АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын хэвлэл мэдээлэл “Дүнжингарав”-ын аманд элбэгхэн багтав

Posted by Бид on 2008/05/28

Байгаль орчны Яамнаас эхлээд байгаль орчны хяналтын алба, Усны хэрэг эрхлэх газар гээд монголын гол усыг хамгаалах (хамгаалуулах) үүрэгтэй байгууллагууд, бас хууль  хяналтынхан бүгдээрээ Улаанбаатарт тухалдаг мөртлөө тэдний нүдэн дээр нийслэлийн дарга нар Туул голын орчмыг хэрхэн хувийн өмч шигээ эдэлж байгааг зүв зүгээр харж суугаа билээ.  Эхлээд М.Энхболд гэдэг дарга нийслэлийн ундны усны ариун цэврийн бүсийг зүүн тийш Их тэнгэрийн гүүр хүртэл ухрааж хэдэн том компанид бэлэглэсэн ч ханаагүй бөгөөд жишээлбэл, Нарантуул захаас харалдаа Туулын эрэг хүртэлх цэлийсэн газрыг алдарт “Мон-Уран” компанид сэмээрхэн олгоод дэвшээд явчихсан. Үүнийг Н.Болормаа тэргүүтэй нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид таслан зогсоохын оронд  тэнд байсан цэвэр усны худгуудыг төсвийн хөрөнгөөр нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж арыг нь даасан билээ. Нэг нь хулгай хийж нөгөө нь улс мөрийг балласан хэрэг.

Удалгүй тэнд  Дүнжингарав захын барилгын төмөр каркас чимээгүйхэн босч эхэлсэн юм. Байгаль, ус хамгаалдаг яам, газар, албан тушаалтнууд мэдээж юу ч “анзаараагүй”.  Харин хэвлэл мэдээлэл тэр чигээрээ босоод ирэв. Сонинууд “Дүнжингарав нийслэлчүүдийг ундны усгүй болгох нь ээ”, “Дүнжингаравын нууц эзэн хэн бэ?”, “Дүнжингарав захыг байгаль орчны үнэлгээгүй, хууль бусаар барьж байна” гэх мэт гарчгаар дүүрсэн бол  телевизийн сурвалжлагчид Дүнжингаравын зургийг ойроос авах гэж хамгаалагч нарт зодуулж цохиулсан баатарлаг сурвалжлагуудыг үзүүлэхэд олон нийт өөрийн эрхгүй өндөлзөж “Дүнжингарав захыг нурааж хатан Туулаа аврахын төлөө”  хөдөлгөөнийг хэн нэгэн санаачилж (тэргүүн нь УИХ-д нэр дэвших байсан биз) бүх нийтийн тэмцэл эхлэхэд тун дөхөөд байлаа. 

Гэнэтхэн хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дуугаа хураав. Юу болов? 2008 оны 4-р сараас өдөр тутмын сонинуудад “Дүнжингарав” зах Туул голын усыг хамгаалахад 200 сая төгрөг зарцуулжээ” гэсэн яг ижилхэн гарчигтай ярилцлагууд нийтлэгдлээ. Араас нь Дүнжингарав хэмээх диваажингийн тухай (баригдаж дуусаагүй байхад ямар сайн мэдэж байна аа?) элдэв мэдээ, сурталчилгаанууд хөвөрлөө. Сонинууд команд авсан мэт Дүнжингарав захыг зөвхөн магтдаг болов.  Хааяа сөрөг хүчний сонинууд  М.Энхболдыг муулахдаа Дүнжингаравыг хальт дурддаг боловч маргааш нь гэхэд алдаагаа засч байв. Зөвхөн муу нэртэй жижиг сонинууд Дүнжингаравыг шүүмжилсэн хэвээрээ ч тэднийг хэн ч уншихгүй…

Одоо телевизүүдийн ээлж ирлээ. Хэд хоногийн дараанаас Дүнжингаравын рекламыг бүх телевизээр зогсоо зайгүй үзүүлэх болов.  Эхнийх нь “Уралдах уу? Уралдая…”. Бас Дүнжингаравт ажлын байр түрээсэлж авбал турах тухай нэг реклам бий. Одоо хамгийн олон үзүүлж байгаа нь энэ:

 

Харин аль телевиз  Дүнжингаравын рекламны ард нуугдахгүйгээр ил тодоор магтаж эхлэх нь сонин байлаа. Гэхдээ удаан хүлээлгээгүй юм. 2008 оны 5-р сарын 27-нд TV9 телевиз Дүнжингарав захын бүтээн байгуулалтын явцыг бахархан шагшсан сурвалжлага үзүүллээ. Тэр  ч бүү хэл TV9-ын захирал Ц.Энхбат өөрөө морилон очиж гоё макет загварыг Ким Ир Сен маягаар үзэж харагдав. Дараачийн  сурвалжлагад “таны телевиз”-ийн спортын нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр “Дүнжингарав” зах ажиллах болсныг зарлаж хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурж байгааг харуулав. Ийнхүү хэдэн сарын турш нууц байдалд ажилласан үл үзэгдэгч “Инвэкс” ХХК-ийн ерөнхий захирал Баярбаатар анх удаа ил гарч ярилцлага  өгөв.  Дүнжингарав монголын хэвлэл мэдээллийг худалдан авч чадлаа. Хатан Туул өөрийгөө хамгаалах гэж реклам өгч чадахгүй нь харамсалтай…

Өнөөдөр телевиз үзэхлээр монголчууд  2008 оны 8-р сарын 8-нд болох Бээжингийн олимпийн бус Дүнжингарав захын нээлтийг үзэхээр хоног тоолон хүлээж байх шиг санагддаг боллоо.

P.S: Уг нь TV9 телевиз компаниудыг биш, байгаль орчныг хамгаалдаг, тухайлбал сурвалжлагч Отгон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас баримт нотолгоотой сайн  сурвалжлагуудыг бэлтгэж АМГТХЭГ-ын дарга Лу.Болдыг хүртэл сандаргаж байгаа юмсан.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: