АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МАХН-ын үүрийн бага зэрэг өргөтгөсөн хуралд суучихжээ

Posted by Mongol on 2009/03/26

Нийслэлийн 132 (нэг зуун гучин хоёр) хорооны иргэдийн нийтийн хурлууд бөөн будлиантай болж байна.

Бусад хороод хуралдаад байгаа сураг дуулдсан ч миний амьдардаг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Иргэдийн нийтийн хурлыг ирэх Бямба, Ням гаригт хийх биз гэж бодож байлаа. Гэтэл 3-р сарын 26-ны Пүрэв гаригийн 13 цагаас хуралдах зарыг манай байрны ихэнх оршин суугчид хурал болоод өнгөрсний орой сая олж харжээ. Яагаад гэвэл урьд орой нь тэднийг ажлаа тараад гэртээ орчихсон хойно 21 цаг өнгөрч байхад үл үзэгдэгч хүн харанхуйд сэмхэн наачихсан гэнэ. Өглөө хүмүүс гэрээсээ гарахдаа орцны хаалган дээр юу наасныг эргэж харахгүйгээр явчихаж. Ганц нэг хүн өглөө мэдсэн ч ажил төрлөө зохицуулж амжаагүй. ИТХ-даа суу гэж чөлөө өгдөг дарга хаана байна? Ингээд хорооны иргэдийг аль болох оролцуулахгүй байх, гэхдээ зар наасан шдээ гэж хожим ам хаадаг сонгодог арга 2009 онд яг хэвээрээ давтагдлаа.

Би тэр өдөр 13 цагт цайны цагаар гэртээ ирэхдээ зарыг олж хараад хорооныхоо хуралд хоцроод ч гэсэн анх удаа явж очлоо. Биднийг дэндүү дорд үзэж байгааг тэвчмээргүй санагдсан учраас тэр.

… Зааланд “багтахгүй” гээд үүдээ дарчихсан байсан ч зүтгэсээр байгаад орлоо. Хэрүүл нэгэнт эхэлчихсэн байв. МАХН ба АН-аас нэг нэг хүн Иргэдийн хурлын даргад нэр дэвшээд зогсчихсон, бусад нь тойроод үймэлдэж харагдана. Би шууд гарч микрофон аваад, хорооны иргэдэд урьдчилж сайн хэл хүргэхгүйгээр ажлын өдөр хуралдаж болохгүй ээ, оролцуулья гэвэл хэсэгчлээд хийж болдог юм” гэж хэлсэн чинь урд эгнээнээс одон тэмдэгтэй согтуу өвгөчүүд харааж зүхсэнээ нэг нь зодохоор босч ирлээ. Зөвшөөрөлгүй хүн хороон дарга болох нь гэж боджээ. Би хороон даргад өрсөлдөхгүй гэж ам тангарагаа өгч байж буцааж суулгав. Тэгтэл хорооны иргэдийн нийтийн хурлын дарга араас түлхэж “чамайг хөөж гаргана шүү, алив цагдаа дууд” гэж зандарсаар микрофон булааж авлаа.

Юу вэ? Хэдэн он бэ?

Би ганц нэг хүнээс сурагласаар учрыг ойлгов. 8-р хорооны МАХН-ын үүрийн зуу гаруй гишүүд 12 цагаас цугларч хуралдаад хамаг юмаа тохирсон юм байна. 13 цаг болоход МАХН-ын биш цөөхөн хүмүүс ирэхэд л заал пиг дүүрч хаалгаа барьжээ. Тэнд байсан АН-ын нөхдүүд “Бид гуравхан цагийн өмнө мэдсэн” гэж гомдоллож байхыг сонсов. Тэгсэн мөртлөө ийм хурлыг зөвшөөрч эхлүүлээд зогсохгүй Засаг даргын суудал горьдон чадуулж зогсох нь тэр.

Индэр дээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нямхүү сууж байснаа босч “амар амгалан байцгаа” гэсэн утгатай өгүүлбэр хэлж Засгийн газар дээр ажилтай гэж пээдийсээр гарч одлоо. Ноднин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ихэд шударга дүр эсгэн шүүмжилж, гудамжаар хайр майр гэж үглэж алхаад байсан (телевизийн реклам), дараа хотын хуралд сонгогдоод дуугаа хураасны учир төдөлгүй тайлагдаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болсон билээ. Энэ удаад өөрийг нь сайд хийж үзэхийг зөвшөөрсөн буянтай намын гишүүдийг хайрлав бололтой. 

Ил санал хураахад 8-р хорооны ИНХ-ын даргаар МАХН-аас нэр дэвшсэн эмэгтэй зааланд байсан 200 орчим хүнээс 180 орчим санал авч сонгогдлоо. Араас нь МАХН-ын нэг гишүүн босч ИНХ-ын тэргүүлэгчдэд дэвшүүлэх 5 нэр уншлаа. АН-ынхан горьдлогоо үргэлжлүүлж бас төдий тооны нэр дэвшүүлж харагдсан.

Би босч “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д хорооны иргэдийн нийтийн хуралд улс төрийн намын оролцооны талаар үсэг ч байхгүй, бид зөвхөн иргэнийхээ хувьд оролцох ёстойг сануулаад нэрээ дэвшүүлж туршихаар шийдлээ. Гэтэл нэр дэвшигчдын жагсаалтыг уншихдаа минийхийг улаан цайм хасчихлаа.  Тэгэхэд нь “Би тэртээ тэргүй сонгогдохгүй ээ. Битгий ай. Зүгээр л намын гишүүн бус хүн нэрээ дэвшүүлж болдог эсэхийг үзэх гэсэн юм” гэсний ачаар оруулж нөхөн уншуулав.

Тэднийг аль аль намын хүмүүс болохоо хэлээч гэхэд зөвшөөрөөгүй ч МАХН-ын гишүүд намынхаа нэр дэвшигчдийг ямар ч алдахгүй таньж бүгдэд нь адилхан 180 орчим өгч сонголоо. Тэднийг үнэхээр сайн бэлтгэжээ. Дараа нь хорооны даргад МАХН-аас өмнөх дарга Жавзмааг дахин дэвшүүлж бас л 180 орчим саналаар сонголоо.

Зугаатай юм гэвэл АН-ынханд голдуу 10 гаруй санал, харин надад 46 санал өгчээ. Төгсгөлд нь би нэхсээр микрофон авч тэдэнд талархаад “Энэ хурал хорооны иргэдийн нийтийн хурал нэртэй МАХН-ын үүрийн өргөтгөсөн хурал юм байна. Та нар ичихгүй байна уу, МАХН-ын гишүүдээ?” гэж хэлэхэд босч давшлах хүмүүс нэг ч гараагүй.

Дараа нь би УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, одоо манай хорооны ИНХ-ын тэргүүлэгчдэд бас 180 санал авч сонгогдсон С.Нямзагдыг хараад очиж дээрх асуултыг тавихад “харин ээ…. тийм ээ … яахав ээ…” гэж бөнжигнөөд “Цэрэнжав аа, холбоотой байгаарай” хэмээн нялуурснаа урьд нь захирал байсан ХҮДС-ийн архан талд босгосон хувийн “Этүгэн” дээд сургууль руугаа яарлаа.

Би ганц муу хурлыг яагаад ингэж дэлгэрэнгүй бичив ээ гэвэл иргэн хүн СӨХ-өө, хороогоо засч чадахгүй байж, ерэн хувь нь Улаанбаатарт шигдсэн манай хэвлэл мэдээлэл нүднийхээ өмнөх булхайг олж харахгүй байж өөр том том юм яриад яахав гэж бодсоных. Ноднин сонгуулийн  будлиан хороо хориноос эхэлдэг гэж нотлоод байсан яав?

Саяхан “Ийгл” телевиз ганц удаа “Иргэдийн хурлын талаар гомдлууд ирсээр байна” гэж цухалзуулсныг бодоход иргэд “Ийгл”-д найдаж утасдагч ч тоодоггүй бололтой. Бас C1 телевиз ганц нэг хорооны Засаг даргад үзэлцээд ялагдсан АН-ынхны гомдлоор товчхон сурвалжлахыг үзсэн. Олон нийтийн телевиз? Тэр бол төр засгийн телевиз хэвээрээ байгаа.

Манай хорооных шиг луйвар зөвхөн Улаанбаатарт 132 (нэг зуун гучин хоёр) удаа болсон буюу болж байна шүү!

9 Responses to “МАХН-ын үүрийн бага зэрэг өргөтгөсөн хуралд суучихжээ”

  1. Zochin said

    Ene ardchilal bishee

  2. Tsogtoo said

    Хаа сайгүй л ийм байна

  3. nice said

    haha ineedtei yumaa

  4. javkhlan said

    hehe hogjiltoi l yum.

  5. uga said

    Ах маань айшиггуй зоригтойгоор, баатарлаг тэмцжээ,та шүү.

  6. Ганаа said

    132 vdaa bolsonshuu Ehnees ny dvvstal shuud svrvaljlah heregtei.

  7. өө тийн, бүүр дараа нь зарыг нь харсан шд.

  8. purevhuu said

    ta busad tv iig uzdeggui yum baina . ene tuhai NTV eer 3 ch udaa garsan.

  9. Oyun said

    Bi SBD-iin IV horoond amidardag. Getel deerh uvaigui yavdal manai horoond mon adil bolloo.Horoony MAHN-yn uuriin hurlyg zalguulaad horoony INH,zasag dargyn songuuliin hurlyg hiih ni ee.Orshin suugchdaas asuuj baihad Byambajav darga “tov garaagui baina ” gej baij.Tegeed l 8-r horootoi yag adil…Huuhdiin togloomyn talbai,SOH-iin gazrynhaa toloo temtsej sursan orshin suugchid, MAHN-yn hedii tsoohon ch, shudraga zarim gishuud,AN-yn heden gishuudiin hamtyn temtsliin ur dund huuli bus hurlyg zogsoon taraalaa.Daraagiin tov bas l suraggui…Bid chini ardchilsan Mongold amidarch baigaa bishsen biluu???

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: