АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

UBS-ийн хоёр нүүр

Posted by Ажиглагч on 2008/10/18

Баянгол дүүрэгт Төмөр замын арктай шар гэж 9 давхар содон орон сууц бий. Социализмын төгсгөлд орос ах нар Энх тайвны өргөн чөлөө рүү харуулж нүүрэн талдаа хэдэн мод, цэцгийн мандал, амарч суух санал бүхий гурвалжин талбайтайгаар барьж үлдээсэн билээ. Тэрүүхэндээ үзэмжтэй. 

Гэтэл энэ жаахан зай 2003 онд тэр үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, одоогийн шадар сайд М.Энхболдод хүнийх учраас илүү харагдаж 16 давхар үйлчилгээний барилга босгохыг  “Халиун толгой” нэртэй компанид зөвшөөрсөн захирамж гаргажээ. Үүнээс хойш цонхоо таглуулж СӨХ-ийн мэдлийн талбайгаа булаалгахыг хүсээгүй оршин суугчид 5 дахь жилдээ тэмцэж байна. 

Иймэрхүү тохиолдолд ганц аврал нь тэдний сонгосон эрхэм гишүүд, Засаг дарга нар биш харин шуурхай давхиж ирээд Засаг даргын сонорт хүргэж өгөх  телевиз болж таардаг. Хамгийн түрүүнд нийслэлийн UBS телевизэд ханддаг боловч “бид газрын маргаан сурвалжилдаггүй” гээд тоож ирсэн удаагүй. Энэ хооронд иргэд хэрүүл зарга хийсээр яваад Монголд байдаг хамаг хууль дүрмийг зөрчсөн М.Энхболдын захирамжийг дараачийн Засаг дарга Ц.Батбаяраар цуцлуулсан шийдвэрийг ноднин гаргуулж чадлаа. Гэвч “хуулийн дагуу” зөвшөөрөл авсан “Халиун толгой” давж заалдан түдгэлзүүлсэн ба “Авзага трэйд” хэмээх гүйцэтгэгч компанийн хүчээр оршин суугчдыг бульдозероор түрэн хөөж байгаад томоос том суурь ухаад авчээ. Тэгтэл оршин суугчдад аз таарч 2008 оны УИХ-ын сонгууль дөхөж нийслэлийн ерөнхий менежер Э.Мөнх-Очир тодрохоор шийдэн уг газар дээр “25-р суваг” телевизийг дагуулан очиж “энд яасан ч бариулахгүй” гэж камерийн өмнө амлаад удалгүй нийслэлийн Засаг дарга Т.Билэгтийн сонгуулийн шоугаар цуцалсан 4 захирамжийн тоонд багтаав. Удалгүй дахин аз тохиож орон нутгийн сонгууль дөхөж түүнд нэр дэвшингээ иргэддээ хайр зарласан Баянгол дуургийн Засаг дарга ухсан нүхийг булуулахаар хэдэн машин шороо авчран буулгуулжээ… 

Гэнэт 10-р сарын 4-ны Бямба гаригийн өглөөний 9 цагийн үед нөгөө “газрын маргаан сурвалжилдагүй” UBS телевиз сэмхэн ирж сурвалжлаад буцжээ. (Амралтын өдрийн өглөө эрт шүү! Газрын маргаан болгоныг ингэж шуурхай сурвалжилдаг бол сайхнаа!). Оршин суугчид сүүлчийн мөчид мэдэж уулзахаар очсон боловч зутгаад явчихаж. 

Тэр оройн City News мэдээллийн хөтөбөрөөр дараах сурвалжлага үзүүлж Ням гаригийн өглөө давтсан байна. Яриаг нь сийрүүлье. 

Сурвалжлагч: 

… шөнө дөлөөр машин машинаар нь шороо асгаж тэдний үйл ажиллагааг доголдуулсан байна. Та бүхний харж байгаа энэ газар 2 жилийн өмнө зарласан тендерт ялалт байгуулан “Халиун толгой” компани авчээ. Энэ компанийнхан авсан газартаа үйлчилгээний төв барин доод давхартаа мөсөн каток байгуулахаар төлөвлөж “Авзага трэйд” компанитай гэрээ байгуулан гүйцэтгэгчээ олсон байна. Ингээд өнөөдрийг хүртэл хугацаанд бэлтгэлээ базаан 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Гэтэл өнгөрсөн шөнө хэн нь үл мэдэгдэх хүмүүс ирээд засаж янзалсан талбайд нь хэдэн машин шороо асгасан байна. Тэд иргэдээс ирсэн гомдлын мөрөөр энэ газрыг бөглөж байна гэж хариулсан байх юм. Өмнө нь сонгуулийн үеэр мөн ийм явдал болж байсан бөгөөд тухайн үед нь болон өмнө шат шатны шүүхийн байгууллагад хандаж холбогдох шийдвэр тогтоолуудыг гаргуулсан юм байна. Энэ баримт бичиг одоо ч өөрсдөд нь байдаг бөгөөд энэ газар бол “Халиун толгой” компанийх гэдгийг батлах юм. Шөнө дөлөөр ирсэн хүмүүс харуулуудыг нь үл тоон хашаа хороог нь эвдсэн байлаа. 

Манаач: 

Цагдаа өөрөө ирчихээд [ойлгомжгүй] бид нарыг өмөөрсөн юм  байхгүй, харин машин зохицуулаад тэр энэ гээд эдний талд байгаа байхгүй юу … 

“Халиун толгой” компанийн хуулийн зөвлөх Цэрэндорж: 

Гол хор уршиг нь бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хийж байж Монгол улс хөгжинө. Хэний мөнгөөр буулгаж байгаа шороо юм. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгөөр хөлсөлж авчраад татвар төлөгчдийн мөнгөөр буулгаж байгаа шороо. Тэгэхлээр яагаад Улаанбаатар хотын хөгжлийн эсрэг ийм асуудал хийгээд байгаа юм. Газрын албаныхан өөрсдөө хуулиа зөрчиж байна гэж би үзэж байна. Тийм учраас цаашдаа бид нар нэгэнт энэ асуудлыг бид хохирлоо нэхэмжилнэ. Албан ёсоор шүүхийн шийдвэр гарсан. Дахиж бид нар хохирлоо нэхэмжилж шүүхэд хандана. Ийм бодолтой байгаа..

Хэрвээ энд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусвал оршин суугчид 24 цагийн туршид чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайтай болно. Гэтэл иргэдийн нэрийг барьж хуулийн гадуур ажиллахаа болих хэрэгтэй гэдгийг хэлж байна. Мэдээллийг Шинэбаяр, Баттуяа нар хүргэлээ

Энэхүү  сурвалжлагын зорилго тодорхой. “Халиун толгой” компани ухсан нүхэндээ 800 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн, энд бариулахгүй бол нэхэмжилнэ шүү гэж шантаажилж байгаа хэрэг. Иймээс татвар төлөгчдийн мөнгөнд “санаа зовжээ”. Үүний тулд UBS телевизийг хөлсөлж авчээ. Захиалгыг гардан гүйцэтгэсэн сурвалжлагч Шинэбаяр оршин суугчдаас зугатаах нь аргагүй. Тэгээд энэ жижигхэн талбайд 16 давхар барилгаас гадна оршин суугчдийг 24 цаг тоглуулах мөсөн гулгуурын талбай байгуулах тухай үлгэр ярьж өгсөн байна. 

Сурвалжлагыг үзсэн иргэд бухимдаж Ням гаригт UBS телевиз  рүү очиход уулзах хүн олдоогүй ба Даваа гаригт дахин очиход мэдээллийн албаны дарга Отгонжаргал нь “Сурвалжлагч Шинэбаяр хөдөө ажлаар явсан (нийслэлийн телевизийн сурвалжлагч хөдөөг сурвалжилж гэнэ) гээд уулзуулаагүй тул энэхүү маргаантай холбоотой хамаг материалаа үлдээж, бас араас нь хэдэнтээ нэхсэний хүчинд 13-ны Даваа гаригт сурвалжлуулжээ. Тэр оройдоо гарсангүй. Асуухлаар “Нийслэлийн захирагчийн ажлын албанаас асууж байж болно” гэсэн аж. Нэхээд л байж. 

Ингээд 16-ны Пүрэв гаригт оршин суугчдын байр суурийг илэрхийлсэн, гэхдээ ямар нэгэн албан тушаалтныг нэрлээгүй, тэр ч бүү хэл сурвалжлагчийнхаа нэрийг ч дурдаагүй сурвалжлага үзүүлэв. За яахав, ингээд хоёр талын байр суурийг нэг нэг удаа үзүүлж 1:1-ээр тэнцүүллээ гэж хэлж болох уу? Үгүй. 

Яагаад? 

Хэрвээ “Халиун толгой” компанийн захиалгат сурвалжлагыг Бямба гаригийн үдэш оргил цагаар “City news”-ээрээ үзүүлсэн бол оршин суугчдынхыг Пүрэв гаригт өдрийн 14 цагаас гаргаж UBS2 хэмээх кабелийн сувгаар 16 цагт давтжээ. 

Иргэд яах гэж телевизэд ханддаг вэ? Гуйгаад гуйгаад ирж өгдөггүй эрх мэдэлтэй дарга, албан тушаалтнуудын нүдэнд өртөж чихэнд сонсогдох гэж. 14 ба 16 цагийн мэдээг ямар ч дарга хэзээ ч үзэхгүй, яагаад гэвэл дараачийн тоглоомын талбайг булаах шийдвэрээ үйлдээд ажил дээрээ сууж байдаг цаг. Тэгэхлээр барилгын компанид дээрэлхүүлж аргаа барсан оршин суугчдыг UBS телевиз элэг барьж даапаалсан байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: