Би энэ удаад TV-ийн удирдлагуудыг магтаж хэдэн үг бичмээр санагдлаа. Чухам тэдний ачаар та бид хол ойрын явдал, сонин хачин яриа хөөрөө, хөгжим дуу, зугаатай шоу, салахын аргагүй кино гээд есөн шидийн юмыг дураараа үзэж чаддаг. Аливаа нэвтрүүлгийг тэд биш, сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагчид бэлтгэдэг, гэхдээ удирдлагууд байгаагүй бол бид ихэнхийг нь чихний хажуу, нүдний далдуур өнгөрөөх байсан биз.
Удирдлагуудаа магтахын тулд эхлээд нэрлэх ёстой. Зарим үзэгч телевизорийг телевизтэй андуурдаг тал бий. Миний магтаад байгаа удирдлагууд бол МҮОНТ-ийн Наранбаатар, Мөнхбаатар, UBS-ийн Балхжав, 25-ын … (одоо хэн болсон бэ?), TV9-ийн Энхбат, TV5-ын Сарангэрэл, тэр ч бүү хэл телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын эрхэм гишүүн З.Алтай нар биш. Би энд телевизор бүрийг заавал дагалддаг, холдчихвол хайлгаж сүйд болдог, гэхдээ дэргэд нь налайж хэвтэхээсээ илүү бидний халуун гарт атгуулан үдшийг өнгөрөөдөг алсын буюу зайны удирдлага хэмээх жижигхэн төхөөрөмжийг хэлсэн юм шүү. Минийх дээр нэр алдрыг нь Sharp Remote Control G1342SA гээд бичжээ.
Орой тийшээгээ айл болгонд хүн бүр зурагтынхаа алсын удирдлагыг гартаа оруулахыг хүснэ. Зөрчил тэмцэлдээ ч тулдаг. Хоёрдахь, гуравдахь зурагтай айлуудад хүртэл аль том LCD, Plazma, 40 инчийн зурагтынхаа удирдлагыг ч үе үе булаацалддаг байх. Явсаар эрх мэдэлтэй өрхийн тэргүүн юмуу эрх хүүхдүүдийн хэн нэгний атганд орсон удирдлагын товчлуур дээгүүр эрхий хуруу тонголзоход дэлгэцэн дээрх сувгууд солигдож гарна даа. Эхлээд мэддэг суваг, дуртай нэвтрүүлгээ тавина, тэгснээ дараачийнх руу шилжинэ, сенсаац мэдээ, “гоё” нэвтрүүлэг таарвал хэсэг саатна, реклам эхэлбэл хаяад зугатна, тэгснээ бүх сувгийг дороос дээш, эсвэл дээрээс доош (MBN, 25, TV9, TV5, NTV, C1, TV8, SBN, TM, Соёмбо, CCTV, Ариранг, RIA, РенТВ, ОTV, Айст, ОРТ, РТР, NHK, XJTV, TV3, НТВ, FTV, Өвөр Монголын “Одон” телевиз гэх мэтээр) нэгжин хэсч “үзчихмээр юм” хайна, төдөлгүй эхнийх дээрээ буцаж ирнэ, гэхдээ тогтоно гэж үгүй, хэдхэн мөч саатаад дахиад замд гарна…
Уг нь бид нэг л телевизор үздэг. Өөрөөр хэлбэл нэг л дэлгэцийг анхаарч чадна. Дэлгэцээ хувааж хоёр, түүнээс дээш сувгийг харуулдаг телевизортэй байсан x тухайн мөчид зөвхөн нэг л сувгийг, тэр тусмаа дуу яриатай цуг хүлээн авдаг. Хүний физиологи тийм. Гэтэл бидний үзэх суваг хэд билээ, Улаанбаатарт гэхэд монголын арван хэд, гадаадынхтай нийлбэл 30-40 сувгийн дунд эргэлддэг ч чухам удирдлагынхаа ачаар хүссэн, өөрт таалагдсан, гэнэт таарсан нэвтрүүлгүүдийг сорчилж сонгосоор тэр бүгдийг зэрэг үзчихэж байгаа юм.
Аль ч суваг, нэвтрүүлгийг бүтэн үзэх боломжгүй, албагүй бөгөөд шаардлагагүй. Манай ихэнх нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрүүд дэндүү урт (зарим нь 2 цаг гаруй үргэлжилдэг!) хэдий ч сувгаа солиод хасаж танах хэрэгтэй. Бүх телевизийг дүүргэсэн сунжирсан ярилцлагууд хэн нэгнийг хамгийн багадаа 15-20 минут, ток шоу гэх мэт гоё нэр зүүж байгаад бүтэн цагаар чалчуулах нь бий. Харин та бид ганц товчлуур дараад тэдний амыг шууд хамхиулдаг билээ.
Ингээд бид өөрсдийн үзэх тусгай хөтөлбөрийг янз бүрийн сувгийн үй олон нэвтрүүлгээс түүж аваад бүрдүүлчихэж байна. Өөрөө өөртөө программ зохиогч гэхэд болно. Би л гэхэд товчлуур дарахаас залхуурахгүй бол 20-23 цагийн хооронд телевизүүдийн мэдээнүүдийг бараг бүрэн үзэж чаддаг. Яаж? Аль нэг мэдээний сурвалжлагч нуршиж, эсвэл даргын ам сахиж зогсох хооронд би бусад сувгуудаар тойрч эргэчихээд дараачийн мэдээ, сурвалжлагаас өмнө буцаад ирнэ. Удирдлагынхаа ачаар замдаа огт саатахгүй.
Та урьд цагт сувгаа яаж сольдог байснаа санадаг уу? Монголчууд бүгд оросын “Темп”, “Горизонт” гэх мэт дан хар цагаан зурагтай байлаа. Хар цагаан нь яахав, удирдлага байхгүй учраас гараараа мушгидаг байж. Бариул нь дорхноо тас үсэрчих тул элдэв арга сэдэж, жишээлбэл хугархай ёзоорыг нь бахиар хавчиж эргүүлээд Монгол телевизээс Орбит руу шилжинэ, буцааж мушгихад Монгол маань угтаж авна. Харин 1980-аад оны сүүлчээр айлууд МОНЭЛ-тэй болоход хүүхдүүдээ дэргэд нь жижүүрлэн зогсоож 1-12 хүртэлх товчлуурыг аав, ээж, ах эгчийн гуйлт шаардлагаар таснясхийлгэн дарж алсын удирдлагыг орлодогсон. Амаргүй ажил. Олон хүүхэдтэй айл ээлжлүүлээд амар байж… Тэгвэл өнөөдөр эрхий хуруу хөдлөх төдийд суваг солигдох тул бухимдахгүй, яаж мэдэхэв элдэв юм авч шидэхгүй, үүний ачаар дэмий нэвтрүүлгүүд шууд хаягдаж зөвхөн гайгүй нэвтрүүлгүүдийг үзэгчид олоод үзчихэж байгаа билээ.