АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for March, 2009

МАХН-ын үүрийн бага зэрэг өргөтгөсөн хуралд суучихжээ

Posted by Бид on 2009/03/26

Нийслэлийн 132 (нэг зуун гучин хоёр) хорооны иргэдийн нийтийн хурлууд бөөн будлиантай болж байна.

Бусад хороод хуралдаад байгаа сураг дуулдсан ч миний амьдардаг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Иргэдийн нийтийн хурлыг ирэх Бямба, Ням гаригт хийх биз гэж бодож байлаа. Гэтэл 3-р сарын 26-ны Пүрэв гаригийн 13 цагаас хуралдах зарыг манай байрны ихэнх оршин суугчид хурал болоод өнгөрсний орой сая олж харжээ. Яагаад гэвэл урьд орой нь тэднийг ажлаа тараад гэртээ орчихсон хойно 21 цаг өнгөрч байхад үл үзэгдэгч хүн харанхуйд сэмхэн наачихсан гэнэ. Өглөө хүмүүс гэрээсээ гарахдаа орцны хаалган дээр юу наасныг эргэж харахгүйгээр явчихаж. Ганц нэг хүн өглөө мэдсэн ч ажил төрлөө зохицуулж амжаагүй. ИТХ-даа суу гэж чөлөө өгдөг дарга хаана байна? Ингээд хорооны иргэдийг аль болох оролцуулахгүй байх, гэхдээ зар наасан шдээ гэж хожим ам хаадаг сонгодог арга 2009 онд яг хэвээрээ давтагдлаа.

Би тэр өдөр 13 цагт цайны цагаар гэртээ ирэхдээ зарыг олж хараад хорооныхоо хуралд хоцроод ч гэсэн анх удаа явж очлоо. Биднийг дэндүү дорд үзэж байгааг тэвчмээргүй санагдсан учраас тэр.

… Зааланд “багтахгүй” гээд үүдээ дарчихсан байсан ч зүтгэсээр байгаад орлоо. Хэрүүл нэгэнт эхэлчихсэн байв. МАХН ба АН-аас нэг нэг хүн Иргэдийн хурлын даргад нэр дэвшээд зогсчихсон, бусад нь тойроод үймэлдэж харагдана. Би шууд гарч микрофон аваад, хорооны иргэдэд урьдчилж сайн хэл хүргэхгүйгээр ажлын өдөр хуралдаж болохгүй ээ, оролцуулья гэвэл хэсэгчлээд хийж болдог юм” гэж хэлсэн чинь урд эгнээнээс одон тэмдэгтэй согтуу өвгөчүүд харааж зүхсэнээ нэг нь зодохоор босч ирлээ. Зөвшөөрөлгүй хүн хороон дарга болох нь гэж боджээ. Би хороон даргад өрсөлдөхгүй гэж ам тангарагаа өгч байж буцааж суулгав. Тэгтэл хорооны иргэдийн нийтийн хурлын дарга араас түлхэж “чамайг хөөж гаргана шүү, алив цагдаа дууд” гэж зандарсаар микрофон булааж авлаа.

Юу вэ? Хэдэн он бэ?

Би ганц нэг хүнээс сурагласаар учрыг ойлгов. 8-р хорооны МАХН-ын үүрийн зуу гаруй гишүүд 12 цагаас цугларч хуралдаад хамаг юмаа тохирсон юм байна. 13 цаг болоход МАХН-ын биш цөөхөн хүмүүс ирэхэд л заал пиг дүүрч хаалгаа барьжээ. Тэнд байсан АН-ын нөхдүүд “Бид гуравхан цагийн өмнө мэдсэн” гэж гомдоллож байхыг сонсов. Тэгсэн мөртлөө ийм хурлыг зөвшөөрч эхлүүлээд зогсохгүй Засаг даргын суудал горьдон чадуулж зогсох нь тэр.

Индэр дээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нямхүү сууж байснаа босч “амар амгалан байцгаа” гэсэн утгатай өгүүлбэр хэлж Засгийн газар дээр ажилтай гэж пээдийсээр гарч одлоо. Ноднин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ихэд шударга дүр эсгэн шүүмжилж, гудамжаар хайр майр гэж үглэж алхаад байсан (телевизийн реклам), дараа хотын хуралд сонгогдоод дуугаа хураасны учир төдөлгүй тайлагдаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болсон билээ. Энэ удаад өөрийг нь сайд хийж үзэхийг зөвшөөрсөн буянтай намын гишүүдийг хайрлав бололтой. 

Ил санал хураахад 8-р хорооны ИНХ-ын даргаар МАХН-аас нэр дэвшсэн эмэгтэй зааланд байсан 200 орчим хүнээс 180 орчим санал авч сонгогдлоо. Араас нь МАХН-ын нэг гишүүн босч ИНХ-ын тэргүүлэгчдэд дэвшүүлэх 5 нэр уншлаа. АН-ынхан горьдлогоо үргэлжлүүлж бас төдий тооны нэр дэвшүүлж харагдсан.

Би босч “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д хорооны иргэдийн нийтийн хуралд улс төрийн намын оролцооны талаар үсэг ч байхгүй, бид зөвхөн иргэнийхээ хувьд оролцох ёстойг сануулаад нэрээ дэвшүүлж туршихаар шийдлээ. Гэтэл нэр дэвшигчдын жагсаалтыг уншихдаа минийхийг улаан цайм хасчихлаа.  Тэгэхэд нь “Би тэртээ тэргүй сонгогдохгүй ээ. Битгий ай. Зүгээр л намын гишүүн бус хүн нэрээ дэвшүүлж болдог эсэхийг үзэх гэсэн юм” гэсний ачаар оруулж нөхөн уншуулав.

Тэднийг аль аль намын хүмүүс болохоо хэлээч гэхэд зөвшөөрөөгүй ч МАХН-ын гишүүд намынхаа нэр дэвшигчдийг ямар ч алдахгүй таньж бүгдэд нь адилхан 180 орчим өгч сонголоо. Тэднийг үнэхээр сайн бэлтгэжээ. Дараа нь хорооны даргад МАХН-аас өмнөх дарга Жавзмааг дахин дэвшүүлж бас л 180 орчим саналаар сонголоо.

Зугаатай юм гэвэл АН-ынханд голдуу 10 гаруй санал, харин надад 46 санал өгчээ. Төгсгөлд нь би нэхсээр микрофон авч тэдэнд талархаад “Энэ хурал хорооны иргэдийн нийтийн хурал нэртэй МАХН-ын үүрийн өргөтгөсөн хурал юм байна. Та нар ичихгүй байна уу, МАХН-ын гишүүдээ?” гэж хэлэхэд босч давшлах хүмүүс нэг ч гараагүй.

Дараа нь би УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, одоо манай хорооны ИНХ-ын тэргүүлэгчдэд бас 180 санал авч сонгогдсон С.Нямзагдыг хараад очиж дээрх асуултыг тавихад “харин ээ…. тийм ээ … яахав ээ…” гэж бөнжигнөөд “Цэрэнжав аа, холбоотой байгаарай” хэмээн нялуурснаа урьд нь захирал байсан ХҮДС-ийн архан талд босгосон хувийн “Этүгэн” дээд сургууль руугаа яарлаа.

Би ганц муу хурлыг яагаад ингэж дэлгэрэнгүй бичив ээ гэвэл иргэн хүн СӨХ-өө, хороогоо засч чадахгүй байж, ерэн хувь нь Улаанбаатарт шигдсэн манай хэвлэл мэдээлэл нүднийхээ өмнөх булхайг олж харахгүй байж өөр том том юм яриад яахав гэж бодсоных. Ноднин сонгуулийн  будлиан хороо хориноос эхэлдэг гэж нотлоод байсан яав?

Саяхан “Ийгл” телевиз ганц удаа “Иргэдийн хурлын талаар гомдлууд ирсээр байна” гэж цухалзуулсныг бодоход иргэд “Ийгл”-д найдаж утасдагч ч тоодоггүй бололтой. Бас C1 телевиз ганц нэг хорооны Засаг даргад үзэлцээд ялагдсан АН-ынхны гомдлоор товчхон сурвалжлахыг үзсэн. Олон нийтийн телевиз? Тэр бол төр засгийн телевиз хэвээрээ байгаа.

Манай хорооных шиг луйвар зөвхөн Улаанбаатарт 132 (нэг зуун гучин хоёр) удаа болсон буюу болж байна шүү!

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | 9 Comments »

“Боловсрол суваг” чаттай шдээ …

Posted by Бид on 2009/03/26

3-р сарын эхээр нийслэлийн цагдаагийн газраас телевизүүдийн удирдлагуудад хандаж TV чатаа зогсоогооч гэсэн хүсэлт тавьжээ. Дэлгэцээр шөнөжин урсаж, заримдаа гэмт үйлдэлд уруу татаж байгаа энэ юмаа сайн дураараа болиочээ гэсэн анхааруулга. Харин телевизүүд хүүхэд, залуучуудын гар утаснаас урсаж ирдэг орлогоосоо салахыг огт хүсэхгүй байна.Саяхны нэг үдэш дараах сувгуудаар ТВ чат явахыг үзээд тэмдэглэж авлаа.

City Channel
Боловсрол
Аист
UBS-ын 2-р суваг
TV5-ын 2-р суваг
MGTV
STV
STV music
TM
TV8
TV9-ын 2-р суваг

Сүүлчийнх бүр зугаатай. TV9 телевиз цагдаагийн бичгийг авангуутаа чат гэгч муухай юмыг юу ч үлдээлгүй бутниргэж “манайх чат явуулдаггүй” гэж сайрхах зуураа “Боловсрол суваг” чаттай шдээ гэж ховлож амжсан билээ. Гэтэл өөрөө гэмгүй царайлчихаад хоёрдугаар сувгаараа “нүгэл” үйлдсээр байгаа нь “ариун явдал уу?”

Миний хувьд, ТV чатыг бүрэн хаадаггүй юм аа зарим нэг хязгаарлалт тавих хэрэгтэй гэж боддог. Телевизийн удирдлагууд өөрсдөө ухамсраараа зохицуулбал дээрсэн. Орлогоо ч нэг их алдахгүй байж болно. Чухам ингэхийн тулд телевизүүдийн холбоо байдаг биз. Харамсалтай нь тэд огт сонсоогүй мэт “сайхан girl, дажгүй boy” нарыг холбож өгсөөр байна.

Удалгүй цагдаагийнхан тэсэхээ болиод хатуурхаж эхэлбэл цөмөөрөө “хэвлэлийн эрх чөлөөнд аюул учирлаа” гээд чарлаж гарна даа.

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 24 Comments »

“2009 он”-ы цаана хэн нуугдав?

Posted by Бид on 2009/03/25

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Сэлэнгэ аймгийн Мандал, Баянговь сумын хөгжил цэцэглэлтийг ихэд магтан дуулах боллоо. Өөр хаана ч байхгүй барилга, байшин, эмнэлэг, оношлогооны аппарат, сум орныг хөгжүүлэх сан тэнд байдаг аж. Энэ бүхнээ бахдан ярих хоёр сумын Засаг дарга нар удалгүй од болохнээ…Бороогийн орд газрын 40 тонн алтыг тавхан жилийн дотор ховх сорсон мөртлөө Монголд олигтой татвар төлөөгүй гэж “Бороо гоулд” компани гадаадынхантай ямар гэрээ байгуулж болохгүйн жишээгээр тодрон амны уншлага болж байгаа ч дараачийн ордыг авч ухахын тулд монголчуудыг найрах пиарыг хүчтэй хийж байгаа нь тэр. “Бороо гоулд” компаниас өгсөн хандив тусламжийг бараг л тоосго тоосгоор нь тоочин сурталчилсаар.

Гэхдээ өдөр тутмын сонинууд “Бороо гоулд”-ийн нэрийг бахархалтайгаар бичиж байгаа бол телевизүүд нуусхийдэг. Тэд “Бороо гоулд”-аас мөнгө авч пиардаж байгаа нь илэрчих гээд хэцүү байгаа бололтой. Ялангуяа МҮОНТ нуух гэж ядах юм.

3-р сарын 25-ны орой МҮОНТ-ээр “Хөгжлийн тулах цэг”-ээр “Уурхайчны нэг өдөр” нэвтрүүлэг гарлаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас бэлтгэжээ. “Энэ удаад янз бүрээр хэлэгддэг Бороо гоулдын уурхайн тухай биш, уурхайчин Батболдын тухай өгүүлье” гэж тун зальжин эхэлсэн ч тэр чигээрээ “нам, засагтаа баярлалаа” гэдэг шиг “Бороо гоулд”-д баярлалаа” гэсэн яриагаар дүүрсэн байв. Эцэст нь “… Уул уурхай гэдэг бол хэдхэн хүний асуудал биш … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийнг алтны уурхайг ашиглаж эхэлснээс хойш …. орон нутгийн иргэдийн хэрхэн сайнаар нөлөөлснийг дурдахгүй байхын аргагүй” гэж дүгнэлээ. Гэхдээ ийм зөв зүйтэй дүгнэлт хийсэн уран бүтээлчид нэрээ бахархалтайгаар тавихын оронд “2009 он” гэсэн тооны ард нуугдаж нэвтрүүлгээ төгсгөжээ.

“Бороо гуолд” компани Мандал, Баянговь хоёр сумыг нэлээд өөд татсан нь үнэн, гэхдээ бүх үнэний зөвхөн нэг хэсэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж, араас нь Тавантолгойн болон бусад гэрээнүүд оочирлож байгаа энэ үед МҮОНТ уул уурхайн асуудлаар янз бүрийн үзэл бодлыг уралдуулж хэлэлцүүлэн нийгэмд ойлголцол бий болгохыг хичээхийн оронд зөвхөн компаниудыг магтаж суух юм.

Энэхүү “Хөгжлийн тулах цэг” бол Даваа гариг болгон гардаг захиалгат нэвтрүүлэг. Өмнөх нэг дугаараар Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглахыг түргэтгэхийг ухуулахдаа “Бид Хятадын эрчим хүчний сүлжээнд холбогдочихвол салгана гэсэн ойлголт байхгүй. Хятадуудаар хөрөнгө оруулаад тэднээс бариулчихвал хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд биднээс эрчим хүч авсаар байх болно” гэсэн марзан юм ярьж сонсогдсон. Ийм гүн гүнзгий санааг илэрхийлсэн уран бүтээлчдийн нэр мэдээж “2009 он”

Ноднин 10-р сараас хойш “Эрс шинэчлэл” ба “Миний монголын газар шороо” хөдөлгөөнүүд уул уурхайн асуудлаар нэвтрүүлэг хийж оролцох хүсэлтээ МҮОНТ-ын удирдлагад тавиад чадахгүй байна гэж гомдол мэдүүлж байсан. Тэд хэн нэгэнд таалагдахгүй юм их ярьдаг байх, гэхдээ бүх үнэний бас өөр хэсгийг илэрхийлж байгаа бус уу?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 5 Comments »

Ерөнхийлөгчид зориулсан сайн мэдээ

Posted by Бид on 2009/03/24

Сүүлийн үед сайн мэдээ (Библийнх биш шүү!) моодонд орлоо. Эхлээд “Зууны мэдээ” сонин санаачлага гаргасныг TV9 телевиз дэмжиж “Сайн мэдээны аян” зохион байгуулах болсноо зарлав. Үүнийг харсан UBS гэнэт хөөрч “Гэгээлэг мэдээ”-ний аян гэж нэрлээд нэгдэн оржээ. МҮОНТ хүртэл хөдөөнөөс ирсэн “гэгээлэг мэдээ” гэхчлэн ярьж эхэллээ.Юу болов оо? Юу ч болоогүй. Зүгээр л нэг эзний “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз хоёр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит PR-ийг эхлүүлж байгаа хэрэг. Тэгэхлээр Монгол Улсын ерөнхийлөгчөөр Намбар овогтой Энхбаяр гэдэг хүн нэр дэвшиж сонгогдоход тус болох, эсвэл саад болохгүй мэдээг сайн мэдээ гэнэ. Уг нь TV9 сүүлийн жилүүдэд ихэд шударга аашилж мэдээллийн хөтөлбөрөө муу мэдээгээр пиг дүүргэж байсан бол тэр бүхний хариуцлагыг хүлээх ёстой хүн, бас хариуцлагыг хүлээх ёстой МАХН-аас нэр дэвших болмогц засрахаар шийджээ. 

Тэрнээс биш Монголд сайн мэдээ цөөрч, муу мэдээ ихэдсэн гэж үү? Үгүй.

Манай сонинуудын хуудасны талбай, телевизийн нэвтрүүлгийн (МҮОНТ-ийнхээс бусад) цагийн тэн хагасаас илүү нь реклам, сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг байдаг. (Судалгааны байгууллагууд элдэв “Бизнес мэдээ”, төлбөртэй, захиалгат, нэр хаяггүй нэвтрүүлгүүдийг хасаад бага тоо гаргадаг) Хэрвээ нэвтрүүлгийн оргил цагийг аваад үзвэл 60-70 хувиас буухгүй.

Реклам сурталчилгаа бол тэр чигээрээ сайн мэдээ. Товчхондоо, дэлхийн шилдэг брэндийг зөвхөн танд зориулж авчраад үйлдвэрийнх нь үнээр өгнө, дэлгүүрээс гарахад тань бэлэг өгнө, бас сугалаанд оролцуулж машин хожуулаад суулгаад явуулна, та дэндүү азтай юмаа гэдэг. Баярлаж хөөрөхөөс өөр яахав.

Үлдсэн цагийн ихэнх нь дуу хөгжим, караоке, шоу, наргиан, сумо. Бас энэ солонгос киноны 28,29, тэр солонгос киноны 129,130 дахь анги… Муухай мэдээ агуулж болзошгүй мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төрийн хөтөлбөр ярилцлага тэр чигээрээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд дарга нарыг дагасан хурал цуглаан, айлчлал, илтгэл, яриа тайлбар… Тэд бидний төлөө чөмгөө дундартал зүтгэх шиг сайн мэдээ байх уу?  

Ингээд бодохлоор “муу” мэдээ 5-10 хувиас хэтрэхгүй. Энэ янзаараа бол удалгүй “Муу мэдээний аян” зарлахад хүрч мэднэ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 1 Comment »

Ерөнхий захирлын Гавъяат цолыг Ерөнхий зөвлөх нь авчихжээ

Posted by Бид on 2009/03/18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага ноднин намрын их хурлаасаа хойш сэтгүүлчдийнхээ төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөсний дүнд анхны томоохон амжилтанд хүрч чадлаа. Сэтгүүлчдийн ёс зүй, нийгмийн асуудлыг шийдэж эхлээгүй ч цагаан сараар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд бөгөөд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Т.Баасансүрэн, харин цэргийн баяраар жинхэнэ Ерөнхийлөгч бөгөөд TV5-ын . . . . . . . .  . (албан тушаалыг дор үзнэ үү) Д.Сарангэрэл дараалж,  хоёулаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Тэднийг МСНЭ буюу өөрсдөө гавъяатад тодорхойлсон гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ үеэр нэг сонин юм анзаарснаа хуваалцъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигад байгуулсан гавъяаг нь ширхэгчлэн тоочоод “ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол … олгосугай” гэжээ. Анзаарав уу? “ерөнхий захиралд” гэсэн байна. Хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад бас л “ерөнхий захиралд” гэж мэдээлсэн.

Харин зөвхөн TV5 телевиз тэс өөрөөр гүрийлээ.
Тэр оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөр шинэ гавьяат маань Гагаринтай хамт сансарт нисээд ирсэн мэт телевиз дээрээ буухыг сурвалжлан үзүүллээ
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ…..
Сурвалжлагч: Энэ өдөр манай телевизийн хувьд баяртай өдөр болж байна. TV5 телевизийн Ерөнхий зөвлөх МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтнийн цол тэмдгийг энгэртээ зүүж байна…
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд … гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ… TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд …
Сэтгүүлч: Эмэгтэй сэтгүүлчдын дундаас TV5 телевизийн ерөнхий зөвлөх … МСНЭ-ийн ерөнхийлөгч…

Нэг ч удаа “Ерөнхий захирал” гэсэнгүй

Маргаашийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр өчигдрийн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл гавьяат авахаас өөр аргагүй гэж монголчууд тэр чигээрээ шуугиж байгааг хаанаас юм чагнаснаа сонордуулав. Төгсгөлд нь МСНЭ-ийн сүлд дуу цуурайтав аа…

Гэтэл хачин юм болов. TV5 телевизийн ерөнхий захирал Ц.Базаррагчаа гэдэг нөхөр баяр хүргэж цэцэг гардуулж харагдах нь тэр.

Энэ юу гэсэн үг вэ? Эсвэл Монгол улсын Ерөнхийлөгч Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг TV5 телевизийн ерөнхий захиралд олгохоор зарлигдсаар байтал ерөнхий зөвлөх нь нэрээ шургуулаад авчихсан, эсвэл тэрбээр өөрийгөө TV5-ын эзэн биш, захирал ч биш, ердөө зөвлөх, жирийн сэтгүүлчдийн нэгэн адил хөлслөгдөж яваа нэгэн хэмээн худлаа танилцуулаад, нэг ёсондоо залилан хийж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон болж таарлаа. Харин тэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн протокол илчлээд хаячихав. Төр заримдаа төмбөгөр байдаг аж.

Нэгэнт албан ёсоор илчлэгдсэн юм чинь Сарангэрэл энэ өдрөөс хойш ариун мөрийн замд орж шударгаар явах болов уу гэтэл үргэлжлүүлэн мэхэлсээр байх санаатай. Магадгүй түүнд, гавьяат жүжигчин цол олговол дээр байж уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, TV5 телевиз | 24 Comments »

Монголын хамгийн муухай хашаа

Posted by Бид on 2009/03/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 97 тоот захирамж гаргаж нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байгаа эмх замбараагүй хашаануудыг цэгцлэхийн тулд өөрийн орлогч Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж “Хашаа” нэртэй гурван сарын арга хэмжээг зохион байгуулах болсноо зарлав.  Хэвлэл мэдээллүүд үүнийг ихэд сонирхон мэдээлж, тухайлбал, “Өнөөдөр” сонин мэдээгээ “Өнгө үзэмжгүй хашаа баривал газар эзэмших захирамжийг хүчингүй болгоно” хэмээн гарчиглажээ. Энэ хаваржин бужигнуулж ширүүн юм болохнээ. Гэхдээ гэр хорооллын ядарсан хашаануудыг биш, харин хотын төв хэсэгт дөрвөлжилж орхисон элдэв хашаануудыг эхлээд буулгана гэж найдаад Улаанбаатарын, магадгүй Монголын хамгийн муухай хашааг хэлж өгье.

img_2213 Үүнээс навсгар хашаа Монголын 20 аймаг, 300 гаруй суманд      зөндөө бий байх, гагцхүү энэ хашаа нийлэлийн яг төвд, Төрийн ордны чанх зүүн талд байдаг учраас дийлж байгаа юм. Тэгээд лав 4 жилийн турш навсайж ирсэн  учраас “Хашаа” аяны болзлын дагуу өчиггүй буулгах ёстой.  Зэргэлдээх ХАС банк том самбараар яаж ч далдлаад нэмэр алга.

Цаанаас нь улсын хэвлэлийн комбинат агсан цухайдаг. 100 шахам жилийн өмнө Дамдины Сүхбаатар гэдэг залуу энд үсэг өрж зогссоноос хойш бүтэн зууны туршид монголын бичгийн соёлыг үйлдвэрлэж өгсөн газар. Би энэ барилгыг хэвээр үлдээж засаж тордоод XX зууны түүхийн дурсгал болгоосой гэж одоо ч хүсдэг. Гэтэл М.Энхболд дарга “Улаанбаатар таймс” хэмээх жижигхээн сониныхоо нэрээр сожиж үлдээгээд 2005 онд дээврээс буулгаж эхэлснээ гэнэтхэн орхисон …Юу болсныг хэн ч мэдэхгүй.

img_2214 Одоо Төрийн ордны баруун хаалгаар өглөө дотогшоо, орой   гадагшаа морилдог Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  хоёр тас хар машиныхаа цонхоор энэхүү “үзэл сурталгүй” хашааг заавал хардаг гэж нийслэлийн удирдлага мэдэхийн дээдээр мэдэж таарна. Гэхдээ байлгаад байгааг бодоход Ерөнхийлөгчтэй холбоотой гэдэг яриа үнэн бололтой. Тэгвэл Ерөнхий сайд яагаад таг дуугүй? Эвгүй байдаг биз…

Уг нь манай сонин, телевизүүд хамрын дор байгаа энэ барилгыг аль эрт илчилж шуугиан дэгдээгээд Ерөнхийлөгчөөр нэг юм бодуулж ядахдаа гоё хашаа бариулах байсан юм. Даанч тэгээгүй учраас аргаа барсан нийслэлийн удирдлага Ерөнхийлөгчийн барилгад холоос халдахаар шийдэж “Хашаа” аяныг сэдсэн байж болох. Бүтэн тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн.

Монголын №1 энэхүү хашааг гоёж гоодлоо ч монголын хамгийн муухай балгас цаана нь үлдэнэ. Баасан авгайн Ахмадын холбооны байрнаас юугаараа дээр гэж? Иймээс дараачийн аян “Балгас” байтугай.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 7 Comments »

Үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?

Posted by Бид on 2009/03/11

Өнөөдрөөс төвийн нутгаар шуурч байна. Нийслэлийн энүүхэнд хэдэн зуун машин цасанд боогдож, зарим аймагт малдаа явсан хүүхдүүд төөрч сураггүй болсныг онцгой байдлынхан хайж байгаа тухай мэдээ ирсээр… Гэхдээ хэд хоногоос тэнгэр цэлмэж энэ бүхэн мартагдана.

Цагаан сарын өмнөхөн зүүн болон төвийн нутгаар гэнэт хүйтрэн их цасан шуурга тавьж хэдэн хүний амийг авч одсоныг бол таг мартсан.

Вильям Шекспирийн “Ромео, Жульетте хоёр” гэж жүжиг, түүгээр бүтээсэн киног үзээгүй хүн үгүй биз. Дундаж зууны Италид бие биедээ дайсагнасан хоёр гэр бүлийн залуу, бүсгүй хоёрын хайр сэтгэлийн түүх. Олон үйл явдлын дараа  Жульетте гэрээсээ зугатахын тулд түр зуурын хор ууж ухаангүй хэвтэж байхыг холоос ирсэн Ромео хараад үхсэн байна гэж ойлгон гашуудсаар жинхэнэ хор ууж үхэтхийн унана. Удалгүй Жульетте сэрж Ромео үхсэнийг хараад хутга авч амиа егүүтгэнэ… “Үүнээс эмгэнэлтэй түүх энэ хорвоод үгүй” хэмээн уг зохиол төгсдөг санагдана.

2-р сарын 17-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд ганц гэрээр өвөлжиж байсан малчин айлын нөхөр нь хот орсон, харин гэртээ 34 настай эхнэр гурван хүүхдийн хамт үлдсэн байж. Цасан шуурга эхэлж хоттой хонь уруудахад 17 настай хүү тогтоохоор гарчээ. Түүнийг ирэхгүй удсанд сэтгэл  түгшсэн эх хэдий нялх биетэй ч тэссэнгүй. Дөнгөж ганцхан сартай нялх үрээ өлгийдөж дээрээс нь сайтар хучиж орхиод таван настай хүүхдээ авч нохойгоо дагуулан хойноос нь явжээ. Энэ хооронд том хүү малаа олоогүй ч айл таарч эсэн мэнд хоносныг хөөрхий эх мэдэлгүй явсаар шуурганд төөрч гэрээсээ 10 гаруй км-ын цаана хүүхдээ тас тэвэрсээр хоёулаа осгож амиа алджээ.   

Одоо үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?

Маргааш хотоос ирсэн нөхөр нь гэртээ оронгуутаа учрыг мэдэж хүмүүст хэл дуулгахад эрлийн баг гарч хайсаар хоёр өдрийн дараа цасан дороос олсон ч …

Харин бид үхэр жилийн шинж, сайн малчны малын тоо, хямрал, долларын ханшын зөрүүний таван төгрөг, Оюутолгойн гэрээ  мэтийн жижиг сажиг юм ярьсаар дараачийн шуургатай золголоо.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 12 Comments »

“3өв” газар төрж, “зөв” нам дагахын ач холбогдол

Posted by Бид on 2009/03/11

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэлд шууд болон шууд бусаар хамаатай гурван албан тушаалд тус тусын хүмүүсийг тавьцгаалаа.

Хэдэн сарын турш сүр бадруулан явуулсан УИХ-ын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны даргын сонгон шалгаруулалтаар Нэргүй гэдэг хүн шилэгдсэнийг албан ёсоор зарласан мөртлөө “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаярыг томилжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй нэг нутагт төрсөн учраас түүнийг таална хэмээн эртнээс тааварлаж байсан үнэн болж таарлаа.

“Зөв” аймаг сумаа олоод төрчихөж чадаагүй юм бол “зөв” намыг дагах байсан юм гэдгийг дараачийн суудал харуулав. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар МоСХ-ны гүйцэтгэх захирал, бас МАХН-ын элдэв юмны гишүүн Л.Нинжжамцыг тохоон томилжээ. Түүний бусад ид шидийг нь харж байж хэлье.

Харин Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Оюундарь очлоо. Арав шахам жил Америкт амьдарч юм үзэж нүд тайлсан сайн сэтгүүлчийг томилсон нь болж дээ. Харин энэ албан тушаал тэртээ тэргүй АН-ын хуваарьтай тул түүнд О. гэдэг хүнийг томилохоор тодорхой хүрээнд нэлээд эрт шийдсэн ч баараггүй хийхийн тулд сонгон шалгаруулалтыг битүүний урд өдөр зарлуулж хугацааны ихэнхийг Цагаан сарын ууц, буузанд уягдсан олон өдрүүдэд тааруулж бараад үндсэндээ ганцхан долоо хоног үлдээсэн байх юм. Үүний ачаар “ардчиллын биш” нөхдүүд нэрээ дэвшүүлж амжаагүй бөгөөд хоёулаа АН-ын үзэл суртлын шалгарсан дайчид болох Ц.Мөнхтөр (“Монголын мэдээ” агентлагын ерөнхий редактор), Ц.Оюундарь хоёр “шударгаар” өрсөлджээ. Шалгаруулалтыг 3-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болзолдоо зарласан хэрнээ хэт хичээж 10-ны өдөр урьдчилан амжуулсан нь сонин.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл “үүргээ” сайн биелүүлж баталгаатай хийж чадсан байна, гэхдээ арай хэтрүүлчихэж…

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 5 Comments »

Бид нэг хүнийг шоронд мартсан юм шиг байна …

Posted by Бид on 2009/03/10

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дөрвөн сарын ял аваад шоронд сууж байгаа. 2-р сарын 18-нд Ганцхудагт болсон шүүх хурал дээр түүний эсрэг 5 үндэслэлээр ял тулгасны 4 нь нурж, харин тав дахь буюу жилийн өмнө Х.Бат-Ялалтын хийлгэсэн хэвлэлийн хурлаас “Өдрийн сонины” сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр мэдээ бичихдээ хоёр дүүргийн нэрийг сольж бичсэнийг нотлох баримтад авч 4 сарын хорих ял оноосон юм. Тэр үед Бат-Ялалт сэтгүүлч охидыг буруу зөрүү бичихвий хэмээн сэргийлж хэвлэлийн мэдээ бэлтгэж тараасан ч Цэцэгдэлгэр алдаа гаргачихжээ. Тэгсэн мөртлөө Бат-Ялалт тэгэж ярьсныг л би бичсэн гэж зүтгээд ядахдаа ноорог, тэмдэглэлийн дэвтэр гээд юу ч үзүүлээгүй ажээ.

Х.Бат-Ялалт “би зөв ярьсан, харин сэтгүүлч алдаа гаргасан бол түүнтэй хариуцлага тооц” гээд Цэцэгдэлгэртэй барьцаж болох байсан ч тэгээгүй бөгөөд эр хүн шиг байж цаашаа ачигдсан гэж ойлголоо. Түүний өмгөөлөгч Самбуугийн Сүрэнжав ч гэсэн сэтгүүлчийг буруутгаад яахав дээ гээд ярьж суусан.

Харин Б.Цэцэгдэлгэр дээрх шүүх хуралд гэрч болж мэдүүлэг өгсөндөө туйлаас гомдсон сурвалжлага бичиж “Сурвалжлагч хэвлэлийн бага хурлын мэдээ бичсэнийхээ төлөө гэрч болов” хэмээн гарчиглажээ. Уг нь мэдээ бичсэний төлөө биш, харин буруу бичсэнийхээ төлөө гэрчээр дуудагдсан баймаар. (Бусад сонин хэвлэлийн сурвалжлагчид зөв бичсэн учраас гэрч болоогүй). Цэцэгдэлгэр сурвалжлагаа “Ийнхүү сэтгүүлч хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх шүүх хуралд гэрч болж мэдүүлэг өглөө. Бусад оронд үүнийг хуулиар хориглож, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг нь хангасан юм байдаг юм билээ” хэмээн дэвэн дэлхийтэй барьцаж төгсгөсөн байна.

“Өдрийн сонины” сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр бас л алдаа хийчихжээ. Сэтгүүл зүйн ном сурах бичиг, гарын авлагад зөв бичээд байхад л ингэж буруу ойлгоод байх юм даа.

Түүнийг сурвалжлагаа хэвлэлд шилжүүлэх мөчид шүүхийн шийдвэр хараахан гараагүй байсан ч тэр оройдоо Бат-Ялалт 4 сарын ял авсныг Цэцэгдэлгэр маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр гээд лав 3-р сар гартал сониндоо мэдээлээгүй юм. Дахиад буруу бичээд ялыг нэмүүлэхээс айсан гэж найдья. Харин Бат-Ялалтыг суллагдаад гарч ирэхээр очиж уулзаад уучлал гуйгаасай даа. Гэхдээ битгий бичээрэй. Бас алдчихвал буцаагаад суулгачихаж мэднэ…

Posted in "Өдрийн сонин", + СОНИНУУД | 6 Comments »

“Сэрүүлэг”-т ажилладаг тэнгэрийн бүсгүй сэтгүүлчид ..

Posted by Бид on 2009/03/07

Дуучин Дэлгэрмөрөн ба “Сэрүүлэг” сонины хооронд бараг л үхэх сэхэхээ үзэх тулаан шүүхийн танхимд болохоор зарлагдсан боловч шал пал хийгээд замхрав аа.

2-р сарын эхээр “Дуучин Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл “Сэрүүлэг”-т гарсан билээ. Монголын бүх бүсгүйчүүдийг тэнгэрт тултал өргөмжилж чаддаг ( “Хайрт минь, хань минь” дууг нь сонсоод ийм сайхан хоолой тэнгэрээс л заяадаг байх гэж бодсон шүү) мөртлөө нэгийг нь сугалж аваад балбаж суудгийг мэдсэн уншигчид түүнийг харааж ерөөж эхэлмэгц дуучин маань хэвлэлийн хурал зарлаж эхнэрээ дагуулсаар орж ирээд няцаалт хийлээ. “Хэвтэрт ортлоо зодуулсан” эхнэр нь зүв зүгээр явааг бүгд харав. Нийтлэл гарсны дараа, бичсэн сэтгүүлчийг олж уулзахаар сонины редакци дээр очиход цаадуул нь бөмбөг хөөлгөөд явуулсныг хэлээд Дэлгэрмөрөн “Би энэ сонинтой нэгийгээ үзнэ. Та нар битгий захиалаарай. Ийм ёс зүйгүй сонинг байхгүй болгоно” гэж амаллаа. Энэ бол хувь ширхэг нь тасралтгүй буурч (өнөөдөр яг хэдэн хувь хэвлэгдэж гардгаа тас нуудаг) байгаа сонины хувьд тун ноцтой заналхийлэл!

Маргааш нь ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын даргаас чиглэл авсан бололтой “Сэрүүлэг” сонины ерөнхий эрхлэгч, редактор , хариуцлагатай нарийн бичгийн дарга гэсэн Өлзийдэлгэр, Жаргалсайхан, Хишигсүрэн нарын дөрвөн бүсгүй сөрөг хэвлэлийн хурал хийж дуучинг өөрийг нь шүүхэд өгөх болсноо мэдэгджээ. Авгайгаа 100 хувийн баталгаатай зодсон, шинэ он гарсны дараахан болсон явдал, харин ч бид хүндлээд өдөр судар зэрэг тодорхой мэдээллийг нь хасаад бичсэн, бүх баримтыг зөвхөн шүүх дээр дэлгэж Дэлгэрмөрөнг нам болгоно гэлээ. Тэгснээ “чөлөөт хэвлэлийн магнат”-ын өнгөрсөн арван хэдэн жилийн гавъяаг тоочоод  ийм агуу сониныг хаана гэж хэлсэн нь мянга түмэн уншигчдыг төдийгүй монголын чөлөөт хэвлэлийг, ерөөсөө хэвлэлийн эрх чөлөөг доромжилсон хэрэг хэмээн загнасаар дуусгав.

Ингээд шүүхийн танхимаас мэдээ, сурвалжлага хүлээх л үлдэв. Гэтэл дуучин Дэлгэрмөрөн “Тэнгэрийн бүсгүй” тоглолтоо эмэгтэйчүүдийн баяраар хийх болсноо зарлаж сэтгүүлчдийг цуглуулахад тоглолтыг биш (тэртээ тэргүй сайхан болно, суудал пиг дүүрнэ) нөгөө хэргийг тэсч ядан асуухад, “Би хуулийн байгууллагад хандсан. Харин “Сэрүүлэг” сониныхон буруугаа хүлээж маргаашийн дугаартаа хүлцэл өчихөө амласан. Одоо энэ асуудал дууссан” гэжээ.

Үнэхээр маргаашийн “Сэрүүлэг”уучлал гуйлаа. Гарчиг нь: “”Дуучин Дэлгэрмөрөнгийн нэр хүндэд халдан “Тэнгэрийн бүсгүй” тоглолтыг нь болиулахыг санаархав”. Агуулга нь бүр агуу: “Дуучин Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ” нэртэй нийтлэл нь сурвалжлагчийн буруугаас үүдсэн ташаа мэдээлэл байсан тул дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр, хүүхэд, аав ээжээс нь хүлцэл өчиж байна. Энэхүү нийтлэл нь дуучин Т.Дэлгэрмөрөнгийн олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийх “Тэнгэрийн бүсгүй” тоглолтыг нь болиулах, санаатайгаар нэр хүндийг нь унагаах гэсэн оролдлого байсан нь тогтоогдсон болно. Иймээс дуучин Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй” тоглолтонд амжилт хүсч, цаашдынх нь амьдрал, уран бүтээлийн зам нь дардан байхыг хүсье” гэжээ.

Сайхан зальдаж байна аа. Дуучин Дэлгэрмөрөн эхнэрээ зодоогүй, гэхдээ “Сэрүүлэг” сонин бас буруугүй, харин нэр нь үл мэдэгдэх этгээдийн хорон санаат явуулга байж таарлаа. Хэрвээ дуучин Дэлгэрмөрөн шиг унаж босохоор өндөр нэр хүндтэй биш, шүүхэд хандаж чадахгүй жирийн нэгнээр энэ сонин яаж зугаацдаг бол?

“Сэрүүлэг”-т ажилладаг сэтгүүлч бүсгүйчүүд хааяа тэнгэрийн гэж хэлмээргүй аашлах юм даа…

Posted in + СОНИНУУД | 7 Comments »

Завханд болсон хонолт

Posted by Бид on 2009/03/02

“25-р суваг” телевизийн хөтлөгч Тэнгис цагаан сарын өмнөхөн хөдөө ухасхийж 1000 гаруй км-ын цаана нэг хоноод иржээ. Изнис-ийн цагаан онгоц хөлөглөн Завхан аймгийн төв – Улиастайд бууж тэндээсээ нэгэн жип олж суун явсаар цасан цагаан хөндийд хонь хариулах малчин залуутай уулзаж түүнийг ёс болгон гуйж гэрт нь хонохоор очлоо. Гаднаа хашаа хороо нь цэмцийсэн, гэртээ халуу дүүгисэн (дэлгэцэн дээрээс л тэгэж санагдсан шүү), бас телевизортэй, унинаасаа гар утас дүүжилсэн, орчин үеийн сайхан айл угтав. Ажилсаг эзэгтэй, хоёр хөөрхөн хүүхэд (гуравдах нь сурагч, сумын төвд дотуур байранд суудаг, тэр нь утсаар залгаж ярив) угтаж сайхан зочилж хонууллаа. Гэрийн эзэн ч сайн малчин, гадагш гарч туйлдсан нэг тугалыг тордсоор байгаад хөл дээр нь босгож чадав.

Гэвч…

Хотоос ирсэн хөтлөгч маань тэднийд хайрцагтай бэлэг гардуулахад дээд талд нь Gem Интернэйшнл-ийн гонзгой “бүтээгдэхүүн” зурвас харагдаад өнгөрөв. Удалгүй араас нь жип, бас чиргүүлтэй 69 хоёр дурандуулан байж тэдний гадаа ирж зогсоход дотроос нь сумын Засаг дарга, бас хэн гээч… Gem International-ийн цээж задгай ажилтан бууж малчдад өвс тарааж буян хийж яваагаа хэлэв. Ингээд 20 боодол өвстэй тэр айлд 10-аад боодол өвс авчирснаа буулгаж эхлэв.

Эргэлзээ төрөөд явчихав. Тэнгис яагаад Монголын 21 аймгаас чухам Завханыг сонгож гэнэт зүглэсэн, онгоцноос буугаад ямар бэлэн жип олоод замд гарсан, замдаа яагаад жолоочийг биш дугуй эргэхийг л харуулсан, тэр айлд хоноход машин, жолооч хоёр хаачсан, ерөөсөө Gem-ийнхэн энэ өвөл ганц удаа хөдөө гарч өвс тараахад Тэнгэс бас тэнд явж таарсан, өглөө босоход хаанахын ямар жип ирж авсан гээд бодоод байхнээ бас нэг захиалгат “Танайд хоноё” байсан бололтой. Энэ удаад хонуулсан айл өөрөө ч захиалаагүй …

Сумын Засаг дарга сайн айлыг сонгож сайн бэлдүүлсэн байна. Зөв өө. Хөдөөний айл гэхлээр заавал ундуй сундуй, даарч хөхөрсөн байх албагүй. Гэхдээ цайлган цагааныг нь далимдуулан Gem Интернэйшнл-ийн рекламанд тоглуулж, телевиз үзэгчдийг хуурах тоглоомондоо оролцуулах дэмий санагдав. Тэрний оронд “бүтээгдэхүүн” дагаж ирснээ хэлээд, бас ганц “бүтээгдэхүүн” задлаад (тэр орой нутгийн хоёр залуу энэ айлд хонохоор буусан, тэд хаачив?) шөнөжин юм ярьж суухгүй дээ. Хотдоо эргэж ирээд нөхөж унтана биз.

Энэ нэвтрүүлгийн дундуур өөр реклам ороогүй нь учиртай байж…

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 7 Comments »

Сар шинийн зурагт

Posted by Бид on 2009/03/01

Монголчууд сар шинийг ууц тавих нь буруу зөв, хятад бэлэг чанаргүй тухай яриа багатайгаар сайхан угтлаа. Айл болгон чадал чинээгээрээ тансаглаж налайсан дөрвөн өдөр наргиж цэнгэв. Ингээд гэртээ ч, айлд ч  бууз идэж архиа уунгаа өглөөнөөс орой болтол зурагт үзлээ.

Цагаан сараар гарах ёстой тэр нэвтрүүлгүүд бүгд гарав. Битүүний бөхийн шууд нэвтрүүлгээс эхлээд улсын сайн малчны шагналыг гардуулахаар хөдөөгүүр нэг тарсан эрхэм гишүүд, сайд дарга нар монголын бүх сэтгүүлчдийг дагуулж явсан мэт олон сурвалжлага, шинийн нэгний өглөөний төрийн золголтууд (дотроо монгол дээлний fashion show-тай), хурдан  морины Дүнжингаравын хурд уралдаан, бөөн найр, тэгээд концерт, Жавхлан, концерт, Жавхлан, концерт…  Энэ бүхнийг телевизийн хөтлөгч охид хөвгүүд монгол дээл хувцсаа өмсөн зарлаж өглөө. Бусад цагт нь монгол кинонууд!!! Арван хэдэн телевиз өдөр, орой монгол кино үзүүлж өглөө нь давтахлаар монголд бүтээсэн бүх киног үзүүлээд амжих шиг санагдсан шүү.  Ямар ч байсан сар шинийн дэлгэц пиг дүүрэн байлаа.

Юу дутав? Баяр болгоноор хүлээдэг хошин шогууд  чамлагдлаа. Мөнгөө бие биенээсээ нууж хөглөсөн эхнэр, нөхрийн паянг дэлгэсэн Х-ТҮЦ-ийн Аглуу, Одончимэг, Онон нарын зохиомж шинэ, харин бусад нь “хадгалах хугацаа нь дууссан” байлаа.

Жил болгон цагаан сар шинээр тохионо. Гэхдээ жил болгон нөгөө л хэдэн кино, дуугаа үзүүлж сонсгохын зэрэгцээ телевиз болгон нэг нэг цоо шинэ бөгөөд гойд юм хиймээр юм аа.  “Яагаав, харшлалт хэмээх шороон үхэр жилийн шинийн гурванаар анх үзүүлсэн…” гээд хожим хуучилж суухгүй юу..

Posted in + ТЕЛЕВИЗ | 2 Comments »