МҮОНТ-ийн Бямба гаригийн “Ярилцья” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцов. Энэ удаад би нэвтрүүлгийн тухайд биш, харин эрхэм сайд (эрхэм гишүүн + сайд)-ын ярьснаас үүдэн хэдэн үг бичив.

Тэрбээр Хууль, зүй дотоод хэргийн яаманд 2000 онд сайдаар очоод Монголд хууль ёсыг тогтоож эхэлсэн, буцаад уначихсан байсныг энэ удаад ч бас босгож байгаа, үүний тулд юунаас ч айхгүй тухайгаа ярилаа. Бас завсраар нь “2005 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль эхлэх үед энэ Энхсайхан гэдэг этгээд Оюутолгойн асуудлыг, ашигт малтмалын асуудлыг улс төржүүлж эхэлсэн. Үүнээс болж гурван жил алдлаа. Нэг хүний хорлол багагүй гэдгийг харууллаа” гэж улс төрийн тавцангаас хэдийнэ арчигдаж сураг алдарсан тэр нөхрийн араас чулуу нүүлгэж амжлаа. Яасан тавьдаггүй хорсол вэ? (Хэдэн жилийн өмнө нэгэн охин гар утас хулгайлаад “Нямдоржийн” гэгдэх эрүүгийн хуулиар 11 жилийн ял авсанд монгол даяар дургүйцэхэд таг дуугүй байснаа Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсаны хэзээ хойно “тэр чинь давтан хулгай хийсэн юм чинь” гэж байнгын хорооны хуралдаан дээр ярьж суусан билээ. Ая нь таарвал буцааж хийхнээ). Бас Америкт ерөнхийлөгч нь голдуу хуульч байдаг гэж нотлов. Барак Обама хуульч байж түүнийг зоригжуулсан хэрэг. Одоо Нямдоржоос өөр Монголын ерөнхийлөгчид таарах хүн алга аа…
За, тэр яахав. Монголд хууль яагаад хэрэгжихгүй байгаа, ялангуяа сонгууль будилсан талаар төрийн хуулийн бодлогыг авч явдаг сайдын байр суурь надад сонин байсан юм.
Ц.Нямдоржийн ярианаас ишлэл:
- Улс төрийн соёл гэдэг юм руу орох гэж байна. Манайд төрийн ажлыг ном журмынх нь дагуу хийж чадахгүй байна. Манай хуулийн орчин муу биш шүү. Гагцхүү ёс суртахуун, тэр хуулийг нь хэрэгжүүлж байгаа гол хүмүүс, улс төрийн гол хүчин хуулиас өөр байх [?] юм бол нэмэр байхгүй… Хуулийн цаана ёс суртахуун гэж нэг юм байна
Араас нь хөтлөгч Мөнхтөр “сонгууль будилсныг хууль руу чихэж байна, муу хуультай учраас сонгуулиа хийж чадахгүй байна” гэсэн асуулт дэвсэж өгөхөд,
- Тэр бол ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн хэлдэг үг. Сая хотын сонгууль дахихад арилжаа, бар дэлгүүрүүдээ ажиллуулахаа болиход санал авах өдрөө 51 хувь бүрдчихх байсан. Сая хүрлээ. Зохион байгуулбал болж л байгаа биз. Ард түмэн сонгуульд ирж байгаа биз… Хууль дээр алхам тутмыг бичүүлэх гэж оролдоод байдаг. Алхам тутмыг бичүүлэх хуульчийн ерөнхий сэтгэлгээ хуулийнхаа ерөнхий онолыг дагасан ерөнхий сэтгэлгээний задрал гэж юм байдаг, тэр нь задраагүй байна. [Эрхэм сайд дэндүү цэгцгүй ярих юм. Бага сага найруулаад ч нэмэр алга. Өмнөөс нь бичилтэй биш-Д.Ц.] … Жишээ 25-р тойрог дээр гарсан маргаан хагас жил боллоо, эхний гурав нь гарцаагүй ялсан юм чинь өргөн барьж болно оо доо. Би энэ санааг хэлээд байгаа… Тэгэж чадахгүй дандаа хууль руу дайрдаг… Сэтгэлгээний задрал … Хуулийн орчин муу байж болно. Самбуу гуай шиг, Эрдэнэбатын Оюун гуай шиг ийм хүмүүс их хуралд сууж байвал хууль муу байсан ч сайн ажиллаад явчихна. Мянган сайн хууль бичиж өгөөд, бүр цэг таслалаар нь зааж өгөөд ч ёс суртахуунгүй гишүүн, сайд ч байсан, агентлагын дарга ч байхад хэцүү… Төрийн том ёс суртахууны асуудлыг би ирэх дөрвөн жилд хоёр нам хамтраад засаг барьж байгаа дээр сайн бодоосой гэж хэлэх гээд байна… гэхчлэн цааш үргэжлүүлэв.
Сайдын хэлснээр бол Монголын хуулиуд маш сайн ч юм шиг, тэгснээ муу байсан ч хамаагүй юм шиг, гагцхүү улс төрчид ёс суртахуунтай л байвал болох юм гэнэ. Хууль зүй биш, Ёс суртахуун, дотоод хэргийн сайд гэлтэй. Тэгвэл ерөнхийлөгч нь хуульч байдаг АНУ-д, эсвэл Энхсайхан гэх мэтийн “ёс суртахуунгүй” улс төрчгүй бусад улс орнуудын хуулиуд нь яагаад “алхам тутмыг бичсэн” байдаг юм бол?
2008 оны УИХ-ын сонгууль ерөнхийдөө шударга болсон байж таарна. Хоёр гурван жилийн өмнө Нямдорж УИХ-ын дарга байхдаа удирдаж, бас “сэмхэн” засаж сайжруулсан УИХ-ын сонгуулийн хууль чухамдаа энэ “алхам тутмыг” зааж өгөөгүй учраас эцэс төгсгөлгүй маргаан. Орон нутгийн сонгуулийн хууль ч мөн адил. Бараан зах, баар савыг хааж байж ирц хүргэнэ гэсэн заалт хаа ч байхгүй. Эсвэл хууль бусаар хааж байж ирц хүргэв үү? Бас нэг будлианы сэжүүр.
Эрхэм гишүүд өөрсдийгөө өмгөөлөн СЕХ-ны дарга Д.Баттулга, нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайхан хоёрыг яллаж, Төрийн ордонд авчран загнаж, бухимдсан иргэд, залхсан сэтгүүлчид гал дээр тос нэмж давхиад байгаа болохоос биш сонгуулийн хууль “шүүрэн шанага” гэдэг бол ортой. Төрийн эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийг ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр зохицуулахад эдгээр хуулийн чадал хүрэхгүй байгааг бид энэ зунжин, намаржин харлаа. Шүүх хүртэл шийдэж чадахгүй байна.
Ардчилал бол процедур гэж хаа нэгтээ уншсан санагдана. Ягштал бодож тогтоосон хууль журмыг дагахыг хэлнэ. Тэгвэл өнөөдрийн хуулиуд аль социализмын үеийн Октябрийн баярын уриа лоозон шиг ерөнхий санагдах боллоо. Социализм, МАХН энэ тэр гэсэн үгийг хасаад жишээ татвал: “Нөхөд өө! Хууль ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлцгээе!”, “Улс төрийн соёлтой байцгаая!” гэх мэт.
Нямдорж сайдын яриагаар бол Монголын хуулиуд сэвгүй ажээ. Өөрөө “засаж янзалсан” болохоор аргагүй ээ. Одоо зөвхөн улс төрийн соёл, сэтгэлгээний задралыг шаардаж, цаг гарвал Энхсайханыг ээлжит удаагаа муулж суух бололтой. Саяхан яамных нь Нээлттэй хаалганы өдрөөр хэдэн хөгшдийг дагуулан очиж уйлсны төлөө Баасан гэдэг эмэгтэйг 14 хоног бариулж хорьсон байх юм.
Мөн ч өндөр улс төрийн соёл шүү…