АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for March, 2008

Авлига авах арга замын тухай семинар яав?

Posted by Бид on 2008/03/30

“Ийгл” телевизээс санаачилсан “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе!” нэртэй хэвлэл мэдээллийн ажилтнуудын урлагийн наадам Улсын драмын эрдмийн театрт 3-р сарын 29-нд болно гэж зарласан билээ. Болзолд заасанчлан “шударга ёсны төлөөх өнгө аясыг агуулсан”, ерөөсөө авилгыг илчилсэн бүтээл ямар байдгийг товч болов мэдэхийг хүсэв. Мэдээлийн хөтөлбөрийн тогтсон цаггүйгээр хэдхэн мэдээ, сурвалжлагаа шөнө дөл болтол эцэс төгсгөлгүй давтан угсруулж дундуур нь христийн сурталчилгаагаа сэмхэн зүйж сэнхрүүлдэг болсон санаачлагч телевизээс өөрөөс нь тэр тухай оройхон олж үзэв. Урлагийн наадмаар олигтой бүтээл гараагүй нь илт бөгөөд зөвхөн шүүгчид (гавъяат жүжигчин Ц.Ариунаа, Б.Сосорбарам, шог зураач С.Цогтбаяр нар) өөрт оноосон үүргээ бодож “Авлигатай тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэх нь чухал, ийм наадмыг шүүх нь нэр төрийн хэрэг” гэхчлэн ярьжээ. Хамаг шагналыг нь “Ийгл” өөрөө түүжээ. Сосорбарам гавьяат өмөөрч “Бусад нь атаархаж л байг, Ийгл-ийнхэн үнэхээр сайн бэлтгэсэн” гэсэн нь санаа зовснийх биз. Бусад хэвлэл мэдээллийнхэн (анх телевизийнхний дунд зарласан боловч явцын дунд бүгдийг оролцохыг урьсан) энэ наадмыг төдийлөн тоогоогүй нь илт. Наадмын тухай өөр мэдээ, сурвалжлагыг би л лав олж үзээгүй. 

Хэсэг хугацааны дараа суваг эргүүлтэл “Ийгл”-ийн нэгэн сурвалжлагын дундуур ороод явчихав. Үзсэн хэсгээсээ юу мэдэж авсан бэ гэвэл, Их тэнгэрт Азийн сангаас зохион байгуулсан, Авлигатай тэмцэх арга замын тухай семинар болжээ. Гэтэл яагаад ч юм хэвлэл мэдээллийнхнийг танхимаас хөөж гаргасан ба сэтгүүлчид Азийн сангийнханд гомдол мэдүүлэхэд “хамгаалагчид гарга” гэсэн гэж хариулсан юм байна. Азаар тэнд “Ийгл” телевизийн хамгийн сайн сэтгүүлч (би тэгэж үнэлдэг) Энхсайхан ажиллаж таараад, болсон явдлыг шууд мэдээлж, авилга авах тухай яриагүй юм бол юугаа нуудаг байна гэж гайхаснаа хэлж “Авлига авах арга замын тухай семинараас сэтгүүлч Энхсайхан сурвалжлав” гэж ёжтойхон төгсгөв. Миний хувьд энэ сурвалжлага дээрх урлагын наадмаас илүү чухал байлаа. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхний хийж ёстой ажил бол энэ.

Сурвалжлагыг маргааш өглөө бүтнээр нь үзэхийг оролдов. Өчигдөр оройн боловсролын үзэсгэлэн яармаг, автомашины номерын тухай сурвалжлагууд гээд бүгдийг давтаж байна. Харин Авлига авах арга замын тухай семинарын сурвалжлага алга болчихож. Урлагын наадмыг нь санхүүжүүлсэн Авлигатай тэмцэх газрыг гомдоохыг “Ийгл”-ийн дарга нар хүссэнгүй. Авлигатай төстэй байгаа биз? Албан тушаалтнууд, түүний дотор авилгатай тэмцэх ёстой хүмүүсийн буруу зөрүүг шүүмжлэх нь сэтгүүлчдийн үүрэг юмсан. Бас хэдэн сарын турш зарлаж сүржигнэсэн “Авлигын эсрэг” хамтдаа урлагын наадмын сурвалжлагаа ч хасчихаж. Оронд нь нь “Ийгл” телевизэд шинээр ажилд орсон бололтой охид, хөвгүүдийг ашигласан “Авилгалтай тэмцэнэ. Бидэнд итгэж болно” гэсэн тангараг уншуулсаар…  

Итгэхэд хэцүү л юм.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Одоогоор “Өглөөний сонин” ба “Сэрүүлэг” тэргүүлж байгаа …

Posted by Бид on 2008/03/28

Тогтмол хэвлэлийн 2008 оны 2-р улирлын хэвлэл захиалга өндөрлөж байна. Манайд сонин, сэтгүүлүүдийн захиалгын тоог албан ёсоор зарладаг соёл төлөвшөөгүй, харин хамгийн олон уншигчтай “Сэрүүлэг”, “Хүмүүс”, бас шинээр гарч ирээд янз бүрийн аргаар овоо захиалга авсан өдөр тутмын зарим сонин зарладаг. Захиалгын тоонууд өөр хоорндоо зөрдөг, өөрт ашигтайгаар нэмж хасдаг тал бий. Ингээд шинэ улирлын хэвлэл захиалгын мэдээг хүлээх зуур өмнөх улирлынхыг янз бүрийн эх сурвалжид түшиглэн танилцуулья.

2008 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ХЭВЛЭЛ ЗАХИАЛГЫН ДҮН:

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУД:
1. Өглөөний сонин – 8662
2. Өдрийн сонин – 8301
3. Үнэн – 8086
4. Өнөөдөр – 6891
5. Зууны мэдээ -6836
6. Зууны шуудан – 5876
7. Өнөөдрийн тойм – 5200
8. Нийгмийн толь – 2842
9. Хөдөлмөр – 2769
10. Ардчилал – 1664

ДОЛОО, АРАВ ХОНОГ ТУТМЫН СОНИНУУД:
1. Хүмүүс – 20828
2. Сэрүүлэг – 19706
3. Хань – 13421
4. Зиндаа – 10121
5. Хүмүүсийн амьдрал – 5453
6. Монголчуудын амьдрал – 4879
7. Тэргүүн – 4815
8. Мянганы зууч – 3901

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“ГОРИЛОГЧ” сэтгүүл

Posted by Бид on 2008/03/24

gorilogch-setguul.gifМонголд сэтгүүл олширсоор байна.  Зөвхөн он гарснаас хойш Royal Time, “Цахим улаач”, “Энэ”, “Энэтхэг судлал”, TV Zone гэхчлэн нэмэгджээ. Тэдгээрийн нэг нь “Горилогч”. Англиар The Candidate гэсэн давхар нэр зүүлгэжээ.
Менежментийн мэргэжлийн сэтгүүл юм байна. Тус сэтгүүлийн эхний дугаарт “Бизнесийн байгууллагад ажиллаж буй удирдах ажилтнууд болох менежерүүдэд менежментийн шинжлэх ухааны шинэлэг, шалгагдсан мэдлэг, туршлагын талаар мэдээлэл өгөх зорилготой сургалтын чанарыг агуулсан байхаар төлөвлөгдсөн. Бидний зохион байгуулсан судалгаанаас үзвэл менежерүүд өдөр тутмын ажлын ачаалал, бизнесийн тасралтгүй хувьсаж буй орчноос хамаарч нэг талаас өөрийгөө хөгжүүлэх цаг заваар хомс, нөгөө талаас өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ өндөртэй байна. “Горилогч” сэтгүүл нь 280 мм х 210 мм хэмжээтэй, хэвлэлийн 5 өнгөөр, 120 нүүрээр 2 сард нэг удаа 2000 ширхэгээр хэвлэгдэж Монголын тэргүүлэх компаниудын менежерүүдэд хүргэгдэж байна” гэж өөрийгөө танилцуулсан байна.
Вэб сайттай, хаяг нь http://gorilogch.com/

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“Танайд хононгоо сурталчлая”

Posted by Бид on 2008/03/24

Өчигдөр Монголын телевизийн хамгийн сонирхолтой нэвтрүүлэг – “Танайд хоноё” 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд яаж оролцохоо зарлачих шиг боллоо.  Товчхондоо бол, УИХ-д нэр дэвшигчид урихлаар очиж хонох юм байна.  Энэ нь нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж өгнө гэсэнтэй адил сонсодлоо.  Гэхдээ хөтлөгч Алтантүрүү ”Би монголын телевизүүдын ирээдүйтэй залуу сэтгүүлчээр  шалгарсан, энэ итгэл найдварыг дааж ажиллана. Гэхдээ төрийн томчууд ард түмний итгэлийг хэрхэн дааж ажиллах нь чухал. Би урьд нь Ерөнхий сайд С.Баярт уригдсан” гэхчлэн эв хавгүй займчуулаад дараачийн айлд уригдан очиж яваагаа хэлэв.

Хэрвээ нэр дэвшигчид “итгэл даах” эсэхийг хянах юм бол ядуу айлд давхиад ордог шигээ дуртай нэр дэвшигчийнд гэнэдүүлж очмоор юм даа. Бодвол нэр дэвшигчид Алтантүрүүг өөрийг нь гэнэдүүлэн санал тавьж эхэлсэн хэрэг.  Ингээд “урилгаар зочлох” гэсэн эвтэйхэн тайлбарыг бодож олжээ. Төлбөртэй болов уу? Монголын телевизүүдэд төлбөргүй нэвтрүүлэг гэж бараг үлдээгүй  болохоор ингэж асуух зүйн хэрэг. Харин Алтантүрүү “Намайг мөнгө авчихаж гэж битгий бодоорой” гэснээр үнэхээр авсан эсэх тодорхойгүй үлдэж, харин үзэгчид бид “аваагүй” гэж бодох ёстой боллоо. Бас нэгэн хачирхалтай зүйл бол энэ нэвтрүүлэг “25-р суваг” телевизийн долоо хоногийн хөтөлбөрт багтаагүй байснаа гэнэт гарч ирсэн явдал юм.  Хамгийн сайн нэвтрүүлгээ бичихээ мартмааргүйсэн…

Ингээд уригдаж хоносон айл нь УИХ-ын гишүүн агсан О.Энхсайханы төрсөн дүү О.Отгонсайханых байлаа. Тэр залуу нэр дэвшихээр шийджээ. Эсвэл өөрийгөө огоорч зөвхөн ахыгаа дурсахын тулд урьсан болов уу гэвэл амьдралынхаа түүхэн замналаас “өвгөн партизаны яриа” шиг юм өрнүүлж, бас хөтлөгч Алтантүрүү өглөө босоод тагтан дээрээс нь “өөрөө сайхан амьдралтай болсондоо санаа амралгүй бусдын төлөө тэмцдэг хүмүүс” гэхчлэн магтсаар нэвтрүүлгээ өндөрлөв.

Энэ бүхэн “Танайд хоноё” гэсэн брэнд болсон нэртэй, зарим дугаар нь үнэхээр гайхамшигтай болдог тус нэвтрүүлэгт огт зохихгүй байна. Монголын сэтгүүлчдийг гутааж байгаа захиалгаар хөдөлдөг тэр үзэгдэл “Танайд хоноё” нэвтрүүлгийг “Танайд хононгоо сурталчлая” болгож хувиргавал дэндүү харамсалтай. Одоо нэвтрүүлгийн цагийн бараг тэн хагас нь сурталчилгаа болсон, хөтлөгч маань цагаан сэтгэлээ илэрхийлж сүү рекламддаг нь хангалттай бус уу?

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 4 Comments »

Амьдрал гэдэг ийм эмзэг

Posted by Бид on 2008/03/16

earth-and-water-air-comparisen.jpg

Энэ зураг надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Эхний бөмбөрцөг дээрх жижигхэн бөмбөлөг бол гол мөрөн, далай тэнгисийн бүх усыг цуглуулж нийлүүлбэл ямаршуу хэмжээтэй болохыг харуулжээ. Дэлхийн гадаргын гуравны хоёрыг далай тэнгис эзэлдэг гэж дунд сургуульд үздэгсэн. Дараа нь дэлхийн дулаарлаас болж хүн төрөлхтөн усанд живлээ гэж далдуур айдаг болсон. Гэтэл дэлхийг бүрхэн цалгилсан ёроолгүй их далайн ус хүртэл дэлхийн гадаргыг нимгэхэн түрхсэн мэт өчүүхэн ажээ. Санаан дотроо тэр жижиг бөмбөлгийг дэлхийн бөмбөрцөг дээгүүр “түрхээд” үзсэн чинь хуурай газрын ихэнх хэсэгт хүрэхгүй янзтай. Дараачийн бөмбөрцөг дээрх дэлхийн бүх агаарыг бөмбөлөг болгон харуулжээ. Дэлхийг бас л нимгэхэн бүрхсэн өчүүхэн юм байна. 

Агаарыг бүү бохирдуул, озоныг давхаргыг битгий цоол гэдэг учиртай ажээ.

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 3 Comments »

Бямба гариг бүрт “Монголын мэдээ” агентлагийн “Сурталчилъя” нэвтрүүлэгтэй

Posted by Бид on 2008/03/15

Орон даяар нэвтрүүлгээ шууд цацдаг цорын ганц үндэсний хэмжээний, тэгээд цорын ганц олон нийтийн телевиз – МҮОНТ-ийн Бямба гаригийн “Ярилцья” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг дөнгөж сая үзэж дууслаа.

Эхлээд Л.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй “Иргэний байр суурь” буланд оролцов. Гэхдээ тэрбээр жирийн иргэн биш, “Монос групп” компанийн дэд захирал, бас АН-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн бөгөөд Сүхбаатар аймагт нэр дэвшихээр сойгдож байгаа ажээ. Ярьж байгаа нь тун сүрхий (Эрдэнэцагаан сумын Засаг даргын албан тушаалыг өвлүүлдэг болсон, Нүхтийн уурхайг хаах шийдвэрийг сумын ИТХ гаргасан атал тэр компани аймгийн удирдлагад гомдол мэдүүлж, аймгийн ИТХ хүлээж аваагүй, гэтэл Тэргүүлэгчид нь хагас дутуу хуралдаад уурхайн шийдсэн гэх мэт), товчоор хэлбэл Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн УИХ-ын гишүүний хэмжээнд байлаа.

Дараачийн ярилцсан хос – УИХ-ын гишүүн З.Энхболд (АН), Г.Занданшатар (МАХН) байж Ашигт малтмалын шинэ хуулинд  оруулах өөрчлөлтийн төслийг өрсөлдөн магтав. Үзэл бодол 100 хувь ижил, нэг нь оролцоход л хангалттай…

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн бөгөөд АН-ын зөвлөлийн дарга Л.Гансүх Хонгор сумын асуудлаар ярина гэж зарлуулаад Хонгорт эхний хоёр өгүүлбэрээ зориулж (“олон улсын шинжээчдийн эцсийн хариуг хүлээх ёстой” гэсэн том мэдээлэл өгөв) ёслоод үлдсэн хугацаанд нь намаа магтах ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэв ээ.

Ийнхүү “Ярилцъя” нэвтрүүлэг үнэн чанартаа нэр дэвшигчдийг “Сурталчилья” болжээ. Ирэх сонгууль хүртэл үлдсэн гурван сар гаруйн хугацаанд “Ярилцъя” нэвтрүүлэг долоо хоногт нэг дугаар, нэг дугаарт дунджаар 5 хүнийг яриулна гэвэл зуу хүрэхгүй хүнийг оролцуулна, гэхдээ ихэнх нь дахин дахин ирж ажлаа ярих УИХ-ын гишүүд, сайд дарга нар гэсэн нэр дэвшигчид байх болно. Тэгвэл бусад хэдэн зуун нэр дэвшигчийг яах вэ? МҮОНТ дэх МАХАН-ын (МАХН+АН)-ын салбар болдог, захирал нь МАХН-ын гишүүн Д.Энхтуяа (далдхан байхыг оролддог, харин шагнал хүртэхээрээ тэсгэлгүй ил гардаг), ерөнхий редактор нь АН-ын гишүүн Ц.Мөнхтөр (Нам руугаа үе үе очоод ирдэг) гэсэн удирдлагатай “Монголын мэдээ” агентлаг яаж аргалахыг харцгаая.

Энэ өглөө МҮОНТ-ийг үзэж дуусаад суваг эргүүлтэл SBN-ээр МАХН-аас нэр дэвших санаатай Я.Аюушжав (Нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга), “25-р суваг” телевизээр АН-аас дахин дэвших хүсэлтэй Б.Батбаатар (УИХ-ын гишүүн) донгодож өгч байна…

(Нэмж бичив)
Оройн нэвтрүүлгүүд. 25-р суваг телевизийн “1:1”-ээр УИХ-ын гишүүн Ч.Улаан орж, “Нотлох албагүй үнэн” нэвтрүүлэг Иргэний Хөдөлгөөний Намын О.Магнайд зориулагдсан байлаа. “Танайд хоноё” нэвтрүүлэг Ням гариг тутам гардаг байсан бол энэ Бямба гаригт дахин нэг дугаар нэмжээ. Хөрс судлаач Ш.Пүрэвсүрэнгийнд очиж хоноглов. НТВ-ийн “Болзоо” нэвтрүүлгээр Монгол банкны ерөнхийлөгч Д.Чулуунбат , UBS телевизийн “76” ток шоу нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Г.Батхүү, TV5 телевизийн “Нээлттэй ток шоу” ярилцлагаар Гаалийн Ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав гэхчлэн үргэлжлэв. Сонгуульд нэр дэвших тухай буюу түүнтэй төстэй асуултанд хэн ч үгүй гэж хариулахгүй байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Найр эхэллээ

Posted by Бид on 2008/03/14

Нэг мэдэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа  хэдийнэ эхэлжээ. Одоо хэнбугай ч зогсоохоосоо өнгөрсөн. Хэвлэл мэдээлэл буюу сэтгүүлчдийн хувьд дөрвөн нэг удаа тохиолддог том найр гэсэн үг. СЕХ-ын дарга найрыг албан ёсоор эхлүүлээгүй ч сонин хэвлэл, телевиз радиогийнхан нэр дэвшигчидтэй хундага тулган хөлчүүрхэж магтаал сайрхлыг урсгаж эхэллээ. Телзвизийн ярилцлага болгон хэн нэгэн нэр дэвшигчийн сурталчилгаа болон хувирчээ.

Арилжааны телевизүүд тэртээ тэргүй ойлгомжтой. SBN телевизээр өөрийгөө найрын сөгнөгч гээд итгэчихсэн нэг чалчаа залуу УИХ-д нэр дэвшинэ гэдэгтээ үнэхээр итгэчихсэн баахан нөхдүүдийг дүүрэг дүүргээр нь цуглуулж, цаадуул нь ичих ч үгүй цугларч үнэхээр сонгогдчих гээд байгаа юм шиг дэмийрч суудаг боллоо.

Монголын түүхэнд анх удаа сонгуулийн сурталчилгааг хууль журмын дагуу шударгаар явуулах ганц найдвар – олон нийтийн телевиз гайгүй юу? “Цагийн хүрд”-ийн сурвалжлагчид УИХ-ын гишүүд, сайд дарга нар буюу намуудын нэр дэвшигчдийг дагаж хөдөөгүүр хэсэх ажилдаа оржээ. Хэн нэгэн даргагүйгээр хөдөө явахаас айдаг хэвээрээ. Монгол телевиз баахан Ниссан машин аваад байсан, ердөө л дарга нарыг дагаж шоудалцахын тулд гэж үү? Өнгөрсөн бямба гаригт МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт эхлээд Ж.Занаа (“Иргэдийн альянс” төв), М.Чимгээ (Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, тус дүүргийн МАСЭХ-ын тэргүүн, зурагтан дотроос гарахаа больсон нэгэн), дараа нь Ногоон намын Ч.Энхзаяа, УИХ-ын гишүүн Д.Баярсайхан, АН-ын гишүүн Баярсайхан, төгсгөлд нь АН-ын Н.Алтанхуяг оролцов. Бүгдээрээ нэр дэвшихийг горилогсод. Маргаашийн “Ярилцъя” нэвтрүүлгээр хэн хэн оролцохыг харцгаая.

Саяхан Засгийн газрын 100 дахь хоногийн тоо гүйцэж яам, агентлагууд өдөр тутмын сонинуудад тайлангуудаа нийтлүүлж байна. Ихэнхдээ бүтэн нүүрээр. Бичсэн түшмэдээс нь өөр хэн ч уншаагүй тоо, цифрүүдийн оройд залсан сайд юмуу даргынх нь зургийн томыг, ард түмэндээ хандсан мэндчилгээнийх нь сүржинг яана! 100 хоногт улс орныг өөд нь татаад хаячихсан юм шиг даналзаж байна аа. Ингэж сонгууль угтан төсвийн мөнгөөр өөрсдийгөө (Засгийн газар кабинетаараа нэр дэвшинэ!) сурталчлаад авах боломжийг тултал ашиглаж, сонин хэвлэлийнхэн мөнгийг нь чимээгүйхэн хүртэж сууна. Юун төсвийн мөнгө хэмнэх, юун сайд дарга нарын үрэлгэн байдлыг хянах …

6-р  сарын 29  хүртэл үргэлжлэх найр эхэлжээ. Удахгүй хавтгайрна…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Монголын мэдээ” ба “Чилагу”

Posted by Бид on 2008/03/12

Нийслэлийн цэвэр усны бүсэд буюу Улиастайн эцсийн орчимд “Чилагу” нэртэй компани зөвшөөрөлгүй шохой ашиглаж блокны үйлдвэр байгуулж эхэлснийг болиулах гэж Газрын албанаас олон удаа мэдэгдэх өгсөн боловч ажлаа үргэлжлүүлсээр байсан тул саяхан албадан зогсоосон талаар бүх хэвлэл бичиж байна. “Чилагу” компанийг өмөөрсөн нэг ч нийтлэл үзэгдээгүй. Харин “Монголын мэдээ” сонин л эсрэг байр суурьтай аж. Өнөөдрийн дугаартаа “Нийслэлийн газрын алба “Чилагу” ХХК-д 300 сая төгрөгийн хохирол учрууллаа” гэсэн гарчигтай сурвалжлага нийтэлж нөгөө талд оржээ. Гарчгаасаа л тодорхой. Компанийн менежер ярихдаа барьцаж нэг үзээд (“Өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрт маш их олон янзын хууль бус зүйл цэцэглэн хөгжөөд байхад яагаад ганцхан манайхыг онцолж үзээд байгаа юм бэ?”), бас айлгаж нэг (“төр засаг нь нэг иймэрхүү ажиллаж байхад монголын тэр сайхан залуус гадаад руу дүрвэх нь зөв биз дээ”) үзсэн байна.Энэ барилга үнэхээр хууль зөрчсөн эсэхийг “Монголын мэдээ” хэлж өгсөнгүй. “Чилагу” компанийн эзэн нь Сангийн дэд сайд Н.Батцэрэг юм байна. Тэрбээр ҮШН-ын гишүүн. Тэгвэл “Монголын мэдээ” сонины эрхлэгч нь түүний журмын нөхөр Ё.Гэрэлчулуун…

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Авлигаар шоудахуй

Posted by Бид on 2008/03/06

“Ийгл” телевизээс санаачилсан “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аяны хүрээнд монголын телевизийн сэтгүүлч, ажилтан, уран бүтээлчдийн дунд зохиогдох урлагын наадмын болзол нийтлэгдсэнийг үзлээ. Тэд 3-р сарын 29-нд Улсын Драмын Эрдмийн театрт цугларч шилдэг дуу, шилдэг бүжиг, шилдэг үзүүлбэр, гэрийн даалгавар (тайз дэлгэцийн бүтээл байх аж), асуулт хариулт гэсэн таван номинац тус бүрд 500.000 төгрөгийн шагналын төлөө өрсөлдөнө гэжээ.

Сонин юм аа. Телевизийн уран бүтээлчид авлигын талаар мэдээлж сурвалжилдаг, гэхдээ энэ нь дуу хөгжим, бүжиг наадамд ямар хамаатай юм бол? Нөгөө талаар сэтгүүлч, редактор, найруулагч, оператарууд нэгэн орой цэнгэн хөгжилдвөл сайн хэрэг, гэхдээ тэр нь авлигын эсрэг тэмцэлд ямар нэмэртэй вэ? Урлагын наадмыг санаачлагч Авлигатай тэмцэх газар, “Ийгл” телевиз, “Тоншуул” сэтгүүл, “Цахим өртөө” ТББ, JCI олон улсын байгууллага, Brain Brand олон нийтийн харилцаа, сурталчилгааны агентлаг, Монголын хэвлэлийн хүрээлэн “нэмэртэй” гэж үзжээ.

Юугаараа?

Тухайлбал, дуу нь “шударга ёсны төлөөх өнгө аясыг агуулсан” байх юм гэнэ. Шуудхан “Авлига сөнөтүгэй!” гээд цоглогоор дуулалдвал дээргүй юу? Зохион байгуулагчдынх нь зориг дутсан бололтой “тухайн дууных нь шүлгийг хошин байдлаар өөрчлөн орлуулж” гэсэн арга зааж өгчээ. Дараачийн буюу шилдэг бүжиг номинацад ялахын тулд бүдүүн гэдэстэй, хар хувцастай авлигач биш, цасан цагаан бөгөөд шударга хун-сэтгүүлч, эсвэл АТГ-ын ажилтан болж бүжиглэвэл шууд ялах биз. Гэтэл болзол дээр тодорхой заасан юм алга. Зүгээр нэг бүжиг “Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе” аянд олигтой хувь нэмэр оруулахгүй шүү дээ. Харин шилдэг үзүүлбэр, гэрийн даалгавар номинаци нь авлигын эсрэг санаа дэвшүүлсэн тайз, дэлгэцийн бүх хэлбэрийн бүтээл байхнээ. Болж л байна. Авлигын тухай баримт, жишээг сонин хэвлэлээр зогсоо зайгүй бичиж дэлгээд байхад мөрөөр нь хөөж дүрсжүүлээд дэлгэцээр гаргаж чаддаггүй телевизийнхэн маань тайз дэлгэцэн дээр чадсан болж жүжиглэх юм байлгүй.

Зохион байгуулагчдын жагсаалтыг үзвэл энэ наадмыг Авлигатай тэмцэх газар санхүүжүүлэх бололтой.

Больё оо. Авлигын нэрээр ингэж шоудахаа болимоор юм. Телевизийн уран бүтээлчид УДЭТ-ийн тайзан дээр гарахыг хүсвэл өөрсдөө урлагын наадмаа зохиогоод “шударга ёсны төлөөх өнгө” агуулаагүй ч хамаагүй сайхан дуунуудыг дуулна биз. Танайд хамаагүй.  Хэрвээ “шударга ёсны төлөө өнгө аясыг агуулсан” дуу хөгжимгүйгээр авлигатай хийх тэмцэл зогсчих гээд байгаа юм бол телевизийнхэн дээр турших биш, Жавхлан, Баясгалан нарт “Авлигын тухай бодол”, “Зөвхөн АТГ-ын ажилтан чамдаа”, “Шударгаар чанасан цай” гэх мэт хүчтэй дуунуудыг захиалаад удахгүй цуврах МАХН, эсвэл АН-ын сонгуулийн нээлт болон нэр дэвшигчдийн шоун дээр дуулуулбал сая жинхэнэ эзнээ олсон соён гэгээрэл болохсон. Манай эрх мэдэлтэнгүүд соён гэгээрээгүй учраас авлигал аваад байгаа юм биш, харин тэмцэх ёстой хүмүүс нь урлагын наадам зохион байгуулж завгүй давхиад байхад өөр яахав.

Телевизийнхний тухай хэдэн үг. Тэдэнд шагнал амлаж байгаад яаж ч марзагнуулж болохнээ! Азаар энэ удаад мөнгийг нь Авлигатай тэмцэх газар гаргаж байгаа . Хэрвээ дараачийн удаад хэн нэгэн том шагнал амлаж огт өөр дуу захиалбал яахав?

P.S: Авлигын эсрэг хэвлэл мэдээллийн аяныг санаачилсан “Ийгл” телевизийн залуухан сэтгүүлч охид, хөвгүүд зогсоо зайгүй “Би шударга, авлига муухай” гэсэн пионерийн илгээлт шиг юм уншдаг болоод удлаа. Хайран цаг. Зүгээр л авлигыг илчилсэн, эрэн сурвалжилсан нэвтрүүлгээ үзүүлээч.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »