АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Авлигаар шоудахуй

Posted by Mongol on 2008/03/06

“Ийгл” телевизээс санаачилсан “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяны хүрээнд монголын телевизийн сэтгүүлч, ажилтан, уран бүтээлчдийн дунд зохиогдох урлагын наадмын болзол нийтлэгдсэнийг үзлээ. Тэд 3-р сарын 29-нд Улсын Драмын Эрдмийн театрт цугларч шилдэг дуу, шилдэг бүжиг, шилдэг үзүүлбэр, гэрийн даалгавар (тайз дэлгэцийн бүтээл байх аж), асуулт хариулт гэсэн таван номинац тус бүрд 500.000 төгрөгийн шагналын төлөө өрсөлдөнө гэжээ.

Сонин юм аа. Телевизийн уран бүтээлчид авлигын талаар мэдээлж сурвалжилдаг, гэхдээ энэ нь дуу хөгжим, бүжиг наадамд ямар хамаатай юм бол? Нөгөө талаар сэтгүүлч, редактор, найруулагч, оператарууд нэгэн орой цэнгэн хөгжилдвөл сайн хэрэг, гэхдээ тэр нь авлигын эсрэг тэмцэлд ямар нэмэртэй вэ? Урлагын наадмыг санаачлагч Авлигатай тэмцэх газар, “Ийгл” телевиз, “Тоншуул” сэтгүүл, “Цахим өртөө” ТББ, JCI олон улсын байгууллага, Brain Brand олон нийтийн харилцаа, сурталчилгааны агентлаг, Монголын хэвлэлийн хүрээлэн “нэмэртэй” гэж үзжээ.

Юугаараа?

Тухайлбал, дуу нь “шударга ёсны төлөөх өнгө аясыг агуулсан” байх юм гэнэ. Шуудхан “Авлига сөнөтүгэй!” гээд цоглогоор дуулалдвал дээргүй юу? Зохион байгуулагчдынх нь зориг дутсан бололтой “тухайн дууных нь шүлгийг хошин байдлаар өөрчлөн орлуулж” гэсэн арга зааж өгчээ. Дараачийн буюу шилдэг бүжиг номинацад ялахын тулд бүдүүн гэдэстэй, хар хувцастай авлигач биш, цасан цагаан бөгөөд шударга хун-сэтгүүлч, эсвэл АТГ-ын ажилтан болж бүжиглэвэл шууд ялах биз. Гэтэл болзол дээр тодорхой заасан юм алга. Зүгээр нэг бүжиг “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аянд олигтой хувь нэмэр оруулахгүй шүү дээ. Харин шилдэг үзүүлбэр, гэрийн даалгавар номинаци нь авлигын эсрэг санаа дэвшүүлсэн тайз, дэлгэцийн бүх хэлбэрийн бүтээл байхнээ. Болж л байна. Авлигын тухай баримт, жишээг сонин хэвлэлээр зогсоо зайгүй бичиж дэлгээд байхад мөрөөр нь хөөж дүрсжүүлээд дэлгэцээр гаргаж чаддаггүй телевизийнхэн маань тайз дэлгэцэн дээр чадсан болж жүжиглэх юм байлгүй.

Зохион байгуулагчдын жагсаалтыг үзвэл энэ наадмыг Авлигатай тэмцэх газар санхүүжүүлэх бололтой.

Больё оо. Авлигын нэрээр ингэж шоудахаа болимоор юм. Телевизийн уран бүтээлчид УДЭТ-ийн тайзан дээр гарахыг хүсвэл өөрсдөө урлагын наадмаа зохиогоод “шударга ёсны төлөөх өнгө” агуулаагүй ч хамаагүй сайхан дуунуудыг дуулна биз. Танайд хамаагүй.  Хэрвээ “шударга ёсны төлөө өнгө аясыг агуулсан” дуу хөгжимгүйгээр авлигатай хийх тэмцэл зогсчих гээд байгаа юм бол телевизийнхэн дээр турших биш, Жавхлан, Баясгалан нарт “Авлигын тухай бодол”, “Зөвхөн АТГ-ын ажилтан чамдаа”, “Шударгаар чанасан цай” гэх мэт хүчтэй дуунуудыг захиалаад удахгүй цуврах МАХН, эсвэл АН-ын сонгуулийн нээлт болон нэр дэвшигчдийн шоун дээр дуулуулбал сая жинхэнэ эзнээ олсон соён гэгээрэл болохсон. Манай эрх мэдэлтэнгүүд соён гэгээрээгүй учраас авлигал аваад байгаа юм биш, харин тэмцэх ёстой хүмүүс нь урлагын наадам зохион байгуулж завгүй давхиад байхад өөр яахав.

Телевизийнхний тухай хэдэн үг. Тэдэнд шагнал амлаж байгаад яаж ч марзагнуулж болохнээ! Азаар энэ удаад мөнгийг нь Авлигатай тэмцэх газар гаргаж байгаа . Хэрвээ дараачийн удаад хэн нэгэн том шагнал амлаж огт өөр дуу захиалбал яахав?

P.S: Авлигын эсрэг хэвлэл мэдээллийн аяныг санаачилсан “Ийгл” телевизийн залуухан сэтгүүлч охид, хөвгүүд зогсоо зайгүй “Би шударга, авлига муухай” гэсэн пионерийн илгээлт шиг юм уншдаг болоод удлаа. Хайран цаг. Зүгээр л авлигыг илчилсэн, эрэн сурвалжилсан нэвтрүүлгээ үзүүлээч.

One Response to “Авлигаар шоудахуй”

  1. Anonymous said

    Zugeer shu dee.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: