АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа’ Category

Бэлэн мөнгө амалсан юм уу?

Posted by tseren on 2009/11/11

МАХН-ын Эх орны хишигУржигдар “25-р суваг” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, Д.Одхүү нарыг урьж 2008 оны сонгуулиар Ардчилсан намын түрүүлж амалсан 1 сая, МАХН-ын давуулж амалсан 1,5 сая төгрөгийг хоёуланг нь бэлэн мөнгөөр өгүүүлэх хөдөлгөөнийг санаачилсан ҮШН-ын Б.Цогтгэрэл, бас нэг нөхөр, Г.Уянга нартай зэрэгцүүлж суулгаад нэлээд сайн мэтгэлцүүллээ. Харин амлалтуудаа хэдийнэ нэгтгээд “Хүний хөгжлийн сан” нэрээр бүр гоёыг амалж яваа улс төрчид “бид энд хэн нэгэнд боорлуулахаар ирээгүй” хэмээн нам дарж “Энэ бол хоёр намын улс төрийн амлалтын тухай нэвтрүүлэг. Монтажлахдаа энэ талаас нь хийгээрэй” гэж Г.Уянгыг хэлэхэд Хүрэлбаатар гишүүн “Монтажлах юм бол шүүхэд өгнө шүү” гэсэн хариу барьж байлаа.

Нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Пүрэвхүү, Ариунаа нар “Та нар бэлэн мөнгө амалсан шүү дээ?” хэмээн хамт нэхэлцсэн боловч тэдэнд нотлох баримт (бичлэг гэх мэт) байсангүй. Хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаанд ээлжлэн зүтгэсэн учраас тэр.

2008 оны сонгуулийн хавар хоёр намын улс төрчид 1 сая ба 1,5 сая төгрөгийн амлалтаар сонгогчдыг ховсдож, айл гэрүүдээр батламж тараан баярхаж явахад “Бэлэн мөнгө амлах хуулиар хориотой байхад танай нам яагаад?”, “Үнэхээр бэлэн мөнгө өгөх юм уу?”, “Энэ батламж чинь бэлэн мөнгө шиг харагдаад байна даа!?”, “Яг хэзээ өгөх вэ, нэг удаа юу, жил болгон юм уу? “Хүмүүс сонгуулийн маргааш өглөө эртхэн очиж авна гэж яриад байна?”, “Бэлэн мөнгийг өөр юмаар орлуулж зальдахгүй биз?”,  гэх мэтээр шаардаж, бас сонгогчдоос “Та 1,5 сая ба 1 сая төгрөгийг яг бэлнээр авна гэж ойлгов уу, эсвэл?” гэж мэтээр асуулт тавьж хариулт аваад хадгалчихсан сэтгүүлчийг би санахгүй байна. Тэр өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчдийн дуудлагаар очиж үйлчлээд тийм сэхээ байгаагүй юм.

Одоо батламж нэртэй цааснаас өөр ямар ч ул мөр үлдээгүй.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 6 Comments »

СОНГУУЛИЙН “БИЗНЕС” МЭДЭЭ

Posted by tseren on 2008/12/09

2008 оны 12-р сарын 8-нд “Глоб Интернэйшнл” ТББ-аас зохион байгуулсан “19-р зүйл ба хараат бус сэтгүүл зүй” дугуй ширээний ярилцлагад зориулж өөрийн бичсэн илтгэлийг дор нийтлэв.

Аливаа нийтлэл, нэвтрүүлгийг (нийтэд хүргэдэг гэсэн утгаар бүх төрөл зүйлийг энд багтааж байна) захиалгаар бэлтгэж явуулах нь сэтгүүл зүйн мөн чанарт харшилдаг. Хэвлэл мэдээлэл бусдаас мөнгө авч тодорхой бараа, үйлчилгээг нийтэд танилцуулж болох авч энэ тохиолдолд нийтлэл, нэвтрүүлэг биш сурталчилгаа гэж нэрлэнэ. Энэ бол сэтгүүл зүйд шийдэгдсэн асуудал. Нийтлэл, нэвтрүүлгийг зар сурталчилгаанаас зааглах нь сэтгүүл зүйн үндсэн зарчмуудын нэг юм. Read the rest of this entry »

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »

Сонгууль-2008: “Лүнгийн хэрэг”-ийг хэн цайруулав?

Posted by tseren on 2008/09/07

2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хэрхэн оролцож ямар үүрэг гүйцэтгэсэн зарим баримт жишээг “Сонгууль-2008″ нэрээр эргэн сануулья.

Баруун зүгт Лүнгийн замыг “Очир төв” компани хоёр жилийн турш там болгоод байна. Уг нь тендерт ялж цоо шинэ засмал тавих үүрэг хүлээн ажлаа эхэлж хуучин замыг туушид нь хуулж хаясан мөртлөө шинийгээ барьж дуусалгүй өдий хүрснээс хөндий дүүрэн салаа замууд үүсч эрүүл хөрс, малын бэлчээрийг сүйтгэсэн билээ. Саяхан Зам, тээвэр аялал жуулчлалын яамны дэд сайдын яриаг сонсоход 11-р сард бүрэн дуусах гэрээтэй энэ зам дээр тус яамныхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод сахиж суугаа боловч сайндаа л 50-70 хувийг энэ онд багтаан ашиглаланд өгвөл дээдийн заяа гэнэ. Бас наадмаар Хүй долоон худаг руу хагас дутуу тавьсан замаа одоо дахиж байгаа сурагтай.  

Хэрвээ манай сэтгүүлчид “Лүнгийн хэрэг”-ийг нэгэн дуугаар шуугиад эхэлсэн бол ийм хулхи компанийн эзэн Дамба-Очир төрд орох нь бүү хэл  өөрөө хүрз бариад тэнд халуун асфальт шидэлж зогсох учиртайсан. Гэтэл тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуултар МАХН-ын нэрээр Орхон аймгаас сонгогдож Төрийн ордонд тухалж сууна. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц Дамба-Очир “хэдэн төгрөг” гаргахад л монголын телевизүүд түүний өмнө бүрэн сөгджээ. Эхлээд МҮОНТ Дамба-Очирт худалдагдаж сонгуулийн байтугай ямар ч сурталчилгаа явуулах эрхгүй “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө  Лүнгийн замын байдлыг гүжирдэн магтаж Дамба-Очирыг хэдэнтээ сурталчилж өглөө. (Үүнийг би нэгэнтээ бичиж байсан) 

Хамгийн анхны, ардчилсан, хараат бус, чөлөөт телевиз “25-р суваг” дараачийнх. Тус телевизийн хамгийн сайн сэтгүүлч Пүрэвхүү бүсгүй “Лүнгийн зам” нэртэй 20 минутийн баримтат бүтээлээ туурвижээ. Нойр хоолгүй ажиллан зам барьж байхад гүтгэлээ гэж Дамба-Очирын өмнөөс гомдоллоод УИХ-ын чуулган дээр шүүмжлэл хэлсэн З.Энхболд, Батж.Батбаяр нарын зургийг харуулж “тэр хоёр улс төрийн шалтгаанаар дайрсан” гээд баахан балбаад дараа нь АН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч нэгний компанийн урьд тавьсан замаас хэдэн цоорхой илрүүлэн микроскопоор томруулах шахам харуулж барьцлаа. Лүнгийн замаар тэр болгон яваад байдаггүй эрдэнэтчүүд Дамба-Очирыгоо өрөвдөн нулимс унагасан биз.

 

 

Удалгүй 25-р суваг телевиз “Очир төв” нэртэй  бас нэг нэвтрүүлэг гарч эгэл жирийн амьдралын илүүд үзэж одоо болтол гуравхан өрөө байранд амьдарч байгаа Дамба-Очир хэмээх гайхамшигт хөвгүүний тухай бас нэг нэвтрүүлэг толилуулсан. Ерөнхийдөө Эрдэнэтийг босгоод авч яваа хүн гэж ойлгогдсон шүү. Тайлбарыг МҮОНТ-ийн хөтлөгч Ичинхорлоо яруу тодоор уншлаа. Олон нийтийн радио, телевизийн хуулиар хориотой зүйл. 

Үүнийг үзэж сэтгэл хөдөлсөн бололтой TV5-ын тоймч Э.Дагиймаа тэр сайн хүнийг дэмжихээр Эрдэнэтийн зүгт яаран мордож очоод “Сүүлийн үед таны тухай шуугиантай материал их гарч, хар пиар яваад байна“ хэмээн ичингүйрэн асуулаа. Хариуд нь Дамба-Очир сонгуульд өрсөлдөгчдийн элдэв гүтгэлэг доромжлолыг тоохгүй гэж даналзсанаар Дагиймаагийн бах ханаж боодол мөнгө өвөртлөн буцаж иржээ. 

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз, Телевиз | 1 Comment »

Хоёр магнатын алдаа буюу телевиз, сонин хоёрын аль нь хүчтэй вэ?

Posted by tseren on 2008/07/18

2008 оны УИХ-ын сонгууль энэ асуултанд товч бөгөөд тодорхой хариу өгсөн юм.

Олны мэдэх хэвлэл мэдээллийн гурван эзэн болох “25-р суваг” телевизийн захирал З.Алтай, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч Р.Хадбаатар нар саяын сонгуульд нэр дэвшсэн билээ.

Монголын хамгийн том хоёр сонины эзэд аль ноднингоос сонгуульд бэлтгэж эхэлжээ. Хадбаатар гэхэд “Хүмүүс” сонины уншигчдын клубыг ганцхан нэр дэвших Хөвсгөл аймагтаа байгуулж (нийтдээ 40 мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага болсон гэдэг) тус клубын буюу уншигч, редакцийн уулзалт нэрээр концерт, бэлэг, мөнгө, хонжвор, үнэгүй сонин, сурталчилгаагаар хөвсгөлчүүдээ таслаагүй. Бас аймгийнхаа 120 гаруй багийн даргыг Бээжин хотноо хоёр ээлжээр аялуулсан юм. Сонгогчдоо өөр яаж халамжилсныг бүү мэд.

С.Баярмөнх ч нэг их дутаагүй. Нэр дэвшихэээр шийдсэн Баянхонгор нутагтаа бас л “Сэрүүлэг”сонины уншигчдын клуб (өөр ямар ч аймагт байгуулаагүй) байгуулж ноднингоос хойш баянхонгорчуудаа сэрээсээр  сонгууль хүргэж чадсан. Дуучин Баясгалан “Сэрүүлэг”-ийн нүүр царай болж Баянхонгорт хаваржих шиг болов. Бэлэг дурсгалын талаар зөндөө дуулдаж байсан.

Дээрээс нь хоёулаа ноднингийн болоод энэ жилийн Монголын хэвлэлийн магнатаар бие биенээ ээлжлэн тодруулж том пиардсан төдийгүй хамгийн гол нь хоёулаа хамгийн хүчирхэг МАХН-аас нэр дэвшсэн байлаа. Өөр ямар ч улс төрч, бизнесмен, нийгмийн зүтгэлтэнд ийм олон давуу тал зэрэг бүрдэхгүй. УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад өөр юу хэрэгтэй юм бэ?

Телевиз чухал гэдгийг тэд ойлгож байсан. Баярмөнх бүр TV8 нэртэй телевиз байгуулсан төдийгүй Баянхонгор, бас Хөвсгөл аймагт нэвтрүүлгээ дамжуулж үзүүлсэн гэдэг. Өөрөө ч хэд хэд гарсан. Хадбаатар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө Хөвсгөл аймагт хийсэн “айлчлал”-ынхаа тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг Үндэсний телевизээр сэм сэмхэн оруулж байв. Гэхдээ хоёр магнат маань өөрсдийн эзэмшдэг сониноо тойрсон сурталчилгаанд хэт эрдэж хугацаа алдсан бололтой. Зөвхөн сонгуулийн кампанийн төгсгөл рүү телевизийн сурталчилгааны хажууд бусад сурталчилгаа юу ч биш, бүх телевизээр зэрэг бөмбөгдөх хэрэгтэй гэдгийг гэнэт ухаарч гэртээ хонуулдаг, хоол хийдгээс эхлээд бусад бүх нэвтрүүлэг, ярилцлагыг бөөн бөөнөөр захиалж угсруулан орцгоосон боловч нэгэнт хожимдсон байлаа.

“25-р суваг” телевизийн захирал З.Алтай сонгуулиас ердөө сар гаруйн өмнө нэр дэвшихээ зарласан бие даагч. Тэрбээр тойрогтоо цөөхөн хүнтэй уулзалтууд хийж, сонгогдвол үзүүлээд өгнө гэж баахан сүржигнэснээс биш, мянга мянган хүнийг доргиосон концерт, найр найдам зохион байгуулаагүй. бэлэг сэлт тараагаагүй байх. Зөвхөн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ 25-р сувгаараа сарын турш үзүүлж энэ олон жил үүргэвч үүрээд хаагуур зовж зүдрэн аялснаа сануулахад л ялалт халаасанд ороод ирэх нь тэр. Гурван өрөө байр амалсан хотын экс мэр  Ц.Батбаяр, алт эрт нүхээ малтчихсан хашир гишүүн Д.Ганди, баян бизнесмен Д.Ганхуяг, ноднингоос хойш Хонгорт, хотод, Улиастайд хаа ч хамаагүй хэн нэгний эрхийг хамгаалж тодорсон Б.Мөнхтуяа гишүүн, гурван жил жагсаж даналзсан Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан гээд өөртэйгээ өрсөлдсөн болгоныг давж тойрогтоо төдийгүй Монголд хамгийн олон санал авсан юм. З.Алтайн мэдэлд бүхэл бүтэн телевиз байсан, түүнийгээ тултал ашиглаж чаджээ.

Улс төрийн том намуудад хамаагүй, шинээр сонгогдсон хоёрдогч нэр дэвшигч бол Иргэний эвслийн тэргүүн, Ногоон намын дарга Д.Энхбат юм  Гэхдээ маш олон хүн түүнийг нам, эвслийн гуншингаар биш харин “Форум-ын Энхбат” гэсэн хоёрхон үгээр таниад сонгосон. “Форум” бол 2004-2006 онуудад МҮОНТ-ээр явуулж байсан нөгөө нэвтрүүлэг гэдгийг хүмүүс мартаж амжаагүй байжээ.

P.S: “Өнөөдөр” сонины саяхны нэг дугаарт бичихдээ “Сэтгүүлч Д.Цэрэнжав гуай зурагтаар ярьж байна. “Demokratie буюу англиар Democracy гэдэг үг нь эртний Грекийн demos (ард түмэн), kratia (засаглал) гэсэн үгнээс үүдэлтэй. Бид үүнийг “ардчилал” хэмээн орчуулдаг. Махчилсан утгаараа ар түмний засаглал гэсэн үг юм. Харин энэ удаагийн сонгуульд telecracy буюу зайнаас засаглах үйл явц давамгайлж байна” гэсэн юм. Tele гэдэг нь алсаас, зайнаас гэсэн утгатай грек үг. Түүний хэлсэн үг үнэн болохыг өнгөрсөн хоёр өдрийн үйл явц тод харууллаа” гэхчлэн бичжээ. Гэхдээ би теле гэдэг үгийг телевиз гэсэн тов тодорхой утгаар хэрэглэсэн юм шүү.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, TV8 телевиз, Сонинууд, Телевиз | 1 Comment »

Бэлэн асуултанд ээлжлэн хариулж “халз мэтгэлцэв”

Posted by tseren on 2008/06/28

Хоёр намын пиарчдын урьдчилан тохиролцсноор 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны “оргил” нь МҮОНРТ-ээр зохион байгуулах “улс орны амьдралд шийдвэрлэх үүрэгтэй” МАХН-ын дарга С.Баяр, АН–ын дарга Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээн  байх байсан ч олон нийтийн телевизийн дарга нар энэ захиалгыг хууль зөрчиж гүйцэлдүүлэхээр санаархсан нь илэрсэн учраас бүтээгүй билээ. Гэхдээ хоёр нам нэгэнт тохиролцсоон халз мэтгэлцээнээ TV5 телевизээр явуулсан юм.

Харин МҮОНРТ-ээр сонгуулийн сурталчилгааны сүүлчийн буюу 6-р сарын 27-ны орой сонгуульд оролцож байгаа нам, эвслийн дарга нарын халз мэтгэлцээн болдгоороо болов. Сонгуулийн сурталчилгааны бичигдээгүй хуулиар бол илт давуутай, рейтинг өндөртэй тал нь “жижиг” намууд буюу нэр дэвшигчидтэй нүүр тулахаас зайлсхийдэг бол тусдаа мэтгэлцэж хэргээ бүтээчихсэн С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр өөрсөддөө тун итгэлтэйгээр орж ирсэн нь сонин. Хоёр нам бас л тэгэж зөвшилцсөн биз.

Энэ өдрийг хүртэл МҮОНТ-ээр улс төрийн намуудын дунд орой болгон явуулж ирсэн “Халз мэтгэлцээн” бол үнэн хэрэгтээ урьдчилан бэлтгэсэн “Манайд авлига хэр их байна?”, “Байгаль орчноо яаж хамгаалах вэ?” гэх мэт ерөнхий асуултанд ээлж дараалан хариулсан ярилцагархуу юм байсан. Энэ удаад яг тэгэж эхэлсэн боловч Иргэний эвслийн тэргүүн Д.Энхбат эсэргүүцэж, илт МАХН ба АН-д зориулсан, тэдэнтэй урьдчилан тохиролцсон нэгдүгээр ангийн хүүхдийнх шиг асуулт тавихаа болихыг уриалсан боловч бүтээгүй. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр Д.Энхбатын тавьсан биш, хөтлөгчийн бэлтгэсэн хэдэн асуултын цаана нуугдсаар байгаад дуусгасан билээ.

Энэ үеэр хэвлэл мэдээлэлтэй холбоотой бас нэг санааг Монголын Ардчилсан хөгжлийн намын дэд дарга М.Ганзориг хэллээ:  
- Энэ удаагийн сонгуулиар 370 тэрбум хэвлэл мэдээлэл рүү орж байгаа гэж байна. Энэ их мөнгө  хэвлэл мэдээллийг асар их бохирдуулж байна. Үүний улмаас хэвлэл мэдээлэл мэргэжлийн алуурчны түвшинд хүрсэн байна…

Ганзоригийн мэдэгдлийн төгсгөлийн хэсгийг залруулах хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар монголын хэвлэл мэдээлэл мэргэжлийн алуурчны биш, харин асар их мөнгөтэй улс төрийн намууд, нэр дэвшигчдийн улаан хамгаалагчийн үүргийг гүйцэтгэлээ.  Нэр хаяггүй хэдэн захиалгат нэвтрүүлгийг эс тооцвол шүүмжлэл, илчлэлт, эрэн сурвалжлага огт байсангүй. Юун аллага. Чимхээд ч авсангүй. Зөвхөн магтаал. Гэхдээ энэ бол тусдаа ярианы сэдэв.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Хууль зөрчих гэж байснаа М.Наранбаатараас бусад нь ойлгожээ

Posted by tseren on 2008/06/27

МҮОНТ-ын ерөнхий захирал М.Наранбаатар 2008 оны 6-р сарын 26-нд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө юу ярихыг сонсоход МАХН ба АН-ын дарга нарын мэтгэлцээнийг олон нийтийн телевиз тэр орой зохион байгуулсан бол хууль зөрчсөн үйлдэл болох байсныг хүлээн зөвшөөрөхгүй, магадгүй ойлгоогүй  хэвээрээ байх юм. Монголын хамгийн том телевиз зориудаар мэдэн будилж буруу зөрүү тайлбарласныг дагаад хууртсан юмуу эсвэл далимдуулаад намын даргадаа хайртайгаа илэрхийлэх гэсэн хэсэг хүмүүс гараад ирж. Харин ийм мэтгэлцээн гарцаагүй хууль зөрчих байсныг АН сонгуулийн ерөнхий менежер шударгаар хүлээн зөвшөөрсөн бол МАХН-ын нэг дарга бараг хүлээн зөвшөөрсөн байна.

    
Тэр оройн “Цагийн хүрд”-ээр хэн юу гэж ярьсныг дор сийрүүлэв.

Read the rest of this entry »

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

“Ярилцья”, “Гэрэлтэй цонх”, “Цагийн хүрд” хэнийг сэмхэн сонгов?

Posted by tseren on 2008/06/26

Сонгуулийн сурталчилгаа төгсгөл рүүгээ дөхөхийн хэрээр МҮОНТ хууль зөрчсөн далд сурталчилгаагаа нуухаа ч больж гэгээн цагаан өдрөөр хүртэл явуулсан юм. Зарим жишээг дурдвал

2008.06.21. “Ярилцья” нэвтрүүлэг
1. Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч,  УИХ-ын гишүүн Л.Одончимэд
2. Баянзүрх дүүрэгт “Эх орон” намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Отгонбаяр
3. Өвөрхангай аймагт МАХН-аас нэр дэвшигч, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба
4. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч бөгөөд МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Бурмаа (МСНЭ-ийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн бас нэг гишүүн Ц.Дашдондов гуай ирсэнгүй гэж зарлаж байгаад 30 гаруй минут “чөлөөтэй сайхан” ярилцав)

2008.06.21.
Бүр 1990-ээд оны эхээр УИХ-ын гишүүн Т.Гандигийн хийсэн уран сайхны киног үзүүлэв. Төгсгөлийн хэсэгт Ганди өөрөө тогложээ.

     

2008.06.22. “Боловсрол  хөгжилд” нэвтрүүлэг
Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшигч,  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин боловсролын сэдвээр тухай ярив.

2008.06.23. Ярилцлага 
Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч, АН-ын дарга Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага

2008.06.25.  19.30-19.40.  Хөтөлбөрт “МҮОНТ энэ долоо хоногт” гэж байв.
Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сурталчилсан нэвтрүүлэг

Тэгвэл харанхуй шөнөөр буюу “Гэрэлтэй цонх”-ны дор бүр замбараагаа алдсан хэвээрээ. Сүүлийн үед Дорноговь аймагт МАХН-аас нэр дэвшигч, Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорнод аймагт нэр дэвшигч, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр, Баянзүрх дүүрэгт “Эх орон” намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Отгонбаяр нар “Гэрэлтэй цонх”-оор юу хийснийг урьд нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр шөнө бүр гурван нэр дэвшигч болж нэмэгдлээ.

2008.06.26. “Гэрэлтэй цонх” хөтөлбөр. 01 цагаас хойш
1. Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшигч, БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Даваасамбуугийн ярилцлага
2. Сэлэнгэ аймагт МАХН-аас нэр дэвшигч, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Баярмагнайн ярилцлага
3. Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч, АМГТХЭГ-ийн дарга асан Лу.Болдын ярилцлага

   

P.S: 27-ны өглөө урьд оройн “Цагийн хүрд”-ын давталтыг харжээ байтал хөдөө орон нутагт зуншлага ийм тийм байна гэсэн тайлбар сурвалжлагаар МАХН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч О.Чулуунбат гарч ирээд энэ зун тус аймгийн нутгаар цаг агаар ямар байх тухай урьдчилсан мэдээг танилцууллаа.  Мэдээж налгар сайхан сайхан зун болох ажээ. Сонгогчиддоо сайн мэдээ дуулгах шиг сайхан юм хаа байхав…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хууль зөрчүүлээгүйн төлөө МҮОНРТ-ын удирдлага маш их гомдолтой байна

Posted by tseren on 2008/06/26

Өчигдөр орой  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз  гэнэт сүржин мэдэгдэл хийж хэд хэдэн удаа давтлаа. Бүрэн эхээр нь сийрүүлье.

“Бид иргэнийхээ эрхийг эдэлж төрийнхөө сонгуульд оролцох гэж байгаа билээ. Энэ хариуцлагатай үйл ажиллагаанд сонгогч олныг мэдээлэл, мэдлэгтэй оролцоход нь туслах, мөн олон нийтийн радио телевизийн хуулиар олгосон үүрэг, хариуцлагаа биелүүлэх зорилгоор бид энэ жилийн сонгуульд өрсөлдөж байгаа бүх нам, эвсэлд сурталчилгааны үнэ төлбөргүй цагийг ижил олгож эдгээр улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй хүргэх зорилгоор цуврал халз ярилцлагыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Энэ тухай өгүүлэн та бүхэнд хандаж байгаагийн учир нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцож байхдаа олон нийтийн хүсэн хүлээж байгаа олон асуултад хариу өгөх үүднээс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой халз ярилцлагад зохион байгуулах санал тавьж Элбэгдорж дарга ч хүсэлтийг нь хүлээн авсны дагуу 2008 оны зургадугаар сарын 26-нд радио телевизээр шууд дамжуулах байсан халз ярилцлагыг зохион байгуулахгүй болсонтой холбоотой юм. Учир нь энэхүү халз ярилцлагыг сонгуульд оролцож байгаа Иргэний эвсэл, Хөгжлийн хөтөлбөр нам болон бусад намууд буруушааж СЕХ-нд хандсан бөгөөд СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайханаас манайд ирүүлсэн шаардлагын дагуу ийнхүү МАХН, АН-ын дарга нарын халз ярилцлагыг нэвтрүүлэх боломжгүй боллоо. Мөн энэ шалтгаанаар парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой халз ярилцлагыг нэвтрүүлэхгүй.  Олон нийтийн санал хүсэлт тэдний хүсэл зорилгод нийцсэн нийтлэл нэвтрүүлэг хүргэх зорилготой манай радио, телевиз тэнцвэртэй, ил тод мэдээллийг хүргэхийн төлөө ажилласаар ирсэн боловч дээр дурдсан шалтгаанаар зарим нэгэн нэвтрүүлгүүдийг ийнхүү хүргэж чадаагүйдээ харамсаж байна. Үзэгч сонсогч та бүхнээсээ хүлцэл өчье.  

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз гэжээ

Ийм ноцтой асуудлаар  МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө гарч ирээд мэдэгдэл хийхийн оронд  хөтлөгчийн ард нуугдаж үлдсэн нь учиртай. Яагаад гэвэл зөвхөн 2 намын хооронд халз мэтгэлцээн явуулах нь хуулиар хориотой. Үүнийг ойлгохын тулд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалтыг уншихад л хангалттай.

37.7. Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.
37.8.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж  байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

Тэгэхлээр Сонгуулийн  Ерөнхий хороо, түүний дэргэдэх хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл зөвхөн хууль зөрчихгүй байхыг л сануулсан хэрэг. МҮОНРТ-ийн мэдэгдэлд нэр дурдагдсан Иргэний эвсэл гомдол гаргаагүй (харин Хөгжлийн хөтөлбөр нам ийм гомдол гаргасан гэдэг бол худлаа), бас СЕХ-ноос бичиг очоогүй байсан ч хоёр намын халз мэтгэлцээний тухай саналаас М.Наранбаатар захирал эелдгээр татгалзах байсан. (“Та хоёр биднийг хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэхээр оролдож байгаад харамсаж байна… гэх мэтээр). Тэр ч байтугай МАХН-ын дарга С.Баяр ийм санал гаргахгүй, АН-ын дарга Ц.Элбэгдорж хүлээж авах ёсгүй байсан. 

С.Баяр, Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнээс гадна  хууль зөрчих гэсэн бас нэг оролдлого илэрлээ. Мэдэгдлээс үзэхэд, “парламентад суудалтай бусад намуудын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлан болон хэтийн зорилгын талаар мэдээллийг хүргэх зорилготой” дахиад нэг халз ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Хуулиа судалцгаая. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг тэр тусмаа МАХН ба АН хоёрын нэгдсэн намын бүлэг бүхий Улсын Их Хурал 2005 оны 12-р сарын  29-нд баталсан билээ. Хэрвээ Ц.Нямдорж буруу зөрүү засчихаагүй л бол…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Экспресс ньюс” хамтлагт С.Наранбаатар, А.Батпүрэв нар тоглож хөгжмийг нь Ардчилсан Нам захиалдаг. Үүнийгээ нуудаггүй.

Posted by tseren on 2008/06/26

 

2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны кампани дуусах дөхжээ. Зарим зүйлийг дүгнэж эхэлмээр санагдлаа.

 

Намуудын сурталчилгааны нэвтрүүлгүүдээс би “Экспресс ньюс”-ийг бусдаасаа илүү гэж үнэлж байна. Хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө  “Экспресс ньюс” бол  нэг удаагийнх биш, аль 3-р сараас хойш ажлын өдөр болгоны орой 23. 30-24.00 цагийн хооронд C1 телевизээр тогтмол гарч ирсэн нэвтрүүлэг. (Энэ нэвтрүүлгийг  хүмүүс үздэг гэдэг утгаар би ганцаараа биш  УИХ-ын гишүүн, МАХН-аас  нэр дэвшигч Сү.Батболд, “Иргэн та баялаг” сангийн тэргүүн, АН-аас нэр дэвшигч С.Одонтуяа нар үнэлж  өөрсдийн сурталчилгааны нэвтрүүлгийг “”Экспресс ньюс”-ийн цагаар явуулсан билээ)

 

Гэхдээ миний хувьд хамгийн  гол шалтгаан бол уг нэвтрүүлгийг бэлтгэдэг хийлч, төгөлдөр хуурч хоёр нүүр царайгаа харуулдаг. Харуулдаг төдийгүй хөгжмөө цааш тавиад нэвтрүүлгээ хөтөлдөг. Тэр хоёр хөгжимчний нэрийг С.Наранбаатар, А.Батпүрэв.  Тэгвэл МАХН-ын сурталчилгааны бүх нэвтрүүлэг,  АН-ын бусад нэвтрүүлгийг бэлтгэсэн хүмүүс нэрээ тас нуудаг.  Хэн ч гарч ирж хөтлөхийг зориглодоггүй бөгөөд текстээ үл үзэгдэгч хөтлөгчөөр уншуулж байна.  Ядахдаа төгсгөлд нь нэрээ ч тавьдаггүй.  Энэ бүхэн яагаад чухал гэж? Өөрсдөө ил гарна гэдэг бол хэлж ярьж, үзүүлсний төлөө хариуцлага хүлээхэд бэлэн харуулж байна гэсэн үг.

 

“Экспресс ньюс”-ээр хэнд хэн үйлчлээд байгаа нь нь тов тодорхой. Гагцхүү үүнийгээ нуухгүй байгаа нь надад таалагддаг.

 

Агуулга нь миний хувьд чухал биш. “Экспресс ньюс”  хамтлагийн хөгжмийг Ардчилсан нам захиалдаг тул АН-ын номлоод байгаа “зөв” бодлогыг  хамгаалж “буруу” бодлоготнуудыг балбасан  мэдээ, сурвалжлага үзүүлж дундуур нь АН-ын реклам явдаг “цэвэр” сурталчилгааны нэвтрүүлэг билээ. 

 

Дугаар болгондоо ярилцлагатай.  Өнгөрсөн хугацаанд хэн хэнтэй ярилцсаныг харахад ихэнх нь буюу лав 40-өөд хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид,  нэр дэвшигчид байлаа.  Завсар зайгаар нь хөндлөнгийн ганц нэг хүмүүсийг урьж оролцуулахдаа АН-ын бодлогод хал балгүй асуудлаар, эсвэл АН-ын гол өрсөлдөгч МАХН буюу одоогийн төр засгийг  шүүмжилсэн хүмүүс байв.  Жишээлбэл, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхбат, Баярхүү (“Эрс шинэчлэл” хөдөлгөөн), Туяа (Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн), САПУ-гийн хохирогчийн төлөөлөл. САПУ-гийн захирал асан Жамъянсүрэн (2 удаа) гэх мэт.  

 

МАХН-ын байхаа больчихсон “Шударга ёс” жигүүрийн Г.Баярсайханыг маш их өргөмжилж нийт 5 удаа яриулжээ. Бас Ногоон намын УБ хотын салбар зөвлөлийн дарга Бум-Ялагчийг арай доогуур үнэлж  3 удаа яриулав. Тэд хоёулаа өөрсдийн намын удирдлагыг илчилсэн мэдэгдэл хийсэн учраас тэр.  Бас нэг малчныг урьсан нь Төв аймгийн малчин Сумъяадорж байж “Телевизээр Батжаргалын Батбаяр гэдэг хүн төр ноолууыг 30 мянгаас доошгүй үнээр худалдаж авья гэсэн санал их сайхан байна” гэлээ. Дараа нь 83 настай ахмад дайчин Түдэвдоржийнд очиж төр засгаас орон сууц нэхэлцэв.  “Монгол оймс” ба “Мастер матрас” үйлдвэрийн дарга нарын яриа АН-ын үйлдвэржүүлэлтийн бодлогод яв цав нийцлээ.  I Love New UB клубын дэмжигч Ануударь гэдэг залууг оролцуулсан нь  сүүлийн үед залуучуудыг байлдан дагуулж байгаа гэж сурталчилдаг I Love New UB гэдэг нь АН-ын  сонгуулийн сурталчилгааны ээлжит кампани учраас тэр.  Бас “Перфект” хамтлагийн ахлагч Гантөмөр гэдэг залуу монголын урлагын хамаг одуудын дуулсан МАХН сонгуулийн сурталчилгааны дууны уран бүтээлчдэд олгосон зардлын тооцоог гаргасан  төдийгүй одоо ид гялалзаж байгаа дууны одуудыг бөөндөж бутниргэсэн билээ.

 

“Экспресс ньюс”  харин МАХН-аас нэг ч хүн нэр дэвшигчийг урьж оролцуулаагүй, урьсан нь ч цаадуул нь илт АН-ын талын нэвтрүүлэгт оролцох ч үгүй байсан биз.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »

МҮОНТ-д шөнө дундаас хойш нэг юм болоод байна шүү!

Posted by tseren on 2008/06/25

Нэгэн зураачийн үзэсгэлэн дээр үзэгчдийн дунд ийм яриа болсон гэнэлээ.
- Энэ зурган дээр нар мандаж байгааг зурсан юм шиг байна
- Үгүй ээ,  жаргаж байгаа нар байлгүй яахав
- Чи яаж мэдэж байгаа юм? 
- Цаад зураач чинь үдээс  өмнө босдоггүй юм аа…

Хүмүүс МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийг бараг үздэггүй байх. Гэхдээ тэд үд болтол унтдагдаа биш бололтой. Өнөө өглөө би зориудаар сэрж үзлээ.  Интернэтээс хэдэн зураг татаж аваад  эрээн мяраанаар хүрэээлүүлж байгаад тайлбарыг орчуулж уншсан, бас уйтгартай таавар оруулдаг гойд юмгүй нэвтрүүлэг байна. Өглөө эрт босоодч МҮОНТ-ээр юу ч үзэхгүй юм байна. Бусад телевизийн өглөөний хөтөлбөрүүд, тухайлбал, ”Цай юу? Кофе юу?“, “Сэрүүлэг” хавьгүй дээр. Би уг нь “Өглөө” хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулж байна гэж сэжиглээд энэ өглөө “барьж авах”-ыг оролдсон санаатай юм.  Гэтэл ямар ч нэр дэвшигч тоохгүй, тэр тусмаа нойроо хасан босч ирэхээргүй хөтөлбөр шиг санагдлаа.  

Харин  өчигдөр маш орой унтсаны ачаар дахиад сонин юм үзлээ.  Шөнийн 1 цагаас хойш “”Гэрэлтэй цонх”-ийн студид УИХ-ын гишүүн, нэр дэвшигч С.Отгонбаяр сэмхэн орж ирээд суучихсан, мөрийн хөтөлбөрөө хээв нэг ярьж сонгуулийн сурталчилгаа хийж суух юм. 

 

Орой унтвал МҮОНТ-ээр хачин юм үзэхнээ. Урьд шөнө нь Дорнод  аймгаас нэр дэвшигч, тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр нисэн ирж ярилцлага өгсөн сураг дуулдав. Үнэн юм байна. 

Тэрний урьд шөнө Дорноговийн “Гэрэлтэй гудамж”-нд юу болсныг та мэднэ. МҮОНТ-д шөнө дундаас хойш нэг юм болоод байна шүү! М.Наранбаатар, Д.Мөнхбаатар дарга нар юун эрт унтдаг юм бэ?

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Хэрвээ МҮОНТ-ээр С.Баяр, Ц.Элбэгдорж нар халз мэтгэлцвэл …

Posted by tseren on 2008/06/24

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2008 оны 6-р сарын 24-ны хуралдааны мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөлийн хуралдаан 2008 оны 6 дугаар сарын 24-нд болж МҮОНТ-ээр явуулж байгаа 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны тэнцвэртэй байдлын талаар зарим нам, эвслээс ирүүлсэн гомдол, шаардлагыг хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргаж СЕХ-нд уламжлахаар болов. 

2008 оны 6-р сарын 9, 12-ны өдрүүдэд Хөгжлийн хөтөлбөр  намын хуваарьт цагаар УИХ-ын сонгуулийн Төв аймгийн 14-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэвийн сурталчилгааг явуулсан нь сурталчилгааны тэнцвэргүй байдлыг бий болгож Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалтыг зөрчжээ. Үүний хариуцлагыг  СЕХ-ноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй, тэнцвэртэй сурталчилгаа явуулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз,  хуваарьт цагаа  өөр намд шилжүүлсэн Хөгжлийн Хөтөлбөр Нам, өөр намын хуваарьт цагаар нэр дэвшигчийнхээ сурталчилгааг явуулсан Ардчилсан намын аль аль нь хүлээх ёстой гэж үзсэн байна.

Мөн энэ долоо хоногт МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнийг МҮОНТ-ээр зохион байгуулбал олон нийтийн телевизээр явуулах хоёр намын үнэ төлбөргүй сурталчилгааны цаг бусад нам, эвслийнхээс илүү гарч тэнцвэрт  байдлыг алдагдуулж Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалт зөрчигдөх тул энэхүү мэтгэлцээнийг МҮОНТ зохион байгуулахгүй, нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.

Сүүлийн үед Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн мэдээллийн хөтөлбөр, ярилцлага болон бусад нэвтрүүлгээр зарим нэр дэвшигчийг элдэв аргаар далд сурталчилж байгаа нь сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг алдагдуулж, мөн арилжааны телевизүүд сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хязгаарлалтыг зөрчсөөр байгаа зэрэг хууль бус үйлдлээ зогсоохыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл  нь 2008 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлын талаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг СЕХ-ны ажлын албаар дамжуулан хүлээн авч байна. 

Хаяг: Монгол Улс Улаанбаатар хот – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11  Засгийн Газрын 11 дүгээр байр,  Сонгуулийн ерөнхий хороо
Утас/факс: 263602

СЕХ-ны дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөл
2008.06.24

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | 3 Comments »

“Гэрэлтэй гудамж”-нд болсон явдал

Posted by tseren on 2008/06/22

Муу хүмүүс аливаа хууль бус үйлдлийг аль болох гэрэлгүй, харанхуй газарт үйлдэхийг хичээдэг бол МҮОНТ-ийнхэн бүр эсрэгээр, гэрэлтэйд амжуулах дуртай юм байна.

2008.06.21-ны Бямба гаригийн үдшийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Гэрэлтэй гудамж” булангаар Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурийн сонгуулийн сурталчилгааг баяр хөөртэйгээр хийж өглөө. Лав 40 минут үргэлжилсэн. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар МҮОНТ-ээр нэр дэвшигчдийн сурталчилгааг зөвхөн СЕХ-ны баталсан хуваарийн дагуу тэв тэнцвэртэй явуулах ёстой. Гэтэл “Гэрэлтэй цонх”-ийн хөтлөгч залуу Сайншанд хотын гэрэлтэй гудамжаар Баттулга даргатай зугаалангаа түүний намтар, хувийн амьдрал, амжилт бүтээлийг нэг нэгэнгүй яриулав. Говийн аймгийн төвд гудамжиндаа гэрэл асаагаад зогсохгүй усан оргилуур байгуулсан гавъяатай дарга бололтой. Магадгүй хотоос сурвалжлагч давхиж  ирээд “хоёулаа зугаалах уу?” гэхэд нь татгалзаж чадаагүй ч байж магадгүй.

Уг нь энгийн яриа хөөрөөтэй, даруувтар хүн юмуу гэж санагдсан. Даанч сурвалжлагч арай дэндүү, зөвхөн зугаалгаа ярихын оронд юу яаж  асууж байна гээч:

- Та Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллахдаа нэг удаа ч гэсэн амарч үзсэн үү?

- Таныг их хурдтай хүн гэх юм…

Цаадах нь яаж тэсэхэв. Сүүлдээ сурвалжлагч “Та Их хуралд сонгогдвол …” гэж асууснаар МАХН-ын мөрийн хөтөлбөрийн тухай хөгжилтэй яриа шөнийн Сайншанд хотын гэрэлтэй гудамжнаас Монгол орон даяар цацагдах нь тэр…

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Хувийн телевизүүд тэнцвэргүй сурталчилгаа явуулахыг хэн ч хориглоогүй…

Posted by tseren on 2008/06/14

Өмнө дурдсанчлан “Ярилцъя” нэвтрүүлгийн төгсгөлд улс төрч, нийтлэлч Баабар сонгуулийн кампани хэрхэн өрнөж байгаа талаар өөрийн дүгнэлтээ ярилаа.  Миний хувьд хэвлэл мэдээлэлтэй холбогдуулан юу хэлсэн нь сонин байв.

Баабар ярихдаа,  
- [Хэвлэл мэдээлэл] хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой. Ийм л зарчим байх ёстой. Юугаа магтнав, юугаа  муулнав хуулийн хүрээнд бүрэн чөлөөтэй. СЕХ  телевиз, сонингуудад  [ хязгаарлалт]…  Хүн өөрийнхөө хөрөнгийг өөрөө захиран зарцуулах ёстой.  Би сонин гаргаад юм уу телевиз байгуулчихаад ганцхан депутат мөнгө өгөөд тэрнийг магтаад  л байж болно ш дээ. Яагаад гэвэл энэ бол миний миний захиран зарцуулах эрх байхгүй юу. Сонгуулийн хороо юун дээр [хязгаарлалт] тавих ёстой ганцхан танай телевиз дээр тавих ёстой.  Яагаад гэвэл танай телевизийн хөрөнгө төрөөс, ард түмнээс гарч байгаа.  Ийм учраас тэнцвэртэй байдлыг ганцхан Үндэсний олон нийтийн телевиз дээр тавина уу гэхээс биш бусад мэдээллийн хэрэгсэл дээр чи заавал тэнцүү байх ёстой … Энэ чинь миний хөрөнгө юм чинь тэнцүү байх ёстой байж байх ямар утгатай  юм. Би хүүхдээ олимпиадад, тэмцээнд оруулья л даа. Би өөрийнхөө хүүхдэд тэнцүү харагдах ёстой юм уу . Би ганц өөрийнхөө хүүхдийг л рекламдана…. Өнөөдөр НТВ юм уу TV9-ыг тэнцвэртэй байгаарай гэж загнана гэдэг хүний хөрөнгийг тэгэж болохгүй… Гэхдээ энэ жилийн мэдээллийн хэрэгслүүдийг хараад ерөнхийд нь ажиглаад байхад муухай гүтгэлэг мүтгэлэг урьдынхыг бодвол их багассан. Телевизүүд өөрсдөө тэнцвэртэй байх сонирхол байна. Сонгуулийн хорооны даалгавраар биш…

Харамсалтай нь Баабар сонгуулийн хууль, дүрмийг гүйцэт уншаагүй бололтой. Хөтлөгч бас уншаагүй байж сонгуулийн тухай ярилцлага хөтөлжээ.

Тайлбарлая.  УИХ-ын сонгуулийн тухай хуулиар МҮОНТ-ийг тэнцвэртэй  байх ёстойг шаардсаны дагуу СЕХ-ноос намуудын сурталчилгааны цагийг тус бүр 75 минутаар тэв тэнцүү хуваарилж өгсөн нь үнэн. Харин хувийн телевизүүдийг тэгээгүй, зөвхөн сурталчилгааны хэмжээ нэвтрүүлгийн нийт цагийн 10 хувиас хэтэрч болохгүйг хуулинд заасан. Магадгүй энэ заалт бас л хувийн өмчөд халдсан хэрэгт орж магадгүй ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Баабарын, бас хөтлөгч Мөнхтөрийн Ардчилсан Нам нь МАХН-тай сайхан зөвшилцөж байгаад 2005 онд баталсан болохоор гайгүй биз.

Уг нь хувийн телевиз аль болох тэнцвэртэй сурталчилгаа явуулахыг хичээх нэг шалтгаан байдаг. (Үүнийг сайтар ярилцах юмсан).  Өнөөдөр зарим төрийн бус байгууллага сонгуулийн сурталчилгааны мониторинг хийхдээ хувийн телевизүүд тэнцвэртэй байгаа эсэхийг хянаж байгаа нь сонгуулийн хуулиа уншаагүйнх огт биш… 

2008 оны УИХ-ын сонгуулиар хувийн телевизүүд тэнцвэртэй байх сонирхолтой болсон тухайд. Сайндаа ч биш, тэдэнд мөнгө өгвөл тэнцвэртэй байхаас ч буцахгүй болчихсон хэрэг. МАХН-ын сонгуулийн штаб юмуу нэр дэвшигч мөнгөө төлөөд захиалгат нэвтрүүлэг явуулахад маргааш нь АН-ынхан мөнгөө бариад ороод ирнэ. Ердөө л энэ. Өнөөдөр аз болж МАХН-ын хүч бараг тэнцүү, өөрөөр хэлбэл хоёулаа адилхан хэмжээ хязгааргүй их мөнгөтэй. Иймээс хувийн телевизүүд МАХН ба АН хоёрыг бахархмаар “тэнцвэртэй” сурталчилж байгаа билээ.   

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

МАХН ба АН-ын нэр дэвшигчид илүү тэгш эрхтэй…

Posted by tseren on 2008/06/14

Зөвхөн өөрт нь зориулсан хууль, дүрэм хүртэл гаргаж тов тодорхой зааж өгөөд байхад  МҮОНТ, буюу түүний “Монголын мэдээ“ агентлаг хоёр намынхаа сурталчилгааг сийхгүй явуулсаар байх юм.

Бямба гариг тутмын “Ярилцъя” нэвтрүүлгийн ээлжит дугаар. Хөтлөгч эхлээд ашигт малтмал, газрын тосны үнийн өсөлтийн талаар яриулахаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Лу.Болдыг  студид урьж авчирчээ. Уг нь төрийн албаа хүлээлгээд өгчихсөн, ямар ч хариуцлага хүлээхээ больсон Болдын оронд томилогдсон юм уу үүрэг гүйцэтгэж байгаа хэн байна, тэр нөхөр ирж яримаар санагдана.  Гэтэл үгүй ажээ. Ингээд хөтлөгч Ц.Мөнхтөр төрөлх намаасаа УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лу.Болдоос  мөрийн хөтөлбөрийнх нь гол өгөөш болсон “”Баян Монгол” корпорац байгуулах талаар дэлгэрэнгүй ярина уу, хэн яаж байгуулах вэ? гэх мэт “зөв” асуултууд тавьснаар Лу.Болд дураараа болж бяцхан сургалт явуулах мэт сайхан тайлбарлаж өглөө.  Бас “Алтан дорнод Монгол”, “Бороо гоулд”  Монгол улсад ямар ч ашиггүй байсан талаар том мэдэгдэл хийв. Албан тушаал дээрээ 4 жил болохдоо ингэж чанга дуугарахгүй яасан юм бол? Энэ ч яахав. Хэд хоногийн өмнө Лу.Болд албан тушаалаа тушаахаасаа өмнө кадастрын албаны  даргадаа мэдэгдэлгүйгээр Хөвсгөл аймгийн нутагт ашиглалтын лиценз олгосон нь илэрч тус нутгийн оюутнууд АМГТХЭГ-т дайрах шахуу орж бөөн дуулиан дэгдээд байгаа билээ. Гэвч хөтлөгч энэ талаар асуулт тавьсангүй. Лу.Болд ийм асуултыг захиалаагүй учраас тэр биз. Ийнхүү Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч Ц.Мөнхтөр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийн дундаас сонголтоо аль хэдийнэ хийчихжээ.

Гэхдээ үнэгүй юм гэж үгүй. Араас нь Усны хэрэг эрхлэх газрын дарга Бадрах гэдэг нэр дэвшээгүй эрхмийг жийрэг болгож 8-хан минут ойр зуурын юм яриулаад МАХН-ын нэр дэвшигч Т.Гандийн сурталчилгааг эхлүүлэв.  Тэр хатагтай  төрийн түшээгээр 16 жил ажиллахдаа цээжилсэн бололтой гоё гоё санаанууд хэлж байх юм. Харин хөтлөгч “үнэхээр сайхан санаа байна” гэж шагшаад “Сонгуулийн тухай ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл манайх олон нийтийн телевиз” гэж шударга зан гаргаснаа нэг секундын дараа зөрчиж  “Гэхдээ асууя. Танай тойрогт  42 хүн нэр дэвшиж байгаа…” гэж хүслээ хэлэхэд сэтгүүлч Т.Ганди өлгөн авч  ард иргэд юуг бодож сонгууль өгөх ёстойг хэлж өгөв. 

Ажиглаад байхнээ МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт МАХН ба АН-ынхан ерөнхийдөө тэгш эрхтэй,  бусад нам, эвслийн нэр дэвшигчидтэй харьцуулбал илүү тэгш эрхтэй юм байна.  Энэ санаа минийх биш, Жорж Оруэлийн “Амьтны ферм” номонд гардаг.

Дөрөвдэх ярилцагч нь  улс төрч, нийтлэлч Баабар байлаа. Тэр юу ярьсан талаар дараагийн бичлэгт оруулья. (Блогийн бичлэг товчхон, гэхдээ тогтмол байвал зүгээр учраас)

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Халз мэтгэлцээнгүй сонгуулийн сурталчилгаа

Posted by tseren on 2008/06/13

Хэрвээ арилжааны телевизүүд 6-р сарын 27-ны 24.00 хүртэл эфирийн оргил цагуудаа мэдээ, сурвалжлага, ярилцлагатай нь намууд, нэр дэвшигчдэд зарчихаад мөнгөө хурааж суугаа бол Олон нийтийн телевизийг ингэж дураараа дургихыг хуулиар хязгаарласан билээ.  Юуны өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу 13 нам, эвсэл болон нэр дэвшигчдэд дунд нь тус бүр 75 минутийн  (нэг удаад 15 минутаар 5 удаа)  нэвтрүүлгийг үнэ төлбөргүй явуулах хуваарь гаргаж өгчээ. 

Гэхдээ тэр нэвтрүүлэг  бөөн уйтгар. Намууд өөрсдөө бэлтгэж өөрсдөө ярьдаг сурталчилгаа болохоор тэр.
Харин 12-ны оройноос Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз  өөрөө санаачлан нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг явуулж: эхэллээ. Хэрвээ нэр дэвшигчдийг тойрог тойргоор цуглуулсан бол тэднийг өөр хооронд нь харьцуулах, хэн нь хэн бэ гэдгийг үзэгчдэд (сонгогчдод ) харуулах чухал санаачлага болох байлаа. Тэгвэл  үзэгчид “өнөө орой манай тойргийнхон мэтгэлдцэнэ” гээд хүлээж байгаад үзнэ гээд боддоо.  Харамсалтай нь “Авлига”, “Гэмт хэрэг”, “Байгаль орчин” гэхчлэн баахан сэдэв зоож байгаад  мэргэжил мэргэжлээр нь шахуу цуглуулсан тул бас л намуудын нэвтрүүлгийн үргэлжлэл болж байна.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа хэтэрхий их мөртлөө нэр дэвшигчид тойрог тойргоороо нүүр тулсан яриа мэтгэлцээн огт алга. Ганц найдвар бол Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз. Сонгуулийн өмнөх Баасан гаригт намуудын дарга нарын халз мэтгэлцээн явуулна, тэр нь бас намуудын мөрийн хөтөлбөрийн тухай яриа болно.  Тэгээд ч МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж хоёр яавч оролцохгүй пээдийнэ…

Бас TV9 телевиз “Нэр дэвшигчдийн мини парламент” нэрээр мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Бас л тойрог тойргоор биш.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »