АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хууль зөрчүүлээгүйн төлөө МҮОНРТ-ын удирдлага маш их гомдолтой байна

Posted by Бид on 2008/06/26

Өчигдөр орой  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз  гэнэт сүржин мэдэгдэл хийж хэд хэдэн удаа давтлаа. Бүрэн эхээр нь сийрүүлье.

“Бид иргэнийхээ эрхийг эдэлж төрийнхөө сонгуульд оролцох гэж байгаа билээ. Энэ хариуцлагатай үйл ажиллагаанд сонгогч олныг мэдээлэл, мэдлэгтэй оролцоход нь туслах, мөн олон нийтийн радио телевизийн хуулиар олгосон үүрэг, хариуцлагаа биелүүлэх зорилгоор бид энэ жилийн сонгуульд өрсөлдөж байгаа бүх нам, эвсэлд сурталчилгааны үнэ төлбөргүй цагийг ижил олгож эдгээр улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй хүргэх зорилгоор цуврал халз ярилцлагыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Энэ тухай өгүүлэн та бүхэнд хандаж байгаагийн учир нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцож байхдаа олон нийтийн хүсэн хүлээж байгаа олон асуултад хариу өгөх үүднээс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой халз ярилцлагад зохион байгуулах санал тавьж Элбэгдорж дарга ч хүсэлтийг нь хүлээн авсны дагуу 2008 оны зургадугаар сарын 26-нд радио телевизээр шууд дамжуулах байсан халз ярилцлагыг зохион байгуулахгүй болсонтой холбоотой юм. Учир нь энэхүү халз ярилцлагыг сонгуульд оролцож байгаа Иргэний эвсэл, Хөгжлийн хөтөлбөр нам болон бусад намууд буруушааж СЕХ-нд хандсан бөгөөд СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайханаас манайд ирүүлсэн шаардлагын дагуу ийнхүү МАХН, АН-ын дарга нарын халз ярилцлагыг нэвтрүүлэх боломжгүй боллоо. Мөн энэ шалтгаанаар парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой халз ярилцлагыг нэвтрүүлэхгүй.  Олон нийтийн санал хүсэлт тэдний хүсэл зорилгод нийцсэн нийтлэл нэвтрүүлэг хүргэх зорилготой манай радио, телевиз тэнцвэртэй, ил тод мэдээллийг хүргэхийн төлөө ажилласаар ирсэн боловч дээр дурдсан шалтгаанаар зарим нэгэн нэвтрүүлгүүдийг ийнхүү хүргэж чадаагүйдээ харамсаж байна. Үзэгч сонсогч та бүхнээсээ хүлцэл өчье.  

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз гэжээ

Ийм ноцтой асуудлаар  МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө гарч ирээд мэдэгдэл хийхийн оронд  хөтлөгчийн ард нуугдаж үлдсэн нь учиртай. Яагаад гэвэл зөвхөн 2 намын хооронд халз мэтгэлцээн явуулах нь хуулиар хориотой. Үүнийг ойлгохын тулд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалтыг уншихад л хангалттай.

37.7. Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.
37.8.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж  байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

Тэгэхлээр Сонгуулийн  Ерөнхий хороо, түүний дэргэдэх хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл зөвхөн хууль зөрчихгүй байхыг л сануулсан хэрэг. МҮОНРТ-ийн мэдэгдэлд нэр дурдагдсан Иргэний эвсэл гомдол гаргаагүй (харин Хөгжлийн хөтөлбөр нам ийм гомдол гаргасан гэдэг бол худлаа), бас СЕХ-ноос бичиг очоогүй байсан ч хоёр намын халз мэтгэлцээний тухай саналаас М.Наранбаатар захирал эелдгээр татгалзах байсан. (“Та хоёр биднийг хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэхээр оролдож байгаад харамсаж байна… гэх мэтээр). Тэр ч байтугай МАХН-ын дарга С.Баяр ийм санал гаргахгүй, АН-ын дарга Ц.Элбэгдорж хүлээж авах ёсгүй байсан. 

С.Баяр, Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнээс гадна  хууль зөрчих гэсэн бас нэг оролдлого илэрлээ. Мэдэгдлээс үзэхэд, “парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой” дахиад нэг халз ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Хуулиа судалцгаая. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг тэр тусмаа МАХН ба АН хоёрын нэгдсэн намын бүлэг бүхий Улсын Их Хурал 2005 оны 12-р сарын  29-нд баталсан билээ. Хэрвээ Ц.Нямдорж буруу зөрүү засчихаагүй л бол…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: