Өчигдөр орой “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгийн 6 дахь дугаар гарав. Оросын РТР телевизийн “Профессия – репортер” гэдэг эрэн сурвалжлагын тусгай нэвтрүүлгийг дууриаж, нэрийг нь хуулан орчуулжээ. Манайд бол Пүрэвхүүгийн зохиогчийн хөтөлбөр бөгөөд одоогоор газар дээр нь очиж бэлтгэсэн уртхан сурвалжлагын хэмжээнд байна.
Энэ удаад редакциас өгсөн даалгаврын дагуу “Эмээлт” өртөө рүү явж тэндхийн цагдаа нар, ченжүүд, иргэдтэй уулзаж, айлуудаар орж зовлон жаргалыг нь сонсов. Тэндээс УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, C.Оюун, Д.Батбаяр, нийслэлийн хуралд сонгогдсон Т.Билэгт, Л.Эрхэмбаяр нарыг нэрлэж өөрсдийн тойргоо эргэж тойрон нүүр царайгаа харуулахыг уриаллаа. Болж.
Гэхдээ би өмнөх хоёр дугаарын талаар нэг юм хэлэхгүй бол “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн” болно.
2009 оны 2-р сарын 7-ны дугаараар Говьсүмбэр аймагт очиж Шивээ-Овоогийн оросын цэргийн хаягдсан хотхонд амьдардаг иргэдийн амьдралыг харуулав. Өөрийн унаагаар очиж ундуй сундуй барилгуудыг тойрч халаалт доголдож даарч бээрсэн айлуудаар орж энд тэндгүй хөлхөх согтуу хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Яахав, хаа сайгүй байдаг бидний амьдралын дүр зураг. Энэ утгаараа Говьсүмбэрийг муулаа ч үгүй, магтаа ч үгүй.
Гэтэл 2009 оны 2-р сарын 14-ны орой санаандгүй юм болов. Пүрэвхүү өөрийн “гараар” хийсэн өмнөх нэвтрүүлгээ няцаасан “төлбөртэй” нэвтрүүлэг бэлтгэн үзүүлэх нь тэр.
Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Шивээ-Овоо сумын засаг дарга, МСҮТ-ийн захирал нарын хүмүүс өмнөх нэвтрүүлэг буруу зөрүү ойлголт өгснийг сануулаад аймаг, байгууллагынхаа ажил амьдрал, ялангуяа Засаг дарга Баянмөнх гэдэг хүнийг магтан шагшлаа. Хотоос ирж энд амьдрах нь дээр гэж нотолсон үлгэр жишээ залуучууд гарав. Мэргэжлийн сургалт үйлчилгээний төв үнэхээр сайхан юм байна. Даардаг айлууд даарахаа больчихож. Бас цэцэрлэгийн эрхлэгч авгай түрүүчийн нэвтрүүлгээр халамцуу гарч дэл сул юм ярьсан эрийг дэргэдээ нов номхон зогсоочихсон, хөдөлмөрийн дэвтрийг нь дэлгээд шагширч өглөө.
Хөөрхий эр телевизийн дуранг өрөвдөлтэйө ширтэнэ… Муу ч, сайн ч эр хүнийг ингэж гутааж болох уу?
Өмнөх нэвтрүүлгээр сэтгүүлч Пүрэвхүү Шивээ-Овоог бараан талаас нь харуулсан байг. (Бичлэгээ компьютер графикаар засчихаагүй л бол тэгээгүй). Буруу зөрүү юм хэлсэн байг. Гэхдээ энэ нь долоохон хоногийн дотор төрөл арилжиж урьд нь огт шүүмжлээгүй Говьсүмбэр аймгийн төвийн албан байгууллагууд, уурхай, тэр тусмаа Засаг даргыг нь тусгай нэвтрүүлгээр тэнгэрт тултал магтан сурталчлах шалтгаан огтхон ч биш.
Говь-Сүмбэр аймгийн дарга нар хэдэн төгрөг амлахад л 2008 оны Монголын шилдэг сэтгүүлч буугаад өгчээ. Үүнээсээ ичээд өөрөө харагдахгүй нуугдаж тайлбараа өөр хүнээр уншуулсан ч зарим асуултыг өөрөө тавих нь сонсогдсон. Одоо нэгэнт мөнгөө төлсөн (төсвийн мөнгө биз) Говьсүмбэрийн удирдлага сүүлийн үед бусад сонин хэвлэлд гарсан бүх шүүмжлэлийг давхар няцаан амжуулж өгсөн дөө.
Ноднин “25-р суваг” телевизийн удирдлага Алтантүрүү гэдэг чадварлаг залууг буруу залж айлд мөнгөөр очиж унтдаг болгож сургаад балласан бол одоо энэ охиноор Говьсүмбэр аймгийн нэгэн тосгоныг жаахан шүүмжлүүлээд дараа нь мөнгө авч залруулжээ. Юугаараа шантааж биш гэж? Хэрвээ эхний нэвтрүүлэг байгаагүй бол хоёрдахь нэвтрүүлэг хийгдэхгүй, улмаар Говьсүмбэр аймгийн төсвөөс татвар төлөгчдийн хэдэн төгрөг “25-р суваг” телевизийн дансанд шилжихгүй байсан.
Одоо манай хэвлэл мэдээллийнхэн шантаажыг ил тод хийдэг болжээ.