АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for August, 2008

Онц байдлын хий үзэгдэл

Posted by Бид on 2008/08/31

МҮОНТ-ын “Ярилцъя” шууд ярилцлагын хөтөлбөр УИХ-ын сонгуулийн дараа хоёр сар “амраад” энэ Бямба гаригаас дахин явж эхэллээ.

Эхлээд суваг солиход УИХ-ын гишүүн З.Энхболд улс төрийн нөхцөл байдлын талаар ярьж дуусаад намын хурал руугаа яаран одов.

Дараа нь Усны хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга оролцож Монгол оронд усны асуудал ямар байгаа талаар ярилаа. Мэдээж Туул голын нэр дурдагдсан.  Тэгсэн мөртлөө сүүлийн саруудад Туулын ундны усны эх үүсвэрийн бүсэд халдсан хамгийн ноцтой жишээ – Гачууртад байгуулж эхэлсэн гольфийн талбай асуудал юу болсныг таг дуугүй өнгөрөөв. Уг нь энэ дарга тэнд оччихсон, хууль зөрчсөн үйлдэл байна гэж мэдэгдээд зогсож байсансан. Хөтлөгч Мөнхтөр ч асуусангүй. Тэгснээ дэлхийн ундсны усны хомсдлын талаар  санаа зовинон ярилцсаар өндөрлөв. Ёстой л нөгөө “хүн төрөлхтнийг хайрлах нь хөршөө хайрлахаас амархан” гэж үнэн аж.

Дараа нь 7-р сарын 1-ны үйл явдлын дараах онц байдлын үеэр 4 хүнийг буудаж алсанд сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байгаа цагдаагийн ажилтнуудын өмнөөс өдөр алгасалгүй үед жагсаал цуглаан зохиож хэвлэлийн бага хурал зарлан телевизийн  дэлгэцээс салахаа больсон Алтангэрэл болон цагдаагийн чөлөөнд гарсан хурандаа Билгээ хоёр уригдан оролцлоо. Дэлгэцийн дор “Төрийн цагдаа” гээд их л учиртай биччихэж.  Цагдаа хүмүүсийг буудаж алсан эсэх тухай ярьж байхад шүү.

Бусад телевизийн сурвалжлагч охид, хөвгүүд сайн ухахгүй байгаа учраас урьд нь цагдаагийн ажилтан байсан энэ Алтангэрэл  улам оодорч хоригдсон цагдаа нарын ар гэрийнхныг ашиглан “цагдаа ажил хаяна”, “өлсгөлөн зарлана” гэх мэтээр сүрдүүлэх болсон билээ. Хашир сэтгүүлч Мөнхтер оновтой асуулт тавьж хандыг нь дарах болов уу гэтэл үгүй аж. Наад Алтангэрэл чинь юуг мушгин гуйвуулж байгааг ойлгохгүй байна уу? Ерөнхийлөгчийн гаргасан, УИХ-аас баталгаажуулсан Онц байдлын тухай зарлигийг ёсчлон биелүүлж төрийн төлөө үүргээ гүйцэтгэснийхээ төлөө төлөө шоронд хоригдоод байна гэж Алтангэрэл дахин худал заллаа. Тэр есөн цагдааг үүний төлөө бус, харин дөрвөн хүн буудуулж амиа алдсантай холбогдуулан шалгаж байгаа бус уу?  Нийслэлд эмх журмыг сахиулах үүрэгтэй мөртлөө хөдөөгүүр нэг тарчихсан байсан тэдгээр цагдааг авчирч хорьсон нь ялласан хэрэг огт биш, харин төрийн цагдаа нарт халдаж МАХН-ын байрыг шатаасантай холбогдуулан Ганц худагт хорьсон 180-аад хүний нэгэн адил зөвхөн сэжиглэн шалгаж байгаа хэрэг билээ. Ийм энгийн зүйлийг хөтлөгч асуухыг хүсээгүй учраас цаадуулын ам халж, тухайлбал Билгээ хурандаа “прокурорын байгууллага цагдаа руу халдаж байна, ямар нэгэн нам хүчний захиалга юм шиг байна, ингэснээр хүчний байгууллагуудын нягт хамтын ажиллагаанд ан цав суулгалаа, тэгэж ярих юм бол цагдаагийнхан хэв журам сахиулахдаа дарга нь хэлсэн хэлээгүй буугаа авч гараад буудах эрхтэй байсан, тэгээд буудсан биз хэмээн хадуурав. Хөтлөгч Мөнхтөр түүнд Онц байдлын үеэр галт зэвсэг хэрэглэхийг Ерөнхийлөгч хатуу хориглосон тухай сануулах болов уу гэтэл үгүй, харин ч “цагдаагийн 500 албан хаагч бэртэж гэмтсэн бол энгийн иргэдээс дөнгөж 12 хүн гэмтсэн …гадаадад бол цагдаа нарт гар хүрвэл шууд бууддаг” маягийн юм ярьж улам хөөргөж байх юм.

Сүүлийн өдрүүдэд МҮОНТ-ээр Ганц худагт хоригдсон цагдаа нарын ар гэрийнхний зовлон дээр дөрөөлсөн Алтангэрэл нарыг илт дэмжиж “Цагийн хүрд”-ээрээ байнга сурталчилж өгч байгаа төдийгүй хэд хоногийн өмнө 7-р сарын 1-ны жагсаал цуглаан ямар ямар хууль зөрчсөн тухай нэр хаяггүй нэвтрүүлгийг хулгайгаар үзүүлсэн билээ.

2008 оны 7-р сарын 1-4-ны Онц байдлын хий үзэгдэл МҮОНТ-ээр тэнүүчилсээр байх шиг. Бүтэн хоёр сар өнгөрөөд байхад тэрхүү үйл явдлын учир шалтгааныг эрэн сурвалжилж талуудын байр суурийг харуулсан нэвтрүүлэг ганцыг ч хийсэнгүй. Арай штабаас Сайнжаргал хурандаагийн зөвшөөрөл хүлээж өдий хүргээгүй байлтай…

Posted in 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Монгол башё-гийн өмнөх газар хөдлөлт

Posted by Бид on 2008/08/27

Өнөө өглөө Байгаль нуурын орчимд 6 баллын нэлээд хүчтэй газар хөтлөлт болжээ. Тэр нь 9.35-ын үед Улаанбаатар хотод хүрч доргиогоод авлаа. Зарим өндөр барилгад чичрэлт мэдэгдэж ширээ сандал хөдөлсөн тул хүмүүс гудамжинд гарч хүлээзнэсэн байна.

Хэвлэл мэдээллээс энэхүү газар хөдлөлтийн талаар хамгийн түрүүнд МҮОНТ 11 цагийн мэдээгээрээ дуулгаж дүрсгүй цагаан мэдээ уншиж сонсгов. Бусад телевизүүд Монгол башё-г шууд дамжуулахад бэлтгээд завгүй байсан бололтой ямар нэгэн мэдээ гаргасангүй.

Үйл явдлыг хамгийн шуурхай мэдээлж чадах нь вэб сайтууд билээ. Эхлээд 10 цаг 02 минутад http://www.news.mn сайт маш товч мэдээлээд 11 цаг 06 минутад Онцгой байдлын ерөнхий газраас тайлбар авч тавьсан байна. Орос зүгт Булган Сэлэнгэд, нийслэлийн баруун дүүргүүдэд илүү мэдрэгдсэн гэнэ. Тэгвэл http://www.olloo.mn сайт 10 цаг 31 минутад энэ тухай товч мэдээг Байгаль нуурын газрын зурагтай тавьжээ. Улаанбаатарт эвдрэл хохирол гараагүй, нэмж чичрээгүй болохоор сайтууд дахин сонирхсонгүй.

Харин телевизүүд “Монгол баше” руу хандаж МҮОНТ, TV5, TV9, 25-р суваг, бас сумо “сонирхдоггүй” Ийгл шууд дамжуулан үзүүлэв. Зөвхөн башё дууссаны дараа 17 цагаас C1 телевиз газарт хөдлөлтийн талаар анхны дэлгэрэнгүй сурвлжлага үзүүлж араас бусад телевизүүд залган авлаа.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Түвшинбаяр… Бадар-Ууган … Гүндэгмаа… Сэрдамба … “Дүнжингарав”

Posted by Бид on 2008/08/26

1981 онд Ж.Гүррагчаа сансарт ниссэнээс хойш Монгол даяар бүх нийтээрээ ингэж чин сэтгэлээсээ баярлаж хөөрсөн удаа үгүй байх аа.

Монголын анхны олимпийн хоёр аварга болон мөнгөн медальтнууд задгай машин дээр зогсон Чингэсийн өргөн чөлөөгөөр хүндэтгэлийн цуваагаар явж  Төрийн ордонд саатан одон медалиа зүүгээд Сүхбаатарын талбай дээр гарч ирэнгүүтээ харагдахаа больчихов…

Аваргууд болон төрийн томчууд гарч зогссон ёслолын тавцанг эзэн Чингэсийн хөшөөнөөс уруудсан шатны ёроолд зассан тул хурсан олны хамгийн урд эгнээнд гарч чадаагүй бол үзэж чадахгүй байлаа. Зөвхөн улаан дээвэр нь цухайна. Бас иргэдээсээ цэрвэсэн мэт хэдэн арван метрийн цаана холдуулж тусгаарласан байх юм. Дээрээс нь хүн бүрийн гарт дэрвэх том жижиг туг далбаа, аав ах нарын хүзүүн дээр тухалсан хүүхдүүд  бүрмөсөн халхалж орхино. Цоройж ядсан хүмүүс Сүхбаатарын хөшөөний тавцан дээгүүр гарч зогсохыг хичээвч тэнд хичнээн хүн багтах билээ. Индэр дээрхийг хоёр талд босгосон томоос том дэлгэцэн дээр гаргаж байгаа ч хүмүүсийн толгой дээгүүр, тугнуудын завсраар хагас дутуу үзэгдэнэ. Ингээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын …  Түвшинбаяр… Бадар-Ууган … Гүндэгмаа… Сэрдамба … 120 сая төгрөг..  60 сая төгрөг … уухай … дуулдахаас хэтэрсэнгүй.

Мянга мянган хүмүүсийн дунд баярын уур амьсгалыг мэдэрч зогсох сайхан боловч би гэртээ харихаар шийдэв. Гэртээ сууж зурагтаар шууд дамжуулж байгааг үзэх нь хамаагүй дээр ажээ. Индэр дээр зогсох аваргууд болон төрийн өндөрлөгүүд, тэдний баяр гэрэлтсэн нүүр царай, үйл хөдлөл бүрийг дэлгэцэн дээр харж чадлаа. Гагцхүү 20 цаг өнгөрсөн хойно гэнэт нүргэлсэн ёслолын буудлагыг талбай дээрээс үзэж чадаагүйдээ бага зэрэг харамсав.

Яагаад ийм муухан палатка шиг жол индэр зассаныг бүү мэд. Төрийн хэмжээний ёслол байтал хоёр хажуугаар “Дүнжингарав” захын нэрийг томоор биччихэж. (Сүүлд зурагтаар харахнаа бас индрийн гурван талаар “Дүнжингарав” нэрийг дурайлгажээ). Үндэсний олимпийн хорооны албан ёсны түнш юм гэнэ. Төрийн ёслолд хувийн компани ямар хамаа байна аа? Ингээд аваргууд, томчууд бүгд “Дүнжингарав”-ыг сурталчилж өгөв. Нийслэлийн хамаг үнэтэй, тус бүрдээ сая сая доллартай тэнцэх хэдэн арван газар авч хөлжсөн, хамгийн сүүлд олон нийтийн эсэргүүцлийг үл хайхран М.Энхболд, Н.Болормаа нарын ивээлээр улаан цайм Туулын ундны усны бүсэд газар авч иргэдийн эсэргүүцлийг үл хайхран “Дүнжингарав” захыг босгоод дуусч байгаа “Мон-Уран” компани олимпийн аваргуудад сая доллар амлан шоудаж нэг ёсондоо менгее угааж өр цайруулсныг давхар ёслов уу гэлтэй.

Хэрвээ төрийн хүндэтгэлийн өргөөны шатан дээр юмуу нэлээн өндөрт индрээ зассан бол бид жанжин Сүхбаатарын талбайн хаанаас ч аваргуудаа харж зогсохсон. Ирсэн хүмүүс над шиг буцаад яваад байхгүйсэн. Үүнээс болж Түвшинбаярын алт авсан мэдээ түгсэн тэр үдшийнхээс хамаагүй цөөн хүн талбай дээр цугларсан байлаа. Харин согтуу хүмүүс индэр дээр ч, жирийн иргэдийн дунд ч харагдсангүй. Байгаль дэлхий бороо оруулж тайвшруулсан болоод ч тэр үү гудамжаар тугтай машинууд сагсуу залуучуудыг цонхоороо унжуулан давхилдах нь бага байлаа. Баярын “үймээн самуун” болсонгүй.

Энэ баярт үдэш Олимпийн алтан, мөнгөн медальтнуудыг тойрсон бусад олон үйл явдлыг телевизүүдийн ачаар гэртээ суугаад тав тух алдахгүй, олны хөлд түүртэхгүй үзэж чадлаа. Ялангуяа “Ийгл” телевизээр гаргасан Олимпийн аваргуудад зориулсан хүлээн авалтаас хийсэн сурвалжлагаар Мөнхбат аваргын яриа үнэхээр таалагдсан. Манай чөлөөтийнхөн Олимпод яагаад муу барилдсаныг толгойд ортол тайлбарласан шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ | 12 Comments »

Олимпийн алтан медалийг тэмдэглэх “үймээн самуун” эхэллээ

Posted by Бид on 2008/08/24

Бээжингийн Олимпийн наадмын сүүлчийн өдөр боксын 48 кг-ын жинд П.Сэрдамба мөнгө, 54 кг-ын жинд Э.Бадар-Ууган алтан медаль авлаа. Энэ хоёр тоглолтыг хамаг Монгол амьсгаа даран телевизээр ширтэж Бадар-Ууган маань кубын боксчны битүү хамгаалалтыг сэт сэт цохин оноогоо нэмэхийн хэрээр айл гэр, гудамж талбайд аах уух, яая ёоё, алга ташилтын тас няс чангарсаар төгсгөлийн цан дуугарахад зад татах шиг боллоо…

Төв шуудангийн урдах том дэлгэцэн дээр үзүүлсэн тоглолтыг гудамжинд явж таарсан мянга мянган хүн замын хөдөлгөөнийг хаагаад үзэж зогсохыг “Ийгл” телевиз хамгийн түрүүнд харуулж амжлаа. Олимпийг шууд дамжуулаагүй учраас сэтгүүлчид нь завтай сэлүүхэн байж бусдаас өрссөн бололтой. Араас нь TV9 телевиз залган авч УИД-ын урдах бас нэг том дэлгэцийн өмнө болон нийслэлийн гудамжаар нэг урсах  баярын “үймээн самуун”-ыг удтал сурвалжлан үзүүлж завсраар нь Бадар-Ууган, Сэрдамба хоёрын аавтай уулзуулж ард хүмүүсийн сэтгэгдлийг сонсгож байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр, нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарын хүрэлцэн ирж үзсэн шар айрагны задгай асар хэрхэн оволзсоныг C1 телевиз нэгд нэгэнгүй сонирхуулав. Бас TV5 телевиз  Бээжингээс дамжуулсан ялалтын дараах сурвалжлагуудаа үзүүлснээ Бадар-Ууганд энд тэндээс амалж эхэлсэн байр, алтан гулдмай, жилийн хэрэгцээний бүртгэлийг хөтөллөө …

Энэ хооронд Олимпийн боксын алтан медалийн төлөөх дараачийн тоглолтууд бүрэн мартагдаж МҮОНТ л ганцаараа шахам Үйтүмэнгээр тайлбарлуулан нэвтрүүлсээр хоцорлоо. Тоож үзсэн хүн байгаа болов уу?

Удалгүй Ерөнхийлөгчийн Бадар-Ууганы гэрээр морилж дараа нь Сүхбаатарын талбай дээр эргэн ирлээ… Энэ өдрийн баатар бол Бадар-Ууган, гэхдээ өнөөдөр Монголд түүний гэнэт бий болгосон алдрын орон зайг Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эзэгнэж олимпийн хугацаанд хоёр дахь удаагаа олны өмнө гарч Э.Бадар-Ууганд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгосон зарлигаа айлтган жанжны талбайг дахин оволзууллаа.

Олимпийн алтан медалийг яаж “угаах” ёстойг хэд хоногийн өмнө өөрийн биеэр харуулсан  Ерөнхий сайд С.Баяр алга, тэрбээр Бээжинд яваа. (Зөвхөн хятад ногоон цай уусан шигээ зүв зүгээр суугаагүй байх, гэхдээ маргааш Улаанбаатарт онгоцноос эрүүл буувал ч бас яахав). Харин Ц.Элбэгдоржийн сураг тасарчээ. Тэгэхлээр зөвшилцөл байхгүй, иймээс маргааш УИХ-ын сонгогдсон гишүүд тангараг өргөхгүй, зөвхөн Олимпийн хоёр алтан медалийн баярыг тэмдэглэх л үлдэж байна.

Баярын “үймээн самуун” өнөөдрөөс эхэлжээ. Хаашаа ч харсан Элбэгдоржийн хэлсний адил 2 сая 600 мянган олимпийн аваргууд пээдийнэ. Алтан соёмбот тугаа мандуулсан нь сайхан боловч согтуу залуус чихэлдэж цонх хаалгаар нь унжсан машин тэрэгнүүд гудамжаар давхилдана. Харин явган нь тааралдсан болгондоо баяр хүргэж тэврэхээр дайрна. Хөөрсөн түмэн тэгэсхийгээд тайвшраасай билээ…

Маргааш үдээс хойш Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар задгай машин дээр зогсож Энхтайваны гүүрээр даван орж ирээд Сүхбаатарын талбай дээр бууж эзэн Чингэсийн хөшөөний өмнө Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан нараар угтуулан гарч ирэхэд юу болохыг төсөөлж байна уу? Үүнийг шууд дамжуулахгүй телевиз байх болов уу? Гэхдээ шууд дамжуулсныг үзэх хүн байх юм уу? Та Бээжин явж чадаагүй байж болно, харин Сүхбаатарын талбай руу хүрээд очиж лавтайяа чадна…

P.S: Яг одоо МҮОНТ, TV5, TV9, 25-р суваг, UBS, NTV гэсэн 6 телевиз Бээжингээс олимпийн хаалтын ёслолыг шууд хүлээн аван үзүүлж байна. Нээлтийг үзүүлсэн телевизүүдээс SBN хасагджээ.

Posted in + ТЕЛЕВИЗ | Leave a Comment »

Танхай хурандаа

Posted by Бид on 2008/08/22

Наймдугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай телевизүүд олимподсоор байсан ч МҮОНТ яагаад ч юм шөнө дунд хүргэлгүй дуг  нойрондоо дугжирч эхэлсэн юм.  Харин “Ийгл” телевиз эсрэгээр, цагаа сунгаж 02.30 цаг хүртэл нэвтрүүлгээ үргэлжлүүлэв. Уг нь яг шөнө дунд Fox News рүү шилждэгсэн. Ямар онцгой үйл явдал тохиолдов? Энэ орой 7-р сарын 1-2-ны шөнө хүмүүсийг буудаж алсанд сэжиглэгдсэн цагдаагийн эргүүл хамгаалалтын ангийн дарга хурандаа Батсүхийг УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд байцаахаар дуудаж улмаар барьж хорихыг завдахад цагдаагийн албан хаагчид болон ар гэрийнхэн цугларч Мөрдөн байцаах алба руу бараг л дайран орсон бужигнааныг шуурхай сурвалжлан үзүүлсэн нь энэ.

Батсүх гэж дээд зэргийн танхай хурандааг сайн харж авлаа. Нийслэлийн ерөнхий хууль журам сахиулагч маань өөрөө хууль журмыг уландаа гишгэж өгч байна аа. Улс төрийн том том мэдэгдэл хийж АН руу дайрч давшлан улмаар онц байдал тогтоох зарлиг гаргасан Ерөнхийлөгчийг буруутгаад авч байна. Хамгийн ноцтой нь гэвэл өөрийнхөө захирдаг цагдаа нараар хэдэн өдрийн турш жагсаал цуглаан хийлгэж сүүлдээ шөнөөр цуглуулан өөрийгөө Ганц худаг руу ачуулахгүй байхыг оролджээ. Тэгсэн мөртлөө цагдаа нартаа “Тарцгаа” гэсэн тушаал өгөхгүй, харин ч “Манай цагдаа нар өөрсдөө энд цугларсан, би ир гээгүй” хэмээн даналзаж байсан. Тэгэхлээр Батсүх хурандаа цагдаа нараа ч захирч чаддаггүй, цаадуул нь прокурорын байрыг дүүргэж ажилтнууд руу нь давшилж байгаа юм чинь жирийн иргэнийг яадаг бол? Ялангуяа үймээний шөнө гудамжинд явж таарсан хүмүүсийг яасан бол? Заримыг буудчихсан байвал гайхах хэрэггүй байхнээ.

Сүүлийн өдрүүдийн цагдаа нарын зөвшөөрөлгүй хийсэн жагсаал, цуглаан бол ноцтой. Мөрдөн байцаах газарт болсон энэ шөнийн даварсан хэрэг явдлыг SBN  зэрэг телевиз сурвалжлагчдаа явуулж бичлэг хийлгэсэн боловч зөвхөн “Ийгл” телевиз шуурхай сурвалжлага бэлтгэн тэр шөнө үзүүллээ.

Зүгээр нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд  бус, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил сайд өөрийн биеэр ирсэн ч цагдаа нараа эгүүлэн татахын оронд тэдэнд юу ч хэлэлгүй буцаад явсан нь “үргэлжлүүл” гэсэн шиг ойлгогдсон. Үйл явдал маргааш үргэлжилж цагдаа нар хавь ойрыг бүслэн хаасан хэвээрээ байхад Цагдаагийн газрын дарга, Онц байдлыг шууд хэрэгжүүлэгч Амарболд генерал өөрөө нэмэгдэн Галдаа прокурортой хэлэлцээр шахуу юм хийж,  цаадах нь нотлох баримт хангалттай гэж хэдэнтээ мэдэгдсэн ч буулт хийснээр маш ноцтой хэрэгт сэжиглэгдсэн Батсүх хурандааг саатуулалгүй шалгахаар болжээ. Ийнхүү Ганц худагт өчиггүй хоригдсон хэдэн зуун залуучууд болон Магнай, Батзандан, бас хэд хоногийн өмнө баригдсан жирийн цагдаа нараас илүү тэгш эрхтэй бас нэг иргэн Монголд мэндэлж Бадар-Ууганы алтан медалийн тоглолтыг гэрээсээ үзэхнээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01 | 3 Comments »

“Шуурга …шуурга…шуурга аа гэж …”

Posted by Бид on 2008/08/19

“Далай дөлгөөн байхад хөлөг онгоцыг хэн ч залуурдаж чадна. Харин шуурга дэгдвэл зөвхөн сайн залуурч давж гардаг” гэсэн утгатай үгийг  одоо олимп болж байгаа Бээжинд хотноо, гэхдээ олон жилийн өмнө Мао дарга нь хэлжээ.

Манай төрийн залуурчид Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу Монголын олимпийн анхны алтан медалийг авангуут Сүхбаатарын талбайд дэгдсэн баяр хөөрийн шуурганаар ямар сүрхий овсгоо гаргав аа! Хэдэн арван мянган хүн цугларч бужигнасан нь багадаж “Их салхи нижигнэнхэн хөдөлтүгэй” гэсэн шиг эрүүл, согтуу холилдсон залуурчид эзэн Чингэсийн өмнүүр хөтлөлцөн гарч ирснийг бид нүдээрээ харж мэл гайхсан. “Азтай” ерөнхийлөгч Энхбаяр маань согтуу хүн сохор ухаантайг далимдуулж “азтай” Ерөнхий сайд Баяр, “азтай” АН-ын дарга Элбэгдорж хоёрын амнаас улс төрийн зөвшилцлийн үг унагахыг оролдож эхлээд С.Баярт үг өгсөн боловч МАХН-ын залуурч маань “Би Монгол улсын Ерөнхий сайд Баяр байна” гэж хашгираад тэнхээ нь тасарсан тул бүтээгүй билээ. Хэрвээ С.Баяр тэр үдэш эрүүл байсан бол Ерөнхийлөгч “Та хоёр Түвшинбаярын ялалтыг бодоод тангарагаа өргөж УИХ-аа эхлүүлээч” гэж хөөрсөн түмний нүдэн дээр хүсч Ц.Элбэгдорж зөвшөөрөхөд бэлэн байсан болов уу. Утга учраа алдсан гацаанаас АН нэр цэвэр гарах сайхан шалтаг байлаа. Яая гэхэв. Архидалт монголчуудад сайн юм авчрахгүй гэдэг нь дахиад нотлогдов.

Найгаж цовхочсон залуурчид хэзээ ч мартагдахааргүй зугаатай харагдсан. Гагцхүү монгол хүн бүрийг уяруулсан гайхамшигт үйл явдал тохиосон тул цугларагсад бүтэлгүй залуурчдаа  нэг удаа өршөөж цаашаагаа шөнө дунд хүртэл цэнгэн хөгжилдөөд тарцгаажээ.

Тэр үдэш Сүхбаатарын талбайг харъяалдаг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Амарсайханы хахир сэтгэл хүртэл уярч “урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, үргэлжлэх хугацаа, хэн хариуцах болон оролцогчдын тоо тодорхойгүй” байхад цугларсан талбай дүүрэн иргэдийг 14 хоног суулгахгүй  байхаар шийдсэн бол эрүүлжүүлэхийнхэн “согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газарт орилж хашгирсан” зарим залуурчинг гэрт нь хүргэж өгсөн байж таарна.

Харамсалтай нь, залуурчид маань өөр шуургыг давахдаа тааруу гэдгээ харуулсан. Сар хагасын өмнө буюу 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө болсон үймээн самууны шуурганд 5 хүний амийг үйж байж цаана нь гарсан бол өнөөдөр үнийн өсөлтийн шуурга дэгдээд байхад залуурдах ч үгүй юм. “Энэ хүүхнүүд үү?” киноны Жамц даргын “Шуурга … шуурга … шуурга аа гэж …” болж байх шиг.

Posted in Улс төр, эдийн засаг | 3 Comments »

Цагийн зөрүүгүй Олимп

Posted by Бид on 2008/08/18

Олимпийн бүх тоглолтоос Монголд хамгийн ойрхон, хэзээ нэгэн цагт Монголын их гүрний нийслэл байсан Бээжинд болж буй зуны олимпийн 29-р тоглолтыг манай телевизүүд үзэж барахгүй ихээр үзүүлж байна. Цагийн зөрүүгүй учраас дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд суудаг америкчууд мэтийн азгүй нөхдүүд шиг нойроо хугаслах,  маргааш нөхөж үзэх асуудалгүй бараг л дэргэдээс нь үзэж сууна.

Манай телевизүүдээс МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, НТВ, SBN телевизүүд өөрсдийнх нь хэлснээр “шууд дамжуулан үзүүлж байна”. Гэхдээ Наадмын талбай юмуу Хүй долоон худагтай адил өөрийн камерыг зоогоод дамжуулсан хэрэг бус, харин Бээжингээс албан ёсоор дэлхий дахинд шууд цацсан сувгуудийг эндээ “таваг” босгож хүлээн аваад монголчууд оролцсон буюу монголчуудад сонирхолтой тэмцээнүүдийг сонгон студиэсээ монголоор тайлбарлан үзүүлж байгаа болов уу. Тэгэхлээр “шууд хүлээн авч үзүүлж байна” гэвэл үнэнд илүү дөхнө. Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны дүрс гэхэд бүх сувгаар яг адилхан байв. Гэхдээ манай телевизүүд зүгээр хүлээж суугаагүй, сурвалжлах багуудаа Бээжин илгээж монголын тамирчид болон тэнд тугаа намируулсан манай хөгжөөн дэмжигчдийг үзүүлж харуулсан бичлэг дамжуулан үзүүлж байгаа. Студид тухайн спортын мэргэжилтнүүдийг студидээ урьж тайлбарлуулж байгаа нь тун сайн. Монголын олимпийн анхны алтан медалийг Түвшинбаяр авах тэр мөчид хөтлөгч тайлбарлагчид ухаан жолоогоо алдаж лав МҮОНТ-ийн хөтлөгч залуу баярын нулимс мэлмэрүүлж суусан. Тэгснээ хэдэн мөчийн дараагаас олимпийн нэвтрүүлэг Бээжингийн “Шувууны үүр” эсвэл “Ажилчны ордон”-гоос Улаанбаатарын Сүхбаатарын талбай руу шилжин үргэлжилсэн билээ… Манай үзэгчдэд өөр юу хэрэгтэй юм бэ?

Сумог “Ийгл”-ээс бусад монголын бүх телевиз давхардан байж үзүүлдэгийг шүүмжилдэг хүмүүс бий. Олимпийг бас тэгэж олон телевиз дамжуулж байгаа ч спортын төрлүүд илүү олон тул заримдаа өөр өөрийг үзүүлдэг болж. Хаа ч байхгүй сонголт! (Оросууд олимпийг хэдхэн сувгаар үздэг гэсэн). Тэгээд ч өөр олигтой үйл явдал Монголд болж байгаа биш…. Хэрвээ та завины уралдаан, зүлгэн дээрх хоккей, уулын дугуй мэт хачин чамин спорт сонирхдог бол гадаадын хэдэн арван сувгаар хятад, англи, орос гээд түмэн хэлээр тайлбарлуулж үзэхэд чөлөөтэй.

Харин C1, TV8, TM, бас шууд нэвтрүүлгийн манлай “Ийгл” телевиз Олимпийн наадмыг шууд дамжуулаагүй, зүгээр л мэдээлж байгаа. Гэхдээ Сүхбаатарын талбай дээр болсон олимпийн алтан медалийн цуглааныг “Ийгл” телевиз 7-р сарын 1 шиг тасралтгүй дамжуулсан гэнэ. (Тэр өдөр би Улаанбаатарт байгаагүй тул үзэж чадсангүй)

1980 оны зуны 20-р Олимпийн тоглолт шиг бидэнд бас л ойрхон, алтан Москвад болж ганц “Орбит”-оор үзүүлж байсантай харьцуулбал өнөөдрийн телевиз бол гайхамшиг, гэхдээ бидний өдөр тутмын амьдралын жирийн нэг зүйл болж хувирсан гайхамшиг. Та бид Бээжин очоогүй мөртлөө Усейн Болт, Майкл Фелпс, Елена Исинбаева, Найдангийн Түвшинбаяр нарын ялалтын мөчийг тэнд суугаа үзэгчидтэй яг зэрэг, тэгэхдээ илүү ойроос, бүр томруулж, тэгснээ цаг хугацааг ухраан дахин дахин давтан үзлээ шүү дээ…

Posted in + ТЕЛЕВИЗ | 1 Comment »

Нэр нь үл мэдэгдэх “зураглаачид”

Posted by Бид on 2008/08/11

Өчигдөр C1 телевизээр гарсан сурвалжлагаар Сүхбаатарын талбай дээр чимээгүй суугаа Ганц худагт хоригдсон иргэдийн ар гэрийнхнийг гартаа камер атгаж зогсоо зайгүй дагаж бичлэг хийж яваа нэгэн залууг харуулав. Тэр нөхөр баатарлаг тагнуулчийн дүрдээ хэт автаж телевизийнхэн ирчихээд байхад зэрэгцэн “сурвалжилсан” тул нэгэн суугчийн тэвчээр барагдаж түүнийг илчиллээ:

Биднийг 30-нд суулт хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зогсоо зайгүй мөрдөж байна. Тэр тусмаа намайг өндийсөн ч бичдэг, суусан ч бичдэг. Би гайхаад хаанаас явааг нь асуухлаар эхлээд “Зиндаа” сониных гэж хариулаад өнгөрсөн… Дараа нь Арслан очиж асуухад бас нэг сониных гэж хэлсэн… Байнга ингээд дагаад байхлаар би сүүлдээ айж эхэлсэн учраас дахиж асуухад Сүхбаатар дүүргийн хүн гэсэн… Уржигдар бид баригдаад цагдаа дээр очиход энэ залуу камераа харуулаад “Эгч гуай, баримт нь бий шүү” гээд сууж байсан…

Цаадах нь зугатаад явчихав.

7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө мянга мянган жагсагчид хуйларч байхад цагдаагийнхэн олон камераар тасралтгүй дүрсжүүлж авсныг ойлгож болох юм. Харин өнөөдөр 80 настай эмгэн, хоёр ихрээ тэвэрсэн хүүхэн, таягтай хөгшин зэрэг бүрэлдэхүүнтэй ядарсан хэдийг ингэж улайран мөшгиж байгаа нь дэндэнэ ээ.

2005 оноос иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан оволзоход үл анзаарагдам нөхөд чимээгүйхэн бичиж зогсохыг хэн ч тоогоогүй. Тэр үед миний олж харсан зарим “зураглаачид” энэ байна. Хоёр дахь зурган дээр цаад хоёр нь юм шүү.

Гэхдээ монголын цагдаа ард иргэдээ тагнасан эхний баримт бүр 1995 онд илэрснийг сануулья. Нийслэлийн багш нар цалин хөлсөө нэмэхийг шаардаж Сүхбаатарын талбай дээр өнгөрүүлсэн тэр хаврын өдрүүдэд багш нарын ажил хаялтын түр хорооны өрөөнд (МҮЭ-ийн Төв зөвлөлийн ордны 3-р давхарт байсан) цагдаагийн нэгэн ажилтан чагнах төхөөрөмжтэй хүрмээ “мартаад” явсан нь илэрч бөөн шуугиан дэгдсэн ч тэгэсхийгээд замхарсан.

Бүр 13 жилийн өмнө, бүгдээрээ нийлээд ч одоогийн Магнайгаас 10 дахин номхон багш нарыг (бүгд эмэгтэйчүүд) голохгүй чагнаж байжээ!!!

Тэрнээс хойш гүйцэтгэх ажлын гэгддэг арга техник, хэрэгсэл санаанд оромгүй түвшинд хүрсэн байж таарна. Тэгэхлээр өнөөдөр цагдаагийнхан жагсаж цугласан болгоны дуугарсан, хөдөлсөн бүрийг яаж хурааж дүрсжүүлэн ямар зузаан хар данс хөтөлж байгааг төсөөлөхөд ч бэрх. 80 настай эмгэн тэргүүтэй суугчдыг хэдэн өдрөөр “шагайж” чадаж байгаа юм чинь Амарболд генерал нөгөө Батзандан, Магнай нарын уулзалт ярианд бараг эчнээгээр оролцдог байсан биз.

Монголд жагсаал цуглаанд оролцогсод байтугай цагдаагийнхан өөрсдөө дураараа дургидаг болж.

Posted in 2008.07.01 | 3 Comments »

Өнөөдөр 2008 оны 8 дугаар сарын 8.

Posted by Бид on 2008/08/08

Хятадын нийслэл Бээжин хотноо зуны 29-р Олимпийн тоглолт нээгдэж байна. Энэ өдрөөр улс төрийн хоригдлуудыг суллах, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хангахыг энд тэндээс уриалж шаардаж байгаа билээ. Гэхдээ зөвхөн Хятадын биш, бас Монголын эрх баригчдаас шаардмаар байна. 

Бид “МАХН-ын байр дуу дайрч орьё” гээд уриалсан, гэхдээ дайрч орох байтугай чулуу ч шидээгүй Г.Магнайг баривчилсан нь зөв буруу эсэх талаар маргалдаж болно. Тэгвэл уриалаа ч үгүй Ж.Батзанданг яагаад олон хоног суулгасан бэ?  Сүхбаатарын талбай дээр дуугүй суусан Г.Арслан, А.Саруул нарыг яагаад баривчлав? Тэд Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэнтэй нийлж Сүхбаатарын талбай дээр чимээгүй суулт хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайханд хүсэлт гаргажээ. Уг нь жагсаал цуглаан ч биш, өдөр бүр 12-17 цагт чимээгүй суухыг хүссэн. Гэтэл “оролцох хүмүүсийн тоо тодорхойгүй” гэх мэт хөгийн шалтаг зааж бүртгээгүй аж. Уг нь Амарсайхан дарга жагсаал цуглаан хийх гэсэн иргэддээ үйлчилж, тоо цифр дутаад байвал дуудаад тодруулчих үүрэгтэй. Эсвэл  утасдаад асуусан ч яадаг юм. (Эвтэйхэн ярьчихаж болно доо: Сайн уу, Арслаан. Би Сүхбаатар дүүргийн Амарсайхан байна. Чи амарсан уу? Саяын сонгуулиар ядраа байлгүй дээ…. Хөөе, чиний бичгэн дээр хоёр тоо дутаад байна. Чи хэлээдэх, би нөхөөд биччихье… За, Чамтай цуг суулт хийх наад хүмүүсийн зарим нь настай хүмүүс байна лээ шүү. Наршчих вий дээ, сайн хэлээрэй. Наагуур чинь сахилгагүй юмнууд яваад үймүүлэх вий… Элдэв  асуудал гарвал утасдаарай. Миний утас: 9911…..За сайн суугаарай). Ганцхан минут хангалттай. Хэрвээ Монгол улс ардчилсан орон мөн юм бол иргэд жагсаал цуглаан хийх хүслээ хэлдэг, Засаг дарга бүртгэдэг байх учиртай. Гэтэл Амарсайхан дарга үүргээ биелүүлээгүйгээс болж цагдаагийн “машин” ажилдаа орж Арслан, Саруул хоёрыг 14 хоногоор баривчилж, маргааш нь бүдүүлэг цагдаа нар 80 настай эмгэн, таягтай хөгшин, хоёр хүүхэдтэй бүсгүйг чирж гудран цагдаагийн газарт аваачиж “дахиж суувал” жинхэнээр суулгахаар айлгасан байх юм.

Өнөөдөр юм л бол барьж хорьдог болохнээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үүний тулд жагсаж цуглах эрх чөлөөнд  шууд халдаж байна. Энэ бол бидний хувьд сонин хэвлэлд юмуу Интернэтэд бичиж нийтлэх, эсвэл телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэж явуулахыг хориглосонтой яг адилхан.

Интернэтэд вэб сайт эрхэлж, блог хөтөлдөг нөхөд өө!  Бидний үзэл бодол, харах өнцөг хичнээн өөр байсан ч хамаагүй Монголд иргэд жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан интернэтийн томоохон акцыг зохион байгуулах талаар бодож үзвэл ямар вэ? Жишээлбэл, 8-р сарын аль нэг өдрийг сонгон авч сайт юмуу блогныхоо тэргүүн нүүрэнд том уриалга  нийтлэх гэх мэт санаачлага гаргахыг уриалж байна.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 8 Comments »

Онц байдлын үеэр Интернэтийг хаагаагүй сайн Ерөнхийлөгч …

Posted by Бид on 2008/08/07

7-р сарын 1-ны үйл явдлын дараа амь насаа алдсан 5 иргэний ар гэрийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзах үеэр МҮОНТ-ийг хэдэнтээ дурдаад авчээ.

Тэдгээр иргэд МҮОНТ-ийн удирдлагад хандаж, хүмүүсийг буудсан хэрэг явдлын тухай нэвтрүүлэг хийлгэх хүсэлт  тавьсан боловч цаадуул нь тодорхой хариулт өгөлгүй бултчихжээ. Уг нь онц байдлын 4 өдрийн туршид амь үрэгдсэн хүмүүсийн талаар огт дуугараагүй, эхний өглөө 1-р эмнэлгээс санаандгүй хийсэн сурвалжлагаа ч дахиж үзүүлэхгүй хассан олон нийтийн телевиз нүглээ наманчилж энэ байтугай нэвтрүүлгийг санаачлагаараа хийчихсэн баймаар. Тэнд онц байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр бололтой.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахдаа олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн тулд арилжааны телевизүүдийг хааж ганцхан МҮОНТ-ийг үлдээсэн, харин сонин хэвлэлүүд гардгаараа гарсан, FM радио, бас Интернэтийг яагаа ч үгүй” гэлээ. Юу  ярьчихав аа?!

Зарим FM-ийн байр үймээн самууны хөлд өртөж шатсаныг бид мэднэ. Гэтэл монгол телевизийн цамхаг дээр байрлуулсан антенныг нь ямар ч тайлбаргүйгээр унтрааснаас болж хэд хэдэн FM тасарчээ. Инээдтэй нь гэвэл, бусад FM-үүд дуугаа хураасныг мэдээд “тэгэх ёстой юм байлгүй” гээд эфирээ хаасан “ухамсартай” FM байсан аж. Гэтэл зарлиг мутарласан Ерөнхийлөгч өөрөө үүнийг мэдээгүй тууж явна. “Яаж энэ улс орныг удирдана даа” гэж дуу алдмаар. Тэр өдрүүдэд FM-ийн антенныг хэн унтрааж Ерөнхийлөгчийн зарлигыг зөрчсөнийг шалгахад ч илүүдэхгүй.

Бас Ерөнхийлөгч онц байдлын өдрүүдэд Интернэтийг яагаа ч үгүй, вэб сайтууд чөлөөтэй ажилласан тухай хэлээд авсан. Баярлалаа, Ерөнхийлөгч өө. Гэхдээ Интернэтийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, таны анд Жорж Буш хүртэл хянаж чаддаггүй, нөгөө Бен ладен, “Аль Кайда” нь ална хядна  гээд онлайнаар заналхийлсэн хэвээр билээ. Бас Хятадын Шинжааны “Дорнод Туркестан” нэртэй алан хядагчид Олимпийн үеэр дэлбэлж шатаах мэдэгдлээ цацсаар байгааг Интернэтийг цензурдэх арвин туршлагатай Хятадын мэргэжил нэгт Хуа Жинтао ч болиулж чадалгүй Олимпоо эхлүүлж байх шиг. Харин манай Ерөнхийлөгчийн толгойд “олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд” Интернэтийг цензурдэх санаа төрсөн ч бүтэхгүйг нь мэдээд арилжааны телевизээс өөр юуг ч хориглоогүй сайн Ерөнхийлөгч болж харагдахыг оролдов уу? Тэгээгүй юм бол иймэрхүү дэмий юм ярихгүйсэн.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, FM радио | 3 Comments »

“Тасархай” сэтгүүл

Posted by Бид on 2008/08/04

Өмнө нь би “Монголын №1 сэтгүүл”-ийг танилцуулсан бол энэ удаад өөрийгөө “тасархай” гэж үнэлсэн сэтгүүлийг хэлж өгье. Нэр нь “Үндэстний тойм”.

Томоор бичсэн ТОЙМ, улаан хүрээтэй хавтас нь бараг  л америкийн TIME адил харагдуулдаг тус сэтгүүлийн 2008 оны 5-р сарын дугаарын (№9) өмнөх үгэнд “Монголд сэтгүүлийн бум болж байна. Гэхдээ “Үндэстний тойм” энэ фронт дээр бусад монгол сэтгүүлээс хол давуу гэж өөрийгөө тоодог ч гэлээ цочрол авлаа” гэж маш даруухан эхэлснээ “ингээд уншвартай, өгөөжтэй материалаар сэтгүүлээ дүүргэж уншигчдаа татах арга барилаар зах зээл дээр тулалддаг редакцийнхан маань тасархай гэдгээ нотлон харуулах нь зүйтэй гэж үзсэн юм” гээд дан ярилцлагаас бүрдсэн дугаар бэлтгэхээр шийдсэнээ зарлажээ. Дугаараа нэг хүнээр дагнахаар шийдсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр болж  “Өөрийн бодол өөртөө зөв, Өрөөл даавуу өмдөндөө зөв” нэртэй Баярын магтуугаар дүүргэсэн байна.

Санаандгүй тохиолдол болов уу гэтэл сарын дараа “тасархай” сэтгүүлийнхэн маань дахиад нэг цочихдоо дахин С.Баяр, тэгэхдээ түүнтэй хамт нэр дэвшсэн Сү.Батболд, М.Чимгээ гуравт зориулсан өөр нэг дугаар (№16) гаргаадхаж. Тайлбарлахдаа, “Монголчууд ардчилсан сонгууль явуулах болсоор хориод жилийн нүүр үзэж багагүй туршлагажиж хашир суужээ. Гэвч нэр дэвшигч бүртэй нарийн тодорхой танилцах боломж хомс байдаг. Иймээс манай редакци уншигч танд хэрэг болуужин хэмээн УИХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна” гэв. Хавтсан дээрээ “Бид хамтдаа зүтгэнэ. МАХН-аас нэр дэвшигчдийн бүтцийг харахад улс төр, эдийн засаг, нийгэм гэсэн төр улсын тулгын гурван чулуу санаанд бууж байгаа юм”  хэмээн дурайлгаж, дотор нь “Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: С.Баяр ард түмэн төр түшиж чадах хүнийг хүлээж ядаад цөхөрч байхад гарч ирсэн улс төрч“ гарчигтай ярилцлага,  “Өдрийн сонин”-ы Г.Мөнхбаясгалангийн ”Үгүйлэгдэж байсан орон зай”, Б.Цэнддоогийн “Төрийн залгамж” зэрэг өгүүлэл оржээ. (Найрагчийн тухайд гэвэл энэ сонгуулиар бараг бүх нэр дэвшигчийг бүх хэвлэлээр магтаж ярьсны нэг нь энд багтжээ)

Нэрт нийтлэлч Б.Баабар нарын “Непко” хэвлэлийн газраас 2006 оноос эрхлэн гаргаж байгаа тус сэтгүүлийн “Далай лам. Ойр мөртлөө алсын шүтээн” сэдэвтэй бөгөөд тус хэвлэлийн газрын бүтээл “Бодь мөрийн зэрэг” сударт зориулсан сонирхолтой дугаарыг санаж байна. Түүнээс хойш Таван толгой, бас Оюутолгойн тухай сурталчилгааны бололтой дугаарууд үзэгдсэн ба “Үндэсний компаниуд үндэстнээ тэтгэнэ” гэсэн дугаарыг шуудангийн хайрцагт үнэ төлбөргүй хийсэн байж билээ. “Энержи ресурс” санхүүжүүллээ гэж ойлгосон. Би өөр дугаар олж үзээгүй, яагаад гэвэл гадуур зарагдаагүй. Жишээлбэл, С.Баяр ба түүний нөхдөд зориулсан дээрх №9 ба №16-ын хоорондох дугаарууд бас үзэгдээгүй, магадгүй нэр дэвшигчид захиалгаар хэвлүүлж тойрогтоо тараасан биз.

Тэгэхлээр “Үндэстний тойм” үнэхээр “тасархай” юу, хэрвээ тийм бол юугаараа вэ? Гоё хүүхнүүдээр хавтасласан “Гялбаа”, дуу хөгжмийн “Metro Music”, барилгын “Тэнхлэг зууч”, хөл бөмбөгийн “Ура гоол”, хүүхдийн “Нар” сэтгүүлээс хол тасарснаа сайрхаагүй л байх. Бас “Монголын №1 сэтгүүл” гэж өөрийгөө өргөмжилсөн “Аптуан”-аас хэр зайтай яваа бол?

Уг нь “Үндэстний тойм”-ийг өөрийгөө ядахдаа нийгэм-улс төрийн буюу төстэй хэвлэлүүдтэй харьцуулбал зүгээрсэн. Жишээлбэл, сар тутмын   “Алтан гадас” сэтгүүл 2003 оноос хойш эрээвэр хураавар ч гэсэн 56 дахь дугаараа уншигчиддаа өргөн барьсан бол “Цаг төр, хүмүүс” долоо хоног тутам!! хэвлэгдэж улс төрөөс гадна нийгмийн амьдралыг маш өргөн хүрээнд тун сонирхолтойгоор дэлгэдэг болсон. Тэд олон талаараа “Үндэсний тойм”-оос хамаагүй давуу.

Харин “захиалгат сэтгүүл”-ийн хувьд “Үндэстний тойм” бусдаас тасарсан байж болох. Юуны өмнө, хэвлэлтийн тоо ширхгээрээ. Яагаад гэвэл, сонгуульд нэр дэвшигчид “Үндэстний тойм”-ыг сурталчилгааны тараах материал  болгож сонгосон бол өөрийгөө Баабар нараар магтуулж бичүүлсэн дугаараа тойргийнхоо айл өрхийн тоогоор, бусад цагт баян компаниуд нийслэлийн шуудангийн хайрцгийн тоогоор буюу хэдэн арван мянган хувиар хэвлүүлж цацсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгүүл зүйн хувьд энэ бол нэг их бахархах зүйл биш.

Posted in + СЭТГҮҮЛ | 7 Comments »

Зөвхөн “Ийгл” телевиз нар хиртэлтийг шууд дамжуулав. Бусад нь 55 жил хүлээх хэрэгтэй болжээ

Posted by Бид on 2008/08/01

19.00:

Одоо Улаанбаатарт 2008 оны 8-р сарын 1-ны яг 19 цаг болж байна. Монголд зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт 200 км-ын зурвас газарт нар бүтэн хиртэж тэнд барагцаалбал 2 минутийн турш тэнгэр харанхуйлна гээд сурталчлаад байсан. Тэгвэл Улаанбаатар хотод нар хагас ч гэсэн хиртэхийг түрүүхэн мэдлээ. 19 цаг 04 минутэд оргилдоо буюу 86 хувьд хүрч сарны сүүдэр дор орох юм байна. Одоо тэнгэр аажмаар бүрэнхийлсэн ч нарыг нүдээрээ харах боломжгүй, нүд сохолмоор хурц хэвээрээ ажээ. 

Харин “Ийгл” телевиз энэ хиртэлтийг шууд дамжуулж байх юм. Дамжуулаад зогсохгүй одон орон судлалын эрдэмтнийг студидээ авчирч суулгаад тайлбарлан яриулж байна. Үүний ачаар би нүдээрээ олигтой харж чадахгүй байгаа нар хиртэлтийг “Ийгл”-ээр харж сууна.

“Ийгл” телевиз монголын бусад телевизүүдийг дахиад л давж гарав.

19.20 цаг:  

Сая гүйж гараад Сүхбаатарын талбай дээр очлоо. Хүмүүс алгаараа нүдээ хааж байгаад хурууныхаа зай завсраар хавирган хэлбэртэй болсон нарыг гялс хараад авахыг оролдоно. Би ганц зураг дарснаа энд оруулав. 

Өнөө оройжин телевизүүд нар хиртсэн тухай сурвалжлага үзүүлэх биз. Гэхдээ шууд дамжуулж чадсан нь зөвхөн “Ийгл”. Бусад телевизүүдэд Монголд болох дараачийн нар хиртэлтийг шууд дамжуулах боломж нээлттэй. Тэр хүртэл ердөө 55-хан жил буюу 2063 оны найм­дугаар сарын 24-нд хүртэл хүлээхэд л хангалттай…

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 5 Comments »