АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз болон бусад

Posted by Mongol on 2008/12/24

Хэд хоногийн өмнө МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарын 2008 оны шилдгүүдийг зарлажээ. Тус эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизээр хэд хоног сүйд болов. Уг нь сэтгүүлчдийн байгууллага сайн сэтгүүлч юмуу нэвтрүүлгийг шалгаруулбал илүү зохих боловч шунаад шилдэг телевиз, радио, сонин, сэтгүүл гэж байгаад яг эздийн байгууллага мэт аашилжээ. Энд гайхаад байх явдалгүй, ерөөсөө МСНЭ бол хэвлэл мэдээллийн эзэд, дарга нарын эрх ашгийг түрүүнд тавьсан байгууллага юм. Шалгаруулалт нь бас тийм. Үүнийгээ далдлах гэж “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын удирдлага шалгаруулалтыг уншигчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн хийснээ тэмдэглэж байсан” тухай мессеж хаяв. Хэзээ, хаана, ямар санал асуулгыг уншигчдын дунд явуулж хэдэн хүн оролцсон, бас хэн хэн гэдэг судлаач саналаа өгснийг бүү мэд.

Өдөр тутмын шилдэг сонин – “Өнөөдөр”:

Хэрэв сэтгүүл зүйн талаас нь авч үзвэл тус сонин 2008 онд харьцангуй төв байр сууриа алдаж УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр төдийгүй түүний өмнө ба хойно хэнд үйлчилж давхих болсныг бүгд харсан. Тэгэхлээр МСНЭ-ийг ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт ирэх жил саад хийхгүй гэж амалсан Ерөнхий сайд С.Баярын ивээлийн сонинг шалгаруулахгүй байж болох уу? Бусад орных шиг гонжийсон нарийн форматаар хэвлэгдсэнийг хэвлэх үйлдвэрүүд, эсвэл сонины юмуу өдөрт тутмын сонинуудын холбоо дүгнэвэл хамаагүй дээрсэн.

Өдөр тутмын сонины шилдэг сэтгүүлч – Б.Нацагдорж (“Улаанбаатар таймс” сонин):

Олон жилийн туршлагатай сайн сэтгүүлч боловч хэн ч уншдаггүй энэ сонинд 2008 онд юу хийснийг нь үзэгчид байтугай “мэргэжлийн судлаачид” ч мэдэхгүй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар тус сонины ерөнхий эрхлэгчээр томилогдон ирж, бас МСНЭ-ны удирдлагад гүйцэтгэх хорооны гишүүн нэрээр буцаж оронгуутаа сониноо өөд татахаар шийджээ. Ингэхдээ өөрийгөө мартаагүй бөгөөд Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч нэрээр МСНЭ-ийн дээд шагнал – хүндэт медалиар энгэрээ цоолохыг эелдгээр зөвшөөрсөн байна. (Тэр Азийн сэтгүүлчдийн холбоо гэж юу болох, Чулуунбаатар хэнийгээ төлөөлж суудаг талаар мэддэг сэтгүүлч байна уу?)

Шилдэг телевиз – МҮОНТ:

Юугаараа? Энэ шагналыг авсан МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар өөрөө ч сайн ойлгоогүй, 2008 онд манайх техник тоног төхөөрөмжөө шинэчилсэн, бас манай телевиз улс төрчдөд ч үйлчилнэ, олон нийтэд ч үйлчилнэ хэмээн хадуурч харагдсан. Товчхондоо олон нийтийн телевиз учраас шалгарчээ.  Тэгвэл Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз гэвэл шулуухан бус уу? 2008 оны Монгол Улсын хамгийн шилдэг Ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг, хамгийн шилдэг Ерөнхий сайдаар С.Баярыг шалгаруулснаас ялгаа юу байхав.

Телевизийн шилдэг сэтгүүлч – Э.Дагиймаа (TV5 телевиз):

УИХ-ын сонгуулиар нэр бүхий нэр дэвшигчдийн булхайг нуусан сурталчилгаа хийж өгсөн нь сэтгүүлч хүний хувьд ариун явдал уу? Тэрбээр энэ шагналыг авахад бэлтгэсэн мэт хэдхэн хоногийн өмнөөс тэртээ тэргүй 2 цаг үргэлжилдэг, бизнес мэдээгээр пиг дүүрсэн уртаас урт мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө “Зохиогчийн хөтөлбөр” гэгчээр урьдчилаад 30 минут хоосон чалчдаг болсон юм. Ямар азаар телевизийн удирдлага гэж сайхан юм байдаг байна аа. (Сарангэрэл эзнийг нь хэллээ гэж андуураад магтаад эхлэв ээ! Remote Control буюу алсын удирдлагыг хэлсэн юм шүү).

Монголын шилдэг хамгийн радио – MҮОНР.

Шалгаруулахын тулд хэн нэгэнтэй өрсөлдүүлэх хэрэгтэй. Гэтэл тусад нь шалгаруулсан FM-үүдээс өөр радиог хайгаад хайгаад олсонгүй. Тэгэхлээр МҮОНТ өөрөө өөртэйгээ ширүүн өрсөлдөөд ялалт байгуулжээ.

Радиогийн шилдэг сэтгүүлч – Ц.Түвшинзаяа (МҮОНР-гийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакц)

Би сайн мэдэхгүй ч сайн сэтгүүлч байх аа. Баяр хүргэе! Улс төрчдийн хувийн сэтгүүлч, эсвэл наймаачин-сэтгүүлчид бүгд телевиз, сонин руу хошуурдаг, иймээс өөрт чинь саад болоогүй байх. Гэхдээ захирал Б.Пүрэвдаш нь МСНЭ-ийн дээд шагналыг зүүхээ яаж мартахав.

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-Б.Бямба-Очир /”Өнөөдөр” сонин/:

7-р сарын 1-ны өдрийн жагсаал цуглааны үеэр даварсан этгээдүүдийн чулуунд өртөж хүнд гэмтэл авсан залуу сэтгүүлчид түргэн эдгэрэхийг ерөөх л үлдэж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг байгууллага-“Макс” групп, 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг бизнесмэн-Ж.Оюунгэрэл /”Петровис”/:

Энэ хоёр номинац огт ойлгомжгүй. Хэрвээ өөрсдийн компани, бараа үйлчилгээний реклам сурталчилгааг хамгийн ихээр захиалж хэвлэл мэдээллээр гаргасан бол зүгээр л тэдний бизнесийн үргэлжлэл. Хэрвээ хэвлэл мэдээлэл юмуу сэтгүүлчид мөнгө төлж захиалга өгсөн бол огт өөр хэрэг. Ер нь Д.Сарангэрэл нарын эзэд МСНЭ-ийн эрх мэдлийг дахин авч тэдний өмнөөс төр засагт, бизнест хандаж тусламж дэмжлэг хүсээд байгаагийн цаана эх захгүй реклам сурталчилгаанаас олж байгаа тоймгүй их ашиг орлогоосоо сэтгүүлчидтэйгээ хуваалцах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд зориулахыг хүсэхгүй учраас тус байгууллагыг сэтгүүлчдийн өмнөөс дуугардаг ҮЭ болгохгүй гэсэн бас нэг шалтгаан бий.

Шилдэг салбар зөвлөл – МСНЭ-ийн Орхон аймгийн салбар зөвлөл:

Би МСНЭ-ийн дотоод ажлыг мэдэхгүй. Гэхдээ энэхүү салбарын нэг ид шид уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт байдаг нь эргэлзээгүй.

Шилдэг сэтгүүл – “Mongolian mining journal” сэтгүүл:

Миний мэдэхээр өнгөрсөн намар 2 дугаар хэвлэгдэж гарсан. Нэр нь хүртэл гадаад, нэг дугаарын үнэ 20 доллар учраас монголчуудад гэхээсээ илүү гадаадынханд зориулсан сэтгүүлийг тодруулжээ. Mongolian #1 magazine гэж өөрийгөө өргөмжилсөн Uptown-аас эхлээд 5 жил тасралтгүй гарч байгаа “Алтан гадас”, “Шинэ ертөнц”, бас “Цаг төр”, бас бус сэтгүүлийг өрсөлдүүлсэн болов уу? Заримынх нь “нам” таараагүй бололтой.

Шилдэг FM радио – Улаанбаатар радиогийн II суваг FM 101.7:

Саяын их хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд багтсан “Улаанбаатар” радиогийн захирал, МАСЭХ-ны зүтгэлтэн У.Булганы бүтээсэн хамгийн эхний ажил. FM 101.7 бол түүний удирддаг (хувийн ч байж магадгүй) “Улаанбаатар” радиогийн мэдлийн хөгжмийн суваг билээ.

Тэр баярт үдэш дээрх шагналтнуудад хэн ирж баяр хүргэсэн (магадгүй шалгасан) гээч? Та зөв таажээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр.

Он хараахан дуусаагүй байна. Удахгүй болох телевизүүдийн холбооны “Алтан шонхор” шалгаруулалтыг илүү болно гэж найдья. Сүүлийн хэдэн өдөр телевизүүд дэлгэцэн дээрээ нэр дэвшүүлж байгааг харахад шилдэг найруулагч, зураглаач, хөтлөгч, мэдээллийн хөтөлбөр гэсэн номинацууд харагдаж байсан. Тодорхой учраас өрсөлдөөнтэй, иймээс шударга байх найдлагатай. Миний бодлоор, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр TV9-ын “Энэ өдөр” бараг шалгарах байх. “Инфо” мэдээллийн сүлжээ нь тун давгүй. Шилдэг сурвалжлагч (зүгээр нэг “сэтгүүлч” биш ) шалгаруулбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр ширүүн сурвалжлагуудыг бэлтгэдэг Отгон, газрын асуудлаар эрэн сурвалжилж байсан Отгонжаргал хоёрыг нэрлэе. Бусад телевизээс гэвэл “Ийгл”-ийн Батхишиг санаанд орж байна.

5 Responses to “Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз болон бусад”

  1. ganga said

    Шудрага шалгаруулалт байхгүй болохоор шалгаруулалтын үнэ цэнэ нь утга учиргүй болох юм. Ийм хачин тогтолцоо хэзээ арилах бол…

  2. Azaya said

    Ганц энэ гэлтгүй ер нь тэргүүний, тэргүүний шилдэг, шилдэг, шилдгийн шилдэг гэсэн баахан л шагнал, шагнал өгч байгаа нь ч ичихгүй юм, авч байгаа нь ч улайхгүй юм… Бас тэр алтан шонхор гэгч наадам байна. Зүгээр л энэ жил тэрнийх, дараа жил манайх, энэ номинацийг тэднийх авсан тул, тэр номинацыг бусад нь ухааны юм болдог шиг байна лээ. Хэн, хэзээ ямар шагнал авсныг нь сайн тэмдэглэж байхгүй бол андуураад давхардуулаад өгчихвий дээ гэж санаа зовох юм.

  3. Sainbayar said

    Unen heljee. Hevlel medeelliig demjigch baiguullaga gedeg bol shal teneg nominatsi baina. Mun ter hamgiin shildeg setguuleer yaagaad tiim mining iin setguul shalgaruulsniig ogt oilgohgui baina. Eruul soliotoi ni medegdehgui yum uneheer ih yum aa.

  4. usukh said

    …Ямар азаар телевизийн удирдлага гэж сайхан юм байдаг байна аа. (Сарангэрэл эзнийг нь хэллээ гэж андуураад магтаад эхлэв ээ! Remote Control буюу алсын удирдлагыг хэлсэн юм шүү)… Xa xa, Alaad xayasan baina. Er ni tanii bichsen buxentei sanal niildeg shuu! Yaval ene setguulchdiin baiguullagiig uildverchnii baiguullaga shig bolgox ve? Odoo bol erdoo l ezdiin baiguullaga. Udirdlaguudiig ni bureldexuuneer ni solij tseverlej baij l jinxene setguulchdiin toloo duugardag baiguullaga bolox baix daa.

  5. nara said

    Sarangerel neg l bise, naad shalgaruulalt chin byaluu yum bishu? Urd jiluuded medeenees oor uzeh yumgui ooriinhoo tv d 2 udaa shildeg tv ogson gee bizde. Bas ene yolka n tv5-in yolka shig boldog gesen, hehe.
    Olon hunii urmiig hugaldag ontsgui shalgaruulalt chin ene.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: