АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for May, 2008

МҮОНТ-ийн “сурсан юмыг сураар боож болохгүй”

Posted by Бид on 2008/05/29

2008 оны УИХ-ын сонгууль дөхөхийн хэрээр МҮОНТ сурсан зангаараа нэр дэвшихээр горилогчдын сурталчилгааг сурсан зангаараа улаан цайм хийсээр байх юм. “Цагийн хүрд”-ээр жишээ авч өнгөрсөн 4 ба 5- р саруудад миний анзаарсан заримыг (бүгдийг үзсэн биш) дурдъя.

2008.04.07
Өнгөрөгч 4-р сард Эрдэнэт үйлдвэрийн худалдаа эрхэлсэн орлогч захирал байсан Дамба-Очир тус үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх  шаардлагыг үйлдвэрийн удирдлагыг тавьж байна гэсэн сурвалжлага.  Дундуур нь Дамба-Очир нь өөрөө гарч “ажилчдын дундаж цалинг 1 сая төгрөгт хүргэж ёстой” гээд авч өглөө. (Энэ сурвалжлагад сэтгүүлчийн нэр байхгүй, текстийг нь хөтлөгч уншив).  Эрдэнэт үйлдвэрт ажиллахаа больсон мөртөө “хар хүний  төлөө шар хүн” гэгчээр ажилчдынх нь цалин мөнгөнд нь санаа зовж түүнийгээ улс орон даяар цацуулж суугаа энэ эрхэм МАХН-аас нэр дэвшихээр санаархагч байсан нь төдөлгүй ил болсон билээ.

2008.04.19
“Очир төв” ХХК баруун чиглэлийн замыг хугацаанд нь ашиглалтанд оруулна гэж ухуулсан сурвалжлага. МҮОНТ яагаад үүнд санаа зовох болов оо гэвэл ноднин тендерт ялсан ч Лүнгийн замыг засах байтугай түр замаа ч тавьж чадаагүйн улмаас замын машинууд мянганы биш мянган зам гарган сүлжилдэж  замын дагуух хамаг бэлчээрийг сүйтгэхэд хүргэсэн тус компанийн захирал нь нөгөө Эрдэнэтийн сайхан сэтгэлт Д.Дамба-Очир юм. Тэр бас л өөрийн шударга царайг харуулж “хугацаандаа өгнө” гээд ярьж зогсоно. Үзэгчид итгэхгүй гэсэн мэт ЗТАЖЯ-ны Автозамын газрын дарга Баасанхүүгээр дэмжүүлэв.

2008.05.07
Орхон аймгийн оюутан, залуучуудын холбооны 2-р чуулганыг очиж сурвалжилжээ. Болж л байна. Харин хүндэт ерөнхийлөгчөөр нь Орхон аймагт төвтэй “Очир Төв” компанийн захирал Дамба-Очирыг сонгосныг мэдээлэв. Тэгэхлээр чуулганыг биш  Дамба-Очирыг сурвалжилсан юм байна.
Араас нь Улаанбаатар-Лүнгийн чиглэлд “Очир Төв” компанийн барьж байгаа замын  ажлыг өмөөрсөн том сурвалжлага үзүүлэв. Тус компани туслах зам барьсан боловч хөрсний онцлогоос хамарч шороо суларч жолооч нар залхууран салаа замууд гаргасан, малчид хашаа, хороогоо нүүлгэхгүй цааргалсан, орон нутгийн эрчим хүчнийхэн цахилгаан тасалдаг гэхчлэн “Очир төв” ямар ч буруугүй болохыг орон даяар нотоллоо. Ямар муу хөрс, яасан муухай малчид, эрчим хүчнийхэн бэ?

2008. 4. 21.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн удирдлагын менежмент сайн байгаа учраас (дарга нь сайн байна гэсэн үг – Д.Ц) амжилт олж байна гэсэн оршил, төгсгөлтэй сурвалжлагыг үзүүлэв. Дундуур нь тус эмнэлгийн захирал М.Чимгээ хоёр удаа ярьж эмнэлгийнхээ хамаг цонхыг вакуумдсанаа гайхуулав. “Монголын мэдээ” агентлаг  40 жилийн түүхэндээ анх удаа эрүүл мэндийн салбарын удирдлагын менежментийн асуудалд ингэж сүрхий анхаарч тэгэхдээ Улаанбаатарын бүх эмнэлгээс зөвхөн Сүхбаатар дүүргийн эмнэлгийг сонгож авлаа. Чимгээ бол МАХН-аас нэр дэвшихэээр горилогч.

2008.05.19.
Энтеровирус-71 вирусын  тархалтын явц ямар байгаа тухай сурвалжлагыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бэлтгэн үзүүлэв. Мэдээж уг өвчинд өртсөн хүүхдүүдийг зөвхөн тэнд эмчилдэг болохоор аргагүй биз. Гэтэл дундуур нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Чимгээ дүрээрээ гарч ирээд энтеровирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угаах хэрэгтэй тухай мундаг зөвлөгөө өгөөд алга болчихов.  Сурвалжлага цаашаа Халдварт өвчин судлалын төвөөс үргэлжилсэн  юм.  (Дашрамд дурдахад, хөтлөгч нь түүнтэй ижил нэрт Чимгээ бөгөөд “Эрүүл хүн Монголын Чимгээ” сурталчилгааг бас уншдаг билээ)

2008.04.26.
Орон нутагт малын хулгай их байгаа, үүнээс болж малчид яаж зовж зүдэрч байгаа тухай сурвалжлагыг хаанаас бэлтгэсэн  гэж та бодож байна? Та энэ өдрийн “Цагийн хүрд”-ийг үзээгүй бол хэзээ ч таахгүй.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас!  Мэдээж хөдөө авсан бичлэгээр дүрсжүүлсэн байж таарна. Тэгвэл хэн ярьсан бэ? БСШУЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга  Ц.Даваасүрэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн бөгөөд аймгийнхаа малын хулгайн эсрэг хэрхэн амжилттай  тэмцэж байгаа тухайгаа ярив.  Улаанбаатараасаа холдохгүй, тэгсэн мөртлөө яамны ажлаа хийхгүй тэртээ Хөвсгөл аймгийнхаа малын хулгайд санаа тавьсан хачирхалтай сурвалжлага хийх болсон учир гэвэл Даваасүрэн МАХН-аас нэр дэвшихыг горилогч  ажээ.

Би сүүлийн 2 сарын “Цагийн хүрд”-ийг бүгдийг үзсэн биш, өөр зөндөө байж таарна. Лав  Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба монголын байгаль хамгаалагч хүүхдүүдийг Австрид айлчуулсан тухай сурвалжлага хэд хэд гарсан. Үзэхүл Монголд 20 аймаг, бас нийслэл гэж байдаг ч өөрийн нэр дэвшихээр горилж байгаа Өвөрхангай аймгийн  хүүхдүүдийг голлон сонгосон байх юм. Бас  Хөвсгөл аймагт “Хүмүүс” сонины уншигчдын клуб байгуулсан тухай сурвалжлага нь тус сониныг үүсгэн байгуулагч төдийгүй, МАХН-аас  нэр дэвшигч  Р.Хадбаатарын сэм сурталчилгаа байх жишээтэй. Уг нь МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн ухамсартай хүн юмсан.

Миний үзсэн дээрх сэм сурталчилгаанууд бүгдээрээ МАХН-аас нэр дэвшигчдийнх байх юм.  Яагаад гэвэл МҮОНТ-ын  “Монголын мэдээ” агентлагын захирал нь МАХН-ын дэргэдэх МАСЭХ-ны зүтгэлтэн Энхтуяа гэж эмэгтэй байдаг. Өөр тайлбар хэрэгггүй буйзаа.  МҮОНТ-ийн сурсан юмыг Олон нийтийн радио, телевизийн хуулиар боож болохгүй ажээ.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Монголын хэвлэл мэдээлэл “Дүнжингарав”-ын аманд элбэгхэн багтав

Posted by Бид on 2008/05/28

Байгаль орчны Яамнаас эхлээд байгаль орчны хяналтын алба, Усны хэрэг эрхлэх газар гээд монголын гол усыг хамгаалах (хамгаалуулах) үүрэгтэй байгууллагууд, бас хууль  хяналтынхан бүгдээрээ Улаанбаатарт тухалдаг мөртлөө тэдний нүдэн дээр нийслэлийн дарга нар Туул голын орчмыг хэрхэн хувийн өмч шигээ эдэлж байгааг зүв зүгээр харж суугаа билээ.  Эхлээд М.Энхболд гэдэг дарга нийслэлийн ундны усны ариун цэврийн бүсийг зүүн тийш Их тэнгэрийн гүүр хүртэл ухрааж хэдэн том компанид бэлэглэсэн ч ханаагүй бөгөөд жишээлбэл, Нарантуул захаас харалдаа Туулын эрэг хүртэлх цэлийсэн газрыг алдарт “Мон-Уран” компанид сэмээрхэн олгоод дэвшээд явчихсан. Үүнийг Н.Болормаа тэргүүтэй нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид таслан зогсоохын оронд  тэнд байсан цэвэр усны худгуудыг төсвийн хөрөнгөөр нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж арыг нь даасан билээ. Нэг нь хулгай хийж нөгөө нь улс мөрийг балласан хэрэг.

Удалгүй тэнд  Дүнжингарав захын барилгын төмөр каркас чимээгүйхэн босч эхэлсэн юм. Байгаль, ус хамгаалдаг яам, газар, албан тушаалтнууд мэдээж юу ч “анзаараагүй”.  Харин хэвлэл мэдээлэл тэр чигээрээ босоод ирэв. Сонинууд “Дүнжингарав нийслэлчүүдийг ундны усгүй болгох нь ээ”, “Дүнжингаравын нууц эзэн хэн бэ?”, “Дүнжингарав захыг байгаль орчны үнэлгээгүй, хууль бусаар барьж байна” гэх мэт гарчгаар дүүрсэн бол  телевизийн сурвалжлагчид Дүнжингаравын зургийг ойроос авах гэж хамгаалагч нарт зодуулж цохиулсан баатарлаг сурвалжлагуудыг үзүүлэхэд олон нийт өөрийн эрхгүй өндөлзөж “Дүнжингарав захыг нурааж хатан Туулаа аврахын төлөө”  хөдөлгөөнийг хэн нэгэн санаачилж (тэргүүн нь УИХ-д нэр дэвших байсан биз) бүх нийтийн тэмцэл эхлэхэд тун дөхөөд байлаа. 

Гэнэтхэн хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дуугаа хураав. Юу болов? 2008 оны 4-р сараас өдөр тутмын сонинуудад “Дүнжингарав” зах Туул голын усыг хамгаалахад 200 сая төгрөг зарцуулжээ” гэсэн яг ижилхэн гарчигтай ярилцлагууд нийтлэгдлээ. Араас нь Дүнжингарав хэмээх диваажингийн тухай (баригдаж дуусаагүй байхад ямар сайн мэдэж байна аа?) элдэв мэдээ, сурталчилгаанууд хөвөрлөө. Сонинууд команд авсан мэт Дүнжингарав захыг зөвхөн магтдаг болов.  Хааяа сөрөг хүчний сонинууд  М.Энхболдыг муулахдаа Дүнжингаравыг хальт дурддаг боловч маргааш нь гэхэд алдаагаа засч байв. Зөвхөн муу нэртэй жижиг сонинууд Дүнжингаравыг шүүмжилсэн хэвээрээ ч тэднийг хэн ч уншихгүй…

Одоо телевизүүдийн ээлж ирлээ. Хэд хоногийн дараанаас Дүнжингаравын рекламыг бүх телевизээр зогсоо зайгүй үзүүлэх болов.  Эхнийх нь “Уралдах уу? Уралдая…”. Бас Дүнжингаравт ажлын байр түрээсэлж авбал турах тухай нэг реклам бий. Одоо хамгийн олон үзүүлж байгаа нь энэ:

 

Харин аль телевиз  Дүнжингаравын рекламны ард нуугдахгүйгээр ил тодоор магтаж эхлэх нь сонин байлаа. Гэхдээ удаан хүлээлгээгүй юм. 2008 оны 5-р сарын 27-нд TV9 телевиз Дүнжингарав захын бүтээн байгуулалтын явцыг бахархан шагшсан сурвалжлага үзүүллээ. Тэр  ч бүү хэл TV9-ын захирал Ц.Энхбат өөрөө морилон очиж гоё макет загварыг Ким Ир Сен маягаар үзэж харагдав. Дараачийн  сурвалжлагад “таны телевиз”-ийн спортын нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр “Дүнжингарав” зах ажиллах болсныг зарлаж хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурж байгааг харуулав. Ийнхүү хэдэн сарын турш нууц байдалд ажилласан үл үзэгдэгч “Инвэкс” ХХК-ийн ерөнхий захирал Баярбаатар анх удаа ил гарч ярилцлага  өгөв.  Дүнжингарав монголын хэвлэл мэдээллийг худалдан авч чадлаа. Хатан Туул өөрийгөө хамгаалах гэж реклам өгч чадахгүй нь харамсалтай…

Өнөөдөр телевиз үзэхлээр монголчууд  2008 оны 8-р сарын 8-нд болох Бээжингийн олимпийн бус Дүнжингарав захын нээлтийг үзэхээр хоног тоолон хүлээж байх шиг санагддаг боллоо.

P.S: Уг нь TV9 телевиз компаниудыг биш, байгаль орчныг хамгаалдаг, тухайлбал сурвалжлагч Отгон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас баримт нотолгоотой сайн  сурвалжлагуудыг бэлтгэж АМГТХЭГ-ын дарга Лу.Болдыг хүртэл сандаргаж байгаа юмсан.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Оросын “Соёмбо” уу?

Posted by Бид on 2008/05/27

Өнөөдөр төрийн соёрхолт зохиолч Д.Төрбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор соёл урлагийн “Соёмбо” телевизийг үүсгэн байгуулаад ажиллаж байна” гэж сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Нэг талаас телевизийнхээ эзэн харьяаллыг зарлаж байгаа мэт боловч нөгөө талаас ямар ч тодорхой мэдээлэл хэлсэнгүй. Ерөнхийлөгч Энхбаяр сүүлийн үед Монголд болж байгаа бүх уулзалт цуглааныг ивээж байгаа болохоор тэр эрчээрээ телевиз  мэндлэхийг хүртэл ивээсэн гэж ойлгоё. Д.Төрбат өөрөө үүсгэн байгуулсан гэжээ. Манайд Хууль зүйн Яаманд бүртгүүлэхдээ бичдэг хэвлэл мэдээллийн “үүсгэн байгуулагч” гэсэн ойлголт хөрөнгө оруулагчаас өөр юм.  Доод тал нь хэдэн зуун сая, магадгүй хэдэн тэрбумыг зарцуулж байж телевиз босно. Тэгэхлээр “Соёмбо” телевизийн жинхэнэ эзэн бас тодорхойгүй үлдлээ.

Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээгээр “Соёмбо” телевизийн хөрөнгө оруулагч нь оросууд юм байна. Хэрвээ монгол “Соёмбо”-ыг тэд халааснаасаа гаргаад ирсэн бол “Роснефть”-ийн зуун шатахуун түгээх станцаас илүү болгоомжлох асуудал билээ.  Энэ дашрамд Америкийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, монголоос огт хамааралгүй Ийгл (Библ) телевиз монгол мэдээний хэдэн охид хөвгүүд, авлигын эсрэг аян энэ тэрээр халхавчилж байгаад христийн шашныг илт зохион байгуулалттайгаар дэлгэрүүлж байгааг анзаарах ёстой байх аа. Монгол Улсын хуулинд ингэж болохгүй гэсэн заалт байдагсан…

Posted in + ТЕЛЕВИЗ | Leave a Comment »

Хэдхэн цагийн дараа…

Posted by Бид on 2008/05/23

2005 онд хууль нь гарч олон нийтийн статустай болсон МҮОНТ анх удаа сонгуулийн кампанит ажлын нөхцөлд ажиллах гэж байна. Иймээс Үндэсний зөвлөл нь өчигдөр хуралдаж 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хэлэлцжээ. Тэндээс гаргасан зарчмын шийдвэр гэвэл санхүүжилтыг нэвтрүүлгийн агуулгаас салгах явдал юм байна. Харин далд  сурталчилгааг бүрэн хоригложээ. Олон нийтийн телевизийн уран бүтээлчид сонгуулийн ямар ч сурталчилгаанд оролцохгүй.  Бас хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулж үндэсний зөвлөлийн биш хоёр хүнийг оруулжээ.  Бас төсвийн хэмнэсэн мөнгөөр машин тэрэг авах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн гэнэ.

Орой нь “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр энэ тухай сурвалжлага үзүүлэхдээ хэдхэн цагийн өмнө үндэсний зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг зөрчиж далд сурталчилгаа хийх шиг боллоо.  Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээс яагаад ч юм зөвхөн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж буй хоёроор хурлын шийдвэрийг яриулж байх юм:

Р.Бурмаа (АН-аас нэр дэвшигч): Далд сурталчилгаа явуулахгүй.  Олон нийтийн телевизийн уран бүтээлчид сурталчилгаанд оролцохгүй.

Р.Хадбаатар (МАХН-аас нэр дэвшигч):  Хяналтын зөвлөлийг шинээр байгуулсан. Үндэсний зөвлөлийн биш хоёр хүн орлоо. Төсвийн хэмнэсэн мөнгөөр машин тэрэг авах зэрэг асуудлийг шийдвэрлэсэн…

Хоёр нэр дэвшигчийн хэлснийг эс тооцвол ирэх сонгуулийн сурталчилгааны кампаниар Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хэрхэн ажиллах журмыг олон нийтэд тодорхой танилцуулсангүй. Хэвлэлийн мэдээ бэлтгэж тараасан эсэхийг бүү мэд. Вэб сайт руу нь орсон боловч 1-р сараас хойш шинэчлээгүй харагдана.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Монголын газар нутаг савхдуулсаар дуусах нь ээ”

Posted by Бид on 2008/05/19

Сонин гарчиглах гэж аятайхан үг бий. Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа тэр олон сониныг уншиж барах ч үгүй, шаардлага  ч үгүй, ихэнх тохиолдолд гарчиглахад л хангалттай. Эхнээс дуустал уншмаар сайн нийтлэл цөөн, байсан ч часхийсэн гарчигтай байж нүдэнд тусдаг билээ. Сүүлийн хэдэн өдрийн сонинуудаас анзаарсан ганц нэг гарчгийг толилуулья.

Замын-Үүдийн болон Алтанбулагийн чөлөөт бүсийн ажил бүтэл муутай, нэг нэг том хашааг олон жил барьж байгаа тухай албаны тайлангаас хуулсан бололтой нуршуу нийтлэлийн гарчиг нь харин энгийн бөгөөд ойлгомжтой: “Худалдааны чөлөөт бүс хашаатайгаа ноцолдсоор” (“Ардчилал”.2008.05.15). 

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хятадын савхны үйлдвэр олон жил ажиллаж залуу сайхан хус модоор туйлж байгааг зурагтаар харсан монгол хүн бүр ийм тохиолдолд боддог тэр юмаа бодсон байх. Харин “Нийгмийн толь” сонины сэтгүүлч бодсоноо шууд хэлж сурвалжлагаа “Монголыг савхдах “шаахайтны нүүдэл айсуй” (2008.05.17-ны дугаар) гэсэн бол дараачийн сонин энэ санааг бүрмөсөн гүйцээж “Монголын газар нутаг савхдуулсаар дуусах нь ээ” (“Ардын эрх”. 2008.05.19) гэжээ. 

Posted in "Нийгмийн толь" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

МҮОНТ-ээс төрж байгаа реклам сурталчилгааны одууд

Posted by Бид on 2008/05/16

Телевизийн хөтлөгч юмуу сэтгүүлчид элдэв реклам сурталчилгаанд тоглодог моод хавтгайрч байх шиг. Урьд нь телевизийнхэн үе үе тоглодог байсан ч үзээд л өнгөрдөг байж. Ямар нэгэн хориглолт юмуу зохицуулалт байсангүй. Харин одоо МҮОНТ-ийнхний тухайд буруу зөв эсэх тухай асуулт  тавих цаг болжээ. 

МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн хөтлөгч Чимгээ янз бүрийн рекламанд тоглосноороо толгой цохидог. Лав “Маршал” хотхоны шинэ орон сууцны сурталчилгаанд гэр бүлээрээ тоглож харагдсан.  Сэтгүүлч Ш.Гүрбазар  “Би Монголоороо гоёдог” шүлгээ уншиж “Хас” банкны рекламанд тоглосон нь эхлээд МҮОНТ-ээр гарч, дараа нь бусад телевизээр таржээ.  

     

“Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Бадамсамбуу сансрын холбооны “Иридиум” утасны рекламанд тоглож тэр нь телевизийн бараг бүх сувгаар хэдэн сарын турш гарч байгаа нийт үргэлжлэлийг нэмбэл “Аяллын цаг”-аасаа давж гарна. Ерөөсөө Бадамсамбуугийн нэвтрүүлэгт заримдаа Ниссаны ч юмуу сурталчилгаа тасардаггүй. Бараг нэвтрүүлгээрээ рекламанд тоглодог гэлтэй.

     

Одоо “Монголын мэдээ” агентлагын сэтгүүлч, хөтлөгч Дөлгөөн гэдэг нэртэй рекламын ширүүн од мэндэлж байх шиг. МҮОНТ-ээс бусад бүх телевизээр даатгалын нэг компанийг, дараа нь “Говь”-ийн ноолууран цамцыг танин мэдүүлж эхэллээ.

Тэгээд юу гэж? МҮОНТ бол төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр мөнгөөр санхүүждэг. Чимгээ, Гүрбазар, Бадамсамбуу, Дөлгөөн нар тэндээс цалин авч ажиллахдаа үндэсний хэмжээнд үзэгдэж харагдсаныхаа ачаар танил болчихоод тэр нэр хүндээ хувийн компанийн барааг сурталчлахад ашиглаж, бас багагүй мөнгө түрийвчилж байна гэсэн үг.  Тэд янз бүрийн тоглолт цэнгүүн, одонгийн найр, хурим хөтөлдөг нь эх захаа алдсанийг ярихгүй байна. Гэхдээ энэ бол тэдний хувийн хэрэг биз.

Тэгтэл сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Чимгээ гэхэд сонгууль дөхөхлөөр МАХН-ын цагаан байр луу гүйдэг, лав 2004 оны МАХН-ын сурталчилгааны хамаг шоуг бас монгол телевизийн өөр нэг хөтлөгч Цоодолтой (нэрийг нь андуурсан байж магадгүй) хослон хөтөлж гүйцээсэн билээ. Энэ жил яахыг харж байя. Магадгүй, нөхөр нь улс төрд орж байгаа болохоор ИЗН-д зүтгэж магадгүй.

    

Саяхан хэд хоногийн турш телевизүүдээр гарч дууссан МАХН-ын өнгөрсөн 4 жилийн тайлагнасан том нэвтрүүлгийг МҮОНТ-ийн хөтлөгч Харцага цог золбоо дүүрэн хөтөлж сурагчдад үдийн цай түгээх зэргээр мэргэжлээ солиод байна.

Харин сонгуулийн кампани дуусахлаар Чимгээ, Бямбадорж, Харцага болон бусад хөтлөгч, сэтгүүлчид юу ч болоогүй юм шиг төв царайлан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн дэлгэцэн дээр гарч ирнэ. Дараачийн сонгууль хүртэл…. Манайд намын гишүүн гэдгээ 3 жил хагас тас нууж байгаад сонгуулийн өмнөхөн нэр дэвшээд давхичихдаг, ялагдангуутаа буцаад төрийн томоотой албан хаагч болж хувирдаг хоёр нүүрт нөхдүүдээс нэг их ялгаа алга.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Танайд хоноё” жүжиг болов

Posted by Бид on 2008/05/05

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн ээлжит дугаар Ням гаригийн орой гарлаа. Сүүлийн үед миний хувьд хамгийн сонирхолтой  хэсэг нь хонох айлаа хэрхэн олсноо харуулсан оршил жүжиг болоод байна. 

Энэ удаад хөтлөгч Алтантүрүү Улаанбаатарын хөл чимээнээс зайлсхийж сүүлийн үед архины хордлого энэ тэр дуулддаг тэр газрын амьдралтай танилцахаар шийдсэнээ мэдэгдээд замд гарч Багануур дүүргийн захиргааны өмнөх талбай дээр очиж тааралдсан хэдэн хүүхнийг зогсоож “Танайд хоноё” гэж гуйлаа.   Нэг эмэгтэй эгчийндээ амьдардаг ч ерөнхийдөө зөвшөөрөх янзтай байтал Алтантүрүү өөрөө “Эгч чинь уурлах болов уу?” гээд ухарчихаж байх юм. Ашиггүй айлд хонохыг хүсээгүй биз. Бас эрэгтэйчүүд буюу өрхийн тэргүүнүүдэд хандаагүй нь тохиолдлын хэрэг биш бололтой. (Би хасч монтажлан найруулсан бичлэгээс энэ дүгнэлтийг хийж байна. Бүтнээр нь үзүүлсэн бол…).

Дараа нь Алтантүрүү хүмүүсээс гуйхаа больж “Зөндөө  хүмүүсээс асуугаад бүтсэнгүй. Миний ард байгаа захиргааных нь байранд ороод Засаг даргынд хоноё гэж бүгдээрээ дайрья”  гэж хэлээд оров. Харуул манаа ч яасан юм, нариийн бичгийн дарга чтааралдахгүй явсаар Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатын албан өрөөнд явж орлоо.

Дараачийн үйл явдлууд төдийлөн сонирхолтой бус. Мэдээж Засаг дарга шууд зөвшөөрч Алтантүрүүг гэртээ авчрахад авгай хүүхдүүд нь  гал тогооны өрөөндөө эргэлдэн угтлаа. Гурван өрөө бололтой ердийн орон сууцны айл ажээ. Багануурынхны жишиг амьдрал иймэрхүү юм байна гэж хөтлөгч хэдэнтээ давтсан бол Засаг дарга өөрөө “Миний амьдрал нэг иймэрхүү” гэж лав 10 удаа хэллээ. Цааш өөрийгөө элдэв янзаар магтаж (бусдын жишгээр амьдардаг, авлигал авч үзээгүй, би хүнтэй харилцахдаа зарчим л ярьдаг гэх мэт), ухаантай санал дэвшүүлж (Засаг даргыг иргэд нь сонгодог байвал зүгээр), тэгснээ гурил элдэн цуйван хийж хичнээн ардач эр болохоо харуулж амжлаа. Алтантүрүү уламжлал ёсоор “Хэлсэн үгэндээ үнэнч, холбирдоггүй хүн юм шиг байна” гээд хэсэг магтаад “мешок”-тоо орж нойрсов. Хүнийг ганцхан оройн дотор танина гэдэг ховор чадвар шүү.

Харин өглөө босоод микрод сууж буцахаа хэлж Засаг даргаар үдүүлэн тэднийхээс гарсан юм. “25-р суваг” телевизийн хамгийн сайн нэвтрүүлгийнхээ сурвалжлах хэсгийг аппарат хэрэгсэлтэй нь явганаар илгээлээ гэж үү? Минийхээр бол, төлбөргүй нэвтрүүлэг хийдэг, иймээс унаа ч байхгүй гэдгээ харуулах гээ давхар жүжиг тавиад амжив. 

Хэрвээ үнэхээр төлбөргүй нэвтрүүлэг байсан бол Д.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд АН-аасаа нэр дэвших хүсэлтэй, бас Багануурын Засаг дарга төдийгүй тэргүүн баян, “Ноён” групп хэмээх том компанитай, Багануурын  хамгийн том “Ноён” телевизийн эзэн, Улаанбаатарт гэхэд л Алтантүрүүг өдөр болгон  хонуулаад цуйвангаар байтугай  дайлж чадах “Залуучууд” зочид буудлыг эзэмшдэг гэдгийг яриулж болох байсан даа.

Бямба гаригийн “Өнөөдөр”-ийн дугаарт Алтантүрүү том ярилцлага өгөхдөө  “Нэвтрүүлгийн нэр “Манайд хонооч” болсон байна лээ?” гэсэн асуултанд,  “Алтантүрүү сонгуулиар далимдуулж мөнгө хийж байна гэж. Мөнгө аваад оцойтлоо баяжсан юм алга, ажлаа хийгээд л явж байна. Сонгуультай холбоотойгоор долоо хоногт хоёр айлд хонож байгаа нь үнэн. “MN 25 дугаар суваг” телевиз бол арилжааны телевиз. Гэхдээ энэ үед хэнийд хонох вэ гэдэг нь хамгийн чухал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2007 оны “Ирээдүйтэй залуу сэтгүүлч” гэсэн шагналыг надад өгсөн. Өөрөө ч мэдээгүй, манай хамт олон шагналыг минь аваад ирсэн. Тийм болохоор би итгэл алдахыг хүсэхгүй байгаа. Хэн нэгнийг дэмжсэн, магтаж малгайлсан нэг ч асуулт тавьдаггүй. Байгаагаар нь л гаргахыг хүсдэг. Нэр дэвшигч итгэл даах хүн мөн үү гэдгийг харуулахыг хүсч байгаа” гэжээ.

Бас НТВ телевизийн “Үнэн үү” нэвтрүүлэг  (зочиндоо  асуулт тавьж үнэн хариулсан эсэхийг дэлгэцийн доогуур графикаар харуулдаг бололтой) сэтгүүлч Алтантүрүүг урьжээ. Ярилцлага гэхээсээ илүү сэтгэл зүйн сорилтыг санагдуулах  бөгөөд хөтлөгч Нямбаяр сүрхий асууж чаддаг залуу байна. Жишээлбэл, хуруугаа учиртайхан имэрч “ийм юм аваад айлд хоноод байна уу?” гэж асуулаа. Алтантүрүү  “Үгүйсгэхгүй. 25-р суваг бол телевиз арилжааны телевиз. Шударга, гарах ёстой хүмүүсийнд урилгаар хонож байгаа” гээд “мөнгө авлаа гээд асуудгаа л асууна, яаж асуулт тавихав гэдэгтээ байгаа юм” гэхчлэн өөрийгөө  хамгааллаа. Гэхдээ хөтлөгч Нямбаяр “Сонгууль дуустал УИХ-ын гишүүдээр явах юм байна”, “Үнийг нь авсан тэр хүндээ тааруулж ярина даа?”, “Бялдуучилж явахгүй гэж итгэж байна” гэдгээ хэлээд авч байв. 

Ийнхүү айлд “Танайд хоноё” нэвтрүүлэг “Захиалгаар хоноё”  юмуу “Дуудлагаар хоноё” болсон нь тодорхой болжээ. “Шударга, гарах ёстой” нэр дэвшигч гэдгийг яаж мэдэж байна аа? Алтантүрүүг урьсан болохоор уу? Мөнгийг нь авчихсан бол зөвхөн “Нэр дэвшигч итгэл даах хүн мөн” гэдгийг харуулж болно. Харин нэр дэвшигч “итгэл даах хүн биш” гэдгээ харуулах гэж мөнгө төлдөггүй л байхгүй юу… 

Иймээс гудамжинд хүмүүсийг зогсоож “Танайд хоноё” гэсэн жүжиг тавихын оронд “Би уригдлаа” гээд нэр дэвшигчийнд шуудхан явж очвол ядахдаа шударга юм даа.  Монголын сэтгүүл зүйн найдвар болсон шинэ үеийн нэгэн сайн сэтгүүлч элдэв улс төрчидтэй сэмхэн тохирч мөнгө төгрөг авчихаад дараа нь санаандгүй тааралдсан мэт уулзаж, гэрт нь очоод огт уулзаж байгаагүй мэт жүжиглэж үзэгчдээ хууран мэхэлдэг болсон нь  харамсалтай. Шинэ үеийн захиалгат сэтгүүл зүй ийнхүү эхэлжээ.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 9 Comments »

Зөвхөн нэр дэвшигчидтэй “Ярилцъя”

Posted by Бид on 2008/05/03

МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлгийн ээлжит дугаар гурван хэсэгтэй байлаа.

Эхнийх мэдээж “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулагдсан ба сэтгүүлч С.Баярмөнх, МСНН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Хүрэлбаатар, МСоХ-ны ерөнхийлөгч Р.Хадбаатар гэсэн гурван оролцов. Ү.Хүрэлбаатарыг мэдэхгүй, гэхдээ нөгөө хоёр нь сонгуульд нэр дэвшигчид билээ. С.Баярмөнхийг сэтгүүлч биш, “Сэрүүлэг” сонины эзэн, Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга, УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч, харин Р.Хадбаатарыг “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч,  УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшигч  гэж танилцуулбал дээр байж. 

Дараа нь Монголд зуун ШТС байгуулж, хариуд нь шатахууныг хямдралтай нийлүүлье гэсэн “Роснефть”-ийн саналыг тойрч УИХ- дээр  эхэлсэн ширүүн маргааныг эрхэм  гишүүн Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр хоёроор студид үргэлжлүүлэв. Аль ч талаасаа өндөр түвшний мэтгэлцээн байж хэний зөв бурууг шүүхээсээ илүү ямар сонголт хийвэл дээр вэ гэдэг талаар бодоход хүргэлээ. (Дашрамд хэлэхэд, Болгар улс аль 2004 онд НАТО-д элссэнийг хоёулаа мэддэггүй юм байна). Хөтлөгч Ц.Мөнхтөр чухал мэтгэлцээнийг зохион байгуулжээ.

Гэхдээ Мөнхтөр “Ашигт малтмал тойрсон асуудлаар…”   гэсэн гуравдахь ярилцлагаараа намынхаа нэр дэвшигчийг сурталчлахгүй байж чадсангүй. Тэр нь АМГТХЭГ-ын  дарга, АН-аас Баянзүрх дүүрэг, Багануурт нэр дэвшигч Лу.Болд байлаа.   Тэрбээр сонгуулийнхаа гол “хөзөр”   –  монголын ашигт малтмалыг бүх ард түмэнд эзэмшүүлэх “Баян Монгол” корпораци байгуулах тухай саналаа танилцуулав. Хөтлөгч дагаж баясан “Та манай шилдэг бизнесмен, улс төрчийн нэг …. Гайхамшигтай санал ….  Та ардчиллыг эхлүүлж байсан ….”  хэмээн байн байн дуу алдана. Сэрэмж алджээ. Нөгөөдөх нь төрийн албан тушаалтан гэдгээ мартаад “сая Багануурт Ардчиллын өдөрлөгийг зохион  байгууллаа… гэхчлэн үргэлжлүүлэв. Намын нэвтрүүлэг ч юм шиг…

Нэмж бичив: Э.Бат-Үүл, С.Баяр хоёрын мэтгэлцээнийг орой нь UBS телевизээр давтаж харагдсан. Мөн “Өнөөдөр” сонин текстээр буулгаж Даваа гаригийн дугаарт нийтэлсэн байна. Сайн мэтгэлцээн байжээ гэсэн үг. 

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Алтай монголын бүх телевизээр ингэж агсарвал ч …

Posted by Бид on 2008/05/03

“25-р суваг “ телевизийн захирал З.Алтай УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдэж Монголын телевизүүдийн холбооны өмнөөс хэвлэлийн хурал зарлан хуралдуулав. Түүнийг Ц.Балхжав (UBS), А.Ганбаатар (НТВ), Д.Сарангэрэл (TV5), Ц.Энхбат (TV90) нар дэмжихээр ирсэн байлаа.

МТХ-ны ерөнхийлөгч З.Алтай шуудхан эхэллээ: Би УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшихээр шийдлээ. Уг нь дэвшье гэж бодоогүй, гэхдээ энэ улс орны байгаа байдлыг хараад тэссэнгүй, улсаа бодохоор шийдлээ, би амиа бодсон бол 25-тайгаа яваад байх байсан, 16 жил, 18 жил тэслээ, бидний ирээдүй дэндүү бүрхэг, дэндүү харанхуй байна, одоо иргэний үүргээ гүйцэтгэх боллоо. Аль нэг намд орохгүй, аль нэг нам хүчнийг дагаж далбайхгүй, аль болох энэ нам, улс төрөөс хол байя… Энэ нөхдүүд арван хэдэн жил буг болчихоод суугаад байна, тэгэхлээр  тэнд нэг амттай юм байна аа, тэдний нэг ч гэсэн суудлыг авья … Миний ард Монголын телевизүүд байна, монголын сая сая үзэгчид байна, телевиз шиг хүчтэй хэрэгсэл байхгүй, яадаг юм би телевизийн ашиглана, мэргэжлээ ашиглана… Намайг телевизээр их мөнгө олдог гэж бодож байна уу, юу ч олдоггүй, миний дансыг  шалгаад үз, юу ч гарахгүй…

Энэхүү хачин яриагаа 20 гаруй минутийн турш зогсоо зайгүй урсгав. Алтай юу болчихов оо? Зүгээр л сонгуульд нэр дэвшихээ зарлаад, бас телевизээрээ олигтой мөнгө олдоггүй, ядуугаа өрөвдүүлэх гээд байгаа юм бол хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад үзүүлэхийн оронд сагсуураад, тэгснээ агсраад ч байх шиг. Хэн л түүний дансыг шалгаад явав гэж…

Араас нь телевизийн захирлууд бие биенээ хөөргөж гарав: 
Д.Сарангэрэл: Би Алтайг 20 гаруй жил мэднэ…. Баянзүрх дүүргийн сонгогчдыг уриалж байна. Сэтгүүлчдийг уриалж байна.
З.Алтай: Монголын эмэгтэйчүүд Сараа шиг байгаасай.  Дэлхийн олон мундаг улс төрч сэтгүүлчдийн дундаас гарсан шүү… Ер нь чи өөрөө дэвшвэл яасан юм бэ?
Ц.Энхбат: Тавь шүргэж байгаа бидэн шиг улсууд албан тушаал энэ тэр горьдоод явдаггүй.  Энэ удаагийн сонгуулийн хууль азийн хоолтой тэстэй. Би бол телевизийнхээ зүгээс дэмжинэ.
Д.Сарангэрэл: Сэтгүүлчдэд үзэгнээс өөр хөрөнгө байхгүй, гэхдээ бид хандивын хүлээн авалт зохион байгуулна.
А.Ганбаатар: Үүнийг сонгуулийн сурталчилгаа болгож битгий  сурталчлаарай…
З.Алтай: Би УИХ-д ордог л юм бол… Орохгүй бол гомдохгүй ээ. 
Д.Сарангэрэл: Маргааш 3500 сэтгүүлч UB Palace-д үнэгүй шоу үзнэ. Билетээ авсан биз дээ…

Хэвлэлийн хурлыг шууд дамжуулсан “25-р суваг” телевизийн 2-р суваг төгсгөлд нь “Үүргэвчтэй аялал“ нэвтрүүлгийнх нь хөгжмийг эгшиглүүлж захирлынхаа сурталчилгааг эхлүүлэв. Сонгуулийн кампани, сурталчилгааг албан ёсоор зарлаагүй байхад телевизийн захирлууд ингэж хавсайдаж болох уу? Тэр жигшээд байгаа улс төрчдөөсөө ялгаагүй нөхдүүд байна. 

2000 онд байх аа, Монголын радиогийн сэтгүүлч М.Цагаан УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихдээ нутагтаа нэг ч очихгүйгээр зөвхөн өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээр сурталчилгаа хийсээр байгаад гарчихна гэж тооцоолж хэдэн сар амаа чилтэл донгодоод бараагүй билээ.  Харин энэ удаад З.Алтай монголын бүх телевизээр сурталчлуулсаар байгаад гарч ирэхээр шийджээ. Гэхдээ энэ хэвлэлийн хурал дээрх шиг дүвчигнөөд, түүнийг нь монголын бүх телевиз үзүүлээд байвал эсрэгээр ч эргэж мэднэ.

P.S: Энэхүү хэвлэлийн хурлыг “25-р суваг” тэр өдөртөө хэдэн удаа, Бямба гаригийн үдэш хөтөлбөрт орсон Алтантүрүүг айлд хонуулахгүй “амрааж” байгаад бүрэн үзүүллээ. Ням гаригт Алтайн алдарт “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг гарч эхэллээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа гэдэг бол гадаадад оччихоод монгол хэл мэдэхгүй улсуудыг монголоор муулж зугаацахаас арай өөр байж таарна…

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Швейцаричууд Шийлэгдамба сайдыг бишрэн ярилцахыг TV5-ын сурвалжлагч сонсчээ

Posted by Бид on 2008/05/02

Монгол Улсын байгаль орчны сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн 4-р сарын сүүлчэээр Европын холбооны орнуудаар ажлын айлчлал хийсэн юм байна.   Тэгэх далимаар монголын байгаль хамгаалагч хүүхдүүдийг Австри улсад аялуулсан нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх төрөлх Өвөрхангай аймгаас нь голдуу байсан төдийгүй мөнгө зардал нь байгаль орчны чиглэлийн нэгэн төслөөс гарчээ. Сайдын албан тушаалаа ашигласан энэ баримтыг манай сэтгүүлчид илчилбэл нэр дэвшихийг нь болиулахад ч хангалттай. Гэтэл Шийдэгдамба сайд тэднийг бас худалдаад авчихжээ.  Лав TV5 ба МҮОНТ-ийн сурвалжлагчдыг (мэдээж төсвийн мөнгөөр) дагуулаад явсан учраас тэгэж хэлж байгаа юм. 

Зугаалгаас ирсэн сэтгүүлчид юу үзүүлэв? 
TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр  залуу сайдыг хэдэн өдөр дараалан амьсгаадан байж магтлаа. Өдөрт дараалан 5 уулзалтанд ороод ядраагүй Шийлэгдамбын ажил хэрэгчийг швейцарчууд биширсэн төдийгүй залуу сайдын гарын үсгийг хуучин монголоор зуруулж авсандаа баярлаж бараг л найр наадам хийсэн юм байх. (Харин  нэгэн шүүмжлэлийг зоригтой хэлсэн нь Швейцариас нэг тоног төхөөрөмж авахад шаардлагатай хуулийг батлахгүй удааж залуу сайдын ажлыг уясан манай УИХ байв). 

Сүүлдээ хэрэгтэй хэрэггүй уулзалтуудаас (үзэгчдэд сонирхоод байх юмгүй) үзүүлэх юм дуусаад хөшөө дурсгал энэ тэрийг сонирхуулдаг болов.  Аз болж залуу сайд очсон газрынхаа Элчин сайдын яамдаар ороод гарсны ачаар TV5-ын сурвалжлагчийн шинэ магтаал ундрав. Монголынхоо төлөө Европод зүдэрч суугаа тэр гурваас Францад дахь элчин сайд Алтангэрэл маш залуу мөртлөө франц хэлийг  францчуудаас илүү мэддэг (түүнтэй францаар хөөрөлдөж шалгаад авчээ), Австрид суугаа Энхтайван герман боловсролтой учраас яамныхаа хөрөнгө санхүүг хэтэрхий сайн барьдаг (дансыг шалгаад амжиж), харин Швейцарьт суугаа Болдбаатар Орост боловсрол эзэмшсэн учраас ёстой “мужик” (ганц шил юм хуваасан байх), ингээд энэ гурав  бол “хамгийн шилдэг дипломатчид ”гэж дүгнэв. Гэхдээ Монголын уу, эсвэл Европод уу гэдгийг хэлэхээ мартав. “Дэлхийн хамгийн хамгийн шилдэг дипломатчид” гэсэн бол би лав гайхахгүй.

МҮОНТ-ийн тухайд бол дээр дурдсан  байгаль хамгаалагч хүүхдүүдийн аялалын тухай нэлээд хэдэн сурвалжлагыг “Цагийн хүрд”-ээрээ үзүүлэв. Эхэндээ дан хүүхдүүд гоё байгаль, амьтны хүрээлэн, усан цахилгаан станц үзээд сайхан явж байна, гэнэт  залуу сайд гарч ирээд ярилцлага өгч сонирхолгүй болгочих юм. Энэ бүхнийг төсвөөс, төслөөс санхүүжүүлсэн залуу сайд эрхээ эдэлсэн хэрэг. Шийлэгдамбын энэхүү түүхэн айлчлалын сурвалжлагыг бас 25-р суваг телевизээр үзүүлсныг бас дурдая. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV5 телевиз | 1 Comment »

МАХН-ын “Авлигын толь” ба АН-ын “Монгол дахь авлигын үнэн түүх”

Posted by Бид on 2008/05/01

Ардчилсан намын Шаабар МАХН-ынхны орооцолдсон  будлиантай хэргүүдийг голдуу түүвэрлэсэн “Авлигын толь” ном бичиж сонинд цувруулан гаргасны  хариуг МАХН-ын сэтгүүлчид барьж эхэлсэн билээ.

Харин TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр МАХН-ын сонгуулийн сурталчилгааны аргыг илчилсэн тун ноцтой тайлбар үзүүллээ. Тайлбарт, улс төрийн намуудаас МАХН түрүүлж сонгуулийн сурталчилгаандаа хамгийн бохир арга хэрэглэхээр зэхэж байна гээд өдөр тутмын зарим сонинд нийтлэгдэж эхэлсэн Жа.Пүрэв, Ш.Цэрэнпил, Б.Болд нарын “Монгол дахь авилгын үнэн түүх” баримтат цуврал нийтлэлийн гарчгийг харуулж баахан тайлбар хийлээ.

TV8 цааш үргэлжлүүлэхдээ “өдөр тутмын зарим хэвлэлийг харвал “20-р зууны банк  тоносон шилдэг луйврууд” хэмээх сүржин нийтлэлүүд гарч байна. Ардчиллынхын засаг барьсан он жилүүдэд тэднии юу хийж байсныг гутаах зорилготой. Одоо 7 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн, хэзээ ямар сувгаар  гарах нь тодорхой болсон” гээд “Алт дилерийн хэрэг ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ? “ баримтат нэвтрүүлгийн сценари йн хуудсуудыг үзүүлээд “Да.Ганболд, Гончигдорж нарын тусгайлан намнаж банкуудыг эрүүлжүүлэх алхмуудыг зоригтой хий ж байсныг гутаах зорилготой, ингэхдээ компьютер график ашиглаж янз бүрийн  юм хийх гээд байна” гэхчлэн тайлбарлав.  Төгсгөлд нь телевиз үзэгчдэд хандан “Дороо бодолтой дотроо суурьтай” байхыг анхааруулав. Уг нь дороо суурь, дотроо бодолтой байвал илүү байхсан.

АН-ынхан МАХН-ын нэвтрүүлгийн сценарыг олзолж аваад яаралтай арга хэмжээ авсан биз. Харин МАХН-ын идэвхтэй зүтгэлтэн бөгөөд МАХН-аас нэр дэвшигч С.Баярмөнхийн телевиз АН-ын талд орж МАХН-ын сурталчилгаанаас сэрэмжлүүлсний учир юу вэ? Мөнгө. Тиймээс нэр хаяггүй тайлбар байсан. Харин Баярмөнх намынхандаа “Би мэдээгүй, төлбөртэй нэвтрүүлэг байсан байна лээ” гээд аргалахаа мэднэ.

Орой нь тун төстэй, гэхдээ товчхондуу тайлбарыг бас TV9-ийн “Но[ц]той мэдээ”-гээр уншив.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »