АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for June, 2008

Бэлэн асуултанд ээлжлэн хариулж “халз мэтгэлцэв”

Posted by Бид on 2008/06/28

Хоёр намын пиарчдын урьдчилан тохиролцсноор 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны “оргил” нь МҮОНРТ-ээр зохион байгуулах “улс орны амьдралд шийдвэрлэх үүрэгтэй” МАХН-ын дарга С.Баяр, АН–ын дарга Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээн  байх байсан ч олон нийтийн телевизийн дарга нар энэ захиалгыг хууль зөрчиж гүйцэлдүүлэхээр санаархсан нь илэрсэн учраас бүтээгүй билээ. Гэхдээ хоёр нам нэгэнт тохиролцсоон халз мэтгэлцээнээ TV5 телевизээр явуулсан юм.

Харин МҮОНРТ-ээр сонгуулийн сурталчилгааны сүүлчийн буюу 6-р сарын 27-ны орой сонгуульд оролцож байгаа нам, эвслийн дарга нарын халз мэтгэлцээн болдгоороо болов. Сонгуулийн сурталчилгааны бичигдээгүй хуулиар бол илт давуутай, рейтинг өндөртэй тал нь “жижиг” намууд буюу нэр дэвшигчидтэй нүүр тулахаас зайлсхийдэг бол тусдаа мэтгэлцэж хэргээ бүтээчихсэн С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр өөрсөддөө тун итгэлтэйгээр орж ирсэн нь сонин. Хоёр нам бас л тэгэж зөвшилцсөн биз.

Энэ өдрийг хүртэл МҮОНТ-ээр улс төрийн намуудын дунд орой болгон явуулж ирсэн “Халз мэтгэлцээн” бол үнэн хэрэгтээ урьдчилан бэлтгэсэн “Манайд авлига хэр их байна?”, “Байгаль орчноо яаж хамгаалах вэ?” гэх мэт ерөнхий асуултанд ээлж дараалан хариулсан ярилцагархуу юм байсан. Энэ удаад яг тэгэж эхэлсэн боловч Иргэний эвслийн тэргүүн Д.Энхбат эсэргүүцэж, илт МАХН ба АН-д зориулсан, тэдэнтэй урьдчилан тохиролцсон нэгдүгээр ангийн хүүхдийнх шиг асуулт тавихаа болихыг уриалсан боловч бүтээгүй. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр Д.Энхбатын тавьсан биш, хөтлөгчийн бэлтгэсэн хэдэн асуултын цаана нуугдсаар байгаад дуусгасан билээ.

Энэ үеэр хэвлэл мэдээлэлтэй холбоотой бас нэг санааг Монголын Ардчилсан хөгжлийн намын дэд дарга М.Ганзориг хэллээ:  
– Энэ удаагийн сонгуулиар 370 тэрбум хэвлэл мэдээлэл рүү орж байгаа гэж байна. Энэ их мөнгө  хэвлэл мэдээллийг асар их бохирдуулж байна. Үүний улмаас хэвлэл мэдээлэл мэргэжлийн алуурчны түвшинд хүрсэн байна…

Ганзоригийн мэдэгдлийн төгсгөлийн хэсгийг залруулах хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар монголын хэвлэл мэдээлэл мэргэжлийн алуурчны биш, харин асар их мөнгөтэй улс төрийн намууд, нэр дэвшигчдийн улаан хамгаалагчийн үүргийг гүйцэтгэлээ.  Нэр хаяггүй хэдэн захиалгат нэвтрүүлгийг эс тооцвол шүүмжлэл, илчлэлт, эрэн сурвалжлага огт байсангүй. Юун аллага. Чимхээд ч авсангүй. Зөвхөн магтаал. Гэхдээ энэ бол тусдаа ярианы сэдэв.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Хууль зөрчих гэж байснаа М.Наранбаатараас бусад нь ойлгожээ

Posted by Бид on 2008/06/27

МҮОНТ-ын ерөнхий захирал М.Наранбаатар 2008 оны 6-р сарын 26-нд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө юу ярихыг сонсоход МАХН ба АН-ын дарга нарын мэтгэлцээнийг олон нийтийн телевиз тэр орой зохион байгуулсан бол хууль зөрчсөн үйлдэл болох байсныг хүлээн зөвшөөрөхгүй, магадгүй ойлгоогүй  хэвээрээ байх юм. Монголын хамгийн том телевиз зориудаар мэдэн будилж буруу зөрүү тайлбарласныг дагаад хууртсан юмуу эсвэл далимдуулаад намын даргадаа хайртайгаа илэрхийлэх гэсэн хэсэг хүмүүс гараад ирж. Харин ийм мэтгэлцээн гарцаагүй хууль зөрчих байсныг АН сонгуулийн ерөнхий менежер шударгаар хүлээн зөвшөөрсөн бол МАХН-ын нэг дарга бараг хүлээн зөвшөөрсөн байна.

    
Тэр оройн “Цагийн хүрд”-ээр хэн юу гэж ярьсныг дор сийрүүлэв.

Read the rest of this entry »

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

“Ярилцья”, “Гэрэлтэй цонх”, “Цагийн хүрд” хэнийг сэмхэн сонгов?

Posted by Бид on 2008/06/26

Сонгуулийн сурталчилгаа төгсгөл рүүгээ дөхөхийн хэрээр МҮОНТ хууль зөрчсөн далд сурталчилгаагаа нуухаа ч больж гэгээн цагаан өдрөөр хүртэл явуулсан юм. Зарим жишээг дурдвал

2008.06.21. “Ярилцья” нэвтрүүлэг
1. Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч,  УИХ-ын гишүүн Л.Одончимэд
2. Баянзүрх дүүрэгт “Эх орон” намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Отгонбаяр
3. Өвөрхангай аймагт МАХН-аас нэр дэвшигч, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба
4. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч бөгөөд МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Бурмаа (МСНЭ-ийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн бас нэг гишүүн Ц.Дашдондов гуай ирсэнгүй гэж зарлаж байгаад 30 гаруй минут “чөлөөтэй сайхан” ярилцав)

2008.06.21.
Бүр 1990-ээд оны эхээр УИХ-ын гишүүн Т.Гандигийн хийсэн уран сайхны киног үзүүлэв. Төгсгөлийн хэсэгт Ганди өөрөө тогложээ.

     

2008.06.22. “Боловсрол  хөгжилд” нэвтрүүлэг
Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшигч,  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин боловсролын сэдвээр тухай ярив.

2008.06.23. Ярилцлага 
Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч, АН-ын дарга Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага

2008.06.25.  19.30-19.40.  Хөтөлбөрт “МҮОНТ энэ долоо хоногт” гэж байв.
Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сурталчилсан нэвтрүүлэг

Тэгвэл харанхуй шөнөөр буюу “Гэрэлтэй цонх”-ны дор бүр замбараагаа алдсан хэвээрээ. Сүүлийн үед Дорноговь аймагт МАХН-аас нэр дэвшигч, Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорнод аймагт нэр дэвшигч, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр, Баянзүрх дүүрэгт “Эх орон” намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Отгонбаяр нар “Гэрэлтэй цонх”-оор юу хийснийг урьд нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр шөнө бүр гурван нэр дэвшигч болж нэмэгдлээ.

2008.06.26. “Гэрэлтэй цонх” хөтөлбөр. 01 цагаас хойш
1. Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшигч, БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Даваасамбуугийн ярилцлага
2. Сэлэнгэ аймагт МАХН-аас нэр дэвшигч, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Баярмагнайн ярилцлага
3. Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч, АМГТХЭГ-ийн дарга асан Лу.Болдын ярилцлага

   

P.S: 27-ны өглөө урьд оройн “Цагийн хүрд”-ын давталтыг харжээ байтал хөдөө орон нутагт зуншлага ийм тийм байна гэсэн тайлбар сурвалжлагаар МАХН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч О.Чулуунбат гарч ирээд энэ зун тус аймгийн нутгаар цаг агаар ямар байх тухай урьдчилсан мэдээг танилцууллаа.  Мэдээж налгар сайхан сайхан зун болох ажээ. Сонгогчиддоо сайн мэдээ дуулгах шиг сайхан юм хаа байхав…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хууль зөрчүүлээгүйн төлөө МҮОНРТ-ын удирдлага маш их гомдолтой байна

Posted by Бид on 2008/06/26

Өчигдөр орой  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз  гэнэт сүржин мэдэгдэл хийж хэд хэдэн удаа давтлаа. Бүрэн эхээр нь сийрүүлье.

“Бид иргэнийхээ эрхийг эдэлж төрийнхөө сонгуульд оролцох гэж байгаа билээ. Энэ хариуцлагатай үйл ажиллагаанд сонгогч олныг мэдээлэл, мэдлэгтэй оролцоход нь туслах, мөн олон нийтийн радио телевизийн хуулиар олгосон үүрэг, хариуцлагаа биелүүлэх зорилгоор бид энэ жилийн сонгуульд өрсөлдөж байгаа бүх нам, эвсэлд сурталчилгааны үнэ төлбөргүй цагийг ижил олгож эдгээр улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй хүргэх зорилгоор цуврал халз ярилцлагыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Энэ тухай өгүүлэн та бүхэнд хандаж байгаагийн учир нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцож байхдаа олон нийтийн хүсэн хүлээж байгаа олон асуултад хариу өгөх үүднээс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой халз ярилцлагад зохион байгуулах санал тавьж Элбэгдорж дарга ч хүсэлтийг нь хүлээн авсны дагуу 2008 оны зургадугаар сарын 26-нд радио телевизээр шууд дамжуулах байсан халз ярилцлагыг зохион байгуулахгүй болсонтой холбоотой юм. Учир нь энэхүү халз ярилцлагыг сонгуульд оролцож байгаа Иргэний эвсэл, Хөгжлийн хөтөлбөр нам болон бусад намууд буруушааж СЕХ-нд хандсан бөгөөд СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайханаас манайд ирүүлсэн шаардлагын дагуу ийнхүү МАХН, АН-ын дарга нарын халз ярилцлагыг нэвтрүүлэх боломжгүй боллоо. Мөн энэ шалтгаанаар парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой халз ярилцлагыг нэвтрүүлэхгүй.  Олон нийтийн санал хүсэлт тэдний хүсэл зорилгод нийцсэн нийтлэл нэвтрүүлэг хүргэх зорилготой манай радио, телевиз тэнцвэртэй, ил тод мэдээллийг хүргэхийн төлөө ажилласаар ирсэн боловч дээр дурдсан шалтгаанаар зарим нэгэн нэвтрүүлгүүдийг ийнхүү хүргэж чадаагүйдээ харамсаж байна. Үзэгч сонсогч та бүхнээсээ хүлцэл өчье.  

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз гэжээ

Ийм ноцтой асуудлаар  МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө гарч ирээд мэдэгдэл хийхийн оронд  хөтлөгчийн ард нуугдаж үлдсэн нь учиртай. Яагаад гэвэл зөвхөн 2 намын хооронд халз мэтгэлцээн явуулах нь хуулиар хориотой. Үүнийг ойлгохын тулд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалтыг уншихад л хангалттай.

37.7. Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.
37.8.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж  байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

Тэгэхлээр Сонгуулийн  Ерөнхий хороо, түүний дэргэдэх хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл зөвхөн хууль зөрчихгүй байхыг л сануулсан хэрэг. МҮОНРТ-ийн мэдэгдэлд нэр дурдагдсан Иргэний эвсэл гомдол гаргаагүй (харин Хөгжлийн хөтөлбөр нам ийм гомдол гаргасан гэдэг бол худлаа), бас СЕХ-ноос бичиг очоогүй байсан ч хоёр намын халз мэтгэлцээний тухай саналаас М.Наранбаатар захирал эелдгээр татгалзах байсан. (“Та хоёр биднийг хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэхээр оролдож байгаад харамсаж байна… гэх мэтээр). Тэр ч байтугай МАХН-ын дарга С.Баяр ийм санал гаргахгүй, АН-ын дарга Ц.Элбэгдорж хүлээж авах ёсгүй байсан. 

С.Баяр, Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнээс гадна  хууль зөрчих гэсэн бас нэг оролдлого илэрлээ. Мэдэгдлээс үзэхэд, “парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой” дахиад нэг халз ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Хуулиа судалцгаая. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг тэр тусмаа МАХН ба АН хоёрын нэгдсэн намын бүлэг бүхий Улсын Их Хурал 2005 оны 12-р сарын  29-нд баталсан билээ. Хэрвээ Ц.Нямдорж буруу зөрүү засчихаагүй л бол…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Экспресс ньюс” хамтлагт С.Наранбаатар, А.Батпүрэв нар тоглож хөгжмийг нь Ардчилсан Нам захиалдаг. Үүнийгээ нуудаггүй.

Posted by Бид on 2008/06/26

 

2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны кампани дуусах дөхжээ. Зарим зүйлийг дүгнэж эхэлмээр санагдлаа.

 

Намуудын сурталчилгааны нэвтрүүлгүүдээс би “Экспресс ньюс”-ийг бусдаасаа илүү гэж үнэлж байна. Хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө  “Экспресс ньюс” бол  нэг удаагийнх биш, аль 3-р сараас хойш ажлын өдөр болгоны орой 23. 30-24.00 цагийн хооронд C1 телевизээр тогтмол гарч ирсэн нэвтрүүлэг. (Энэ нэвтрүүлгийг  хүмүүс үздэг гэдэг утгаар би ганцаараа биш  УИХ-ын гишүүн, МАХН-аас  нэр дэвшигч Сү.Батболд, “Иргэн та баялаг” сангийн тэргүүн, АН-аас нэр дэвшигч С.Одонтуяа нар үнэлж  өөрсдийн сурталчилгааны нэвтрүүлгийг “”Экспресс ньюс”-ийн цагаар явуулсан билээ)

 

Гэхдээ миний хувьд хамгийн  гол шалтгаан бол уг нэвтрүүлгийг бэлтгэдэг хийлч, төгөлдөр хуурч хоёр нүүр царайгаа харуулдаг. Харуулдаг төдийгүй хөгжмөө цааш тавиад нэвтрүүлгээ хөтөлдөг. Тэр хоёр хөгжимчний нэрийг С.Наранбаатар, А.Батпүрэв.  Тэгвэл МАХН-ын сурталчилгааны бүх нэвтрүүлэг,  АН-ын бусад нэвтрүүлгийг бэлтгэсэн хүмүүс нэрээ тас нуудаг.  Хэн ч гарч ирж хөтлөхийг зориглодоггүй бөгөөд текстээ үл үзэгдэгч хөтлөгчөөр уншуулж байна.  Ядахдаа төгсгөлд нь нэрээ ч тавьдаггүй.  Энэ бүхэн яагаад чухал гэж? Өөрсдөө ил гарна гэдэг бол хэлж ярьж, үзүүлсний төлөө хариуцлага хүлээхэд бэлэн харуулж байна гэсэн үг.

 

“Экспресс ньюс”-ээр хэнд хэн үйлчлээд байгаа нь нь тов тодорхой. Гагцхүү үүнийгээ нуухгүй байгаа нь надад таалагддаг.

 

Агуулга нь миний хувьд чухал биш. “Экспресс ньюс”  хамтлагийн хөгжмийг Ардчилсан нам захиалдаг тул АН-ын номлоод байгаа “зөв” бодлогыг  хамгаалж “буруу” бодлоготнуудыг балбасан  мэдээ, сурвалжлага үзүүлж дундуур нь АН-ын реклам явдаг “цэвэр” сурталчилгааны нэвтрүүлэг билээ. 

 

Дугаар болгондоо ярилцлагатай.  Өнгөрсөн хугацаанд хэн хэнтэй ярилцсаныг харахад ихэнх нь буюу лав 40-өөд хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид,  нэр дэвшигчид байлаа.  Завсар зайгаар нь хөндлөнгийн ганц нэг хүмүүсийг урьж оролцуулахдаа АН-ын бодлогод хал балгүй асуудлаар, эсвэл АН-ын гол өрсөлдөгч МАХН буюу одоогийн төр засгийг  шүүмжилсэн хүмүүс байв.  Жишээлбэл, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхбат, Баярхүү (“Эрс шинэчлэл” хөдөлгөөн), Туяа (Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн), САПУ-гийн хохирогчийн төлөөлөл. САПУ-гийн захирал асан Жамъянсүрэн (2 удаа) гэх мэт.  

 

МАХН-ын байхаа больчихсон “Шударга ёс” жигүүрийн Г.Баярсайханыг маш их өргөмжилж нийт 5 удаа яриулжээ. Бас Ногоон намын УБ хотын салбар зөвлөлийн дарга Бум-Ялагчийг арай доогуур үнэлж  3 удаа яриулав. Тэд хоёулаа өөрсдийн намын удирдлагыг илчилсэн мэдэгдэл хийсэн учраас тэр.  Бас нэг малчныг урьсан нь Төв аймгийн малчин Сумъяадорж байж “Телевизээр Батжаргалын Батбаяр гэдэг хүн төр ноолууыг 30 мянгаас доошгүй үнээр худалдаж авья гэсэн санал их сайхан байна” гэлээ. Дараа нь 83 настай ахмад дайчин Түдэвдоржийнд очиж төр засгаас орон сууц нэхэлцэв.  “Монгол оймс” ба “Мастер матрас” үйлдвэрийн дарга нарын яриа АН-ын үйлдвэржүүлэлтийн бодлогод яв цав нийцлээ.  I Love New UB клубын дэмжигч Ануударь гэдэг залууг оролцуулсан нь  сүүлийн үед залуучуудыг байлдан дагуулж байгаа гэж сурталчилдаг I Love New UB гэдэг нь АН-ын  сонгуулийн сурталчилгааны ээлжит кампани учраас тэр.  Бас “Перфект” хамтлагийн ахлагч Гантөмөр гэдэг залуу монголын урлагын хамаг одуудын дуулсан МАХН сонгуулийн сурталчилгааны дууны уран бүтээлчдэд олгосон зардлын тооцоог гаргасан  төдийгүй одоо ид гялалзаж байгаа дууны одуудыг бөөндөж бутниргэсэн билээ.

 

“Экспресс ньюс”  харин МАХН-аас нэг ч хүн нэр дэвшигчийг урьж оролцуулаагүй, урьсан нь ч цаадуул нь илт АН-ын талын нэвтрүүлэгт оролцох ч үгүй байсан биз.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »

МҮОНТ-д шөнө дундаас хойш нэг юм болоод байна шүү!

Posted by Бид on 2008/06/25

Нэгэн зураачийн үзэсгэлэн дээр үзэгчдийн дунд ийм яриа болсон гэнэлээ.
– Энэ зурган дээр нар мандаж байгааг зурсан юм шиг байна
– Үгүй ээ,  жаргаж байгаа нар байлгүй яахав
– Чи яаж мэдэж байгаа юм? 
– Цаад зураач чинь үдээс  өмнө босдоггүй юм аа…

Хүмүүс МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийг бараг үздэггүй байх. Гэхдээ тэд үд болтол унтдагдаа биш бололтой. Өнөө өглөө би зориудаар сэрж үзлээ.  Интернэтээс хэдэн зураг татаж аваад  эрээн мяраанаар хүрэээлүүлж байгаад тайлбарыг орчуулж уншсан, бас уйтгартай таавар оруулдаг гойд юмгүй нэвтрүүлэг байна. Өглөө эрт босоодч МҮОНТ-ээр юу ч үзэхгүй юм байна. Бусад телевизийн өглөөний хөтөлбөрүүд, тухайлбал, ”Цай юу? Кофе юу?“, “Сэрүүлэг” хавьгүй дээр. Би уг нь “Өглөө” хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулж байна гэж сэжиглээд энэ өглөө “барьж авах”-ыг оролдсон санаатай юм.  Гэтэл ямар ч нэр дэвшигч тоохгүй, тэр тусмаа нойроо хасан босч ирэхээргүй хөтөлбөр шиг санагдлаа.  

Харин  өчигдөр маш орой унтсаны ачаар дахиад сонин юм үзлээ.  Шөнийн 1 цагаас хойш “”Гэрэлтэй цонх”-ийн студид УИХ-ын гишүүн, нэр дэвшигч С.Отгонбаяр сэмхэн орж ирээд суучихсан, мөрийн хөтөлбөрөө хээв нэг ярьж сонгуулийн сурталчилгаа хийж суух юм. 

 

Орой унтвал МҮОНТ-ээр хачин юм үзэхнээ. Урьд шөнө нь Дорнод  аймгаас нэр дэвшигч, тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр нисэн ирж ярилцлага өгсөн сураг дуулдав. Үнэн юм байна. 

Тэрний урьд шөнө Дорноговийн “Гэрэлтэй гудамж”-нд юу болсныг та мэднэ. МҮОНТ-д шөнө дундаас хойш нэг юм болоод байна шүү! М.Наранбаатар, Д.Мөнхбаатар дарга нар юун эрт унтдаг юм бэ?

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Хэрвээ МҮОНТ-ээр С.Баяр, Ц.Элбэгдорж нар халз мэтгэлцвэл …

Posted by Бид on 2008/06/24

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2008 оны 6-р сарын 24-ны хуралдааны мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөлийн хуралдаан 2008 оны 6 дугаар сарын 24-нд болж МҮОНТ-ээр явуулж байгаа 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны тэнцвэртэй байдлын талаар зарим нам, эвслээс ирүүлсэн гомдол, шаардлагыг хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргаж СЕХ-нд уламжлахаар болов. 

2008 оны 6-р сарын 9, 12-ны өдрүүдэд Хөгжлийн хөтөлбөр  намын хуваарьт цагаар УИХ-ын сонгуулийн Төв аймгийн 14-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэвийн сурталчилгааг явуулсан нь сурталчилгааны тэнцвэргүй байдлыг бий болгож Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалтыг зөрчжээ. Үүний хариуцлагыг  СЕХ-ноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй, тэнцвэртэй сурталчилгаа явуулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз,  хуваарьт цагаа  өөр намд шилжүүлсэн Хөгжлийн Хөтөлбөр Нам, өөр намын хуваарьт цагаар нэр дэвшигчийнхээ сурталчилгааг явуулсан Ардчилсан намын аль аль нь хүлээх ёстой гэж үзсэн байна.

Мөн энэ долоо хоногт МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнийг МҮОНТ-ээр зохион байгуулбал олон нийтийн телевизээр явуулах хоёр намын үнэ төлбөргүй сурталчилгааны цаг бусад нам, эвслийнхээс илүү гарч тэнцвэрт  байдлыг алдагдуулж Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалт зөрчигдөх тул энэхүү мэтгэлцээнийг МҮОНТ зохион байгуулахгүй, нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.

Сүүлийн үед Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн мэдээллийн хөтөлбөр, ярилцлага болон бусад нэвтрүүлгээр зарим нэр дэвшигчийг элдэв аргаар далд сурталчилж байгаа нь сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг алдагдуулж, мөн арилжааны телевизүүд сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хязгаарлалтыг зөрчсөөр байгаа зэрэг хууль бус үйлдлээ зогсоохыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл  нь 2008 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлын талаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг СЕХ-ны ажлын албаар дамжуулан хүлээн авч байна. 

Хаяг: Монгол Улс Улаанбаатар хот – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11  Засгийн Газрын 11 дүгээр байр,  Сонгуулийн ерөнхий хороо
Утас/факс: 263602

СЕХ-ны дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөл
2008.06.24

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | 3 Comments »

“Гэрэлтэй гудамж”-нд болсон явдал

Posted by Бид on 2008/06/22

Муу хүмүүс аливаа хууль бус үйлдлийг аль болох гэрэлгүй, харанхуй газарт үйлдэхийг хичээдэг бол МҮОНТ-ийнхэн бүр эсрэгээр, гэрэлтэйд амжуулах дуртай юм байна.

2008.06.21-ны Бямба гаригийн үдшийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Гэрэлтэй гудамж” булангаар Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурийн сонгуулийн сурталчилгааг баяр хөөртэйгээр хийж өглөө. Лав 40 минут үргэлжилсэн. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар МҮОНТ-ээр нэр дэвшигчдийн сурталчилгааг зөвхөн СЕХ-ны баталсан хуваарийн дагуу тэв тэнцвэртэй явуулах ёстой. Гэтэл “Гэрэлтэй цонх”-ийн хөтлөгч залуу Сайншанд хотын гэрэлтэй гудамжаар Баттулга даргатай зугаалангаа түүний намтар, хувийн амьдрал, амжилт бүтээлийг нэг нэгэнгүй яриулав. Говийн аймгийн төвд гудамжиндаа гэрэл асаагаад зогсохгүй усан оргилуур байгуулсан гавъяатай дарга бололтой. Магадгүй хотоос сурвалжлагч давхиж  ирээд “хоёулаа зугаалах уу?” гэхэд нь татгалзаж чадаагүй ч байж магадгүй.

Уг нь энгийн яриа хөөрөөтэй, даруувтар хүн юмуу гэж санагдсан. Даанч сурвалжлагч арай дэндүү, зөвхөн зугаалгаа ярихын оронд юу яаж  асууж байна гээч:

– Та Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллахдаа нэг удаа ч гэсэн амарч үзсэн үү?

– Таныг их хурдтай хүн гэх юм…

Цаадах нь яаж тэсэхэв. Сүүлдээ сурвалжлагч “Та Их хуралд сонгогдвол …” гэж асууснаар МАХН-ын мөрийн хөтөлбөрийн тухай хөгжилтэй яриа шөнийн Сайншанд хотын гэрэлтэй гудамжнаас Монгол орон даяар цацагдах нь тэр…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

“Энэ” тухай

Posted by Бид on 2008/06/17

Манай тогтмол хэвлэлийн зах зээл 90-ээд оных шиг оволзохоо больжээ.  Өнөөдөр Улаанбаатарт  өдөр тутмын 15 сонин зэрэгцэн гарч байгаа сонгуулийн өмнөх түр зуурын үзэгдлийг эс тооцвол зонхилох сонинуудын нэр, хувь  ширхэг өөрчлөгдөхгүй байна. Өдөр тутмын  сонинуудын хувь ширхэг 10 мянгаас хол давахаа аль эрт больсон. Бусад сонинуудыг  “Сэрүүлэг”, “Хүмүүс” (хоёулангийнх эзэн нь УИХ-ын сонгуульд хүч үзэж байгаа нь өөрөө сонин юм) 30-40 мянган хувь ширхэгтэйгээр тэргүүлсэн хэвээр. Хааяа шинэ сонинууд мэндэлсэн харагддаг ч  Монголд төдөн мянган сонин бүртгэлтэй гэдэг тоон дотор живж сураг алдардаг. 

Харин сэтгүүлүүд нэмэгдсээр байна.  Эдийн засаг өсч бизнес өргөжихийн хэрээр рекламын зах зээл тэлж  дээрээс нь энэ хавар сонгуулийн мөнгө цутгалаа. Ихэнх сэтгүүл нэр дэвшигчдийн сурталчилгааны ярилцлагаар дүүрч, бас тусгай дугаар гаргаж байна. Бүр тодорхой нэр дэвшигчийг сурталчлах зорилгоор үүсгэн байгуулсан тохиолдол ч бий. Харамсалтай нь cэтгүүлүүдийн наслалт  богинохон, төдөлгүй яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог. 

Энэ удаад “Энэ” тухай. 
Би дэлхийн бүх сэтгүүлийг үзсэн биш, гэхдээ өдөр тутам гардаг сэтгүүл байсан бол ядахдаа сураг сонсмоор. Харин Монголд байдаг бололтой. Яагаад ийм итгэлгүй хэлж байна вэ гэвэл учиртай.
Ноднин жилийн төгсгөлөөр үйл явдал, дуулиан шуугиан, амралт, чөлөөт цагийн цогц мэдээллийг багтаасан  32 нүүртэй, тэгээд ердөө 100 төгрөгийн үнэтэй өдөр тутмын сэтгүүл  гаргах болсон тухай зарласнаас хойш гадуур үзэгддэггүй, захиалгад ордоггүй нэг сэтгүүлийн бий болсон. Нэгэн барилгын ханан дээр томоос том самбар зүүлттэй удсаныг санаж байна.  Бас Монголын сэтгүүл зүйд бараг л шинэ хуудсан нээсэн тухай эрхлэгч залуугийн хөөрүү ярилцлагыг хаа нэгтээгээс уншсан санагдана. Цаана нь их л том түрийвч байсан учраас тэр болов уу…

Хэдэн сарын дараа хэдэн ширхэгийг олж үзэж билээ. Дугаараар нь хөөж үзвэл хэсэг хугацаанд өдөр тутам гардаг, тэгснээ завсарладаг аргатай гэж ойлгогдсон.  Тэгэхлээр өдөр тутмын гэж хэлэхэд хэцүү, бас үгүй гэхэд хэцүү.  Бас үнэ нь 500 төгрөг болжээ.

Өдөр тутмын хэвлэл гэхлээр тухайн өдрийн үйл явдлыг багтаагаад орой юмуу шөнө хэвлүүлээд маргааш өглөө тараадаг гэж ойлгогдоно. Харин бүтэн 32 нүүртэй өнгөт “Энэ” сэтгүүлийг яавч  тэгэж барахгүй.  Тэгэхлээр хэд хоногийн өмнө хэвлэлд шилжүүлдэг, үүнээс болж өдөр тутмын сонин шиг шуурхай биш, гэхдээ бас сэтгүүл шиг даацтай биш, зүгээр л сонирхолтой мэдээллийн цуглуулга  байв. Тэгснээ нэг хэсэг сонинуудын нийтлэлээр хавсралт сонин гаргаж хавчуулан тараалаа. Тэгснээ лото зарлаж үзсэн. Гэнэт “Энэ” сэтгүүлийн байранд хулгай орж 5 сая төгрөг, хард дискүүдийг авсан тухай мэдээлж байв.

Харин сэтгүүлийн өөрийн сурталчилгаа мундаг:
Шинэ цагийн монголчууд зөвхөн “Энэ”-ийг сонгож эхэллээ. Яагаад гээч…Яагаад гэвэл хэзээ ч хуучиршгүй баялаг мэдээлэлтэй 32 өнгөт нүүр “Энэ” сэтгүүлийг цаг үеийн үйл явдлын тухай бүхнийг багтаасан 8 нүүрт ”Энэ” хавсралт сонинтой нь хамт өдөр бүр хамгийн хямд үнээр авч унших боломж нээгдсэн юм. Ийм эрх ямбыг өндөр хөгжилтэй орнуудын иргэд ч эдэлдэггүй…

“Энэ” сэтгүүл монголчууддаа хэтэрхий их эрх ямба эдлүүлэх гэж өөрийгөө золиослов уу, сүүлдээ гарахаа больчихсон. Хамгийн сүүлд ИЗН-аас нэр дэвшигч Г.Ганхүүд зориулсан дугаар гаргаж сонгуулийн  горимд шилжсэн харагдав.

Сураг сонсохнээ “Энэ” сэтгүүлийг кёкүшюзан Батбаяр санхүүжүүлж эхлүүлсэн юм байна. Магадгүй ноднин кёкүшюзан ирэх сонгуулийн  тухай бодож ямар нэгэн юм хийх санаатай сууж байтал нэгэн мундаг сэтгүүлч таарч дэлхийд байхгүй “өдөр тутмын өнгөт сэтгүүл”-ийн тухай яриагаар толгойг нь эргүүлж амжсан байж магадгүй….  Харин өнөөдөр кёкүшюзан “Энэ”-тэй, “Энэ”-гүйгээр сонгогдох болчихоод байна.

Одоо “Энэ”-ийг яахав?

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

Хувийн телевизүүд тэнцвэргүй сурталчилгаа явуулахыг хэн ч хориглоогүй…

Posted by Бид on 2008/06/14

Өмнө дурдсанчлан “Ярилцъя” нэвтрүүлгийн төгсгөлд улс төрч, нийтлэлч Баабар сонгуулийн кампани хэрхэн өрнөж байгаа талаар өөрийн дүгнэлтээ ярилаа.  Миний хувьд хэвлэл мэдээлэлтэй холбогдуулан юу хэлсэн нь сонин байв.

Баабар ярихдаа,  
– [Хэвлэл мэдээлэл] хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой. Ийм л зарчим байх ёстой. Юугаа магтнав, юугаа  муулнав хуулийн хүрээнд бүрэн чөлөөтэй. СЕХ  телевиз, сонингуудад  [ хязгаарлалт]…  Хүн өөрийнхөө хөрөнгийг өөрөө захиран зарцуулах ёстой.  Би сонин гаргаад юм уу телевиз байгуулчихаад ганцхан депутат мөнгө өгөөд тэрнийг магтаад  л байж болно ш дээ. Яагаад гэвэл энэ бол миний миний захиран зарцуулах эрх байхгүй юу. Сонгуулийн хороо юун дээр [хязгаарлалт] тавих ёстой ганцхан танай телевиз дээр тавих ёстой.  Яагаад гэвэл танай телевизийн хөрөнгө төрөөс, ард түмнээс гарч байгаа.  Ийм учраас тэнцвэртэй байдлыг ганцхан Үндэсний олон нийтийн телевиз дээр тавина уу гэхээс биш бусад мэдээллийн хэрэгсэл дээр чи заавал тэнцүү байх ёстой … Энэ чинь миний хөрөнгө юм чинь тэнцүү байх ёстой байж байх ямар утгатай  юм. Би хүүхдээ олимпиадад, тэмцээнд оруулья л даа. Би өөрийнхөө хүүхдэд тэнцүү харагдах ёстой юм уу . Би ганц өөрийнхөө хүүхдийг л рекламдана…. Өнөөдөр НТВ юм уу TV9-ыг тэнцвэртэй байгаарай гэж загнана гэдэг хүний хөрөнгийг тэгэж болохгүй… Гэхдээ энэ жилийн мэдээллийн хэрэгслүүдийг хараад ерөнхийд нь ажиглаад байхад муухай гүтгэлэг мүтгэлэг урьдынхыг бодвол их багассан. Телевизүүд өөрсдөө тэнцвэртэй байх сонирхол байна. Сонгуулийн хорооны даалгавраар биш…

Харамсалтай нь Баабар сонгуулийн хууль, дүрмийг гүйцэт уншаагүй бололтой. Хөтлөгч бас уншаагүй байж сонгуулийн тухай ярилцлага хөтөлжээ.

Тайлбарлая.  УИХ-ын сонгуулийн тухай хуулиар МҮОНТ-ийг тэнцвэртэй  байх ёстойг шаардсаны дагуу СЕХ-ноос намуудын сурталчилгааны цагийг тус бүр 75 минутаар тэв тэнцүү хуваарилж өгсөн нь үнэн. Харин хувийн телевизүүдийг тэгээгүй, зөвхөн сурталчилгааны хэмжээ нэвтрүүлгийн нийт цагийн 10 хувиас хэтэрч болохгүйг хуулинд заасан. Магадгүй энэ заалт бас л хувийн өмчөд халдсан хэрэгт орж магадгүй ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Баабарын, бас хөтлөгч Мөнхтөрийн Ардчилсан Нам нь МАХН-тай сайхан зөвшилцөж байгаад 2005 онд баталсан болохоор гайгүй биз.

Уг нь хувийн телевиз аль болох тэнцвэртэй сурталчилгаа явуулахыг хичээх нэг шалтгаан байдаг. (Үүнийг сайтар ярилцах юмсан).  Өнөөдөр зарим төрийн бус байгууллага сонгуулийн сурталчилгааны мониторинг хийхдээ хувийн телевизүүд тэнцвэртэй байгаа эсэхийг хянаж байгаа нь сонгуулийн хуулиа уншаагүйнх огт биш… 

2008 оны УИХ-ын сонгуулиар хувийн телевизүүд тэнцвэртэй байх сонирхолтой болсон тухайд. Сайндаа ч биш, тэдэнд мөнгө өгвөл тэнцвэртэй байхаас ч буцахгүй болчихсон хэрэг. МАХН-ын сонгуулийн штаб юмуу нэр дэвшигч мөнгөө төлөөд захиалгат нэвтрүүлэг явуулахад маргааш нь АН-ынхан мөнгөө бариад ороод ирнэ. Ердөө л энэ. Өнөөдөр аз болж МАХН-ын хүч бараг тэнцүү, өөрөөр хэлбэл хоёулаа адилхан хэмжээ хязгааргүй их мөнгөтэй. Иймээс хувийн телевизүүд МАХН ба АН хоёрыг бахархмаар “тэнцвэртэй” сурталчилж байгаа билээ.   

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

МАХН ба АН-ын нэр дэвшигчид илүү тэгш эрхтэй…

Posted by Бид on 2008/06/14

Зөвхөн өөрт нь зориулсан хууль, дүрэм хүртэл гаргаж тов тодорхой зааж өгөөд байхад  МҮОНТ, буюу түүний “Монголын мэдээ“ агентлаг хоёр намынхаа сурталчилгааг сийхгүй явуулсаар байх юм.

Бямба гариг тутмын “Ярилцъя” нэвтрүүлгийн ээлжит дугаар. Хөтлөгч эхлээд ашигт малтмал, газрын тосны үнийн өсөлтийн талаар яриулахаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Лу.Болдыг  студид урьж авчирчээ. Уг нь төрийн албаа хүлээлгээд өгчихсөн, ямар ч хариуцлага хүлээхээ больсон Болдын оронд томилогдсон юм уу үүрэг гүйцэтгэж байгаа хэн байна, тэр нөхөр ирж яримаар санагдана.  Гэтэл үгүй ажээ. Ингээд хөтлөгч Ц.Мөнхтөр төрөлх намаасаа УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лу.Болдоос  мөрийн хөтөлбөрийнх нь гол өгөөш болсон “”Баян Монгол” корпорац байгуулах талаар дэлгэрэнгүй ярина уу, хэн яаж байгуулах вэ? гэх мэт “зөв” асуултууд тавьснаар Лу.Болд дураараа болж бяцхан сургалт явуулах мэт сайхан тайлбарлаж өглөө.  Бас “Алтан дорнод Монгол”, “Бороо гоулд”  Монгол улсад ямар ч ашиггүй байсан талаар том мэдэгдэл хийв. Албан тушаал дээрээ 4 жил болохдоо ингэж чанга дуугарахгүй яасан юм бол? Энэ ч яахав. Хэд хоногийн өмнө Лу.Болд албан тушаалаа тушаахаасаа өмнө кадастрын албаны  даргадаа мэдэгдэлгүйгээр Хөвсгөл аймгийн нутагт ашиглалтын лиценз олгосон нь илэрч тус нутгийн оюутнууд АМГТХЭГ-т дайрах шахуу орж бөөн дуулиан дэгдээд байгаа билээ. Гэвч хөтлөгч энэ талаар асуулт тавьсангүй. Лу.Болд ийм асуултыг захиалаагүй учраас тэр биз. Ийнхүү Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч Ц.Мөнхтөр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийн дундаас сонголтоо аль хэдийнэ хийчихжээ.

Гэхдээ үнэгүй юм гэж үгүй. Араас нь Усны хэрэг эрхлэх газрын дарга Бадрах гэдэг нэр дэвшээгүй эрхмийг жийрэг болгож 8-хан минут ойр зуурын юм яриулаад МАХН-ын нэр дэвшигч Т.Гандийн сурталчилгааг эхлүүлэв.  Тэр хатагтай  төрийн түшээгээр 16 жил ажиллахдаа цээжилсэн бололтой гоё гоё санаанууд хэлж байх юм. Харин хөтлөгч “үнэхээр сайхан санаа байна” гэж шагшаад “Сонгуулийн тухай ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл манайх олон нийтийн телевиз” гэж шударга зан гаргаснаа нэг секундын дараа зөрчиж  “Гэхдээ асууя. Танай тойрогт  42 хүн нэр дэвшиж байгаа…” гэж хүслээ хэлэхэд сэтгүүлч Т.Ганди өлгөн авч  ард иргэд юуг бодож сонгууль өгөх ёстойг хэлж өгөв. 

Ажиглаад байхнээ МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт МАХН ба АН-ынхан ерөнхийдөө тэгш эрхтэй,  бусад нам, эвслийн нэр дэвшигчидтэй харьцуулбал илүү тэгш эрхтэй юм байна.  Энэ санаа минийх биш, Жорж Оруэлийн “Амьтны ферм” номонд гардаг.

Дөрөвдэх ярилцагч нь  улс төрч, нийтлэлч Баабар байлаа. Тэр юу ярьсан талаар дараагийн бичлэгт оруулья. (Блогийн бичлэг товчхон, гэхдээ тогтмол байвал зүгээр учраас)

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Халз мэтгэлцээнгүй сонгуулийн сурталчилгаа

Posted by Бид on 2008/06/13

Хэрвээ арилжааны телевизүүд 6-р сарын 27-ны 24.00 хүртэл эфирийн оргил цагуудаа мэдээ, сурвалжлага, ярилцлагатай нь намууд, нэр дэвшигчдэд зарчихаад мөнгөө хурааж суугаа бол Олон нийтийн телевизийг ингэж дураараа дургихыг хуулиар хязгаарласан билээ.  Юуны өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу 13 нам, эвсэл болон нэр дэвшигчдэд дунд нь тус бүр 75 минутийн  (нэг удаад 15 минутаар 5 удаа)  нэвтрүүлгийг үнэ төлбөргүй явуулах хуваарь гаргаж өгчээ. 

Гэхдээ тэр нэвтрүүлэг  бөөн уйтгар. Намууд өөрсдөө бэлтгэж өөрсдөө ярьдаг сурталчилгаа болохоор тэр.
Харин 12-ны оройноос Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз  өөрөө санаачлан нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг явуулж: эхэллээ. Хэрвээ нэр дэвшигчдийг тойрог тойргоор цуглуулсан бол тэднийг өөр хооронд нь харьцуулах, хэн нь хэн бэ гэдгийг үзэгчдэд (сонгогчдод ) харуулах чухал санаачлага болох байлаа. Тэгвэл  үзэгчид “өнөө орой манай тойргийнхон мэтгэлдцэнэ” гээд хүлээж байгаад үзнэ гээд боддоо.  Харамсалтай нь “Авлига”, “Гэмт хэрэг”, “Байгаль орчин” гэхчлэн баахан сэдэв зоож байгаад  мэргэжил мэргэжлээр нь шахуу цуглуулсан тул бас л намуудын нэвтрүүлгийн үргэлжлэл болж байна.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа хэтэрхий их мөртлөө нэр дэвшигчид тойрог тойргоороо нүүр тулсан яриа мэтгэлцээн огт алга. Ганц найдвар бол Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз. Сонгуулийн өмнөх Баасан гаригт намуудын дарга нарын халз мэтгэлцээн явуулна, тэр нь бас намуудын мөрийн хөтөлбөрийн тухай яриа болно.  Тэгээд ч МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж хоёр яавч оролцохгүй пээдийнэ…

Бас TV9 телевиз “Нэр дэвшигчдийн мини парламент” нэрээр мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Бас л тойрог тойргоор биш.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлын талаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна

Posted by Бид on 2008/06/12

Та бүхэнд нэгэн хэвлэлийн мэдээг толилуулья.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа. Уг зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг нь баталж нэг талаас хэвлэл мэдээллийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд, нөгөө талаас сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдүүлсэн байна.

Зөвлөл нь нам эвсэл, нэр дэвшигчийн  хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдал буюу Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 37.4-37.5 дахь заалт (сурталчилгааны сонин хэвлэл, ухуулах болон зурагт хуудас, бусад материалын хэмжээний хязгаарлалт), 37.7-37.10 дахь заалтууд (Олон нийтийн  радио, телевизийн сурталчилгааны тэнцвэртэй байдал ба арилжааны телевизийн төлбөртэй сурталчилгааны хязгаарлалт)-ын хэрэгжилтийн талаар ирүүлсэн өргөдөл гомдлыг хянан үзэж санал дүгнэлт гарган Хороонд танилцуулах үүрэгтэй ажиллах юм.

Одоо 2008 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлын талаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг СЕХ-ны ажлын албаар дамжуулан хүлээн авч байна.

2008.06.12

Тайлбар: Энэ зөвлөлд Цэрэнжав миний бие багтдаг, бас зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх болсон тул чадах ядахаараа санаа тавьж, өөрийн блогийг ашиглан хүмүүст хүргэж байгаа маань энэ.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Та саналаа бүү зээлдүүл”

Posted by Бид on 2008/06/11

 Шөнө дундаас хойш унтсан ч дуусаагүй байдаг, өглөө эртлэн босоход ч аль хэдийнэ эхэлчихсэн байх сонгуулийн сурталчилгааны  эцэс төгсгөлгүй урсгал дунд ийм нэгэн сурталчилгаа таарлаа.

Нэгэн ууттай зүйлийг энэ хөгшин харуулж “За хүү минь энэ бэлгээ буцаагааад ав. Ах нь энэ яваа насандаа авлига авч үзээгүй хүн. Айл саахалтаасаа ичиж үхэх нь. Үр хүүхэддээ юу гэж хэлэхэв? Саналаа худалчихлаа гэх үү? Төр засаг төрөлх нутаг, уул усаа арилжчихлаа гэх үү? Эрх чөлөө, үр хүүхдүүдээ мартчхихжээ гэх үү?” хэмээн учирлана. Араас нь “бэлэг” өгснийг төдийгүй авсныг хамт шийтгэдэг Авлигатай тэмцэх газрын ноцтой анхааруулга бичигдсэнийг та харж байна. Муугүй сурталчилгаа болжээ. Ядахдаа энэ сурталчилгааг манай телевизүүд үнэ төлбөргүй нэвтрүүлдэг гэж найдья. 

  

 

Харин ганц асуулт төрж байна. Энэ хөгшинд бас ч яахав юм өгчихөөд (лав нэг шил архи цухуйж харагдана) саналыг нь худалдаж авахыг оролджээ. Тэгвэл 1 сая юмуу 1,5 сая төгрөг амалж байгаад санал авах гэж байгааг юу гэж үзэх вэ? “Та саналаа бүү зээлдүүл” гэсэн сурталчилгаа гаргавал ямар бол?  

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

МҮОНТ зарим нэр дэвшигчдийн сурталчилгааг үнэ төлбөргүй хийж өгдөг

Posted by Бид on 2008/06/08

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн радио, телевизийн баримтлах бодлого, бас журам гэсэн хоёр баримт бичиг гарчихсан, бас  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байхад МҮОНТ-ийнхэн сурсан зангаа ерөөсөө тавихгүй юм. Бас л “Цагийн хүрд”-ээр жишээ авья.

2008.06.03.
Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэгт гаднын тусламжаар орчин үеийн  оношлогооны лаборатори байгуулж хүлээлгэн өгсөн ёслолын ажиллагаанаас хийсэн сурвалжлага. Гэтэл тоон дунд үсэг цохиж явна гэгчэээр УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан нээлтэд оролцон ярилцлага өгчээ. Эрхэм гишүүд эмнэлэгт очиж тууз хайчлах дуртай ч  нийгмийн бодлогын байнгын хорооны дарга ч юм уу, эсвэл тухайн тойргоос сонгогдсон гишүүн байх учиртай.  Тэгвэл Н.Баяртсайхан аль нь ч биш, бүр Хан-Уул дүүргээс сонгогдсон билээ. Гэхдээ учир нь амархан олдов: Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд  тэрхүү 3-р эмнэлэг байрладаг Баянгол дүүргээс сойгдох болсон гэнэ.

2008.06.05.
УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг мөчид сонгогчид юу хүсч байгааг мэдэж хэрэгжүүлэх нь маш чухал гэсэн сүрхий оршилтой сурвалжлагыг Сэлэнгэ аймгаас бэлтгэжээ. Хөтлөгч иргэдийг бизнес эрхлэхэд  нь тусалж дэмжих тухай текст уншиж байтал аймгийн төвийн гудамжинд нэрээ титрт нь  “Эдийн засагч О.Чулуунбат” гэсэн даруухнаар бичүүлсэн (урьд нь үргэлж “Монгол банкны ерөнхийлөгч асан” гэж даналздагсан)  МАХН-аас нэр дэвшигч  нөхөр таааралдаж 1. Иргэд бизнес эрхлэхэд  нь зээл олгох хэрэгтэй, 2. Банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй,  3. Дэлхийгээр дүүрэн мөнгө хэвтэж байна, авах хэрэгтэй гэсэн гурван хэсэг бүхий микро лекцээ уншиж амжив. Сэлэнгэ аймагт 10 гаруй хүн нэр дэвшээд байхад хотоос очсон нэгийг нь ямар мундаг олов оо. Хэрвээ Чулуунбат төрийн албан тушаалтан бол ажлаа хийж явна гэхсэн.

2008.06.07.
Энэ бямба гаригийн “Монголын мэдээ” агентлагын “Ярилцъя” нэвтрүүлэг  3 хэсэг ярилцлагаас бүрдэв.
Эхлээд Сэлэнгэ аймгаас “Эдийн засагч О.Чулуунбат” гэдэг даруухан эрийг дуудан нь авчирч 20 минут лекцлүүлэв. Хөтлөгч Мөнхтөр “жишээлбэл нэг суманд газар тарилан эрхлэх гээд зээл авбал … гэж нэр дэвшсэн аймагт нь зориулсан асуулт дэвсэж өгөхөд Чулуунбат дэлхийгээр дүүрэн байгаа мөнгийг тоолж баахан хадуурснаа  гэнэт сэхээрч “Би сая Сэлэнгэ аймгийн 2 сумаар яваад ирлээ. Хүмүүс мөнгө нэхэхээ больжээ, харин үйлдвэрлэл эрхлэх зээл нэхэж байна” гээд тойргийнхоо сонгогчдод сая нэг хандлаа.

Дараачийн ярилцлагын сэдэв – “”Хүн-байгаль”. Энэ сэдвээр Монголд ярьж чадах цорын ганц хүнийг олсон бололтой, “Экологич,  доктор Баярсайхан” гэдэг сагсуу залуу сүүлийн хоёр сарын турш арван телевизээр 24 цагийн турш нэгэн зэрэг тасралтгүй чалчиж байгаа нь хангалтгүй гэж хөтлөгч Мөнхтөр  үзжээ.

Араас нь “УИХ ба улс төрийн намууд” сэдвээр УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж, АН-ын бүлгийн дарга Гансүх нар ярилаа. Энэ их хурал сайн ажилласан гэж дуу нийлүүлэн хамгаалсан энэ ярилцлага урьдчилан бэлтгэсэн бичлэг байв. Тэгэж захиалсан биз. Төгсгөлд нь  УИХ-ын гишүүн М.Энхсайханы яриа. 

Бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байх юм. Сонгуульд нэр дэвшээгүй ч гэсэн юм ярьж чаддаг хүн Монголд алга уу? Би МҮОНТ-ийнхнийг мөнгө аваад далд сурталчилгаа хийсэн гэж хэлж чадахгүй. (Яагаад гэвэл МҮОНТ-ийн санхүү нь олон нийтэд хаалттай) Тэгвэл зарим нэр дэвшигчдийн сурталчилгааг үнэ төлбөргүй, оочир дугааргүй, дахин дахин хийдэг болж таарлаа. МҮОНТ татвар, хураамж төлөгчдийн мөнгөөр хэдхэн нэр дэвшигчид үйлчилжээ гэсэн үг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Нөгөө тэмээ чинь нулимдаг гэж байншдээ…”

Posted by Бид on 2008/06/07

Бид орой болгон телевизээр хэдэн арван реклам үздэг. Давталтыг тооцвол хэдэн зуу болох биз. Гэхдээ санаанд үлдэж хоцордог нь маш цөөн. Харин хэдэн жилийн гарч байсан, өнгөрсөн хавраас дахин үзүүлж байсан энэ реклам надад таалагддаг шүү. 

   

 – Хөдөө нутагт анх удаа ирж байгаа юм аа даа                              – Яасан ч ганган залуу вэ дээ.
– Тийм ээ                                                                                        ….

   

                                                                                             – Нөгөө тэмээ чинь нулимдаг гэж байншдээ…

 

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Олон нийтийн радио, телевиз төлбөртэйгээр аливаа сурталчилгаа явуулахгүй…

Posted by Бид on 2008/06/02

Өмнөх жилүүдэд сонгууль дөхөхийн хэрээр хамаг нэвтрүүлгүүд далд сурталчилгаа болон хувирч, сэтгүүлч болгон “төрд гарах ёстой” нэгнийг даган шогшиж, “Цагийн хүрд”-ийн дуранд дандаа нэр дэвшигчид өртөж салдаггүйсэн.  Тэгвэл гурван жилийн өмнө олон нийтийн телевиз болж дэгэнд орсноос хойшхи анхны сонгууль энэ юм.  Өнгөрсөн гурван жилд сурталчилгаа овоо цэгцэрсэн ч хуулиар зөвшөөрсөн 2 хувиас үргэлж илүү байсан.  Элдэв байгууллага, төсөл, хөтөлбөрийн төлбөртэй нэвтрүүлгүүд огт тасраагүй. Ил сурталчилгаа татарсан ч  үлдсэн нь улам далд орж, ихэнхдээ ивээн тэтгэлт болж хувирснаар сүүлийн арваад жил Монгол телевизэд эрхэлсэн хувийн студиуд орлогоо алдаж сүйд болоогүй. Одоо телевизээрээ “Хас”, Хадгаламж банк, Мобиком G-Mobile-оор ивээн тэтгүүлж “Цагийн хүрд” болгоноор  элдэв нээлт, хаалт, шинэ үйлчилгээ заавал ордог. (Мартсанаас, олон нийтийн радио, телевизийн хууль хэрэгжиж байгаа эсэхийг хэн хянаж мониторинг хийж хянаж байна аа?)

Харин саявтар МҮОНТ-ийн Үндэсний Зөвлөл хуралдаж УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн радио, телевизийн баримтлах бодлого, бас журам гэсэн хоёр баримт бичгийг батлан гаргаж сурталчилгааг нэгмөсөн журамлах шиг боллоо. Тухайлбал,

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37.7 болон 37.8-д заасны дагуу олон нийтийн радио, телевиз төлбөртэйгээр аливаа сурталчилгаа явуулахгүй” 

Тэгэхлээр МҮОНТ улс төрийн нам, эсвэл, нэр дэвшигчдээс нэг төгрөг ч авахгүй гэсэн үг. Тэгвэл жирийн сэтгүүлч уран бүтээлчдэд ямар нэгэн “шаанс” үлдээв үү?  Арилжааныхан шиг дөрвөн жилд ганц  удаа хэдэн төгрөг хийж болохгүй  юу? Ямар ч арга алга уу? Алга аа!

“Нам эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгаанд олон нийтийн радио, телевизийн лого, шторк ашиглахыг, олны танил болсон нүүр царай, дуу хоолой бүхий олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч, уран бүтээлчид оролцохыг хориглоно.
“Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил, олныг хамарсан хаалттай болон нээлттэй арга хэмжээнд олон нийтийн радио, телевизийн лого болон шторк ашиглах, олны танил болсон нүүр царай, дуу хоолой бүхий олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч, уран бүтээлчид гэрээ төлбөртэйгээр болон сайн дураар, санаатай болон санаандгүй байдлаар, ажлын болон ажлын бус цагаар хамрагдах, оролцохыг хориглоно”

Нэрийг дурдаагүй болохоос биш 2008 оны УИХ-ын сонгуулиар Чимгээ, Харцага, Бямбадорж нар МАХН-ын сонгуулийн шоуг хөтлөхгүй, одоогийн захирал Наранбаатар өмнөх  сонгуулиар, Гүрбазар, Золжаргал нар энэ сонгуулийн өмнөхөн шиг нэр дэвшигчидтэй ухаантай  яриа өрнүүлэхгүй, эсвэл нэг намын өмнөөс нөгөө рүү давшлахгүй гэсэн үг.  Сонгуулийн сурталчилгааны хугацаанд баримтлах бодлого хэмээх дараах баримт бичиг муу юм бодохыг ч хориглосон мэт “…… үнэнийг хүргэхийн төлөө… шударга … хараат бус … тэнцвэртэй …арилжааны нөлөөллөөс ангид… ардчилал, хүний эрхийг дэмжинэ … цөөнхийг гадуурхахгүй… бодит үнэнийг нэвтрүүлнэ… ардчиллын үнэт зүйлсийг дэмжинэ…” гэжээ. Хэрвээ үндэсний телевизийнхнийг дарамтлаад байвал “…гаднын этгээд нэвтрүүлэг эфирт явахаас өмнө үзэх, сонсохыг шаардахыг хориглоно … Яриа материалд засвар оруулах хүсэлт, шаардлагыг хүлээж авахгүй… Яриа ярилцлага авах хүнийг  таны өмнөөс сонгон тулгахыг зөвшөөрөхгүй…” гэхчлэн тэмцэх аргыг хүртэл зааж өгсөн, сэтгүүл зүйн ёс зүйн сурах бичиг юмуу өнгөрсөн 18 жилд бидэнд хэвлэлийн эрх чөлөө заасан барууны багш нарын лекцээс шууд хуулчихсан мэт төгс болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »