АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2008

“Алтан шонхор-2008” буюу “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна…

Posted by Ажиглагч on 2008/12/31

Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 17 номинацаар дараах шилдгийн шилдгүүдийг шалгаруулжээ. Оролцогсод нь C1, TM хоёроос бусад арилжааны телевизүүд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизгүй энэ арга хэмжээнд ирсэн байв.

2008 оны “Алтан шонхор”-тнуудын жагсаалт:

1. Хүүхдийн шилдэг нэвтрүүлэг – SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлэг
2. Шилдэг студи –
UBS телевизийн харьяа Дэүс студи
3. Орон нутгийн шилдэг телевиз –
“Лха” телевиз (Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт салбарласан сүлжээ телевиз)
4. Шилдэг инженер –
TV5 телевизийн инженер Оюунтуяа
5. Шилдэг тайзны зураач
– UBS телевизийн Тулга
6. Шилдэг компьютер графикч –
UBS телевизийн Энхзаяа
7. Хөгжмийн шилдэг нэвтрүүлэг –
TV8 телевизийн “Ретро аккорд” нэвтрүүлэг
8. Нийтлэл, танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлэг –
“25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлэг.
9. Мэдээллийн шилдэг хөтөлбөр –
“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ”
10. Спортын шилдэг нэвтрүүлэг –
НТВ телевизийн “Бээжин хүрэх замд” нэвтрүүлэг
11. Шилдэг найруулагч
– “25-р суваг” телевизийн Г.Энхтүвшин “Алтан ургийнхан” бүтээлээрээ
12. Киноны дуу оруулгын шилдэг алба –
TV9 телевизийнTV9 продакшн (Кино алба гэж товчилж хэлэхлээр буруу болдог, яагаад гэвэл кино бүтээдэг гэж ойлгогдоно)
13. Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг –
UBS телевизийн “Мистер энд Мисс” нэвтрүүлэг
14. Уран сайхны зохиомжит шилдэг нэвтрүүлэг-
UBS телевизийн “Амитаба” зохиомжит нэвтрүүлэг.
15. Шилдэг зураглаач
– “25-р суваг” телевизийн зураглаач Г.Нацагдорж “Үлэмжийн чанар” бүтээлээрээ
16. Шилдэг хөтлөгч –
SBN телевизийн хөтлөгч Б.Мэндсайхан
17. Шилдэг сэтгүүлч –
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү “Сэдэв” нэвтрүүлгээрээ.

Харин МСНЭ, Монголын сонины холбоо хүртэл тодруулдаг шилдэг телевиз гэсэн номинаци алга байв. Орон нутгийн шилдэг телевизийн шалгаруулсан мөртлөө “төвийнхийг” тэгсэнгүй. “Алтан шонхор”-ын шалгаруулалт бол арилжааны телевизийн захирлуудын нэг ёсны зөвшилцөл учраас аль нэгийгээ илүү гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй биз. Ингээд нийт дүнгээрээ UBS телевиз 5, “25-суваг” телевиз 4, SBN – 2, TV9, TV5, НТВ, TV8, “Ийгл”, Лха телевизүүд тус бүр нэг “Алтан шонхор”-той харьжээ. “Соёмбо”-оос бусдад нь хүртсэн байна.

Шилдэг инженер, зураач, компьютер графикчийн талаар мэдэх юм алга. Хүүхдийг шилдэг нэвтрүүлгээр “Лоолоогийн найзууд” шалгараагүй аж. Гэхдээ SBN-ийн “Нахиа” илүү юм байгаа биз. Бүгдийг үзээгүй болохоор UBS-ийнхэн бараг бүгдэд нь түрүүлсэн уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгийн номинацуудын талаар хэлэх юм бас алга. Шилдэг студи Дэүс-ийг хэн мэдэж байна? Бусад телевизийн ижил төстэй олон нэвтрүүлэг, студиэс юугаараа давуууг шүүгчид микроскопоор харж шийдсэн гэж найдъя.

Хамгийн чухал хоёр номинацийн тухайд.

“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ” мэдээллийн шилдэг хөтөлбөр болжээ. Нэг талаас залуу сэтгүүлчид нь төр засгийн бодлого, бүтээн байгуулалт, гэрэл гэгээтэй мэдээ энэ тэрийг үзүүлнэ гэж албархахгүйгээр, хаана сонирхолтой байна, тэнд очоод чөлөөтэй сурвалжилж чаддаг энгийн мэдээнүүдээс бүрдсэн сайн хөтөлбөр. 7-р сарын 1-ны үйл явдлыг CNN маягаар шууд дамжуулсныг бас үнэлсэн байх. Нөгөө талаас тогтсон цаг, эхлэл төгсгөл үгүй бөгөөд христийн зар, сурталчилгаатай холилдон зогсоо зайгүй давтан урсдаг нь ядаргаатай. Миний хувьд TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг шалгарч магадгүй гэж бодож байлаа. Маш сайн эрэн сурвалжлага, тайлбарууд, орон нутгаас мэдээ авдаг “Инфо” сүлжээг дурдахад л хангалттай юм. Даанч арилжааны бусад телевизийн нэгэн адил “Бизнес мэдээ”-ндээ идэгдэж хөтөлбөр нь сунаад жирийн үзэгчдэд ялгарч харагддаггүй байж магадгүй.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү шилдэг сэтгүүлчийн “Алтан шонхор”-ыг хүртлээ. Түүний хөтөлдөг “Сэдэв” нэвтрүүлэг манай телевизүүд дундаас (МҮОНТ-ийг оруулаад шүү!) улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хамгийн сайн задлан тайлбарлаж чаддаг. Харамсалтай нь Пүрэвхүү 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-аас Орхон аймагт нэр дэвшигч Д.Дамба-Очир, АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшигч Х.Баттулга хоёрын сурталчилгааг зэрэг хийж амжсан билээ. Сэтгүүлчийн ёс зүйн хувьд тааруухан энэ үйлдлийн шалтгааныг түүнд хангалттай цалин мөнгө өгдөггүй “25-р суваг” телевизийн удирдлагаас асуух хэрэгтэй байх.

Төгсгөлд нь “Алтан шонхор” наадмыг телевизээр үзэхдээ зугаатай гэмээр хэдэн тохиолдлыг анзаарснаа хуваалцъя.

Шагнал хүртсэн “25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлгийг бүтээгчдийн нэг нь “бидний сайных биш, нэвтрүүлэгт оролцсон тэр хүмүүсийн сайных” гэж хэт жижгэрсэн бол нөгөө нь “Энэ бол Монголын Оскар шүү дээ” гэж хэт томров. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит номинацийн ялагчийг зарлахаар гарч ирээд дугтуй нээхдээ “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна” хэмээн уншиж инээдэм болгов. 1980 оны Москвагийн олимпийн нээлт дээр Л.Брежнев хэлэх үгнийхээ эхэнд байсан таван цагиригыг хараад “О…О…О…О…О” гэж уншсан тухай онигоо зарим хүний санаанд оржээ. Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн З.Алтай уран сайхны шилдэг нэвтрүүлгийг зарлахын өмнө “Дахиад 25-х суваг телевиз юмуу … битгий баярла” гэж эв хавгүй марзагнаж телевизийнхнээ гомдоох шахав. Тэгснээ “Үл ойлгогдох нэр байна, монгол нэр биш байна… Али баба гэнэ үү” хэмээн үргэлжлүүлж намба алдлаа. Харин “Амитаба” нэвтрүүлгийн зохиогч охин, энэ бол яруу найрагч Нямсүрэнгийн алдартай шүлгийн нэр болохыг, бас яаж орчуулсан байдаг талаар бяцхан хичээл зааж эвтэйхан хариу барих нь тэр…

Нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн бололтой ХААН, “Голомт” банк, “Спирт, бал бурам” компанийн гадаад, дотоод захирлын хажуугаар нийслэлийн МАХН-ын хорооны дарга П.Цогтбаатар гарч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн нь сондгой харагдлаа. Нэг л учир байна даа…

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 15 Comments »

Монголд хоёрхон телевиз байдаг. Нэг нь олон нийтийн, бусад нь арилжааны.

Posted by Ажиглагч on 2008/12/31

Дэлхийд хоёрхон төрлийн суудлын машин байдаг, тэр нь Мерседес Бенц ба бусад гэдэг шиг монголын телевизүүдийг олон нийтийн ба арилжааны хэмээн хоёр ангилж болно. Энэ нь манай телевизийн салбарт МҮОНТ Мерседес Бенц хосгүй сайн, чанарын эталон гэсэн үг хараахан биш. Гэхдээ МҮОНТ дэлгэцэн дээр үзэгдэхгүй бол бүгд нэхнэ, харин аль нэг арилжааны телевиз алга болчихвол тэгтлээ сүйд болохгүй. Цаана нь дахиад 10 тийм телевиз үлдэх юм чинь…

Би яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө Монголын телевизүүдийн холбооны 2008 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МҮОНТ-ийнхэн оролцоогүй, 17 номинацийн алинд ч нэвтрүүлэг ба уран бүтээлчдээ дэвшүүлээгүй ажээ. Гэтэл ноднин МҮОНТ-ээс нэр дэвшиж зарим нь шалгарч ёслолын ажиллагааг хөтөлсөн МҮОНТ-ийн сэтгүүлч Ш.Гүрбазар телевиздээ ногдсон “Алтан шонхор”-ыг гардаж байсан санагдана. Энэ жил юу болов? МҮОНТ-ээр “Алтан шонхор”-ын талаар мэдээлсэн ч үгүй. Энэ бүхэн тусдаа ярих сэдэв байх.

Яг өнөөдөр Монголын телевизүүдийн холбоо бол арилжааны телевизүүдийн холбоо юм байна (C1, ТМ телевизүүд ч үзэгдсэнгүй). Тэгэхлээр “Алтан шонхор” бол арилжааны телевизүүдэд  хамаатай шагнал гэж ойлголоо.

Бас нэгэн зүйл. 2008 оны “Алтан шонхор” шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу 12-р сарын 26-ны Баасан гаригт болжээ. Гэхдээ “Өнөөдөр” сонин өөрийн “25-р суваг” телевизийнхэн ямар шагнал хүртсэнийг түрүүлж зарласныг эс тооцвол хэвлэл мэдээлэл таг дуугүй хүлээв. Телевизүүд товч мэдээлэхээс хэтрээгүй бөгөөд үзэгчид бараг юу ч мэдэлгүй хэд хоносон гэхэд болно. Сонин байгаа биз? Ямар нэгэн үйл явдал зөвхөн телевизээр гарсан цагт сая үйл явдал болдог ажээ. Хэрвээ гараагүй бол болоогүй мэт.

Ингээд арилжааны телевизүүд бүтэн дөрөв хоногийн пауз авч байгаад өчигдөр буюу 30-ны Мягмар гаригийн орой 22 цагаас “Алтан шонхор” наадмын тухай нэг ижил нэвтрүүлгийг  бэлтгэн TV5, TV9, 25-р суваг, TV8, НТВ, SBN, “Ийгл” телевизээр нэгэн зэрэг цацлаа.

(Миний хувьд оройтоод хальт харлаа. Өнөөдрөөс бүтнээр олж үзээд шагналтнуудын талаар товч тайлбар хийхээс).

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Улаанбаатар” зочид буудалд хоноё”

Posted by Ажиглагч on 2008/12/29

Ноднин телевиз үзэгчдийн сэтгэл санааг эзэмдэж хөтлөгч Алтантүрүү нь Монголын телевизүүдийн холбооны шагналыг Ерөнхий сайд С.Баяраас гэрт нь хонох урилгын хамт авч байсан “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ 2008 оныг зочид буудлын тансаг өрөөны ванны өрөөнд үдэх шив. Сайн сайхан яваа мэт боловч нөгөө шинэ сонин хүмүүс, тэдний амьдрал, оройн хоол унд, үдшийн яриа алга байлаа. Нэг л биш ээ.

Тайлбарлая.
2008 оны төгсгөлийн буюу 12-р сарын 28-ны “Танайд хоноё” нэвтрүүлгийн эхэнд өмнөх ням гаригт очсон олон хүүхэдтэй ядруу айлд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивыг аваачиж өгснөөр эхлэв. Дараа нь хөтлөгч Тэнгис хонох айлаа олохоор УИД-ын урд ирж зогсоод “Би хонох айл олох гэж маш их хичээдэг. Өнөөдөр хонуулах айл олдохгүй бол яанаа” хэмээн ямар нэгэн буруу юм хийснээ нуусан жаал (“Аав аа, би аяга хагалаагүй ш дээ” гэдэг урьдчилж хэлдэг шиг) мэт тун сэжигтэй эхлэв. Уг нь түүнийг хичээдэггүй гэж хэн ч зэмлээгүй юмсан. Ингээд хөтлөгч маань тэр хавиар сүлжилдэх түмэн хүнээс хэдэн охид, эмэгтэйчүүдыг сонгож “танайд хоноё” гэсэн санал тавихад цаадуул нь мэдээж татгалзлаа. Өрхийн тэргүүнээс асуухгүйгээр нэг (хоёр) “хар юм”-ыг бас камертай дагуулаад очдог ёс жудаггүй эзэгтэй гэж байх уу? Байхгүй! Нөхөргүй ганц бие юмуу өрх толгойлсон бол бүр үгүй.

Хэргийн учир тэр дороо тайлагдаж хөтлөгч маань “Би өнөөдөр зочид буудалд очиж хононо” гэж мэдэгдлээ. Уг нь сонин санаа. Буудлын амьдралын нэгэн үдэш юмуу шөнийг харуулж яагаад болохгүй гэж?. Даанч “Улаанбаатар” гэдэг зочид буудалд очиж хонохоор шийдсэнээ зарлаж, үүнийгээ “хүүхэд байхаасаа сайн мэддэг байсан” гэж тайлбарлав. Гэхдээ жинхэнэ шалтгаан өөр. Тус буудал “Монгол ньюс” компанийн хөрөнгө оруулалттай, бараг түүний охин компани шахуу билээ. Илүү тайлбар хэрэггүй биз.

Дараачийн мөчид хөтлөгч Тэнгис “Улаанбаатар” зочид буудлын ресепшн дээрээс түлхүүр авч байх юм. “Хонуулчих л даа. Мешокоо дэвсээд унтчихна. Саад болохгүй, тэгэх үү” гэсэн нэвтрүүлгийнхээ алдарт гуйлтыг хэрэглэх шаардлага гараагүй бололтой. Буудлын менежер биечлэн үйлчилж ганц хонохоор ирсэн хөтлөгчид Ерөнхийлөгчийн өрөөг танилцуулж тэнд оруулах шиг болов. (Гэхдээ үйл явдлын дүрсүүд рекламын клип шиг солигдоод байсан тул би андуурч болох). Ингээд хөтлөгч номертоо ганцаараа үлдэнгүүтээ (зураглаачтайгаа хоёулаа гэсэн үг) ваннтай усанд шумбаж зургаа авахуулаад “Шинэ жилээр хүмүүс гэр бүлээрээ байхыг хүссэн учраас намайг хүлээж аваагүй байх” гэж худлаа залж “Намайг уриалгахан хүлээж авсан “Улаанбаатар” зочид буудлын хамт олонд баярлалаа” хэмээн талархаад хөнжилдөө шурган нойрссон ба өглөө босоод юу ч дуугаралгүй хөгжмөөр “зодоод” тэр чигээрээ гарч нэг мэдэхэд буудлын гадаа явж харагдав. Ядахдаа өрөөгөө хүлээлгэж өгсөн байгаасай. Ийнхүү дэндүү богинохон мөртлөө сурталчилгаа нь хонолтоосоо урт “Буудалд хоноё” өндөрлөв.

Хоёр жилийн турш үзэж дассан Алтантүрүү солигдож шинэ хөтлөгч гарч ирэхэд, тус тусмаа олимпийн аварга Бадар-Ууганыд хоноход үзэгчид эхний удаад ихэд сонирхсон боловч одоо больжээ. Шинэ хөтлөгчийг олон хүн шүүмжилж байна. Аливаа нэвтрүүлэгт хөтлөгч солигдож болдог, гэхдээ шинэ хүн юм бол өөртөө таарсан, өөрийн чаддаг шинэ юмыг оруулж байж үзэгчдийг урвуулах учиртай. Даанч шинэ хөтлөгч маань Алтантүрүүг муухан дууриагчийн хэмжээнд эхэлж энэ оны төгсгөлд гоё буудалд арын хаалгаар хонож ванны өрөөнд ус палчигнуулахаас өөр олигтой юм бодож олсонгүй. Харамсалтай.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 6 Comments »

Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз болон бусад

Posted by Ажиглагч on 2008/12/24

Хэд хоногийн өмнө МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарын 2008 оны шилдгүүдийг зарлажээ. Тус эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизээр хэд хоног сүйд болов. Уг нь сэтгүүлчдийн байгууллага сайн сэтгүүлч юмуу нэвтрүүлгийг шалгаруулбал илүү зохих боловч шунаад шилдэг телевиз, радио, сонин, сэтгүүл гэж байгаад яг эздийн байгууллага мэт аашилжээ. Энд гайхаад байх явдалгүй, ерөөсөө МСНЭ бол хэвлэл мэдээллийн эзэд, дарга нарын эрх ашгийг түрүүнд тавьсан байгууллага юм. Шалгаруулалт нь бас тийм. Үүнийгээ далдлах гэж “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын удирдлага шалгаруулалтыг уншигчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн хийснээ тэмдэглэж байсан” тухай мессеж хаяв. Хэзээ, хаана, ямар санал асуулгыг уншигчдын дунд явуулж хэдэн хүн оролцсон, бас хэн хэн гэдэг судлаач саналаа өгснийг бүү мэд.

Өдөр тутмын шилдэг сонин – “Өнөөдөр”:

Хэрэв сэтгүүл зүйн талаас нь авч үзвэл тус сонин 2008 онд харьцангуй төв байр сууриа алдаж УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр төдийгүй түүний өмнө ба хойно хэнд үйлчилж давхих болсныг бүгд харсан. Тэгэхлээр МСНЭ-ийг ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт ирэх жил саад хийхгүй гэж амалсан Ерөнхий сайд С.Баярын ивээлийн сонинг шалгаруулахгүй байж болох уу? Бусад орных шиг гонжийсон нарийн форматаар хэвлэгдсэнийг хэвлэх үйлдвэрүүд, эсвэл сонины юмуу өдөрт тутмын сонинуудын холбоо дүгнэвэл хамаагүй дээрсэн.

Өдөр тутмын сонины шилдэг сэтгүүлч – Б.Нацагдорж (“Улаанбаатар таймс” сонин):

Олон жилийн туршлагатай сайн сэтгүүлч боловч хэн ч уншдаггүй энэ сонинд 2008 онд юу хийснийг нь үзэгчид байтугай “мэргэжлийн судлаачид” ч мэдэхгүй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар тус сонины ерөнхий эрхлэгчээр томилогдон ирж, бас МСНЭ-ны удирдлагад гүйцэтгэх хорооны гишүүн нэрээр буцаж оронгуутаа сониноо өөд татахаар шийджээ. Ингэхдээ өөрийгөө мартаагүй бөгөөд Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч нэрээр МСНЭ-ийн дээд шагнал – хүндэт медалиар энгэрээ цоолохыг эелдгээр зөвшөөрсөн байна. (Тэр Азийн сэтгүүлчдийн холбоо гэж юу болох, Чулуунбаатар хэнийгээ төлөөлж суудаг талаар мэддэг сэтгүүлч байна уу?)

Шилдэг телевиз – МҮОНТ:

Юугаараа? Энэ шагналыг авсан МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар өөрөө ч сайн ойлгоогүй, 2008 онд манайх техник тоног төхөөрөмжөө шинэчилсэн, бас манай телевиз улс төрчдөд ч үйлчилнэ, олон нийтэд ч үйлчилнэ хэмээн хадуурч харагдсан. Товчхондоо олон нийтийн телевиз учраас шалгарчээ.  Тэгвэл Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз гэвэл шулуухан бус уу? 2008 оны Монгол Улсын хамгийн шилдэг Ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг, хамгийн шилдэг Ерөнхий сайдаар С.Баярыг шалгаруулснаас ялгаа юу байхав.

Телевизийн шилдэг сэтгүүлч – Э.Дагиймаа (TV5 телевиз):

УИХ-ын сонгуулиар нэр бүхий нэр дэвшигчдийн булхайг нуусан сурталчилгаа хийж өгсөн нь сэтгүүлч хүний хувьд ариун явдал уу? Тэрбээр энэ шагналыг авахад бэлтгэсэн мэт хэдхэн хоногийн өмнөөс тэртээ тэргүй 2 цаг үргэлжилдэг, бизнес мэдээгээр пиг дүүрсэн уртаас урт мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө “Зохиогчийн хөтөлбөр” гэгчээр урьдчилаад 30 минут хоосон чалчдаг болсон юм. Ямар азаар телевизийн удирдлага гэж сайхан юм байдаг байна аа. (Сарангэрэл эзнийг нь хэллээ гэж андуураад магтаад эхлэв ээ! Remote Control буюу алсын удирдлагыг хэлсэн юм шүү).

Монголын шилдэг хамгийн радио – MҮОНР.

Шалгаруулахын тулд хэн нэгэнтэй өрсөлдүүлэх хэрэгтэй. Гэтэл тусад нь шалгаруулсан FM-үүдээс өөр радиог хайгаад хайгаад олсонгүй. Тэгэхлээр МҮОНТ өөрөө өөртэйгээ ширүүн өрсөлдөөд ялалт байгуулжээ.

Радиогийн шилдэг сэтгүүлч – Ц.Түвшинзаяа (МҮОНР-гийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакц)

Би сайн мэдэхгүй ч сайн сэтгүүлч байх аа. Баяр хүргэе! Улс төрчдийн хувийн сэтгүүлч, эсвэл наймаачин-сэтгүүлчид бүгд телевиз, сонин руу хошуурдаг, иймээс өөрт чинь саад болоогүй байх. Гэхдээ захирал Б.Пүрэвдаш нь МСНЭ-ийн дээд шагналыг зүүхээ яаж мартахав.

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-Б.Бямба-Очир /”Өнөөдөр” сонин/:

7-р сарын 1-ны өдрийн жагсаал цуглааны үеэр даварсан этгээдүүдийн чулуунд өртөж хүнд гэмтэл авсан залуу сэтгүүлчид түргэн эдгэрэхийг ерөөх л үлдэж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг байгууллага-“Макс” групп, 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг бизнесмэн-Ж.Оюунгэрэл /”Петровис”/:

Энэ хоёр номинац огт ойлгомжгүй. Хэрвээ өөрсдийн компани, бараа үйлчилгээний реклам сурталчилгааг хамгийн ихээр захиалж хэвлэл мэдээллээр гаргасан бол зүгээр л тэдний бизнесийн үргэлжлэл. Хэрвээ хэвлэл мэдээлэл юмуу сэтгүүлчид мөнгө төлж захиалга өгсөн бол огт өөр хэрэг. Ер нь Д.Сарангэрэл нарын эзэд МСНЭ-ийн эрх мэдлийг дахин авч тэдний өмнөөс төр засагт, бизнест хандаж тусламж дэмжлэг хүсээд байгаагийн цаана эх захгүй реклам сурталчилгаанаас олж байгаа тоймгүй их ашиг орлогоосоо сэтгүүлчидтэйгээ хуваалцах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд зориулахыг хүсэхгүй учраас тус байгууллагыг сэтгүүлчдийн өмнөөс дуугардаг ҮЭ болгохгүй гэсэн бас нэг шалтгаан бий.

Шилдэг салбар зөвлөл – МСНЭ-ийн Орхон аймгийн салбар зөвлөл:

Би МСНЭ-ийн дотоод ажлыг мэдэхгүй. Гэхдээ энэхүү салбарын нэг ид шид уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт байдаг нь эргэлзээгүй.

Шилдэг сэтгүүл – “Mongolian mining journal” сэтгүүл:

Миний мэдэхээр өнгөрсөн намар 2 дугаар хэвлэгдэж гарсан. Нэр нь хүртэл гадаад, нэг дугаарын үнэ 20 доллар учраас монголчуудад гэхээсээ илүү гадаадынханд зориулсан сэтгүүлийг тодруулжээ. Mongolian #1 magazine гэж өөрийгөө өргөмжилсөн Uptown-аас эхлээд 5 жил тасралтгүй гарч байгаа “Алтан гадас”, “Шинэ ертөнц”, бас “Цаг төр”, бас бус сэтгүүлийг өрсөлдүүлсэн болов уу? Заримынх нь “нам” таараагүй бололтой.

Шилдэг FM радио – Улаанбаатар радиогийн II суваг FM 101.7:

Саяын их хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд багтсан “Улаанбаатар” радиогийн захирал, МАСЭХ-ны зүтгэлтэн У.Булганы бүтээсэн хамгийн эхний ажил. FM 101.7 бол түүний удирддаг (хувийн ч байж магадгүй) “Улаанбаатар” радиогийн мэдлийн хөгжмийн суваг билээ.

Тэр баярт үдэш дээрх шагналтнуудад хэн ирж баяр хүргэсэн (магадгүй шалгасан) гээч? Та зөв таажээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр.

Он хараахан дуусаагүй байна. Удахгүй болох телевизүүдийн холбооны “Алтан шонхор” шалгаруулалтыг илүү болно гэж найдья. Сүүлийн хэдэн өдөр телевизүүд дэлгэцэн дээрээ нэр дэвшүүлж байгааг харахад шилдэг найруулагч, зураглаач, хөтлөгч, мэдээллийн хөтөлбөр гэсэн номинацууд харагдаж байсан. Тодорхой учраас өрсөлдөөнтэй, иймээс шударга байх найдлагатай. Миний бодлоор, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр TV9-ын “Энэ өдөр” бараг шалгарах байх. “Инфо” мэдээллийн сүлжээ нь тун давгүй. Шилдэг сурвалжлагч (зүгээр нэг “сэтгүүлч” биш ) шалгаруулбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр ширүүн сурвалжлагуудыг бэлтгэдэг Отгон, газрын асуудлаар эрэн сурвалжилж байсан Отгонжаргал хоёрыг нэрлэе. Бусад телевизээс гэвэл “Ийгл”-ийн Батхишиг санаанд орж байна.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль

Posted by Ажиглагч on 2008/12/20

Өнгөрч буй долоо хоногт “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт болжээ. Энэ удаагийнхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр анх удаа Төрийн ордноос гаргаж Хэвлэлийн хүрээлэн дээр очин тэндхийн 5000 дахь хэвлэлийн хурлын оронд хийсэн байна. Яагаад? 

Сүүлийн үед Ерөнхийлөгч маань ер бусын байгаа. Хэд хэдэн удаа уртаас урт ярилцлага өгч улс орны нөхцөл байдлыг дүгнэж хэрхэн засаж янзлах хэрэгтэйг тайлбарласан. Харин сэтгүүлчидтэй уулзахдаа хараахан дуусаагүй байгаа энэ онд юу хийснээ тайлагнасан ном тараажээ. Ерөнхийлөгчийн хувийн сэтгүүлчийн эрхэлдэг “Улаанбаатар таймс” сонинд бичсэнээр “… Бидний хооронд өрнөсөн халуун яриа гурван цаг үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж “Сэтгүүлч, ерөнхийлөгч хоёрт нэг адил зүйл бий. Тэр нь ард түмэнтэйгээ, ард түмнийхээ талд байгаа цагт хэзээ ч буруудахгүй гэсэн зарчим” гэж хэлсэн байна. Ийнхүү сэтгүүлчдийг өөртэйгээ зүйрлэн өргөмжлөхийн зэрэгцээ дараах зүйлийг ярьжээ. (Үг үсэг өөрчлөлгүй ишлэв):

Засгийн газраас, эсвэл төр засгаас ч юм уу энэ хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцахдаа улам илүү ил тод мэдээллийг өгдөг байх хэрэгтэй юмаа. Зарим сургалтад хамрагдах тал дээр тусалдаг байж болох юм. Ерөнхий сайдаар би ажиллаж байхдаа тухайн жил сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж төгсөж байгаа хамгийн сайн сурлагатай оюутнуудыг 14 хоногийнх байсан байх аа, би буруу санаагүй бол тодорхой хугацааны семинарт суулгаж, тэр үед ажиллаж байсан Засгийн газрын гишүүд, Их Хурлын гишүүдээр лекц уншуулж, мэдээлэл өгч ингэж одоо анхных нь ажлынх нь гарааг нь хийхэд нь тодорхой тус дэмжлэг үзүүлж байсан. Тэр залуучуудаас олон нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэж би ойлгодог. Тэхлээр цаашдаа ч энэ хэлбэрын ажил ч юм уу өөр шинэ хэлбэрийн ажлуудыг бид хийхэд бэлэн байна. Манай сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, бусад одоо байгууллагууд тус тусдаа болон хамтраад иймэрхүү ажил хиймээр байна аа гэсэн санал гаргавал бид бололцооныхоо хэрээр дэмжиж ажиллая аа гэсэн ийм бодолтой байна. Түрүүн би бас төрийн бус байгууллагуудтай харьцах тал дээр бол шинэ зарчим нэвтрүүлбэл яасан юм бэ гэж хэлсэн. Миний зүгээр ойлгож байгаагаар бол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хамгийн их одоо сэтгүүлчидтэй холбоотой … сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалтай холбоотойгоор гадаад, дотоодоос мөнгө босгох чадвартай байгууллага байх гэж бодож байгаа. Тэхлээр тэр босгосон мөнгөтэй нь яг тэнцэхүйц мөнгийг Засгийн газраас өгч ингэж хоёр талын дэмжлэг өгч энэ сэтгүүлчдийн байгууллага ажиллаж сэтгүүлчдээ бэлдэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах асуудал дээр тодорхой ахиц дэвшил гаргах бололцоотой байх болов уу гэж ингэж бодож байна…  

Үүнийг Ерөнхийлөгчийн ивээлд ийнхүү орсон МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа Сэтгүүлчдийн байгууллагаа төр тодорхой хэмжээгээр дэмжих учиртай. Сэтгүүлч хүн гэдэг нийгмийг байлдан дагуулдаг, хэзээ ч хөгширдөггүй, цуцдаггүй хүмүүс, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарал хандуулна гэж амаллаа” хэмээн бөөн баяр болж энэ тухай сурвалжлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = Хөгжил” гэсэн сүржин шторкоор чимэглэн үзүүлэв.

Хөгжилсөөд байх юу байхав. Цаана чинь ард түмний бэлэг тэмдэг маань 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ албан ёсоор зарлаж “… Надад энэ албыг хашихад давуу тал бий. Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Монгол улсын Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хийе бүтээе гэсэн ажил, бүтээл оргилж байна. Эхлүүлсэн ажил ч их байна. Миний хийж бүтээсэн ажлын цаана ард түмэн минь байгаа. Өнөөдөр надад албан тушаал цуглуулах сонин биш байна. Цоо шинээр хийж бүтээх их ажил хөдөлмөрийг цуглуулах нь чухал байна” гэж мэдэгдсэн байна. Орчуулга хэрэггүй ээ. Урьд өдөр нь нь Ерөнхий сайд С.Баяр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүйгээ амлан байраа тавьж өгсөн нь ийм учиртай байж. 

Одоо Ерөнхийлөгч сэтгүүлчдийг гарын дороо байлгах шаардлагатай хариуцлагатай үе эхэллээ. Иймээс Соёлын сайд байхдаа Хэвлэлийн хүрээлэнг барьж өгснөөс эхлээд Ерөнхий сайд байхдаа хэвлэл мэдээллийнхнийг хэрхэн халамжилж байснаа сануулсан хэрэг. Харин яагаад ч юм даруу зан гаргаж зөвхөн хэдэн оюутныг сургасан гэжээ. Үгүй дээ. Оюутнуудыг биш, ажиллаж байсан сэтгүүлчдийг, гэхдээ тэднийг сургадаг биш, үүрэгддэг байсан. Үүний тулд эхнэрийнхээ нэрээр “Чөлөөт хэвлэл” сан байгуулж хэдэн сонины эздийг халаасалчихсан явдагсан. Тэр жилүүдэд төсвийн мөнгийг хэн хэнд сая саяар хүртээсэн баримтууд хожим бага сага илэрсэн.  Хил давж тив алгасан гадаад оронд айлчлахдаа тэднийг онгоцондоо дүүрэн ачдаг, цаадуул нь буцаж ирээд тэр үеийн ерөнхийлөгч Багабандийг муулдаг сонин цаг байлаа. Ингээд 2005 оны зуны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд шар дээлтэй нэр дэвшигчийг шууд дэмждэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид  ажлаа “бөөн баяр” эхэлсэн…  Сонгуулийн дараа МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нь бүр Ерөнхийлөгчийнхөө (МСНЭ-ийн биш, Монгол Улсын!) дэргэд нүүгээд оччихсон байсан шүү! 

Удалгүй 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Энхбаярч арга давтагдахнээ. Энэ удаад “Чөлөөт хэвлэл” санг биш (тэрбээр Ерөнхий сайдаа больж төсөв мөнгийг шууд мэдэхээ больсон тул татан буулгасан биз), МСНЭ-ийг ашиглах бололтой. Юу хэрэгтэйгээ хэлээд бай, мөнгө өгөөд байя гэсэн байна.  Гадаад дотоодоос мөнгө босговол яг тэнцэхүйц мөнгийг нэмнэ гэснийг бодоход тун нарийн схем зохиожээ. Харин мөнгийг нь Засгийн газар өгнө гээд гэснийг бодоход цаад Баяртайгаа хэдийнэ тохирчихсон байж таарлаа. (Даанч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга Амарсанааг өгч авалцаад байсан юм аа)

МСНЭ-ийн удирдлага Ерөнхийлөгчтэй уулзах тоолондоо төрөөс байр нэхдэг, цаадах нь амалсан харагддаг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар хэр зүтгэснийг нь харж байгаад  өгөх ч байх. Уг нь Жасрай агсан Ерөнхий сайд байхдаа хотын яг төвд аятайхан байшинг сэтгүүлчдийн байгууллагад олгосон, даанч түүнийг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хувьдаа завшсаныг бүгд сайн мэдэж байгаа… Бүр хавь ойрын газрыг нь зарсан сураг байдаг.   

Сонгууль дөхөхлөөр сурталчилгааны баг болж хувирдаг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн багт МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл оржээ. Б.Чадраа, Д.Чойжамц, С.Ганбаатар (МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг дэмжсэн лекц уншиж монголын бүх аймгийг тойрсныг санав уу?) , Н.Баяртсайхан, Ж.Эрдэнэчимэг, Т.Намжим, Б.Пүрэвбат гээд бусад  зөвлөхүүдийн нэрийг дурдвал илүү тайлбар хэрэггүй биз. 

Саяын их хурлаар МСНЭ-ын удирдлага дахь МАХН-ын гишүүдийн байршил улам “сайжирлаа”. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүний тухай би нэгэнтээ бичсэн. Ерөнхийлөгчид сөрөг гэгддэг “Өдрийн сонины” нэг төлөөлөл багтсан ч УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар очих болсон гэлцэнэ. Тэгтэл Ерөнхий нарийн бичгийн даргаа “шударгаар” шалгаруулж авах болж сонин хэвлэлээр тендер зарлаад хэнийг олсон гээч? УИХ-ын сонгуулиар бас л МАХН-ын сонгуулийн төв штабт ажилласан сэтгүүлч Я.Сумъяаг

Юмыг баталгаатай хийх юмаа…

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 6 Comments »

“Цагийн хүрд”-ийн сөрөг сурвалжлага

Posted by Ажиглагч on 2008/12/17

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Бороо гоулд” компаниас гэнэт халагдсаны мөнгө олгохыг шаардсан ажилчдын эрх ашгийг хамгаалж тэндхийн ҮЭ-ийн хорооноос зарлан хийлгэсэн хэвлэлийн хурлыг сурвалжлан үзүүлэв. Бухимдсан ажилчид компаниа шүүмжилсэн нь ойлгомжтой. 

Бусад сувгуудаар үзүүлснээр бол, “Бороо гоулд” компанитай анх гэрээ байгуулахдаа тэнд ажиллах монголчуудынхаа эрх ашгийг бодолцохгүй яасан юм бэ гэсэн гомдлоо төр засагтаа хэлж байжээ. Тогтвортой байдлыг гэрээний уршгаар монголын хэдэн арван тонн алтыг Монголд бараг юу ч үлдээхгүйгээр гаргасанд тэр гэрээг байгуулсан хүмүүс өөрсдөө ч харамсаж явдаг билээ. Яахав, хэдэн монгол ажилчид гайгүй цалин авсан гэж тайвшруулдаг, гэтэл өнөөдөр алтыг нь аваад ажилчдыг нь гаргаад хаячихлаа. Бороогийн алтны нөөц дууссан, харин Гацууртын шинэ ордыг ашиглах гэрээ байгуулагдаагүй гэсэн шалтаг хэлдэг аж. Танай хохь гэсэн үг. 

Гэтэл “Цагийн хүрд” араас нь“Бороо гоулд” тийм хариуцлагагүй компани юм уу гэсэн асуулт тавиад “дээд зэргийн хариуцлагатай” гэж нотолсон сурвалжлага бэлтгэн үзүүлж байх юм. Үүний тулд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга С.Баттулгаар тухайн үеийн хууль тийм байсан юм чинь яая гэхэв хэмээн өмөөрүүлээд тус компанийн орон нутагт хийсэн ажил, хандив тусламж мэтийн буяны ажлыг баахан тоочиж сүүлдээ магтах үгээ шавхсан  бололтой саяхан болсон нэгэн тэмцээнд “Бороо гоулд”-ийн баг түрүүлсэн тухай олимп маягийн мэдээ дуулгаад өндөрлөв. 

Ийм “сайн” компанийн өөдөөс үг дуугарч зүрхэлсэн хүмүүсийг олон нийтийн  телевиз ийнхүү “будаа болгов”. Ажилчид хэвлэлийн хурал хиймэгц сөрөг сурвалжлагыг асар шуурхай бэлтгэн үзүүлсэн байна. Яаралтай захиалга орж ирсэн биз.

Уржигдар болсон үйл явдлуудаас Оюутолгой, Таван толгойн  хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар хэд хэдэн иргэний хөдөлгөөнүүд хамтран хэвлэлийн хурал зарлаж хурц хурц мэдэгдлүүд хийснийг монголын телевизүүдээс зөвхөн “Цагийн хүрд” хав дарж өнгөрөөсөн билээ. 

Бас тэгээд олон нийтийн телевиз гээд байгаа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 14 Comments »

Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг зарлав

Posted by Ажиглагч on 2008/12/16

Шинэ жил дөхөж хэвлэл мэдээллийн оны шилдгүүд сүлд модны дэргэд бөөн бөөнөөрөө тодрох цаг ирлээ. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сонины Холбоо, Монголын Телевизүүдийн Холбоо, МАСЗХ, “Залуу удирдагч” сан, цагаан сараас өмнөхөн Хэвлэлийн хүрээлэнгийн оны шилдгүүдийн хувилбарууд мэндэхлээр өргөмжлөл, гуншингүй сонин хэвлэл, телевиз, радио, сэтгүүлч Монголд үлдэхгүй.

Өчигдөр “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсаны нэрэмжит сэтгүүл зүйн цоо шинэ шагнал бий болгосныг зарласан хэвлэлийн бага хурал хийлээ. Гэхдээ энэ удаагийн шинэ жилээр бус харин жил бүрийн 9-р сарын 20-нд буюу Ц.Балдорж агсаны төрсөн өдрөөр гардуулна. Шагналын болзлыг танилцуулсныг сонсоход зөвхөн сонинд хамаатай, иймээс өдөр тутмын юмуу долоо хоног тутмын сонинуудад (“Сэрүүлэг”, “Хүмүүс”, “Зиндаа” багтана гэсэн үг) хэвлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийн зохиогч “би шагнал авья” гэж, эсвэл “түүнд өгнө үү” гэж редакци нь юмуу уншигчид дэвшүүлэх ажээ.

Шалгаруулах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй, түүнд “Монгол ньюс” группийн захирал Б.Нандинтүшиг, МУИС-ын сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор М.Зулькафиль, Радио, телевизийн дээд сургуулийн захирал, сэтгүүлч Э.Сонинтогос, Балдорж агсаны гэргий, “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн захирал Н.Шүр, “25-р суваг” телевизийн гүйцэтгэх захирал А.Авирмэд, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ нар багтжээ.

Хэвлэлийн хурлыг “25-р суваг” телевизийн 2-р сувгаар шууд дамжуулахыг (ийм сайхан боломжийг Балдорж агсан сэдсэн байж таарна) үзлээ. Ерөнхийдөө сэтгүүлчдийг (бас редакцийг) бүтээлээр нь шалгаруулна, үүнд сэтгүүл зүйн бүх төрөл зүйл хамаарна гэж ойлголоо. Гэтэл зарим шүүгч ердийн мэдээг ч хамаагүй шалгаруулах тухай дуугарсан бол нөгөө нь сэтгүүлчдийг сар сараар зогсоо сунгаж оноогоор байр эзлүүлж байгаад дүгнэх юм болоод явчихав. Сэтгүүлч маань амралтаа авбал яах болж байна?

Тэгтэл сэтгүүл зүйн доктор М.Зулькафиль сурвалжлагчид ярилцлага өгч “Манай ХЗДХЯ-нд 2500 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэн нь эрүүл үзэгдэл бус” гэж хаа сайгүй хэлдэг тэр юмаа давтаж,  үүнийг цэгцлэхийн тулд энэ шагналыг бий болгосон гэсэн утгатай сонин тайлбар хийж орхив.  Наадах чинь 1990-ээд он, харин одоо 2008 он. Хүн бүр хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлдэг ардчилсан Монгол улсад 2500-хан сонин, хэвлэл, радио, телевиз зүгээр л бүртгүүлсний төлөө (ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй) ингэж сүр бадруулах хэрэг байна уу? Зулькафиль доктор Интернэтэд орж тэнд байгаа сайт, блогуудыг тоолж гаргаад цэгцэлнэ гэж давхивал яана аа!  Энэ чухал шагналын комиссыг иймэрхүү хүн онол талаас нь  удирдаж будлиулах вий дээ. “Гурваас илүүгүй сэтгүүлч баг болоод бүтээлээ дэвшүүлж болно” гэх мэт хачин заалт харагдана. Хамтраад бичиж барина гэсэн санаа алга.  Тэгэхлээр тус тусдаа хийсэн бүтээлээ нийлүүлж байгаад хавсайдаж болохнээ?

Хэвлэлийн хурлын зааланд Ц.Балдоржийн нэрэмжит шагналыг Америкийн Пулицерийн шагналтай байн байн зүйрлэж байлаа. Үнэхээр төстэй шагнал болоосой. Жозеф Пулитцер (1847-1911) америкийн сэтгүүлч, сонины эзэн байсан бөгөөд нас барахаасаа өмнө Колумбийн их сургуульд гэрээсэлж үлдээсэн 2 сая долларын зарим хэсгээр түүний нэрэмжит шагналыг болгосон нь өнөөдөр Америкийн сэтгүүл зүйн дээд шагнал юм. Одоо жил бүр сонины голдуу сэтгүүлчдийг 21 (!) ангиллаар шалгаруулж тус бүрт 10000 доллар олгодог гэсэн.

Гэхдээ Пулитцерийн шагналыг тойрсон маргаан үе үе дэгддэг. Худлаа баримт зохиогоод шагнал хүртчихсэн сэтгүүлч илчлэгдэж буцааж байсан түүхтэй.  Тэгвэл Ц.Балдоржийн нэрэмжит шагналыг монголын сэтгүүл зүйн дээд шагнал болгохын тулд тов тодорхой зарчим боловсруулж, нэгд нэгэнгүй бодож боловсруулсан дүрэм журмын дагуу ажиллаасай. Өчигдрийн хэвлэлийн хурлыг үзэхэд тэгэж тогтсон юм алга, иймээс шүүгчид санаанд орсноороо дуугарч бараг л сэтгэгдлээ ярих шиг санагдсан.

Өнөөдөр мэдээ, “бизнес мэдээ”-гээ ялгахаа больсон монголын сэтгүүл зүй хэмээх холион бантан, дөнгөж сая сонгуулийн найрнаас буусан сэтгүүлчид дундаас юм олно гэдэг маш хэцүү байх шүү…

Posted in "Өнөөдөр" сонин, + СОНИНУУД | 3 Comments »

TV9-ын “сонин уншлага”

Posted by Ажиглагч on 2008/12/11

Саяхан би манай телевизүүдээр гарч байгаа сонины тойм дэндүү болхи байгааг шүүмжилж яаж тоймолбол зохих талаар саналаа өгүүлсэн. Удалгүй TV9 телевизийн Focus Press нэвтрүүлэг шинэчлэгдэж “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр доторх тусгай булан болж сонинуудаас сонирхолтой ишлэлийг сонгон авч дэлгэцэн дээр гарган уншдаг өгдөг болжээ. Ийм “сонин уншлага” тун эвтэйхэн санагдлаа. 

Эндээс нэгэн чухал зүйлийг анзаарав. Үйл явдал, асуудалд дүгнэлт өгч тайлбарлах талдаа өдөр тутмын сонинууд хамаагүй өндөр түвшинд хүрсэн ажээ. Аливаа юмыг амаараа бурж гоё дүрсээр чимээд өнгөрөх нэг хэрэг,  харин цаасан дээр текст болгож буулгана гэдэг бол илүү хариуцлагатай, тэр чинээгээр чадвар шаарддаг биз. Нийгэмд шинэ санаа гаргаж ирэх, ноцтой баримт дэлгэх талдаа ч сонинууд илүү байх.

[Дэлгэцээс татсан зургаа орууулж чаддаггүй ээ]

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 3 Comments »

“Ардын мэдээ” ахмадыг сургав

Posted by Ажиглагч on 2008/12/11

TV9 телевизээр “Ардын мэдээ” шууд ярилцлагын нэвтрүүлэг “Арилжааны банкууд дампуурахгүй ээ” гэсэн сэдвээр явж байхыг дунд хэрээс үзлээ. Хөтлөгч Цогтгэрэл банкууд дампуурахгүйг яг мэдэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн үйл явдалд тос нэмэх ёсгүй тул мэргэжил нэгт нөхөддөө үлгэр жишээ үзүүлэх гэснээр  тайлбарлав. Тэгтэл утсаар холбогдсон сонсогч: … Банкны ямар ч мэргэжилгүй Даваа гэдэг хүн “Анод” банкийг удирдаж байсан, … хувьдаа банктай МАХН-ын …. гэж ярингуут хөтлөгч шууд таслаад “Ахмад хүн байж ёс моральгүй юм ярилаа“ гэж загнав. Залуу нь ахмадаа сургадаг сонин юм аа.  

Би хааяа энэ нэвтрүүлэгтэй тааралдаад харжээ байхнээ ямар нэгэн сэдэв зоогоод хатуу дагахыг шаарддаг, тэгэхгүй бол тасалчихдаг юм билээ. Одоо бүр урьдчилж дүгнэлтээ хийчихээд тулгадаг, хэрвээ зөрж яривал тасхийдэг болсон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 3 Comments »

Монголын хамгийн шударга телевиз ээ гэж …

Posted by Ажиглагч on 2008/12/10

Авилгатай тэмцэх газраас анх удаа олгосон “Шударга ёсны шагнал-2008’’-ыг хэвлэл мэдээллийнхний дундаас ‘’Йигл’’ телевиз хүртжээ. Тэр нь “Шударга vнэний дуу хоолой’’ нэртэй юм байна.

Гэхдээ энэ нэр томдоод  байна. Тус телевиз ерөнхийдөө мэдээний машин шиг ажиллаж чаддаг, сонирхолтой сурвалжлага, ярилцлагыг байнга үзүүлдэг, авлигын эсрэг сурталчилгааны аян, фестиваль явуулсан нь үнэн, гэхдээ энэ бүхнийгээ христийн шашныг Монголд зохион байгуулалттай дэлгэрүүлэх халхавч болгодог нь бас үнэн билээ. Христийн шашны дуу хоолой. Үүгээрээ “Сонин бол хамтын ухуулагч, хамтын суртал нэвтрүүлэгч төдийгүй хамтын зохион байгуулагч мөн” гэж миний амссан коммунист сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг хэлснийг санагдуулдаг.

2008 оны УИХ-ын ба орон нутгийн хурлын сонгуулийн үеэр “Ийгл” телевиз “Зочны цаг” ярилцлагын нэвтрүүлгээ төлбөртэй болгож нэг ёсондоо тэдний захиалгаар буюу тэднийг сурталчлан ярилцаж байсныг би шударга үнэн гэж үзэхгүй. Төлбөртэй гэж хэлэхгүйгээр сонгогчдыг хууран мэхэлж байжээ. (Өмнө нийтэлсэн “Сонгуулийн “бизнес” мэдээ” илтгэлийг үзнэ үү). Нэг удаад дунджаар 600 мянган төгрөгөөр энэхүү “бизнес ярилцлага”-ыг үйлддэг байжээ.

Монголын хэвлэл мэдээллийн хамгийн шударга нь ийм байгаа юм чинь бусад нь? Удалгүй оны шилдэг сонин хэвлэл, радио, телевиз, сэтгүүлчдийн өргөмжлөлийг түгээж эхэлнэ. Аймаар ч юм шиг, бас дээрхийн адил сийхгүй өргөмжилнө гэж бодоход “бахархмаар” ч юм шиг …

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 25 Comments »

СОНГУУЛИЙН “БИЗНЕС” МЭДЭЭ

Posted by Ажиглагч on 2008/12/09

2008 оны 12-р сарын 8-нд “Глоб Интернэйшнл” ТББ-аас зохион байгуулсан “19-р зүйл ба хараат бус сэтгүүл зүй” дугуй ширээний ярилцлагад зориулж өөрийн бичсэн илтгэлийг дор нийтлэв.

Аливаа нийтлэл, нэвтрүүлгийг (нийтэд хүргэдэг гэсэн утгаар бүх төрөл зүйлийг энд багтааж байна) захиалгаар бэлтгэж явуулах нь сэтгүүл зүйн мөн чанарт харшилдаг. Хэвлэл мэдээлэл бусдаас мөнгө авч тодорхой бараа, үйлчилгээг нийтэд танилцуулж болох авч энэ тохиолдолд нийтлэл, нэвтрүүлэг биш сурталчилгаа гэж нэрлэнэ. Энэ бол сэтгүүл зүйд шийдэгдсэн асуудал. Нийтлэл, нэвтрүүлгийг зар сурталчилгаанаас зааглах нь сэтгүүл зүйн үндсэн зарчмуудын нэг юм. Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | 6 Comments »

МҮОНТ, МҮОНР-г Интернэтээр шууд үзэж сонсож болно

Posted by Ажиглагч on 2008/12/08

nuonrt-internet-44

 Хоёр долоо хоногийн өмнө сэргэсэн МҮОНРТ-ийн http://www.mnb.mn сайт  тэргүүн нүүрэндээ хуучин мэдээтэй, телевизийн долоо хоногийн  хөтөлбөрийг эс тооцвол булангууд нь хов хоосон байгаа. Гэхдээ энэ  сайтаасаа бүх нэвтрүүлгээ ямар ч төлбөр хураамж нэхэхгүйгээр шууд  үзүүлдэг болжээ. Үүгээрээ нэвтрүүлэг болгондоо тоолуур тавьж мөнгө  нэхэж эхэлсэн, эсвэл Интернэт телевиз, live энэ тэр гэж худлаа залдаг  арилжааны зарим телевизийг давж гарлаа. Одоогоор UBS телевиз  нэвтрүүлгээ шууд гаргадаг ч гацаа ихтэй учраас “ядаргаатай” санагдсан. 

 Тэгвэл МҮОНТ-ийн хөтөлбөрийг ганц секундын саатлыг эс тооцвол ямар ч  гацаагүй тод сайхан гарахыг хэдэн оройн турш үзэж байна. Сайт хийдэг  сайн компанийг сонгож техникийн асуудлыг амжилттай шийдэв  бололтой. Мөн FM-ын 106.0 долгионоор явдаг Монголын үндэсний радио,  100,9 долгионы эзэлсэн P3 радиогийн нэвтрүүлгийг ч бас л шууд сонсгож  байна. 

 Ингээд МҮОНРТ яг өнөөдөр Интернэт радио, телевиз болчихсон байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэж байгаа нэвтрүүлгийг эздэд нь (дарга нарыг хэлээгүй юм шүү) ингэж үзүүлэхэд болохгүй нь юу байхав. Монголынхоо телевизийг зөвхөн Интернэтээр үздэг монголчуудад тун ч  хэрэгтэй.  Үүний зэрэгцээ “Гэрэлтэй цонх” хөтөлбөр гадаадад суугаа монголчуудын тухай булантай болсон байна.  

nuonrt-internet-14  nuonrt-internet-5nuonrt-internet-10  nuonrt-internet-8

P.S: МҮОНТ, радиогийн нэвтрүүлгийн сайн мууг  энд огт хөндөөгүй  юм шүү.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

… Муу хууль байсан ч сайн ажиллаад явчихна …

Posted by Ажиглагч on 2008/12/07

МҮОНТ-ийн Бямба гаригийн “Ярилцья” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцов. Энэ удаад би нэвтрүүлгийн тухайд биш, харин эрхэм сайд (эрхэм гишүүн + сайд)-ын ярьснаас үүдэн хэдэн үг бичив.  

tsnyamdorj-on-muontv-1 tsnyamdorj-on-muontv

 Тэрбээр Хууль, зүй дотоод хэргийн яаманд 2000 онд сайдаар очоод Монголд хууль ёсыг  тогтоож эхэлсэн, буцаад уначихсан байсныг энэ удаад ч бас босгож байгаа,  үүний тулд юунаас ч айхгүй тухайгаа ярилаа. Бас завсраар нь 2005 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль эхлэх үед энэ Энхсайхан гэдэг этгээд Оюутолгойн асуудлыг, ашигт малтмалын асуудлыг улс төржүүлж эхэлсэн. Үүнээс болж гурван жил алдлаа. Нэг хүний хорлол багагүй гэдгийг харууллаа” гэж улс төрийн тавцангаас хэдийнэ арчигдаж сураг алдарсан тэр нөхрийн араас чулуу нүүлгэж амжлаа. Яасан тавьдаггүй хорсол вэ? (Хэдэн жилийн өмнө нэгэн охин гар утас хулгайлаад “Нямдоржийн”  гэгдэх эрүүгийн хуулиар 11 жилийн ял авсанд монгол даяар дургүйцэхэд таг дуугүй байснаа Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсаны хэзээ    хойно “тэр чинь давтан хулгай хийсэн юм чинь” гэж байнгын хорооны хуралдаан дээр ярьж суусан билээ. Ая нь таарвал буцааж хийхнээ). Бас Америкт ерөнхийлөгч нь голдуу хуульч байдаг гэж нотлов. Барак Обама хуульч байж түүнийг зоригжуулсан хэрэг. Одоо Нямдоржоос өөр Монголын ерөнхийлөгчид таарах хүн алга аа… 

 За, тэр яахав. Монголд хууль яагаад хэрэгжихгүй байгаа, ялангуяа сонгууль будилсан талаар төрийн хуулийн бодлогыг авч явдаг сайдын байр суурь надад сонин байсан юм.   

Ц.Нямдоржийн ярианаас ишлэл: 

Улс төрийн соёл гэдэг юм руу орох гэж байна. Манайд төрийн ажлыг ном журмынх нь дагуу хийж чадахгүй байна. Манай хуулийн орчин муу биш шүү. Гагцхүү ёс суртахуун, тэр хуулийг нь хэрэгжүүлж байгаа гол хүмүүс, улс төрийн гол хүчин хуулиас өөр байх [?] юм бол нэмэр байхгүй… Хуулийн цаана ёс суртахуун гэж нэг юм байна

 Араас нь хөтлөгч Мөнхтөр “сонгууль будилсныг хууль руу чихэж байна, муу хуультай учраас сонгуулиа хийж чадахгүй байна” гэсэн асуулт дэвсэж өгөхөд,  

Тэр бол ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн хэлдэг үг. Сая хотын сонгууль дахихад арилжаа, бар дэлгүүрүүдээ ажиллуулахаа болиход санал авах өдрөө 51 хувь бүрдчихх байсан. Сая хүрлээ. Зохион байгуулбал болж л байгаа биз. Ард түмэн сонгуульд ирж байгаа биз…  Хууль дээр алхам тутмыг бичүүлэх гэж оролдоод байдаг. Алхам тутмыг бичүүлэх хуульчийн ерөнхий сэтгэлгээ хуулийнхаа ерөнхий онолыг дагасан ерөнхий сэтгэлгээний задрал гэж юм байдаг, тэр нь задраагүй байна. [Эрхэм сайд дэндүү цэгцгүй ярих юм. Бага сага найруулаад ч нэмэр алга. Өмнөөс нь бичилтэй биш-Д.Ц.] … Жишээ 25-р тойрог дээр гарсан маргаан хагас жил боллоо,  эхний гурав нь гарцаагүй ялсан юм чинь өргөн барьж болно оо доо. Би энэ санааг хэлээд байгаа… Тэгэж чадахгүй  дандаа хууль руу дайрдаг… Сэтгэлгээний задрал … Хуулийн орчин муу байж болно.  Самбуу гуай шиг, Эрдэнэбатын Оюун гуай шиг ийм хүмүүс их хуралд сууж байвал хууль муу байсан ч сайн ажиллаад явчихна. Мянган  сайн хууль бичиж өгөөд, бүр цэг таслалаар нь зааж өгөөд ч ёс суртахуунгүй гишүүн, сайд ч байсан, агентлагын дарга ч байхад  хэцүү… Төрийн том ёс суртахууны асуудлыг би ирэх дөрвөн жилд хоёр нам хамтраад засаг барьж байгаа дээр сайн бодоосой гэж хэлэх гээд байна…  гэхчлэн цааш үргэжлүүлэв.

Сайдын хэлснээр бол Монголын хуулиуд маш сайн ч юм шиг, тэгснээ муу байсан ч хамаагүй юм шиг, гагцхүү улс төрчид ёс суртахуунтай л байвал болох юм гэнэ.  Хууль зүй биш, Ёс суртахуун, дотоод хэргийн сайд гэлтэй. Тэгвэл ерөнхийлөгч нь хуульч байдаг АНУ-д, эсвэл Энхсайхан гэх мэтийн “ёс суртахуунгүй” улс төрчгүй бусад улс орнуудын хуулиуд нь яагаад “алхам тутмыг бичсэн” байдаг юм бол? 

2008 оны УИХ-ын сонгууль ерөнхийдөө шударга болсон байж таарна. Хоёр гурван жилийн өмнө Нямдорж УИХ-ын дарга байхдаа удирдаж, бас “сэмхэн” засаж сайжруулсан УИХ-ын сонгуулийн хууль чухамдаа энэ “алхам тутмыг” зааж өгөөгүй учраас эцэс төгсгөлгүй маргаан. Орон нутгийн сонгуулийн хууль ч мөн адил.  Бараан зах, баар савыг хааж байж ирц хүргэнэ гэсэн заалт хаа ч байхгүй. Эсвэл хууль бусаар хааж байж ирц хүргэв үү? Бас нэг будлианы сэжүүр.

Эрхэм гишүүд өөрсдийгөө өмгөөлөн СЕХ-ны дарга Д.Баттулга, нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайхан хоёрыг яллаж, Төрийн ордонд авчран загнаж, бухимдсан иргэд, залхсан сэтгүүлчид гал дээр тос нэмж давхиад байгаа болохоос биш сонгуулийн хууль “шүүрэн шанага” гэдэг бол ортой.  Төрийн эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийг ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр зохицуулахад эдгээр хуулийн чадал хүрэхгүй байгааг бид энэ зунжин, намаржин харлаа. Шүүх хүртэл шийдэж чадахгүй байна.   

Ардчилал бол процедур гэж хаа нэгтээ уншсан санагдана. Ягштал бодож тогтоосон хууль журмыг дагахыг хэлнэ. Тэгвэл өнөөдрийн хуулиуд аль социализмын үеийн Октябрийн баярын уриа лоозон шиг ерөнхий санагдах боллоо. Социализм, МАХН энэ тэр гэсэн үгийг хасаад жишээ татвал: “Нөхөд өө! Хууль  ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлцгээе!”, “Улс төрийн соёлтой байцгаая!” гэх мэт. 

Нямдорж сайдын яриагаар бол Монголын хуулиуд  сэвгүй ажээ. Өөрөө “засаж янзалсан” болохоор аргагүй ээ. Одоо зөвхөн улс төрийн соёл, сэтгэлгээний задралыг шаардаж, цаг гарвал Энхсайханыг ээлжит удаагаа муулж суух бололтой. Саяхан яамных нь Нээлттэй хаалганы өдрөөр хэдэн хөгшдийг дагуулан очиж уйлсны төлөө Баасан гэдэг эмэгтэйг 14 хоног бариулж хорьсон байх юм.  

Мөн ч өндөр улс төрийн соёл шүү…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Бадар-Ууганыд Алтантүрүү биш Тэнгис хонов

Posted by Ажиглагч on 2008/12/01

Хэд завсарлаад сэргэсэн “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ удаад олимпийн боксын аварга Бадар-Ууганыд зочиллоо. Тэрбээр өөрт нь амлаад байсан олон байранд ороогүй, харин ШШБГ-аас өгсөн ганц сууцанд аав ээж, дүү нартайгаа цуг амьдардаг ажээ. Ухаантай сайн залуу, азтай гэр бүл байна. Иймээс сайхан нэвтрүүлэг боллоо.

Бадар-Ууганаас дутуугүй сонин юм гэвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү солигдсон явдал байлаа. Сүүлийн жилүүдэд Монголын телевизэд гарч ирсэн хамгийн өвөрмөц нэвтрүүлэг зүв зүгээр явж байтал нэвтрүүлэг, арилжаа хоёроо ялгахаа больтлоо мөнгөнд донтсон “25-р суваг” телевизийн удирдлага нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнд захиалгаар хонуулж цаадах нь үүнийгээ нуух гэж жүжиглэсээр нэр нүүрээ барсан билээ. Тиймээс нэвтрүүлэгтээ гутсан байх. Манай залуучууд ажилдаа дургүй болохоороо яадаг билээ?  Тэгээд телевизээсээ гарсан сурагтай. (Мэдээж өөрийн нэвтрүүлэг хийж олон телевизийн нэгээр гаргана. Монголд телевизээр мөнгө олдог аргыг тэр сайн сурсан биз) 

Харин 25-р сувагтаа үлдсэн “Танайд хоноё” нэвтрүүлгийн шинэ хөтлөгч Б.Тэнгист тийм явдал тохиолдохгүй гэж найдья. Ядахдаа дараа жилийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл. Бас манай зарим бүтээгдэхүүний үйлдвэрүүд “Тэнгис” гэдэг брэнд бүү гаргаасай. Гаргавал энэ нэвтрүүлгийг хөтлөгчтэй нь хамт худалдаад авчихаж мэднэ. 25-ын удирдлага эсэргүүцэж сүйд болохгүй…   

Энэ удаад “Танайд хоноё” нэврүүлгийн дундуур хангалттай олон реклам явдаг хэвээрээ, хөтлөгч нь унтахдаа хүртэл “Говь” компанийн унтлагын мешокийг рекламдаж үүгээрээ Алтантүрүүг давж гарсан харагдлаа. Илүү хэрэггүй байх аа…

tanaid-honoyo0 tanaid-honoyo31

tanaid-honoyo1 tanaid-honoyo4

tanaid-honoyo6 tanaid-honoyo7

tanaid-honoyo8tanaid-honoyo2

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 6 Comments »