АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль’ Category

Сонгуулиар завсарладаг мэргэжил

Posted by tseren on 2009/08/10

Ерөнхийлөгчийн сонгуулиар сураг алдран далд фронтод сэмээрхэн дайтаж яваад ирсэн зарим сэтгүүлч хэсэг амсхийгээд дэлгэцнээ дахин үзэгдэж эхэллээ.

Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны штабт зүтгэсэн “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгээ сэргээж Сүхбаатарын талбайн урдах Ахмадын холбооны байранд очиж Баасан хатагтайтай уулзсан бичлэгээ үзүүлэв. (Нурах шахсан барилгад Баасан конторлож ахмадууд цугларсан хэвээрээ, хэрвээ тэдний мэдэлд өгчихвөл хөрөнгө оруулагч бэлэн, засаад гоё байшин болгохоо амалж байна)

Ингээд сонгуулийн өдрүүдэд Пүрэвхүүгийн “Миний мэргэжил – сэтгүүлч” биш байсан бол одоо буцаад мөн болсон хэрэг.

Сурталчилгаа эхлэхэд хоёр намын штаб телевизийн захирлуудад хандаж “татгалзахааргүй санал” олныг тавьсны нэг нь гайгүй сэтгүүлчдийн нэр цохож штабтаа авч ажиллуулах хүсэлт байжээ. Бараг бүх захирлууд зөвшөөрч сэтгүүлчдээ зарчихсан байна. Зараагүй, зүгээр л чөлөө өгөөд явуулсан гэх биз. Гэхдээ редакцийн ёс зүйн зарчим энэ тэрийг “мартсаныхаа” төлөө тухайн телевиз асар их сурталчилгааг өндөр тарифаар саадгүй авч цацсан билээ. Зарагдсан сэтгүүлчийн тухайд гэвэл тусдаа гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирсон …

Харин одоо “шударга, тэнцвэртэй”, бас “хэнд ч худалдагдахгүй” ажиллах цаг ирлээ. Юу ч болоогүй юм шиг …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз | 6 Comments »

Өнгөрсөн ба энэ 7-р сарын 1.

Posted by tseren on 2009/07/02

2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хоёр дахь 7-р сарын 1 өнгөрлөө. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатаасан, үй олон энгийн иргэн, цагдааг гэмтээж бэртээсэн, дараа нь 5 хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зууг шоронд хийсэн билээ. Дахиад хэд ачигдах дутуу байгаа…

Харин хоёрдахиар нь эхнийхийг эргэн дурслаа. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэд тэр хэрэг явдлын шалтгааныг “сонгууль шударга биш болсноос” гэж ярихыг өдөржин сонслоо.

Тэр ч бүү хэл экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “7-р сарын 1-ны хэрэг явдлын учрыг олохын тулд бүхнийг хийх болно” гэж тангараглаад буусны дагуу “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз санал асуулга зарлаж “Төрийн эргэлт хийх оролдлого уу?”, “Өнгөт хувьсгал хийхийг санаархсан уу?” гэх мэтээр чиглүүлж өгөөд байхад л 66 хувь нь “сонгуулийн будлианаас” гэж хариулснаар эзнээ хүнд байдалд оруулах нь тэр.

Бас энэ орой Монгол Улсын цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө (тэртээ тэргүй буучихсан Н.Энхбаярын араас “уул тахиад байгаа юм уу, хүн тахиад байгаа юм уу?” зэрэг хэдэн үг чулуудсанаар өөр гойд юмгүй яриа болов) 7-р сарын 1-нээс сургамж авах хэрэгтэй гэхээс цааш хэтэрсэнгүй.

Уг нь ноднингийн санал хураалтын маргааш АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж “бидэнд өгсөн саналыг луйвардчихлаа” гэж цамнаад эхэлснийг санаж байна.

Сонгууль үнэхээр будилсан юм уу? Хэрвээ бид энэ асуултанд шударгаар хариулж чадахгүй бол 7-р сарын 1-ны үйл явдалд зөв онош тавьж чадахгүй ээ. Мэдээж төгс сонгууль болоогүй. Будлиан зөрчил зөндөө гарсан. Гэхдээ сонгогчдын олонхи АН-ын төлөө саналаа өгснийг МАХН руу хэлтийлгэснийг хэн нотолсон юм бэ?

Дан ганц иргэний үнэмлэхээр санал өгүүлснийг буруутгасан АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн гомдлыг шүүх дэмжсэн ч сонгуулийн дүнг бүхэлд нь эргүүлэхээр биш байсан бол бусад гомдол заргууд бүгд нотлогдоогүй өнгөрсөн билээ. Надад ч гэсэн шударга бус санагдсан ч хуулиндаа тэгээд заачихсан, эсвэл түс тас журамлаагүйн улмаас бүгд л өөрсдийн зөв гэж хэрэлдэхээс хэтрээгүй реалити шоу хичнээнийг ч харав даа. Хууль нь тийм юм чинь.

2008 оны сонгуулийг явуулсан хууль бол МАХН ба АН хоёр зөвшилцөөд нэг хөнжилд ороод байсан 2005 оны 12-р сард төрсөн “хүүхэд”. Цаадуул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг “огцрууллаа.. болилоо… тэгвэл огцрууллаа… “ гэж сандалтай нь дэнжигнүүлсээр байгаад амжуулчихсан эд. АН-ынхан сайн хуулийг бус Ерөнхий сайдын суудлыг сонгосон ч МАХ намынхан хэргээ дуусмагц хагас сарын дараа хөмрүүлж орхисон …

Дараачийн буруутны тухайд. 2008 оны УИХ-ын сонгуулийн “будлианы” гол буруутнаар тодроод байгаа СЕХ-нд хэн хэн орсон билээ? Хоёр нам бас л зөвшилцөж “дарга нь манайх, дэд нь танайх.. гээд хувааж авцгаасан санагдах юм.

Бас сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураалт, тооллого, нэгтгэлийг ямар үл мөргүй будлиулдаг 90-ээд оны “Алтан цөгц”, Өнөрмаагийн гал мэт ид шидийн аргуудыг хэрэглэсэн гэж ноднингоос хойш хичнээн шуугив? Тэгвэл 2008 оны сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний лав тэн хагаст намаасаа томилогдож очсон ардчиллынхан хаана байв? Сонгуулийг шударгаар явуулахад оролцох, хяналт тавихад өөр юу хэрэгтэй юм бэ? Гадаадынхнаар хуулиа батлуулж, сонгуулиа хийлгэх байсан юм уу?  

Тэгчихээд “сонгууль шударга бус боллоо” хэмээн албан ёсоор турхирахад (мэдээж Магнай, Батзандан, Жаргалсайхан нар буухиалан үргэлжлүүлсэн) саналаа хайр гамгүй өгсөн АН нь ялаагүйд бухимдсан баахан залуучууд доргиж 2008 оны 7-р сарын 1-ны шударга ёсыг тогтоох хувьсгалын баатрууд гэж гэж дүрдээ итгээд …. нэг мэдэхэд түймэр, үхэл, хагацал, шоронгоор төгссөн.

Дашрамд дурдахад, 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан нэг хэрэг бараг нотлогдсон нь Баянгол дүүргийн сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийн хамсаатнуудынх. Шүүх хурал дээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ирээд шүүгчдийг эгцлэн харж дарамтлаад суучихдаг. Хөөж гаргалтай биш…

Тэгвэл одоо 2008 оны сонгуулийг луйвардуулсан гэх АН-ынхан луйвардсан гэх МАХН-тайгаа дахиад л эвсээд (харин үүнийг шинэ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа эсэргүүцээд дийлээгүй санагдана) яваа. Уг нь хоёр нам УИХ-ын танхимд хайр майргүй үзэлцээд (эрхбиш насанд хүрсэн хүмүүс учраас гайгүй биз) дэлгэрэнгүй бөгөөд цоорхойгүй хууль гаргах ёстой атал найзалчихлаар нэг л өдөр сонгогчид нь гудамжинд үзэлцэж эхлэнэ биз дээ?

7-р сарын 1-ны аймшигт хэрэг явдлын учир шалтгааныг парламентын комисс байгуулан жинхэнэ үнэнийг тодруулж зарлахын оронд иргэний нийгмийн байгууллагууд бүтэн жилийн турш хийж байгааг дууриаж нэгэнт өнгөрсөн хүний эрхийн зөрчлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, бас өршөөлийн хууль, нөхөн төлбөр зэргээр хоёр нам нүглээ халхлан сугарч үлдлээ.  Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

Чухамдаа 7-р сарын 1-ны хариуцлагыг дээрээсээ  бөгөөд өөрөөсөө эхлээд тооцсон бол шинэ Ерөнхийлөгчийн амалсан тэр шударга ёс Монголд тогтох эхлэл болохсон.

Харамсалтай нь дахиад хойшиллоо…

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 13 Comments »

“Буцаагаад яах юм бэ? Надад өгчих. Би зүүгээд явж байя”

Posted by tseren on 2009/06/21

Бууж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж баахан хүнд төрийн дээд шагнал, одон медаль түгээснийг яам, тамгийн газрууд гурван өдөр дараалан түгээж байж сая барах шиг болов. Хэвлэл мэдээллийнхнээс TV9 телевизийн захирал Ц.Энхбат, “Зууны шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд хоёр гавъяат, бас “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Болдхуяг, “Улаанбаатар” радиогийн захирал У.Булган, МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал Д.Энхтуяа нар одон тэмдэг авчээ. Заримыг нь 2000 оноос хойш МҮОНРТ-ын даргаар тавьж үнэнчээр зүтгүүлсэн, зарим нь одоо өмч хөрөнгийг нь сахиж буй, тэгээд бүгдээрээ саяын сонгуулиар “гэмгүй” сайн зүтгэсэн хүмүүс гэдгийг дурдахаас илүү тайлбар хэрэггүй биз.

Харин яагаад Б.Ганболдоос бусдад нь Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулсангүй вэ? Эзэн хүн хувийн телевизийнхээ Ерөнхий захирал, бас Ерөнхий нягтлангийн (саяын сонгуулиар мөнгө төгрөг яасан ийснийг мэдэж авсан, гомдоож болохгүй чухал хүн!) энгэрт одон, тэмдэг зүүгээд зогсож байна төсөөл дөө! Н.Энхбаяр хүртэл ичнэ биз дээ?  Иймээс өөрт зүтгэсэн тэр нөхдийг Монгол төрийн өмнө үнэхээр гавьяа байгуулсан хүмүүстэй хольж байгаад бөөндчихлөөр сүлэгдээд танигдахаа больчихож байгаа юм (Насандаа ганц олдсон одон тэмдгээ Ерөнхийлөгчийн гараас авч чадаагүй жирийн гавьяатууд л сэтгэл гонсгор үлдсэн байх).  Саяын сонгуулиар Н.Энхбаярын сурталчилгааны гол зэвсэг болсон TV9 телевизийн ерөнхий захирал Ц.Энхбатын гавъяатынх нь тэмдгийг БСШУ-ны сайд гэхэээсээ илүү МАХН-ын сонгуулийн штабын дарга Ё.Отгонбаяр зүүж өгснийг  анзаарсан уу?

Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийг өөртөө үйлчлүүлдэг байсан бол одоо өмчилдөг болжээ. Харин шагналыг нь төрөөс гаргадаг хэвээрээ. Хувийнхаа юмуу намынхаа шагналыг өгдөг юм байгаа биз…

P.S:

Саяхан Баатар найруулагч гавьяатын цол тэмдгээ буцааж өгөхөө зарласан тухай мэдээний ард “Буцаагаад яах юм бэ? Надад өгчих. Би зүүгээд явж байя” гэсэн сэтгэгдэл бичсэн харагдсан. Одон, медаль зугаа болж гүйцлээ. Удалгүй баяр наадмын өмнө шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяын сонгуульд хөлслөгдсөн хүмүүс болон намын үнэнч нөхдөө жинхэнэ гавьяатнуудтай нийлүүлж бөөндөхгүй гэдэгт найдья.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 5 Comments »

Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргээгүй…

Posted by tseren on 2009/06/20

Би андуурсан юм шиг байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг TV9 шууд дамжуулаагүй гэж зарим үзэгч хэллээ. Кино гарч байсан гэнэ.

Харин тэр оройдоо “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр Сүхбаатарын талбай дээр болсон цэргийн жагсаалын тухай даруухан сурвалжлагадаа “шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зардал өмнөх Ерөнхийлөгчийнхөөс хоёр дахин нэмэгдсэн… цэргийн парад хийсэн нь юуны өмнө гадаадын зочдод зориулсан үзвэр болов… Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргэхээргүй хүмүүс цугларлаа” хэмээн гомдолтой төгсгөжээ. Маргаашийн “Энэ өдөр ”Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 150 гаруй орны зочид, төлөөлөгчдийг урьснаас хамгийн том нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Миронов байлаа” гэж голонгуй дуугарсан бол араас нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхэн гавъяаг тайлбарлахдаа сэргэж “Үе үеийн ерөнхийлөгчид дундаас мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлж чадсан ерөнхийлөгч гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг” гэв.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 5 Comments »

UBS-ын хоёрхон нүүр

Posted by tseren on 2009/06/17

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар телевизүүд хэтэрхий “тэнцвэртэй” ажилласнаа нотолж, тэр нь нотлогдохгүй бол “нэг нам нь нэвтрүүлгээ өгөөгүй учраас нөгөө намынх илүү гарч зовоогоод” хэмээн бухаж үзсэн билээ. Хэрвээ тийм бол нэг намынх хэмжээндээ, харин нэвтрүүлгээ өгөөгүй намынх СЕХ-ны баталсан хуваариас бага байхсан. Гэтэл хоёр намын сурталчилгаа хоёулаа хэд дахин хэтэрсний учрыг тайлбарлахыг тэд хүсдэггүй.

Тэгвэл UBS телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг тус телевиз сонгуулийн сурталчилгаанд ёс зүйг дээд зэргээр эрхэмлэж хандсан гээд “Намуудын нэвтрүүлгийг урьдчилж үзээд өрсөлдөгч рүүгээ дайрсан тохиолдолд нэвтрүүлэхээс татгалзаж байсан, тухайлбал АН-аас ирүүлсэн тийм нэвтрүүлгүүд хасагдсанаар МАХН-ынх бага зэрэг илүү гарсан” тухай ярьж байв.

Тэгвэл дараах жишээг яаж тайлбарлах бол? АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг удам судраар нь доромжилсан “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлгийг UBS телевиз жа хэмээн хүлээн авч лав 5-р сарын 20-ны өглөө “сэмхэн” үзүүлсэн гэх юм?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, UBS телевиз | 3 Comments »

Тэнцвэртэй худалдагдсан …

Posted by tseren on 2009/06/15

Олон нийтийн телевиз өөрийн сайтдаа “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНРТ тэнцвэртэй ажиллажээ” хэмээн зарлав. Гэхдээ тэдний иш татсан сонгуулийн сурталчилгааны мониторингийн хэлэлцүүлэг дээр сууж, бас санал бодлоо хэлсний хувьд МҮОНТ үзэгчиддээ зөвхөн тал үнэнийг хэлснийг гүйцээхээс.

2009 оны 4-5-р саруудад орон даяар нэвтрүүлгээ явуулдаг телевизүүд, түүний дотор олон нийтийн телевиз зөвхөн хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабын захиалгаар ажиллаж өөрсдийн буюу сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлага, тайлбар гэж байдгийг “мартсан”-аа бүгд хүлээн зөвшөөрсөн. Тэгэхлээр сурталчилгаа тэнцсэн тэнцээгүй нь тухайн телевизийн гавьяа юмуу буруу биш, харин сонгуулийн штабуудын дур зоргийн хэрэг байв. Хэрвээ хүсвэл нэр дэвшигчээ магтаж, хүсвэл өрсөлдөгчийг нь муулах хоёрыг ээлжилсний дүн магадлалын онолоор ойролцоо гарчээ. 

МҮОНТ үзэгчдээсээ нуусан тал үнэн бол тэд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ноос баталж аль намын нэвтрүүлэг хэдний өдөр, хэдэн цаг минутаас явж хичнээн үргэлжлэхийг нэгбүрчлэн зааж өгсөн хуваарийг намуудын штабуудтай хуйвалдан зөрчиж хамаагүй илүү сурталчилгаа хийж өгсөн байлаа. Харин тэнцвэртэй худалдагдсаныг хэлэх хэрэгтэй.

Чухамдаа битгий худалдагдаарай гэж төрөөс Олон нийтийн телевизийн тухай хууль гаргаж, зөвхөн 2008 онд гэхэд төсвөөс болон үзэгчдийн хураамжаас 8 тэрбум төгрөг өгөөд зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар бага сага төлбөртэй нэвтрүүлэг явуулж халтур хийхийг зөвшөөрчээ. Гэтэл тэр нь чамлагдаж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн цагаа лангуун дээр тавьж байгаад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр үнэлж улс төрийн хоёр намд сар гаруйн турш зарсан билээ. Ердийн үед 300.000 төгрөг байдаг ажээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн намын ерөнхий нарийн бичгийн дарга

Posted by tseren on 2009/06/04

Өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзахдаа “АН ерөнхийлөгчтэй болно гэдэг асар их хариуцлага” гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Сонгуулийн кампанийн туршид “ард түмний ерөнхийлөгч” байхаа зогсоо зайгүй амалсан Ц.Элбэгдорж 6-р сарын 18-д тангарагаа өргөөд намаасаа түдгэлзэж АН-ын байраар шагайх ч эрхгүй болно. Гэтэл Эрдэнэбат даргын сонгуулийн халуун буугаагүй явна. Одоо салахгүй нь ээ. 

Урьд нь МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд гэж нөхөр МАХН-ын гишүүн байсан 40-өөд мянган төрийн албаны хаагч 2009 оны 1-р сарын 1-нээс хуулийн дагуу намаасаа түдгэлзсэнийг “харин ч манай намд ашигтай юм боллоо. Манай намын гишүүн мөртлөө гишүүн биш хэлээд төрд орчихож байгаа юм” гэсэн утгатай тайлбар хийж тэдэнд тусгай даалгавар өгч нууц ажилд томилсноо гайхуулах мэт додигор байж билээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

Хэдхэн хоногт мартагдсан 335 иргэний үнэмлэхийг эргэн дурсахуй…

Posted by tseren on 2009/06/04

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн бас нэг дуулианыг сануулья.

Санал хураалтын өмнөх өдөр МУБИС, ХҮДС, “Гурван эрдэнэ” дээд сургуульд хөдөө орон нутгаас суралцаж байгаа, саналаа өгөх боломжгүй оюутнуудаас иргэний үнэмлэхийг нь даваа гаригийн 10 цаг буцааж өгөх болзолтойгоор нэг бүрийг таван мянган төгрөгөөр худалдан авч байсан МУБИС-ийн оюутан Н.Батзаяа, түүний дүү Н.Отгонжаргал, бас тэдэнд мөнгө өгч захиалсан Ж.Оргилсайхан гурвыг маргааш нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд саатуулан тайлбар мэдүүлэг авч байгаа талаар телевизүүд шууд сурвалжлах шахсан билээ.

Улмаар Оргилсайхан нь хэргийн жинхэнэ захиалагч Оюунчимэг гэдэг эмэгтэйн үүрлэсэн “Тамир” зочид буудлыг зааж өгчээ. Цагдаагийнхан очиход зугтаж амжсан ч ноутбүүк болон бичиг баримтаа орхисон байв.

Цагдаагийн алдарт хурандаа Сайнжаргал нийтдээ 335 иргэний үнэмлэх хураасныг сэтгүүлчдэд бараг тоолж үзүүлээд “сонгууль явагдаж байгаа учраас намын нэрийг одоо хэлмээргүй байна” гэж цааргалсан ч зарим телевиз (аль телевиз гэдгийг таагаарай) тэр хүмүүс Ардчилсан Намын гишүүд байсныг илчлэхгүй хаачихав.

Сонгууль дуусаад олон хоног өнгөрлөө.  АН-ынхан эвгүй дурсамжаа сэдрээхийг хүсэхгүй байж болно. Харин хэрэг болгоныг нүдэнд харагдтал ярьж өгөх үүрэгтэй Сайнжаргал хурандаа яагаад дуугаа хураав?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 1 Comment »

Нэг нь гүтгэж, нөгөө нь няцааж тоглосон уу?

Posted by tseren on 2009/06/02

Зөвлөлтийн ард түмний эх орны дайны тухай ийм үг байдаг: Хэрвээ амь үрэгдсэн сүүлчийн цэргийн шарилыг олж ёс төртэйгээр оршуулаагүй цагт дайныг бүрэн дууссан гэж үзэж болохгүй.

Саяын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улайрсан сурталчилгааг эргээд санахад “Сонгуулийн үеэр гарсан дайралт, няцаалт, гүтгэлэг болгоны “үнэн”-ийг олж цэг тавиагүй цагт энэ сонгуулийн асуудал дууссан гэж хэлж болохгүй“ санагдлаа.

Хоёр намын захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт хичнээн олон “үнэн” бяц даруулан хэвтэж байгаа бол?

Тухайлбал, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Солонгосын байгууллагаас хандив авсан гэх асуудал яасан бэ? Сонгуулийн өдрүүдэд TV9 телевизийн дэлгэцэнд хадагдчихсан нэг пионер “Надад нам нам огт хамаагүй. Би иргэнийхээ хувьд Элбэгдорж гуайд асуулт тавьж байна” гэхэд ард нь МАХН-ын С.Баяр, Ц.Нямдорж, С.Нарангэрэл тэргүүтэй ах нар “энэ хүүгийн асуултанд хариул” гэж шаардаад байсан. Яасан бэ?

АН-ын зүгээс бас л дуугаа хураав. Монголоос ямар бүрэлдэхүүнтэй “сурвалжлах баг” Сөүлд нисэн очиж гудамжнаас хоёр солонгосыг гурван сая воноор хөлслөн Элбэгдоржийн 1,5 сая воны хандивын талаар яриулж гүтгүүлснийг зарлах болоогүй юу? Солонгосын цагдаа тэднийг олсон гээд байсан. Ау, яасан бэ?

Хоёулаа таг чиг.  Нэг нь гүтгэж, нөгөө нь няцааж тоглосон болж байна уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 5 Comments »

“… Шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд …”

Posted by tseren on 2009/05/28

Олон телевиз дамжин мэдээ уншихдаа этгээд яриагаараа ялгарч жижигхэн брэнд болсон сэтгүүлч Алтаншагай хамгийн сүүлд “Ийгл” телевизэд зурвас үзэгдээд сураг алдарснаас хойш бараг жилийн дараа 2009 оны 05-р сарын 22-ны үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааны үеэр Соёлын төв өргөөний тайзан дээр гэнэтхэн гарч ирлээ.

Хөтлөгч:

- Та бүхний дунд ажлаа хийж байгаа нэгэн хүсэлт тавьж сэтгэгдлээ илэрхийлэх гэсэн юм. Сэтгүүлч Алтаншагай таныг урьж байна хэмээн зарлав. Чухам ямар ажил гэдгийг хэлээгүй, тэгээд ч энэ удаагийн сонгуулиар дэлгэцэн дээр харагдаагүй болохоор хөшигний цаана далд фронтод ажилласан байж  мэдэх тэрбээр үнэхээр гарч ирлээ.

Сэтгүүлч Алтаншагай:

snapshot20090528125735

- Сайн байцгаана уу? Би та бүхэнд мэдээ танилцуулья, Алтаншагай. Энэ дууг сонссон уу? [Алга ташилт]. Яг энэ миний энэ дуу хоолой бараг сар гаруй TV9 телевизээр яваад байна л даа, “Шударга мэдээ” гээд. Би нэг зүйл хэлэх гэсэн юм. Өөрийгөө хамгаалж байна гэж ойлгоно уу яана уу, өөрсдөө мэд. Тэр “Шударга мэдээ”-г миний бие, би хийгээгүй. Алтаншагай мэдээллээ гэдэг утгаараа хийгээгүй. Тэр мэдээг хийсэн ч гэсэн тийм шударга мэдээ байдаггүй л байхгүй юу! Хүнийг яаж хутган.. гутаан доромжилж байна, тийм үү? Зүгээр одоо Алтаншагайг ард түмний зарим хэсэг ардчиллыг дэмждэг гэдэг утгаар нь мэдэх байх….Гэхдээ ардчилллыг дэмжихдээ хүнээ ялгаж дэмжих ёстой биз дээ [Алга ташилт]. Тэгээд нэг ийм залруулга хийж байгаа юм. Би ноён Энхбаярыг зарим хэвлэлээр… нэлээд сайн авч өгдөг л дөө… Гэхдээ тэр шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд ноён Энхбаяраас одоо албан ёсоор уучлал гуйгаад, та энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялна аа, нөгөө хүн чинь таныг хувь хүнийхээ хувьд ч тэр, хийж бүтээж байгаа юмныхаа хувьд тэр шал өөр, эсрэг тэсрэг. Би ноён Элбэгдоржтой бас хамтарч ажиллаж байсан, ямар хүн гэдгийг мэднэ… Тийм учраас би өөрийнхөө сонголтыг хийж байгаа байхгүй. Миний сонголт бол ноён Энхбаяр. Та ялна аа… Танаас уучлалт хүсье! (Очиж тэврэлдэв).

snapshot20090528130117

Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн шийдвэрлэх өдөр ноён Н.Энхбаярыг монголчууд тэр чигээрээ дэмжиж байгааг харуулж УИХ-ын гишүүдээс эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд, оюутан сурагчид, үндэстэн ястнууд, олимпийн аваргууд, бөхчүүд, цэргийн албан хаагчид, урлаг соёлын одууд гээд нийгмийн анги давхарга, ажил мэргэжил болгоноос цуглуулж Соёлын төв өргөөний тайзан дээр долоон эгнээ ярайтал суулгаж заримаар нь үг хэлүүлэхдээ Н.Энхбаярыг дэмжсэн “намын дайчин байлдагчид”-ын шинэ үеийн төлөөллийг үлдээчихэв үү гэтэл ашгүй сэтгүүлч Алтаншагай өөрөө хүсэлт тавьж энэ алдааг засчээ.

Уучлал гуйсан тухайд. Сэтгүүлч хүн өөртөө шүүмжлэлтэй хандах сайн хэрэг боловч өмнө ярьж хэлж байснаа “худлаа тал руугаа байсан” гэж үгүйсгэх нь өөрөө ”худлаа тал руугаа” байх шүү.  Урьд нь сэтгүүлч Алтаншагай улс төрчдийг, түүний дотор Н.Энхбаярыг зөндөө шүүмжилсэн байх, гэхдээ камерын өмнө улаан цайм гүтгэж суусан гэж бодохгүй байна. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй шүү! Тэр тусмаа үүнийгээ дөрвөн жилд ганц удаа тохиох  сонгуулийн урьд өдөр зөвхөн “зарим талаар” (бүрэн гүйцэт биш!) мэдэрчихээд гүйж очоод тэврэлдэх хэрэг байсан уу? Одоо яаж “шударга мэдээ” хийнэ дээ.

Эсвэл “татгалзахааргүй санал” ирсэн юм уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 17 Comments »

Тэргүүн нүүрний эсэргүүцэл

Posted by tseren on 2009/05/27

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.

Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.

“ӨДРИЙН СОНИН”

2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…  

 2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.

2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.

Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!

Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?

2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан  ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?

 2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.  

2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.

Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.

Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by tseren on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by tseren on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз | 3 Comments »

Сүүлчийн мөч хүртэл хууль зөрчсөөр өндөрлөв

Posted by tseren on 2009/05/22

Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?

МҮОНТ:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН

Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.

TV9 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН

Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]

TV5 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН

Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.

20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”

20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.

22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.

23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Эсвэл нээгээд … эсвэл хаагаад …

Posted by tseren on 2009/05/22

Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.

Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.

Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.

Тэгтэл www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм.  Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)

Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.

(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ | 7 Comments »