АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for January, 2009

Ил тод байдал: Бид юуг мэдэхийг хүсч байна вэ?

Posted by Ажиглагч on 2009/01/30

Өнөөдөр “Глоб Интернэйшнл” ТББ-аас АВЛИГА БА МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” сэдвээр зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцож тавьсан илтгэлээ нийтлэв.

Социалист нийгэм хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхол, түүнийг илэрхийлж хангах суурь нөхцөл болсон мэдээллийн урсгалыг хаан боогдуулж хаалттай байлгаснаас болж сүйрсэн гэж хэлбэл нэг их хэвтрүүлэг болохгүй биз. Зүүн Европын орнуудад коммунист дэглэмийг “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө” радио станцууд нураасан гэж хэлдэг. Энэ бүхэн нэгэнт түүх болжээ.

Өнөөдөр нийгмийн бүхий л институци, түүний дотор төр, бизнес, улс төрийн нам, төрийн бус байгууллагууд нээлттэй байна гэдэг бол ардчилал, зах зээл оршин тогтнох үндэс болж юм. Ардчилалд ил тод байдал ямар хэрэгтэйг бид сайн мэднэ. Зах зээлийн тухайд бусдаас илүү бараа, үйлчилгээгээр хангасан тал нь амжилт олж, бусад нь түүнийг давж гарахын төлөө чөлөөтэй өрсөлдөж үүний ачаар нийтдээ хөгжиж дэвшдэг тэр механизм саадгүй ажиллахын тулд энэхүү үйл явц дээд зэргээр нээлттэй байх учиртай. Үнэ, ханш, чанараас эхлээд эрэлт хэрэгцээ, нөөц баялаг, цаашилбал зах зээлд оролцогчид, тэдний эзэмшил, сонирхлын зөрчлийн тухай мэдээлэл хэдийнчинээн хаалттай байна, чөлөөт шударга өрсөлдөөнөөс төдийчинээн ухарч байгаа хэрэг юм. Read the rest of this entry »

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 7 Comments »

“Эко констракшн” Ийгл телевизтэй тулж ажиллав

Posted by Ажиглагч on 2009/01/26

Хамгийн сайн хамгаалалт бол сөрөг довтолгоон. Сүүлийн хэдэн жил нийслэлийн хаа сайгүй газар авч орон сууц босгохдоо иргэдийг зогсоо зайгүй хохироож ирсэн “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа захиалагчдаасаа зугтсан хэвээрээ боловч төрд бол элсэж, харин сэтгүүлчидтэй тулж ажиллахаар шийдсэн байна. Үүний тулд яам, тамгынхныг (ЗТБХБЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар гэх мэт) бүр өөртөө элсүүлээд зогсохгүй өнгөрсөн намар нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод авч. Дараа нь “Эко констракш”-ны булхай, будлианыг илчилсэн сэтгүүлч Батхишигийн олон сурвалжлагыг нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг сонгон авч түүгээр өөрийн захиалагчдад том цохилт өглөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нямдаваагийн оролцсон “Ийгл” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг түүний хүссэнээр болж өнгөрөв. “Эко констракшн”-д гомдолтой захиалагчдаас нэгийг ч урьсангүй. Тэднийг төлөөлж харагдуулахаар тооцоолсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Тойвгоо гэдэг эр “бидэнд иргэдийн гомдол ирдэг, та болгооно уу?” гэсэн утгатай хэдэн үг бувтнахаас хэтрээгүй бол Улсын мэргэжлийн хяналтын газрын нэгэн дарга Ганбат бөв бөөрөнхийлсөн яриагаа “Эко констракшн”-ыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэлтээр төгсгөлөө. Харин МУИС-ын багш, хуульч эмэгтэй сүрхий эхэлсэн боловч сүүлдээ “гэрээний заалт чинь тодорхой биш байна” гэсэн ганц өгүүлбэрээ давтсаар хоцров. Онцгой байдлыг төлөөлж ирсэн Батбаатар дарга үеийн далан дээр барилга барьсан нь буруу гэдгийг ч нотолж чадсангүй.

Харин Нямдаваа захирал компанийнхаа хуулийн зөвлөхийн хамт тэднийг ёстой нэг “будаа болгов”. Захиалагчдын хамгийн их тавьдаг (барилгын чанар бол бүр дүүрсэн хэрэг) “Эко констракшн” барилгаа хугацаанд нь оруулахгүй, өртөг зардал хямд байхад нь барьж дуусгахгүй олон сар жилээр хойшлуулчихаад одоо болохоор бүх юмны үнэ нэмэгдсэн гээд кв.метрийн үнийг хамаа намаагүй нэмдэг тухай гомдолд “гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байгаа, хэрвээ захиалагч зөвшөөрөхгүй бол иргэний хуулийн дагуу гэрээ цуцлагдана, өөр яриа байхгүй гэсэн ганц тайлбараар хааж чадлаа. Гэрээнийхээ заалтыг улаан цайм зөрчиж захиалагчдаа хохироосон, тэдний мөнгийг хэдэн жил эргэлдүүлчихээд ямар ч хүү торгууль, хариуцлага хүлээхгүй өнгөрдөг тухай асуултыг хөтлөгч Энхтуяа, сэтгүүлч Батхишиг өөрөө ч тавьж хариулт авч барсангүй. Цаад хоёр нь түрүүлээд “машиндчихаж”байна лээ.

Сурвалжлагч Батхишиг урьд нь тийм сайн сурвалжлагуудыг бэлтгэж эрэн сурвалжилсан мөртлөө ингэж дуусгах ч гэж дээ. Эсвэл захиалгатай төдийгүй төлбөртэй хэлэлцүүлэг байсан биш биз?

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 9 Comments »

C1-ээр гарсан зурхайн тулаан

Posted by Ажиглагч on 2009/01/26

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123

Цагаан сараар золгочихоод л дараачийн цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар мэтгэлцэж эхэлдэг талууд өчигдөр орой C1 телевизийн дэлгэцэн дээр жинхэнээсээ тулав. Одон оронч нэгнээр хүч нэмэгдүүлсэн Төгсбуянтын зурхайн талын улаан шар орхимжит лам нар болон шарын зурхайгаа хамгаалсан Ерөнхийлөгчийн зөвлөх асан Дашцэрэн тэргүүтнийг өөд өөдөөс нь харуулж суулгаад цаг гаруйн турш (суваг солиход эхэлчихсэн байсан болохоор нийт хичнээн үргэлжилсныг бүү мэд) мэтгэлцүүлэв. Харин тэдний дунд суусан түүх судлаач Нагаанбуу “Монголын нууц товчоо” сэлтээс түүхийн баримт дурдаж монгол зурхай хэмээх гуравдахь тооллыг санал болгож байх юм.

Маргааныг хагалахаар уригдсан ШУА-ын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Сүхбаатар сар, дэлхийн хөдөлгөөнийг шинжлэх ухаан ямар ч алдаагүй тооцоолдог, сар болгон шинийн нэгэнтэй, битүүнтэй, харин шинэ оныг аль сараас эхлүүлэх нь шинжлэх ухаанд падгүй, зөвхөн ёс заншил, уламжлалын асуудал гэж хэлсэн ч хоёр талд сонсох сөхөө байсангүй.

Студид зогссон хоёр хөтлөгч (нэг нь индрээрээ Сүхбаатар докторыг бараг таглаж зогсчээ) нэвтрүүлгээ эхлүүлж, бас дуусгаж л чадлаа.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-11

Ламтай ток шоу дэгтэй эхэлж ээлж дараалан ярьцгааж байснаа үе үе чөлөөт хэрүүл болон хувирч заримдаа барьцалдаж авахнээ гэмээр тун ширүүссэн. Тоогоор олон, насаар залуу бурхны шавь нарын зарим тун овилгогүй, тэдний талын энгийн хувцастай нөхдүүд Дашцэрэнг элэглэн шоолж, эсвэл но-г нь дэлгэхээр завдаж (гэхдээ түүнийг социализмын үе шоронд суусан, бас сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн сонины материалыг хэдэн өдрийн өмнө C1-ээр цацаж амжсан билээ), төгсгөлд нь Цагаан хэрэмнээс урагш нутагтай нь тийшээ явж шинэлнэ биз гэхчлэн гутааж байлаа. Тэгснээ ШУА-аас гаргасан номын зохиогч бололтой нэгэн рүү хандаж “Баасанжав гуай, та зурагт харж байгаа бол, танд тэр аргыг хэдэн жилийн өмнө дэмий хэлж өгсөн байна… Энэ бол их аюултай ном!” гэж сүрдүүлээд ч байх шиг. Ном аюултай байдаг “сайхан” цаг буцаж ирэхнээ.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-6

Хариуд нь Дашцэрэн “та нар монголчуудын толгойг түвд номоор мунхруулахаа зогсоо, тэр сүм хийддээ очиж дүвчигнэ” гэхчлэн мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр…

Хөтлөгчдийн хяналтаас гарч хэрүүл уруултай болсон ч зугаатай, бас нэлээд юм мэдүүлсэн мэтгэлцээн болж өнгөрлөө. Би гэхэд хэн нь хэн болохыг сайтар харж авсан. Нагаанбуу, Цэрэн-Очир хоёрын хэлсэн түүхийн баримтууд тун сонин. Даанч дэлгэцэн дээр титр огт бичигдээгүй тул зарим оролцогчийн  нэрийг мэдэж амжсангүй. Лав Тэрбишийн зурхай хэмээх бестселлерийн зохиогч эрхэм (энэ утгаараа бараг төрийн зурхайч) үзэгдээгүй, бодвол мэтгэлцэж зовохын оронд ээлжит цагаан сарын өмнө өвөр лүүгээ цутгах их орлогоо тоолж баясахыг илүүд үзсэн биз…

Posted in + ТЕЛЕВИЗ, C1 телевиз | 13 Comments »

Вашингтоноос шууд [хүлээн авч] дамжуулав

Posted by Ажиглагч on 2009/01/21

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дэлхийн хэмжээний үйл явдал болж улмаар монголын 4 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Бишээ, өөрсдөө тэнд очиж наашаа шууд дамжуулсан биш, харин гадаадын телевизүүд цацсаныг зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хүлээн авч өөрсдийн тайлбар болон орчуулгатайгаар сонирхуулав. (Жил гаруйхны өмнө Оросын шинэ ерөнхийлөгч Д.Медведев тангараг өргөхөд манайхан тэгэж сүйд болоогүй билээ)

Хамгийн түрүүнд америкийн хөрөнгө оруулалттай “Ийгл” телевиз шууд үзүүлэхээ  эртлэн зарласан ба FOX News-ийн дамжуулсныг дамжуулан тайлбарлаж өглөө. Шөнө “Ийгл” нэвтрүүлгээ өндөрлөсөн ч Обама-д зориулсан хүндэтгэлийн цайллага FOX News-ээр цааш үргэлжилж харагдсан.

C1 телевиз нэлээд хоцорсхийж эхлээд орчуулан үзүүлж харагдсан. Чухам хаанахын ямар сувгаас авсныг мэдэж амжсангүй.

Харин “Боловсрол суваг” телевиз Монгол Улсаас АНУ дахь Элчин сайд асан Ж.Чойнхор болон америкийн иргэн бололтой нэгэн эрхмийг студидээ суугаад хамт үзэнгээ ярилцжээ.

barak-obama-inaug-bolobsrol3 barak-obama-inaug-bolobsrol2

Харин МҮОНТ телевиз Б.Обамагийн тангараг өргөх ёслолыг дамжуулахдаа Voice of America-гийн ямар ч тайлбаргүй (natural sound-тай гэдэг) дамжуулалтыг ашигласан боловч техникийн саатлаас үе үе BBC World News рүү шилжиж байлаа. Хоёр хөтлөгч хэтэрхий сайн бэлтгэж баахан материал цуглуулсан нь харин ч садаа болох шиг санагдсан.  Цаана нь тийм сонирхолтой үйл явдал яг одоо болж байхад “хамгийн урт үг хэлсэн ерөнхийлөгч тэр” гэх мэтээр америкийн түүхийн мэдлэгээ гайхуулах нь илүүц байв. Бас студийнхээ арын фонон дээр Улаанбаатарын зураг оруулсны учрыг ойлгосонгүй. “Монгол-Америкийн найрамдал”-ыг бэлэгдсэн юм болов уу? Тэр шөнө суваг эргүүлэхэд дэлхийн ямар ч телевиз Вашингтоны төвд болж байгаа үйл явдлыг зүгээр л үзүүлж, тайлбарлаж байна лээ…

snapshot20090121224312

snapshot20090121223228

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Монголын хамгийн том сэтгүүл – Ирмүүн Life

Posted by Ажиглагч on 2009/01/17

irmuun-life-setguul-11 Энгийн үгээр бол нүцгэн хүүхний зураг нийтэлдэг америкийн Playboy сэтгүүл  уншигч эрчүүдээ эвгүй байдалд оруулахгүйн тулд бусад сэдэвтэй сөөлжүүлдэг  аргатай. Хэрвээ гартаа Playboy барьсан эрхмээс юу үзэж байгааг сонирхвол Брэд  Питт, Дэвид Бэкхэмийн ярилцлага, аль эсвэл автомашины шинэ  загварын тухай  нийтлэлийг нэр төртэйгээр харуулна (Фидель Кастрогоос хүртэл Playboy ярилцлага  авч тавьсан удаатай). Харин таныг холдонгуут өөр хуудсанд шилжинэ…

 2009 оны 1-р сард мэндэлсэн монголын Ирмүүн Life сэтгүүл эхлээд бусад  нийтлэлүүдээ оруулж илэн далангүй зургуудаа тэртээ арын хуудсуудад далдлан  оруулжээ. “Бидний “Бэлэг”ийг задлаарай” гэсэн редакцийн оршилд “гоо зүйн”  хэмээх нандин тодотголтой сэтгүүл” гэсэн байна. Боловсон, соёлтой байхыг  эрмэлзэх нь зүйн хэрэг.

 Ямар ч байсан Ирмүүн Life Монголдоо хамгийн том сэтгүүл болж чаджээ. Би юуны  өмнө ердийн сэтгүүлийнхээс хамаагүй өргөн цаасны хэмжээг (форматыг) хэлж  байгаа юм. Ийм том хавтгай монгол сэтгүүл байдаг уу? Дээр үеийн “Тоншуул”  иймэрхүү далбагар байсан санагдана, гэхдээ харьцуулаад яахав. Өнөөдрийн Ирмүүн Life 140 хуудастай, орчин үеийн сэтгүүл юм.

Ирмүүн Life-ийн агуулга сонирхолтой, урлаг талруугаа, иймээс гоо зүйн гэхээсээ илүү баруунд байдаг art magazine гэдэг төрөлд ойр санагдлаа. Агуулгыг сонирхвол,
Кино урлаг дахь феномен. Испанийн нэр кино найруулагчийн тухай өгүүлэл.
Суут Моди-гийн гурван амьдрал. Францын нэрт зураач Амедио Модилья
Хайрын өлсгөлөн хийгээд амиа хорлохуйн тайлбар
“Д.Ариунцэцэг: Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурын байдаг гэж би өөртөө хэлдэг…”. Загвар өмсөгч, “Монгол газар” компанийн захирал Мянганбаярын эхнэртэй хийсэн ярилцлага.
Ертөнцийн гэгээ: Бид тэдний тухай. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, яруу найрагч Б.Галсансүх эмэгтэй хүний тухай
Г.Аюурзана: “Авьяастай хүнийх шүлэг, авъяасгүйнх нь сэтгэгдэл” ярилцлага. Түүний орчуулсан дэлхийн шилдэг уран зохиолын дээжээс
“Уйтгарын хашгираан Улаанбаатар. Нийслэлийн өнгө төрх, уран барилгын маш сайн шүүмж
Билборд бүтсэн түүх буюу өөртөө зориулсан анти-реклам. Нисэхээс хотын төв хүртэл замын хажуугаар эрээлжилсэн рекламны самбарууд.
Гүн бодрол. Зохиолч Б.Урианхай: Тансаг хэрэглээ, чамин ахуй хүн төрөлхтний нэг номерийн дайсан. Ярилцлага.
Цусан дүрсэн бийр. Японы алдарт зохиолч Юкио Мишимагийн тухай өгүүлэл.
Жон Ленноны сүүлчийн ярилцлага
Цаашаа нөгөө зурагнууд: Жинхэнэ эзэгнэгчээс амталсан жирийн биш таашаал”, “Нөмрөгөн цаанах санаашрал буюу нүцгэн эрх чөлөө” гэх мэтээр
Бидний дээвэр. Утаанбаатарыг дээрээс авсан зураг.
Төгсгөлд нь Жорж Орвэлийн “Амьтны ферм” зохиолыг комиксоор харуулсан товхимолыг хавсаргажээ.

Сайн бэлтгэж сайн хэвлүүлсэн тансаг сэтгүүл болжээ. Гагцхүү нэр нь эрлийз. Хоёр сар тутам хэвлэгдэнэ. Ерөнхий редактор буюу креатив арт директор А.Дэлгэржаргал.

Эрхлэн гаргагч нь Irmuun Multimedia ХХК бөгөөд өөр хэд хэдэн сэтгүүлтэй. Хэдэн жилийн өмнө МИАТ-ын олон улсын нислэгийн сэтгүүлийг Mongolica нэрээр гаргаж байсан бол одоо Sky Vision болгосон харагдана. “Танд хэрэгтэй” (хэрэглэгчийн сэтгүүл), “Нар” (бага насны хүүхдэд зориулсан сэтгүүл), Okey (Өсвөр насны охид хөвгүүдэд зориулсан улирал тутмын сэтгүүл) бас тэднийх.

Posted in + СЭТГҮҮЛ | 12 Comments »

10, 20, 30 дахь рекламыг хэн үзэх вэ?

Posted by Ажиглагч on 2009/01/16

Монгол дахь телевизийн мониторингийн хамгийн анхны бөгөөд одоогоор цорын ганц “Максима” агентлагаас зарим томоохон компанийн реклам, сурталчилгааны ажилтнуудыг урьж телевизийн рекламын зах зээлийн талаар ярилцлаа. Тус агентлагын судлаач Я.Хишигсүрэнгийн бэлтгэсэн танилцуулгыг түүний зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

Оршил болгож зарим нэг тодруулга хийж санаагаа нэмэрлэе.  

Монголын телевизүүдийн рекламын өртгийг үндсэн тарифаар бодвол 2008 оны эхний 10 сарын байдлаар 20,6 сая долларт хүрчээ. Гэхдээ телевизүүд ба компаниудын хоорондын гэрээний нөхцөл, хямдрал тодорхойгүй учраас бодит хэмжээ хамаагүй бага буюу 8 сая орчим доллар хэмээн тооцоолжээ.

Судалгаанаас үзэхэд манай телевизийн нэвтрүүлэгт зар сурталчилгааны эзлэх хэмжээ 15 хувьд хүрч байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад нэлээн өндөр үзүүлэлт юм. Ялангуя оргил цагт бүр их ногддог. Зар сурталчилгааны байршлыг авч үзэхэд 24-69 хувь мэдээллийн хөтөлбөрт ногдож байгаа нь сэтгүүл зүйн утгаараа гаж үзэгдэл. Уг нь мэдээлэл, сурталчилгаа хоёр харш. Гэтэл 2 цаг хүртэл үргэлжилдэг реклам-мэдээллийн хөтөлбөрүүд арилжааны бүх телевизийг эзэлжээ. (Зөвхөн олон нийтийн телевизийн 45 минутын “Цагийн хүрд” далд сурталчилгааг эс тооцвол нэг ч реклам агуулдаггүй. Гэхдээ МҮОНТ энэ тайланд хамрагдаагүй)

Ийм урт хөтөлбөрийг бүтэн үзэх тэвчээртэй хүн хэр олон байхав? Ихэнх нь реклам гарангуут сувгаа солино. Тэгэхлээр 10, 20, 30 дахь рекламыг хүмүүс маш бага үзнэ. Гэтэл компаниуд “Манай реклам оргил цагаар, мэдээллийн хөтөлбөр дундуур гарсан” гэж ойлгодог нь хууртаж байгаа хэрэг юм. Энэ бүхэн манай арилжааны телевизүүд эфирийн цаг, ялангуяа оргил цагаа үй олон рекламаар дүүргэж хялбар орлого олох боломжийг олгож байна. Нэвтрүүлэг, хөтөлбөр тэр хэмжээгээр багасна. Ингээд үзэгчид хохирч байгаа юм.

Телевизийн болон хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд хуулийн зохицуулалт хийх цаг хэдийнэ болсон байна. УИХ-ын гишүүн З.Алтай тэргүүтэй телевизийн холбооныхон ноднингийнх шигээ эсэргүүцэж сүйд болох биз, гэхдээ реклам захиалагчид буюу том компаниуд мониторингийн судалгааны дүнд тулгуурлан зохих шаардлага тавьдаг болох биз. Тэд мөнгөө салхинд хийсгээд байхыг хүсэхгүй. Харин үзэгчдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах нь тодорхойгүй.

“Максима”-гийн танилцуулгын төгсгөлд, монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлд оролцогчдын байдлыг олон улсын загвартай харьцуулан тодорхой санал дэвшүүлжээ. Үзээрэй.  

tv-rekalm-zah-zeel-2008-02

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн ирж яваа гишүүд

Posted by Ажиглагч on 2009/01/13

Шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар амжин батлагдсан МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ 6 гишүүний талаар хэдэн үг.
Ц.Гомбосүрэн – Гадаад хэргийн сайд асан. Голдуу ахмад дипломатч, нэрт орчуулагчаар нь дууддаг. Өнөөдөр манай нийгэмд байгаа хамгийн эерэг имижтэй хүмүүсийн нэг. “Гомбосүрэн гуай шиг …” гэж байгаад сайны жишээнд татахыг би олонтаа сонссон. Сүүлийн үед “Дэлхийн өсөлт” хэмээх Хойт Америкийн уул уурхайн компанийн лобби байгууллагад монгол талаасаа №1 хүн болсон. Бас нэг хэсэг “Энержи ресурс”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан нь хэвээрээ бол том бизнесийн төлөөлөл гэж ойлгогдож болох юм. Засгийн газраас нэр дэвшүүлэн оруулжээ.
Ч.Дамбажав – Дашчойлин хийдийн хамба лам – Бурханч лам Пүрэвбатын оронд бас л лам хувцастай хүн суух ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч шийджээ.
Ц.Зоригтбаатар – Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч. Манай бүх залуучуудыг төлөөлдөг мэт хулхи нэртэй энэ байгууллагын эзэд нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Ц.Сайханбилэг нар юм. Тэд 1990 оны дундуур төрийн эрх барилцаж байхдаа МЗХ-ыг байшинтай нь хувьчилж аваад мануулж үлдээсэн Ц.Зоригтбаатартаа шинэ даалгавар өгсөн хэрэг. Мэдээж УИХ-аасаа дэвшүүлсэн. Байнгын хорооны хурал дээр Ц.Батбаяр гишүүн түүний үйлдсэн нэг нүглийг (залуу гэр бүлийн орон сууцны хэрэг) сануулж байлаа.
Б.Ганболд – “Зууны шуудан” сонины үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий эрхлэгч. 2000-2005 онуудад Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Н.Энхбаярын дэглэмийн найдвартай гар хөл байлгаж, дараа нь мөн түүний хулгайлсан “Засгийн газрын мэдээ” сониныг “Зууны мэдээ” нэрээр манаж өгснийхөө шангаар өдөр тутмын сонин байгуулжээ. Нэр дэвших, дэвшүүлэх талаар бодох ч эрхгүй баймаар. Харин түүний найз, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Энхтүвшин бодоод зогсохгүй өөрийн биеэр дэвшүүлж нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулав.
С.Цэрэндорж – Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч. Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан. “Цэвэр” хуулийн хүн дээ. [Би түүнийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэрэндоржтой андуурсан байсан тул засварлав – Д.Ц.]. УИХ-аас нэр дэвшүүлжээ.
Д.Гантөмөр – Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн тэргүүн. Иргэний нийгмийн ийм нэгэн шинэ “од” УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр гэнэт тодорсон юм. Нэгдсэн хуралдаан дээр ч торолгүй гарсан. Ямар ид шидтэй нөхөр вэ? Зарим хүмүүсийн яриагаар, Засгийн газрын тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягын хамаатан гэнэ. Засгийн газраас нэр дэвшүүлсний учир энэ байж.

Ингээд МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлд олон нийтийн гэхээсээ илүү төрийн томчуудын төлөөллүүд нэмж орлоо. Бас бүгдээрээ эрэгтэй.

Харин Ц.Дашдондовын дахин эзлэхэд тун ойрхон байсан долоодох суудал одоогоор хоосон байгаа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Төр засаг хэнд “салаавч үзүүлж”, хэнийг таалав?

Posted by Ажиглагч on 2009/01/12

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний суларсан 7 орон тоон дээр нэр дэвшүүлж сонгох үйл явц тун хачин болжээ.

2008 оны 11 сарын 12-нд иргэний нийгмийн 90 гаруй байгууллагын төлөөлөл хуралдаж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгох дараах 16 хүний нэрсийг тодруулсан байна. Жагсаавал,

1. Ч.Лхагважав – МУИС-ийн Физик-электроникийн сургуулийн захирал, “Оддын ай” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
2. Т.Ундаръяа – Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч,
3. Л.Баян-Алтай – Говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх санаачилага төслийн ажилтан, Англи улсад төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
4. Д.Раднаарагчаа – Монголын хоршооллын хөгжлийн төвийн захирал, Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны тэргүүн
5. Д.Энхжаргал – Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал
6. Н.Дашзэвэг – “Монгол” дээд сургуулийн захирал, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн
7. М.Батсуурь – МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, “Нээлттэй академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Хүний эрхийн хүрээлэн” ТББ-ын УЗ-ийн гишүүн
8. Ц.Отгонбаяр -Гандантэнгчинлэн хийдийн унзад лам, “Зая” гэгээнтний сангийн удирдах зөвллөлийн гишүүн, Архангай нутгийн зөвлөлийн гишүүн
9. Х.Наранжаргал – “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн, “Хөх сүлд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн
10. Х.Батсайхан – Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч, БМИҮЗ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн, ХААИС, СУИС, МУБИС-ийн УЗ-ийн гишүүн
11. Б.Хишигсайхан – Дэлхийн банкны захиргааны шийдвэрийг стандардчилах төслийн зөвлөх, “Орон нутгийн санаачилга” ТББ-ын УЗ-ийн гишүүн
12. А.Батпүрэв – Мэдээлэл, олон нийтийн харилцааны “Инфорум” төвийн гүйцэтгэх захирал, Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын эвслийн зохицуулагч
13. П.Цэвээн – Монголын хүүхдийн эрхийн төвийн гүйцэтгэх захирал
14. М.Бөхбат – Монголын жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
15. Б.Зоригт – “МГИМО Монгол” ТББ-ын захирал, МЯНН-ын дэд ерөнхийлөгч
16. Г.Байгалмаа – Монголын Ардчилсан Холбооны УЗ-ийн нарийн бичгийн дарга

Ингээд тэдгээрийн нэрс, намтар танилцуулгыг хамтарсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт санал болгон өргөн барьжээ. Бас өдөр тутмын сонинуудаар ил тод зарласан. Гэтэл 12-р сарын 31-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нэр дэвшин орж ирсэн хүмүүсийн дотор тэдний нэг нь ч багтсангүй! Дээр дурдсан 16-ын дотор хэн ч мэдэхгүй эргэлзээтэй нөхөд байсан ч Х.Наранжаргал, Т.Ундарьяа, Д.Энхжаргал гурвын ядахдаа нэгийг дэвшүүлж болмоор доо. Тэднийг санал болгосон зуугаад байгууллагын дотор “Транспаренси интернэйшнл Монгол”, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Хүний эрх, хөгжил төв, Монголын урлагын ажилтны холбоо, Нээлттэй нийгэм форум, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн зэрэг хэн ч ор нэр төдий гэхээргүй нэрс байсан. Магадгүй, тэдний дунд төр, засгийн алдаа дутагдлыг шүүмжилдэг, жагсаж тэмцдэг байгууллагууд орсон учраас “гологдсон” байх.

Чухам ийм “улс төрийн шалтгаан”-аар төр засаг өөр байгууллагуудыг таалсан бололтой. Урьд өдөр нь Монголын ахмадын холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Монгол зөн” ТББ, Монголын залуучуудын холбоо, Монголын энх тайван найрамдлын холбоо, “Фокус” ТББ, Газраа байраар солих иргэдийн холбоо, Өдөр тутмын сонинуудын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Биос”, “Сайн үйлс” зэрэг 20 гаруй төрийн бус байгууллага зэрэгцэн хуралджээ. Анзаарав уу? Төр засгаа дэмждэг, “зөв” байгууллагуудын нэр байна. Тэд хэнийг төр засагтаа санал болгов?

1. Д.Цахилгаан – Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга
2. Ц.Дашдондов – ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор
3. Б.Ганболд – “Зууны мэдээ”, “Зууны шуудан” сониныг үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч
4. С.Цэрэндорж – Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч
5. Ц.Зоригтбаатар – Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
6. Ц.Гомбосүрэн – Гадаад харилцааны сайд асан
7. Д.Амарбаясгалан – Газраа байраар солих иргэдийн холбооны тэргүүн, “Бизнес майнд” компанийн ерөнхий захирал.

Тэр чигээрээ эрх баригч намууд болон том бизнесийг төлөөлсөн хүмүүс ажээ. Иймээс тэр долоогоос дөрөв нь УИХ-ын байнгын хороогоор саадгүй дамжин нэгдсэн хуралдаанд нэр дэвшин орж Ц.Дашдондов хасагдсан ч үлдсэн гурав нь МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлд санал нэгтэй сонгогдсонд гайхах хэрэг алга…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үлдэж байгаа болон явж буй гишүүд

Posted by Ажиглагч on 2009/01/09

2008 оны сүүлчийн өдөр – 12-р сарын 31-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн хугацаа нь дууссанд тооцогдсон 7 гишүүний оронд шинэ хүмүүсийг томилжээ. 2005 оны 10-р сард байгуулагдсан Үндэсний зөвлөлийн гишүүд өнгөрсөн 3 жилд хэрхэн ажилласнаа тайлагнахгүйгээр солигдож эхэллээ. Хэрвээ Үндэсний зөвлөлийн хуралдааны протокол, гаргасан шийдвэрүүд ил тод байдагсан бол МҮОНРТ тийм их хүч хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр иймхэн хөтөлбөр үзүүлж ирсний шалтгаан тэд үү, биш үү гэдгийг мэдэж болохсон. Даанч хаалттай учраас Үндэсний зөвлөлийн хэн нь хэн байсныг өөрийнхөө мэдэх хэмжээнд тоймлохоос.

Г.Пvрэвбат
Бурханч лам гэгддэг. Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуулийн захирал. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон ба тухайн үедээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан санагдана. Тэнд лам хувцастай хүн сууснаар Үндэсний зөвлөлийг нийгмийн олон төлөөлөлтэй чамин харагдуулдаг байсан. Одоо Үндэсний зөвлөлөөс бууж байгаа.

Х.Чилаажав
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон. Тэрбээр сүүлийн 3 жилд Үндэсний зөвлөлийг удирдахдаа олон нийтэд хаалттай төдийгүй гэнэт алга болчихвол хэн ч нэхэхгүй хэдэн хүн болгож хувиргасан. Уржнан МҮОНРТ-ийн даварсан хэдэн нөхөр өлсгөлөн зарлахад Үндэсний зөвлөл ямар ч нэр хүндгүй, үүрэггүй болохоо харуулсан ба арилжааны нэгэн телевизийн захирал МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр ирж дүвчигнэхэд тарж арилсан байдаг. 7-р сарын 1-ны онц байдлын үеэр Чилаажав үзэгдээгүй, бодвол гадаадад аялж явсан биз. Үргэлжлэн ажиллана.

Р.Бурмаа
“Нийгмийн дэвшил-эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн. Төрийн бус байгууллагуудаас санал болгож УИХ-аас нь дэвшvvлж сонгосон. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн тул хуулийн шаардлагаар больж байгаа. АН-ын гишүүн байжээ.

Р.Хадбаатар
МСоХ-ны ерөнхийлөгч нэрээр сайн лобби явуулсны хүчээр төрийн бус байгууллагуудаас санал болгогдож УИХ-аас нэр дэвшин сонгогдсон. Сэтгүүл зүйг төлөөлж Үндэсний зөвлөлд суусан боловч “Өглөөний сонин”, “Хүмүүс”, “Хүмүүсийн амьдрал” сонины эзэн юм. МАХН-ын гишүүн байснаа 2008 онд илчилж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тул больж байгаа. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн нэвтрүүлэг, сурвалжлагаа олон нийтийн телевизээр шургуулж амжсан.

Л.Төмөрбаатар
Сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нэрээр УИХ-аас нэр дэвшиж сонгогдсон. Төдөлгүй Хавдар судлалын Үндэсний төвийн захирал болсон. Үргэлжлэн ажиллана. Намын харьяалал тодорхойгүй.

Н.Содномдорж
УИХ-ын гишүүнээс буугаад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч байхдаа УИХ-аас нэр дэвшиж сонгогдсон. Үндэсний зөвлөлийн анхны даргаар ажилласан боловч дураараа дургихын зэрэгцээ 15 хүнийг удирдаж чадалгүй тэдэндээ гологдож төдөлгүй огцорсон. МАХН-ын гишүүн. Үргэлжлэн ажиллана. Одоо ҮЭ-ийн дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал байх.

Ж.Занаа
Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга нэрээр УИХ-аас дэвшиж сонгогдсон. 2008 оны 7-р сарын Онц байдлын үеэр МҮОНТ хэрхэн ажилласныг УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэхэд Үндэсний зөвлөлийн бусад гишүүд шиг зугаталгүй ирж тайлбар хийсэн (түүний илэрхийлсэн зарим байр суурь надад өрөөсгөл санагдсан ч) хоёрхон гишүүний нэг. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн (бие даан) тул хуулийг дагуу больж байгаа. Одоо “Иргэдийн алъянс” төвийн тэргүүн.

Г.Цэрэнпүрэв
Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал нэрээр Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Тэгтэл Хадгаламж банкны удирдлагад багтдаг болж таарсан. Энэ жишгээр бол төрийн албан тушаалтнууд хүртэл марк сонирхогчдын холбоо юмуу нутгийн зөвлөлийн нэрээр, бизнес эрхлэгчид худалдаа, аж үйлдвэрийн танхимын нэрээр Үндэсний зөвлөлд орж болохнээ?). МАХН-ын гишүүн байх. Үргэлжлэн ажиллана.

Л.Дамдинсүрэн
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал нэрээр Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Тэр үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Д.Болдхуягийн аав. МАХН-ын гишүүн. Одоо сайн дураараа больж байгаа.

О.Эрдэнэ-Өлзий
Төрийн бус байгууллагуудын чуулганаас санал болгоогүй ч Биеийн тамир, спортын хөгжлийн сангийн тэргүүн нэрээр УИХ-аас сонгогдсон. Ноднин 7-р сарын 1-ны дараа Ж.Занаатай хамт УИХ-ын гишүүдэд тайлбар хийж байв. Одоо Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Үргэлжлэн ажиллана.

М.Буянбадрах
FМ107 радио буюу “Медиа групп” ХХК-ийн захирал байжээ. Засгийн газраас нэр дэвшиж сонгогдсон. Төрийн бус байгууллагуудын чуулганаар дамжилгүй гэнэт гарч ирсэн, бас тэгээд арилжааны НТВ телевизэд ажиллаж хувь эзэмшдэг учраас сонирхлын зөрчилтэй гэх мэтээр шүүмжлэлд өртсөн, одоо юу болсныг бүү мэд. Цааш үргэлжлэн ажиллана.

Ц.Дашдондов
ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт профессор, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч гэсэн олон гуншингийн аль нэгээр мэдээж Ерөнхийлөгчөөс нэр дэвшиж , гэхдээ төрийн бус байгууллагын чуулганыг алгасан нэр дэвшиж сонгогдсон. Энэ удаад Үндэсний зөвлөлийн гишүүнээс больсон мөртлөө буцаж нэр дэвшсэн (мэдээж Ерөнхийлөгчөөс) гайхалтай. Магадгүй Үндэсний зөвлөлийн бусад гишүүд суудалдаа үлдэхийн тулд “Та худлаа гарсан болоод эргээд ороод ир. Ерөнхийлөгч таныг хаалтгүй дэвшүүлнэ” гэж хөөргөөд явуулсан биз. Гэтэл Ц.Дашдондов УИХ-ын байнгын хороог саадгүй давсан мөртлөө нэгдсэн хуралдаан дээр З.Энхболд гишүүнийг загнаж тавьтиргүйтсэнээс болж гацчихаад байгаа. МАХН-ын гишүүн.

О.Мөнгөнтуул
Төрийн бус байгууллагуудын чуулганаар орж нэр дэвшээгүй боловч Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний нэрээр УИХ дээр гэнэт нэр дэвшин гарч ирсэн. Эрхэм гишүүн Д.Арвин шударга юм ярихынхаа хажуугаар иймэрхүү юм амжуулдаг гэнэлээ. Үндсэн ажил нь Монгол-Италийн бизнесийн танхимын гүйцэтгэх захирал. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Цааш үргэлжлэн ажиллана.

Н.Золжаргал
Монголын хөрөнгийн биржийн захирал нэрээрээ алдаршаад сураг тасарсан нэгэн. Сүүлийн жилүүдийн ажил, албан тушаал нь ерөөсөө ойлгогддоггүй. C1 телевизэд зөвлөхөөр ажилладаг сонирхлын зөрчилтэй нь төдөлгүй илэрсэн ч 2005 онд төрийн бус байгууллагуудаар оролгүйгээр Засгийн газраас сэмхэн нэр дэвшиж сонгогдсон. Тэр үед Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байсныг хэлбэл нэмэлт тайлбар хэрэггүй буйзаа. Удалгүй МҮОНТ-ийн захирлаар C1 телевизийнхээ эзэн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын төлөөний хүн Д.Мөнхбаатарыг тавиулжээ. Сүүлдээ сонирхол буурч нь Үндэсний зөвлөлийнхөө хуралд үзэгдэхээ больсон сурагтай. Одоо бүр больж байгаа ажээ. (Өнөөдөр Худалдаа, хөгжлийн банкны газрын даргыг алба хашдаг гэнэ). 

Л.Болд
Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга нэрээр мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшиж сонгогдсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МҮОНРТ-ийн талаар нэг үг дуугарч байхыг би сонсоогүй.  Энэхүү сонгуульт ажил нь хөшөө дурсгал бүтээхэд нь огт саад болдоггүй биз, иймээс саяхан Төрийн соёрхол хүртжээ. Намын гишүүнчлэл тодорхойгүй. Цааш үргэлжлэн ажиллана.

Ийм 15 хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр 2005-2008 онуудад ажиллажээ. Өдөр тутмын сонинд дараа оны дундуур нийтлэгддэг МҮОНРТ-ийн жилийн тайланд хэдэн ерөнхий өгүүлбэр оруулдгийг эс тооцвол Үндэсний зөвлөл ажил төрлөө хаалттай байсныг дахин хэлье. Сүүлийн 2 жилд би тэднийг Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд зөвхөн гадаад айлчлалын мэдээ, сурвалжлагаар үздэг болсон. МҮОНРТ-ийн дарга нар тэднийг хэд хэдээр нь авч яваад “найзалчихдаг” бололтой. Ноднин Индонезийн амралт сувиллын Бали арал руу бөөнөөрөө хуралд очиж зав чөлөөгүй хөдөлмөрлөсөн тухай хэдэн сурвалжлага, бас бүхэл бүтэн тусгай нэвтрүүлэг үзсэнээ санаж байна. Тэгвэл УИХ-ын дээр дурдсан чуулган дээр З.Энхболд гишүүн тэднийг 14-үүлээ Тайландад очиж амарсан гэж шүүмжилсэн.

Олон нийтийн нэрээр дураараа дургидаг хэдэн хүн үү дээ?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Уран яруу сэтгүүл зүй

Posted by Ажиглагч on 2009/01/09

2009 оны эхний бүтэн долоо хоногийн гол үйл явдал бол эдийн засгийн хямрал биш харин яруу найргийн “Болор цом” наадам, Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой байлаа.

Би “Болор цом”-ын шүлгүүд сайн муу байсан, эсвэл Монгол Улсын №1 орчуулагч Н.Энхбаяр төрийн одон медалийг зохиолчиддоо боорцог мэт тараасан тухай биш, харин сэтгүүл зүйн тухай ганц санаа хэлэх гэсэн юм. Сүүлийн хэдэн хоног хэвлэл мэдээлэл, ялангуяа телевиз, ялангуяа МҮОНТ, МҮОНР зохиолчдод “эзлэгдэв”. Биш ээ, дотор нь дүүрэн яруу найрагч, зохиолчид байдаг, тэгэхлээр аль хэдийнэ эзлэгдсэн юм байна. Мэдээ нь хүртэл “МҮОНР-ийн яруу найрагчид төрийн дээд шагнал хүртлээ” гэхчлэн гарчиглажээ.

Манайд зохиолч, яруу найрагч гээд байгаа тэр хүмүүсийн ихэнх сонин хэвлэл, радио, телевизэд ажилладаг. Амьдралын зорилго нь гоё шүлэг, дууны үг, роман бичих, харин амьдрах арга нь сэтгүүлч хийх. Мэргэн цэцэн ярих, уран гоё бичих авъяас сэтгүүлчийн ажилд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ энэ олон шүлэгч-сурвалжлагч, яруу найрагч-редактор, зохиолч-эрхлэгчид сэтгүүл зүйг өөр лүүгээ чангаадаг нь зүйн хэрэг. 850 орчим настай Чингэс гэдэг хүнийг олж уулзаад ярилцах хүсэлт тавихад цаадах нь эелдгээр зөвшөөрч, ингээд сониндоо цуврал ярилцлага нийтлүүлсэн сэтгүүлч хүртэл бий. “Баримт түшсэн эрэгцүүлэл” гэх мэт гоё төрөл зүйл зөндөө. Даанч ч сулхан баримт нь нурахад түших юмгүй болж хоосон цэцэрхлийн  балчигт шалхийдэг.  Мэдээжийн санаа, бүгд мэдэх юмыг тойрсон нуршуу нийтлэл, нэвтрүүлгээр сонин хэвлэл, радио телевиз пиг дүүрэн байх юм.

Хэрвээ уран зохиолч хүн яг өнөөдрийн бужигнаанаас ангид, түүхэнд үлдэх мөнхийн бүтээл туурвилын хойноос явдаг бол сэтгүүлч хүн яг өнөөдрийн үйл явдлын тэмдэглэл хөтөлж үлдээх үүрэгтэй. Зөв буруу нь хамаагүй баримт, жишээ, санал бодол… Зөвхөн энэ биш. Одоо баримтыг дүгнэж чаддаг, ил далд учир шалтгааныг илрүүлдэг, сайн муу чиг хандлагыг хэлдэг сайн тоймчид манай хэвлэл мэдээлэлд хэрэгтэй болжээ. “Аавдаа авгай авахыг зааж” том том дуугарч энэ улсын Ерөнхийлөгчөөс нь эхлээд сургадаг жижигхээн охид, хөвгүүд, бас аль социализмын үеэс “улс төрийн тоймч” нэрийг зүүсэн Дашзэвэг нар  биш шүү. Тэр Дашзэвэг хүртэл цаанаа яруу найрагч, дууны шүлгийн мастер байсан нь илэрсэн бөгөөд сүүлдээ цэнгэн хөгжилдсөөр үзэгдэхээ ч больжээ.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 4 Comments »

“Цэнхэр дэлгэц”-гүй шинэ жил.

Posted by Ажиглагч on 2009/01/08

Хамгийн сайхан баяр бол шинэ жил. Иймээс хамгийн сайн, сайхан нэвтрүүлгийг үзнэ ёолкоор үзнэ гэж хүлээдэг.

Би хөдөөгийнхнийг төлөөлж ярихгүй, харин нийслэлд амьдардаг, тэр тусмаа кабелийн телевиз үздэг бидний нүдний өмнө 2008, 2009 он солигдох өдрүүдэд эрээлжилсан үй олон сувгийг хуруугаа чилтэл солиод “яагаав, саяын шинэ жилээр гарсан” хэмээн дурсах нэвтрүүлэг үлдсэнгүй ээ. 2009 оны шинэ жилийн “Цэнхэр дэлгэц” байсангүй гэсэн үг. Заавал ийм нэртэй байх албагүй, гэхдээ аль ч суваг шинэ жилийн “брэнд” болохуйц нэвтрүүлэг үзүүлсэнгүй.

Миний хувьд хошин шогийнхон эцсийн найдвар байсан ч сүүлийн 3-4 шинэ жил болгоноор цоо шинэ хөтөлбөр үзүүлсэн Х-ТҮЦ хамтлаг энэ удаад UBS телевизийн Mongolian Idol нэртэй, завсар зайгаар нь бага зэрэг мушийлгасан концертоор халтуурдлаа. Бусад сувгаар хошин шог дүүрэн байсан ч ихэнхдээ архивын бичлэг. Бас хошин шогийн хамтлагууд элдэв сувгаар гарч марзагнасан ч нэг л биш ээ. Энэ шинэ жилээс таны санаанд үлдэж хоцорсон хошин шог байна уу? Надад бол байхгүй. Ер нь монголын хошин шогийг шинээр цэнэглэх цаг болсон байна.

Ингээд бид “Цэнхэр дэлгэц”-ийн оронд оны шилдэг, алдартан, тэргүүний өргөмжлөлийг пологдотлоо үзэв. Улс төрчид хулхидаж, сонгууль будилж, үймээн самуун дэгдэж, авилгал хавтгайрч, хямрал гүнзгийрсэн 2008 оны жилийн төгсгөлд телевизийнхэн “Алтан шонхор”-дож өөрсдөө бүх дэлгэцийг эзлэн баярлахыг үзэж баярлах шив дээ.

Posted in + ТЕЛЕВИЗ | 7 Comments »