АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

TV9 биш TV90 байвал амар

Posted by Ажиглагч on 2008/02/05

Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагыг маргааш нь биш нөгөөдөр буюу Ням гаригийн үдэш 22 цагаас давтан үзүүллээ. Улаанбаатарчууд хамгийн олноороо үзэх оргил цаг юм байлгүй.  Би өөрийн сонирхсон хэсгийг золтой өнгөрүүлсэнгүй, гэхдээ бага сага тэмдэглэж авлаа. Өмнөх бичлэг дээрээ ганц нэг санаа нэмье.

Сурвалжлагч залуу дараах асуултыг дэвсэж өгөв.
– Телевизийн тоног төхөөрөмж гэж их маргаантай асуудал яригддаг л даа. Хувьдаа авчихсан, ашигласан, тэр нь телевиз болоод гарсан, тэгээд дараа нь Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалсан тийм зүйлийг хийдэг гээд янз бүрийн мэдээлэл байдаг, та түүнийг сонссон байх л
Ерөнхийлөгч:
– Тэрэн дээр би түрүүн 25-р суваг телевизээр талийгаач Балдорж эрхлэгч надаас асуухад их дэлгэрэнгүй хариулсан шдээ. Гол түүх нь  бол Чойжамц хамба бид хоёр японы  буддын шашныг дэмждэг байгууллагад хандаж ийм үйл ажиллагаа явуулдаг телевиз байгуулахад тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлээч ээ гэсэн.  Тэр нөхдүүд хандив өгсөн, тэхдээ энийг бол зөвхөн Энхбаяр, Чойжамц гэдэг хоёр хүнд өгч байгаа юм шүү, аль нэгэн байгууллагад, эсвэл өөр хүмүүст өгөөгүй ээ, өөр хүмүүс, өөр байгууллагад өгсөн гэж та бүхэн битгий ойлгоорой гэж. За тэгээд энэ телевизийг байгуулна гэдэг бол тэр нэг өгсөн  хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппаратаар шийддэггүй юм байна лээ. Тийм учраас тэр телевизийг байгуулах зарчим хэвээрээ үлдээд, хамаагүй илүү нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгцээ гарсан. Тэгээд хандив авах зэргээр, бусад хөрөнгө оруулагч оруулах зэргээр тэр телевиз байгуулагдсан. Тэр телевизийг Чойжамц хамбатай хамт байгуулсан. Энэ телевизийн тэр анхны өгсөн хандивын тоног төхөөрөмжийн тодорхой мөнгийг тэр телевиз үйл ажиллагаа явуулаад өөртөө оруулссан орлогоороо Гандантэгчинлэн хийдэд хандивлаж Гандантэгчинлэн хийд маань тэр хандиваар Энэтхэг улсын Бодгаяад барьж байгаа … монголын тэр сүмийнхээ барилгыг барьж бүтээхэд ашигласан, зарцуулсан… Ердөө ийм л хоорондоо холбоотой, бие биенээ дэмжсэн ийм л үйл ажиллагаа болсон. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хүмүүсийн бодож байгаа, эсгүүвэл  зарим хүмүүсийн зориуд санаатайгаар гуйвуулж бичээд, яриад байгаа шиг тийм юм ерөөсөө болоогүй..Анх байгуулагдсан түүх нь ч ариун, үйл ажиллагаа нь ч тэр чиглэлээр явагдаж байгаа, цаашдаа ч гэсэн Монголын бусад телевизийн сувгуудтай адилхан, энэ мэдээллийн орон зайд өрсөлдөөд л хэн нэгэн хүний захиалгаар биш, нийтэд хэрэгтэй  үнэн бодит мэдээллийг л хүргэдэг, өөрийнхөө уламжлалыг, уламжлалт соёлоо таниулдаг ийм л телевиз болж ажиллах байхаа …” гэв.

Ерөнхийлөгчийн голонгуй хэлсэн “тэр нэг өгсөн хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппарат” уг нь 110 мянган долларын өртөгтэй билээ.  Ийнхүү “анх байгуулагдсан түүх нь ариун” атал Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа нууцаар эзэн нь болж 2004 оны УИХ-ын ба 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “миний телевиз” гээж зарлахгүйгээр цадталаа ашигласнаас хойш дахиад 2 жил нууж байгаад ноднин сая нэг ам нээжээ.  (Нэмж хөрөнгө оруулсан тухайд бол УИХ-ын гишүүн Сү.Батболд бөгөөд Ц.Мөнх-Оргил гэдэг залуу 2000 оны сонгуулиас өмнө авсан (ямар тендерээр?) сувгийн зөвшөөрлөө Н.Энхбаярт хандивлаж ХЗДХЯ-ны дэд сайд болж улс төрийн карьераа эхэлжээ).

Тэгэхлээр одоо манай ерөнхийлөгч цаагуураа ямар бэлэг авч, хэдэн жилийн дараа ямар “гүтгэлгийг няцаах” бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Жишээлбэл, өмч хөрөнгийнхөө талаар. 

“Ийгл”-ийн хөтлөгч эмэгтэй яг энэ тухай асуухдаа “Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилга Ерөнхийлөгчтэй холбоотой, ард нь Ерөнхийлөгч байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байдаг. Хэрвээ таныг гүтгээд байдаг юм бол тэр гүтгэж байгаа хүмүүсийг шүүхэд өгөөд … ” гэв.

Яг үнэндээ бол хэвлэл  мэдээллийнхэн Н.Энхбаярыг Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилгын эзнээр хэзээ ч цоллож байгаагүй, харин Төрийн ордны яг зүүн талын “Улаанбаатар таймс” сонины барилга (одоо дээвэр таазнаас нь нураачихсан), мөн Сүхбаатарын талбайн урд, Санкт-Петербург төвийн дэргэд төмөр каркасаар боссон тэр барилгын ард Ерөнхийлөгч байгаа гэж бичдэг. Тэгэхлээр “Ийгл”-ийн хөтлөгч хэвлэл мэдээллийнхнийг сийхгүй гүтгэжээ. Цаадах нь дуртай нь аргагүй өлгөн авч “Ерөнхийлөгч Төрийн ордонд суудаг учраас Би Төрийн ордонтой холбоотой … ” гээд л дураараа болжээ.

Эцэст нь санал болгоход TV9 (Ерөнхий Сайд) телевизийн нэрийг TV90 (ЕРөнхийлөгч) гэж өөрчилбөл ямар бол? Бүгдээрээ “хэн нэгэн хүний захиалгаар биш ажилладаг”  мөртлөө өөрийг нь магтаад салдаггүй олон шинэ телевизийн дундаас өмч хөрөнгөө танихад Ерөнхийлөгчид амар. 

4 Responses to “TV9 биш TV90 байвал амар”

  1. Буяа said

    Ер нь бол лам нарыг элэг барьж луйвардаж авсан юм шүү. Гандангаар очоод асуу даа. Бүх лам нар тэгэж хэлнэ. Хуучин Гандангийн тамгын лам байсан, одоо тэр энэтхэгт барьж байгаа хийдийн даамал Алтан-Очир ч ингэж л ярьж байсан даа.

  2. Буяа said

    Үүнээс болж хамба, энхбаяр хоёрын хооронд маргаан гарсан юм шүү. Ганданд өгсөн юмыг энхбаяр гэртээ авч нуучихаад өгөхгүй удсан. дараа нь махн-ын байранд хадгалж байхад нь хамба нөгөө төхөөрөмжөө авъя, та нар намын сонгуульдаа ашиглаж болохгүй гэхэд ч өгөөгүй. эцэст нь ганданг 60 мянган доллар өгөөд тв ээ ав, эсвэл би ганданд 60 мянган доллар өгье гэсэн юм. ганданд тийм их мөнгө байгаагүй тул аргагүй шахалтад орж мөнгийг нь авч хийд босгоход нэмэрлэсэн.

  3. D.Tumurkhuyag said

    Энэтхэгт хийд хэрэтэй юү? ганданд тв хэрэгтэй юү гэдгээ Гандан хийд бодох л байсан цаг

  4. D.Tumurkhuyag said

    энхбаярын хэлдэг үнэн л дээ. Япончууд хэдэн хуучин тоног төхөөрөмж өгч байсан. Мөнхоргил, Энхбаяр 2 хөрөнгө оруулаад л тв9 боссон шүү дээ. Нөхдүүд оруулсан мөнгөө эргүүлж авахын тулд тв9-г арилжааных болгосон. Ер нь бол Гандан хийд өөрснөө л худалдаж орхисон хөрөнгөө худалдаад хийд барихаа илууд үзсэн байхгүй юу даа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: