АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2007

Бараг бүх мэдээ, сурвалжлагыг хэвлэлийн бага хурал, баяр ёслол, нээлт, хаалтаас бэлтгэдэг

Posted by Ажиглагч on 2007/12/31

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн гэсэн гурван байгууллага 2007 оны монголын хэвлэл мэдээллийн шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөх ёслолуудаа гурван орой дараалан үйлдлээ. Шалгаруулалт олон, номинаци хангалттай учраас МҮОНТ-ийнхэн 2007 онд тэр чигээрээ одон тэмдэгтнүүд болцгоосны нэгэн адил арилжааны телевизүүд шилдгүүдээр дүүрчээ.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Алтантүрүүг шилдэг хөтлөгч гэсэн номинацаар шалгаруулав. Санал нэг байна. Тэрбээр хөтлөгчийн хувьд “10000” төгрөг тарааж, бас зээл авах хүмүүст “Шанс” олгодог ч “Танайд хоноё” нэвтрүүлэг хамаагүй илүү бөгөөд өнгөрсөн хавар хүнд өвчтэй Тунгалаг гэдэг эмэгтэйнд хоносон дугаар түүний “оргил” байсан билээ. Дараачийн оргил нь Ерөнхий сайдынд өнгөрүүлэх шөнө болох биз.

Бусад шилдгүүдийн талаар хэлэх юм алга. Харин шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр ТВ5 телевизийн “Цаг” хөтөлбөрийг шалгаруулсан нь хачирхалтай. Бүтэн хагасаас хоёр цаг хүртэл үргэлжилдэг, хөтлөгч нэртэй охидууд нь “надад гоё мэдээ байна” гээд гооглодог, тэр нь баахан хурал, семинар, найр наадам, айлчлал байдаг, эсвэл өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоочиж “монголын улс төрчид хариуцлагатай байх ёстой” гэж нэр хаяггүй том үгээр бурдаг, сэтгүүлч нэртэй худалдагчид нь гутал хувцасны хямдрал ярьдаг “бизнес мэдээ” гэгчээр дүүрсэн, “Зочны цаг”-ын ярилцлага нь хүртэл төлбөртэй мэдээллийн хөтөлбөр Монголдоо шилдэг юм гэнэ. Минийхээр бол шинэ учраас “эвдэрч амжаагүй” TV8-ын “Толь” мэдээллийн хөтөлбөр арай илүү, гэхдээ тус телевизийнхэн дээр дурдсан холбоо, эвлэлд ордоггүй, ерөнхийлөгч, тэргүүн нь биш…

Өнөөдөр манай телевизийн нэвтрүүлэг болгон шоу, шоу болгон реалити болохнээ. Хэн нэгний ажил дээр очих юмуу гудамжинд зогсоогоод, эсвэл гэрт нь зочилж унтаж босоод, тэгснээ хоол идэнгээ (бүр 100 грамм татаж байгаад ярилцдаг нэвтрүүлэг байсан) хэрэгтэй хэрэггүй юм чалчиж алиалж марзагнан цаг өдрийг өнгөрүүлснээ камераар бичиж нэвтрүүлэг болгоод үзүүлднэ. Үүнийг сайн чадаж байна.

Харин мэдээллийн хөтөлбөр, мэдээ, сурвалжлагууд үй олон боловч хоосондуу. Уг нь манай телевизүүд Монголд болж байгаа үйл явдал, тулгарч байгаа асуудал, бэрхшээл зовлонг залхтал тоочиж гаднаас нь үзүүлж сонирхуулаад орхих  бус үе үе гүнд нь нэвтэрч нөгөө үл үзэгдэгч авилгалч луйварчдыг гэрэл тусгаад гаргаад ирмээр олон боловч тэгдэгггүй. Бараг бүх мэдээ, сурвалжлагаа хэвлэлийн бага хурал, баяр ёслол, нээлт, хаалтаас бэлтгэдэг. Иймээс төрийн ордон юмуу “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвөөс холдоно гэж үгүй. Бас зөвхөн сайд дарга нарыг дагаж хөдөөлнө. Харин гадагшаа бол хэнийг дагаад хамаагүй арилж өгнө.

Баримтат, ялангуяа эрэн сурвалжилсан нэвтрүүлэг бүр байхгүй. Хааяа баримтат гэмээр нэвтрүүлгүүд гардаг, гэхдээ бүгд захиалгатай. Жишээлбэл, Ашигт малтмал, Оюутолгой, Тавантолгойн  тухай цаанаасаа захиалаагүй тийм нэвтрүүлгийг та үзсэн үү? Би лав үзээгүй…

2008 онд манай телевизүүд яана даа. Дөрвөн жилд нэг удаа тохиодог найр энэ хавар болно…

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Тавган дээрх “Зууны мэдээ”

Posted by Ажиглагч on 2007/12/31

Хоёр хоногийн өмнө Formosa нэртэй ресторанд зоог барилаа. Ширээн дээр мэдээж таваг, халбага, сэрээнүүд зэхээстэй, харин таваг болгон дээр “Зууны мэдээ” сонины шинэ дугаар байх юм. Хоол хүлээнгээ сонин уншлагаа дуусгаж эргэн тойрноо харвал ханан өлгөсөн “Magnum” нэртэй хавтгай телевизээр НТВ телевиз гарч байлаа.

Тэндээс гарахдаа НТВ хэвээрээ байгааг хараад би Шерлок Холмс шиг толгойгоо зовоохгүйгээр учрыг ойлголоо. Хоолны газарт ч салахаа больсон “Зууны мэдээ” сонин, НТВ телевиз хоёрын нөхөрлөлийг сайтар ажиглах хэрэгтэй юм байна. Цаана нь нэртэй, төртэй хүмүүс байгаа … 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Хүмүүний манлай” хэн болохыг монголын нэг сонин мэддэг

Posted by Ажиглагч on 2007/12/28

Бичлэгээ телевизээс эхлэх санаатай байсан ч “Хүмүүс” сонин оочир дайраад орж ирлээ. Хоёрхон сарын өмнө МАХН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон тул яаж ч хичээгээд ид шидээ харуулж амжаагүй С.Баярыг тус сонин “Хүмүүний манлай”-гаар шалгаруулжээ.

Яахав МАХН-ын манлай, Засгийн газрын манлай, бас улс төрчдийн манлай байж магадгүй, гэхдээ “Хүмүүний манлай” шүү!  Арай дэндэнэ ээ. Хүмүүн гэдэг бол дэндүү том үг. Энд орон зай, цаг хугацаа хамаагүй, бараг л урьд амьдарч байсан, одоо амьдарч байгаа монгол, орос, америк, хятад, энэтхэг, нигер, аргентин гээд бүх хүмүүсийн манлай  гэсэн үг байх аа. Тэгэхлээр ерөөсөө ухаант хүмүүн – homo sapiens-ийн манлай болж таарлаа.  Ийм агуу хүн чухам хэн болохыг “Хүмүүс” сонин шинэ жил болгоны өмнө яг хэлж өгдөг. Тэд монголын хэдэн дарга нар байж таардаг…

Энэ бүгдийг зохион байгуулагч нь хэн бэ гэвэл “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч, Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар бөгөөд өөртөө “Чөлөөт хэвлэлийн магнат”  гэсэн  “даруухан” алдрыг сонгож авчээ. Тэрбээр 2008 онд сонгуульд нэр дэвшихээр шийдэж Хөвсгөл аймагт сонгуулийн сурталчилгаа маягаар аялж тэр тухайгаа өөрөө Үндэсний зөвлөлд нь багтдаг МҮОНТ-ээр 40 минутийн нэвтрүүлэг бэлтгэж цацуулаад амжив. Ингээд бодохлоор МАХН-ын дарга С.Баяр (тэр бас Хөвсгөлийнх) түүний хувьд хүмүүний байтугай манлай.  С.Баярыг Ерөнхий сайд болсны дараахан түүнээс, бас өөрөөсөө томоос том ярилцлага авахуулж “Хүмүүс” сониныхоо тэргүүн нүүрнээс эхлэн зэрэгцүүлэн нийтэлжээ.  

Монголын улс төрд Баярын араас нэг нөхөр зүүгдээд гарч ирэх шиг. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай бичнэ

Posted by Ажиглагч on 2007/12/22

Би олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай ажиглалтаа бичих блог гэгчийг нээж байгаа минь энэ.

Өнөөдөр манай Монголд үй олон сонин сэтгүүл, телевиз, радио, бас янз бүрийн вэб сайтууд (голдуу цаасан сонинуудаас хуулж нийтэлдэгийг эс тооцвл) бараг бүх үйл явдал, сэдэв, асуудлыг зогсоо зайгүй үзүүлж сонсгож бичиж байгаа. Харин өөрөө? Хэвлэл мэдээлэл өөрөө тэртээ тэргүй нээлттэй мэт боловч үнэн хэрэгтээ ихээхэн хаалттай салбар юм. Ашигт малтмалаас эхлээд улс төрийг яаж ийгээд ил тод болгодог хэвлэл мэдээллийн салбарт бие биенээ хамаагүй шүүмжлэхгүй буюу илчлэхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Мэдээлэл түгээхээс эхлээд ард түмэндээ танин мэдүүлж соён гэгээрүүлдэг, цаашилбал авилгыг илчилдэг, хоточ нохой болдог энэ тэр гэхчлэн өөрөөрөө бахдаж ханадаггүй хэвлэл мэдээллийн чухам юуг нь дэлгэх гээд байгааг надаас асууж магадгүй.  Хариултыг миний блогоос үзээрэй. Ганцхан жишээ хэлье: Хэвлэл мэдээлэл юуг нийтэлж нэвтрүүлж байгаа нь чухал, гэхдээ яагаад тэгэж байгаа нь дутуугуй чухал байдаг билээ.    

Би телевизийг түлхүү ажиглах нь зүйтэй гэж үзлээ. Яагаад гэвэл аливаа нэвтрүүлэг тухайн өдөр, цаг , минутад үзэгдээд л өнгөрнөХэрвээ цаг алдалгүй тэмдэглэж үлдээхгүй бол мартагдана. Харин сонин, сэтгүүлүүд хаа нэгтээ хүлээж л байг…

Би бас хааяа улс төр зэрэг өөр зарим сэдвээр бичиж байхыг хичээнэ.

Д.Цэрэнжав.  

Posted in Ажиглагч.мн | 8 Comments »

Телевизийн эзэмшил: 2007 оны 12-р сар

Posted by Ажиглагч on 2007/12/21

Манайд энэ талын мэдээлэл ихээхэн хаалттай, үүнийг албан ёсоор зарладаг соёл, журам байхгүй учраас би мэдээллийг бага багаар цуглуулж байна. Явцын дунд нэмэлт мэдээлэл оруулж засварлаж явсаар хэсэг хугацааны дараа олон нийтэд зарлах болно. Та бүхэн санал бодлоо нэмэрлээрэй.

Нэр Албан ёсны статус, удирдлага Тайлбар
Монголын үндэсний олон нийтийн телевиз Олон нийтийн телевиз.  МҮОНТР-ийн ерөнхий захирал М.Наранбаатар

Монголын Үндэсний телевизийн захирал Д.Мөнхбаатар

Монголын Үндэсний радиогийн захирал Б.Пүрэвдаш

“Монголын мэдээ“ агентлагийн захирал Д.Энхтуяа

Вэб сайт: www.mnb.mn

Лавлах утас: 1921

Олон нийтийн телевизийн тухай хуулийн дагуү үйл ажиллагаа явуулдаг.  Үндэсний зөвлөл 15 хүнтэй: Үүнд Г.Пvрэвбат, Х.Чилаажав, Р.Бурмаа, Р.Хадбаатар, Л.Тємєрбаатар, Н.Содномдорж, Ж.Занаа, Г.Цэрэнпvрэв, Л.Дамдинсvрэн, С.Цэрэнпүрэв, Ц.Дашдондов, О.Мөнгөнтуул, Н.Золжаргал, О.Эрдэнэ-Өлзий, Л.Болд.  
UBS телевиз Хувийн арилжааны телевиз. Ерөнхий захирал Ц.Балхжав

Вэб сайт: www.ubs.mn

Лавлах утас: 1951

Нийслэл Улаанбаатар хотын Төр захиргааны байгуулллагын дэргэдэх телевиз байсан.  2004 оноос менежментийн гэрээгээр 3 жил ажилласны дараа 2007 оны эхээр Ц.Балхжав нар 700-800 сая орчим төгрөгөөр худалдан авчээ.
“25-р суваг” телевиз Хувийн арилжааны телевиз.  Ерөнхий захирал Б.Нандинтүшиг

Вэб сайт: http://www.25tv.mn

“АЭ ба ЖААГ” компани25,5 хувийг Ц.Балдорж агсан, 25,5 хувийг Ш.Отгонбилэг агсан, 49 хувийг Жаргалсайхан, Алтай, Авирмэд, Галсанжаргал нар эзэмшдэг.
“Ийгл” телевиз Гадаадын хөрөнгө оруулалттай телевиз. Ерөнхийлөгч Том Терри

Ерөнхий захирал Ц.Баярсайхан

Вэб сайт: http://www.eagle-tv.mn

Ийгл Броадкастинг Компани (EBC) АНУ-ын христийн шашны “Амонг” сан үүсгэн байгуулсан мэдээлэл-шашны телевиз юм.
TV5 телевиз Хувийн арилжааны телевиз Ерөнхий захирал Ц.Базаррагчаа

Вэб сайт: http://www.tv5.mn

“Гэгээн далай” ХХК. Эзэмшлээ албан ёсоор зарлаагүй, гэхдээ 50-иас доошгүй хувийг Ц.Базаррагчаагийн гэр бүл (түүний эхнэр Д.Сарангэрэл тус телевизийн “ерөнхий зөвлөх” юм), үлдсэн хэсгийг хэд хэдэн хүн тус бүр 20-иос бага хувиар эзэмшдэг, тухайлбал Дэд бүтциийн дэд сайд асан У.Уламбаяр, “Монголросцветмет” нэгдлийн захирал асан, одоо ҮХЯ-ны газрын дарга Х.Бадамсүрэнгийн оролцоотой гэсэн  мэдээ бий.
TV9 телевиз Хувийн арилжааны телевиз  Ерөнхий захирал Ц.Энхбат

Вэб сайт: www.tv9.mn

Лавлах утас: 1913

“Монгол холдинг” ХХК. Японы буддын шашны байгууллагаас Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт бэлэглэсэн телевиз. Одоогийн эзэмшил тодорхойгүй. Гэхдээ удирдах зөвлөлд нь УИХ-ын гишүүн Сү.Батболд,  Ц.Мөнх-Оргил (сувгийн зөвшөөрлийг  эзэмшдэг), мөн Ерөнхийлөгчийн ойр дотнын хүмүүс ордог гэсэн мэдээлэл бий.
C1 телевиз Хувийн арилжааны телевиз  Ерөнхий захирал Бен Мойл (Их Британи улсын иргэн)

Вэб сайт: http://www.C1.mn

Эзэмшлээ албан ёсоор зарлаагүй, гэхдээ Женко группд харъяалагдана. УИХ-ын гишүүн С.Баттулгын хувийн телевиз.Сувгийн зөвшөөрлийг УИХ-ын гишүүн З.Энхболд эзэмшдэг байж магадгүй.  
Боловсрол телевиз Хувийн арилжааны телевиз, гэхдээ сувгийн зөвшөөрөл төрд байгаа.   Захирал С.Нацагдорж

Вэб сайт: http://www.edutv.mn 

Эзэмшлээ албан ёсоор зарлаагүй.  Анх БСШУ-ны яамны дэргэдэх “Боловсрол сан 21” сангийн дэргэд байгуулагдсан,одоо “Бодь” группийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг.
TV8 телевиз Хувийн арилжааны телевиз Захирал Цасчихэр “Таянхан” ХХК“ Сэрүүлэг” сонины эзэн, одоо ГХЯ-ны Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга С.Баярмөнх эзэмшдэг. Мөн “Сэрүүлэг” сонин, “Эрх чөлөө” FM-104  харъялагдана.

Захирал Л.Зоригт нь “Монголын нэг өдөр” сонины үүсгэн байгуулагч юм.

NTV телевиз Хувийн телевиз  Ерөнхий захирал М.Уламбадрах

http://www.ntv.mn

“Медиа групп” ХХК-ийн дэргэдэх телевиз.“Шунхлай” группийн буюу УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын эзэмшлийн компанийн мэдэлд байдаг. Бас  “Чингэс” хаан банкны Громов  нар хөрөнгө оруулсан сураг бий.
SBN телевиз Хувийн телевиз  Гүйцэтгэх захирал Дашням

http://www.sbn.mn 

Лавлах утас: 1989

“Наран трэйд” группийн харъяа. Эзэн нь УИХ-ын гишүүн асан С.Болдхэт юм. “Супер вижн” кабелийн телевиз мөн түүний мэдэлд байдаг.
TM телевиз Хувийн телевиз  Захирал Б.Наранбат

http://www.tmtv.mn

Лавлах утас: 1945

“Алсын гэрэл” ХХК-ын харъяа. Эзэмшигч нь Үндэсний үнэт цаас компанийн захирал Б.Түмэнжаргал юм.

Posted in + ТЕЛЕВИЗ | Leave a Comment »