“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү хэсэг завсарласны эцэст дахин мөнгөөр айлд хонож эхэллээ. Тэрбээр өөрөө соёлтой залуу болохоороо “би зорьж ирсэн, хажуугаар нь бас урилгатай ирсэн” гээд боловсон үгээр тайлбарлаж байна. Зорьж ирэхийг нь мэдээд урина гэж юу байхав, тэгэхлээр урьсан учраас зорьсон байж таарна.
Бямба гаригийн “Танайд хоноё”.
Энэ удаад “Өсөхбаяр” сангийн тэргүүн Өсөхбаяр нэртэй залуугийнхийг “зорин уригджээ”. Тийм байх аа. Өнгөрсөн зун ийм нэртэй сан байгуулсан тухайгаа хэвлэлийн хурлаар зарлахад хүмүүс “Өсөхбаяр аваргынх байж таарна, энэ залуу түүний өмнөөс гүйх нь, харин яагаад Хан-Уул дүүргээс ажлаа эхлэх юм бол” гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл аваргын нэрээр анхаарал татаж байгаад нийслэлийн ИТХ-ын хуралд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр эртнээс онилсон овсгоотой залуу байж.
Алтантүрүүг гэртээ авчран зочлоод, хонуулсны (бас мөнгө өгсний) хариуд Алтантүрүү
– Иргэдийн төлөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ 26-хан настай энэ залуу Улаанбаатар хотын оршин суугч бидний амьдрах орчныг шийдэж өгөх итгэл даах хүн мөн үү биш үү гэдгийг үзэгч та бүхэнд харуулахыг хүссэн юм. Сонгуультай холбоотой учраас би энд их юм яримааргүй байна… гээд мешок руугаа шурган орж нойрлоо.
Түүнд их юм ярих хэрэг үнэхээр байгаагүй, учир нь Өсөхбаяр өөрийгөө “гадаадад 10 хонохлоор дотор давчдаад буцаж ирмээр санагддаг” гэх мэтээр тултал рекламдаж авсан. Дахиад жаахан яриулсан бол Хан-Уул дүүргээсээ холдож Энхтайвны гүүрийг даван хотын төв рүү орохлоор дүүргээ санадаг сэтгэлээ илчлэх нь гарцаагүй байсан. Ийм эх оронч бөгөөд хан-уулч хүнийг сонгохгүй байж болох уу? Болохгүй.
Ням гаригийн “Танайд хоноё”.
Сүүлийн өдрүүдэд Японы Комацу пүүсийн Монгол дахь салбарын захирал Э.Тамир орой болгон телевизээр гарч компанийхаа 15 жилийн ойн мэндчилгээг монголын ард түмэнд дэвшүүлсээр бүгдийн танил болжээ. (Яг одоо дахиад гарч байна. Сайн уу, Тамир аа!)
Тэгтэл орон нутгийн сонгуулийн кампани эхэлж таарснаас болов уу нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшихээр тодрох нь тэр.
Ингээд Алтантүрүүг дуудан гэртээ хонуулж аж амьдралаа илүү сайн дэлгэхээр шийджээ. Гэтэл юу болов? Эхлээд тансаг харшаараа оруулж тоолж барахааргүй олон өрөөгөөрөө шагайлгаж хөөрхий сэтгүүлчийг маш их горьдоосон (Алтантүрүү “энд хономоор байна… хонуулахгүй юм байх даа” гээд үглээд байсан) мөртлөө хонуулахгүй, бас авгайгаа үзүүлэхгүй (зөвхөн хүүхдүүд нь харагдсаныг бодоход авгай нь тэр хавьд нуугдсан байж) машиндаа суулган авч давхисаар Өлзийт хавьд байдаг мориныхоо хашааны дэргэдэх байшинд аваачиж хэсэг ярьж суугаад унтууллаа. Тун тохилог байшин, гэхдээ л хачин байгаа биз? Алтантүрүү маань “яая гэхэв” хэмээн хэд үглээд дуугүй л хонов. Мориныхоо жүчээнд очоод унтчих гэвэл зөвшөөрөх байсан. Мешоктойгоо очсон юм чинь. Мөнгө, тэгэхдээ их мөнгө авчихсан бол яая гэхэв…