АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for April, 2008

“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйл эзэнтэй байхын төлөө хариуцлага хүлээнэ”

Posted by Ажиглагч on 2008/04/30

Ойрдоо дэлгэцээр үзэгдэхгүй байсан “25-р суваг”  телевизийн захирал З.Алтай өчигдөр орой Монголын телевизүүдийн холбооны өмнөөс чухал мэдэгдэл хийлээ. Тэгэхдээ 1998 онд батлагдаад  магтуулахаас өөрөөр дурсагдахаа больсон  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг гэнэтхэн бутниргэлээ. Бараг 10 жилийн дараа гэсэн үг. Гэхдээ энэ нь  уг хуулийн ойд зориулсан бус, харин нэгэнт эхэлчихсэн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны кампаниар тав тухаа алдахгүй гэсэн телевизийн эздийн ээлжит шаардлага бололтой. 

Өнөөдөр манай телевизүүд нэвтрүүлгийн хамаг цагаа улс  төрийн намуудад худалдаж дуусаад, мэдээллийн  хөтөлбөрөө хүртэл мэдээ, ярилцлага болгоноор нь жижиглэн борлуулж, нэг ёсондоо өөрсдийн телевизэд ногдсон агаарын долгионы ерөнхий түрээслүүлэгчид болж хувираад байна. Ингээд Нарантуулын эзэн лангуун дээр зарагддаг хулхи барааны төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй шиг байхыг хүсчээ. Эфирээр нь цацагдсан худлаа нээрээ сурталчилгаа болгоны төлөө З.Алтай, Д.Сарангэрэл, Ц.Энхбат (биш ээ Н.Энхбаяр), Г.Батхүү, С.Баярмөнх, Х.Баттулга нар хариуцлага хүлээх учиргүй байх. Гэхдээ үүний тулд өөрсдийн эфирээр цацагдсан нэвтрүүлэг болгонд “жижигхээн”  шаардлага тавих ёстой. Тэр нь нэвтрүүлэг болгоны төгсгөлд аль нам, улс төрийн хүчин улс төрчийн захиалгаар ямар студид хэн гэдэг сэтгүүлч, редактор бүтээж туурвисныг бичих явдал юм. Уншигдаж л байвал жижигхэн үсгээр ч хамаагүй. Тэгвэл төлбөртэй, захиалгат элдэв нэвтрүүлгийн ил, далд эзэд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ.

Ноднин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл УИХ-ын гишүүн Ч.Улааныг муулсан нэвтрүүлэг бэлтгэж “25-р суваг” телевизээр нэр хаяггүй явуулсны дараа цагдаагийнхан З.Алтай руу утасдаж хэн хийснийг асууж баахан зовоосон юм байна. Гэхдээ Алтай “мэдээллийн эх сурвалжаа нууцлах”-гүйгээр хэлчихсэн, тэгээд цаадах нь шийтгүүлсэн билээ. Анхнаасаа Дэмбэрэлээр нэрийг нь бичүүлчихсэн бол ийм эвгүй байдалд орохгүй байсан…

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by Ажиглагч on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. “Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж “Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

Захиалгаар үйлдсэн “Дуулиант хэрэг”

Posted by Ажиглагч on 2008/04/27

Социализмын  үеийн хэргүүдийг сэргээн өгүүлдэг “25-р суваг” телевизийн “Дуулиант хэрэг” нэвтрүүлгийн захиалгат дугаарыг үзлээ.  Хадгаламжийн банкны хэргээр яллагдсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн давж заалдах шатны шүүх хурлын өмнө түүнийг өмөөрсөн нэвтрүүлэг байна. УИХ-аас эхлээд МАХН, цагдаагийнхан хүртэл энэхүү “уран бүтээл” дээр дайчлагдан оролцжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Онцгой байдлын ерөнхий газрын  зөвлөх байсан Д.Базарсад, ЭМЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга Н.Түмэндэмбэрэл, БСШУЯ-ны сайд Ө.Энхтүвшин, МАХН дахь жигүүрийн зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ, хуульч Б.Баярсайхан идэвхийлэн зүтгэж харагдана. Ерөнхий сайд С.Баярын яриаг ч оруулахаа мартсангүй.  Төр засаг тэр чигээрээ шүүхэд нөлөөлөхийг оролджээ.

Улс төрчид Хүрэлсүхийг хайрлах болсны шалтгаан тов тодорхой. Харин “Хадгаламж” банкны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч хошууч Ж.Болд, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Мишигдорж нар  өмгөөлөгч болчихсон аятай “байхгүй, буруугүй, тогтоогдоогүй” хэмээн ярьж Солонгосын казиногоос ирсэн “бид бичлэг өгөөгүй” гэсэн бичгийг эхээр нь үзүүлж гайхуулав. Номхон зогсож байгаад дээрээс үүрэг авсан биз. Гэхдээ тэдэнд тавих энгийн асуулт байна: “Хадгаламж” банкны 14 тэрбумыг Чимэдцэрэн гэдэг ганцхан хүн Солонгосын казинод алдсаныг яг мэдэж байгаа юм уу? Хэзээ, хэдэн удаагийн тоглолтоор, хэд хэдээр алдсаныг тогтоов уу? Хэрвээ солонгосын талд албан ёсоор хүсэлт тавиад мэдчихвэл үлдсэн мөнгө нь хаачсаныг тодруулах ажил үлдэнэ. У.Хүрэлсүхэд өгсөн алдарт  фургоны мөнгөнөөс эхлэнэ. Цаашилбал, МАХН-даа, МАСЗХ-ндоо, найз нөхөддөө, унаа тэрэг, байр байшин … гэх мэтээр нэмээд үзэхэд 14 тэрбум гарч байх учиртай. Зөвхөн ингэж тогтоосон цагт “Хадгаламж” банкны хэргийг шалгаж дууслаа гэж хэлнэ. Та нар энэ хэргийн үнэн мөнийг олж чадаагүй, Чимэдцэрэнгийн аманд багтчихсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?

“Хилсээр шийтгэгдэх” гээд байгаа Хүрэлсүхийг өмөөрч уйлан хайлах хэвлэл мэдээлллийнхээн! Дээрх асуултыг мөрдөн байцаагчдад тавиад үзээрэй. Асуудал Хүрэлсүх шийтгэгдэх гээд байгаадаа биш, бусад нь шийтгэгдэхгүй үлдсэндээ байгаа юм биш үү? Одоо Хүрэлсүх ч шийтгүүлэхгүй үлдэх нь захиалгаар үйлдсэн “Дуулиант хэрэг”-ээс тов тодорхой болов.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Сүхбаатарын талбайгаар дүүрэн УИХ-ын гишүүдийн аав ээж хөлхдөг

Posted by Ажиглагч on 2008/04/27

Бямба  гаригт “25-р суваг” телевиз “Танайд хоноё” нэвтрүүлгээ яг адилхан бүтэн цаг үргэлжлэх “Шинэ үеийнхэн ярьж байна” нэвтрүүлгийн нэрээр далдалж  байгаад гэнэтхэн үзүүлэв. Уг нь Ням гаригийн хөтөлбөрт зарласан байлаа.  

Монголчууд үнэхээр цөөхөн юм аа. Гудамжинд гараад дурын нэг хөгшнийг зогсооход л УИХ-ын гишүүний аав байж таардаг. Итгэхгүй байна уу? Сүхбаатарын талбай дээр хөтлөгч Алтантүрүү нэгэн буурайтай тааралдсан нь УИХ-ын гишүүн, бас 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Бадамдамдингийн аав Рагчаа гуай өөрөө явж байв.

Ингээд Рагчаа гуайнд хонохоор ороход авдран дээрх жаазнаас эрхэм гишүүн учиртайхан ширтэж угтлаа.  Харин хөтлөгч маань “танихгүй” гүрийв. Удалгүй Рагчаа гуай хүүгээ “УИХ-д ажилладаг, УИХ-ын гишүүн гэж явдаг” таалгахад wow! гэж дуу алдсанаа хөтлөгч бушуухан өөр зүйл ярьж, альбом дотроос Бадамдамдингийн зураг гарч ирэхэд ч тоохгүй дүр эсгэв.  Гэхдээ тэссэнгүй, унтахаасаа өмнө Рагчаа гуайгаас хүүгийнхээ төлөө саналаа өгөх эсэхийг асууж, хүүхдүүдийг нь магтаж амжлаа.  Үнэхээр магтахаар сайн хүүхдүүдтэй буянтай сайхан хөгшид байна лээ.

Энэ нэвтрүүлгээс би юу мэдэж авсан бэ гэвэл, Сүхбаатарын талбайгаар дүүрэн УИХ-ын гишүүний аав ээжүүд хөлхдөг болжээ. Сонгууль ойртсоных биз. Магадгүй Алтантүрүү хөдөө явж малчин айлд нохой хориулаад буусан ч “манай хүү УИХ-д ажилладаг…” гээд угтаж магадгүй.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Ярилцъя” нэвтрүүлэг дэх АН-аас нэр дэвшигч “Иргэний байр суурь…”

Posted by Ажиглагч on 2008/04/26

Телевизэд нэр дэвшигчдийг сурталчлаагүй нэвтрүүлэг байтугай мэдээ, сурвалжлага олдохоо болилоо. Улс төрийн сурталчилгаанаас зайгаа барих учиртай МҮОНТ- д ч ялгаагүй. Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр Хөвсгөл аймагт малын хулгай их байгаа боловч аз болж аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн Даваасүрэн гэдэг сүрхий хүн удирдан тэмцэж ялалт байгуулж байгааг нь яриуллаа. Энэ баатарлаг эр бол БСШУЯ-ны газрын дарга албан тушаалтай бөгөөд аймгийнхаа малын хулгайчдыг Улаанбаатараас барьж чаддаг болсны нууц нь УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвших болсон явдал юм. Үндэсний олон нийтийн телевиз ингэж болдог юм уу?

Энэ асуултыг бас “Ярилцъя” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Мөнхтөрт тавих цаг болжээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, “Глоб интернэйшнл” ТББ-ын  Х.Наранжаргал, БТСУХ-ын дарга Наранбаатар нар оролцож ярьдгаа ярив. Харин завсраар нь АН-ын гишүүн хөтлөгч Мөнхтөр “амжуулж” өгч байна аа. Эхлээд монголын хөдөөг яаж хөгжүүлэх хэрэгтэйг төгс мэддэг Х.Золжаргал гэгчийг урьж баахан яриулав. Гэхдээ тэрбээр барилгын компани эрхэлдэг, харин хөдөөг гэнэтхэн хайрлах болсны учир бол УИХ-ын сонгуульд Төв аймагт дэвших болсонтой холбоотойг тас нуув. Мэдээж АН-аас. Дараа нь “Иргэний байр суурь…” нэрээр хуульч, сэтгүүлч Д.Ганбат нэртэй залууг урьж эхчүүдэд цалин пүнлүү олгох тухай санал хэлүүлэв. Хүн болгоны толгойд есөн шидийн санал бодол төрдөг байх, харин Ганбат АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн учраас “Ярилцья” нэвтрүүлэгт орох онцгой эрхтэй аж.

Урьд нь “Моносфарм” компанийн  ерөнхий захирал Л.Эрдэнэчимэгээр “Иргэний байр суурь…”-ийг нь яриулсныг санаж байна. Бас л АН-аас нэр дэвшигч гэдэг тусгай сортын эмэгтэй байжээ. Бас нэг удаа иргэн Төмөрбаатарыг аль ч намын харъяалалгүй нь гэж магтаж оролцуулахад цаадах нь “АН-ынхан иргэдээсээ 1,2 сая санал авсан нь тун сайн болсон … гэж хэлээд хамаг нууцаа задалчихаж билээ.

Ингэж жүжиглэхийн оронд “Ярилцъя” нэвтрүүлэгтээ “АН-аас нэр дэвшигчийн булан” нээвэл ямар бол? Муухай ч гэсэн ядахдаа шударга юм даа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Монголын хамгийн “шинэ, шуурхай, шударга” телевиз хэнээс айдаг вэ?

Posted by Ажиглагч on 2008/04/26

Баасан гаригт  УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид  тус хувьцаат компанийн хамаг эрх мэдлийг “Номин холдинг”-ийн эзэд хууль бусаар авсан  гэж үзээд эсэргүүцлийн цуглааныг  Улсын Их Дэлгүүрийн үүдэнд зохион байгуулж баахан телевизийг урьснаас “Ийгл”, SBN-ийн сурвалжлах хэсэг хүрэлцэн иржээ. Харин тэр орой “Наран холдинг”-ийн SBN байтугай Америкийн  хөрөнгө оруулалттай учраас “хэнээс ч хамааралгүй”, иймээс “шинэ, шуурхай, шударга” –аа 5 минут тутам гайхуулан зарладаг “Ийгл” телевиз хүртэл ямар ч мэдээ, сурвалжлага үзүүлсэнгүй.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

МҮОНТ-ийг худалдаж авахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

Posted by Ажиглагч on 2008/04/22

Саявтар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз даргаасаа эхлээд бүрэн багтсан хэдэн арван хүнтэй десантыг Орхон аймагт буулгаж удалгүй хэд хоногийн турш дэлгэцээ Эрдэнэтээр дүүргэсэн билээ. Ингэж “хөдөө хөрч гадаа гандсан”-ыгаа олон түмэнтэйгээ хэрхэн ойртож амьдрал дунд орж байдгын яруу жишээ болгон тайлбарлав. Гэтэл “Нийгмийн толь” сонинд дурдсанаар бол Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү төсвөөсөө 22 сая төгрөг гарган даллаж адилхан төсвийн мөнгөөр санхүүждэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийнхнийг орон нутагтаа аваачсан юм байна. Ингээд УИХ-ын сонгуульд нэр дэвших кампанит ажлын эгзэгтэй өдрүүдэд Эрдэнэтийн дарга нар үндэсний хэмжээнд магтуулж чадлаа.

Тун саяхан МҮОНТ-ийн десант Дорнод аймагт буугаад ирсэн байна… Тэд хөдөө орон нутагт зөвхөн сайд дарга нарыг дагаж “айлчилдаг” байсан бол одоо бөөнөөрөө сүр бадруулан очдог болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Нууц задлуулж хөөрөг сурталчлуулсан “Танайд хоноё”

Posted by Ажиглагч on 2008/04/21

Өнгөрсөн Бямба, Ням гаригт “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг ил байтугай далдуур  ч улс төржсөнгүй.  Гэхдээ сонинтой.

Эхлээд “Нарантуул” зах дээр очиж 46 жилийн турш ЗИЛ-130 машин барьсан Цэрэндолгор гэдэг эмэгтэйг олж гэрт нь очиж хонов. Гэр хороололд хоёр давхар байшинтай, тэндээ дэлгүүр, цайны газар ажиллуулдаг, тэгээд одоог хүртэл жолоо мушгидаг ер бусын эмэгтэй байлаа.

Орой хуучны зураг үзүүлж сууснаа Цэрэндолгор “Ярьж болох юм уу үгүй юм уу, бүү мэд, яахав чамд яриад өгчихье”  гэсэн оршилтойгоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын залуугийн нууцыг задалчихав. Олон жилийн өмнө Цэрэндолгорын ахтай хамт хойно сурч  байсан П.Очирбат  ахыг нь нутаг буцахад Багшийн дээдэд сурдаг Цэгмид гэдэг охинд захиа дайжээ. Харин ах нь дүүгээрээ буюу Цэрэндолгороор  өгүүлжээ. Тэр үед залуухан байсан болоод ч тэр үү захиаг гардуулахаасаа өмнө тэсэлгүй нь задалж (“наалтаар нь салгаж байгаад”) үзэхэд “Би энд нэг охинтой  найзалдаг болсон, тэр маань жирэмсэн, тэгэхлээр хоёулаа ингээд болъё”  гэж бичсэн байжээ. Манай анхны ерөнхийлөгчийн эхнэрийн нэр Цэвэлмаа байх аа?

Ийнхүү хүний итгэлийг эвдэж  захиаг нь задалж уншсан нь багадаад 40 гаруй жилийн дараа бүх нийтэд зарласан Цэрэндолгор муухай юм хийснээ одоо ч ойлгоогүй тийм “хээгүй” (анхны ерөнхийлөгч шиг) эмэгтэй байж таарлаа.  Алтантүрүү ч яахав олон юм бодолгүй яриаг нь нэмж хасалгүй оруулжээ. Бас нэг сонин гэвэл Алтанцэцэг өглөө босоод том биетэй Алтантүрүүд яг тааруулан оёж бэлтгэсэн цамц бэлэглэж харагдав. Шөнө суугаад оёчихов уу?

Ням гаригийн “Танайд хоноё”. Хөтлөгч Алтантүрүү Өмнөговь аймаг руу нисэн очиж очиж Даланзадгадын төв талбай дээрээс нь Аварзэд гэдэг хүнийг зогсоож гэрт нь очиж хоносон нэвтрүүлэг байв. Социализмын үед аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, зах зээл эхлэнгүүт намаасаа гарч аймаг дахь “Жуулчин говь”, НИК компанийн салбарын дарга болсон, одоо “Монгол улс мандан бадраг” нэртэй төрийн бус байгууллагатай, гэртээ буу сум, хөөрөг болон хуучны үнэт эдлэл олныг хураасан, түүнийгээ нуулгүй үзүүлэхдээ юм л бол “үнэ тохирвол өгчихнө, хотын ханшаар хоёр өрөө байрнаас буухгүй” гэхчлэн Алтантүрүүг хонуулсныхаа шанд бараагаа үнэгүй сурталчлуулж амждаг сүрхий эр ажээ.  Харин Алтантүрүү түүнийг “бусдын төлөө өөрийгөө зориулан амьдарч яваа хүн” хүн гэж магтах юм. Хичнээн сайхан зочлууллаа зүгээр л өөрийгөө хичээж явсан хүнийг ингэж магтах нь илүүц.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Нэвтрүүлгийнхээ баатраас уран бүтээлчид нь ичив

Posted by Ажиглагч on 2008/04/18

Өчигдөр “25-р суваг” телевизээр “Бид хойч үедээ юу үлдээх вэ?” нэртэй нэвтрүүлэг үзүүлэв.  Зайсан толгойн ам барилгаар дүүрч дархан цаазтай Богд уул, бас Туул гол хэрхэн сүйрч байгаа талаар айдас төртөл зураглаад “энэ асуудалд санаа зовж явдаг нэгэн эмэгтэйтэй уулзая” гээд эргэхэд жипнээс яг бууж таарсан эмэгтэйг тосч уулзсан нь Я.Батцэцэг байв. Хөтлөгч ихэд хөөрч “Дархан цаазат уулаа авч үлдэх гэсэн цөөнч гэсэн хүн байгаа нь аз. Одоо л авралын мэдээ сонсгоё” гэсний дараа Батцэцэг ярьж “Цаашдаа Богд ууланд барилга барихаа больж хотоо хоёр тийш нь сунгавал бүх асуудал шийдэгдэнэ” хэмээн айлдлаа. Ердөө л энэ үү? Нэгэнт баригдчихсан барилгуудыг яах талаар таг.  Юунд иймхэн “агуу” санал дэвшүүлж гайхуулах болсныг  таахад түвэггүй байлаа. Я.Батцэцэг бол УИХ-ын сонгуульд нэр дэвших санаатай, Үндэсний шинэ намын удирдах зөвлөлийн гишүүн билээ. Хөтлөгч “Тэр тэгэх гээд байна, энэ ингэх гээд байна гэж хардаад яахав? хэмээн урьдчилсан өмөөрч байх нэвтрүүлгээ төгсгөв.

Я.Батцэцэг бол “Атимос” нэртэй компанийн захирал бөгөөд ноднин МУИС-ийн оюутны хоёр байрны багахан зайнд  оюутнуудын цонхыг нь таглан 10 давхар сууц барихаар довтолж, эсэргүүцэж цугларсан оюутнуудыг цагдаагаар даруулж заримыг нь бүр хориулж байгаад санасандаа хүрсэн нэгэн билээ. Тэгэхлээр хотын төвийн эмх замбараагүй барилгажилт, оюутнуудын эрхийг хохироосон үйлдлүүдээ яаж засах, хойч үедээ ямар хот үлдээх талаар саналыг нь сонсохсон.

Нэвтрүүлгийн төгсгөлд Үндэсний шинэ намын нэр, лого, тэгээд ““Бид хойч үедээ юу үлдээх вэ? 2008 он” гэсэн хэдхэн үг тавьж, харин энэхүү сурталчилгааны бүтээлийг туурвисан студи болон сэтгүүлч, редактор, хөтлөгчид нэр, хаягаа тас нуусан байна. Батцэцэгээс эсвэл өөрсдөөсөө ичсэн биз.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Өглөөний сонин” vs “Өнөөдрийн Монгол”

Posted by Ажиглагч on 2008/04/14

Саяхан 3 жилийн ойгоо тэмдэглэсэн “Өнөөдрийн Монгол” сонин өөрийгөө “Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн өнгө төрхийг болгож чадсан” хэмээн магтуулж их л сүрхий байсан боловч хэвлэлтийн зардлаа ч төлж чаддаггүй нь өнөөдөр ил болов.

“Өглөөний сонин”-ы тэргүүн нүүрэнд “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бадамжунай нар өрөө төл” гэсэн мэдэгдэл нийтлэгдэж, “Эрхэм гишүүн та бүхний эзэмшлийн “Өнөөдрийн Монгол” сонин нь сониноо хэвлүүлдэг үйлдвэртээ их хэмжээний өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тухай бид та бүхэнд өмнө нь дуулгасан билээ. Гэтэл эрхэм  гишүүд хувийн эзэмшлийн компанийхаа энэхүү өр ширийг барагдуулах тал дээр үл тоомсорлож, ямар нэг  арга хэмжээ  авахгүй байгаа учир бид дараа дараагийнхаа арга хэмжээг авахад хүрээд байна. Тиймээс  та бүхэн сонины хэвлэх үйлдвэрт төлөх ёстой өрөө барагдуулахгүй, эсвэл энэ их мөнгөний тухай “мартчихаад” байгаа бол өдөр тутмын бүх сонин хэвлэлээр “ӨРИЙН БИЧИГ”-ээ илгээж байхаа бид мэдэгдэж байна. “Улаанбаатар хэвлэл” ХХК” гэжээ. 

Ингэснээр гурван жилийн турш амжилттай нууцалж ирсэн “Өнөөдрийн Монгол” сонины эзэд нэг л өглөө тов тодорхой боллоо. Тэрбишдагва, Бадамжунай нар хувийн сониныхоо 3 жилийн ойгоор хүрэлцэн ирж баяр хүргэлгүй нуугдсан ч тус болсонгүй. 2008 оны сонгуульд ашиглахаар тооцоолж хэдэн төгрөг гаргаж байгуулсан сонины “өөрийн гэсэн өнгө төрх” нь тааруухан байсан учраас хэвлэлийн зардлаа ч дийлэхээ байж. Эздээсээ ээлжит удаагаа мөнгө хүссэн ч цаадуул нь нэр дэвшихээ больсон тул хөдлөөгүй биз.

“Улаанбаатар хэвлэл” ХХК бол “Өглөөний сонин”-той хамт одоо УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа Р.Хадбаатарын эзэмшил юм. Манайд өдөр тутмын тэжээвэр сонинууд хэтэрхий олширч, сүүлдээ МАХН-ын гишүүдийн мэдлийн өдөр тутмын сонинууд ч хүртэл энэ зах зээлд багталцахаа больжээ.  

Posted in + СОНИНУУД, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Ерөнхийлөгч урагшаа, Ерөнхий сайд хойшоо явсныг ганцхан “Зууны мэдээ” анзаарчээ

Posted by Ажиглагч on 2008/04/14

Өдөр тутмын сонинуудыг уншиж суухад өөрт таалагдсан зарим нэг гарчгийг дор жагсаав.
– Л.Гүндалай АН-ыг “Аврах хантааз”-аа болгов”  (“Зууны мэдээ”)
– “АН-ын “Олон нийттэй бүдүүлэг харьцах алба” нээлтэй байна” (“Өглөө орой”)
– “Та минь, цаана чинь хатан Туул “идээ бээрэндээ” баригдчихаж” (“Ардын эрх”)
– “Ерөнхий сайдын “шийтгэл”-ийг тушаал дэвшүүлж гүйцэтгэжээ” (“Зууны шуудан”)
– “Зам тээврийн яам замаа алдлаа”  (“Нийгмийн толь”)
– “Хамгийн ядуу ‘‘ УИХ-ын гишvvд ч атаархмаар сайхан амьдардаг” (“Ардын эрх”)
Гэхдээ хамгийн  сонирхолтой гарчиг бол “Ерөнхийлөгч урагшаа,  Ерөнхий сайд хойшоо” (“Зууны мэдээ”). Үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр олон улсын чуулга уулзалтанд оролцохоор Хятад руу буюу урд зүгийг зорьсон бол  Ерөнхий сайд С.Баяр ОХУ-руу айлчлахаар нөгөө тийшээ ниссэнийг товч бөгөөд тодорхой илэрхийлж чаджээ.  Гэхдээ зөвхөн энэ биш. Ерөнхийлөгчийн сонин гэгддэг “Зууны мэдээ” сонин Н.Энхбаярыгаа урагшилж буюу өөдөлж явахад С.Баяр хойшоо ухарч явна гэсэн утгаар чимхээд авчихаж байгаа юм.

Posted in "Зууны мэдээ" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Захиалгаар хоноё”

Posted by Ажиглагч on 2008/04/13

Онигооноос эхлэе. Аав хүү хоёрын яриа:
– Миний хүү худлаа ярьж болдоггүй юм. Аав нь чам шиг байхдаа ерөөсөө худлаа ярьдаггүй байсан. 
– Та тэгээд хэзээнээс эхэлсэн юм бэ?
“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүүгийн хувьд О.Отгонсайхан гэдэг шинэвтэр  улс төрчийнд очиж хонохын өмнөхөн үзэгчиддээ хандаж “намайг мөнгө аваад айлд очиж хоноод байна гэж битгий бодоорой” гэж анхааруулсан тэр мөчөөс эхэлсэн болов уу.

2008 оны 3-р сарын 8-нд Алтантүрүү Эрдэнэтэд очиж уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн БЕЛАЗ-ийн жолооч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Жигмэдцэрэнгийнд хоножээ.  Гэхдээ үүнийгээ бараг сарын дараа буюу 4-р сарын 6-нд үзүүлэв. Энэ хооронд дээр дурдсан О.Отгонсайхан, АН-ын нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр (энэ долоо хоногт сэтгүүлч маань гэнэт идэвхжиж 2 айлаар хоноглож  амжив), дараа “Бишрэлт холдинг” компанийн захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ундармаа, “Монос фарм” компанийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэгийнд очиж хийсэн нэвтрүүлгүүд оочир дайрчээ. Гудамжинд тааралдсан хэнийг ч хамаагүй шалсаар байгаад очоод хоночихдог Алтантүрүүд бүтэн сарын турш зөвхөн улс төрчид буюу 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихыг хүсэгчид тааралдсан ер бусын сонин хэрэг байлаа.

2008 оны 4 дүгээр сар 6-ны нэвтрүүлэг. Хөтлөгч Алтантүрүү “Бишрэлт” компанийн орчмоос хэдэн хүнээс “танайд хоноё, тэгэх үү” гэж асууснаа больж компанийн төв хаалган дээр очиж тэндээс гарч ирсэн хүүхнийг тосон очиж “танайд хоноё” гэж гуйсан нь дээр дурдсан Б.Ундармаа байжээ. Улмаар нэвтрүүлэг Ундармаагийн гэрт шилжив. Харин хөтлөгч маань гэрийн эзнийг огт тоосонгүй, тэгээд ч гэрийн эзэн гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд өөрөө зочин шиг бишүүрхэж нэг ч үг дуугарахгүй сууснаа хоолоо идчихээд хаашаа ч юм алга болчихдог хачин гэр бүл байна лээ. “Хоноц хоноцдоо дургүй” гэдэг шиг. Үнэндээ эхнэрийг нь сурталчлах нэвтрүүлэг байсан учраас нөхөр илт илүүджээ. Нэгмөсөн томилолтоор ч юм уу явуулчихсан бол дээр байж.

Дараачийн Бямба гаригт буюу 12-нд хоносон айл яг адилхан. Нөхөр нь энэ гэрт хэн нь хэн бэ? гэдгийг  харуулж, бас зогсоо зайгүй хоол унд хийж зогсох эхнэрээ чөлөөлж зочинтойгоо ярилцахын оронд тэгэсхийгээд бултчихав. Алтантүрүү нэвтрүүлгээ эхлэхдээ “одоо хүмүүс зусландаа гарч байна, тийм нэг айлд очно” гээд хэлээд хотоос гарч зуслангийн бүх байшинг алгасан явсаар хамгийн холын эдлэн шахуу газартай байшинг олж хаалганы төмрийг хөнгөхөн  цохингуут нэгэн эмэгтэй баяр баясгалантай тосон авсан нь энэ айлын жинхэнэ эзэн, “Монос фарм” компанийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг байлаа.  Байшинд ороход Эрдэнэчимэгийн аав, ээж ширээний ард байраа эзэлсэн хүлээж суулаа. Алтантүрүү ийм бэлэн айлыг  яасан сайн олж байна аа? НТВ-гээр гардаг “Зөн билгийн тулаан”-д оролцвол шууд түрүүлнэ.

Ийнхүү “Танайд хоноё” нэвтрүүлэг аажмаар “Захиалгаар хоноё” болон хувирч байна. Захиалгын цаана мөнгө байдаг  биз. Ийм сайн нэвтрүүлэг маш үнэтэй байж таарна.

P.S:  Ням гаригт Алтантүрүү гэнэт санаа зовсон бололтой Эрдэнэтийн “БЕЛАЗ”-ийн жолооч  Жигмэдцэрэнгийнд хоносон тэр нэвтрүүлгээ дахиад нэг үзүүллээ.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Tagged: , | 4 Comments »

“Нийгмийн толь” сонины удирдах зөвлөлийн гишүүд хэн хэн бэ?

Posted by Ажиглагч on 2008/04/11

Өдөр тутмын “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэндээ дараах мэдэгдлийг нийтэлжээ.
Түүнийг сийрүүлье. 
“Жигүүр гранд” гэх нэр хаягтай, өөрсдийгөө Монголын тэргүүн баячууд гэж хөөрцөглөсөн нөхдийн талаар манай сонины уншигчаас баримт бүхий нийтлэлийн бичиж ирүүлсэн билээ. Тэрбээр захидалдаа баримт, нотолгоонд эргэлзэх хэрэггүйг онцлон тэмдэглэсэн байгаа. Хэдийгээр уншигч маань өөрийн нэр хаягаа нууцлахыг хүсээгүй ч бид аливаа болзошгүй зүйлээс сэргийлэхийн үүднээс зохиогчийн нэрийг өөрчлөн нийтлэхээр шийдвэрлэсэн юм. Өдгөө энэ нь ч зөв алхам болж. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг чиглэлээ болгон ажилладаг манай “Нийгмийн толь” сонин нь “Жигүүр гранд” гэх компанид хамтарч ажиллах, рекламны гэрээ байгуулах зэрэг ямар ч хүсэлт, албан тоот тоож илгээгээгүй болно. Гэтэл өдгөө тэд хаанаас ч юм бэ олсон орлогоороо сонин бүхний төлбөртэй зай талбайг худалдан авч гүтгэлгийн чанартай мэдэгдэл хэвлүүлсээр байна. Үүний зэрэгцээ манай сонины удирдах зөвлөлийн гишүүд рүү дугаар нууцалсан утаснаас ээлж дараалан заналхийлж, улмаар сонины чинь эрхийг хаалгана хэмээн чихний хэнгэрэг хагартал орилолдох болов. Сонины редакци руу ийнхүү өдөр үл өнжин дайрч давшилж буй тэдний өмнө нийтлэлийг бичиж ирүүлсэн уншигчийнхаа нэрийг ил гаргасан бол хувь иргэн рүү юу ч “нүүлгэж” мэдэхээр байгаа нь энэ биш үү. Уншигчийнхаа захидлыг нийтэлсний улмаас тэд манайхыг шүүхэд өгнө хэмээн гүйж ирсэн. Бид тэгээ л гэсэн. Уншигчийн ирүүлсэн баримтыг бид шүүхийн өмнө л дэлгэхээс хэн нэг хэн нэг тэргүүн барилгачны өмнө сарвайх шаардлага үгүй гэж үзэж байна. Гэтэл тэд шүүхэд хандахын өмнө “Нийгмийн толь” сониноос хамтран ажиллахыг шаардсан, улмаар шантаажилсан гэхчлэн төлбөрт гүтгэлгүүдийг нэр бүхий хэвлэлүүдэд нийтлүүлжээ. Манай сонины хувьд “Жигүүр гранд” нэртэй ямар ч компанид хамтарч ажиллах санал тоож хүргүүлээгүй бөгөөд тэдний хэлж заншсан шантааж гэдэг үгийг ч тэдний төлбөрт нийтлэлүүдээс анх харж байна. Иймд эл гүтгэлгийг санаатайгаар, төлбөр төлөн нийтлүүлж, сонины нэр хүндэд ноцтойгоор халдаж, улмаар зарим нэг ажилтныг заналхийлж буй “Жигүүр гранд” компанийг бид шүүхэд өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна”
Энд дурдагдсан “Жигүүр Гранд групп” компанийн мэдэгдэл өчигдрийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинуудын бас тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн бөгөөд “Нийгмийн толь” сонины 2008 оны 3-р сарын 31-ны дугаарт гарсан “Жигүүр грандын Баттөрийн шунахай сэтгэл иргэдийг хохироож байна” нийтлэлийг эсэргүүцсэн агуулгатай юм. Гэхдээ няцаасан биш. Харин би “Нийгмийн толь” сонины мэдэгдлээс  “манай сонины удирдах зөвлөлийн гишүүд рүү дугаар нууцалсан утаснаас” гэж бичсэн өгүүлэл сонирхол татаж байна. Өөрөөр хэлбэл, “Жигүүр гранд”-ийнхан тус сонины эздийг мэддэг болж таарлаа. Гэхдээ яагаад зарлахгүй байгаа нь сонин юм.

Posted in "Нийгмийн толь" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Хоёр хөтлөгчтэй ярилцлага

Posted by Ажиглагч on 2008/04/10

Өнөөдөр Монголд телевиз шиг олон (“Соёмбо” нэртэй дараачийн суваг туршилтаар кино үзүүлж, бас чатлуулж харагдана), тэгэхлээр нэвтрүүлгийн цаг шиг элбэг юм алга. Энэ их цагийг юугаар дүүргэж байна вэ ярилцлагаар.  Хөтлөгч нэртэй залуухан охид хөвгүүд зочноороо юу ч хамаагүй яриулж хуваарилсан цагийг яаж ийгээд дүүргэх явдал гэж ойлгодог болж. Тиймээс  огт хал балгүй, нэгдүгээр ангийн бодлого шиг асуулт тавьсан болж дагалдан баясаж суудаг.  Сүүлдээ хамаагүй асуулт тавьчих вий, эсвэл хүссэн асуултыг нь тавилгүй гомдоочих вий гэж айдаг ч юмуу “сүүлчийн асуултыг таньд үлдээе” гэж нялуурах моод дэлгэрчээ. Цаадуул нь бүр давраад “дуугүй бай, би яриадхая” гэж сэтгүүлчийг зад загнадаг болсон.

Харин 2008 оны 4-р сарын 9-нд TV5 телевизийн “Нэмэлт цаг”-аар Ганц ширхэг ард түмний намаа хаяад Ардчилсан Намд очиж хоргодсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай хийсэн ярилцлага арай өөр байв. Гүндалай бол юугаар ч хамаагүй шоудахаас гадна зогсоо зайгүй ярьдаг нэгэн билээ. Ярилцлага эхэлмэгц  Гүндалайн ам шууд халж өөрийг нь ялласан Монгол Улсын Ерөнхий прокурорыг яллаж, улмаар шударга ёс энэ тэрийг дуудан тэнгэрт хөвмөгц сэтгүүлч Амарбаяр эрхэм гишүүний яриаг “аймшиггүйгээр” тасалж албан бичигт гарсан, Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн мөнгийг идэж уусан баримтуудаас түүж “Тэр машиныг яагаад авсан бэ?” “Тэр компани танай ах дүү нарынх юм уу?” гэх мэтээр дараалан асуухыг оролдов.  Гүндалай гэнэдсэн бололтой “тийм л дээ, гэхдээ аваагүй … манай дүү л дээ, зүгээр л хашаандаа тавьчихсан юм … “ гэх мэтээр тайлбарлаж эхэлснээ тэр дороо сэхээ авч шударга ёсны тухай лекцэндээ шилжиж байлаа. Уг нь Амарбаяр аль нэг хэргийг Гүндалайг “би хариулахгүй” гэж уурлатал нь лавшруулж асуух байсан юм, гэхдээ эхний удаад яахав. Ингээд монологийн цагаас нь сэтгүүлч нэлээн хороосний улмаас амаа ханатал ярьж амжаагүй  Гүндалай “дахиад тавхан минут нэмчих” гэж нэхэж нэг үзсэнээ сүүлчийн хэдэн мөчид сэтгүүлчтэй зэрэгцэн ярьсаар энэ ярилцлага 2 хөтлөгчтэйгээр өндөрлөсөн билээ. Хэрвээ сэтгүүлч бүр ингэж “байцаагааад” байвал ч…

2008.04.11-нд нэмж бичив:
Баасан гаригийн орой эрхэм гишүүн Гүндалай бусад хэвлэл мэдээллийнхэнд олдохгүй байгаа нууц шахуу нөгөө “Соёмбо” телевизийг олоод оччихсон дэлгэцийг нь оройжин эзэгнэж ханатлаа бурж авлаа.  Сайд байхдаа хөрөнгө мөнгө  идсэн ууснаасаа бусад бүх сэдвээр ярив.  “Соёмбо”-ийн сэтгүүлч Гүндалайг “байцааж” чадсангүй.  Бас нэг яриан телевиз мэндлэв бололтой.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV5 телевиз | Leave a Comment »