АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘TV8 телевиз’ Category

Хоёр магнатын алдаа буюу телевиз, сонин хоёрын аль нь хүчтэй вэ?

Posted by tseren on 2008/07/18

2008 оны УИХ-ын сонгууль энэ асуултанд товч бөгөөд тодорхой хариу өгсөн юм.

Олны мэдэх хэвлэл мэдээллийн гурван эзэн болох “25-р суваг” телевизийн захирал З.Алтай, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч Р.Хадбаатар нар саяын сонгуульд нэр дэвшсэн билээ.

Монголын хамгийн том хоёр сонины эзэд аль ноднингоос сонгуульд бэлтгэж эхэлжээ. Хадбаатар гэхэд “Хүмүүс” сонины уншигчдын клубыг ганцхан нэр дэвших Хөвсгөл аймагтаа байгуулж (нийтдээ 40 мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага болсон гэдэг) тус клубын буюу уншигч, редакцийн уулзалт нэрээр концерт, бэлэг, мөнгө, хонжвор, үнэгүй сонин, сурталчилгаагаар хөвсгөлчүүдээ таслаагүй. Бас аймгийнхаа 120 гаруй багийн даргыг Бээжин хотноо хоёр ээлжээр аялуулсан юм. Сонгогчдоо өөр яаж халамжилсныг бүү мэд.

С.Баярмөнх ч нэг их дутаагүй. Нэр дэвшихэээр шийдсэн Баянхонгор нутагтаа бас л “Сэрүүлэг”сонины уншигчдын клуб (өөр ямар ч аймагт байгуулаагүй) байгуулж ноднингоос хойш баянхонгорчуудаа сэрээсээр  сонгууль хүргэж чадсан. Дуучин Баясгалан “Сэрүүлэг”-ийн нүүр царай болж Баянхонгорт хаваржих шиг болов. Бэлэг дурсгалын талаар зөндөө дуулдаж байсан.

Дээрээс нь хоёулаа ноднингийн болоод энэ жилийн Монголын хэвлэлийн магнатаар бие биенээ ээлжлэн тодруулж том пиардсан төдийгүй хамгийн гол нь хоёулаа хамгийн хүчирхэг МАХН-аас нэр дэвшсэн байлаа. Өөр ямар ч улс төрч, бизнесмен, нийгмийн зүтгэлтэнд ийм олон давуу тал зэрэг бүрдэхгүй. УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад өөр юу хэрэгтэй юм бэ?

Телевиз чухал гэдгийг тэд ойлгож байсан. Баярмөнх бүр TV8 нэртэй телевиз байгуулсан төдийгүй Баянхонгор, бас Хөвсгөл аймагт нэвтрүүлгээ дамжуулж үзүүлсэн гэдэг. Өөрөө ч хэд хэд гарсан. Хадбаатар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө Хөвсгөл аймагт хийсэн “айлчлал”-ынхаа тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг Үндэсний телевизээр сэм сэмхэн оруулж байв. Гэхдээ хоёр магнат маань өөрсдийн эзэмшдэг сониноо тойрсон сурталчилгаанд хэт эрдэж хугацаа алдсан бололтой. Зөвхөн сонгуулийн кампанийн төгсгөл рүү телевизийн сурталчилгааны хажууд бусад сурталчилгаа юу ч биш, бүх телевизээр зэрэг бөмбөгдөх хэрэгтэй гэдгийг гэнэт ухаарч гэртээ хонуулдаг, хоол хийдгээс эхлээд бусад бүх нэвтрүүлэг, ярилцлагыг бөөн бөөнөөр захиалж угсруулан орцгоосон боловч нэгэнт хожимдсон байлаа.

“25-р суваг” телевизийн захирал З.Алтай сонгуулиас ердөө сар гаруйн өмнө нэр дэвшихээ зарласан бие даагч. Тэрбээр тойрогтоо цөөхөн хүнтэй уулзалтууд хийж, сонгогдвол үзүүлээд өгнө гэж баахан сүржигнэснээс биш, мянга мянган хүнийг доргиосон концерт, найр найдам зохион байгуулаагүй. бэлэг сэлт тараагаагүй байх. Зөвхөн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ 25-р сувгаараа сарын турш үзүүлж энэ олон жил үүргэвч үүрээд хаагуур зовж зүдрэн аялснаа сануулахад л ялалт халаасанд ороод ирэх нь тэр. Гурван өрөө байр амалсан хотын экс мэр  Ц.Батбаяр, алт эрт нүхээ малтчихсан хашир гишүүн Д.Ганди, баян бизнесмен Д.Ганхуяг, ноднингоос хойш Хонгорт, хотод, Улиастайд хаа ч хамаагүй хэн нэгний эрхийг хамгаалж тодорсон Б.Мөнхтуяа гишүүн, гурван жил жагсаж даналзсан Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан гээд өөртэйгээ өрсөлдсөн болгоныг давж тойрогтоо төдийгүй Монголд хамгийн олон санал авсан юм. З.Алтайн мэдэлд бүхэл бүтэн телевиз байсан, түүнийгээ тултал ашиглаж чаджээ.

Улс төрийн том намуудад хамаагүй, шинээр сонгогдсон хоёрдогч нэр дэвшигч бол Иргэний эвслийн тэргүүн, Ногоон намын дарга Д.Энхбат юм  Гэхдээ маш олон хүн түүнийг нам, эвслийн гуншингаар биш харин “Форум-ын Энхбат” гэсэн хоёрхон үгээр таниад сонгосон. “Форум” бол 2004-2006 онуудад МҮОНТ-ээр явуулж байсан нөгөө нэвтрүүлэг гэдгийг хүмүүс мартаж амжаагүй байжээ.

P.S: “Өнөөдөр” сонины саяхны нэг дугаарт бичихдээ “Сэтгүүлч Д.Цэрэнжав гуай зурагтаар ярьж байна. “Demokratie буюу англиар Democracy гэдэг үг нь эртний Грекийн demos (ард түмэн), kratia (засаглал) гэсэн үгнээс үүдэлтэй. Бид үүнийг “ардчилал” хэмээн орчуулдаг. Махчилсан утгаараа ар түмний засаглал гэсэн үг юм. Харин энэ удаагийн сонгуульд telecracy буюу зайнаас засаглах үйл явц давамгайлж байна” гэсэн юм. Tele гэдэг нь алсаас, зайнаас гэсэн утгатай грек үг. Түүний хэлсэн үг үнэн болохыг өнгөрсөн хоёр өдрийн үйл явц тод харууллаа” гэхчлэн бичжээ. Гэхдээ би теле гэдэг үгийг телевиз гэсэн тов тодорхой утгаар хэрэглэсэн юм шүү.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, TV8 телевиз, Сонинууд, Телевиз | 1 Comment »

МАХН-ын “Авлигын толь” ба АН-ын “Монгол дахь авлигын үнэн түүх”

Posted by tseren on 2008/05/01

Ардчилсан намын Шаабар МАХН-ынхны орооцолдсон  будлиантай хэргүүдийг голдуу түүвэрлэсэн “Авлигын толь” ном бичиж сонинд цувруулан гаргасны  хариуг МАХН-ын сэтгүүлчид барьж эхэлсэн билээ.

Харин TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр МАХН-ын сонгуулийн сурталчилгааны аргыг илчилсэн тун ноцтой тайлбар үзүүллээ. Тайлбарт, улс төрийн намуудаас МАХН түрүүлж сонгуулийн сурталчилгаандаа хамгийн бохир арга хэрэглэхээр зэхэж байна гээд өдөр тутмын зарим сонинд нийтлэгдэж эхэлсэн Жа.Пүрэв, Ш.Цэрэнпил, Б.Болд нарын “Монгол дахь авилгын үнэн түүх” баримтат цуврал нийтлэлийн гарчгийг харуулж баахан тайлбар хийлээ.

TV8 цааш үргэлжлүүлэхдээ “өдөр тутмын зарим хэвлэлийг харвал “20-р зууны банк  тоносон шилдэг луйврууд” хэмээх сүржин нийтлэлүүд гарч байна. Ардчиллынхын засаг барьсан он жилүүдэд тэднии юу хийж байсныг гутаах зорилготой. Одоо 7 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн, хэзээ ямар сувгаар  гарах нь тодорхой болсон” гээд “Алт дилерийн хэрэг ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ? “ баримтат нэвтрүүлгийн сценари йн хуудсуудыг үзүүлээд “Да.Ганболд, Гончигдорж нарын тусгайлан намнаж банкуудыг эрүүлжүүлэх алхмуудыг зоригтой хий ж байсныг гутаах зорилготой, ингэхдээ компьютер график ашиглаж янз бүрийн  юм хийх гээд байна” гэхчлэн тайлбарлав.  Төгсгөлд нь телевиз үзэгчдэд хандан “Дороо бодолтой дотроо суурьтай” байхыг анхааруулав. Уг нь дороо суурь, дотроо бодолтой байвал илүү байхсан.

АН-ынхан МАХН-ын нэвтрүүлгийн сценарыг олзолж аваад яаралтай арга хэмжээ авсан биз. Харин МАХН-ын идэвхтэй зүтгэлтэн бөгөөд МАХН-аас нэр дэвшигч С.Баярмөнхийн телевиз АН-ын талд орж МАХН-ын сурталчилгаанаас сэрэмжлүүлсний учир юу вэ? Мөнгө. Тиймээс нэр хаяггүй тайлбар байсан. Харин Баярмөнх намынхандаа “Би мэдээгүй, төлбөртэй нэвтрүүлэг байсан байна лээ” гээд аргалахаа мэднэ.

Орой нь тун төстэй, гэхдээ товчхондуу тайлбарыг бас TV9-ийн “Но[ц]той мэдээ”-гээр уншив.

Posted in TV8 телевиз, TV9 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by tseren on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. ”Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж ”Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

Posted in TV8 телевиз, TV9 телевиз, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »