АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шангри-Ла-гийн тухай баярын сурвалжлага эгшиглэв

Posted by Ажиглагч on 2008/07/31

MCS групп компани Сүхбаатарын талбайн зүүн урд босгоод дуусч буй офисийнхоо  урдах цэцэрлэгийг сэргээж эмнэг булгиулж байгаа хүүхдийн баримлыг шилжүүлэн усан оргилууртай болгосноо албан ёсоор зарласан хэвлэлийн хурал бүх телевизээр гарч байна. Зарим телевиз сурвалжлагаа шуудхан “бизнес мэдээ”-гээр нэрлэсэн бол олон нийтийн телевиз бүр баярын магтуу эгшиглүүлэн ер бусын хүндэтгэлтэйгээр үзүүлэв. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дугаар бүрт заавал 1-2 төлбөртэй сурвалжлагыг сэмхэн багтаадаг, нэг нь энэ бололтой.

Хорвоод хосгүй Шангри-Ла зочид буудал хэмээх 16 давхар залилангаа MCS-ийнхэн хэвлэл мэдээллийг хөлслөн гүйцэлдүүлсэн, одоо нэгэнт барьчихсан хойноо даапаалан зарлаж, одоо бүр хаана газар авч юу хийхээ дур мэдэн шийдэж байгааг сэтгүүлчид асууж ч зүрхлэхгүй суужээ.

Энэ аргагүй. Анх 2003-2004 оны үед Сүхбаатарын талбайн хаяанд өндөр цамхан барилга босгох сураг дуулаад олон нийт дургүйцэж эхэлмэгц MCS-ийнхэн монголын хамаг хэвлэл мэдээллийг худалдан авч бөөн бөөнөөр нь ээлж дараалан Хонконг руу айлчлуулснаар Шангри-Ла хэмээх газрын диваажинг яг энд бушуухан барихгүй л бол наанадаж Улаанбаатар хот, цаанадаж Монгол орны хөгжил цэцэглэлт бүрэн зогсоно гэдэгт монголчууд сэнхэрч нам дарагдсан билээ. Гэтэл өнөөдөр Шангри-Ла зочид биш, томоос том офис сүндэрлэснийг юу гэх вэ?

Тэгтэл жинхэнэ Шангри-Ла зочид буудлаа Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хажууд босгоно гэж зарлах нь тэр. Аль хэдийнэ сэмхэн аваад хашаалчихсан тэр газраа MCS группийн ерөнхийлөгч Ж.Од  “паркийн газар биш” хэмээн айлджээ. Харсаар байтал паркийн төмөр хашаан дотор байхад шүү!  Бас жинхэнэ Шангри-Лаг барихад эргэн тойронд арвин зай талбай хэрэгтэй гэнэ. Удалгүй хүүхдийн парк Шангри-Лагийн үүдний цэцэрлэг маягийн юм болж, хажууханд нь завилсан их Д.Нацагдорж буудлын үүд сахисаар үлдэж магадгүй. Яахав, тойруулаад хэдэн цэцэг тариад өгнө, дургүй хүргэвэл зайлуулсан ч чадна.

Хэвлэлийн хурлын үеэр MCS групп дархан цаазат Богд уулын Хүрхрээгийн амыг эзэмшихээр шийдсэн тухай “баяртай” мэдээ дуулгав. Хичнээн гоё цанын бааз барих тухай танилцуулгад уярсан телевизийнхэн  яагаад?  гэсэн асуулт тавих сөхөөгүй, хэдэн жилийн өмнө Шангри-Лаг магтсан шигээ оройжин сурталчилж өглөө.  Цанын баазын араас юу босохыг яг мэдэж байгаа юм уу? Нийслэлийн сая иргэний нүдэн дээр Шангри-Ла офис болж хувирчихаад байхад шүү!

Монголд MCS гэдэг компани юу хүснэ, монголын төр зөвхөн зөвшөөрөх үүрэгтэй болжээ. Нөгөө төрийн ил тод байдал, нийслэлийн хот төлөвлөлт, газрыг төсөл шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгох энэ тэр хаачив аа? Шангри-Ла-гийн газрыг хотын захиргаа, харин Богд уулыг БОАЖЯ мэдэх учиртай. Энэ удаад дархан цаазат уулын Хүрхрээгийн амыг яах талаар нийтэд зарлахгүй, ярьж хэлэлцэхгүй нууж байгаад MCS-ийн мэдэлд сэмээрхэн  өгчихчээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: