ алчуур, шуудай сав эргүүлж, бас шавар байшин, модны оройд хүртэл авирч орилж хашгиралдахад хөөрхий болжморууд бууж чадалгүй бахардаж унахад бяц цохиж гүйцээгээд утсанд хэлхэж овоолдог байж. Үхсэн болжмор дүүртэл ачсан машины тэвшин дээр хятад пионерууд баатарлагаар зогсож явааг зурагтаар үзсэнээ санаж байна…Энэ кампаниар нийтдээ 2 тэрбум ширхэг болжмор устгасан тайлан гарчээ.

2009 он. Монгол Улс.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гэгээлэг сурталчилгааны өдрүүдэд нэгэн сахилгагүй “болжмор” сонины мухлагт буумагц TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч пионер сонор соргогоор мэдэж харваж унаган шинжээд эзнийх нь өрсөлдөгчийн тал нисгэсэн болохыг өчиггүй тогтоож уучлал гуйхыг шаардан баахан дүвчигнэв ээ. Тэр ч бүү хэл хүн бүр “Бор шувуу”-г 500 төгрөгөөр худалдаж аваад уншихгүйгээр, хүнд үзүүлэхгүйгээр шатаан устгахыг шаардлаа. Үнсийг нь цуглуулж тэвшин дээр ачаад гудамжаар явах юм байна л даа….

Энэхүү үйлийн үртэй болжмор бол “Шууданч бор шувуу” нэртэй бичил сонин. Дэлгээд нийлүүлсэн ч сурталчилгааны сонины ганц нүүрнээс хэтрэхгүй, бичил сонин гэхэд ч ахадмаар, алгын чинээ жижигхээн товхимол.

Яг энэ мөчөөс Ерөнхийлөгчийн сонгуульд соёлын хувьсгал эхлэх нь тэр. Бор шувуу тойрсон хэвлэлийн хурлууд цуврав. АН-ын сонгуулийн штаб гэнэт оволзож “Бид хэзээ ч ийм жол юм хийхгүй. Хийвэл хийсэн шиг хийнэ” гэж пээдийгээд хувьсгалт намынхны тавьсан тавьсан жүжиг хэмээгээд хөөрхий болжморыг үргээж явуулсан бол МАХН-ын сонгуулийн штаб, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчтэй хамтран сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэдний нүдэн дээр мөч мөчөөр нь жиргэж орхив. Энэ завсар Ерөнхийлөгчийн зөвлөх найрагч Түмэнжаргал цэрэг цагдаа хөдөлгөж, уржигдар уг сониныг тарааж явсан залууг хэвлэлийн бирж дээр отолт хийж баривчилсан сураг дуулдана.

Араас нь манай сэтгүүлчид ч болжмор үргээх сайн үйлсын аянд мордлоо. “Өнөөдөр” сонин гэхэд л “… энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнөөх гэм хоргүй “өхөөрдөм” бор шувуу маань муу ёрын, хар зүгийн гэсэн тодотгол зүүж, хэрээний хэлээр шаагилдаж, тасын шуналаар амьсгалах болов” гээд авч өгөх нь тэр.

Монголыг донсолгосон тэрхүү аймшигт “бор шувуу”-г хайж сонины мухлагт хүрч очвол багтаж ядсан олон сонин, сэтгүүлийн завсраар өрөвдөлтэйеэ цухайв. Хөөрхий дөө, хэн ч тоож ч харахгүй юм. Би өрөвдөөд 500 төгрөгөөр худалдаж аваад эргүүлэв.

Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул Бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна
.

Гэх мэтээр элэг хөшөөм мэдээнүүд, бас сонирхолтой баримтууд ч байна.

Г.Батхүүгийн хандив
Ерөнхийлөгчтэй тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд сайн дураараа “өгөөш” болох гэж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн намын нэр дэвшигчид хандиваа өгснийхөө дараахан МАХН-аас нэр дэвшигч дээр очин Ц.Элбэгдоржид өгснөөсөө арав дахин илүү мөнгө хандивласан байна. 2005 оны сонгуулиар энэ эрхэм М.Энхсайханд 20 сая, Н.Энхбаярт 100 сая төгрөг хандивлаж байсныг нь Баабар гуай нийтэд ил зарласан билээ. Энхбаяр Батхүү хоёр хөрөнгө мөнгөөр холбогдсон эртний андууд аж.

TV9-ын хөтлөгч пионер Батхүүгийн өмнөөс ихэд гомдож “Ахаа, таныг доромжилсон байна шдээ, будаа болгоод өгөөч” гэж ховлоод байсныг саналаа. Минийхээр бол мөнгө ихтэй тэр эрхмийг нам эвсэл гэж явцуурдаггүй өглөгч болохыг харуулсан гэгээлэг мэдээ байна даа.

Бусад мэдээг МАХН-ын сонгуулийн штабыхан няцаах нэрээр монголын бүх телевизээр үг үсэггүй уншиж өгсөн тул алгасъя. Тэгээд ч бичил сонин Интернэтийн хаягаа бичжээ. Хэрвээ та 500 төгрөгөө хэмнэе, эсвэл гадаадад суугаа бол http://www.borshuvuu.blogspot.com хаягаар ороод бүрэн эхээр нь уншаарай.

Харин цаасан дээр буугаагүй нэгэн реклам энд тавигджээ: “Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна”. Маш гоё сөрөг сурталчилгаа.

enkhbayar-elbegdorj-handiv

Харин арын нүүрэнд одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг агуулгатай зохиомол “Энхбаярын дуу”-г тавиад З.Түмэнжаргал, Ч.Энхээ нарыг зохиосон гэжээ. Тэд яалаа гэж ийм муухай юм зохиохов. Гэхдээ овоо босгоогүй бол болжмор хаанаас суухав. З.Түмэнжаргал найрагч Ерөнхийлөгчийн бөөрөнд үргэлж наалдаастай, Ч.Энхээ Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх бүрийд түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулдагийг ашиглаж муулсан хэрэг.

Бас итгэхэд бэрх хачин мэдээ ч байна: “Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов” Энэ бол 100 хувь худлаа байж таарна.

Гэхдээ “Шууданч бор шувуу” бусдаас илүү худалч, марзагнагч биш ээ. Бичээд байгаа хоёр нэр дэвшигчийн нэг нь мянган хүний өмнө “Надад 500 сая төгрөгийн хахууль өгөх гээд…” сийхгүй худал залсан бол нөгөө нь албаны нисдэг тэргээр ан хийгээд шүүмжлүүлэхдээ “монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэж ихэрхсэн санагдана. Тэгэхэд хэнийг нь ч отолт хийж бариагүй билээ.

Баасан гаригийн “Өнөөдөр” сонины дугаарт “Энхбаяр агуу агуу” гэсэн бичлэг нийтлэгдэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатартай ярилцсаны сэм бичлэг гэнэ. Харин ориг Төмөрбаатар нь албан ёсоор няцаалаа. Зохиосон байж таарлаа. Гэхдээ түүний нэрийг хасчихвал агуулга нь надад таалагдав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох авантюр амлалтаа хожим хэрхэн тайлбарлаж болох нэг л хувилбарыг маш логиктой дэлгэж чаджээ.

Яагаад өчүүхэн “бор шувуу” том намуудыг донсолгож монголын сонгуульд хятад маягийн “соёлын хувьсгал”-ыг эхлүүлэв ээ? Ер нь яагаад хоёр нэр дэвшигчийн талаар чөлөөтэй жиргэж, уран зохиож, элэглэж, таамаглаж болохгүй болчихов? Шалтгаан маш энгийн: МАХН, АН хоёр найрч зөвшилцсөөр байгаад бие биенээ ил тод шүүмжлэхэд бэрх болж. Нэг нь шүүмжилбэл нөгөө нь “гүтгэлэг” гээд чарлачихна. Ингээд хоёр тал нэр, хаяггүй нийтлэл нэвтрүүлгээр “соёлтой “үзэлцэж байна. Намынхаа нэвтрүүлэг, захиалгат сурвалжлагаар харилцан “гүтгэхлээр” яах ч үгүй, харин үл мэдэгдэх нөхөр хэдхэн ширхэг бичил сонин (уншсан хүмүүс нь гэвэл хоёр намын штабынхан, тэгээд би… ингээд дуусах байх) гаргахад л цагдаагаар бариулах нь тэр.  МАХН, АН хоёр “гүтгэлэг” хийх эрхийг хүртэл өмчлөөд авчихаж…

“Шударга” гэгдэх сонгуулийн дайсан – болжмор намнах кампани Монголд оволзов.

Posted in "Өнөөдөр" сонин, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 21 Comments »

Элбэгдоржийн онигоо

Posted by Бид on 2009/04/23

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчидтойгоо уулзалт хийж явав. Нэгэн жаал хүү түүнд дуу дуулж өгсний дараа ийм яриа болж өнгөрчээ.
– Би ийм л хүүхдүүдийн ирээдүйн төлөө шударга ёсыг тогтооно… Миний дүү том болоод Монгол улсын Ерөнхийлөгч болоорой !!!
– Баярлалаа ах аа, та ч гэсэн …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Элдэв сонин хачин, зугаа, онигоо | 18 Comments »

Н.Энхбаярын онигоо

Posted by Бид on 2009/04/21

[Онигоогүй сонгууль гэж хаана байхав]
100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчимд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр нэгэн жаал хүү, Ерөнхийлөгч хоёрын хооронд ийм яриа болжээ.
– Та хэн бэ?
– Би Монгол улсын Ерөнхийлөгч байна.
– Үнэмлэхээ үзүүл.
– Юу?
– Байхгүй юу? Үнэмлэхгүй байж Ерөнхийлөгч гэж худлаа яриад л …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Элдэв сонин хачин, зугаа, онигоо | 5 Comments »

Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын ялгааг ол

Posted by Бид on 2009/04/20

Эхлээд харахад яг ижилхэн хоёр зурган дээрээс найм юмуу арван ялгааг олдог зугаа бий. Сайтар харьцуулж үзвэл хаа нэгтээ сэмхэн үлдээсэн илүү, эсвэл дутуу зураасууд заавал олддог.

Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёроос ялгаа олцгоох уу? Мэдээж, тэр хоёрын зурагнаас буюу гадаад төрхөөс биш ээ. Хамар ба хүзүү тэргүүтэй “ноцтой” ялгаанууд байгааг бүгд мэднэ. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн хамрын эзлэхүүн, хүзүүний зузааны талаар үсэг ч байхгүй билээ.

Мөрийн хөтөлбөрөөс ялгаа олох уу? Олдохгүй. Хоёулаа сайн, гоё гоё юм амалсан байж таарна. Боодолтой мөнгөнүүдийг хүртэл хавчуулчихсан байгаа. Өвөр Монголын радиогоор бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, шүхрээ авсан ч яахав, аваагүй ч яахав гэдэг шиг дэлхийн эдийн засгийн хямрал саарч баривал амьдрал сайжирна, үгүй бол үгүй. Тэр тусмаа Ерөнхийлөгч хэмээх бэлэг тэмдгээс сүйдтэй хамаарахгүй. Лав энэ удаад хоёр мөрийн хөтөлбөрийг харьцуулах байтугай ядахдаа талд нь ортол уншаад сонголтоо хийх тэнэг хүн Монголд байхгүй. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны үеэр онгоцондоо бороо хур дүүрэн ачаад ийш тийш  нисэлдэн очиж юу юу ярьсныг харьцуулах уу? Эрхбиш насаараа индэр эзэлсэн хүмүүс болохоор “Би Ерөнхийлөгч болбол…” гэсэн сэдвээр яаж донгодохоо мэдэлгүй яахав. Хоёулаа ялгаагүй сайн чадах ганц зүйл.

Энэ мэтээр ирээдүй (мөрийн хөтөлбөр) ба одоо (нэр дэвшигчидтэй хийх уулзалт, ярилцлага)-г хасчихлаар өнгөрсөн цаг үлдэж байгаа юм. Манайхан үүнийг нэр дэвшигчдийн сайн үйлыг тоочих явдал гэж ойлгодог. Үгүй. Зөвхөн сайн юм хийнэ, сайн ажиллана гэж төрийн толгойд гарч ирсэн юм байгаа биз дээ.

Хассаар байтал хамгийн сүүлд тэдний нүгэл үлдэнэ. Баян хоосны хэт ялгаа, ичгүүр сонжуургүй авлигачид, Бороо гоулд-ын тогтвортой байдлын гэрээ, ХЗХ-ны луйвар, Улаанбаатар хотын төлөвлөлт, газрын наймаа, Туул голын сүйрэл, дархан цаазат Зайсан толгой цаадах хууль бус барилгууд , Хадгаламж банкны 14 тэрбум, гаалийн Баатарын хэрэг, 2008 оны УИХ-ын сонгуулийн будлиан, 7-р сарын 1-ны хэрэг явдалд тэд ямар хамаатай, юу хийсэн ба хийгээгүйг бүх нийтээрээ хэлэлцэхийг сонгуулийн кампани гэх ёстой болов уу? Өнгөрсөн жилүүдэд нэг нь УИХ-ын гишүүнээс эхлээд Ерөнхийлөгч, нөгөө нь бас УИХ-ын гишүүнээс эхлээд Ерөнхий сайдыг хүртэл хийчихээд “мэдээгүйш дээ” гэх үү? Бас хөрөнгө чинээгээ яаж хураасан, хэрхэн баяжсан, юу эзэмшдэг, хаана амьдардагаа сонгогчид руугаа эгцэлж хараад хэлмээр юм даа. Яахав, арай бага нүгэлтэйг нь иргэд сонгоно биз…

Чухам нүгэл нь дэлгэгдэхээс хоёр нэр дэвшигч үхтлээ айж эхний өдрөөс л сайн мэдээний аян, хөхрөлдсөн сонгууль, гүтгэлэггүй сурталчилгаа зарлаж, өөрсдийгөө л магтаад байя, бие биедээ саад хийхгүй шүү, за юу гэсэн хайрын захиа шидэлцэнэ бус уу?

Нэгэнт “гүтгэлэг” байхгүй болохлоор хамар ба хүзүүний асуудлыг “соёлтой” хэлэлцэх л үлдэж байгаа юм. Хувилбарууд гэвэл монгол дээл ба костюм, өндөр ба нам, халх ба захчин …

Өөр ялгах юм даанч алга.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 6 Comments »

Эхэллээ!!!

Posted by Бид on 2009/04/04

Өнөө өглөө  TV9 телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдын намтрыг зураг хөрөгтэйгээр дэлгэцэн дээр гаргаад тод сайхан уншиж өглөө.  Хоёр намтрын нэг нэг мөр шууд нүдэнд тусах нь тэр.

Н.Энхбаяр: Яс үндэс – халх

Ц.Элбэгдорж: Яс үндэс – захчин

Эхэллээ дээ!

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 8 Comments »

Ерөнхийлөгчийн бие халаалт

Posted by Бид on 2009/04/03

Өнөөдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр дөрвөн жилийн өмнө түдгэлзсэн намдаа эргэн ирж Ким Чен Ир хүртэл атаархмаар бүхэл 100 хувийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшлээ.

СЕХ-нд бүртгүүлсний дараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэнэ, гэхдээ Ерөнхийлөгч хүн яаж зүгээр байхав…

3-р сарын 25-ны 21.15 минутаас “Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр; Улс төрийн бодлого, үйл ажиллагаа” нэртэй шинэ нэвтрүүлэг МҮОНТ-ээр нээлтээ хийв. Маргааш нь Эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа, нөгөөдөр нь нийгмийн бодлого, цаашаагаа гадаад бодлого, цэргийн бодлого гэх мэтээр цуварсан 15 минутийн нэвтрүүлгүүд байлаа. Нормт хугацаагаа дуусгаж буй Ерөнхийлөгч ажлаа тайлагнасан энэхүү цувралыг маргаашнаас TV9 телевиз МҮОНТ-ийг хүндэтгэх мэт нэг дугаараар хоцорч, гарах цагийг нь давхардуулахгүйгээр цацлаа. Одоо буухиаг нь UBS үргэлжлүүлж байна…. Энэ гурван телевиз үнэхээр синхрон ажиллах юм аа.

Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн өнгөрсөн дөрвөн жилд Монгол орныг нуруун дээр авч явсныг мэдэж аваагүй хүн Монголд үлдсэнгүй. Харин билэг тэмдгийн Ерөнхийлөгч байж одон зүүх юмуу уул тахих бодлого, үйл ажиллагаагаа тайлагнах болов уу гэтэл тэгсэнгүй.

Дээрх цувралыг хэн бүтээснийг мэдье гэхэд төгсгөлд нь “2009” гэсэн дөрвөн тоо л байна. МҮОНТ-ээр гардаг Ерөнхийлөгчийн “Сүлд” нэвтрүүлэгтэй төстэй юм чинь олон нийтийн телевизийн бүтээл болох нь илт. Бас хажуугаар нь “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хэдэн дугаарыг бүхэлд нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дорх “Монгол тэмүүлэл” аянд зориулж амжив.

3-р сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Ц.Мөнхтөр ээлжит асуултынхаа оршил болгож “Танай зөвлөх надад “Их Монгол Улс” гэдэг ном үзүүллээ. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн ном байна” гэв. Агуу ном! Хөтлөгч Ерөнхийлөгчид тал зассан, даапаалсан хоёрын алин болохыг би сайн ойлгоогүй, гэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөхүүд муусайн сэтгүүлчдэд давхар “зөвлөдөг” бололтой юм.

Энэ мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зугуухан эхэллээ. Одоохондоо зөвхөн бие халаалт. Ирэх сар хагасын турш бид энэ байтугай  гоё юм үзэж таарна. Лав уйдахгүй.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 2 Comments »