АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

15-р хорооллын хөл бөмбөгийн талбай баяртай!

Posted by Бид on 2008/10/17

Нийслэлийн төв хэсэгт азаар үлдэж хоцорсон хамгийн сүүлчийн спортын талбай болох 15-р хороолол дахь “Найрамдал” хөл бөмбөгийн талбайг хэрхэн авч үлдэх талаар өчигдөр орой “Ийгл” телевиз 1 цаг 30 минутийн шууд хэлэлцүүлэг зохион байгуулж өөрийн хоёр, “25-р суваг”-ийн Дөлгөөн, C1 телевизийн Бадрал, “Таван цагираг” сонины Түмэнбаяр, хөл бөмбөг тайлбарлагч Батзаяа нарын спортын сэтгүүлчид, “үүргэвчтэй аялагч” Ц.Ганхүү, Биеийн тамир спортын улсын хороо (БТСУХ)-ны хоёр түшмэл, тэгээд уг талбай дээр барилга барьж эхэлсэн монгол-хятадын “Зүүн Ази хөгжил” компанийн монгол талын захирал Доржрагчааг оролцуулав.

Компанийн захирал шууд л мэдэгдэв: Бид энэ газрын зөвшөөрлийг хууль журмын дагуу авч, зураг төслөө хотын ерөнхий архитектороор батлуулаад орон сууцны хороолол барьж эхэлсэн. Бид заавал барьж дуусгана. Харин хөл бөмбөгийг өөр газарт тоглож болно. Хаана ч юм өөр талбай барихад тусалж болох юм…

Тийм ээ, бүх зүйл дууссан. Одоо энэ талбайг үгүй болсонд тооц. Нэгэнт нийслэлийн Засаг дарга гарын үсгээ зураад олгосон бол одоо хэн ч зогсоохгүй. Шүүхээр заргалдаад ч нэмэргүй. Ярилцлагын дундуур үзүүлсэн сурвалжлагаас үзэхэд баахан хятадууд хэд хэдэн суурь ухаж эхний давхруудын каркасыг цутгасан харагдана. Хэрвээ хотын шинэ дарга барилгын ажлыг зогсоож буулгах шийдвэр гаргавал хөрөнгө оруулагч хятадууд газарт булсан хэдэн төгрөгөө хэдэн арав, зуун тэрбум гэж хэлээд түүнийгээ хэд үржүүлж нийслэл хотоос нэхэмжилнэ. Энд барилга барих зөвшөөрөл өгсөн нийслэлийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн Ц.Батбаяр яах ч үгүй. Манайд төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг төр хариуцах үүрэгтэй. Гэтэл илүүдээ гарсан мөнгө нийслэлд байхгүй. Ярилцлагад оролцсон сэтгүүлчид маргаашнаас нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд шаардлага, дараа долоо хоногт Ерөнхийлөгч Н.Энхбаярт өргөх бичиг барих юм гэсэн. Нэмэргүй ээ.

Тэд сайндаа л хотын хаа нэгтээ орчин үеийн хиймэл зүлэгтэй хөл бөмбөгийн талбай барьж өгөх гоё шоу эхлүүлнэ. Нэгэнт улс орон хөгжиж хөрөнгө мөнгө цутгаж байгаа болохоор энэ байтугай гоё стадион барих биз. Гагцхүү энэ хооронд ид гүйж харайх насандаа яваа хүүхэд залуучууд хичээл номоо тараад гэрийнхээ хажууханд аав ээжийн нүдэнд дээр тоглож наадахгүй, хөл бөмбөг, хоккейн тэмцээнд оролцохгүй, хөгжөөн дэмжиж шуугилдахгүй өнгөрч байгаа юм. Бас 15-р хорооллын болоод ялангуяа эргэн тойрны хэдэн орон сууцны оршин суугчдын амьдрах орчин илт муудаж хичнээн цонх таглагдаж нар үзэхээ болихыг огт ярихгүй байна.

Ярилцлагад оролцсон БТСУХ-ны Зоригтбаатар нэртэй түшмэл хэлэхдээ, БТСУХ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, та нар агентлагын хуулийг унших хэрэгтэй, газрын маргаан дээр очдог байгууллага биш гэж баахан даналзсанаа спорт бол бүх нийтийн үйл хэрэг, та нар зурагтаар дандаа гоол оноо ярьдаг, ард түмний эрүүл мэнд ярьдаггүй, мэргэжлийн хяналтын байгууллагад яагаад хандаагүй юм бэ гэж сэтгүүлчдийг загнав. Хачин юм болохнээ. Нийслэл хотынх нь спортын хамаг талбайг барилгын компаниуд эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан арваад жилийн турш булааж байхад ганц удаа ган хийгээгүй, тэр яриад байгаа мэргэжлийн хяналт руугаа ганц хуудас бичиг явуулаагүй, хэвлэлийн хурал  зарлаж сэтгүүлчдэд хандаж үзээгүй биеийн тамир, спортын байгууллага дэлхийд нэг байдаг аж. Бид ёстой л “азтай монголчууд” юм даа.

“Ийгл”-ийн сэтгүүлч Төрийн ордон дотроос Ц.Батбаяр гишүүнийг хайж олоод “15-р хорооллын биеийн тамирын талбайн газрыг олгох шийдвэрийг та үзэглэжээ. Ямар тайлбар хийх вэ?” гэж асуухад “Би олон шийдвэр дээр гарын үсэг зурсан болохоор санахгүй байна. Бодвол нэг байгууллагаас нөгөөд шилжүүлсэн газар биз” гэсэн утгатай хариу барьж бултах аргаа хэдийнэ олчихсон байна лээ.

15-р хорооллын хөл хөлбөмбөгийн талбайг тойрсон маргаан бол үнэн хэрэгтээ нийслэлийн Засаг дарга нар нийслэлийн иргэдийн эрх ашгийг нулимж гаргасан олон шийдвэрийн нэг, цаашилбал түүний мэдэж хариуцдаг хот төлөвлөлт хэрхэн дампуурсан тухай асуудал юм. Ц.Ганхүү “Бид буруу хүмүүсээ авчирсан байна. Шийдвэр гаргасан тэр хүмүүсаас асуух хэрэгтэй. Цөмөөрөө хотын захиргаан дээр очъё” гэж уриалсан нь зөв хаяг юм. Нийслэлийн төвийн хамгийн сүүлчийн биеийн тамирын талбайг ерөнхий төлөвлөгөөнөөс хэн хэзээ арчиж хаясан, үүнийг Засаг дарга яагаад зогсоогоогүй зөвшөөрөл олгосон, цаашилбал уг талбайг анх эзэмшиж байгаад сэмхэн худалдсан МҮЭ-үүдийн холбооны удирдлага (бодвол тэр үеийн ерөнхийлөгч Д.Содномдорж), цааш нь 1,5 сая доллараар дамлан худалдсан гэгдээд байгаа “Эрин интернэйшнл” нэртэй компанийн эзэд чухам юу үйлдсэн, ингэхдээ бие биедээ хэрхэн тус хүргэж ямар хариу барьсныг илчлэхээс нааш юу ч өөрчлөгдөхгүй.

Нийслэлийн дарга нар хотын нийтийн өмч хөрөнгө, газрын асуудлыг шийдэхдээ иргэд, оршин суугчдаас хэзээ ч асуудаггүй нь өнгөрсөн жилүүдэд батлагдсан аксиом билээ. Ярилцлагын үеэр орос 3-р сургууль, монгол 6, 31, 20-р сургуулийн биеийн тамирын талбайнууд хэрхэн өндөр барилгад эзлэгдсэн 4 жишээг үзүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд нийтийн эзэмшлийн газруудыг хаа сайгүй ингэж “хуулийн дагуу” булаажээ. Хамгийн тод жишээ бол хүүхдийн тоглоомын талбайн булаалт. Тухай бүр газрын маргаан дэгдэж иргэд барилгын компаниудтай тулгарч зодоон цохиондоо хүрснийг телевизийн дэлгэцээр үзээд тэр зөвшөөрлийг олгосон хотын дарга нарын хөх инээд нь хүрч суудаг биз. Яагаад гэвэл тэд “хуулийн дагуу” олгосон. Иймээс барилгын компаниуд заавал ялдаг.

Энэ удаад ч тэгнэ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: