АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хаа сайгүй сонсдох “Ээж ээ, ёо ёо …” тэгэсхийгээд мартагдана

Posted by Бид on 2008/01/12

Хоёрхон настай Намуун охиныг хойт эцэг гэх шоронгоос гарч ирсэн эр төрсөн эхийг нь ажилдаа явсан хойгуур байнга зоддог байжээ. Бүтэн сар хэвтэрт ортол зодсон удаатай. Бяцхан охин “Ээж ээ, ёо ёо” гэж түлэгдсэн гараа үзүүлэхэд “өөрөө очоод зууханд түлчихсэн” гэсэн эрийн үгэнд итгээд өнгөрч байсан. Тэгээд ноднин 12-р сарын 8-нд согтуугаар зодоод алчихсан юм байна. “Ардын эрх” сонины сурвалжлагч энэ хэргийн мөрдөн байцаагчтай хийсэн ярилцлагаа 2008 оны 1-р сарын 7-нд нийтлүүлж “Хамгийн харамсалтай нь, хэнд ч, ямар ч  гай тариагүй, гэм хийгээгүй тэр хөөрхөн үр л байна. “Ээж ээ, ёо ёо” гэж хэлэх л түүний хувьд амиа хамгаалж байгаа оролдлого нь байсан байж таарна. Үнэхээр харамсалтай” хэмээн төгсгөжээ. Охины сэтгэл шимшрэм үг надад сонсдох шиг болсон.  Та заавал олж уншаарай.

Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт хөдөөнөөс дөнгөж  нүүж ирсэн айлын хоёр жаал Дамбадаржаа орчимд шинэ сургууль руугаа явж байгаад машинд дайруулж амиа алдсан, Хархорин зах дээр аавынхаа гараас бариад явж байсан 8 настай охин таг нь онгорхой муу усны худаг руу унаж урсаад хэд хоногийн дараа Төв цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр дээрээс цогцсыг нь олсон, ядуу айлын охин маргааш идэхээр хадгалсан гамбирыг нь нуугаад идчихсэн 5 настай охин дүүгээ зодоод алсан хэрэг явдлыг бүгд мартсан биз. Бүр 1990-ээд оны дундуур орон гэргүй жаал (Батцогт гэсэн шиг санана) өлсөхийн эрхэнд Эх нялхсын төвийн дэргэдэх хогон дээрээс баахан эм олж идэн хордоод эмнэлэгт байгааг Монгол телевиз сурвалжилж түүнээс хэдэн зүйл асууж “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн, харин төгсгөлд нь “Энэ хүү биднийг явснаас хойш тэр оройдоо нас барсан байна” хэмээн мэдээлсэн нь санаанд үлдэж хоцорчээ.

Хэвлэл мэдээллээр гардаг энэ мэт эмгэнэлт түүхийг бид тухайн үедээ халаглаад л өнгөрдөг. Аль нэг “од”-ын ээлжит нөхөр, эхнэрээр хэн тодорч байгаад маш их санаа зовнин бичиж туурвидаг манай сэтгүүлчид энэ мэт хэргийн хойноос явдаггүй. Жинхэнэ сенсаац, сургамжтай, бас хариуцлага нэхсэн өгүүлэл, нэвтрүүлэг олон гарна даа.

Өнөөдөр Улаанбаатарын хаа сайгүй онгорхой нүхнүүд… Хэн ч сургамж аваагүй хэвээрээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: