АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘2008.07.01-ны үйл явдал ба дараа нь’ Category

7-р сарын 1-ныг хэсэглэсэн хэсгүүд байгуулагдав

Posted by tseren on 2009/07/31

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Уртаас урт гуншинг нь манайхан хялбарчлаад “7-р сарын 1-нд дүгнэлт өгөх ажлын хэсэг”, “7-р сарын 1-ны комисс” гэх мэтээр нэрийдэж эхэллээ. Үгүй ээ. Нэрийг нь тайлбал, зөвхөн цагдаагийнхныг (тагнуул, цэргийнхэнтэй хамтатгаад) шалгах ажлын хэсэг байна. Энэ бол УИХ-ын хоёрдахь ажлын хэсэг бөгөөд эхнийх нь онц байдлын үеэр болон дараах хүний эрхийн зөрчлийг шалгах үүрэгтэй байгуулагдсан юм.

Тэр өдрийн үймээн дэгдэхэд хүргэсэн гэх сонгуулийн булхайг бараг л хараад зогсож байсан мэтээр сүржигнэж үй олон залуусыг тултал хөөрөгдөөд тавьчихсан хүмүүс, бас галдан шатаагчдыг УИХ тойроод байгаа биз? 7-р сарын 1-ны хэрэг явдлыг эхнээс дуустал шалгаж дүгнэлт өгөх ганц ажлын хэсэг байгуулахын оронд ингэж хэсэглээд байх юм. Овоо босгоогүй байхад шаазгай суучихсан юм шиг.

Удалгүй иймхэн самууныг тэсэлгүй шатсан МАХН-ын байранд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж магадгүй. (Нээрээ, дүгнэлт өгөөд нураачихсан бил үү?)

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь | Leave a Comment »

Гүрбазар цагдааг уйлуулав. Захиалгаар.

Posted by tseren on 2008/09/22

Миний олж үзсэнээр лав “25-р суваг”, бас МҮОНТ-ээр цагдаагийн алдарт хурандаа Сайнжаргалын оршил яриагаар эхэлсэн “Нулимстай захидал” захиалгат нэвтрүүлэг гарав. 

7-р сарын 1-2-ны шөнө 4-5 иргэдийг буудаж алсан байж магадгүй хэмээн хоригдсон цагдаа нарыг өмөөрч тэднийг Ганц худгаас суллаж гадуур байцаагаач гэсэн утгатай энэ нэвтрүүлгийг МҮОНТ-ийн сэтгүүлч Ш. Гүрбазараар хийлгэж текстийг өөрөөр нь уншуулжээ. Нэвтрүүлгийн үндсэн хэсэг нь төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлсэн цагдаа нараар бахархаж, бас тэднийг өрөвдсөн уран сайхны эрэгцүүлэл агаад нэгэн цагдаа шоронгоос захидал бичиж байгааг дүрсэлж “Цагдаа уйлж байна” хэмээн сэтгэл эмтрэм уянгалуулав.  Гэхдээ захиалгаар. Төгсгөлд нь зөвхөн “Монгол Улс. 2005 он” гэсэн хаяг тавьжээ. Нэрээ яагаад тавьж болохгүй гэж? Цагдаа нар, тэдний ар гэрийнхэн Мөрдөн байцаах албыг бүслэн дарамтлахаас эхлээд ажил хаялтаар айлгаж, өлсгөлөнгөөр сүрдүүлж  буйгийн үргэлжлэл нь Гүрбазар болжээ. 

Тэдгээр цагдаа нарыг  суллаад байцаах хэрэгтэй байж болно. Тэглээ гээд ноцтой асуулт хэвээрээ үлдэнэ: Хэрвээ дээрх иргэдийг үнэхээр цагдаа нар буудаад алчихсан нь нотлогдвол яахав? Магадгүй цагдаа нар 10 байшин, тэрбум төгрөгийг хамгаалж  100 хүний амийг аварсан байж болно, иймээс тэр шөнө 5 хүний амь хөнөөснийг хасаад 100 – 5 = 95 хүний амь аварсан гээд хэргийг цайруулахыг хүсээд байгаа юм уу? Монголын цагдаа нар бидний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалдаг, тэднийг хүндэлж хайрлах ёстой, гэхдээ гэмгүй хүмүүсийг буудаад алчихсан бол хуулийн  дагуу шийтгэу таарна, тэд буруутай эсэхийг тогтоохын тулд одоогоор зөвхөн шалгаж байгаа, энэ явцад шаардлагатай гэж үзээд хорьсон билээ.  

Эртний домог байдаг: Хааны харуул шөнө зүүрмэглэх зуураа дайсны их цэрэг сэмхэн ирж явна гэж зүүдлээд хаандаа дуулгаж гэнэ. Яаж мэдэхэв хэмээн сэрэмжилсэн хаан цэрэг зэвсгээ бэлтгэсний ачаар үнэхээр ирж байсан дайсныг угтан дарж чадав. Улс гүрнээ аварсан тэр харуулыг хаан яасан бэ? Мэдээж шагнасан, гэхдээ шөнө унтдаг муу харуул гээд шийтгэсэн гэдэг… 

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 1 Comment »

Онц байдлын хий үзэгдэл

Posted by tseren on 2008/08/31

МҮОНТ-ын “Ярилцъя” шууд ярилцлагын хөтөлбөр УИХ-ын сонгуулийн дараа хоёр сар “амраад” энэ Бямба гаригаас дахин явж эхэллээ.

Эхлээд суваг солиход УИХ-ын гишүүн З.Энхболд улс төрийн нөхцөл байдлын талаар ярьж дуусаад намын хурал руугаа яаран одов.

Дараа нь Усны хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга оролцож Монгол оронд усны асуудал ямар байгаа талаар ярилаа. Мэдээж Туул голын нэр дурдагдсан.  Тэгсэн мөртлөө сүүлийн саруудад Туулын ундны усны эх үүсвэрийн бүсэд халдсан хамгийн ноцтой жишээ – Гачууртад байгуулж эхэлсэн гольфийн талбай асуудал юу болсныг таг дуугүй өнгөрөөв. Уг нь энэ дарга тэнд оччихсон, хууль зөрчсөн үйлдэл байна гэж мэдэгдээд зогсож байсансан. Хөтлөгч Мөнхтөр ч асуусангүй. Тэгснээ дэлхийн ундсны усны хомсдлын талаар  санаа зовинон ярилцсаар өндөрлөв. Ёстой л нөгөө “хүн төрөлхтнийг хайрлах нь хөршөө хайрлахаас амархан” гэж үнэн аж.

Дараа нь 7-р сарын 1-ны үйл явдлын дараах онц байдлын үеэр 4 хүнийг буудаж алсанд сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байгаа цагдаагийн ажилтнуудын өмнөөс өдөр алгасалгүй үед жагсаал цуглаан зохиож хэвлэлийн бага хурал зарлан телевизийн  дэлгэцээс салахаа больсон Алтангэрэл болон цагдаагийн чөлөөнд гарсан хурандаа Билгээ хоёр уригдан оролцлоо. Дэлгэцийн дор “Төрийн цагдаа” гээд их л учиртай биччихэж.  Цагдаа хүмүүсийг буудаж алсан эсэх тухай ярьж байхад шүү.

Бусад телевизийн сурвалжлагч охид, хөвгүүд сайн ухахгүй байгаа учраас урьд нь цагдаагийн ажилтан байсан энэ Алтангэрэл  улам оодорч хоригдсон цагдаа нарын ар гэрийнхныг ашиглан “цагдаа ажил хаяна”, “өлсгөлөн зарлана” гэх мэтээр сүрдүүлэх болсон билээ. Хашир сэтгүүлч Мөнхтер оновтой асуулт тавьж хандыг нь дарах болов уу гэтэл үгүй аж. Наад Алтангэрэл чинь юуг мушгин гуйвуулж байгааг ойлгохгүй байна уу? Ерөнхийлөгчийн гаргасан, УИХ-аас баталгаажуулсан Онц байдлын тухай зарлигийг ёсчлон биелүүлж төрийн төлөө үүргээ гүйцэтгэснийхээ төлөө төлөө шоронд хоригдоод байна гэж Алтангэрэл дахин худал заллаа. Тэр есөн цагдааг үүний төлөө бус, харин дөрвөн хүн буудуулж амиа алдсантай холбогдуулан шалгаж байгаа бус уу?  Нийслэлд эмх журмыг сахиулах үүрэгтэй мөртлөө хөдөөгүүр нэг тарчихсан байсан тэдгээр цагдааг авчирч хорьсон нь ялласан хэрэг огт биш, харин төрийн цагдаа нарт халдаж МАХН-ын байрыг шатаасантай холбогдуулан Ганц худагт хорьсон 180-аад хүний нэгэн адил зөвхөн сэжиглэн шалгаж байгаа хэрэг билээ. Ийм энгийн зүйлийг хөтлөгч асуухыг хүсээгүй учраас цаадуулын ам халж, тухайлбал Билгээ хурандаа “прокурорын байгууллага цагдаа руу халдаж байна, ямар нэгэн нам хүчний захиалга юм шиг байна, ингэснээр хүчний байгууллагуудын нягт хамтын ажиллагаанд ан цав суулгалаа, тэгэж ярих юм бол цагдаагийнхан хэв журам сахиулахдаа дарга нь хэлсэн хэлээгүй буугаа авч гараад буудах эрхтэй байсан, тэгээд буудсан биз хэмээн хадуурав. Хөтлөгч Мөнхтөр түүнд Онц байдлын үеэр галт зэвсэг хэрэглэхийг Ерөнхийлөгч хатуу хориглосон тухай сануулах болов уу гэтэл үгүй, харин ч “цагдаагийн 500 албан хаагч бэртэж гэмтсэн бол энгийн иргэдээс дөнгөж 12 хүн гэмтсэн …гадаадад бол цагдаа нарт гар хүрвэл шууд бууддаг” маягийн юм ярьж улам хөөргөж байх юм.

Сүүлийн өдрүүдэд МҮОНТ-ээр Ганц худагт хоригдсон цагдаа нарын ар гэрийнхний зовлон дээр дөрөөлсөн Алтангэрэл нарыг илт дэмжиж “Цагийн хүрд”-ээрээ байнга сурталчилж өгч байгаа төдийгүй хэд хоногийн өмнө 7-р сарын 1-ны жагсаал цуглаан ямар ямар хууль зөрчсөн тухай нэр хаяггүй нэвтрүүлгийг хулгайгаар үзүүлсэн билээ.

2008 оны 7-р сарын 1-4-ны Онц байдлын хий үзэгдэл МҮОНТ-ээр тэнүүчилсээр байх шиг. Бүтэн хоёр сар өнгөрөөд байхад тэрхүү үйл явдлын учир шалтгааныг эрэн сурвалжилж талуудын байр суурийг харуулсан нэвтрүүлэг ганцыг ч хийсэнгүй. Арай штабаас Сайнжаргал хурандаагийн зөвшөөрөл хүлээж өдий хүргээгүй байлтай…

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Танхай хурандаа

Posted by tseren on 2008/08/22

Наймдугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай телевизүүд олимподсоор байсан ч МҮОНТ яагаад ч юм шөнө дунд хүргэлгүй дуг  нойрондоо дугжирч эхэлсэн юм.  Харин “Ийгл” телевиз эсрэгээр, цагаа сунгаж 02.30 цаг хүртэл нэвтрүүлгээ үргэлжлүүлэв. Уг нь яг шөнө дунд Fox News рүү шилждэгсэн. Ямар онцгой үйл явдал тохиолдов? Энэ орой 7-р сарын 1-2-ны шөнө хүмүүсийг буудаж алсанд сэжиглэгдсэн цагдаагийн эргүүл хамгаалалтын ангийн дарга хурандаа Батсүхийг УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд байцаахаар дуудаж улмаар барьж хорихыг завдахад цагдаагийн албан хаагчид болон ар гэрийнхэн цугларч Мөрдөн байцаах алба руу бараг л дайран орсон бужигнааныг шуурхай сурвалжлан үзүүлсэн нь энэ.

Батсүх гэж дээд зэргийн танхай хурандааг сайн харж авлаа. Нийслэлийн ерөнхий хууль журам сахиулагч маань өөрөө хууль журмыг уландаа гишгэж өгч байна аа. Улс төрийн том том мэдэгдэл хийж АН руу дайрч давшлан улмаар онц байдал тогтоох зарлиг гаргасан Ерөнхийлөгчийг буруутгаад авч байна. Хамгийн ноцтой нь гэвэл өөрийнхөө захирдаг цагдаа нараар хэдэн өдрийн турш жагсаал цуглаан хийлгэж сүүлдээ шөнөөр цуглуулан өөрийгөө Ганц худаг руу ачуулахгүй байхыг оролджээ. Тэгсэн мөртлөө цагдаа нартаа “Тарцгаа” гэсэн тушаал өгөхгүй, харин ч “Манай цагдаа нар өөрсдөө энд цугларсан, би ир гээгүй” хэмээн даналзаж байсан. Тэгэхлээр Батсүх хурандаа цагдаа нараа ч захирч чаддаггүй, цаадуул нь прокурорын байрыг дүүргэж ажилтнууд руу нь давшилж байгаа юм чинь жирийн иргэнийг яадаг бол? Ялангуяа үймээний шөнө гудамжинд явж таарсан хүмүүсийг яасан бол? Заримыг буудчихсан байвал гайхах хэрэггүй байхнээ.

Сүүлийн өдрүүдийн цагдаа нарын зөвшөөрөлгүй хийсэн жагсаал, цуглаан бол ноцтой. Мөрдөн байцаах газарт болсон энэ шөнийн даварсан хэрэг явдлыг SBN  зэрэг телевиз сурвалжлагчдаа явуулж бичлэг хийлгэсэн боловч зөвхөн “Ийгл” телевиз шуурхай сурвалжлага бэлтгэн тэр шөнө үзүүллээ.

Зүгээр нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд  бус, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил сайд өөрийн биеэр ирсэн ч цагдаа нараа эгүүлэн татахын оронд тэдэнд юу ч хэлэлгүй буцаад явсан нь “үргэлжлүүл” гэсэн шиг ойлгогдсон. Үйл явдал маргааш үргэлжилж цагдаа нар хавь ойрыг бүслэн хаасан хэвээрээ байхад Цагдаагийн газрын дарга, Онц байдлыг шууд хэрэгжүүлэгч Амарболд генерал өөрөө нэмэгдэн Галдаа прокурортой хэлэлцээр шахуу юм хийж,  цаадах нь нотлох баримт хангалттай гэж хэдэнтээ мэдэгдсэн ч буулт хийснээр маш ноцтой хэрэгт сэжиглэгдсэн Батсүх хурандааг саатуулалгүй шалгахаар болжээ. Ийнхүү Ганц худагт өчиггүй хоригдсон хэдэн зуун залуучууд болон Магнай, Батзандан, бас хэд хоногийн өмнө баригдсан жирийн цагдаа нараас илүү тэгш эрхтэй бас нэг иргэн Монголд мэндэлж Бадар-Ууганы алтан медалийн тоглолтыг гэрээсээ үзэхнээ.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Телевиз | 3 Comments »

Нэр нь үл мэдэгдэх “зураглаачид”

Posted by tseren on 2008/08/11

Өчигдөр C1 телевизээр гарсан сурвалжлагаар Сүхбаатарын талбай дээр чимээгүй суугаа Ганц худагт хоригдсон иргэдийн ар гэрийнхнийг гартаа камер атгаж зогсоо зайгүй дагаж бичлэг хийж яваа нэгэн залууг харуулав. Тэр нөхөр баатарлаг тагнуулчийн дүрдээ хэт автаж телевизийнхэн ирчихээд байхад зэрэгцэн “сурвалжилсан” тул нэгэн суугчийн тэвчээр барагдаж түүнийг илчиллээ:

- Биднийг 30-нд суулт хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зогсоо зайгүй мөрдөж байна. Тэр тусмаа намайг өндийсөн ч бичдэг, суусан ч бичдэг. Би гайхаад хаанаас явааг нь асуухлаар эхлээд “Зиндаа” сониных гэж хариулаад өнгөрсөн… Дараа нь Арслан очиж асуухад бас нэг сониных гэж хэлсэн… Байнга ингээд дагаад байхлаар би сүүлдээ айж эхэлсэн учраас дахиж асуухад Сүхбаатар дүүргийн хүн гэсэн… Уржигдар бид баригдаад цагдаа дээр очиход энэ залуу камераа харуулаад “Эгч гуай, баримт нь бий шүү” гээд сууж байсан…

Цаадах нь зугатаад явчихав.

7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө мянга мянган жагсагчид хуйларч байхад цагдаагийнхэн олон камераар тасралтгүй дүрсжүүлж авсныг ойлгож болох юм. Харин өнөөдөр 80 настай эмгэн, хоёр ихрээ тэвэрсэн хүүхэн, таягтай хөгшин зэрэг бүрэлдэхүүнтэй ядарсан хэдийг ингэж улайран мөшгиж байгаа нь дэндэнэ ээ.

2005 оноос иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан оволзоход үл анзаарагдам нөхөд чимээгүйхэн бичиж зогсохыг хэн ч тоогоогүй. Тэр үед миний олж харсан зарим “зураглаачид” энэ байна. Хоёр дахь зурган дээр цаад хоёр нь юм шүү.

Гэхдээ монголын цагдаа ард иргэдээ тагнасан эхний баримт бүр 1995 онд илэрснийг сануулья. Нийслэлийн багш нар цалин хөлсөө нэмэхийг шаардаж Сүхбаатарын талбай дээр өнгөрүүлсэн тэр хаврын өдрүүдэд багш нарын ажил хаялтын түр хорооны өрөөнд (МҮЭ-ийн Төв зөвлөлийн ордны 3-р давхарт байсан) цагдаагийн нэгэн ажилтан чагнах төхөөрөмжтэй хүрмээ “мартаад” явсан нь илэрч бөөн шуугиан дэгдсэн ч тэгэсхийгээд замхарсан.

Бүр 13 жилийн өмнө, бүгдээрээ нийлээд ч одоогийн Магнайгаас 10 дахин номхон багш нарыг (бүгд эмэгтэйчүүд) голохгүй чагнаж байжээ!!!

Тэрнээс хойш гүйцэтгэх ажлын гэгддэг арга техник, хэрэгсэл санаанд оромгүй түвшинд хүрсэн байж таарна. Тэгэхлээр өнөөдөр цагдаагийнхан жагсаж цугласан болгоны дуугарсан, хөдөлсөн бүрийг яаж хурааж дүрсжүүлэн ямар зузаан хар данс хөтөлж байгааг төсөөлөхөд ч бэрх. 80 настай эмгэн тэргүүтэй суугчдыг хэдэн өдрөөр “шагайж” чадаж байгаа юм чинь Амарболд генерал нөгөө Батзандан, Магнай нарын уулзалт ярианд бараг эчнээгээр оролцдог байсан биз.

Монголд жагсаал цуглаанд оролцогсод байтугай цагдаагийнхан өөрсдөө дураараа дургидаг болж.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь | 3 Comments »

Өнөөдөр 2008 оны 8 дугаар сарын 8.

Posted by tseren on 2008/08/08

Хятадын нийслэл Бээжин хотноо зуны 29-р Олимпийн тоглолт нээгдэж байна. Энэ өдрөөр улс төрийн хоригдлуудыг суллах, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хангахыг энд тэндээс уриалж шаардаж байгаа билээ. Гэхдээ зөвхөн Хятадын биш, бас Монголын эрх баригчдаас шаардмаар байна. 

Бид “МАХН-ын байр дуу дайрч орьё” гээд уриалсан, гэхдээ дайрч орох байтугай чулуу ч шидээгүй Г.Магнайг баривчилсан нь зөв буруу эсэх талаар маргалдаж болно. Тэгвэл уриалаа ч үгүй Ж.Батзанданг яагаад олон хоног суулгасан бэ?  Сүхбаатарын талбай дээр дуугүй суусан Г.Арслан, А.Саруул нарыг яагаад баривчлав? Тэд Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэнтэй нийлж Сүхбаатарын талбай дээр чимээгүй суулт хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайханд хүсэлт гаргажээ. Уг нь жагсаал цуглаан ч биш, өдөр бүр 12-17 цагт чимээгүй суухыг хүссэн. Гэтэл “оролцох хүмүүсийн тоо тодорхойгүй” гэх мэт хөгийн шалтаг зааж бүртгээгүй аж. Уг нь Амарсайхан дарга жагсаал цуглаан хийх гэсэн иргэддээ үйлчилж, тоо цифр дутаад байвал дуудаад тодруулчих үүрэгтэй. Эсвэл  утасдаад асуусан ч яадаг юм. (Эвтэйхэн ярьчихаж болно доо: Сайн уу, Арслаан. Би Сүхбаатар дүүргийн Амарсайхан байна. Чи амарсан уу? Саяын сонгуулиар ядраа байлгүй дээ…. Хөөе, чиний бичгэн дээр хоёр тоо дутаад байна. Чи хэлээдэх, би нөхөөд биччихье… За, Чамтай цуг суулт хийх наад хүмүүсийн зарим нь настай хүмүүс байна лээ шүү. Наршчих вий дээ, сайн хэлээрэй. Наагуур чинь сахилгагүй юмнууд яваад үймүүлэх вий… Элдэв  асуудал гарвал утасдаарай. Миний утас: 9911…..За сайн суугаарай). Ганцхан минут хангалттай. Хэрвээ Монгол улс ардчилсан орон мөн юм бол иргэд жагсаал цуглаан хийх хүслээ хэлдэг, Засаг дарга бүртгэдэг байх учиртай. Гэтэл Амарсайхан дарга үүргээ биелүүлээгүйгээс болж цагдаагийн “машин” ажилдаа орж Арслан, Саруул хоёрыг 14 хоногоор баривчилж, маргааш нь бүдүүлэг цагдаа нар 80 настай эмгэн, таягтай хөгшин, хоёр хүүхэдтэй бүсгүйг чирж гудран цагдаагийн газарт аваачиж “дахиж суувал” жинхэнээр суулгахаар айлгасан байх юм.

Өнөөдөр юм л бол барьж хорьдог болохнээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үүний тулд жагсаж цуглах эрх чөлөөнд  шууд халдаж байна. Энэ бол бидний хувьд сонин хэвлэлд юмуу Интернэтэд бичиж нийтлэх, эсвэл телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэж явуулахыг хориглосонтой яг адилхан.

Интернэтэд вэб сайт эрхэлж, блог хөтөлдөг нөхөд өө!  Бидний үзэл бодол, харах өнцөг хичнээн өөр байсан ч хамаагүй Монголд иргэд жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан интернэтийн томоохон акцыг зохион байгуулах талаар бодож үзвэл ямар вэ? Жишээлбэл, 8-р сарын аль нэг өдрийг сонгон авч сайт юмуу блогныхоо тэргүүн нүүрэнд том уриалга  нийтлэх гэх мэт санаачлага гаргахыг уриалж байна.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, ИНТЕРНЭТ | 8 Comments »

Онц байдлын үеэр Интернэтийг хаагаагүй сайн Ерөнхийлөгч …

Posted by tseren on 2008/08/07

7-р сарын 1-ны үйл явдлын дараа амь насаа алдсан 5 иргэний ар гэрийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзах үеэр МҮОНТ-ийг хэдэнтээ дурдаад авчээ.

Тэдгээр иргэд МҮОНТ-ийн удирдлагад хандаж, хүмүүсийг буудсан хэрэг явдлын тухай нэвтрүүлэг хийлгэх хүсэлт  тавьсан боловч цаадуул нь тодорхой хариулт өгөлгүй бултчихжээ. Уг нь онц байдлын 4 өдрийн туршид амь үрэгдсэн хүмүүсийн талаар огт дуугараагүй, эхний өглөө 1-р эмнэлгээс санаандгүй хийсэн сурвалжлагаа ч дахиж үзүүлэхгүй хассан олон нийтийн телевиз нүглээ наманчилж энэ байтугай нэвтрүүлгийг санаачлагаараа хийчихсэн баймаар. Тэнд онц байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр бололтой.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахдаа олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн тулд арилжааны телевизүүдийг хааж ганцхан МҮОНТ-ийг үлдээсэн, харин сонин хэвлэлүүд гардгаараа гарсан, FM радио, бас Интернэтийг яагаа ч үгүй” гэлээ. Юу  ярьчихав аа?!

Зарим FM-ийн байр үймээн самууны хөлд өртөж шатсаныг бид мэднэ. Гэтэл монгол телевизийн цамхаг дээр байрлуулсан антенныг нь ямар ч тайлбаргүйгээр унтрааснаас болж хэд хэдэн FM тасарчээ. Инээдтэй нь гэвэл, бусад FM-үүд дуугаа хураасныг мэдээд “тэгэх ёстой юм байлгүй” гээд эфирээ хаасан “ухамсартай” FM байсан аж. Гэтэл зарлиг мутарласан Ерөнхийлөгч өөрөө үүнийг мэдээгүй тууж явна. “Яаж энэ улс орныг удирдана даа” гэж дуу алдмаар. Тэр өдрүүдэд FM-ийн антенныг хэн унтрааж Ерөнхийлөгчийн зарлигыг зөрчсөнийг шалгахад ч илүүдэхгүй.

Бас Ерөнхийлөгч онц байдлын өдрүүдэд Интернэтийг яагаа ч үгүй, вэб сайтууд чөлөөтэй ажилласан тухай хэлээд авсан. Баярлалаа, Ерөнхийлөгч өө. Гэхдээ Интернэтийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, таны анд Жорж Буш хүртэл хянаж чаддаггүй, нөгөө Бен ладен, “Аль Кайда” нь ална хядна  гээд онлайнаар заналхийлсэн хэвээр билээ. Бас Хятадын Шинжааны “Дорнод Туркестан” нэртэй алан хядагчид Олимпийн үеэр дэлбэлж шатаах мэдэгдлээ цацсаар байгааг Интернэтийг цензурдэх арвин туршлагатай Хятадын мэргэжил нэгт Хуа Жинтао ч болиулж чадалгүй Олимпоо эхлүүлж байх шиг. Харин манай Ерөнхийлөгчийн толгойд “олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд” Интернэтийг цензурдэх санаа төрсөн ч бүтэхгүйг нь мэдээд арилжааны телевизээс өөр юуг ч хориглоогүй сайн Ерөнхийлөгч болж харагдахыг оролдов уу? Тэгээгүй юм бол иймэрхүү дэмий юм ярихгүйсэн.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, FM радио, ИНТЕРНЭТ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Ц.Мөнх-Оргил хэзээнээс худлаа ярьж эхэлсэн бэ?

Posted by tseren on 2008/07/18

7-р сарын 1-ны өдрийн үймээн самуунаар С.Баярын Засгийн газар муу ажилласны улмаас хүнии амь нас үрэгдсэн гэж үзээд огцруулах саналыг АН-ынхан гаргасныг энэ удаагийн УИХ-ын чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаанаар (Мягмар гаригт болох хаалтыг эс тооцвол)  хэлэлцлээ.

Хэвлэл мэдээллийг ярихгүй хаачихав. Онц байдлын өдрүүдэд МҮОНТ-ээр үзүүлсэн дуулиант клипийг (Эхний хэсэгт нь МАХН-ын байр луу дайрна гэсэн Л.Магнайн үг, бас үдшийн бүрэнхийд БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэсэг иргэдээр хүрээлүүлчихсэн тэмцэж барихыг уриалж байгаа, дараачийн хэсэгт эмнэлэгт хүргэгдэж ирсэн бололтой, “О.Магнай” гэсэн бичигтэй малгай өмссөн залуу түүнээс сая төгрөг авсан тухайгаа дультран ярьсныг үзүүлсэн, гэхдээ хожим оюун ухааны хомсдолтой болж таарсан) онц байдлын штабаас зориуд бэлтгэж ард иргэдийн тархийг угаахыг оролдсон тухай асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, дээрээс нь Онц байдлын штабын даргаар ажилласан Ц.Мөнх-Оргил хариулахдаа,

-   Сонгуулийн штабаас янз бүрийн клип бэлтгээгүй. “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг бусад телевизүүд үзүүлсэн байсан. Тэрнээс биш бид зориудаар бэлтгэсэн юм байхгүй…” гэв.

Тэр өдрүүдэд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Т.Сайнжаргал (хэд хоногийн дараа хурандаа цол авсан) МҮОНТ-ын зочны суудлыг ганцаараа эзэгнэж дээр дурдсан бичлэг (клип)-ийг, үймээн самуун дэгдээсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна гэсэн зарын хамт хэдэн ч удаа үзүүлэв дээ. Хэрэв Онц байдлын штаб бэлтгээгүй юм бол МҮОНТ өөрөө, тэгэхдээ ЗГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Батбаатарын мэргэн удирдлагын дор бэлтгэсэн болж таарна. Гэхдээ МҮОНТ-ийн хөтлөгч уг клипийг үзүүлэхийн өмнө “Сайнжаргал дэд хурандаагийн авчирсан бичлэгийг үзүүлье” гэсэн тайлбар хэлж байсныг саналаа.

Эрхэм гишүүн худлаа ярьжээ. Клипийг Онц байдлын штабын өрөөнд бэлтгээгүй байх, гэхдээ тус штабын захиалгаар хаа нэгтээ мэргэжлийн хүмүүс бэлтгэн гурван өөр телевизийн бичлэгийг нийлүүлж монтажилсан байв. Тэгээд ч Онц байдлын штаб зөвшөөрөөгүй бол МҮОНТ-ээр нэг ч удаа үзүүлэхгүй байсан.  Хамгийн марзан юм гэвэл, Ц.Мөнх-Оргил МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихсан мөртлөө “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг телевизүүд үзүүлсэн байсан” гэж улаан цайм залсан байх юм.

Ц.Мөнх-Оргилын улайхгүйгээр худлаа ярих авьяасыг би нэг удаа биширсэн шүү. 2003-2004 оны үед хэвлэл  мэдээлэлтэй холбоотой асуудлаар болсон семинарт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд түүнийг оролцоход нь тэр жил тэнгэрээс унасан мэт гэнэт мэндэлсэн TV9  телевизийн үүсгэн байгуулагч хэн болохыг хэвлэл мэдээллийн улсын бүртгэл хариуцсан сайдаас мэдчих санаатай би асуулт тавьсан. Тэрбээр хэлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бололтой доошоо харж хэсэг бодсоноо За байз. Олон юм бүртгэдэг болохоор би сайн санахгүй байна. Та ерөөсөө манай яаманд албан бичиг хийгээд өгчих. Манайхан хэлээд өгнө” гэв. Маргааш нь бичиг явуулсанд ХЗХДЯ дэд сайд шигээ хэдэн хоног бодолхийлсны эцэст тэр үед TV9-ын захирлаар тавигдаад байсан Н.Дуламсүрэнгийн нэрийг өгч билээ.

Хэдэн жилийн дараа ерөнхийлөгч Н.Энхбаяр TV9-ын нууцаа задлахдаа Мөнх-Оргилыгоо марталгүй илчилж (Энхбаярч арга барил мөн дөө!) “Надад Японоос телевизийн студи бэлэглэчихээд би түүнийг хадгалж байтал Мөнх-Оргил надад “суваг байна” гэсэн, тэгээд TV9-ыг байгуулсан” гэхчлэн сэтгэлээ онгойлгосныг санаж байна уу? Яг тэр үед TV9-ын удирдах зөвлөлд Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, бас ерөнхийлөгчийн төрсөн дүүгийн хамт гурвуулаа багтаж байсан ч түүний санах ой миний  асуултанд хариулах хэдхэн секундын хооронд сааталд орсон байж.

Ийм онигоо байдаг. Аав нь: Би чам шиг жаахан байхдаа худлаа ярьдаггүй байсан. Хүү нь: Та тэгээд хэзээнээс эхэлсэн юм бэ?  Эрхэм гишүүний худлаа ярих нь нэлээд хэдэн жилийн  өмнө эхэлсэн юм шүү.

Энэхүү нэгдсэн хуралдааны үеэр Б.Жаргалсайхан гишүүн хүртэл “Телевизээр гарсан эвлүүлгийг ЦЕГ дээд зэргийн бүдүүлгээр эвлүүлсэн. Жаргалсайханы хэлснийг доогуур нь титр  гүйлгээд…” гээд хашгирч байсан. Жаргалсайхан хэлсэн гэхгүй л юм бол тэрбээр энэ удаад бараг үнэнийг хэлжээ. (Гэхдээ бүдүүлэг биш сайн хийсэн эвлүүлэг байсан. Сайнжаргал дэд хурандаа бичлэгүүдээ авчраад МҮОНТ-ээр хийлгэсэн байж магадгүй)  

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өөр нэг санааг Су.Батболд гишүүн хэлээд авчээ.
-    Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч анхаарах хэрэгтэй. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх юм уу, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байх юм … (Цаашаа сайн сонсогдоогүй, учир нь яг энэ мөчид Жаргалсайхан гишүүн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Амарболдын урд очоод чангаар хэрэлдэж эхэлсэн тэр шуугианд дарагдав)

Хувийн хэвшлийнхийг түр орхиё. Хэвлэл мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох эсэх тухай санаа эрхэм гишүүдийн амнаас цухалздаг болж. Энэ бол юуны өмнө бөгөөд зөвхөн “Ийгл”-ын тухай юм.  Тус телевизийн захирал Том Терри Сү.Батболд гишүүний дээрх үгнээс сүйд болж байна. Бас Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцсэн 7-р сарын 2-ны УИХ-ын хаалттай хуралдаанаар “Ийгл”-ийн тухай юу ярьсныг манай парламент дахь нууц мэдээлэгчээсээ сонсчихсон цааш ховлож сууна. Хэд хоногийн дараа АНУ-ын конгрессийн гишүүдэд Монголд болсон  эмх замбараагүй байдал, ардчиллын нөхцөл байдал, түүний дотор хэвлэлийн эрх чөлөөний талаарх товч мэдэгдэл хийгдэх юм байна.

Тусгаар улс байна даа, хол ойроос хэн юу гэж зандчихийг нэг их тоохгүйгээр өөрсдөө шийдэх юмсан. Мэдээлэл бол амьгүй ашигт малтмал биш. Даанч сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж байгаа одоогийн ба түүүнийг бага зэрэг засвар оруулаад копидчихсон юм шиг шинээр сонгогдсон парламентын байж байгаа царай нь…

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, TV9 телевиз, Телевиз | 5 Comments »

7-р сарын 1-ны дараа

Posted by tseren on 2008/07/10

  

Амьдрал үргэлжилж байна

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь | 3 Comments »

МҮОНРТ ямар ч шүүмжлэлийг хүлээж авахгүй. Өөдөөс хэрэлдэнэ

Posted by tseren on 2008/07/09

Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Монголын Үндэсний Олон Нийтйин Телевиз саяын онц байдлын үеэр хэрхэн ажилласан талаар хэлэлцжээ. Эрхэм гишүүдээс дан АН-ынхан буюу Х.Баттулга, Э.Бат-Үүл, Б.Батбаатар, Л.Гүндалай нар ирж, харин МАХН-ыг төлөөлдөг Б.Бат-Эрдэнэ, Ц.Шаравдорж хоёр алга байв. Шаравдоржийн тухайд гэвэл МҮОНТ-ийн дотоод хэрэгт хэн ч оролцох ёсгүй гэж эсэргүүцээд оролццоогүй юм гэнэ.

МҮОНРТ-ийг төлөөлж Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Занаа, Р.Бурмаа, О.Эрдэнэ-Өлзий гурав, мөн Ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн дарга Б.Пүрэвдаш нар оролцлоо. Харин МҮОНТ-ийн захирал Ц.Мөнхбаатар үзэгдсэнгүй.

Нэлээд ширүүн яриа болсныг сонин хэвлэлүүд бичиж МҮОНТ өөрөө дэлгэрэнгүй сурвалжлага үзүүллээ. Хуралдааны үеэр эрхэм гишүүд ширүүхэн шүүмжилж бүр загнасан бол нөгөөдүүл өөдөөс нь хэгжүүрхэж сүүлдээ (М.Наранбаатар: “Ямар мэдээллийг тэнцвэртэй гэдэг юм бэ, Гүндалай гишүүн ээ?”, Б.Пүрэвдаш: “Чи бидэнд мөнгө өгөөгүй…”) гэхчлэн хэрэлджээ.

Энэ хуралдаанаас МҮОНТ-ийн талаар хачин сонин зүйл зүйл олныг мэдэж авлаа. Тухайлбал, Наранбаатар захирал “манайхыг Хувьсгалт намаас нэг дарамталдаг… АН-аас нэг дарамталдаг … Сая сонгуулийн үеэр манайхан дүнгээ тавиулсан, харьцангуй шударга ажилласан гэдгээ хэлэх ёстой” гэж ярихыг сонслоо. Дарамталж байна гэж урьд нь нэг ч удаа гомдол мэдүүлээгүй мөртлөө МАХН-ын ба АН-ын нэр дэвшигчдийг сурталчилсан мэдээ, сурвалжлага, ярилцлагыг өдөр ч, шөнө ч хулгайгаар нэвтрүүлж, бас хоёр том намын даргын “дарамт”-нд” орж тэдний мэтгэлцээнийг зохион байгуулах гэж оролдоод баригдсан билээ. Тэгэхлээр Наранбаатар захирал маш дуртайгаар дарамтлуулсан бололтой.

Онц байдлын дөрвөн өдөр бүр хачин юмнууд болжээ. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Б.Батбаатар Монгол телевиз дээр бүрэн эрхт төлөөлөгч аятай ирээд суучихсан юм байна. “Үндэсний телевизээр явж байгаа мэдээ мэдээллийг зөвхөн факсаар хүргүүлээд байх нь учир дутагдалтай байна, чи очоод Наранбаатартай уулзаач, би түүнтэй утсаар ярилаа гэсэн. Энэ бол Онцгой байдлын штабын дарга Мөнх-Оргилын хэлсэн үг шүү. Очиж уулзаад та хоёр ажил төрлөө зохицуулаад явуулаач ээ гэсэн. Ингээд би 7-р сарын 2-ны үдээс хойш 16 цагийн үед телевиз дээр очсон. Тэгэхэд үндэсний телевиз ердийн журмаар нэвтрүүлгээ явуулаад Мөнхтөр ерөнхий редактор нь сууж байсан. Наранбаатар, ерөнхий редактор бид гурав уулзаад сууж байхад Үндэсний зөвлөл сая хуралдаад онц байдлын дагуу хуулийнхаа дагуу ажиллах юм байна гэсэн шийдвэр гаргалаа гэсэн. Энэ талаараа тайлбарлах хэрэгтэй гээд тэр өдөр, маргааш нь хэд хэдэн удаа дамжуулсан… Ер нь гарч байсан мэдээлэл онцгой байдлын штабын шугамаар ирж байсан үүрэг даалгаврын дагуу хийж байсан мэдээ мэдээлэл. Тэрнээс биш бид хэн нэгний мэдээ мэдээллийг энийг хэрэггүй гэж хасч хаяагүй, энийг заавал оруул гэж шахаад тулгасан юм огт байхгүй. Үүнийг би баталгаатай хэлж чадна”

Анзаарав уу?  Онц байдлын штабыг төлөөлсөн Батбаатар дарга МҮОНТ-ийг яагаа ч үгүй, “мэдээллийг факсаар явуулахад учир дутагдалтай” байсан учраас тэнд очоод тетрис тоглож суусан, тэрнээс биш хэн нэгний мэдээ мэдээллийг хасч хаяагүй, шахаад тулгасан юм огт байхгүй гэж баталгаатай хэллээ. Өөрөөр хэлбэл, МҮОНТ “хасч хаяхаар” мэдээ сурвалжлага бэлтгээгүй , цаашилбал, 1-р эмнэлгийн хажууд хүмүүс амиа алдсан тухай сурвалжлагыг өөрсдөө хассан, хомроглон баригдаж албадан саатуулагдсан хэдэн зуун хүмүүсийн талаар өөрөө л сурвалжлаагүй 3 хоносон юм байна. Үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэр ийм болж таарлаа.

Нэгэнт Батбаатар дарга хажууд суучихаад явж өгөхгүй байсан учраас онц байдлын штабын мэдээг дамжуулахаас өөр аргагүйдсэн гэж бодьё. Тэгвэл онц байдлын штабын биш мэдээ, сурвалжлагууд хаана байв? Өнөөдөр онц байдал дуусаад бараг долоо хоносон ч өнгөрсөн 4 хоногийн алдсанаа нөхсөн мэдээ, эрэн сурвалжлага, олон өнцөг, байр суурь Монголын хамгийн том телевизийн дэлгэцэн дээр үзэгдэхгүй хэвээрээ. Нөгөө л зөвшөөрөлтэй албан мэдээнүүд.  Ашгүй наадам эхэлж бүх юм баяр ёслол болж хувирч энэ сэдвийг бүгд мартав.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр З.Энхболд гишүүн “Монголын мэдээ “ агентлагын зураглаачийг зандарсан нь эвгүй харагдсан, гэхдээ М.Наранбаатар, Б.Пүрэвдаш хоёр огцорвол таарна, МҮОНРТ-д өгдөг 8 тэрбум төгрөг хайран байна, татан буулгаад энэ мөнгийг арилжааны телевизүүдэд өгвөл таарна гэсэн түүний үг зарим зүйлийг бодогдууллаа.

МҮОНТ жил бүр татвар төлөгчдийн 8 тэрбум төгрөгийг авч байгаа бол хариуд нь ямар нэвтрүүлэг үзүүлж байгааг хэн үнэлж дүгнэж байна вэ? Жирийн үзэгч хэлэхлээр тоохгүй. УИХ-ын гишүүд юм хэлэхлээр өөдөөс нь хэрэлддэг болж.

Уг нь хуулиараа бол Үндэсний зөвлөл үнэлж дүгнэх ёстой. Гэтэл зөвлөлийн 15 гишүүн бараг бүгдээрээ намын гишүүд бөгөөд МАХН ба АН гишүүдийн тооны харьцаа ойролцоогоор 2:1. Тэд хоёр намаа дууриан зөвшилцөж МАХН-ын талынхны дэмжсэнээр Ерөнхий захирлаар М.Наранбаатарыг, харин АН-ын талынханд хувийг нь хүртээж телевизийн захирлаар Женко Баттулгын хүн гэгдэх Ц.Мөнхбаатарыг томилсон учраас тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй.

Цаашилбал, Үндэсний зөвлөл өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл УИХ-аас 6 жилийн хугацаатай томилчихсон. Ингээд  МҮОНТ-ын нэвтрүүлэг сайн муу ямар байгаа, нэрийг нь зүүж, мөнгийг нь үрж байгаа олон нийтийн эрх ашигт хэр нийцэж байгааг хэн ч хянахгүй болжээ. Хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх зарчмууд байтугай  “Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна”, “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно”, “улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх” зэрэг тов тодорхой заалтуудыг улаан цайм гишгэлж байгааг харсаар байж Үндэсний зөвлөл нэг ч үсэг дуугараагүй, өнгөрсөн сонгуулиар УИХ-ын сонгуулийн хуулийг хамар дор нь зөрчөөд  байхад юу ч “олж хараагүй” билээ. Саяын сонгуулиар гурав нь нэр дэвшсэн учраас тэр. Харин энэ өдөр өөрсдийн томилсон захирлуудтайгаа нийлж төрийн түшээдтэй хэрүүл хийж сууцгаав.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

МҮОНТ-ийн Үндэсний зөвлөл 3 нэр дэвшигчтэй байжээ

Posted by tseren on 2008/07/08

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн текстийг үзэж байгаад сонин юм олж харлаа. “Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт” гэсэн 4-р бүлгийн 21.10-т “Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө” гэж бичсэн байх юм.

Тэгвэл саяын УИХ-ын сонгуулиар Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Бурмаа АН-аас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт, Р.Хадбаатар МАХН-аас Хөвсгөл аймгийн 17-р тойрогт, харин Ж.Занаа бие дааж Хан-Уул дүүргийн 21-р тойрогт тус тус нэр дэвшсэн билээ.

Хуулинд “..нэр дэвшсэн тохиолдолд … чөлөөлнө” гэж заасан нь бүрэн чөлөөлөх биш, зөвхөн сонгуулийн кампанит ажлын хугацаанд түдгэлзүүлэх тухай ойлголт бололтой. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн аль нэг намын өмнөөс сонгуульд нэр дэвшиж хэн болохоо харуулчихаад ялагдангуутаа буцаж ирээд олон нийтийн эрх ашиг, нэвтрүүлгийн хараат бус бодлого энэ тэрийг ярьж сууж болдог юм байна. Өнөөдөр УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаанд Yндэсний зөвлөлийг төлөөлөн Р.Бурмаа, Ж.Занаа хоёр оролцжээ.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Телевизийн захирлууд vs “Ийгл”

Posted by tseren on 2008/07/06

Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?

TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
- Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг….  Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…

МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй. 

Бас  “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.

Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг  үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд  Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.

Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.

Ер нь Монголын хэвлэл  мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…

Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр  сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав.  Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч  “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, Ийгл телевиз, Телевиз | 7 Comments »

Ийгл телевиз тэр орой юуг буруу хийсэн бэ?

Posted by tseren on 2008/07/06

Сүүлийн хэдэн өдөр “Ийгл” телевизийг 2008 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн шөнө дунд хүртэл шууд нэвтрүүлэг явуулсных нь төлөө нэлээд шүүмжилж байгаа билээ. Тухайлбал, 2008 оны 7-р сарын 5-ны орой буюу онц байдлын сүүлчийн өдөр МҮОНТ-ийн студийг эзэгнэсэн дэд хурандаа Т.Сайнжаргал “Ийгл” телевизийг ”илчилсэн” бичлэг авчирч үзүүлсэн байна.

Хөтлөгч:
- Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллага маань нийгэмд өндөр хариуцлагыг үүрч явдаг… Олон нийтэд өгсөн мэдээ, мэдээллүүдийн дунд ямар нэгэн байдлаар буруу ойлголт төрүүлэх, ташаа мэдээлэл өгөх зэргээр олон сөрөг үр дагаврууд гарсныг мэргэжлийн  байгууллагууд хянаж эхлээд байгаа юм байна.

Ийгл телевизийн нэвтрүүлгийн хэсэг. Сурвалжлагч Соёлмаа:
- Сонгуулийг эсэргүүцэж байгааг үзэгчид маань ойлгож байгаа байх …
Студи руу утсаар холбогдсон үзэгчийн ярианы хэсэг:
- …хатуу байлгах хэрэгтэй. Монголын ард түмнийг хүлцэнгүй номхон хонь шиг гэж их басамжлаад байвал…[сайн сонсогдсонгүй. Гэхдээ нэлээд хатуу үгс хэлэв бололтой

Студид үргэлжилсэн яриа. Дэд хурандаа Сайнжаргал.
- СЕХ-ны албан ёсны дүн гаргаагүй байхад ийм асуудал боссон. Үүнийг сонгуулийн дүнг эсэргүүцэж байна гэж тайлбарлаж болохгүй. Бид энүүгээр хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа биш... Нийгмийн эмх замбараагуй байдал бий болоход тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлч буруу ташаа дүгнэлт хийж гаргаснаас болж олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн...
Хөтлөгч
- Хүн хүчний [цугларсан хүмүүсийн] тоог нэмэгдүүлэхэд зарим нэг талаар нөлөөлсөн?
Сайнжаргал.
- Тийм зарим нэг байдлаар нөлөөлсөн… Гэр орондоо хэвтэж амарч  болохгүй, иргэдээ та нар ир, нэгд, тэмц гэсэн уриалгуудыг нийтэлсэн …

Тэр үдэш “Ийгл” телевиз яах ёстой байсан бэ? МАХН-ын байрны орчноос шууд нэвтрүүлэг явуулахгүй, бас үзэгчдийн сэтгэгдлийг утсаар авахгүй байсан уу? Дашрамд хэлэхэд, ихэнх үзэгчид үймээн самуун дэгдээгчдийг шүүмжилж байлаа. Тэр тусмаа нэг ч сурвалжлагч, хөтлөгч үймээн самуун, бослого хөдөлгөөнд уриалаагүй…

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Онц байдал зогсоход зөвхөн хоёр телевиз нээгдэв

Posted by tseren on 2008/07/06

2008 оны 7-р сарын 5-6-ны шөнө дунд онц байдал бүрэн зогсов. 00 цаг 00 минутаас эхлэн энэ мөчийг тэсч ядан хүлээсэн телевизүүд дөрөв хоногийн турш хураасан мэдээ, сурвалжлагын үер буулгахыг хүлээж суулаа. Өнөөдөр онцгой өдөр, Бямба гариг, маргааш Ням гариг учраас нийслэлчүүд шөнөжин сууж бүх сувгийг нэгэн зэрэг үзэхэд бэлэн байсан биз.

Гэвч шөнө дунд өнгөрөхөд зөвшөөрөгдсөн эрх чөлөөгөө зөвхөн НТВ телевиз эдэлж, үймээн самууны дараах үйл явдлын мэдээ, тухайлбал  албадан саатуулах байрнаас хийсэн, тэгэхдээ хоригдсон залуучуудын уйлалдсан ээж, эгч нартай ярилцсан сурвалжлага үзүүллээ.  Харин TV9 телевиз нэвтрүүлэг явуулах эрх чөлөөг эхлээд уран сайхны кино үзүүлэх эрх чөлөө гэж үзэв. Бусад телевизүүд эфирээ ч нээсэнгүй.

МҮОНТ яав? Онц байдлын штабын мэдлээс ангижирч дэд хурандаа Сайнжаргал буцсан ч нөгөө л албан мэдээ, “Магнайгийн клип”-ээ үргэлжлүүлэв. Араас цэнгээнт нэвтрүүлэг, “Гэрэлтэй цонх”. Цаадуул нь бүтэн дөрөв хоног юу нэвтрүүлэхийг хянасан төдийгүй онц байдал цуцлагдсаны дараа үзүүлэх сурвалжлага хийж бэлтгэж хадгалахыг хүртэл зөвшөөрөөгүй юм болов уу?

P.S: Улаанбаатарт 18 цаг болж байна. ”Ийгл” телевизийг, бусад телевизийн ганц нэг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол онц байдлыг сайн дураараа үргэлжлүүлсээр байх шиг санагдлаа. Бүгд оройн мэдээллийн хөтөлбөрөөр хамаг юм үзүүлэхээр хүлээж байгаа бололтой.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, Телевиз | Leave a Comment »

МҮОНТ дөрөв хоног “онц” байв

Posted by tseren on 2008/07/05

Онц байдлын 4 хоног дуусч байна.  Гав ганцаараа нэвтрүүлгээ явуулсан МҮОНРТ-ын онц эрх ч нэгэн зэрэг дуусна. Тэр эрхээ хэрхэн эдэлсэн талаар өөрийн анзаарч мэдсэнээ хуваалцья.

Энэ өдрүүдэд улс төртэй холбогдоогүй бол юу ч яахав гэж бодоод үзүүлсэн нэвтрүүлгүүд нь өвдөг, гуяны булчинг чангалах дасгал заах зэргээр үзэгчдийг тайвшруулах биш бухимдуулсан тул улам сайн цензурдсэн бололтой эфирээ гадаадын танин мэдэхүйн баримтат кино,”Хутагтууд” нэртэй түүхийн цуврал, ялангуяа спорт, наадмын сэдэвтэй нэвтрүүлэг, дуу хөгжим, концертоор дүүргэсээр дөрвөн өдрийг өнгөрөөв. “Өглөө“ хөтөлбөр, “Гэрэлтэй цонх” хэвээр явсан. (Харин “Соёл эрдэнэ” телесэтгүүлийн ээлжит дугаар СТӨ-г сүйтгэсэн тухай байлаа). Ерөнхийдөө МҮОНТ уйтгартай байсан гэж үзэгчид хэлж байна. Нэвтрүүлэг муутай газар гэдгээ харуулчих шиг боллоо.

Эхний хоёр өдөр МҮОНТ мэдээллийн хөтөлбөр болгон “Шуурхай мэдээ” байж УИХ-ын гишүүн, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргилтой хийсэн ярилцлагыг алгасалгүй оруулав.. Тэрбээр энэ дөрөв хоногт “олон ургальч үзэл байхгүй” гэж мэдэгдсэн юм.  Эхэндээ “Шуурхай мэдээ”-гээр үзэгчдийн саналыг утсаар авч байсан ч тэд илт “эсэргүү” юм яриад байсан тул хэд явуулаад хаав. (Бас нэгдүгээр эмнэлгийн урд хоёр залуу хэрхэн буудуулж амиа алдсан талаар эмнэлгийн ажилтнууд болон гэрч нарын яриа бүхий сурвалжлагыг  бэлтгэж үзүүлсэн сэтгүүлч, редакторыг тэр сурвалжлагатай нь хамт эфирээс зайлуулж шийтгэсэн сураг байна).    

Дараа өдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ганболдын ярилцлагыг “Шуурхай мэдээ” болгоноор давтав. Харин өчигдрөөс хойш ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Т.Сайнжаргал “Монголын мэдээ” агентлагийн цорын ганц зочноор томилогдсон мэт байв. Мэдээ болгон Сайнжаргалтай…

Тэрбээр мөрдөн шалгалтын нотлох баримтанд авсан дүрс бичлэгүүд, тухайлбал, Иргэний хөдөлгөөний намын О.Магнай “Одоо араас манай хүч ирж байна. Цөмөөрөө дахиад МАХН-ын байр луу дайрч орно” хэмээн хашгирч байгаа, бас “Отгонжаргалын Магнай” гэсэн бичигтэй малгай өмссөн залуу “Баярмагнай гэдэг хүнээс сая төгрөг авсан” тухайгаа хэлсэн байгаа “клипийг” тэр оройжин, бас өнөөдрийн турш өглөөнөөс орой болтол товч болон арай дэлгэрэнгүй хувилбараар нэвтрүүлж, ингэхдээ “Шагналын эзэн” нэртэй 10 хүүхдээ хүмүүжүүлж байгаа ээжийн тухай аятайхан кино үзүүлж байсныг тэг дундуур нь тасалж байгаад хүртэл үзүүлэв. 

  

Сайнжаргал үүнийг тайлбарлахаа “үймээн самууныг өдөөн турхирсан жинхэнэ эзэд нь хариуцлагаас мултрах бий гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу үзүүлж байгаа юм” гэв.  Иргэдийн санал хүсэлтийг хэлүүлэхгүй байгаа мөртлөө түүнийг биелүүлж,  мөрдөн шалгалт дуусаагүй байхад зөвхөн Магнайн эсрэг нотлох баримтыг хэдэн янзаар бэлтгэж МҮОНТ-ээр байн байн үзүүлж байгааг үзээд түүнийг баривчлахын тулд олон нийтийн санаа бодлыг бэлтгэж байна уу гэж бодоход хүрсэн шүү. Одоо “жинхэнэ эзэн” бол Магнай гэдгийг үзэгчид цээжилж авсан байж таарна.

Бусад мэдээ сурвалжлага юуны тухай байсан бэ? Сонинууд лав гурав хоног шуугиж байгаа албадан саатуулах байранд хоригдсон хүмүүсийн тухай сурвалжлагыг дөнгөж өнөөдөр 15 цагийн мэдээгээр үзүүлсэн байх жишээтэй.

МҮОНТ энэ хэдэн  өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх студи шиг ажиллав.

Өөр хэдэн ажиглалт.

Энэ өдрүүдэд уриалга, мэдэгдэл гаргасан төрийн бус олон байгуулагаас “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөний уриалгыг онцолж “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ яриулав. Хас тэмдэг зүүж нацист маягаар хувцасласан эдгээр залуусаас монголын залуучууд үлгэр дууриал авч хууль сахихыг заалгахнээ.

MM Today news-ийг Монголын Үндэсний телевиз гэдэг мэдээллийн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсдэг Монголд суугаа гадаадынханд зориулсан хөтөлбөр гэж боддог  байлаа. Гэтэл Баасан гаригийн дугаараар Улаанбаатарт болсон жагсаал цуглааны талаар дэлхийн вэб сайтууд  юу бичсэнийг харуулав. Цаадуул нь мэл гайхсан биз.

Иймэрхүү сул өдрүүдэд  телевизээр хуучны монгол кино үзүүлдэгсэн. Харин энэ удаад болохгүй,  яагаад гэвэл хуучны монгол кинонууд тэр чигээрээ улс төр юм байна.  (Үүнийг бид саяын сонгуулиар ханатлаа харсан)

P.S: Онц байдлын дөрөвдэх өдрийн төгсгөл рүү МҮОНТ арай чөлөөтэй болж телевизүүдийн холбооны хэвлэлийн бага хурлыг дамжуулж (З.Алтай тэргүүтэй захирлууд тэр чигээрээ улс төрийн мэдэгдэл хийв), үймээн самууны талаар сэтгүүлчид болон нэр алдартай хүмүүсийн сэтгэгдлээс бүрдсэн хоёр нэвтрүүлэг гаргалаа. Ямар ч байсан уйтгартай биш.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »