АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for January, 2008

Телевизүүдийн эзэмшлийн тухай зарим мэдээлэл

Posted by Ажиглагч on 2008/01/31

UBS телевиз
Нийслэл Улаанбаатар хотын Төр захиргааны байгуулллагын дэргэдэх телевиз байсан. 2004 оноос менежментийн гэрээгээр гурван  жил ажилласны дараа 2007 оны эхээр Ц.Балхжав нар 700-800 сая орчим төгрөгөөр худалдан авчээ. 

TV5 телевиз
Ерөнхий захирал Ц.Базаррагчаа
Эзэмшлээ албан ёсоор зарлаагүй, гэхдээ 50-иас доошгүй хувийг Ц.Базаррагчаагийн гэр бүл (түүний эхнэр Д.Сарангэрэл тус телевизийн “ерөнхий зөвлөх” юм), үлдсэн хэсгийг хэд хэдэн хүн тус бүр 20-иос бага хувиар эзэмшдэг, тухайлбал Дэд бүтциийн дэд сайд асан У.Уламбаяр, “Монголросцветмет” нэгдлийн захирал асан, одоо ҮХЯ-ны газрын дарга Х.Бадамсүрэнгийн оролцоотой гэсэн  мэдээ бий.

TV9 телевиз
Ерөнхий захирал Ц.Энхбат
Японы буддын шашны байгууллагаас Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт бэлэглэсэн телевиз.  Одоогоор удирдах зөвлөлд нь УИХ-ын гишүүн Сү.Батболд,  Ц.Мөнх-Оргил (сувгийн зөвшөөрлийг  эзэмшдэг), мөн Ерөнхийлөгчийн ойр дотнын хүмүүс  ордог.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Галт тэрэг замаасаа гараад машин мөргөөд …

Posted by Ажиглагч on 2008/01/28

“Нийгмийн толь” сонины өнөөдрийн дугаарын нэг гарчиг шууд нүдэнд туслаа: “Галт тэрэг замаасаа гараад машин мөргөөд байна, яах вэ?”.
Цаашаа бүр зугаатай: “Зарим хэвлэлээр “Галт тэрэг машин мөргөв” гэсэн гарчигтай мэдээ, нийтлэл гарах болоод удаж байна. Зүгээр зогсож байгаа машиныг галт тэрэг замаас гаран хөөж очоод мөргөж байгаа юм шиг ойлгогдож байгаа биз. Энэ нь төмөр замыг олон салаа замтай болж, дураараа сүлжин давхих сайхан ирээдүй хүлээж байна гэж зөгнөж буй хэрэг үү. Эсвэл замын хөдөлгөөний дүрмэнд “Галт тэрэг нь ойртон ирж буй автомашин, ердийн хөсөг, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Хайс, хашаа арайхийн давж буй согтуу хүн болон тэвш дүүрэн ачаа ачсан тээврийн хэрэгсэлд онцгойлон зам тавьж өгөх” гэсэн заалт оруулчихсан юм уу. Хохирогчдын хэлж буйгаар тийм л юм шиг байна. Саяхан Багахангай орчимд төмөр замын гармаас портер машин гарч байгаад галт тэргэнд мөргүүлэв. Гэтэл галт тэрэг “портер” машин мөргөлөө хэмээн шуугиж байна. Яахаараа галт тэрэг амь амьдралаа залгуулах гэж яваа жолоочийн портерийг мөргөдөг байна аа. Мөн нүүрс ачаад яарч явсан ядарсан нөхрийг машиныг галт тэрэг “хуссан” сурагтай….Уг нь портерийн жолооч биш галт тэрэгний машинист тээврийн хэрэгс¬лийг алсаас харж, хүндэтгэл үзүүлэн зогсох ёстой байж л дээ” гэхчлэн бичжээ. Сайн даапаалсан байгаа биз.

Хэд хоногийн өмнө манайхан нисэх талбайнхаа цасыг цэвэрлэж амжаагүйгээс болж “Эйр Чайна”-гийн онгоцыг буулгаж чадалгүй хүлээлгэсэн тухай өгүүллээ тус сонин “Хятадын онгоцыг нэг цаг зугаалахыг хүсчээ” гэж гарчигласан билээ. Цаадуул нь ямар ойд зугаалж яваа биш уурлаад шууд буцаад нисэлгүй яахав.

Энэ мэтээр “Нийгмийн толь”  заримдаа дажгүй сайн гарчиг өгдөг болж. Өнөөдрийн дугаарын өөр нэг гарчиг: “Улаанбаатар Улаанчулуут шиг боллоо”. Улаанчулуут гэж юу болохыг мэддэг хүн сэрдхиймээр…

Posted in "Нийгмийн толь" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Юун Барсболд?

Posted by Ажиглагч on 2008/01/27

Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайг хятадууд эзэмшиж Хонконгийн бирж дээр мөнгө босгож байгаа болон хилээр хорт бодисыг хууль бусаар оруулж ирснийг тойрсон PR кампани түр намжаад байна.

Ховдоос ирсэн иргэдийн хэвлэлийн бага хурлыг угтуулж болон дараа нь Mon Эn Kо-гийн талаас Хүний нөөцийн асуудал хариуцсан захирал Д.Баттулга ганцаараа зогсоо зайгүй ажиллаж “Хөшөөтөд хэрүүл биш хөгжил хэрэгтэй” гэсэн гарчигтай, сонинууд ямар үсэг сонгосноос шалтгаалж 1,5-2 нүүр эзэлсэн томоос том төлбөртэй ярилцлага өдөр тутмын сонинуудад нийтлүүлжээ.“Зууны мэдээ”, “Арын эрх” хоёр төлбөртэй болохыг дурдаагүй бол “Өнөөдөр”, Зууны шуудан” хоёр “Сурталчилгаа” нүүрт оруулсан байх жишээтэй.

Тэгтэл УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж хэвэллийн бага хурал зарлаж, араас нь Ховд аймгийн удирдлагуудын десант бууж сөрөг тал давшилтанд орлоо. Гэхдээ гол цохилт нь” “Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрны “Хєшєєт ба Барсболд” гэсэн гарчигтай өгүүлэл байв. Мэдээжийн хэрэг, Д.Өрнөд хэмээх нууц зохиогчтой.

“… Сvvлийн vед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хєшєєтийн уурхайтай холбогдсон дуулиан єрнєж байна. Энэ дуулианыг МАХН-ын шинэчлэлийн тєлєє санаачилгад 2004 оноос эхлэн vзэл бодлоо нэгтгэн зогсч, одоогийн намын даргын vзэл баримтлалыг шууд дэмжин, тvvнээсээ vvдэн сайн муугаар хэлvvлж яваа нэгэн эрхэмтэй зохион байгуулалттайгаар холбохыг хичээж байгаа нь анхаарал татаж байна… Энэ жишээн дээр Монголын улс тєрд сvvлийн vед ноёлоод байгаа сурталчилгааны технологийн бvх дамжлага ил тод харагдаж байгаа юм. Бас энэ жил болох УИХ-ын сонгуулийн сурталчилгааны компани, сценари ч иймэрхvv маягаар явж магадгvй гэдгийг ч хэлэх хэрэгтэй.Энэ хvн бол МАХН-ын шинэчлэлийн 25 дугаар их хурлаас намын даргаар сонгогдсон С.Баярын удирдаж буй єнєєгийн аппаратад намын нарийн бичгийн даргаар сонгогдсон У.Барсболд юм…. Ингэж харах юм бол оны эхний хар пиарын захиалагч нь У.Барсболдын нутгийн залуу Ц.Элбэгдорж байж болно. Ховдоос мань хvн нэр дэвших санаа євєрлєн, ирээдvйн єрсєлдєгчдєє эртхэн дарах тооцоо хийсэн байхыг vгvйсгэх аргагvй. У.Барсболдын санаачлан идэвхтэй дэмжиж эхлvvлсэн Хєшєєтийн уурхайн хєрєнгє оруулалтын тєслийн ирээдvй тэнд єрсєлдєх ямар ч хvнийг сандаргахаар байгаа юм…. У.Барсболдын нялх vеийн зохиомол тvvх, зvс царайны онцлог, бvр удам судрыг нь зохион тєєрєлдvvлж аль болох сvржин vг, vзэн ядмаар дvрслэлээр бичдэг байна…” гэх мэтээр урсгажээ.

Барсболд нь өөрөө дуугараагүй байхад энэ өгүүлэл ёстой л нөгөө “юун гуя?” болов бололтой. Үүний оронд Хөшөөтийн лицензийг У.Барсболд биш юм бол хэн авсан, хэнд зарсан, хэн эзэмшдэг гээд хэдэн нэр биччихсэн бол …

Чухам энэ өгүүлэлд дээр дурдсанчлан “Монголын улс тєрд сvvлийн vед ноёлоод байгаа сурталчилгааны технологийн бvх дамжлага ил тод харагдаж байгаа юм”.

Posted in "Зууны мэдээ" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

С.Баярын телевиз, сонин …

Posted by Ажиглагч on 2008/01/27

Саяхан  “Өдрийн сонин” дээр “С.Баярын телевиз, сонин гэж шинээр нэрлэгдэх болсон …” хэмээн дайруулан бичсэн харагдав.

Урьд нь С.Баярын нэрийг зүүсэн юмуу зүүлгэсэн ямар нэгэн телевиз юмуу сонин дуулдаагүй, энэ бол анхных.
Лавшруулж сонирхвол, “Өнөөдөр” сонин” ба “25-р суваг телевиз”-ийг хэлжээ. Арваад хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр Монгол ньюс”-ийн төв байранд ирж “Өнөөдөр” сонины редакц, “25 дугаар суваг” телевизийн хамт олонтой уулзаад төгсгөлд нь талийгаач Балдорж эрхлэгчийг хамгийн сайн сайхнаар дурсаад “… Би сонссон. Б.Нандинтүшиг маань сониныхоо Ерөнхий эрхлэгч, телевизийн Ерөнхий захирал болсныг… Нандиадаа туслах ёстой. Энэ бол миний үүрэг,  би үүргээ  биелүүлнэ ээ. Ерөнхий сайдын, нэг намын даргын хувьд биш, С.Баяр гэдэг хувь хүнийхээ хувьд би тусална, чадах ядахаараа тусална” гэж хэлсэнтэй холбоотой бололтой.

МАХН-ын дарга, Ерөнхий сайд хүн арав гаруй телевиз,  өдөр тутмын сонинудаас нэгийг ялгаад “хувь хүнийхээ хувьд” тусалж болох уу? Тэр тусмаа сонгууль дөхөж байхад. (Харин огцорсныхоо дараа бол ёстой хувийн хэрэг) Уг нь сэтгэл санааны хувьд юмуу зүрх  сэтгэлээрээ гэхчлэн хэлсэн бол дээр байж. Цаашдаа нам, төрийн өндөр албан тушаалд байгаа цагтаа “хувь хүнийхээ хувьд”  яаж тусалснаа ил тод байлгахаас өөр аргагүй болж байна. Жишээлбэл,  ЗГ-ын үйл ажиллагааг “Өнөөдөр” сонин юмуу 25-р сувгаар хэрхэн сурталчлуулсан, ирэх сонгуулийн кампаниар МАХН яаж хамтран ажилласнаа зарлах хэрэгтэй. Эс тэгвэл АН-ын албан ёсны биш төв хэвлэл – “Өдрийн сонин” энэ байтугайг бичээд эхлэнэ.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Эх орон” нам ба ҮШН хоёр дундаа өдөр тутмын сонинтой

Posted by Ажиглагч on 2008/01/27

“Эрэл”-ийн  Эрдэнэбат хувийн “Монголын мэдээ” сониноо худалдсан, үгүй бол сонгуулийн найз М.Энхсайхантайгаа хуваалцсан эсэхийг бүү мэд, ямар ч байсан 2000 оноос хойш ерөнхий эрхлэгчээр ажилласан Д.Сандагсүрэнгээ халж оронд нь Үндэсний шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулууныг тохоон томилжээ.
1990-ээд оны эхний өмч хувьчлалын бужигнаан хийгээд 1995 оны “Төв Ази” банкны дампуурлын од болсон Ё.Гэрэлчулуун 2005 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэрээр авсан хэдэн зуун саяын зээлийн мөнгөөр байгуулагдаж сүүлдээ зээлийн өрөндөө Голомт банкинд хураагдсан дуулддаг “Боловсрол” телевизийг удирдаж  (харамсалтай нь энэ телевиз одоо хэр хөлд олигтой орсонгүй), дараа нь ҮШН-аар дайраад энэ сонинд ирлээ. Сонгууль дөхсөн болохоор хариуцлагатай постон дээр үнэнч кадруудаа байршуулаа биз. 
Эрдэнбат, Энхсайхан хоёр 100 сая төгрөгөөр өгөлцөж авалцсан гэлцэнэ. Тендерээс тэрбум тэрбумаар унагадаг хүн сониноо ингэж зарахгүй.  Бүр том шалтгаан бий. 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан Б.Эрдэнэбатын  “Эрэл” компанийг 5-6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн санагдана. Аяганы хариу өдөртөө бол татвараас чөлөөлсний хариу яг 10 жилийн дараа ажээ. .
Гэхдээ Эрдэнэбат “нарийн”. Тэгэхлээр “Эх орон” нам ба ҮШН хоёр дундаа өдөр тутмын сонинтой болсон байх нь хамгийн магадлалтай. 
Хэвлэл мэдээлийнхний таамагласнаар, тус сонин урьд нь Энхбаярын талд ерөнхийдөө байсан бол одоо ийнхүү түүний лагерьт бүрмөсөн шилжлээ. (Энэ лагерьт “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”, “Өнөөдрийн  Монгол”, “Улаанбаатар таймс” зэрэг өдөр тутмын сонинууд, бас хамгийн том хоёр “шар” сонин  Сэрүүлэг”, “Хүмүүс” лав багтаж байгаа)
Гэтэл сонин юм болов. Гэрэлсайхан ажлаа дөнгөж авч байхад буюу 2008 оны нэгдүгээр сарын 18-ны дугаарт Эрдэнэбатын Эгийн голын УЦС-ыг  ээлжит удаагаа нэхсэн өгүүлэл нийтлэгдэж “Ойрмогхон Ерєнхийлєгчийн телевизээр Эгийн гол дээр УЦС барих хэрэггvй гэсэн нэвтрvvлгийг гурав дахин давтан vзvvлэв. Мєн Ерєнхийлєгчийн сонин бас л иймэрхvv утгатай нийтлэл хєврvvллээ… Энэ ч нэг юм болохын дохио доо хэмээн ярилцаж асан хvмvvсийн таавар зєрсєнгvй. Эгийн гол дээр баригдах УЦС-ын тєсєл зогсчээ. Гэхдээ бvр ч биш тvр зогсоолоо гэсэн байна. Учир нь энэ тєсєл УИХ-аар батлагдаад, Ерєнхийлєгчийн толгойлдог Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр дэмжигдээд, Ерєнхий сайд нь Хятадад очоод гар хєлийн vсгээ зуралцчихсан эд шvv дээ. Одоо яахав дээ манайхан ёс жудаг гэдгийг мэдэхээ больсон юм чинь, нєгєє за гэвэл ёогvй шvv гээд байсан vгнээсээ буцах тєлєвтэй байгаа бололтой. Бас тэгээд жаахан ичсэн vv, яасан тvр хойшлууллаа гэсэн vгийг хавчуулжээ… Харих одоо Ерєнхийлєгчийн телевиз Ерєнхий сайд байсан, энэ гэрээг vзэглэсэн М.Энхболдын тухай, тvvнийг хаана явна, тэнд хар муу юм дагалдаж явдаг тухай доодос болоод дундчуулын ухаан тархинд зориулсан бас нэгэн єгєєшийг тун ойрмогхноос цацах боллоо. Мєн Ерєнхийлєгчийн сонинууд ч тvvнийг єлгєж аван гєвєх болсон нь ирэх бас нэгэн нvргээний тvрvvчийн чимээ гэлтэй харагдаж байна…” гэхчлэн авч өгчээ.
Энэ сэтгүүлч хэрэгт орох вий дээ…
 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Аймгийн телевизvvдийг UBS-ийн жишгээр хувьчилж авахнээ…

Posted by Ажиглагч on 2008/01/27

(Арваад хоног завсарласны эцэст дахин бичиж эхэллээ)  

Өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудаас орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн Сонгуулийн ерөнхий хорооноос тэдэнд зориулсан семинарт ирэхдээ хэвлэлийн бага хурал зарлаж зарим нэг сонин мэдэгдэл хийснийг онцолж байна.  Зохион байгуулагч нь  орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо. Тус холбооны тэргүүн нь С.Шаравдорж. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс аймгуудад хувийн сониноо ээлж дараалан байгуулж, одоо 10 гаруй аймагт сонин эзэмшдэг, бас орон нутгийн сонины холбоог  үүсгэн байгуулсан бол одоо орон нутгийн телевиз, радиог нэмж багтаасан хэрэг.

Өнөөдөр аймгуудад 34 сонин хэвлэгдэн гардаг,  ес нь хувийн, хоёр нь намын, 16 нь компанийх. Тэгвэл 29 телевизийн 10 нь хувийн, гурав нь нам хүчнийх, тав нь төрийн, дөрөв нь компанийн, бусдынх нь харьяалал тодорхой бус гэнэ. Нэлээд хэдэн аймгийн радио, телевиз ИТХ-ын харъяанд үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ цаана нь ИТХ-д хяналтаа тогтоосон МАХН-ын, эсвэл АН-ын хэдэн хүн байдаг. Бас орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн  орон нутгийн телевизүүд төр, захиргааны байгууллага, нам эвслийн дарамтанд байна, тэндээс санхүүжилт авч байна гэхчлэн тэр ярьжээ.

Хачин тооцоо байна. Хувийн  ба компанийн өмчийн хооронд ямар ялгаатайг бүү мэд. Өөрийн арван хэдэн сониноо хувийнхад хамруулсан уу, эсвэл компанийхад уу? Орон нутагт хувийн өмчийн хэвлэл мэдээлэл илт давамгайлжээ. Тэгэхлээр ИТХ-ийн дэргэдэх хэвлэл мэдээллийг жинхэнэ олон нийтийн болгох нь хамгийн тулгамдсан асуудал баймаар.

Гэтэл С.Шаравдорж огт өөр санал дэвшүүлж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн “Орон нутагт олон нийтийн радио, телевиз байж болно” гэсэн заалтыг өөрчилж одоо ИТХ-ын мэдэлд байгааг нь хувьчлах хэрэгтэй,  тэгэхдээ зөвхөн менежментийн  гэрээгээр хувьчлах ёстой, орон нутагт олон нийтийн телевиз байх шаардлагагүй, зөвхөн МҮОНТ-ийг үздэг байхад хангалттай гэж мэдэгджээ.

Эндээс орон нутгийн хэвлэл мэдээллийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх гэсэн компанийн захирлын сонирхол илт цухалзаж байна. Аймгийн телевизүүдийг UBS-ийн жишгээр хувьчилж авахнээ.  Огт үнэ төлөхгүйгээр удирдлагыг нь гартаа оруулж байр сав, техник тоног төхөөрөмжийг хэдэн жил үнэгүй ашиглаж орлого олоод улмаар өөрийнх нь  мөнгөөр худалдан авч хувийн болгосноор дуусдаг.

Гэхдээ орон нутагт UBS шиг орлого олох боломжгүйг бас “бодолцож” аймгуудын төвд хэвлэл мэдээллийн төвийн хоёр давхар барилга барих хэрэгтэй,  үүний тулд ерөнхийлөгчид хандана, бас Гадаад хэргийн яамаар дамжуулан гаднын улс, олон улсын байгууллагаас зээл, тусламж авахад туслахыг хүснэ гэхчлэн санаан зоргоор мөрөөдөж өгчээ. Мөнгө төлдөггүй менежментийн хувьчлалаар авах гэж байгаа болохоор аргагүй…  

Posted in Орон нутгийн хэвлэл мэдээлэл | 1 Comment »

“25-ын захирал Алтай” байх уу?

Posted by Ажиглагч on 2008/01/16

Өчигдөр “АЭ энд ЖААГ” ХХК буюу “25 дугаар суваг” телевизийн хувь эзэмшигчдийн хурал болж олонхийн саналаар Б.Нандинтүшигийг “25 дугаар суваг” телевизийн Ерөнхий захирлаар томилсон тухай мэдээлэв. Энэ үйл явдал Монголын хэвлэл мэдээллийн өмчлөл гэж эгзэгтэй асуудал байдгийг сануулаад авлаа.

Сэтгүүлч З.Алтай “25-р суваг” телевизийн захирлаар үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн 11 жил тасралтгүй ажиллаж “25-ын захирал Алтай” гэсэн хэвшмэл хэллэг болтол бий болтол бид дасчээ. Бас Телевизүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, саяхан Зар сурталчилгааны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Засгийн газрын хуралдаанд уригдаж байр сууриа хамгаалж харагдсан  билээ.

Хэрвээ та анзаарсан бол “Өнөөдөр” сонин дээр үргэлж “MN-25-р суваг” гэж бичдэг бол “25-р суваг” телевиз өөрийнхөө дэлгэцээр MN гэдэг хоёр үсгийг хэрэглэдэггүй. Үүний цаана юу байна вэ гэвэл “АЭ ба ЖААГ” компанийн 25,5 хувийг Ц.Балдорж, 25,5 хувийг Ш.Отгонбилэг, харин үлдсэн 49 хувийг ЖААГ буюу Жаргалсайхан, Алтай, Авирмэд, Галсанжаргал нар эзэмшдэг дундын телевиз байсан тул хоёр тал бие бие рүүгээ бага зэрэг чангаадаг байжээ. Өнөөдөр хяналтын багц нь талийгаачдын эхнэр, хүүхдэд шилжиж, тэд захирлаар Балдоржийн Нандинтүшигийг тавьсан хэрэг. Түүнийг Ерөнхий захирал гэсэн байна, тэгэхлээр З.Алтай ердийн “захирал”-аар үлдсэн байж магадгүй юм.

“Монгол ньюс” группэд “Монгол ньюс лейбор” (гадаадад ажиллах хvч гаргах vйл ажиллагаа эрхэлдэг), АBМ (хэвлэл тvгээн, борлуулах), Duty free (“Буянт-Ухаа” нисэх буудал дахь vйлчилгээний цэг), “Алтан төгрөг” (банк бус санхvvгийн байгууллага) зэрэг охин компаниуд багтаж, мөн “Монгол ньюс”-ийн хөрөнгө оруулсан “Улаанбаатар зочид буудал” ХК, “САС MONGOLIA” Монгол, Японы хамтарсан аялал жуулчлалын компани, “King Palace” Монгол, Хятадын хамтарсан барилгын компани, “Улаанбаатар – 2” жуулчны бааз, “24 цаг”  дэлгүүрийн сүлжээ байдаг гэсэн. Оны өмнө “Монгол ньюс”-ын үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсны охин Нандинтүшигийг “Монгол ньюс” компанийн Ерөнхий захирал бөгөөд “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгчээр,  одоо “25-р суваг” телевизийн ерөнхий захирлаар томилжээ. Бүх хөрөнгө нэг гарт төвлөрч байна. Одоо жинхэнээсээ MN-25-р суваг телевиз гэж нэрлэх буйзаа.

Редакцийн бие даасан байдал гэж нэг асуудал хэвлэл мэдээлэлд бий. Гэхдээ энэ тохиолдолд ярих асуудал хараахан биш…

(Уншигч та “Монголын хэвлэл мэдээллийн эзэмшил” гэсэн Тусгай хуудсыг үзэж мэдээлэл, санал бодлоо нэмэрлээрэй)  

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Хаа сайгүй сонсдох “Ээж ээ, ёо ёо …” тэгэсхийгээд мартагдана

Posted by Ажиглагч on 2008/01/12

Хоёрхон настай Намуун охиныг хойт эцэг гэх шоронгоос гарч ирсэн эр төрсөн эхийг нь ажилдаа явсан хойгуур байнга зоддог байжээ. Бүтэн сар хэвтэрт ортол зодсон удаатай. Бяцхан охин “Ээж ээ, ёо ёо” гэж түлэгдсэн гараа үзүүлэхэд “өөрөө очоод зууханд түлчихсэн” гэсэн эрийн үгэнд итгээд өнгөрч байсан. Тэгээд ноднин 12-р сарын 8-нд согтуугаар зодоод алчихсан юм байна. “Ардын эрх” сонины сурвалжлагч энэ хэргийн мөрдөн байцаагчтай хийсэн ярилцлагаа 2008 оны 1-р сарын 7-нд нийтлүүлж “Хамгийн харамсалтай нь, хэнд ч, ямар ч  гай тариагүй, гэм хийгээгүй тэр хөөрхөн үр л байна. “Ээж ээ, ёо ёо” гэж хэлэх л түүний хувьд амиа хамгаалж байгаа оролдлого нь байсан байж таарна. Үнэхээр харамсалтай” хэмээн төгсгөжээ. Охины сэтгэл шимшрэм үг надад сонсдох шиг болсон.  Та заавал олж уншаарай.

Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт хөдөөнөөс дөнгөж  нүүж ирсэн айлын хоёр жаал Дамбадаржаа орчимд шинэ сургууль руугаа явж байгаад машинд дайруулж амиа алдсан, Хархорин зах дээр аавынхаа гараас бариад явж байсан 8 настай охин таг нь онгорхой муу усны худаг руу унаж урсаад хэд хоногийн дараа Төв цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр дээрээс цогцсыг нь олсон, ядуу айлын охин маргааш идэхээр хадгалсан гамбирыг нь нуугаад идчихсэн 5 настай охин дүүгээ зодоод алсан хэрэг явдлыг бүгд мартсан биз. Бүр 1990-ээд оны дундуур орон гэргүй жаал (Батцогт гэсэн шиг санана) өлсөхийн эрхэнд Эх нялхсын төвийн дэргэдэх хогон дээрээс баахан эм олж идэн хордоод эмнэлэгт байгааг Монгол телевиз сурвалжилж түүнээс хэдэн зүйл асууж “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн, харин төгсгөлд нь “Энэ хүү биднийг явснаас хойш тэр оройдоо нас барсан байна” хэмээн мэдээлсэн нь санаанд үлдэж хоцорчээ.

Хэвлэл мэдээллээр гардаг энэ мэт эмгэнэлт түүхийг бид тухайн үедээ халаглаад л өнгөрдөг. Аль нэг “од”-ын ээлжит нөхөр, эхнэрээр хэн тодорч байгаад маш их санаа зовнин бичиж туурвидаг манай сэтгүүлчид энэ мэт хэргийн хойноос явдаггүй. Жинхэнэ сенсаац, сургамжтай, бас хариуцлага нэхсэн өгүүлэл, нэвтрүүлэг олон гарна даа.

Өнөөдөр Улаанбаатарын хаа сайгүй онгорхой нүхнүүд… Хэн ч сургамж аваагүй хэвээрээ.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

TV5 зочинтойгоо нийлээд …

Posted by Ажиглагч on 2008/01/10

Сүүлийн хоёр хоногт бид Мон En Co хэмээх компанийн пиарийн довтолгооны гэрч боллоо.
Баримт юу вэ гэвэл Ховд аймгийн Хөшөөтөд нүүрсний асар том ордыг аль социализмын үед зөвлөлтийн геологичид хайгаад олсныг Ховдоос гаралтай, гэхдээ Улаанбаатарт амьдардаг хэдэн том дарга () дахин “хайж олох” лицензыг сэмхэн аваад (яг Таван толгой шиг) түүнийгээ Хонконгийн хятадуудад зарж, тэд нь Mongolia Energy Corporation (www.mongolia-energy.com) гэгчийг байгуулж Хонконгийн хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байгаа  ажээ. Ноднин зун өрөмдлөгт ашиглахаар ч юмуу зуугаад тонн үл мэдэгдэх бодисыг хууль бусаар оруулж ирээд хил дээр баригдсаныг аймгийн төвд авчран хадгалж байгаад буцаагаад өгчихсөн, дотор нь цианит байж магадгүй яагаад гэвэл нутгийн иргэдэд элдэв хордлого илэрч байгаа гэнэ. Ингээд Хөшөөтийн хавь ойрын хэдэн сумынхан “Сутай хайрхан” ТББ байгуулж, төлөөлөгчид нь Улаанбаатарт ирж 2008 оны 1-р сарын 9-нд хэвлэлийн хурал зарлаж, хорт бодисыг шалгах, оруулж ирсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх, ерөөсөө энэ ордын лицензийг төрийн мэдэлд хурааж, стратегийн орд газрын жагсаалтанд оруулахыг шаардах болжээ.
Үүнийг  мэдсэн Mongolia Energy Corporation-ын Монгол дахь төлөөлөл – Mon En Co компани амдаж цохилт өглөө. Урьд орой нь TV8 телевизийн “Хэн нь хэн бэ?” нэвтрүүлгээр Мон Ен Ко компанийн хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Баттулга том ярилцлага өгсөн нь зөвхөн эхлэл байв. Маргааш өдөр болсон хэвлэлийн бага хурлын тухай сурвалжлагыг хэд хэдэн телевизээр гаргуулаагүй байж чадсанаар барахгүй сөрөг дайралт хийв.
Сүүлийн үед Эзэн-Ерөнхийлөгч шигээ шударга юм олныг ярих болсон TV9 телевиз “Хөшөөтийн орд цианит хэрэглээгүй” гэсэн тайлбар нэвтрүүлж, зөвхөн Баттулгын яриаг багтаажээ. “Цианит хэрэглэсэн” гээд хэн хэзээ хэлчихсэнийг  бүү мэт, нөгөө хэвлэлийн хурлын тухайн авиа ч дуугарсангүй.
TV5 телевиз бүр шийдчихэж. Хэвлэлийн бага хурлын талаар таг дуугүй өнгөрсөн хэрнээ “Зочны цаг”-аараа Д.Баттулгатай тусгайлан ярилцсан хөтлөгч Энхцэцэг зочинтойгоо нийлээд нутгийн “ухвар мөчид иргэд”-ийг элдвээр хэлж гарлаа.  
–       Ийм төрийн бус байгууллага гарч ирээд байхлаар та нарын явуулж байгаа үйл ажиллагаанд хор нөлөө нь юу байна?
–       Та бүхэн нутаг усныхандаа тустай үйл хийдэг болсон байна шүү дээ… 
–       Дарамтлагч …
–       Дайны хажуугаар дажин байдаг юм аа. Байгаль орчноо хамгаалах гээд нэг хэсэг нь үнэн сэтгэлээсээ тэмцээд явж байхад  нөгөө хүмүүс нь Баттулга гуайн хэлдгээр тухайн компанийг янз бүрээр дарамталж рекэтлэдэг ийм хандлага манай улсад бий болоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Энэ бол Ховд аймгийн Цэцэг сумын нүүрсний уурхайн орчимд гарч байгаа, Гэлээ гэхдээ сайн үйлс үргэлж ялдаг юм аа…  
Сэтгүүлчийн үг гээд боддоо! Лав энэ орой сайн үйлс биш, Mongolia Energy Corporation-ы биржэд босгож байгаа их мөнгөний TV5-д ногдсон хэсэг үнэмлэхүй ялалт байгуулав.
TM телевиз бас Мон Ен Ко-гийн талд оржээ. Харин МҮОНТ хэвлэлийн бага хурлыг тэр чигээр нь сурвалжилсан бол “25-р суваг” телевиз аль аль талын байр суурыг тэнцүүхэн харуулав. Бусад телевизийг ажиглаагүй учраас яасныг бүү мэд. Сонинууд арай гайгүй. “Өдрийн сонин”, “Ардын эрх”, “Зууны шуудан” хэвлэлийн хурлын талаар ердийн сурвалжлагуудыг нийтэлж, харин “Зууны мэдээ”. 3-р нүүрэндээ “Ховдод хорт бодисын аюул нүүрлэжээ” жижигхэн сурвалжлага, харин 9-р нүүрэнд “Хөшөөтийн уурхайд цианит натри ашигладаггүй” гэсэн нэр хаяггүй нийтлэл тавьжээ. Төлбөртэй учраас илүү том байсан биз…. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV5 телевиз | Leave a Comment »

Бүргэд хэнийг онилов?

Posted by Ажиглагч on 2008/01/08

Монголд олон телевиз бий болсны сайн тал гэвэл ямар нэгэн дуулиантай үйл явдал болоход очоод шавчихдаг. Даанч нэг даргын яриаг бүгдээрээ яг адилхнаар элэгдтэл дамжуулдаг хэдий ч хааяа арай өөр тийшээ харж, бас наагуур цаагуур өнгийж сурвалжилдаг телевиз бас олдоод байна гээч. Саяхан “Азийн чоно”-нд Багануурынхан уруулсны дараа “Ийгл” телевизийн сурвалжлагч нийслэлд архины зөвшөөрөл түгээдэг хатагтайг олоод оччихсон, яагаад мянга гаруй зөвшөөрөл илүү тараасныг шалгааж, цаадах нь “арга хэмжээ авна ш дээ”  гэхээс өөр юм хэлж чадахгүй хэцүүдэж харагдсан. Энэ хатагтай бол Нийслэлийн захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эхнэр байлаа.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

“Энержи ресурс”-ийг өмөөрөх сэтгүүлчдийн хөдөлгөөн

Posted by Ажиглагч on 2008/01/07

Монголын төр хэдэн сайхан хөрөнгөтнүүдээс  Таван толгойг булааж авч дээрэмдсэн тухай уйлж хайлдаг сэтгүүлч олон болжээ. Хамгийн сүүлд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өдрийн сонин”-доо “С.Баяр чадахгvй юм чинь тэд яаж чадах вэ?” гарчигтай өгүүлэл бичиж “… Тавантолгой хэмээх асар их нvvрсний нєєцтэй орд газар Монгол байтугай дэлхийн сонирхлыг татаж байгаа энэ vед Засгийн газар vндэстний хєрєнгєтнvvдээсээ лицензийг нь булааж аваад хоёр сар хэртэй боллоо … Монголчуудаасаа булааж авсан орд газраа Хятадын “Шеньхуа”-д єгч гэмээнэ тэд татвараа Бээжинд тєлнє. Оросын “Базовый элемент” ч Москвад, “Пибоди энержи” АНУ-даа татварын тайлангаа гаргаж єгєх болно…. гээд л авч өгчээ. Яасан сайн мэдэж байна аа. 

Уг нь Улсын мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газар хамтарч шалгаад Таван толгойн лицензийг үндэсний хөрөнгөтнүүд улс төрчидтэй нийлээд хууль бусаар авсныг тогтоосон (харин энэ тайланг Үндэсний аудитын газар вэб сайтдаа тавихгүй нуучихааад болдоггүй ээ), үндэстний хөрөнгөтнүүд өөрсдөө “Таван толгой”-г Хятадын “Шиньхуа” өгөхөөр хэлэлцэж ярилцаж байсан гэлцэх юм. Эхлээд энэ талаар судалж бичвэл нэлээд тайвшрахсандаа.

Хэн нэгний өмнөөс бичих нь сэтгүүлчийн ажил биш. Л.Мөнхбаясгалан оны өмнөхөн “Өдрийн сонин”-доо УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын сурталчилгааны нүүрэн дээр түүний өмнөөс ажлыг нь тайлагнасан харагдсан. Одоо “Энержи ресурс”-ийн өмнөөс … Тэгсэн мөртөө “Биднийг захиалгатай бичээд байна гэж хардаад байна” хэмээн хардаж ярьдаг болжээ.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Өдөр тутмын сонинуудын эзэмшил: 2008 оны 1-р сар

Posted by Ажиглагч on 2008/01/07

Манайд энэ талын мэдээлэл ихээхэн хаалттай, үүнийг албан ёсоор зарладаг журам,  ядахдаа наад захын соёл байхгүй тул би мэдээллийг бага багаар цуглуулж байна. Явцын дунд нэмж засварласаар гүйцээх болно. Та бүхэн өөрсдийн мэдэж байгаагаа болон санал сэтгэгдлээ нэмэрлээрэй. Удахгүй албан ёсоор эхлэх 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өмнө хэн нь хэнийх болохыг бүгд мэддэг байгаасай. 

Нэр Албан ёсны статус, удирдлага Эзэмшлийн тухай мэдээлэл 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр ямар байр суурьтай байгаа.
“Ардчилал” “Олон нийтийн чөлөөт хэвлэл” Ерөнхий эрхлэгч  Ц.Цолмон

Вэб сайт. www.ardchilal.com

Монголын Ардчилсан Холбооны хэвлэл. УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүжүүлдэг. АН, түүний нэр дэвшигчдийг бүх талаар дэмжиж, МАХН-ыг шүүмжилдэг. 
“Ардын эрх” “Өдөр тутмын чөлөөт хэвлэл” Ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн

Вэб сайт: www.news.mn

Бодь группийн Д.Баясгалан, Л.Болд нар  үүсгэн байгуулжээ. Харьцангуй бие даасан байр суурьтай, гэхдээ АН-ын тодорхой нэр дэвшигчид болон ИЗН-ыг дэмждэг.
“Зууны мэдээ” “Үндэсний өдөр тутмын сонин Ерөнхий эрхлэгч Д.Болдхуяг

Вэб сайт: www.zuuniimedee.mn

 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүлийн мэдлийн сонин.   Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмждэг. МАХН ба АН-ыг шүүмжилдэг. 
“Зууны шуудан” “Үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Б.Ганболд

Вэб сайт: www.zuuniishuudan.mn

 Тодорхойгүй Харьцангуй бие  даасан байр суурь баримталдаг, гэхдээ МАХН ба АН-ын тодорхой нэр дэвшигчдийг дэмждэг.
“Монголын мэдээ” “Үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Ё.Гэрэлчулуун Анхны үүсгэн байгуулагч нь Б.Эрдэнэбат .  2008 оноос УИХ-ын гишүүн Х.Баттулга болон  АН-ын дарга Ц.Элбэгдоржийн мэдэлд шилжсэн гэсэн мэдээлэл бий. АН-ын  байр суурийг хамгаалж МАХН-ыг шүүмжилдэг.
“Нийгмийн толь” “Монголын үндэсний өдөр тутмын эрэн сурвалжлах сонин” Ерөнхий эрхлэгч С.Энхтуул

Вэб сайт: www.niigmiintoli.mn

Нийтлэлийн агуулгаас үзэхэд  цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой.    Харьцангуй бие даасан байр суурьтай бөгөөд МАХН ба АН-ын аль алиныг шүүмжилдэг.
“Өглөө, орой”  “Монголын үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Б.Болор-Эрдэнэ  Үүсгэн байгуулагч тодорхойгүй МАХН-ын дэмждэг ба АН-ыг шүүмжилдэг.
“Өглөөний сонин”  “Монголын үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл”  “Хүмүүс” сонины эзэн Р.Хадбаатарын үүсгэн байгуулсан сонин. МАХН-ыг байр суурийг дэмждэг. МАХН-ын тодорхой нэр дэвшигчид ба Ерөнхий сайд С.Баярыг  идэвхтэй дэмждэг. 
“Өдрийн сонин” “Монголын үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн

Вэб сайт: www.dailynews.mn

Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн хувийн   сонин АН-ын бүх талаар дэмжиж харин МАХН-ыг шүүмжилдэг. Ялангуяа Ерөнхий сайд С.Баяр, мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг хатуу байр суурьтай. 
“Өнөөдөр” “Монголын үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг

Вэб сайт: www.mongolnews.mn

Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Монгол ньюс” компанийн хэвлэл  Харьцангуй бие даасан байр суурьтай.
“Өнөөдрийн Монгол” “Монголын үндэсний өдөр тутмын сонин” Ерөнхий эрхлэгч Б.Мөнхбаяр   УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Т.Бадамжунай нарын санхүүжүүлдэг гэсэн мэдээ бий.   Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмжиж МАХН-ын байр суурийг хамгаалдаг ба АН-ыг байнга шүүмжилдэг.
“Өнөөдрийн тойм” “Монголын Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл” Ерөнхий эрхлэгч Н.Нинж УНДЕГ-ын дарга С.Эрдэнэүүсгэн байгуулсан АН-ыг дэмжиж, МАХН-ын эсрэг байр суурь баримталдаг.
“Улаанбаатар таймс” “Нийслэлийн өдөр тутмын сонин” Эрхлэгч Н.Ариунтуяа

Вэб сайт:  www.ubtimes.mn

2004 оноос менежментийн гэрээгээр ажилласан боловч одоогоор бүрэн хувьчлагдсан эсэх тодорхойгүй. МАХН-ын байр суурийг дэмждэг. Нийслэлд МАХН-аас нэр дэвшигчдийг тусгайлан дэмждэг.  
“Үнэн” “МАХН-ын төв хэвлэл” Ерөнхий эрхлэгч Ц.Ганбат

Вэб сайт: www.unen.mn

Тайлбар шаардлагагүй. Тайлбар шаардлагагүй
“Хөдөлмөр” МҮЭ-үүдийн холбооны хэвлэл. Эрхлэгч Бүрэнжаргал   2008 оноос өдөр  тутам гарч эхэлсэн боловч 4-р сараас хаагдсан.

Posted in + СОНИНУУД | 1 Comment »

МҮОНТ аваад л байдаг, аваад л байдаг…

Posted by Ажиглагч on 2008/01/05

Шинэ оны эхэнд Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз өөрийнхөө талаар хоёр мэдээллийг үзэгчиддээ хүргэжээ.  Олон удаа давтсаныг бодоход үнэхээр чухал байж.  Нэгдүгээрт, 2007 оны шилдгүүдээ өөрөө шалгаруулжээ. Монголын телевизүүдийн холбооноос хүүхдийн ба уран сайхны нэвтрүүлгээр хоёр “Алтан шонхор”-ыг хүртээсэн ч МҮОНТ-ийнхэн албан ёсоор очиж аваагүй, зөвхөн Гүрбазар сурсан зангаараа очиж хөтөлж харагдсан. “Биднийг “Алтан шонхорт” оролцуулахгүй байна” хэмээн гомдол тавьж байсан хэсэг  уран бүтээлчид өөрсдөө “Алтан шонхор”-т дуулдаагүй болоод ч тэр үү хэл ам гаргасангүй. Нэг үгээр хэлбэл МҮОНТ арилжааны жижиг телевизүүдээс ангид, тусдаа “номинац” гэдгээ харуулаад авчээ.   

Хоёрдугаарт, МVОНРТ “Ниссан” маркийн авто машинаар парк шинэчлэл хийжээ. “Цагийн хүрд”-ээрээ хэдэнтээ мэдээлээд зогсолгүй, бусад  телевизийг урьж сурвалжлуулав. Үнэхээр сайхан машинтай болсонд итгэлээ.  Жип голдуу харагдаж байна. Төрийн байгууллагууд жипээс татгалзаж байхад МҮОНТ жип рүү шилжиж байгааг үзэхэд одоо дарга нарыг дагахгүйгээр хөдөө явж сурвалжлах юм байна.   Харин “Цагийн хүрд” хөтөлбөрөөр 12 машин авсан гэж ярьсан бол TV5 телевиз 14 машин, “Өдрийн сонин” дээр 13 машин гэж мэдээлэв. Үүний оронд шатахуун бараг зарцуулдаггүйг шагшиж, бас эвдэрч хэмхэрдэггүй  машин авсан учраас жилдээ 20 сая төгрөгийн засвар үйлчилгээний мөнгийг хэмнэгдэх тухай телевизийн дарга нар ярьжээ. Нөгөө дарга нь 41 сая төгрөг хэмнэнэ гэсэн илүү өөр тоо хэлэв. Харин хэд ч бай, энэ гоё машинуудыг хэдэн төгрөгөөр авсан, тэр их мөнгө хаанаас гарсан талаар хэдэн үг хэлчих тав арван секунд дутлаа.  

Тэгтэл МҮОНТ, Хас банк, “Ниссан” фирм (Моннис гэсэн үг. Япончууд өөрсдөө мэдээ ч үгүй) гурав 1,5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх сураг дуулдлаа. Хэд хоногийн өмнө “Хас” банкны дэд захирал Ш.Болд, МҮОНТ-ийн захирал Наранбаатар нар хамтран ажиллах тухай гэрээгээ сунгаж  гарын үсэг зурж  байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, иргэдийн банк, санхүүгийн мэдлэгийг сайжруулах сургалт зохион байгуулна гэж зарласан. Харин гэрээний үргэлжлэх хугацаа ба мөнгөн дүнг зарласангүй. Тэр дунд 12-14 Ниссан яваа талаар огт дурдаагүй. 2006  онд МҮОНТ-ын хуучин удирдлага “Хас банк”, Юнител”-тэй” тус бүр 100 сая төгрөгийн гэрээ байгуулсныг шүүмжилдэг шинэ удирдлага гарч ирсэн боловч удалгүй чимээгүй болсон. Маш амттай гэрээнүүд байжээ.  

МҮОНТ төсвөөс тэрбум тэрбумаар авдаг. Төсвийн мөнгөөр 5 саяас дээш бараа үйлчилгээ худалдаж авбал тендер зарлах ёстойсон. Тэгвэл ямар ямар компани өрсөлдөөд “Ниссан” шалгарсан бол доо? Хэмнэлттэй үнээр өгч авч байгаа гэнэ. “Хэмнэлттэй үнэ”-ийг зөвхөн тендерээр тогтоох учиртайсан. Нууц нь “Ниссан” хэмээх гайхамшигтай машинд төдий биш, түүний Монгол дахь албан ёсны борлуулагч “Моннис”-т байгаа бололтой.   

“Агтны хариу жилдээ” гэдэг. Одоо монголын улс төр, эдийн засагт ихээхэн өндөр авсан нэгэн бүлэглэлийг төлөөлдөг (Сүхбаатарын талбайн урдах төмөр барилгын байршил ба өндрийг хараарай), Ерөнхийлөгчийн хувь оролцоотой гэгддэг Моннис-ийн халаасанд МҮОНТ өөрөө ороод ирлээ. Тэр тусмаа сонгуулийн жил. “Хас” банк ч гэсэн өөрийн төдийгүй бусад бүх банкны харилцагчдын санхүүгийн  боловсролд санаа зовсондоо зуу зуун саяар МҮОНТ-д өгдөгггүй байж таарна.   

МҮОНТ- Моннис–Хас-ын гурвалжин холбооны талаар Интернэтэд нийтлэгдсэн эсэх, энэ талаар хүмүүс юу бодож байгааг сонирхвол дараах сэтгэгдэл анхаарал татлаа:   “Моннис интер­нэйшнл” ёс суртахуунгvй бизнесээ зогсоо. Тєрийн байгууллагад машинаа хямдруулаад ердийн харилцагч нартаа vнээ нэмдэг чинь буруу байна. Бид төрд татвар төлсөөр байхад та нар дээр нь биднээс бас чангааж тєрд зусардах юм. Танай Патрол 2007 оны эхэнд 48 000 долл байсан гэтэл одоо 53 000 болсон байна… 

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Шинэ жилийн орой сэрэмжлүүлэг уншиж болохгүй гэж үү?

Posted by Ажиглагч on 2008/01/02

Багануур дүүрэгт хуурамч архинаас болж 10 гаруй хүн амь насаар алдаад байгаа. 2008 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн телевизүүд энэ талаар зогсоо зайгүй мэдээллээ. Ард иргэдийг хамаагүй байтугай архи уухаас сэрэмжлүүлж чадлаа.  Харин хугацаа алдаагүй биз. Анхны хордсон хүмүүс 12-р сарын 31-ны өглөө илэрч, амь насаа алдаж эхэлсэн ба энэ тухай мэдээлэл тэр оройдоо манай телевизүүдэд ирсэн юм байна. Гэхдээ UBS телевизийн мэдээллийн албаны даргын ярьснаар бол,  шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа ард иргэдийг сандраахгүйн тулд энэ талаар зарлаагүй гэнэ.  Тэр тусмаа зарлах ёстой юм биш үү?

Он солигдох мөчид Ерөнхийлөгч нь 2008 оныг хүнсний аюулгүй байдлын жил болгон зарласан билээ. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Цэнхэр дэлгэц” үгүй шинэ жил

Posted by Ажиглагч on 2008/01/02

Шинэ жилийн хэдэн үдэш бүгд л “гоё” юм үзнэ гэж бүгд телевизийн дэлгэцээ ширтэн хүлээсэн байх.  Урьд хэдэн жилийн турш “Цэнхэр дэлгэц” гэж монголын бүх оддыг цуглуулсан үйл явдал, найр наадам, инээд хөөр, дуу хөгжим бүрдсэн том нэвтрүүлгийг үзэж магтацгаадаг байсан. Бүр дараа жилийн “Цэнхэр дэлгэц”-ийг хэдэн оны дуу дуулах бол гэх мэтээр хүлээдэг, асууж сурагладаг байсан шүү. 

Тэгвэл 2008 оны шинэ жилээр юу үзэв ээ? Телевиз болгон нөгөө  хэдэн од, хамтлагуудыг нэг нэгээр хувааж аваад тус тусын “Цэнхэр дэлгэц”, “Баярын мишээл”-ийг  бэлтгэж үзүүлсэн ч санаанд үлдэж хоцорсонгүй. Лав миний үзсэн нэвтрүүлэгт дуулж хөгжилдөхөөсөө илүү дэвэн дэлхийн юм чалчсаар байгаад уйтгарлуулав. Шинэ жилээр шүү. Сайд дарга нартай андуурсан бололтой. Бусад нэвтрүүлэг нь баахан идэж уусан хүмүүс. Тэднийг дэлгэцээр хараад үзэгчид хамт наргиж цэнгэсэн мэт болно хэмээн тооцсон бололтой.  Телевиз болгон хошин шог үзүүллээ. Миний дүгнэлтээр TV9 телевизээр гарсан Х-ТҮЦ-ийн уламжлалт хошин хөтөлбөр урьдын адил бусдаас илүү байсан ч ноднин, уржнангийнхдаа  хүрээгүйг энэ өдрүүдэд давтан үзүүлсэн 2005, 2006 оны хөтөлбөрүүдтэй харьцуулахад харагдлаа. Бусад хошин шогууд инээд биш уур хүргээд болсонгүй ээ.  

Харин 2007 оны монголын телевизүүдийн шилдгүүдийг шалгаруулсан ёслолын ажиллагаанаас хийсэн сурвалжлагуудыг  залхтал үзүүллээ. Магтаал, өргөмжлөлийг сонсвол ямар агуу хүмүүс телевизэд ажилладаг юм бэ хэмээн дуу алдмаар. Даанч шинэ жилийн  сайн нэвтрүүлэг хийж чадсангүй. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »