АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хоёр намын “зөв мэргэн” шийдвэрийг МҮОНТ баяртай хүлээн авчээ

Posted by Mongol on 2008/09/08

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө “улс орны ирээдүй” болон “ардчиллын хувь заяа”-г дуудан үхэх сэхэхээ үзэлцэж, сонгуулийн дараа тангарагаа өргөж чадалгүй бүтэн хоёр сар хэрэлдсэн МАХН ба АН гэнэтхэн эвлэрч хамтарсан засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа.  Уг нь УИХ бараг бүхэлдээ хоёр намаас бүрдсэн тул тэндээ зөвшилцөөд байж болох ч сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга гээд төрийн албан тушаалд оочирлуулахад л МАХН ба АН-ын хурлууд зөвшилцлийг тэгэсхийгээд дэмжих нь тэр. 

Юу болоод өнгөрөв өө? 

Дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулиар хоёр нам бараг тэнцсэний дараах анхны зөвшилцөл нэг нь нөгөөгөө хулхидаж төгссөн тул саяын сонгуулиар ичээд энэ сэдвээр огт дуугараагүй. Харин 6-р сарын 29-30-ны шөнө МАХН-ын дарга С.Баяр ялалт байгуулснаа зарлахдаа Засгийн газрыг дангаараа байгуулахаа хамгийн түрүүнд амлав. Тэр шөнөдөө цэцэг навчинд булуулж бөглөө мултлан нойргүй хоносон ялагчид маргааш шууд ажилдаа очсон ба дахиад нэг унтаад босоход 7-р сарын 1-ны нар мандсан байлаа. Үдээс хойш МАХН-ын байрны урд цуглаан эхэлсэн билээ… 

Энэ удаагийн зөвшилцөл бол юуны өмнө 7-р сарын 1-2-ны шөнө Онц байдлыг тогтоосны дараа нийслэлийн төв хэсгийг бүрэн мэдэлдээ авсан мөртлөө лав 4 хүний амийг хөнөөлгөсөн улс төрийн (Онц байдлын штабын дарга, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил,  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч генерал Ц.Амарболд нарын хувьд бол бүр хатуу) хариуцлагаас мултрах гэсэн МАХН ба сонгуульд ялагдсан ч бялуунаас хоцрохыг хүсээгүй АН-ын дарга нарын наймаа. Одоо улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхан амьдралын тухай том юм ярьж байхад юун хэдэн хүний амь. Иймээс С.Баяр зөвшилцлийг зарласан хэвлэлийн  хурал дээрээ “цагдаа буудсан юмуу, цагдаа хувцас өмссөн хүмүүс буудсан юм уу” хэмээн хэсэг бясалгаад,  хэвлэл мэдээллээр “цагдаа буудсан” гэж бичиж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно хэмээн анхааруулж сууна лээ. “Бид 90-онд яагаа ч үгүй,  гэтэл одоо хүн аллаа, энэ Засгийн газар огцрохос өөр ямар ч аргагүй” гээд цамнаад байсан АН одоо зүгээр л “хэргийн  учрыг олж хариуцлага тооцох”-ыг шаарддаг болж. 

Ёстой л шинэ сайхан амьдралыг цогцлооход “үхэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй” болжээ. Хүн төрөлхтөн одоо хэр илүүг бодож олоогүй гэгддэг олон намын тогтолцоо, сөрөг хүчин энэ тэрийг дурсах ч үгүй байна. 

Гэх мэтээр би бодлоо. Хүн болгон энэ мэтээр ярьж хэлэлцэж байх юм. Даанч телевизийн дэлгэцэн дээр зөвхөн хоёр намын мэдээ. УИХ-ын гишүүд тангараг өргөсний араас залгасан С.Баяр, Н.Алтанхуяг нарын хаалттай уулзалт, тэдний хэвлэлийн хурлууд, хоёр намын бага хурлуудыг манай телевизүүд нэгд нэгэнгүй үзүүлж хоёр намын дарга МҮОНТ-ийг эфирийг хоёр орой дараалан эзэлж бүтэн цаг ярьцгаасан. Гэхдээ маргаан хэлэлцүүлэг огт алга.  TV9 телевиз гудамжинд яваа хүмүүсийг зогсоож “эвтэй бол хүчтэй” талаар баахан хэлүүлэв. Хоёр намын гомдсон гурван гишүүн ярилцлага өгснийг эс тооцвол эсрэг дуу хоолой  үл сонсдоно.  

Ганц найдвар олон нийтийн телевиз юмсан. МҮОНТ энэ чухал сэдвээр хэлэлцүүлэг маргаан өрнүүлж дэмжигчид ба эсэргүүцэгчид, улс төрчид ба хөндлөнгийн нөхдийг сонсгох болов уу гэтэл таг чиг. Ядаж сонирхолтой нэвтрүүлэг гарахсан. Урьд цагт МАХН-ын зөв мэргэн шийдвэрийг хэвлэл мэдээлэл дуулгавартайгаар сурталчлан таниулдаг байсан бол өнөөдөр МҮОНТ хоёр намынхыг тэгдэг болжээ. Иймээс С.Баяр, Н.Алтанхуяг хоёрынхоос зөрсөн эсэргүү яриа хөөрөөг ард иргэдэд сонсгож элдэв юм бодогдуулах шаардлагагүй, тэрний оронд хал балгүй албан мэдээ ба нэр хаяггүй сүржин шүүмжлэл, залхмаар олон тоглолт, өөрийнх мөнгөөр өөрийг нь шагнадаг захиалгат агшин, уйтгарт аяллын цаг, Холливудын хулгайн кино үзэж суувал таарна гэж үзэгчдээ басаад байх шиг.  

Цаашдаа тэртээ тэргүй биднээс асуухгүйгээр дээгүүрээ хуваагаад авчих сандал суудлыг учир зүггүй сайн сурвалжилна даа…

P.S:  Яг тэгэж байна. Мягмар гаригийн “Цагийн хүрд”-ээр УИХ-ын байнгын хороодын даргад нэр дэвшсэн хүмүүсийг “нутгаасаа итгэл өвөрлөн сонгогдсон … арвин туршлагатай..  намын нөхөд нь итгэл хүлээлгэв … гээд донгодож өгч байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: