АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for November, 2008

Гудамжаар дүүрэн “Гялбаа”

Posted by Ажиглагч on 2008/11/30

gyalbaa-setguuliin-5-jil

Зив Розенбергийн сэтгүүл гудамжинд гарав.

Posted in + СЭТГҮҮЛ | 6 Comments »

Телевизийн эздийн бэлэг

Posted by Ажиглагч on 2008/11/30

TV5 телевизийн мэдээлснээр бол Монголын телевизүүдийн холбооны удирдлага “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойд зориулан нэгэн дуу бүтээж бэлэглэжээ.  Шүлгийг нь соёлын гавъяат зүтгэлтэн, жирийн сэтгүүлч Ш.Гүрбазар, харин аяыг мэдээж UBS телевизийн эзэн, соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Балхжав зохиожээ. Ойн баярын хүлээн авалтанд уригдан очиж дуугаа хүлээлгэн өгч байгаа “комисс”-ын бүрэлдэхүүнд өөрийгөө TV5 телевизийн эзэн биш гэж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгөөр 2 дахь удаагаа сонгогдсон Д.Сарангэрэл харагдав. Дуунд шүлэг, аяаас өөр зохиох юм байдаггүй тул Монгол улсыг авч явдаг “Эрдэнэт” үйлдвэрт гараа сунгасан өгөөмөр хүмүүсийн тоонд өөрийн эзнийг багтаахын тулд TV5 телевизийн нэрээ нуусан сэтгүүлч “телевизүүдийн холбооны удирдлага бэлэглэв” гэж тайлбарласан хэрэг. Тэгснээ “Энэ дуу ХИТ болно доо гэж сонссон хүмүүс эргэлзээгүй хэлж байна” гэж нөгөө хоёрт нь тал засав.    

Урьд цагт уран бүтээлчид “зүрх сэтгэлээсээ” намын магтуу зохиодог байсан бол одоо ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр том үйлдвэр, компанийг магтсан уран бүтээл үйлдэж бэлэглэдэг сайхан цаг иржээ.

Мартсанаас, хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар 30 жилийн ойгоо угтуулж зарласан уран зохиолын уралдаанаа дүгнэж хэсэг зохиолчдод баахан мөнгө тараасан билээ. Эдгээр роман (тууж)-ууд бестселлер болно гэж уншсан хүмүүс хэлж байгаа болов уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 2 Comments »

Орон нутгийн сонгуулийн ирц хүрэхээс өөр арга алга

Posted by Ажиглагч on 2008/11/30

2008-11-30-sanalaa-ogoorei

Хамаг зах, арилжаа наймааны газар, зугаа цэнгээнийг хааж телевиз, радиогоос эхлээд гар утсаар хүртэл ухуулж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын дарга дөрөв үлгэр жишээ эртлэн босч морин цагт багтаан саналаа өгөөд камерийн өмнө хэдэн мөч саатахдаа “Таминь саналаа л өгөөрэй” гэж ганцхан зүйлийг захиж байлаа.

Уг нь бид сонгуульд аль нам ялж хэн сонгогдох бол гэж хүлээдэгсэн. Харин энэ удаагийн сонгуульд зөвхөн хүчинтэй болгохын тулд оролцлоо. Би л хувьдаа саналын хуудас аваад үзсэн чинь нэр дэвшигчдийн жагсаалт өмнөх  санал хураалтынхаас өөрчлөгдсөн байх юм. Шинэ хүмүүсийг танихгүй ч ядахдаа  нэрийг нь хэдэн секунд ажиглаж хэн нь хэн болохыг таамаглах гэтэл ирц хүргэхээр ирсэн ухамсартай сонгогч араас тулж зогссон тул санаа зовоод чадсангүй…

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Арилжааны телевизүүдийн сүүлчийн үдэш

Posted by Ажиглагч on 2008/11/29

Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд  арилжааны телевизийн сурталчилгааг  огт хязгаарлаагүй, зөвхөн олон нийтийн радио, телевизийн тухайд хориглосон билээ. Харин “Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно” гэсэн заалт оржээ. Гэтэл Улаанбаатарт байдаг бүх телевиз орон нутгийнх биш  үндэснийх бололтой.  Улаанбаатар хотын гэж ойлгогддог UBS хүртэл.  Зөвхөн Улаанбаатарт гардаг “Ийгл” хүртэл. Иймээс сүүлчийн хэдэн үдэш МҮОНТ ба “Боловсрол”-оос бусад телевизийн дэлгэцийн дэлгэцээр багтаж ядсан олон ухуулга, сурталчилгаа үзлээ. Ярилцлагууд байтугай мэдээ, сурвалжлагууд хүртэл нэр дэвшигчдэд зориулагдаж байлаа. 

“Ийгл” телевизийн “Зочны цаг” өнгөрч буй долоо хоногт дангаараа буюу багаараа ирсэн нэр дэвшигчдийг л хүлээж авлаа. UBS-ийн “Цай, кофе”-г зөвхөн нэр дэвшигчид уув. “25-р суваг” телевизээр нэр дэвшигчид гарахгүй бол  сэтгүүлч Ганзориг үзэгдэж байв.  Мэдээллийн хөтөлбөрөө хүртэл өөрөө  хөтөлж ажлаа сурталчилгаа болгов. Дээрээс нь төстэй аргаар үлгэр жишээ болж УИХ-ын гишүүн болсон З.Алтай ах нь  орой болгон гарч ирээд “манай Ганзоригийг …” гэж хэлээд дуу нь тасарч байлаа.  UBS телевизийн Сity News мэдээллийн хөтөлбөрийн “Энэ сэдвээр” ярилцлагы н тэр сэдэв юу байсныг таах хэрэггүй биз. Нэг орой Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшигч, “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ийгл” ба UBS-ээр зэрэг гарч харагдсан бол МАХН-аас нэр  дэвшигч C1-ээр ярьж дуусангуутаа ТМ-ийн студид амьсгаагаа дарж амжилгүй орж ирэх жишээтэй.   

Баасан гаригт буюу сурталчилгааны хамгийн сүүлчийн оргил цагаар нийслэлийн АН  телевизүүдийн том студид дүүрэг дүүргийн нэр дэвшигчдийг ярайтал суулгаж яриулсан “Улаанбаатар-Шинэ давалгаа” нэртэй  ижил загварын нэвтрүүлгүүдийг “25-р суваг”, C1, ТМ, SBN, НТВ, Ийгл телевизээр зэрэг шахам үзүүлэв. Ингэхдээ НТВ телевизээр  Хан-Уул  дүүрэг, SBN телевизээр Баянзүрх дүүрэг, “Ийгл” телевизээр СХД-ийн нэр дэвшигчдийн “Улаанбаатар-Шинэ давалгаа”-г гаргалаа. 

Харин МАХН-ын сурталчилгааны хаалт нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАХН-ын хорооны дарга, НИТХ-д Сонгинохайрхан дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Т.Билэгтийг  “урьж оролцуулсан”  TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье”  ток шоу байлаа. Хөтлөгч Э.Дагиймаа “ МАХН шижигнэсэн сайхан залуусаа 45 суудалд нэр дэвшүүлсэн байна…” гэхчлэн дуу алдаж байгаад хамаг чадлаараа үйлчлэв.

tv5-oron-nutgiin-songuuli tv5-oron-nutgiin-songuuli2

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Олон нийтийн телевизэд онц эрхтэй нэр дэвшигчид

Posted by Ажиглагч on 2008/11/29

Нэр дэвшигчдийн эх захгүй их мөнгө хажуугаар нь урсаж арилжааны телевизүүд рүү цутгахыг МҮОНТ хэдэн өдрийн турш хараад “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” гэгчээр өчигдөр буюу сонгуулийн сурталчилгааны сүүлчийн орой хэдэн төгрөг хийхээр шийджээ.   

20  цагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр  Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгахын тулд хууль эрх зүйн орчинг шинэчлэх хэрэгтэй хэмээн “Ногоон бүс, экологи” ТББ үзэж байна гээд тус байгууллагын тэргүүн Ганбатыг яриулсан сурвалжлага үзүүлэв.  Өмнөх санал хураалтын өмнө буюу 10-р сарын 10-нд “Цагийн хүрд”-ийн “Өнөөдрийн сэдэв”-ээр студэд уригдаж чадсан овсгоотой нөхөр мөн байна.  Хэрвээ би эндүүрээгүй бол Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшээд яваа.

Дараачийн сурвалжлага Дэлхийн банкнаас зохион байгуулсан олон улсын 10-р бага хуралд ХАС банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг оролцож үг хэлсэн тухай байж тэр үгийг хэлсэн тухай нь үг хэлүүлэв.  МҮОНТ-ийн хувьд онцгой эрхтэй энэ залуу нийслэлийн ИТХ-ын Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа. Намын гишүүн биш ч гэсэн мөнгөтэй, мөнгөтэй төдийгүй МҮОНТ-д зээл сурталчилгаагаар тусалж байгаа гэсэн.

muont-oron-nutgiin-songuuli-hasbank-ganhuyag12 

Араас нь Замын-Үүдэд  вагоны эргэлтийг сайжруулсан учраас ачаа саатахаа больсон тухай яаралтай мэдээлэв. Орон нутгийн сонгуультай ямар ч холбоогүй сурвалжлага уу гэтэл  нийслэлйн ИТХ-ын Баянгол дүүрэг дэх 4-р тойрогт нэр дэвшигч В.Отгондэмбэрэл Улаанбаатар төмөр замын дарга нэрээрээ гарч ирээд  контейнер энэ тэрийн талаар ярих нь тэр. Өмнөх санал хураалтын өмнө бас л энэ студэд уригдан ирж төмөр замын ажлын талаар ярьж суусан билээ. 

muont-oron-nutgiin-songuuli-otgondemberel

“Монголын мэдээ” агентлаг  ганц хөтөлбөрийн туршид гурван нэр дэвшигчийг “амжуулсан” нь багадаад сурталчилгаа дуусахын өмнөхөн “Үдшийн  мэдээ”-ндээ дахиад нэгийг нэмлээ. Тэр нь нийслэлийн ИТХ-д Баянгол дүүрэг дэх 4-р тойрогт МАХН-аас  нэр дэвшигч, тус дүүргийн Засаг дарга Л.Амгалан байв. “Нийслэл хотын хөгжлийн илэрхийлэл болсон Баянгол дүүргийн иргэдэд шинэ боломж нээгдэж байна. Тэд хөгжлийн гарцаа хэлэлцэх нэгэн чуулганыг удахгүй зохион байгуулах гэж байна… ирэх сарын 12-нд “Баянгол-түншлэл” чуулган зохион байгуулах меморандумд тус дүүргийн Засаг дарга Амгалан гарын үсгээ зурлаа” гэсэн утгатай сурвалжлага юм. Мэдээж Амгалан даргыг заавал яриулж “Та санал бодлоо хороон даргадаа хэлбэл 2012 он хүртэл хэрэгжих Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусах юм байна”  гэж төгсгөв. Тэр хүртэл Засаг дарга хэн байх ёстойг ойлгов уу?  

 muont-oron-nutgiin-songuuli-lamgalan2  muont-oron-nutgiin-songuuli-lamgalan

МҮОНТ-ийнхэн халтур хийсэн, эсвэл “Цагийн хүрд”-ийг бэлтгэдэг “Монголын мэдээ” агентлагын захирал Д.Энхтуяа албан тушаалаа ашиглан өөрийн намын нэр дэвшигчийг дэмжсэн гэж ойлгогдлоо. Мөнгө төгрөг авалгүй өгөөмөр загнасан ч байж мэднэ. Тэд хоёулаа МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны зүтгэлтнүүд юм.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

МҮОНТ дахин санал хураалтын өмнө хуучнаа эхлэв

Posted by Ажиглагч on 2008/11/28

Орон нутгийн сонгуулийн  дахин санал хураалтын өмнө намууд болон нэр дэвшигчид эх захгүй сурталчилгаагаа сэргээсэн бол МҮОНТ бас л хууль зөрчиж хэдэн төгрөг олж байна. 

Өчигдрийн жишээ. 2008 оны 11-р сарын 27-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөөр аж үйлдвэрийн технологийн парк байгуулах явдал чухал ач холбогдолтой гэсэн тайлбар үзүүлэв.  Цаасан дээрх төслийн тухай юм байна. Аж үйлдвэрийн технологийн паркийн консорциум гэж байгууллагын ерөнхийлөгч Энх-Амгалан гэдэг залуу хоёр удаа гарч ирээд хууль эрх зүйн орчин хэрэгтэй тухай ярив. Гэтэл яг энэ сурвалжлагыг өмнөх санал хураалтын өмнө буюу 10-р сарын 6-нд  “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн билээ. Яагаад давтав? “Таван эрдэнэ” компанийн захирал, нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүрэг  дэх 13-р тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа “Таван эрдэнэ” компанийн захирал  Б.Энх-Амгаланд МҮОНТ-ээр дахин гарч өөрийгөө рекламдах хүсэл төржээ. Мөнгөтэй хүн хүсвэл МҮОНТ хэзээд бэлэн. 

muont-iin-tsagiin-hurd-benkh-amgalan

Дараачийн сурталчилгааг шөнө дундаас хойш үйлдэв. “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн  “Үдшийн зочин” ярилцлагад  Нийслэлийн ИТХ-ийн  сонгуульд Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч, “Орхон” их сургуулийн захирал Н.Хажидсүрэн оролцож 10 минутийн турш сургааль айлдав. Хүмүүүс унтаж амрах гэж байхад шүү. Намайг сонгоорой гэж хэлэхээсээ ичсэн биз. 

muont-iin-gereltei-tsonk-hajidsurengiin-surtalchilgaa2  muont-iin-gereltei-tsonk-hajidsurengiin-surtalchilgaa11

Хууль сануулья.  Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 9-р заалт  “Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно гэсэн  бол Олон  нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13-р зүйлийн 1-р заалтад Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. 

МҮОНРТ-ийн томчууд болон тэдний өгсөн үүргийг дуулгавартай биелүүлдэг сурвалжлагч байтугай зургаан настай сурагч хүртэл “б-о-л-о-х-г-ү-й” гэж үсэглээд ойлгомоор тодорхой байгаа биз?

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

www.mnb.mn сэрэв

Posted by Ажиглагч on 2008/11/26

МҮОНРТ-ийн http://www.mnb.mn сайт 2008 оны 1-р сарын 14-нээс хойш шинэчлэгдэлгүй бүтэн жилийг үдэх шахсанаа сая сэргэж ажиллаж эхэлсэн байна. Одоогоор эхний нүүрний хэдэн мэдээ, нэвтрүүлгийн хөтөлбөрийг эс тооцвол бусад хуудсууд хов хоосон байна. Бас МҮОНТ-ын нэвтрүүлгийг шууд үзүүлж байсан боловч сүүлдэээ гацаад таг болчихов.  

Өнөөдөр UBS, TV5, TV9, 25-р суваг, НТВ гээд арилжааны гол гол телевизүүд аль эрт сайтаа байгуулж түүгээр дамжуулан өөрсдийгөө сурталчлаад зогсохгүй мэдээлийн хөтөлбөр, нэвтрүүлгээ зарж мөнгө олж эхэлсэн билээ. Тэгвэл олон нийтийн телевизэд сайн сайт хэд дахин илүү хэрэгтэй.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд “МҮОНТ нь үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:
6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;
6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;
6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;
6.1.4. ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;
6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал
” гэж заасан байдаг.

Ийм тайлан өдөр тутмын сонинд нэг удаа гарсныг би үзсэн, харамсалтай нь илтгэл, танилцуулга тал руугаа хэвийсэн, бас санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт гэх хэлэхээр юм олдоогүй. Сонин дээр дэлгэрэнгүй гаргахлаар их мөнгө төлдөг гээд олон нийтийн мөнгийг хэмнэсэн бол сайтдаа тавьчихмаар.

Яг өнөөдөр жирийн үзэгчид, олон нийтийн зүгээс МҮОНТ-тэй холбогдолтой мэдээлллийг хүссэн цагтаа авах, нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулгыг үзэх, бас тэднийг Үндэсний зөвлөлд хэн хэн төлөөлж “хаагуур, ямар юмаа хийж яваа”-г мэдэх боломж алга байна. Сайтын өмнөх хувилбар дээр “МҮОНТ-ийнҮндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавын “Илгээлт” гэсэн их зантай мэндчилгээнээс өөр юу ч байгаагүй.

Одоо http://www.mnb.mn сайт МҮОНТ-ийг үргэлж ил тод байлгах цонх болоосой.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by Ажиглагч on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, C1 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 8 Comments »

Сонинууд vs Сайтууд

Posted by Ажиглагч on 2008/11/24

Монголд хэвлэгддэг сонинуудын нийтлэл, нэвтрүүлгээс хамаг сонирхолтойг нь авч тавьдаг вэб сайтууд нэлээд хэдэн жилийн өмнө гарч ирсэн билээ. Эхэндээ хилийн чанадад суугаа монголчуудад уншигдажх болсондоо сонины эзэд дуртай байсан биз. Гэтэл яваандаа хуулагч сайтууд тоймгүй олширч тэдний нэг – http://www.olloo.mn гэхэд компани байгуулж хувьцаа гарган хөрөнгийн биржээр борлуулж сүүлдээ реклам сурталчилгааг нь булааах болсон тул  өнгөрсөн долоо хоногт Монголын сонинуудын холбоо ба Монголын өдөр тутмын сонинуудын холбоо мэдэгдэл гарган хэвлэлийн хурал зарлаж “бидний тэвчээр барагдлаа. Одоо болсоон” гэж мэдэгдсэн билээ.  Сайтууд “бид хулгайлаагүй, гэрээ байгуулаад авч байгаа” хэмээн няцаахыг оролдож байгаа ч  тэдний ихэнх цаасан сониныг хуулж амьдардаг, гэрээ хэлэлцээртэй зарим нь сонинуудад юу ч төлдөггүй нь үнэн юм.  Сонины эрхлэгч нар урьд байгуулсан ганц нэг гэрээгээ тэр өдөр цуцалсан байна. 

Сонинууд ба сайтуудын хооронд ийм  маргаан үе үе дэгддэг боловч төдөлгүй гэрээ байгуулсан нэрээр эвлэрдэг байсан бол энэ удаа тэгэхгүй байх.  Дэлхий даяар сонины хувь ширхэг аажмаар боловч тасралтгүй буурч  сонин хэмээх мэдээллийн хэрэгсэл хаа сайгүй байр сууриа алдах болсон тэр хандлага манайд мэдрэгдэж байна. Сүүлийн 10-аад жилд өдөр тутмын сонинуудын нэр төрөл олширсон хэрнээ хувь ширхэг нь өсөхөө больсон.  Тэгтэл улс төрчид өгөөмөр аашилж мөнгөөр угждаг сонгуулийн энэ удаагийн цикл үндсэндээшувтарч  хэдэн арав, хэдэн зуун мянгаар  тусгай дугаар захиалахаа болив. Ядаж байхад эдийн засгийн хямрал эхэлж ирэх оны төсвөөс УИХ-ын гишүүд болон яам, агентлагийн удирдлагын өдөр тутмын хэвлэл захиалгын зардал 35.1 сая төгрөгийг хасчихсан.  Сонины эзэд бухимдах нь аргагүй. 

Уламжлалт сонинуудад Интернэт халтай мэт боловч түүнд дасан зохицохоос өөр арга байхгүй.  Улам олон уншигч үйл явдлын мэдээг цаасан дээрээс биш компьютерийн дэлгэцээс  уншихыг илүүд үзэх болжээ. Хаанаас ч хамаагүй учраас гадаадад суугаа монголчууд гэхэд Улаанбаатарт  гардаг сонины нийтлэлийг  биднээс их уншсан байдаг. Бас сайтыг цаасан сонин шиг хэн нэгэн аваад явчихгүй. 

Иймээс сонинууд нийтлэлүүдээ бусдад хуулуулахгүй мөртлөө өөрөөсөө харамлаад зөвхөн цаасан дээр архивлаад байвал хайран. Одоогоор “Өнөөдөр”, “Өдрийн  сонин”, “Зууны мэдээ”, “Зууны шуудан”, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн тойм“, “Улаанбаатар таймс” өдөр тутмын сонинууд сайттай (www.mongolnews.mn, http://www.dailynews.mn, http://www.zuuniimedee.mn, http://www.zuuniishuudan.mn, http://www.niigmiintoli.mn, http://www.unuuuder.mn, http://www.ubtimes.mn), гэхдээ зөвхөн “Өнөөдөр” сонин нийтлэлээ.pdf хэлбэрээр борлуулж мөнгө олж эхэлсэн. Гэтэл зарим сонины сайт шинэчлэгдэлгүй 3 дахь жилээ үдэж байна. Чөлөөт хэвлэл хоёр магнатын “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинууд интернэтэд огт төлөөлөлгүй. 

Хэзээ нэгэн цагт сонин болгон цаасан ба онлайн гэсэн хоёр хувилбартай болж таарна. Хоёулаа адилхан байх албагүй, чухам энэ ялгаа аль алинаас нь мөнгө олох боломжийг эзэддээ олгох биз ээ.

Posted in + СЭТГҮҮЛ, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

ХААН банк уучлал гуйж мэдэхгүй …

Posted by Ажиглагч on 2008/11/20

ХААН банк Амгалан дахь салбараасаа болж TV9 телевизээр хөгөө чирснийхнээ дараа яасан гэж та бодож байна?  Банкны удирдлага нь тэр салбар дээр очиж ихэмсэг дарга залууг загнаж, ааш муутай ажилтнуудаа журамлав уу? Магадгүй Амгалангийн ядарсан авгай хүүхнүүдийг цуглуулж уучлал гуйв уу? Үгүй бололтой.

Маргааш орой нь  TV9 телевиз “Хаан” банкыг учир зүггүй өмөөрөх нь тэр. Энэ удаагийн сурвалжлагаар улирал тутамд олгогддог халамжийн мөнгө олгогдсож эхэлснээр ХААН банкны салбаруудын  ачаалал ихсэж байна,  тэр мөнгөнүүд өөр өөр дансаас ордог учраас 2-3 хоногийн зөрөө  гардаг гээд Нийгмийн халамжийн газрын ажилтнаар санхүүүжилтйн хуваарь, дүрэм журмыг баахан  тайлбарлуулав.  Хүүхдийн мөнгө дуусчихна гэж иргэд болгоомжилдог нь  ташаа ойлголт гэнэ. Өчигдөр TV9-ыг дуудсан сурвалжлуулсан Амгалангийн авгай хүүхнүүд үүнийг мэддэггүй учраас  хий дэмий бужигнаж “Танд ойрхон, түмэнд итгэлтэй”  банкийг хүндрүүлж ёс алджээ гэсэн санаа.  Араас нь ХААН банкны дэд захирал Л.Батсайхан өөрийн биеэр дэлгэцнээ морилж  тус банкинд халамжийн мөнгө хаанаас орж ирдэгийг дахин тайлбарлаж, хүүхдийн мөнгийг дансанд нь хийгээд өгчихдөг тул заавал Амгалангаас авах шаардлагагүй, хотын төвд явж байвал тэндээс авч болно, Зүүнхараа очоод авж болно, Өмнөговь очоод авч болно, онлайнаар авч болно гээд гайхуулж өгөх  нь тэр. 

Өмнөговь руу нисэх байтугай хотын төв орох автобусны мөнгөтэй болохын тулд эхлээд хүүхдийн мөнгөө авах хэрэгтэй тэдгээр авгай хүүхнүүдийг даапаалаад ч байх шиг. Энэ янзаараа Амгалангийн салбараа хаачихаад хүүхдийн мөнгөө Интернэтээр ав гэх юм байна. Сурвалжлагч залуу дэд захирлыг даган баясаж ХААН банкны 400 гаруй салбартай 80 хувь онлайнаар холбогдсон, 70 гаруй мөнгөний машинаас авч болно гэхчлэн үргэлжлүүлж өндөр сүрлэг барилгуудыг харуулсаар сурвалжлагаа өндөрлөв. 

Амгаланд хүүхэд шуухаддаа дарагдан суугаа үйлчлүүлэгчдээ хаалган дээрээ тосч угтдаггүй юм аа гэхэд хүний ёсоор харьцаж эвтэйхэн тайлбарлаад хуваарь гаргаж төрөөс дамжуулсан мөнгийг хэл амгүй тараачихаж чадахгүй байж юун сүртэй юм бэ?  

Миний магтаад байсан TV9 юу болов оо? Тэр өглөө ХААН банкны удирдлага TV9-ын захирал руу утасдаж гомдол мэдүүлсний дагуу өөр сурвалжлагчийг томилж дээрх  сурталчилгааг хийж эрхэм банкны нэр хүндийг цэвэрлэж өгсөн биз. Эсвэл мөнгөний хүүдийнээсээ хэдэн төгрөг гаргаж захиалсан “Бизнес мэдээ” ч байж болох юм. Манай телевизүүдийн төлбөртэй, төлбөргүй мэдээнүүд ялгагдахаа больсон билээ. 

ХААН банкны дэд захирал энэ орой Амгалангийн хүүхнүүдийг чадсан (банкийг нь хайр найргүй балбасан телевизийг ганцхан хоногт урвуулна гэдэг тоглоом биш) амжилтаа бататгаж TV5 телевизийн бас л төлбөртэй “Зочны цаг”-ийг худалдаж аваад хадгаламж эзэмшигчдээ удалгүй харж үзэх тухайгаа бахдан ярилаа.  

Ингэж олон юм ярихын оронд “Уучлаарай,  та бүхнийг дахиж бухимдуулахгүй” гээд уучлал гуйсан бол ХААН банк засарчээ гэдэгт би л лав итгэх байсан юм.  Бүх юмыг мөнгөөр шийдээд сурчихсан хүмүүст уучлал гуйх сэтгэл байдаггүй юм болов уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг | 8 Comments »

ХААН банкны Амгалан дахь шившиг

Posted by Ажиглагч on 2008/11/18

Нийслэлийн зүүн урд зах – Амгалангийн иргэд хүүхдийн мөнгөө авах гэж улиралд нэг удаа ХААН банкны салбарын үүдийг хэд хоногоор сахиж үхэн хатан оочирлодог, хэрвээ авч амжихгүй бол дараа улирал хүртэл хойшилдог юм байна. Тэд энэ удаад банкныхны хүнд суртал, хараал ерөөлийг дахин амсаад гомдсондоо телевиз дуудсан нь TV9 байжээ.

Сэтгүүлч Отгонжаргал үймэлдсэн иргэд, нялх нярай хүүхдээ тэвэрсэн эхчүүдийг нэгд нэгэнгүй харуулж тэдний заримыг дотор нь онгойтол яриулсан (“… Эднийх дандаа ингэдэг … 8-р сард хүүхдийн 25 мянгыг C1 телевизийг ирүүлж байж авсан .. Өнөөдөр хоёр дахь телевизээ дуудаад сая нэг мөнгө өгч эхэлллээ … Энэ банкийг ажиллуулмааргүй байна…”) төдийгүй дээд давхарт өрөөндөө тухлан гар утсаараа хууч хөөрч суугаа салбарын захирал дээр ороод ёстой нэг болгож өглөө.  Цаадах нь залуугаараа арай л эрт  хамраа сөхсөн том дарга болсон нь илт бөгөөд “иймэрхүү юм телевизээр гаргавал сайн юм болохгүй” гэж анхааруулаад бичлэгээ зогсоохыг шаардсанаа дахин утсаа авч цонхон дээрээ очиж ар нуруугаа харуулан “Шагдарын Соном … дансанд мөнгө орсон… ” гэх мэтээр ярьж сэтгүүлчийг хүн гэж  тоохгүйгээ харуулав. Хувийн ажлаа сэтгүүлчийг явсны дараа нууж ярьмаар юм даа.

TV9-ийн энэ шүүмжлэл зөвхөн ХААН банкны Амгалан дахь салбарын тухай байсангүй. ХААН банкаар төсвийн мөнгөний ихэнх нь дамжиж тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгийг тараасныхаа төлөө их ашиг олдог, гэтэл дээрээс нь нэмж БСШУ-ны шинэ сайд Ё.Отгонбаяр боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлс болон салбарын бүх байгууллагын дансыг тус банкинд байршуулахаар болсон гэнэ. Сэтгүүлч  үүнийг “нэг банкийг хэт шүтсэн, монополь байдлыг бий болгосон шийдвэр” гэж дүгнээд “… олон салбар нэгжээрээ дамжуулан төрийн мөнгөний ихэнхийг гартаа оруулж асар их ашиг олдог ХААН банк  даахгүй нохой булуу хураахын үлгэрээр шунаж авсан тусгай эрхэндээ даруулаад амьсгал хураах нь холгүй байгаа…”-г Амгалан салбараар жишээ болгож  тус банк төрийн мөнгөнөөс нэмж шимэхийг болиулж гаргасан шийдвэрээ эргэж харахыг сайдад уриалж амжлаа.

Сүүлийн саруудад TV9 телевиз ХААН банкийг дэс дараатай балбаж байгаа. Энд ямар нэгэн бодлого байж магадгүй ч энэ сурвалжлагыг магтахаас өөр арга алга. Ядарсан авгай хүүхдүүдийн мөнгийг улиралд ганц удаа эвтэйхэн тарааж суртал нь, бас салбарын захирал нь сэтгүүлчдийн өмнө пээдийхээ больтол нь сурвалжлаад байх хэрэгтэй.

haanbankamgalan-21 haanbankamgalan-31haanbankamgalan-41 haanbankamgalan-51haanbankamgalan-61 haanbankamgalan-71haanbankamgalan-81 haanbankamgalan-91haanbankamgalan-101 haanbankamgalan-112

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 2 Comments »

“Эко констракшн”-ий Нямдаваа телевизийн дэлгэцнээс салахгүй нь ээ

Posted by Ажиглагч on 2008/11/17

Сүүлийн хэдэн жил захиалагчдаа зогсоо зайгүй хулхидаж байгаа “Эко констракшн” компанийг муулж бичээгүй сонин, муугаар үзүүлээгүй телевиз гэж Монголд үгүй болжээ.  Барилгаа  хугацаанд нь ашиглалтанд оруулж үзээгүй болохоор өөр яахав.  Боссон барилгууд нь бөөн гомдол дагуулдаг ч эрхбиш хатуу төмөр  хэлхэж цемент зуурч нийлүүлсэн юм болохоор тогтоод байдаг биз.

Ийм  дампуу компанийн захирал Нямдаваа гэгч залуу хэвлэл мэдээллээс бултаж сурсан нэгэн боловч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ийгл” телевизийн сурвалжлагч Батхишигтэй Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үүдэн дээр таарчихаж.

Сурвалжлагч ярилцлага авахыг хүсэхэд цаадах нь сайдын өрөө рүү ухарч хэсэг нуугдсанаа сайдын туслах залууг дайчлан камерийн дуранг таглуулж байгаад хажуугаар нь гарч гоё машиндаа хамт суун зугтжээ. Удалгүй түүний үүрэг өгсний дагуу бололтой “Эко констракшн”-ий нэг  нөхөр “Ийгл”-ийн сурвалжлагчид бүгдийг ярьж өгнө хэмээн мэхэлж компани дээрээ дуудаж ирүүлээд “Бид өөрсдөө танайд хүсэлтээ тавиад нэвтрүүлэг хийлгэж болох уу?” гэж тандсан байх юм.  “Бид мөнгө өгвөл биднийг магтсан нэвтрүүлэг хийж өгөх үү?” гэсэн үг.

Өнгөрсөн зун тус компани  “2008 он” гэсэн зохиогчтой (төгсгөлд ингэж бичсэнээс өөр нэр хаяггүй) захиалгат нэвтрүүлгийг бараг бүх телевизээр (түүний дотор “Ийгл”-ээр) үзүүлэхдээ “Эко констракшн”-д гомдсон хэдэн зуу, мянган захиалагч байгааг тас нууж, зөвхөн  гэрээлсэн байрандаа удахгүй орно гэж найдсан хэсэг захиалагчаар компаниа баахан магтуулж жүжигчин Равдангаар хөтлүүлсэн билээ. Цаадуул нь хамаг мөнгөө төлчихсөн, хэд дахин хойшилсон байраа яаж ийгээд авахын тулд аргагүйн эрхэнд магтаж өгсөн биз.

Үйл явдал цаашаа улам сонирхолтой өрнөжээ. Маргааш нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав “Ийгл”-ийн сэтгүүлчийг хүлээн авч уулзаад “Эко констракшн” компани алдаа дутагдлаа зассан гэж нотолсноо сэтгүүлчийн гаргаж ирсэн баримтад уурсан “Чи нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд байгаа  Нямдаваа захирлын нэр хүндэд бусдын захиалгаар халдлаа” гэж загнаад “Зууны шуудан” сонинд гарсан ”Захиалгын сэтгүүл зүй газар авах гээд байна” гэсэн ярилцлагын гарчгийг нотлох баримт болгон зааж, бас “сайдын туслах Эко компаниас барилгын зураг авах гэж явсан юм мэдэв үү?” гэх мэтээр даналзсан байх юм.  Урьд нь А.Мягмаржав “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, бас Монголын радиогийн “Хурд” агентлагийн захирал байсан юмсан. Сайн хүнийг төрийн алба сайн эвдэх юмаа.

Бямба гаригт ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сэтгүүлчдийг дагуулан барилгын компаниудийг эргэхэд Нямдаваа захирал нөгөө зовлонт “Ийгл”-ийн сурвалжлагч бүсгүйтэй дахин учрах нь тэр. Гэхдээ юу ярьсан гээч? “Хэрвээ төр засаг банкуудад яаралтай үүрэг зээл өгүүлбэл барьж дуусгах гээд хүлээгээд сууж байна” гэнэ ээ.  Сурвалжлагч гайхаж “хэрвээ танай компани барилгаа ноднин хугацаанд нь оруулсан бол барилгын материалын үнэ өсөхөөс өмнө амжих байсан биш үү” гэсэн сурвалжлагчийн асуултанд  дахиад л “банкнууд зээл өгвөл …” гээд юу ч болоогүй юм шиг тормолзож зогслоо.

eco_construction_nyamdavaa2

“Эко констракшн” гэж компани ямар нэгэн ид шидээр (зарим хүмүүс ид шид биш, нууц эзэн нь нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд учраас тэр гэдэг ) хотын энд  тэндгүй газар эзэмшиж үй олон захиалга авч баахан орон сууцны барилга эхэлсэн боловч тэрнийгээ барахгүй сунжруулсаар энэ жилийн үнийн өсөлттэй золгожээ. Дараачийн удаад банкинд үүрэг өгөөгүй төр, өөрт нь зээл олгоогүй банкуудийг буруутгаж ярих юм байна. Магадгүй, аргаа барсан захиалагчдаараа “Нямдаваа захиралд зээл олго” гэсэн жагсаал цуглаан хийлгэж мэднэ. Өөрийгөө нийслэлийн ИТХ-д сонгуулах бол энүүхэнд.

Хотын дарга нар төсвийн мөнгөөр байр авахдаа зөвхөн “Эко констракшн”-ий байрыг сонгодог нь тус компанийн өөр нэгэн ид шид юм. Хэд хоногийн өмнө нийслэлийн хамгийн өндөр настанд олгосон нэг өрөө байрны түлхүүрийг Нямдаваа нь хувиасаа өгч байгаа мэтээр гардуулж UBS телевизээр шоудаж харагдсан.

Одоо Нямдаваа захирал телевизээс зугатах биш, телевизээс салахаа болохнээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, UBS телевиз | 3 Comments »

5000 төгрөг ба 20 долларын үнэтэй сэтгүүлүүд

Posted by Ажиглагч on 2008/11/11

“Танд хэрэгтэй” 

tand-heregtei-setguul-2008-1   tand-heregtei-setguul-2008

Тус сэтгүүлийн хоёрдахь буюу 11-12-р сарын дугаар хэвлэгдэн гарчээ. Янз бүрийн бараа үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан 200 хуудас мэдээлэл бүхий тун сонирхолтой сэтгүүл байна. Анхны дугаар 2008 оны 7-р сард гарч жимс жимсгэний талаар олон тооны зөвлөгөө танилцуулга нийтэлсэн бол шинэ дугаарын сэдэв нь мах, махан бүтээгдэхүүн ажээ.  Бас эхний дугаарын зочин буюу хавтасны хүнээр “Шри шри” амьдрах ухаан төвийн тэргүүн Ц.Саранцэцэгийг сонгосон бол дугаарынх Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болжээ. Сэтгүүлийг“Ирмүүн мальтмедиа” ХХК эрхлэн гаргаж байна.   

Jockey.mn 

Энэ бол Монголын олон улсын морин уралдааны холбооноос хурдан морины талаарх төрөл бүрийн мэдээллийг агуулсан портал цахим хуудасны төдийгүй гадаад, дотоодын хурдан морины эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар мэдээ, мэдээллийг агуулсан “журнал” (өөрсдөө тэгэж тодорхойлжээ)-ын нэр юм. 2008 оны 9-р сараар дугаарласан анхны дугаар саяхан хэвлэлтээс гарч номын дэлгүүрүүдэд иржээ.  

Mongolian Mining Journal 

mongolian-mining-journal

Сар тутам англи, монгол хэлээр хэвлэгдэн гарах Mongolian Mining Journal сэтгүүлийн нэг дугаар 20 долларын үнэтэй юм байна. Арай л үнэтэй санагдаж байвч монголчууд бид санаа зовохгүй байж болно.  Учир нь монголын ашигт малтмалд татагдан  орж ирсэн болон орж ирэх  компаниуд, бизнес эрхлэгчид харамлахгүй төлөх тийм мэдээллийг агуулах бололтой.  Иймээс номын дэлгүүрт үзэгдэхгүй байна. Бас нэр нь зөвхөн англи.

Эхний дугаарыг уул уурхайн асуудлаар болсон Discover Mongolia 2008-ийг угтуулан гаргажээ.  

Сэтгүүлийг Уул уурхайн vндэсний ассоциацын ерөнхийлөгчийн зөвлөх Э.Содонтогос, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байсан сэтгүүлч Л.Болормаа хоёр үүсгэн байгуулжээ.  http://mongolianminingjournal.com вэб сайттай. 

Hi Кино

Монголд өнөөдөр “бүх урлагуудын дотроос хамгийн чухал”-д зориулсан хэвлэл алга. Урьд “Кино ертөнц”, “Дэлгэц” гэх мэт олон сэтгүүл, бас сонинууд мэндэлж байсан ч тэгэсхийгээд сураг алдарсан билээ. Интернэтэд http://www.kino.mn нэртэй сайт байдаг ч одоохондоо Under construction байна. Энэ удаад сэтгүүл ээлжит оролдлогыг AVLA ХХК хийж анхны дугаарыг 11-р сарын эхэээр гаргажаа. Үүсгэн байгуулагчид нь нэрээ авахаар очиход нь “Кино” нэр хэдийнэ эзнээ олсон байсан тухай Hi үгийг урьд нь нэмж ийм эрлийз болгосон байх. Ерөнхий эрхлэгч Б.Дарханцэцэг. Сэтгүүлийн зөвлөх нь нэрт кино найруулагч Х.Дамдин юм байна. 

Mongolian Mining Journal-аас бусад сэтгүүлийн худалдаалах үнэ 5000 төгрөг.  Ноднин сэтгүүлийн дундаж үнэ 3500-4000 төгрөг байсан бол эдийн засгийн хямралаас болж өнөөдөр 20-25% өссөн байгаа биз? 

Posted in + СЭТГҮҮЛ | 5 Comments »

МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд хэн хэн оров?

Posted by Ажиглагч on 2008/11/11

МСНЭ-ийн 3-р их хурлаар сонгогдсон 15 хүнтэй гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнийг жагсаавал, ерөнхийлөгч Д.Сарангэрэл, дэд ерөнхийлөгч Т.Баасансүрэн нараас гадна МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор М.Зулькафиль, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаяр, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатар, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, “Улаанбаатар радио”-гийн ерөнхий захирал У.Булган, Монголын радиогийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш, мэдээлэл, сурталчилгааны “Интерком сан” ХХК-ийн захирал Ц.Цэдэн-Иш, МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат, МСНЭ-ийн Эрдэнэт  дэх салбар зөвлөлийн дарга Т.Сувдаа, Дорнод салбарын дарга Б.Туяа, МСS группийн дэд захирал Л.Энх-Амгалан нар болно.  

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн яагаад монголын сэтгүүлчдийн төлөө хүчин зүтгэх болов? “Монголросцвет” нэгдлийн ерөнхий захирал байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаад тэр нь “нотлогдоогүй” өнгөрсөн энэ эрхэм  TV5 телевизийн ивээн тэтгэгч, магадгүй нууц эздийн нэг гэгддэг. Зарим төлөөлөгч болж “байгаа юм уу?” гэж асуухад өнөөдрийн их хурлыг санхүүжүүлсэн гэж ойлгуулаад нам болгосон юм гэнэлээ.  Их хурлаараа нийлж авлига авснаас ялгаа юу байхав. Нэмж бас “Таван богд” группийн захирал Баатарсүрэнг зүтгүүлж үзсэн сурагтай. Коктейль найруулагч нь сэтгүүлчдийн байгууллагыг амины телевиз шигээ байлгахыг хүсчээ.   

Ингээд МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны шинээр сонгогдсон 15 гишүүн дотроос ажил олгогч биш бөгөөд сэтгүүлчийн ажлаа хийж байгаа хүн 5 олдлоо. Б.Золбаяр, Ц.Алтанцэцэг, Д.Заяабат гурав дээр МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын дарга, кабелийн телевизийн захирал Т.Сувдаа, Дорнод аймаг дахь салбарын дарга, “Дорнодын мэдээ” сонины эрхлэгч Б.Туяа хоёрыг нэмээд шүү!  

Намын харъяаллын хувьд МАХН-ын гишүүн лав 9 байна.  (Илүү ч байж магадгүй, гэхдээ би заримыг сайн мэдэхгүй) 

Одоо ямар нэгэн тайлбар хэрэггүй байх аа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

МСНЭ-ийн 3-р их хурал: TV5 хөөрч МҮОНТ бойкотлов

Posted by Ажиглагч on 2008/11/08

Сэтгүүлчдийн их хурлын талаар манай телевизүүд юуг мэдээлэв? Ихэнх нь “хаяагаа хадрахгүй” зарчмаар илүү дутуугүй сурвалжлаад өнгөрсөн. Харин хоёр телевиз тэс өөрөөр хандлаа. 

Оройн 18 цагт их хурал дуусаагүй үргэлжилж байсан ч TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр МСНЭ-ийн их хурал 3-р их хурал хэмээх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй сурвалжлагаар эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илгээлт явуулсан, гэхдээ сайд дарга нарыг уриагүй, иймээс сэтгүүлчид дангаараа толгойгоо мэдэж хараат бусаар хуралдсан гээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн илтгэлийн хэсгээс сонсгож дэлгэцэн дээрх танилцуулгаас ньүзүүллээ. Өнгөрсөн 3 жилд МСНЭ-дээ 45 сая төгрөг оруулсан, жишээлбэл  ДОХ-ын төслөөс 2 үе шаттайгаар 15 сая төгрөгийн төсөл харэгжүүлсэн, Их Монгол улсын 800 жилийн ойн арга хэмжээний төсвөөс 10 сая төгрөг авсан, мөн МСНЭ-ийг өөрийн байртай болгож тохижуулсан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн тэмдэглэл ном гаргасан гэхчлэн тайлагнажээ. Бас Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байна хэмээн тэр илтгэжээ. Араас нь Д.Амбасэлмаа, М.Зулькафиль хоёроор МСНЭ өнгөрсөн 3 жилд маш сайн ажиллласан гэж магтуулаад, төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл дөнгөж сая сонгогдсон баяртай мэдээг хамгийн түрүүнд хүргэлээ. Оройн 21 цагаас энэ сурвалжлагаа давтан үзүүлэв.  

TV5 телевиз ингэж хөөрөхөөс өөр яахав. Сурвалжлагын гол баатар бол өөрийнх нь эзэн. Яахав, ерөнхий зөвлөх гэсэн даруухан нэртэй. (Цаашдаа ерөнхий эзэн юм уу эзэн зөвлөх гээд нэрлэвэл ямар бол?)

Гэтэл Монголд хамгийн олон сэтгүүлч нэг дор ажилладаг төдийгүй улс оронд болсон үүнэс ч жижиг үйл явдлыг тэр орой сурвалжилсан МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр таг дуугүй өнгөрөөх нь тэр.  Магадгүй, их хурал оройтож тарсан учраас амжаагүй, эсвэл сурвалжлагч нь их хурлын зааланд ороод сэтгэл хөдөлж коктейльдоод саатчихсан, иймээс маргааш орой үзүүлэх биз гэж бодоод өнгөрөв.  

Гэтэл маргааш оройн “Цагийн хүрд“ сэтгүүлчдийн их хурлыг дахиад тоосонгүй. (Эсвэл өдрийн мэдээгээр мэдээлсэн байж болох. Үзсэн хүн байвал хэлээрэй)

МҮОНТ сэтгүүлчдийн их хурлыг мэдээлэхгүйгээр бойкотолсны жинхэнэ шалтгаан өөр байх. Ноднин МҮОНТ дотроо бужигнаж суулт өлсгөлөндөө хүрсэн тэр өдрүүдэд TV5 хэмээх арилжааны телевизийн эзэн Д.Сарангэрэл МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр давхиж ирээд нэмж бужигнуулсны хариуг жилийн дараа барив бололтой. 

Нэг телевизийн, тэр тусмаа олон нийтийн телевизийн дотоод хэрэгт нөгөө телевизийн эзэн оролцохыг эсэргүүцэх нь түмэн зөв.  Гэхдээ  Д.Сарангэрэлийн Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсан гэж худлаа ярьснаас эхлээд сэтгүүлчдийн даргаар өөрийгөө дахиад сонгуулсан зэргийг нь илчилж сурвалжилсан бол дээр байж. Юуны тулд шударга үнэнийг эрэлхийлж бүх нийтэд хэлэх үүрэгтэй олон нийтийн телевиз билээ? Тэр тусмаа сэтгүүлчид нь төлөөлөгчөөр оролцоод байхад.

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 7 Comments »

Монголын сэтгүүлчдээр найруулсан коктейль

Posted by Ажиглагч on 2008/11/07

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн 3-р их хурал өчигдөр “Чингэс” зочид буудалд хуралдаж дууссан байна. 

Бас л хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, албан тушаалтнууд зонхилсон том хурал болж өнгөрчээ. Миний хүндэлж явдаг ахмадууд олон харагдсан, гэхдээ тэд өнөөдрийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг шийдэх арга механизмыг “одоогийн залуучууд хөөрхий юм мэдэхгүй учраас тэдэнд сайн хэлж сэнхрүүлээд өгөхөд болно” хэмээн итгэж явдаг улс. Эдгээр ахмадыг дарга нараар нь томилуулж ирүүлсэн дуулгавартай (ихэнх нь сүржин ярианаас цаашгүй) сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийг тойрон эргэлддэг баахан нөхдүүдтэй хольж дүүргээд өөр байр суурьтай цөөн хэдийг дунд нь живүүлж байгаад  нөгөө л дарга, албан тушаалтнуудыг буцаагаад сонгож өгөх тийм коктейль найруулж чаджээ. Сүүлийн үед моодонд орсон жинхэнэ “молотов” дэлбэрэх аюултай бол ийм коктейль жаахан исгэрч шуугиад шалчийдаг билээ. 

Үнэхээр тэгжээ. Телевизээр гарч сонинд бичигдсэнээс үзвэл их хурлын төлөөлөгчид … хэвлэлийн эрх чөлөө дутаад байх юм … хараат бус ажиллах шаардлага тулгарлаа … сэтгүүлчийн нэр хүнд унаж байна …. сэтгvvлчид улстөрчид, мөнгөтэй хvмvvсийн амнаас гармаар байна … олон нийтийн радио телевизийн хууль сайн хэрэгжихгvй байна … Сэтгvvлчид эрх нь зєрчигдөөд сонин, телевиз дамжин хөөгдөж яваад байна,  тэднийг хамгаалах юмсан … гэх мэтээр баахан ярьж хийгээ гаргаснаар тайвширчээ. Ганцхан “Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, сэтгvvлчдийн байгууллагын тэргvvнээр сэтгvvлчдийг ажилд авдаг эздийг сонгодгийг болиулах ёстой, яагаад  гэвэл сэтгvvлчдийг ажилд авдаг, халдаг хүн эрх ашгийг нь хамгаална гэж байхгvй гэж хэлээд авсан ч заал сонссонгүй. Энэ нь коктейлийг маш нарийн жороор “баталгаатай” найруулсан хэрэг. 

Анх байгуулагдсан цагаас хойш энэ байгууллагад сэтгүүлчдийг дарга нартай нь хамт оруулаад найдвартай хяналтанд байлгадаг тэр арга дахиад хэдэн жил үргэлжлэхнээ. Урьд нь үүнийг нам, засаг албан ёсоор зохион байгуулдаг байсан. Өнөөдөр цаг үе өөр болсон ч МСНЭ бахь байдгаараа. Монголд сэтгүүлчийн эрх чөлөө, хараат бус байдлын салхи ороогүй ганц газар энэ байх.       

Ингээд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр TV5 телевизийн ерөнхий зөвлөх гэсэн баг өмссөн, үнэн хэрэгтээ жинхэнэ эзэн гэдгийг их хурлын бүх төлөөлөгч мэддэг, бас Монголын телевизүүдийн холбоо хэмээн эздийн байгууллагын гишүүн Д.Сарангэрэлийг улираан сонгожээ. Дэд ерөнхийлөгчөөр дахиад нэг ажил олгогч – МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэнг нэмж сонгосон байна. Хоёулаа  МАХН-ын гишүүд бөгөөд эхнийх  нь МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны 2007 оны шилдэг сэтгүүлч өргөмжлөл зүүсэн, нөгөөдөх нь 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын сонгуулийн штабт ажиллаж дуусаад өнгөрсөн зун МОНЦАМЭ агентлагт ирсэн нэгэн билээ.  Төр засаг хүртэл 2009 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчдийг улс төрийн намын харъяалалгүй болгочихоод байхад шүү!  

Өнөөдөр хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрын эздэд дарлуулж байгаа ядарсан оёдолчин эмэгтэйчүүд хүртэл эрхээ хамгаалан тэмцдэг болж. Тэдний эрх ашгийг хамгаалдаг ҮЭ муу сайн ч гэсэн тусдаа байна. Харин сэтгүүлчид бол үгүй. Яагаад гэвэл тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага дахиад л эздийнх нь гарт оржээ. 

Дараа нь их хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан жинхэнэ коктейль болсон гэнэлээ.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

Орон нутгийн сонгууль дуустал айлтгүй…

Posted by Ажиглагч on 2008/11/05

Газрын маргаан дээр очно гэдэг бол нийслэл байтугай дүүрэг, хорооны Засаг даргын ганц айдаг зүйл. Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтийн цуваа 15-р хорооллын биеийн тамирын талбай дээр аймшиггүйгээр яваад ирсэн байлаа. 

Ийм эр зориг гаргахын тулд хагас жил бэлтгэжээ. Эхлээд нийслэлийн ИТХ-ын тогтоолыг дагах уу яахуу гэж хаваржин, зунжин, намаржин эрэгцүүлсний эцэст газар олголтыг цуцалсан захирамжийг 14 хоногийн өмнө гаргасан бол өчигдөр доод албан тушаалтнууд нь  барилгын ажлаа зогсоох мэдэгдлийг барилгын компанид гардуулж, тэр оройдоо Баянзүрх дүүргийн цагдаа тусгай ажиллагаа явуулан хятад ажилчдыг хөөн зайлуулснаар Засаг даргыг морилоход ямар ч саадгүй болсон байлаа.  

Ингээд Билэг дарга дагуулж ирсэн сэтгүүлчиддээ хандан “Би нийслэлийн Засаг даргын хувьд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлнэ, энэ талбайг биеийн тамир, спортын  зориулалтаар ашиглуулна” гэсэн цогтой мэдэгдэл хийгээд мордов. Харин энэ үеэр “Зүүн Ази хөгжил” компанийн монгол захирал бас хүрч ирээд “Билэгт даргын шийдвэр өөрөө хууль бус. Бид хувийн өмч байсан газрыг худалдаж авсан. Хэрвээ Билэгт даргатай учраа олохгүй бол Ерөнхий сайдад хандана, тэгээд бүтэхгүй бол шүүхээр шийдүүлнэ” гэсэн хариу мэдэгдэл хийсээр үлдлээ.

Тэднийг шүүхээр явах гэсээр байтал орон нутгийн дахин сонгууль өндөрлөж Билэгт дарга энэ хэргийг зуурсан өмнөх Засаг дарга Ц.Батбаяр шиг аюулгүй газарт очсон байх биз…   

Харин телевизүүд энэ оройжин (“Ийгл” телевиз бүр өдөр) дээрх хоёр мэдэгдлийг зэрэгцүүлэн үзүүллээ. Болж л байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Т.Билэгтийн дэглэсэн жүжигт МҮОНТ сайн тоглож байна

Posted by Ажиглагч on 2008/11/05

15-р хорооллын хөл бөмбөгийн талбай буюу “Найрамдал” цэнгэлдэх хүрээлэнг устгаж орон сууцны  хороолол барих газар олгосон  захирамжийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт хагас жил цааргалж байж сая нэг гаргасан боловч түүнийгээ үнэхээр хэрэгжүүлэх эсэх нь мэдэгдэхгүй, доод албан тушаалтнуудынхаа араар нуугдчихаад байгаа билээ. Өмнөх Засаг дарга Ц.Батбаярын захирамжийг цуцлана гэдэг бол алдаа гаргасныг нь хүлээн зөвшөөрнө, түүнийг Засаг дарга байхад нь “жа” хэмээн алгаа хавсарч бөхөлзсөн хот төлөвлөлт, газрын алба, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудыг буруутгана, тэгээд эхний барилгуудаа эхэлчихсэн хятад компанид асар их нөхөн төлбөрийг хаанаас гаргах асуудлыг шийднэ гэсэн үг. Юуны тулд тамга атгасан Засаг дарга билээ. Хэрвээ чадахгүй бол үүнийгээ хэлээд огцорсон ч яахав. Даанч Билэгт дарга сүр бараатай сайхан эр боловч дэндүү хулчгар ажээ. Монгол эрчүүдийн чанар үнэхээр мууджээ. 

Үүнийг анзаарсан “Зүүн Ази хөгжил” компанийн хятад эздийн TV9 телевиз рүү яаралтай илгээсэн гүйцэтгэх захирал ба хуулийн зөвлөх гэсэн хоёр монгол Билэгтийн захирамжийг баахан шоолж толгой сэгсрээд нийслэлчүүд буруу хүнийг Засаг даргаар тавьсныг анхааруулж цаашид сонголтоо зөв хийж байхыг уриалсан билээ. Анзаарав уу? Бидний сонголт буруу болохыг Хятадын компани хэлж өгдөг болжээ. Аргагүй ээ, бид өөрсдөө сонгож чадаагүй юм чинь. Удалгүй сонгоод өгөх биз… 

Ерөнхийлөгчийнхөө телевизээр ингэж муухай хэлүүлсэн ч “буруу сонголт” маань хариу барьсангүй. Харин хэд хоногийн дараа “Ийгл” телевизийн сурвалжлагч түүнийг ямар нэгэн арга хэмжээний үеэр тосч уулзаад захирамжийнх нь талаар асууж амжжээ. Билэгт дарга шууд л “Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүрэг учраас би захирамж гаргасан” гэж амиа аврангуутаа “миний зарчмын байр суурь бол байшингуудын дунд салангид газар олгохгүй, орон сууцыг хорооллоор нь бариулна, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэж лоозогноод шууд цааш эргэж дараачийн асуултаас бултаж одлоо.  

Одоо гол найдвар бол Билэгт дарга өмнөх сурвалжлагыг нь үзэж уяраад захирамжаа гаргасан гэдэгт үнэнээсээ итгэчихсэн МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлаг юм. Өчигдөр оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр ээлжит сурвалжлагаа “зөвхөн манай агентлаг сурвалжилсны ачаар олон нийт сайн мэдэх болсон 15-р хорооллын “Найрамдал”  стадионы тухай үзүүлье” гэж сагсуухан эхэлсэн ч барилгын ажил зогсоогүй үргэлжилсээр байгаа тухай гунигтай мэдээ дуулгаж нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх төрийн албан хаагч олдохгүй байна гээд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга хоёрын албан тушаалыг (нэрийг биш шүү!) дурдлаа. Тэднийг олоогүй бололтой (гэтэл яг тэр өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Мөнхбаатар МҮОНТ дээр өөрийн биеэр ирчихсэн, мэдээллийн төвд нь хэвлэлийн хурал хийлгээд явж харагдсан) НМХГ-ын улсын байцаагч Батхүү хэмээх жижиг түшмэлийг ээрч цаадах нь тэр барилгын барьж байгаа “Богд Ар” компанийн захирлыг урьж нүүр нүүрээ харж байгаад бичиг гардуулна гэж амаллаа. Гэтэл “Богд ар” бол зөвхөн гүйцэтгэгч билээ. Тэгэхлээр уг газрын эзэн “Зүүн Ази компани хөгжил” компанийн газрыг буцааж авах аргаа олохгүй баларч байгаа бололтой. 

Үнэхээр тийм үү? Газрын зөвшөөрлийг цуцалсан захирамжийн биелэлт 14 хоног саатсанд хэн буруутай вэ? Үүрэг буулгасан албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй юм уу? Барилгын ажил үргэлжилсээр байх юм бол нөхөн төлбөр өдөрт л сая сая саяар нэмэгдэж байгааг мэдэж байгаа юу? Эсвэл буулгах  аргагүй болтол бариулаад “Одоо өнгөрсөөн. Хүний өмчид халдаж болохгүй” аргаа  хэрэглэх гээд байна уу? гэх мэт асуултын хариуг зөвхөн Билэгт дарга өөрөө өгч чадна. 

Харамсалтай нь “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагч энэ өдөр Билэгт даргыг өдөржин дагасан мөртлөө асууж зүрхэлсэнгүй. Үүний оронд түүнийг Баруун тасганы гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд нэг байшин босгож байгаатай танилцсан, бас орчны газраа баталгаажуулж авсан СӨХ-өөр орж “Хотын Засаг дарга СӨХ-ийн дээд зөвлөлтэй гэрээ байгуулснаар орон сууцны дэргэдэх газрууд аврагдсан” талаар бахдан үзүүллээ. Дагалдаж явсан Нийслэлийн газрын албаны дарга Сундуйгаас ч асуусангүй. 

Билэгт дарга өрөөнөөсөө гарч, нийслэлийнхээ гадаа гандаж хөдөө хөхрөх энэ шоу 3 хоног үргэлжилнэ. Үлдсэн хоёр хоногт Билэгт дарга гэнэт зориг орж 15-р хорооллын тэр барилгын талбай дээр очиж захирамжаа өөрийн биеэр гардуулбал сайхан аа. Гэхдээ түүнийг очсон очоогүй хоёр хоног дагаж амнаас нь юу унахыг уралдан шүүрэх хэвлэл мэдээллийнхэн дундаас зориг гаргаж Билэгт даргаас шууд асууж хариу авч чадах сэтгүүлч олдох болов уу? Хэрвээ хариулахгүй зугатаад байвал эрэн сурвалжлаад үзээсэй. Гэхдээ “Монголын мэдээ” агентлаг шиг Билэгтийн бичиг хаана явааг 14 хоног хайж зарлаг хийхгүй юм шүү.   

Дуусаж өгөхгүй байгаа орон нутгийн сонгуульд зориулж Билэгт даргын дэглэсэн энэ жүжгийг дуусгах цаг болсон.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »