АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for February, 2008

Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ

Posted by Ажиглагч on 2008/02/22

Лхагва гариг болгон “Өдрийн сонин”-д нийтлэгддэг Баабарын өгүүлэлд хэн нэгэн хариу бичсэнийг санахгүй юм байна. Луйварчнаар дуудаад байхад ч “тэсдэг”. Харин өнгөрсөн долоо хоногийн  ээлжит өгүүлэл – “Завсардсан үеийнхэн”-д филосифч С.Молор-Эрдэнэ “Завсардсан Баабар” гарчигтай хариу бичжээ.  Түүндээ Баабарыг эрдмийн цол хэргэмгүй гэж голоод зарим нэр томъёог буруу зөв хэрэглэснийг анхааруулж “завсардсан үеийнхэн” гэдгээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотолж чадсангүй хэмээсэн байна.  Хоёр зууны зааг дээр улс төрд орж ирсэн залуучууд ямаршуу нөхдүүд болохыг дүрслээд “завсардсан үеийнхэн” нэр оноосон нь Баабарын өөрийн хэрэг. “Баабар тэгэж үзжээ” гэж бодоод өнгөрөхөд л хангалттай. Түүнийг заавал конспектлох юм уу шинжлэх ухааны нээлт болгон судалж толгойгоо зовоох албагүй. Харин эрдэмтэн Молор-Эрдэнэ Баабарын нийтлэлийг (зүгээр л нийтлэлийг!) няцаахаар шийджээ. Эрдэмтэн дуугарч байхад юу ярихав. Харамсалтай нь дээрх нөхдүүдийг “завсардсан” биш гээд тайлбарлах, эсвэл “завсардаагүй үеийнхэн” гэдэг ч юм уу нэр томъёо дэвшүүлсэнгүй. Үргэлжлэл байгаа гэж найдья.  

“Завсардсан Баабар” өгүүлэл ”Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрэнд захиалгатай  ч юмуу гэж ойлгогдохоор хүндэтгэлтэй нийтлэгдсэн билээ. Тэр оройдоо www.news.mn сайтад тавигдахдаа Баабарын таван зүйл хариултыг ардаа зүүсэн байлаа. Харин дараа өдрийн сонинуудад яг ингэж хосоороо нийтлэгдэв. Үүгээр Баабар, Молор-Эрдэнэ хоёр бие биендээ хандсан үгс дуусч, тэд дахиад ганц ч үг ганхийгээгүй билээ.  

Харин мэтгэлцээ тэр хоёрын хяналтаас нэгэнт гарч Интернэтэд Баабар, Молор-Эрдэнэ үгүйгээр үргэлжиллээ. Эргээд харахад “Завсардсан үеийнхэн”, “Завсардсан Баабар”, Баабарын хариу гурвыг уншигчдын  (Интернэт хэрэглэгчид биш уншигчид гэвэл зохилтой) сэтгэгдлүүдгүйгээр ойлгох боломжгүй болжээ.  Яагаад гэвэл Баабар, Молор-Эрдэнэ хоёр өөрсдөө хэлээгүй, хэлж чадаагүй, магадгүй чадах ч үгүй тийм зүйлийг уншигчид хэлчихсэн билээ.   

Ганц нэгхэн жишээ.  

Энэ Молор гэгч бичсэн юмаа бүх сонин болон сайтад тараажээ. Анхных нь Ерөнхийлөгчийн Зууны мэдээд нэгдэх өдөр гарсан. Харин хоёр дахь өдөр зарим сонингууд Баабараас асуусан болов уу, араас нь комент хэлжээ. Бүх сайтуудад очсон. Ингэхээр энэ соёлтой маргаан биш, зүгээр л хэн нэг нь мөнгө төлсөн довтолгоон байна. Харин Захиалагч тун ч ядуухан тэнэг амьтан хөлсөлж дээ 

Дээр үед С.Лочин гэж зохиолч байв. Их сургуульд оюутан байхад нь нутгийн Л.Түдэв онгироож байгаад Ренчин докторын эсрэг өгүүлэл бичүүлжээ. Нам засаг Ренчин гуайд дургүй байсан учир хөөрхий залуугийн бичвэрийг сонингоор нэг тавих нь тэр. Харин ард түмэн Ренчиндээ хайртай учир Лочинг насаар нь шахсан даа. Одоо хэнд ч тоогддоггүй нэг өвгөн бий, залуудаа бусдын хатгаасаар юм бичиж насаараа амьтанд адлагдсаныгаа нөхөж баршгүй алдаа гэж ярьж суудаг. Тэрэнтэй их адилхан болжээ. 

Би эхлээд Молор-Эрдэнийг ийм олон сонинд тавиулаад захиалгаар бичжээ гэж бодож байлаа. Алдсан байжээ. Анх гарсан Зууны мэдээгээс бусад сонинд дандаа эхлээд нийтлэлийн хэвлээд доор нь дандаа Баабарын хариуг хэвлэсэн байна. Баабар л ингэж хэвлүүлж чадна. Молор-Эрдэнэ Баабарын хариуг оруулаад мөнгө төлж хэвлүүлнэ гэж үгүй. Баабар Молор-Эрдэнийн нийтлэлд маш их ач холбогдол өгч ажилласан байна. Тө өөрөө дүгнэ.  

Захиалгагүй болоод зэрэг зэрэг 4-5 сонинд хэвлүүлдэг болж байна уу? Бүх сонинд төлбөрийг нь өгсөн байна

Ха ха ха Бүх сонин вэбээс авсан байна. Асуугаарай. Харин тэд Баабарын эсрэг биш, сонирхолтой учраас гаргасан гэлээ. Ухаанаараа уралд. Бүү муу хэл.  

Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 2 Comments »

“Бємбєг манай багт шилжихэд би илvv айдаг…”

Posted by Ажиглагч on 2008/02/17

“Зууны мэдээ” сонинд “Невероятные приключения монголов в России. Что делала их сборная на ЧМ по хоккею с мячом?” өгүүллийн (Төв азийн улсуудын тухай мэдээлдэг http://www.centrasia.ru сайтаас авсан) орчуулга “Монголчуудын Орос дахь итгэмээргvй адал явдал” гарчигтайгаар нийтлэгджээ. Манай бөмбөгтэй хоккейн шигшээ баг саяхан Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тухай юм. Хэрвээ монгол сэтгүүлч байсан бол “Төр засаг шигшээ багаа анхаармаар байна” гээд шаардаж гарах байсан, харин орос сэтгүүлч хайр найргүй даапаалсан байх юм. Хэдэн ишлэл авья.

… Гашуун ялагдлыг нь тайлж Монголын анхны сансрын нисэгч Гvррагчаа, Монголын бємбєгтэй хоккейн шигшээ багийн лидер Мєнгєнхуягтай танилцлаа… Ємнєх хоёр тэмцээнд тэд эстониудын эсрэг тоглолтыг эс тооцвол бvх тоглолтдоо хожигджээ. Энэ удаа тал нутгийн хvvхдvvд илvv нухацтай амжилтын тєлєє ухасхийхээр шийджээ. Тэд тэмцээн эхлэхээс гурван сарын ємнєєс Оросын аварга шалгаруулах дэлхийн аваргын тэмцээнд оролцох болов. Монголын багийг голдуу Эрхvv мужийн багууд тоглодог доод лиг рvv оруулсан байна… Монголын хоккейн холбооны дэд ерєнхийлєгч Чойжилжавын Баасандаваагийн хэлснээр, тvvний баг тоглолтоос тоглолтод улам сайжирсаар байгаа гэнэ. … анхны тоглолтод монголчууд Шелехов хотын “Металлург” багт 0:38-аар хожигдов. Хоёр дахь тоглолтод 0:36-гаар тавиуллаа. Дараа нь ердєє л 10-15 гоолын ялгаагаар хожигдох болжээ. Одоо монголчууд 10-аас дээш бємбєгєєр ховорхон хожигдох болов. Харин хамгийн шилдэг vзvvлэлт нь Братскт 2:7-гоор хожигдсон явдал юм. “Бод л доо, бид бvр хоёр гоол хийж, ердєє л долоон бємбєг алдлаа шvv дээ” хэмээн Баасандаваа бахдалтайгаар єгvvлэв…
… Ер нь Монголын хоккейчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зvгээр нэг ирсэнгvй. Тэд бас малгай зарах гэж иржээ… Монголын хоккейчдийн олонх нь хэд хэдэн ийм малгайтай ирж заржээ. Нэг малгай 100 долларын vнэтэй. Монголын хоккейчид 50 орчим vнэгэн малгайтай ирсэн гэнэ. Гол худалдан авагч нь бусад орны шигшээ багийн тоглогчид. Зарим vед малгайны арилжаа тоглолтын vеэр мєсєн дээр шууд болдог гэнэ.
… Ж.Гvррагчаа Монголын хоккейн холбоонд єгєєш мэт ашиглагддаг. Тvvний нэр нvvрээр хоккейн спортод мєнгє цуглуулдаг аж
… Дэлхийн аваргын тоглолт болсон “Олимпийский” цогцолбор 30 мянган vзэгчийн багтаамжтай. Монгол-Америкийн тоглолт дээр 60-аас илvvгvй хvн ирсэн байв. Энэ тоглолтыг vзэхэд инээдтэй. Америкийн хоккейчид Монголын бvх хамгаалагчдыг тун хялбархан, багана тойрч байгаа мэт хуурна. Монголчууд эсэргvvцэл ч vзvvлэхгvй, єєрсдєє зам тавьж єгєх ажээ. Янкууд 16:0-ээр хожиж байхад санамсаргvй юм болж бємбєг Америкийн багийн хаалганд орчихлоо. Монголын хєгжєєн дэмжигчид баярлан дээврээс єндєр хашгирав. Нэгэн монгол vзэгч “Энэ бол Монголын хувьд маш том амжилт. Монголын спортын шигшээ баг анх удаа АНУ-ын шигшээ багийн хаалгыг мялаалаа” хэмээн бахдангуй єгvvлэв. Тоглолт 17:1-ээр дуус¬сан ч монгол хоккейчид сэтгэл хангалуун vлджээ. Тэд багаараа зургаа авахуулж, Сибирийн балиашгуудад гарын vсгээ єгч байв. Мэдээж Мєнгєнхуягийн гарын vсгийг авах гэж хамгийн их дугаарлажээ. “Та нар маргааш Эстонийг хожно шvv. Бид та нарыг балиална” хэмээн сибирчүүд монголчуудад хэлсэн юм.
Дараагийн єдєр нь Монгол-Эстонийн тоглолтод 400 орчим vзэгч ирсэн нь хоёр багийн хувьд vзэгдэж харагдаагvй явдал байлаа…. Монголын талаас олигтой эсэргvvцэлтэй тулгараагvй эстониуд эхний vед тав, хоёрдугаар vед залхуутайгаар гурван гоол хийж 8:0-ээр хожлоо. Тал нутгийн хvvхдvvд єд ч vгvй, сєд ч vгvй хоцров. Чингис хааны vр садад юу тохиолдох нь энэ вэ? Гашуун vнэнийг Монголын багийн дасгалжуулагч Евгений Выборнов задаллаа.
Саяхан Ирландад болсон тэмцээний vеэр багийн тэргvvлэх зургаан хоккейч зугтаад vлдчихжээ. Баг шилдэг тоглогчидгvй хоцорсон нь бага хэрэг. Гэтэл энэхvv зургаан урвагч Ирландад амьдарч байхдаа ч багийн коллективт муугаар нєлєєлєх болсон байна. Тэд бусад хоккейчид руугаа байнга утасдаж тэднийг Ирланд руу дуудан “Энд хараар ажил хийгээд гайхалтай сайхан амьдарч байна” хэмээн амар заяа vзvvлэхээ больжээ.
Монголын шигшээ багийн тухай тэмдэглэлээ Монголын дасгалжуулагч Выборовын vгээр тєгсгєе. “Зургаан гол тоглогч зугтаж vлдсэний дараа багийг шинээр зохион байгуулах хэрэгтэй болсон. Бємбєг манай багт шилжихэд би илvv айдаг. Учир нь манай тоглогчид єєрсдийн хаалган дээр гоолын момент vvсгээд байдаг. Заримдаа бид бємбєгийг талбайн нєгєє хагаст оруулж чаддаг. Гэвч хэвийн тоглолт vзvvлэхэд энэ нь хангалтгvй юм”
/Ишлэл төгсөв/

Хэрвээ өөр нэг улсын багийг ингэж бичсэн бол бид элгээ хөштөл инээгээд өнгөрөхсөн. Даанч манай баг шүү дээ!… Орос текстийг нь үзвэл бүр илүү шоолсон үг өгүүлбэр тааралдана, харин орчуулагч зарим нэгийг хасч зөөллөжээ. Жишээлбэл, Монголын бөмбөгтэй хоккейн холбооны дэд ерєнхийлєгч Чойжилжавын Баасандаваагийн нэрийн хуудсыг аваад орос сэтгүүлч арайхийн инээдээ барьсан, учир нь шуудангийн хаяг нь mongol.net (монгол.байхгүй) байсан, мөн манай сансрын нисэгчийг эрүүл байхад таарсан чинь аз гэж монголын хөгжөөн дэмжигчид хэлсэн, үүнд харин орос сэтгүүлч итгээгүй, учир нь сансрын нисэгчийн гарт өглөөнөөс хойш зөвхөн рашаан байхыг харсан аж. Монголын шигшээ хоккейчиддоо шинэ тэшvvр тавьж єгсєн ч тал хувь нь тvvнийгээ зарчихсан гэдэг шал худлаа. “Зарим vед малгайны арилжаа тоглолтын vеэр мєсєн дээр шууд болдог” гэж үү? Арай ч дээ …

Бид хойт зүгээс нэг иймэрхүү харагдаг бололтой.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

2008 онд МҮОНТ-д 11,4 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулна

Posted by Ажиглагч on 2008/02/14

2008 онд улсын төсвөөс МҮОНТР-ийн захирлын мэдэлд 2008 онд 8.550 сая төгрөг төсөвлөжээ. Дээрээс нь Монгол улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтанд 2 тэрбум төгрөг, үндэсний төвийн барилгын дээврийн засварт 319,9 сая төгрөг, тоног төхөөрөмжинд 541,1 сая төгрөг, нийт 2,861 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Нийлээд 11,4 тэрбум давсан төгрөг. Ихэнх нь телевизэд ногдоно. Төрөөс МҮОНТ-д маш их мөнгө зарцуулдаг, тэр нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ. Реклам сурталчилгааг хориглосон мэт боловч ивээн тэтгэлэг, хамтран ажиллах гэрээ нэрээр ямар нэгэн хязгаарлалтгүй авсаар.

Тэгвэл МҮОНТ-ийн нэвтрүүлэгт дорвитой өөрчлөлт харагдав уу? Мэдээжээр цаг үе өөрчлөгдөж тэр нь телевизийн нэвтрүүлэгт тусгалаа олж байгааг эс тооцвол, үгүй

Үүнийг өөрсдөө дотроо тэмцэлдэх болохоороо хүлээн зөвшөөөрдөг.Гэхдээ шалтгааныг МҮОНТ хэмээх цоо шинэ телевиз дөнгөж сая байгуулагдсан, хөл дээрээ тогтож ядан донхолзож байгаа мэтээр тайлбарладаг. Харин 40 жилийн түүхтэй, уран бүтээлийн арвин сантай, уламжлалт бэлэн нэвтрүүлгүүдтэй гэдгээ ой тэмдэглэх, одон медаль нэхэхдээ л санадаг. Өмнөх жилүүдэд хийгдсэн асар их хөрөнгө оруулалт, бүхэл бүтэн телевизийн төв, пиг дүүрэн хүн ажиллуулдаг тухайгаа огт дурсдаггүй.

Улаанбаатар болсон албан ёсны арга хэмжээ, хэвлэлийн бага хурлуудыг сурвалжлах, баахан дарга нарыг хүссэнээр нь яриулах, дуу хөгжим сонсгож зугаацуулах, уран сайхны кино үзүүлэхийг төсвөөс мөнгө авдаггүй, МҮОНТ-оос хэд дахин жижиг хувийн арилжааны телевизүүд хийж, өдөржин шөнөжин нэвтрүүлэг явуулж чадаад байна. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн сэтгэлд хамгийн ихээр нийцсэн, бас олон нийтийн агуулгатай гэж хэлж болохуйц шинэ нэвтрүүлгүүдээс ганц нэгийг нэрлэе: “Танайд хоноё”, “Донор”, “Унагалдайн мухлаг”… Таагаарай: аль нь МҮОНТ-ийнх вэ? Саяын “Пүүжээ” баримтат киног олон нийтийн телевиз л хамгийн түрүүнд үзүүлж, нэхэн сурвалжилж асуудал дэвшүүлсэн баймаар….

Одоогоор МҮОНТ бүхэлдээ хамгийн олон үзэгчтэй үндэсний хэмжээний # 1 телевиз мөнөөс мөн, гэхдээ зөвхөн ганцаараа орон даяар шууд цацагддаг учраас тэр…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монголын нийгмийн гуравны нэг нь сэтгүүлчид юм байна.

Posted by Ажиглагч on 2008/02/07

“Өнөөдөр” сонин оны алдартан шалгаруулах санал асуулгаа долоо дахь жилдээ зарлан дүгнэж гахай жилийн алдартнуудаа нэрлэсэн байна.  Хэнийгээ шалгаруурнав, “Өнөөдөр” сонины өөрийн хэрэг.  Тэртэй тэргүй шоу. Харин үүнийгээ “Монголын нийгмийг төлөөлж чадахуйц, олны танил 150 эрхэм саналаа өглөө. Тэдний нэр болоод санал өгсөн эрхмүүдийг нь ил тод зарладаг болохоор асуулгын дүн бодитой гардгийг олон нийт мэддэг, хүлээдэг” гэж итгүүлэхийг оролдох нь ямар вэ? “Өнөөдөр” сониных хамгийн нуруутай нь гэж ярьж бичдэг хүмүүс олон болсон байна.

Үнэхээр тийм үү? “Монголын нийгмийг төлөөлж чадахуйц” гэсэн атал аймаг орон нутгийнхан, ажилчин, малчин, наймаачин, оюутан сурагчид монголын нийгэмд хамаагүй юм байх. 150 хүний бараг гуравны нэг буюу 48 нь хэвлэл мэдээллийнхэн. Нэрсийг дурдвал: А.Авирмэд (“MN-25 дугаар суваг” телевизийн дэд  захирал), Ж.Алтангэрэл (ММ агентлагийн тоймч), Д.Ариунболд (МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал), Н.Ариунтуяа (“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч), А.Баасандорж (“Өнөөдөр” сонины тоймч), Т.Баасансүрэн (МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн), Л.Балхжав (UBS телевизийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн), Б.Батбилиг (“Ардчилал” сонины орлогч эрхлэгч), С.Батзаяа (NTV телевизийн сэтгүүлч), Л.Болормаа (“Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч), Б.Болдхүү (“Ням гариг” сонины ерөнхий эрхлэгч), С.Булган (“Улаанбаатар” радиогийн захирал), Б.Галаарид (“Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч), Д.Галсанжаргал (MN-25 дугаар суваг телевизийн албаны дарга), А.Ганбаатар (NTV телевизийн захирал), Ц.Ганбат (“Үнэн” сонины ерөнхий эрхлэгч), Б.Ганчимэг (“Өдрийн сонин”-ы албаны дарга), Ш.Даваадорж (“Өнөөдөр” сонины албаны дарга), Э.Дагиймаа (ТВ-5 телевизийн ерөнхий редактор), Г.Жигжидсүрэн (Ардын жүжигчин, кино найруулагч), Д.Заяабат (“Өнөөдөр” сонины албаны дарга), Б.Золбаяр (“Өдрийн сонин”-ы албаны дарга), Г.Золжаргал (Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн редактор), М.Зулькафил (Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн багш), Б.Лигдэн (Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, сэтгүүлч), Р.Манлай (Даамын улсын аварга, “Таван цагариг” сонины сэтгүүлч), М.Мөнхмандах (Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал), Ц.Мөнхтөр (“ММ” агентлагийн ерөнхий редактор), Ж.Мягмарсүрэн (“Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч), Х.Наранжаргал (“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн), С.Насанжаргал  (MN 25 дугаар суваг телевизийн редактор), Ө.Отгонбаатар (С1 телевизийн Мэдээний албаны дарга), Б.Оюунчимэг (Телевизийн сэтгүүлч), Б.Пүрэвдаш (Монголын үндэсний радиогийн ерөнхий захирал), И.Рэнчинханд (Соёлын гавьяат зүтгэлтэн, “Өнөөдөр” сонины албаны дарга), Д.Сарангэрэл (МСНЭ-ийн ерөнхийлөгч), Н.Сарангэрэл (“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга), Б.Сарантуяа (“Бизнес таймс” сонины ерөнхий эрхлэгч), Ч.Сумъяабазар  (“The UB Post” сонины ерөнхий эрхлэгч), Ц.Сүхбаатар (“Хурд” агентлагийн дарга, сэтгүүлч), Б.Тэмүүлэн (“Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч), Б.Цагаанбаатар (“Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч), С.Цацралт (“ГАММА”агентлагийн захирал), Р.Чулуун (Соёлын гавьяат зүтгэлтэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч), Ц.Энхбат (“TV-9” телевизийн захирал), Д.Энхболдбаатар (зохиолч, сэтгүүлч), Д.Энхтуяа (“Ийгл” телевизийн редактор), Р.Эмүжин (“Өнөөдөр” сонины тоймч, яруу найрагч).

Бахархмаар. Эдгээр сэтгүүлчид тус тусын хүнийг нэрлэсэнд буруу юм огт байхгүй, гэхдээ энэ 48 хүнээр, тэгэхдээ “энэ сэтгүүлч МАХН-ынх, тэгэхлээр намын даргаа нэрлэнэ” гэсэн зарчмаар сонгож аваад монголын нийгмийн гуравны нэгийг төлөөлүүлжээ. Хэтрээд “Монгол ньюс”-ийн харьяа сонинууд ба телевизийг төлөөлсөн  15 хүн, салбар компанийн төлөөлөгчдийг нэмбэл бараг 20 хүний саналыг авч.  Улаанбаатарт суугаа орос, хятадын сурвалжлагчид монголын нийгмийг бас төлөөлөв.   Би энэ удаад зөвхөн хэвлэл мэдээллийн “эрхмүүд”-ийг анзаарлаа, бусад 102 эрхмийг сонгосон талаар энэ байтугай сонин юм хэлж болохсон. 

“Өнөөдөр” сонины сонгож авсан 150 эрхэм хэн гурвыг нэрлэснийг ил тод зарласан нь үнэн, гэхдээ “Өнөөдөр” сонины удирдлага дээрх 150 эрхмийг сонгохдоо л оны алдартнаар хэнийг шалгаруулахаа үндсэндээ шийдчихээд ард нь нуугдаж хоцорчээ. С.Баяр тасархай түрүүлэх нь бүр ч аргагүй. Найдвартай хийсэн юм чинь…

Ер нь оны алдартанг, тэр тусмаа олон хүнийг шалгаруулахад тэртээ тэргүй төрийн өндөр албан тушаалтнууд, бөхчүүд, сүүлийн үед сонин хэвлэлээр шуугиулсан нөхдүүд гарна, тэгэхлээр ийм шалгаруулалт бол алдартнуудад нэгэн зэрэг тал засах арга юм. “Өнөөдөр” сониных “Шилдэг 76” гэх мэт бусад шалгаруулалтаас нэг их ялгаагүй. Арга нь үл мэдэг өөр.

Америкийн “Тайм” сэтгүүл жил тутам “Оны хүн”-ийг шалгаруулдаг. Худлаа жүжиг тавьж “америкийн нийгмийг төлөөлсөн” ХХХ тооны эрхмүүдийг  сонгож авдаггүй бөгөөд зүгээр л редакцийн зөвлөл хуралдаад шийдчихдэг. Илүү шударга юм даа…

Posted in "Өнөөдөр" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Рекламыг хязгаарлавал телевизийн нэвтрүүлэг зогсоно. Зогсооё л доо. Телевизгүй байгаад үзэг”

Posted by Ажиглагч on 2008/02/05

“Азийн чоно”-ын довтолгооны дараа Зар сурталчилгааны хуулинд дахь архитай холбоотой хэдэн заалтыг чангаруулах далимаар эх захаа алдсан телевизийн сурталчилгааг зохицуулах хэдэн заалт оруулсан хуулийг төслийг хүлээж авсан даруйдаа телевизүүдийн холбооны ерөнхийлөгч З.Алтай яаралтай мэдэгдэл хийж “Рекламыг хязгаарлавал телевизийн нэвтрүүлэг зогсоно. Зогсооё л доо. Телевизгүй байгаад үзэг” гэж сандраасан билээ. 

Маргааш нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Зар сурталчилгааны хуулийн төслийн талаар хэлэлцэхэд телевизийн захирлууд, тодруулбал З.Алтай, Д.Сарангэрэл, Ц.Балхжав, Ц.Мөнхбаатар (энэ нөхөр  юугаа хийж явсан бэ? МҮОНТ-ын  рекламын асуудлыг хуулиар тов тодорхой шийдчихсэн  бус уу?), Ц.Энхбат, А.Ганбаатар, бас “Зууны шуудан” сонины Б.Ганболд нар уригдаж З.Алтай босч байр сууриа тайлбарлаж үг хэлсэн байна. Араас нь Ерөнхий сайд өөрөө шууд телевизийнхээ талд орж “Зар сурталчилгааг зах зээл  зохицуулдаг юм аа” гэж хэлснээр  хуулийн төслийг боловсруулсан ХЗДХЯ-ныхан дуугарч зүрхлээгүй биз, ингээд дээрх заалтууд хасагдах болжээ.  ЗГ-ын хуралдаанаас гарч ирсэн З.Алтай, Д.Сарангэрэл нар Монголд хэвлэлийн эрх чөлөө аврагдсаныг зарласнаар монголчууд бид телевизтэйгээ үлдсэн билээ.

Гэхдээ бас таван минут үзүүлээд зургаан минутийн рекламаар тасалдаг нэвтрүүлэг, гол баатрын ярианаас “Номин”-гийн хямдрал хавьгүй чухал уран сайхны кинонууд, сэтгүүлч-худалдагч гэсэн хос мэргэжилтэй охид хөвгүүд “намууд хариуцлагаа  ухамсарлах цаг болжээ” гэх мэт улс төрийн гүн гүнзгий дүгнэлт ба шийт шопын жинсний хямдралын сэтгэл догдлом зар хоёрыг зай завсаргүй ээлжлүүлдэг, үүнээс болж бүтэн цаг хагас үргэлжилдэг мэдээллийн хөтөлбөр гэгчтэйгээ үлдлээ.

Уг нь манайд телевизийн сурталчилгааг (сониныхыг түр орхиё) ямар нэгэн байдлаар зохицуулах цэг хэдийнэ болсон. Ерөнхий сайд С.Баярын дахиад л найдаж орхисон зах зээл, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээс үзэгчид залхаж гүйцлээ.

Далд сурталчилгаа гэж байдаг. “Далд сурталчилгаа явуулсан тохиолдолд хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль тєлнє” гэсэн заалт яваа боловч хуулийн төслийг боловсруулсан Хууль зvй, дотоод хэргийн сайд үнэхээр яаж зохицуулахаа байтугай яаж танихаа ч мэдэхгүй яваа.

Арилжааны телевизүүд зөвхөн дураараа дургихыг бодохын оронд яг одоо өөрийн зохицуулалт хийж үзээсэй. Хэрвээ энэ янзаараа дахиад үргэлжилбэл төрөөс оролцох шаардлага гарч мэднэ. Өнөөдөр архины сурталчилгааг бага сага цэгцлэхээс өөр аргагүй болсон явдал бол эхний дохио.

Зар сурталчилгааны зохицуулалтыг үзэгчдийн эрх ашгийн үүднээс хийх ёстой. Тэглээ гээд телевизүүд хохирно гэсэн үг огт биш. Жишээ авья. Түрүүчийн ням гаригт сэтгүүлч Алтантүрүү дуучин Сарантуягийнд хоносон нэвтрүүлэг “Би Сарантуяагийн хоноё, та нар реклам үз” болчихсон байх юм. Чанартай чанаргүй бараатай захын наймаачин хүртэл энэ сайн нэвтрүүлгийн рекламын цагийн худалдаад авч чадаж байна. Хэрвээ рекламын цагийг хязгаарлавал нэг секундын тариф өсч “25-р суваг” телевизийн дансанд юмуу Алтантүрүүгийн түрийвчэнд орох мөнгө яав ч багасахгүй. Реклам  цөөрөх тусам “Танайд хоноё” гэх үзэгчдийн тоо нэмэгдэнэ, дагаад рекламын тариф өсч улмаар орлого нэмэгдсээр байх болно.  

Харамсалтай нь манай телевизүүд тэгэхгүй нь бололтой. Тэгэхлээр ганц найдвар бол үзэгчид, олон нийт өөрөө юм. Яагаад олон нийт гэж? Яагаад З.Алтайн хэлдгээр хөндлөнгийн хүмүүс “миний хувийн өмчид халдах ёстой юм бэ?”. Олон нийтийн зүгээс (эсвэл тэдний өмнөөс төр) телевизүүдийн байр сав, техник, тоног төхөөрөмж, данс мөнгөнд нь биш, гэхдээ зар сурталчилгаа зэрэгт “халдах” үндэслэл байдаг юм аа. Гэхдээ энэ бол дараачийн сэдэв.

Харин одоо энэ бичлэгийг уншиж байгаа та  дэлхийн улс орнуудад телевизийн зар сурталчилгааг яасхийж зохицуулдаг талаар юу мэддэгээ хуваалцаач гэж хүсч байна.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 6 Comments »

Хэвлэл мэдээлэл архинаас гарахыг хүсэхгүй байна

Posted by Ажиглагч on 2008/02/05

Сүүлийн өдрүүдийн сонин хэвлэлд бичиж байгааг уншваас Багануур дүүрэгт хортой архинаас болж 15 хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн хордсоны шалтгаан нь согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон явдал юм байна.

Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Архидан согтуурахтай тэмцэх болон  зар сурталчилгааны хуулийн төсөлд, телевиз, радио, сонин, сэтгvvлээр согтууруулах ундааг сурталчлахгvй, хэрвээ сурталчилбал хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мєнгєєр торгоно, удаа дараа сурталчилгаа явуулбал vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрлийг хураана гэсэн заалтууд оржээ.

Гэхдээ  Монголд архины  лобби дэндүү хүчтэй.  УИХ-ын чуулганы танхимд архины үндэсний үйлдвэрлэгчид байнгын хэдэн суудалтай. Хуулийн төслийг боловсруулсан ХЗДХ-ын сайд Ц.Мөнх-Оргил ч тэдний нэг.  2004 онд сонгуулийн хандивын үлэмж хэсэг архи найруулдаг компаниудаас орж ирсэн. Аль ч нам ялж магадгүй тул МАХН, АН-ын хоёуланд нь зэрэг хандивласны хэрэг одоо гарахнээ. 

Дараачийн лоббистууд нь хэвлэл мэдээллийн салбар тэр чигээрээ. Энэ өдрүүдэд Далай ламын айлдварын завсар “шар” гэдэг үгийг сэмхэн шургуулаад монгол сүүтэй цайнаас гарч  “айрагт” шилжихээс өөр аргагүй болтол сэнхрүүлж байна. Тааралдсан ганц хоёр сонин аваад эргүүлбэл  “Хар архийг шар архиар “даръя”, “Шар айргийг шоовдорлоод ч яах юм билээ?” гэсэн гарчгууд дурайна. Хөөрхий шар айргийг 37 оныхоос ч дутуугүй хэлмэгдүүлсэн юм байх аа.

Манайд архи, тамхи хуультай байсан.  Гэхдээ согтууруулах ундаа, шар айрагны сурталчилгаа хэзээ ч тасраагүй бөгөөд түүнийг  элдэв аргаар сурталчлах нь бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжлөө. АПУ-гийн цэвэр уснаас эхлээд хол ширтэж амьд явах урианууд,  элдэв  “брэнд”, “бүтээгдэхүүн”,  архины шил (“манайх шилныхээ загварыг өөрчиллөө”), бөглөө таглаа (“Италиас ирсэн доозлогчтой гоала бөглөөтэй боллоо”), шошгон дээр наадаг голограмм (“манай бүтээгдэхүүн дээрх голограмыг унших заавар”), телевизийн бүхэл бүтэн нэвтрүүлэг тэр чигээрээ архины сурталчилгаа.  Сүүлдээ цагаандаа гарч, рекламны тарифанд торгуулын мөнгөө шингээчихдэг болж. Ноднин нэг компани арав гаруй  сая шил архиа хүссэнээрээ сурталчилж борлуулсан, харин төлсөн торгууль нь ердөө зуугаад шил архины мөнгөтэй тэнцсэн байна. Эмгэнэлт арванхоёрдугаар сарын 30-ны урд орой Багануурын телевизээр “Азийн чоно”-ын бүх архийг ширээн дээр  дэлгэж тавиад магтаж байжээ.

Шар айраг,  дарсыг согтууруулах ундааны тооноос хасах нь нэгэнт шийдэгдсэн асуудал.  Тэгэхлээр хуулийн “аймаар” заалтууд хэнд ч хэрэггүй болж  телевиз, сонинууд дарс, шар айргаар угжуулж эхэлнэ.

Гэхдээ архи үйлдвэрлэгчдэд энэ бүхэн хангалтгүй, тэд “Хараа, “Ерөө”-гөө авч үлдэх аргыг заавал олно. Өвөр Монголоос, Интернэтээр, чанар муутай архины тухай нэвтрүүлгээр, ядарсан хүмүүст туслах буянтай үйлсийн аянаар, хүнсний аюулгуй байдлын тухай уриагаар, Чингэсийн бусад хөвгүүд, үр сад, хаад, жанжны нэр зүүсэн брэндээр… Харин хэвлэл мэдээллийнхэн бол  хэзээд бэлэн.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

TV9 биш TV90 байвал амар

Posted by Ажиглагч on 2008/02/05

Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагыг маргааш нь биш нөгөөдөр буюу Ням гаригийн үдэш 22 цагаас давтан үзүүллээ. Улаанбаатарчууд хамгийн олноороо үзэх оргил цаг юм байлгүй.  Би өөрийн сонирхсон хэсгийг золтой өнгөрүүлсэнгүй, гэхдээ бага сага тэмдэглэж авлаа. Өмнөх бичлэг дээрээ ганц нэг санаа нэмье.

Сурвалжлагч залуу дараах асуултыг дэвсэж өгөв.
– Телевизийн тоног төхөөрөмж гэж их маргаантай асуудал яригддаг л даа. Хувьдаа авчихсан, ашигласан, тэр нь телевиз болоод гарсан, тэгээд дараа нь Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалсан тийм зүйлийг хийдэг гээд янз бүрийн мэдээлэл байдаг, та түүнийг сонссон байх л
Ерөнхийлөгч:
– Тэрэн дээр би түрүүн 25-р суваг телевизээр талийгаач Балдорж эрхлэгч надаас асуухад их дэлгэрэнгүй хариулсан шдээ. Гол түүх нь  бол Чойжамц хамба бид хоёр японы  буддын шашныг дэмждэг байгууллагад хандаж ийм үйл ажиллагаа явуулдаг телевиз байгуулахад тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлээч ээ гэсэн.  Тэр нөхдүүд хандив өгсөн, тэхдээ энийг бол зөвхөн Энхбаяр, Чойжамц гэдэг хоёр хүнд өгч байгаа юм шүү, аль нэгэн байгууллагад, эсвэл өөр хүмүүст өгөөгүй ээ, өөр хүмүүс, өөр байгууллагад өгсөн гэж та бүхэн битгий ойлгоорой гэж. За тэгээд энэ телевизийг байгуулна гэдэг бол тэр нэг өгсөн  хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппаратаар шийддэггүй юм байна лээ. Тийм учраас тэр телевизийг байгуулах зарчим хэвээрээ үлдээд, хамаагүй илүү нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгцээ гарсан. Тэгээд хандив авах зэргээр, бусад хөрөнгө оруулагч оруулах зэргээр тэр телевиз байгуулагдсан. Тэр телевизийг Чойжамц хамбатай хамт байгуулсан. Энэ телевизийн тэр анхны өгсөн хандивын тоног төхөөрөмжийн тодорхой мөнгийг тэр телевиз үйл ажиллагаа явуулаад өөртөө оруулссан орлогоороо Гандантэгчинлэн хийдэд хандивлаж Гандантэгчинлэн хийд маань тэр хандиваар Энэтхэг улсын Бодгаяад барьж байгаа … монголын тэр сүмийнхээ барилгыг барьж бүтээхэд ашигласан, зарцуулсан… Ердөө ийм л хоорондоо холбоотой, бие биенээ дэмжсэн ийм л үйл ажиллагаа болсон. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хүмүүсийн бодож байгаа, эсгүүвэл  зарим хүмүүсийн зориуд санаатайгаар гуйвуулж бичээд, яриад байгаа шиг тийм юм ерөөсөө болоогүй..Анх байгуулагдсан түүх нь ч ариун, үйл ажиллагаа нь ч тэр чиглэлээр явагдаж байгаа, цаашдаа ч гэсэн Монголын бусад телевизийн сувгуудтай адилхан, энэ мэдээллийн орон зайд өрсөлдөөд л хэн нэгэн хүний захиалгаар биш, нийтэд хэрэгтэй  үнэн бодит мэдээллийг л хүргэдэг, өөрийнхөө уламжлалыг, уламжлалт соёлоо таниулдаг ийм л телевиз болж ажиллах байхаа …” гэв.

Ерөнхийлөгчийн голонгуй хэлсэн “тэр нэг өгсөн хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппарат” уг нь 110 мянган долларын өртөгтэй билээ.  Ийнхүү “анх байгуулагдсан түүх нь ариун” атал Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа нууцаар эзэн нь болж 2004 оны УИХ-ын ба 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “миний телевиз” гээж зарлахгүйгээр цадталаа ашигласнаас хойш дахиад 2 жил нууж байгаад ноднин сая нэг ам нээжээ.  (Нэмж хөрөнгө оруулсан тухайд бол УИХ-ын гишүүн Сү.Батболд бөгөөд Ц.Мөнх-Оргил гэдэг залуу 2000 оны сонгуулиас өмнө авсан (ямар тендерээр?) сувгийн зөвшөөрлөө Н.Энхбаярт хандивлаж ХЗДХЯ-ны дэд сайд болж улс төрийн карьераа эхэлжээ).

Тэгэхлээр одоо манай ерөнхийлөгч цаагуураа ямар бэлэг авч, хэдэн жилийн дараа ямар “гүтгэлгийг няцаах” бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Жишээлбэл, өмч хөрөнгийнхөө талаар. 

“Ийгл”-ийн хөтлөгч эмэгтэй яг энэ тухай асуухдаа “Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилга Ерөнхийлөгчтэй холбоотой, ард нь Ерөнхийлөгч байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байдаг. Хэрвээ таныг гүтгээд байдаг юм бол тэр гүтгэж байгаа хүмүүсийг шүүхэд өгөөд … ” гэв.

Яг үнэндээ бол хэвлэл  мэдээллийнхэн Н.Энхбаярыг Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилгын эзнээр хэзээ ч цоллож байгаагүй, харин Төрийн ордны яг зүүн талын “Улаанбаатар таймс” сонины барилга (одоо дээвэр таазнаас нь нураачихсан), мөн Сүхбаатарын талбайн урд, Санкт-Петербург төвийн дэргэд төмөр каркасаар боссон тэр барилгын ард Ерөнхийлөгч байгаа гэж бичдэг. Тэгэхлээр “Ийгл”-ийн хөтлөгч хэвлэл мэдээллийнхнийг сийхгүй гүтгэжээ. Цаадах нь дуртай нь аргагүй өлгөн авч “Ерөнхийлөгч Төрийн ордонд суудаг учраас Би Төрийн ордонтой холбоотой … ” гээд л дураараа болжээ.

Эцэст нь санал болгоход TV9 (Ерөнхий Сайд) телевизийн нэрийг TV90 (ЕРөнхийлөгч) гэж өөрчилбөл ямар бол? Бүгдээрээ “хэн нэгэн хүний захиалгаар биш ажилладаг”  мөртлөө өөрийг нь магтаад салдаггүй олон шинэ телевизийн дундаас өмч хөрөнгөө танихад Ерөнхийлөгчид амар. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 4 Comments »

TV9 телевизийн эзэн “Ийгл” телевизээр юу ярив?

Posted by Ажиглагч on 2008/02/03

Баасан гаригийн орой Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ийгл” телевизийн шууд ярилцлагад оролцжээ. Цаг гаруй үргэлжилсэн байна. Миний хувьд үзэж амжаагүй учраас Бямба, Нямд давтах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ байтугай жижиг сажиг ярилцлагыг залхтал давтдаг мөртлөө ингэх шалтгаан байсан бололтой. Н.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалттай “Ийгл” хэмээх жижиг телевизийн ярилцлагад оролцох ямар шалтгаан байсан юм бол? Ноднин Хэвлэлийн хүрээлэнгийн рейтингийн судалгаанаас болж Ерөнхийлөгчийн телевиз TV9 ба “Ийгл” хоёр муудалцсаныг Ерөнхийлөгч мэдсэн байж таарна, гэхдээ “Би Монгол Улсын Ерөнхийлөгч” гээд пээдийж оролцсон бололтой.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой юу ярилцсан бэ? (Бусдаас асууж дараах зүйлийг мэдэж авлаа) “TV9 телевизийг Ганданд бэлэглэсэн юм биш үү, одоо тэндхийн лам нар биднийг телевизтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг таньд тавиад яваад байна” гэсэн утгатай асуултыг Ийгл”-ийн сэтгүүлч тавьжээ. Яах аргагүй сайтар бэлтгэсэн асуулт.

Ерөнхийлөгч хариулахдаа “энэ телевиз Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй, Энхбаяр, Чойжамц гэсэн хоёр хувь хүнд телевизийн тоног төхөөрөмж л бэлэглэсэн. Би TV9-ийг байгуулж үйл ажиллагаа явуулад орлого олж Чойжамц хамбад ногдох мөнгийг нь төлчихсөн. Миний хувийн телевиз ” гэж хээв нэг хариулжээ.

Чухам эндээс манай мэдлэг, туршлага, зориг муутай залуу сэтгүүлчдийн сул тал харагдсан. Японы шашны байгууллага телевизийн тоног төхөөрөмжийг Ганданд биш, хувь хүмүүст бэлэглэсэн гэдгийг юугаар нотлох вэ? Төрийн өндөр албан тушаалтанд тэр тусмаа гаднаас өгсөн бэлэг өндөр үнэ өртөгтэй бол холбогдох газарт нь бүртгүүлж улсад тушаах ёстой, хэрвээ хүсвэл мөнгийг нь төлж авах ёстой биш үү? гэхчлэн цааш үргэлжлүүлсэн бол…

Дараа нь Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг тантай холбож ярьдаг гэсэн асуултыг тавьжээ. Нөгөөдөх нь “Би Соёлын сайд байхдаа Соёлын төв өргөөнд сууж байсан, тэгэхлээр надтай холбоотой байж таарна ..” гэхчлэн үгээр тоглож өгчээ.

“Үгүй ээ, Хэвлэх үйлдвэрийн барилгыг асууж байна … Танай гэр бүлийн хүн Цолмон …. Сүхбаатарын талбайд урдах, Санкт-Петербург төвийн дэргэдэх барилга … гэхчлэн асуултаа үргэлжлүүлсэн бол?

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 3 Comments »