Archive for the ‘TV5 телевиз’ Category
Posted by tseren on 2009/12/03
Өчигдөр “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн “Шар мэдээ” нэртэй төлбөртэй булангаар ийм тайлбар уншлаа:
“УИХ-ын гишүүд яаж ч тайлбарлаад ард түмэн яагаад ч хүлээж авч чадахгүй шийдвэр бол Их хурал 76 тэрбумтан төрүүлсэн явдал. Дараагийн сонгуульд дахин гарах бэлтгэлээ татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн энэ уваагүй явдал чинь түүхэнд хараар бичигдэх болно. Хаана байна нөгөө Иргэний зоригийн Оюун, Ногоон намын Энхбат, шударга ёсыг тогтоож ард түмний төлөө байна аа гэсэн чинь. [Их хурлын танхимд суугаа хоёр эрхмийн зураг гарч ирлээ] Ах нам, ардчилсан намынхантай ав адил авлигийн мөнгө халаасалчихаад шударга дүр эсгээд сууж байдаг. Бөөлжис хүрмээр. Миний монголын ядарсан ард түмэн 76 тэрбум төгрөгийн чинь төлөөсыг таныг дахин улс төрд нэг ч гишгэж чадахааргүй арчиж авах нь тодорхой. Та хүлээж байгаарай” [Цааш хачин сонин хөгжим эгшиглэв]
Сөрөг хүчний нэр хэмээсэн Оюун, Энхбат хоёрыг хатуу шүүмжлэх нь түмэн зөв. Харин “бөөлжис” бол TV5-ын соёл, бас эрүүл мэндийг харуулсан үг юм. УИХ гишүүд увайгүй гэж сүржин эхэлснээ нэрлэх болохоороо 76 халааслагчаас 73-ыг нь энхрийлээд (эхний “Шар мэдээ”-нд Д.Дондог гишүүнийг хэлэх хэлэхгүй үгээр магтав) 74, 75 дахь гишүүд дээр “бөөлжис хүрсэн” бол нэг тэрбумын эсрэг цамнаж цамнаж бас хүртчихсэн 76 дахь гишүүн буюу З.Алтай дээр нөгөө “бөөлжис”-өө буцаагаад залгив бололтой сэмхэн алгасав.
З.Алтай бол телевизүүдийн [эздийн] холбооны ерөнхийлөгч. Тэнд багтдаг TV5-ын “ерөнхий зөвлөх” Д.Сарангэрэл ерөнхийлөгчөө хамгаалж залгиснаас зайлахгүй.
Posted in TV5 телевиз | 6 Comments »
Posted by tseren on 2009/05/27
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын 18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.
ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.
Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх. Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.
TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр
Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив. Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.
“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр
Мониторингийн дүнг танилцуулахдаа “тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.
“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »
Posted by tseren on 2009/05/26
5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.
Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.
Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.
P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз | 3 Comments »
Posted by tseren on 2009/05/22
Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?
МҮОНТ:
СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН
Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.
TV9 телевиз:
СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН
Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]
TV5 телевиз:
СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН
Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.
20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”
20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.
22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.
23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »
Posted by tseren on 2009/05/21
Маргааш өндөрлөж байгаа сонгуулийн сурталчилгааны кампани дэндүү муухай болж өнгөрөхнээ.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу улс орон даяар нэвтрүүлэг явуулдаг 6 телевиз, нэг радиогоор явуулах нэр дэвшигчдийн төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлгийг сар өдөр, эхлэх дуусах цаг минут, үргэлжлэх хугацааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор баталсан юм. Цаана нь “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн хуулийн заалт арыг нь даана. Нэг үгээр бол, нэр дэвшигчдийн сурталчилгааг дур зоргоороо явуулахыг хязгаарлаж, дээрх телевизүүдийг хөндлөнгийн, түүний дотор намуудын сонгуулын штабын дарамтаас хуулиар хамгаалж өгсөн хэрэг. “Хуваарьгүй юм чинь ямар ч арга алга” гээд буцаагаарай гэж. Мэдээж хуваарьтай нэвтрүүлгээр элдэв гүтгэлэг сэлт гарч болох ч өнөөдрийнх шиг тархи угаах хэмжээнд хүрэх ёсгүй байлаа.
Харамсалтай нь манай телевизүүд сэтгүүл зүйн үүргээ бүрэн умартаж МАХН ба АН-ын сонгуулийн хоёр штабын эрхшээлд орж хэдэн төгрөг аваад шууд тохиролцдог байжээ. Асуухлаар, тэнцвэртэй байсан, “заримдаа нэг нам нь нэвтрүүлгээ авчирч өгөөгүй өдөр нөгөө намын нэвтрүүлэг давж гараад тэнцвэргүй харагддаг” мэтээр толгой эргүүлж эхэллээ. Үнэн хэрэгтээ огт тийм биш, “заримдаа нэвтрүүлгээ авчирч өгөөгүй” байхад л аль аль намын захиалгат нэвтрүүлэг CЕХ-ны хуваариас хэд дахин хэтэрч сүүлдээ эх захаа алдаж хавтгайрсан билээ.
Жишээ болгож TV5 телевизийн ганцхан үдшийн захиалгатай нэвтрүүлгүүдийг жагсаав. Энд “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй мэдээ, сурвалжлагуудаас эхлээд уран сайхны киног хүртэл зай завсаргүй шахам сөөлжин чигжсэн хоёр нэр дэвшигчдийн тухай клип, урт богино яриануудыг огт тооцоогүй юм шүү.
2009 ОНЫ 5-Р САРЫН 18. ДАВАА.
|
СЕХ-ноос баталсан хуваарь
|
Тус телевизээр явуулсан сурталчилгааны нэвтрүүлгүүд
|
|
21.20-21.25
5 мин
МАХН-ын төлбөртэй нэвтрүүлэг
|
18.20-18.40.
АН-ын захиалгат нэвтрүүлэг.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. Дотроо “Шагналыг үнэ цэнэтэй болгоно” гэх мэт хэд хэдэн бүлэгтэй.
20.10-21.03.
МАХН-ын захиалгат “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэг.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож голдуу АН ба нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай шүүмжилж ярилаа.
22.38- 22.45.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Ямар нэгэн нэр, оршилгүй, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс бүрджээ.
22.59- 23.10.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Дотроо Гүтгэлэг1, Гүтгэлэг 2, Гүтгэлэг 3 … гэх мэтээр дугаарласан.
23.11-23.20.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. “МАХН-ын шударга гишүүд ярьж байна” нэртэй
23.22-23.47.
МАХН-ын захиалгат нэвтрүүлэг. “Шинэ Монголын залуус хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй. Лектор Даваахүү, Хатанбаатар нар Н.Энхбаярын үнэ төлбөргүй боловсролыг дэмжиж 21 аймагт лекцээ үнэ төлбөргүй уншиж байгаа тухай.
|
Одоо ядахдаа сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр Монгол Улсын хууль ба СЕХ-ноос баталсан хуваарийг ягштал сахиж хойшид ийм юм хийхгүй гэдгээ харуулж яагаад болохгүй гэж?
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз | 7 Comments »
Posted by tseren on 2009/03/18
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага ноднин намрын их хурлаасаа хойш сэтгүүлчдийнхээ төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөсний дүнд анхны томоохон амжилтанд хүрч чадлаа. Сэтгүүлчдийн ёс зүй, нийгмийн асуудлыг шийдэж эхлээгүй ч цагаан сараар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд бөгөөд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Т.Баасансүрэн, харин цэргийн баяраар жинхэнэ Ерөнхийлөгч бөгөөд TV5-ын . . . . . . . . . (албан тушаалыг дор үзнэ үү) Д.Сарангэрэл дараалж, хоёулаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Тэднийг МСНЭ буюу өөрсдөө гавъяатад тодорхойлсон гэдэгт би эргэлзэхгүй байна.
Энэ үеэр нэг сонин юм анзаарснаа хуваалцъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигад байгуулсан гавъяаг нь ширхэгчлэн тоочоод “ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол … олгосугай” гэжээ. Анзаарав уу? “ерөнхий захиралд” гэсэн байна. Хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад бас л “ерөнхий захиралд” гэж мэдээлсэн.
Харин зөвхөн TV5 телевиз тэс өөрөөр гүрийлээ.
Тэр оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөр шинэ гавьяат маань Гагаринтай хамт сансарт нисээд ирсэн мэт телевиз дээрээ буухыг сурвалжлан үзүүллээ
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ…..
Сурвалжлагч: Энэ өдөр манай телевизийн хувьд баяртай өдөр болж байна. TV5 телевизийн Ерөнхий зөвлөх МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтнийн цол тэмдгийг энгэртээ зүүж байна…
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд … гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ… TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд …
Сэтгүүлч: Эмэгтэй сэтгүүлчдын дундаас TV5 телевизийн ерөнхий зөвлөх … МСНЭ-ийн ерөнхийлөгч…
Нэг ч удаа “Ерөнхий захирал” гэсэнгүй
Маргаашийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр өчигдрийн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл гавьяат авахаас өөр аргагүй гэж монголчууд тэр чигээрээ шуугиж байгааг хаанаас юм чагнаснаа сонордуулав. Төгсгөлд нь МСНЭ-ийн сүлд дуу цуурайтав аа…
Гэтэл хачин юм болов. TV5 телевизийн ерөнхий захирал Ц.Базаррагчаа гэдэг нөхөр баяр хүргэж цэцэг гардуулж харагдах нь тэр.
Энэ юу гэсэн үг вэ? Эсвэл Монгол улсын Ерөнхийлөгч Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг TV5 телевизийн ерөнхий захиралд олгохоор зарлигдсаар байтал ерөнхий зөвлөх нь нэрээ шургуулаад авчихсан, эсвэл тэрбээр өөрийгөө TV5-ын эзэн биш, захирал ч биш, ердөө зөвлөх, жирийн сэтгүүлчдийн нэгэн адил хөлслөгдөж яваа нэгэн хэмээн худлаа танилцуулаад, нэг ёсондоо залилан хийж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон болж таарлаа. Харин тэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн протокол илчлээд хаячихав. Төр заримдаа төмбөгөр байдаг аж.
Нэгэнт албан ёсоор илчлэгдсэн юм чинь Сарангэрэл энэ өдрөөс хойш ариун мөрийн замд орж шударгаар явах болов уу гэтэл үргэлжлүүлэн мэхэлсээр байх санаатай. Магадгүй түүнд, гавьяат жүжигчин цол олговол дээр байж уу?
Posted in TV5 телевиз, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Телевиз | 19 Comments »
Posted by tseren on 2008/11/08
Сэтгүүлчдийн их хурлын талаар манай телевизүүд юуг мэдээлэв? Ихэнх нь “хаяагаа хадрахгүй” зарчмаар илүү дутуугүй сурвалжлаад өнгөрсөн. Харин хоёр телевиз тэс өөрөөр хандлаа.
Оройн 18 цагт их хурал дуусаагүй үргэлжилж байсан ч TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр МСНЭ-ийн их хурал 3-р их хурал хэмээх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй сурвалжлагаар эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илгээлт явуулсан, гэхдээ сайд дарга нарыг уриагүй, иймээс сэтгүүлчид дангаараа толгойгоо мэдэж хараат бусаар хуралдсан гээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн илтгэлийн хэсгээс сонсгож дэлгэцэн дээрх танилцуулгаас ньүзүүллээ. Өнгөрсөн 3 жилд МСНЭ-дээ 45 сая төгрөг оруулсан, жишээлбэл ДОХ-ын төслөөс 2 үе шаттайгаар 15 сая төгрөгийн төсөл харэгжүүлсэн, Их Монгол улсын 800 жилийн ойн арга хэмжээний төсвөөс 10 сая төгрөг авсан, мөн МСНЭ-ийг өөрийн байртай болгож тохижуулсан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн тэмдэглэл ном гаргасан гэхчлэн тайлагнажээ. Бас Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байна хэмээн тэр илтгэжээ. Араас нь Д.Амбасэлмаа, М.Зулькафиль хоёроор МСНЭ өнгөрсөн 3 жилд маш сайн ажиллласан гэж магтуулаад, төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл дөнгөж сая сонгогдсон баяртай мэдээг хамгийн түрүүнд хүргэлээ. Оройн 21 цагаас энэ сурвалжлагаа давтан үзүүлэв.
TV5 телевиз ингэж хөөрөхөөс өөр яахав. Сурвалжлагын гол баатар бол өөрийнх нь эзэн. Яахав, ерөнхий зөвлөх гэсэн даруухан нэртэй. (Цаашдаа ерөнхий эзэн юм уу эзэн зөвлөх гээд нэрлэвэл ямар бол?)
Гэтэл Монголд хамгийн олон сэтгүүлч нэг дор ажилладаг төдийгүй улс оронд болсон үүнэс ч жижиг үйл явдлыг тэр орой сурвалжилсан МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр таг дуугүй өнгөрөөх нь тэр. Магадгүй, их хурал оройтож тарсан учраас амжаагүй, эсвэл сурвалжлагч нь их хурлын зааланд ороод сэтгэл хөдөлж коктейльдоод саатчихсан, иймээс маргааш орой үзүүлэх биз гэж бодоод өнгөрөв.
Гэтэл маргааш оройн “Цагийн хүрд“ сэтгүүлчдийн их хурлыг дахиад тоосонгүй. (Эсвэл өдрийн мэдээгээр мэдээлсэн байж болох. Үзсэн хүн байвал хэлээрэй)
МҮОНТ сэтгүүлчдийн их хурлыг мэдээлэхгүйгээр бойкотолсны жинхэнэ шалтгаан өөр байх. Ноднин МҮОНТ дотроо бужигнаж суулт өлсгөлөндөө хүрсэн тэр өдрүүдэд TV5 хэмээх арилжааны телевизийн эзэн Д.Сарангэрэл МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр давхиж ирээд нэмж бужигнуулсны хариуг жилийн дараа барив бололтой.
Нэг телевизийн, тэр тусмаа олон нийтийн телевизийн дотоод хэрэгт нөгөө телевизийн эзэн оролцохыг эсэргүүцэх нь түмэн зөв. Гэхдээ Д.Сарангэрэлийн Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсан гэж худлаа ярьснаас эхлээд сэтгүүлчдийн даргаар өөрийгөө дахиад сонгуулсан зэргийг нь илчилж сурвалжилсан бол дээр байж. Юуны тулд шударга үнэнийг эрэлхийлж бүх нийтэд хэлэх үүрэгтэй олон нийтийн телевиз билээ? Тэр тусмаа сэтгүүлчид нь төлөөлөгчөөр оролцоод байхад.
Posted in TV5 телевиз, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 5 Comments »
Posted by tseren on 2008/07/06
Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?
TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
- Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг…. Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…
МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй.
Бас “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.
Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.
Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.
Ер нь Монголын хэвлэл мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…
Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав. Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.
Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, Ийгл телевиз, Телевиз | 7 Comments »
Posted by tseren on 2008/05/02
Монгол Улсын байгаль орчны сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн 4-р сарын сүүлчэээр Европын холбооны орнуудаар ажлын айлчлал хийсэн юм байна. Тэгэх далимаар монголын байгаль хамгаалагч хүүхдүүдийг Австри улсад аялуулсан нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх төрөлх Өвөрхангай аймгаас нь голдуу байсан төдийгүй мөнгө зардал нь байгаль орчны чиглэлийн нэгэн төслөөс гарчээ. Сайдын албан тушаалаа ашигласан энэ баримтыг манай сэтгүүлчид илчилбэл нэр дэвшихийг нь болиулахад ч хангалттай. Гэтэл Шийдэгдамба сайд тэднийг бас худалдаад авчихжээ. Лав TV5 ба МҮОНТ-ийн сурвалжлагчдыг (мэдээж төсвийн мөнгөөр) дагуулаад явсан учраас тэгэж хэлж байгаа юм.
Зугаалгаас ирсэн сэтгүүлчид юу үзүүлэв?
TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр залуу сайдыг хэдэн өдөр дараалан амьсгаадан байж магтлаа. Өдөрт дараалан 5 уулзалтанд ороод ядраагүй Шийлэгдамбын ажил хэрэгчийг швейцарчууд биширсэн төдийгүй залуу сайдын гарын үсгийг хуучин монголоор зуруулж авсандаа баярлаж бараг л найр наадам хийсэн юм байх. (Харин нэгэн шүүмжлэлийг зоригтой хэлсэн нь Швейцариас нэг тоног төхөөрөмж авахад шаардлагатай хуулийг батлахгүй удааж залуу сайдын ажлыг уясан манай УИХ байв).
Сүүлдээ хэрэгтэй хэрэггүй уулзалтуудаас (үзэгчдэд сонирхоод байх юмгүй) үзүүлэх юм дуусаад хөшөө дурсгал энэ тэрийг сонирхуулдаг болов. Аз болж залуу сайд очсон газрынхаа Элчин сайдын яамдаар ороод гарсны ачаар TV5-ын сурвалжлагчийн шинэ магтаал ундрав. Монголынхоо төлөө Европод зүдэрч суугаа тэр гурваас Францад дахь элчин сайд Алтангэрэл маш залуу мөртлөө франц хэлийг францчуудаас илүү мэддэг (түүнтэй францаар хөөрөлдөж шалгаад авчээ), Австрид суугаа Энхтайван герман боловсролтой учраас яамныхаа хөрөнгө санхүүг хэтэрхий сайн барьдаг (дансыг шалгаад амжиж), харин Швейцарьт суугаа Болдбаатар Орост боловсрол эзэмшсэн учраас ёстой “мужик” (ганц шил юм хуваасан байх), ингээд энэ гурав бол “хамгийн шилдэг дипломатчид ”гэж дүгнэв. Гэхдээ Монголын уу, эсвэл Европод уу гэдгийг хэлэхээ мартав. “Дэлхийн хамгийн хамгийн шилдэг дипломатчид” гэсэн бол би лав гайхахгүй.
МҮОНТ-ийн тухайд бол дээр дурдсан байгаль хамгаалагч хүүхдүүдийн аялалын тухай нэлээд хэдэн сурвалжлагыг “Цагийн хүрд”-ээрээ үзүүлэв. Эхэндээ дан хүүхдүүд гоё байгаль, амьтны хүрээлэн, усан цахилгаан станц үзээд сайхан явж байна, гэнэт залуу сайд гарч ирээд ярилцлага өгч сонирхолгүй болгочих юм. Энэ бүхнийг төсвөөс, төслөөс санхүүжүүлсэн залуу сайд эрхээ эдэлсэн хэрэг. Шийлэгдамбын энэхүү түүхэн айлчлалын сурвалжлагыг бас 25-р суваг телевизээр үзүүлсныг бас дурдая.
Posted in TV5 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »
Posted by tseren on 2008/04/10
Өнөөдөр Монголд телевиз шиг олон (“Соёмбо” нэртэй дараачийн суваг туршилтаар кино үзүүлж, бас чатлуулж харагдана), тэгэхлээр нэвтрүүлгийн цаг шиг элбэг юм алга. Энэ их цагийг юугаар дүүргэж байна вэ ярилцлагаар. Хөтлөгч нэртэй залуухан охид хөвгүүд зочноороо юу ч хамаагүй яриулж хуваарилсан цагийг яаж ийгээд дүүргэх явдал гэж ойлгодог болж. Тиймээс огт хал балгүй, нэгдүгээр ангийн бодлого шиг асуулт тавьсан болж дагалдан баясаж суудаг. Сүүлдээ хамаагүй асуулт тавьчих вий, эсвэл хүссэн асуултыг нь тавилгүй гомдоочих вий гэж айдаг ч юмуу “сүүлчийн асуултыг таньд үлдээе” гэж нялуурах моод дэлгэрчээ. Цаадуул нь бүр давраад “дуугүй бай, би яриадхая” гэж сэтгүүлчийг зад загнадаг болсон.
Харин 2008 оны 4-р сарын 9-нд TV5 телевизийн “Нэмэлт цаг”-аар Ганц ширхэг ард түмний намаа хаяад Ардчилсан Намд очиж хоргодсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай хийсэн ярилцлага арай өөр байв. Гүндалай бол юугаар ч хамаагүй шоудахаас гадна зогсоо зайгүй ярьдаг нэгэн билээ. Ярилцлага эхэлмэгц Гүндалайн ам шууд халж өөрийг нь ялласан Монгол Улсын Ерөнхий прокурорыг яллаж, улмаар шударга ёс энэ тэрийг дуудан тэнгэрт хөвмөгц сэтгүүлч Амарбаяр эрхэм гишүүний яриаг “аймшиггүйгээр” тасалж албан бичигт гарсан, Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн мөнгийг идэж уусан баримтуудаас түүж “Тэр машиныг яагаад авсан бэ?” “Тэр компани танай ах дүү нарынх юм уу?” гэх мэтээр дараалан асуухыг оролдов. Гүндалай гэнэдсэн бололтой “тийм л дээ, гэхдээ аваагүй … манай дүү л дээ, зүгээр л хашаандаа тавьчихсан юм … “ гэх мэтээр тайлбарлаж эхэлснээ тэр дороо сэхээ авч шударга ёсны тухай лекцэндээ шилжиж байлаа. Уг нь Амарбаяр аль нэг хэргийг Гүндалайг “би хариулахгүй” гэж уурлатал нь лавшруулж асуух байсан юм, гэхдээ эхний удаад яахав. Ингээд монологийн цагаас нь сэтгүүлч нэлээн хороосний улмаас амаа ханатал ярьж амжаагүй Гүндалай “дахиад тавхан минут нэмчих” гэж нэхэж нэг үзсэнээ сүүлчийн хэдэн мөчид сэтгүүлчтэй зэрэгцэн ярьсаар энэ ярилцлага 2 хөтлөгчтэйгээр өндөрлөсөн билээ. Хэрвээ сэтгүүлч бүр ингэж “байцаагааад” байвал ч…
2008.04.11-нд нэмж бичив:
Баасан гаригийн орой эрхэм гишүүн Гүндалай бусад хэвлэл мэдээллийнхэнд олдохгүй байгаа нууц шахуу нөгөө “Соёмбо” телевизийг олоод оччихсон дэлгэцийг нь оройжин эзэгнэж ханатлаа бурж авлаа. Сайд байхдаа хөрөнгө мөнгө идсэн ууснаасаа бусад бүх сэдвээр ярив. “Соёмбо”-ийн сэтгүүлч Гүндалайг “байцааж” чадсангүй. Бас нэг яриан телевиз мэндлэв бололтой.
Posted in TV5 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »
Posted by tseren on 2008/01/10
Сүүлийн хоёр хоногт бид Мон En Co хэмээх компанийн пиарийн довтолгооны гэрч боллоо.
Баримт юу вэ гэвэл Ховд аймгийн Хөшөөтөд нүүрсний асар том ордыг аль социализмын үед зөвлөлтийн геологичид хайгаад олсныг Ховдоос гаралтай, гэхдээ Улаанбаатарт амьдардаг хэдэн том дарга () дахин “хайж олох” лицензыг сэмхэн аваад (яг Таван толгой шиг) түүнийгээ Хонконгийн хятадуудад зарж, тэд нь Mongolia Energy Corporation (www.mongolia-energy.com) гэгчийг байгуулж Хонконгийн хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байгаа ажээ. Ноднин зун өрөмдлөгт ашиглахаар ч юмуу зуугаад тонн үл мэдэгдэх бодисыг хууль бусаар оруулж ирээд хил дээр баригдсаныг аймгийн төвд авчран хадгалж байгаад буцаагаад өгчихсөн, дотор нь цианит байж магадгүй яагаад гэвэл нутгийн иргэдэд элдэв хордлого илэрч байгаа гэнэ. Ингээд Хөшөөтийн хавь ойрын хэдэн сумынхан “Сутай хайрхан” ТББ байгуулж, төлөөлөгчид нь Улаанбаатарт ирж 2008 оны 1-р сарын 9-нд хэвлэлийн хурал зарлаж, хорт бодисыг шалгах, оруулж ирсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх, ерөөсөө энэ ордын лицензийг төрийн мэдэлд хурааж, стратегийн орд газрын жагсаалтанд оруулахыг шаардах болжээ.
Үүнийг мэдсэн Mongolia Energy Corporation-ын Монгол дахь төлөөлөл – Mon En Co компани амдаж цохилт өглөө. Урьд орой нь TV8 телевизийн “Хэн нь хэн бэ?” нэвтрүүлгээр Мон Ен Ко компанийн хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Баттулга том ярилцлага өгсөн нь зөвхөн эхлэл байв. Маргааш өдөр болсон хэвлэлийн бага хурлын тухай сурвалжлагыг хэд хэдэн телевизээр гаргуулаагүй байж чадсанаар барахгүй сөрөг дайралт хийв.
Сүүлийн үед Эзэн-Ерөнхийлөгч шигээ шударга юм олныг ярих болсон TV9 телевиз “Хөшөөтийн орд цианит хэрэглээгүй” гэсэн тайлбар нэвтрүүлж, зөвхөн Баттулгын яриаг багтаажээ. “Цианит хэрэглэсэн” гээд хэн хэзээ хэлчихсэнийг бүү мэт, нөгөө хэвлэлийн хурлын тухайн авиа ч дуугарсангүй.
TV5 телевиз бүр шийдчихэж. Хэвлэлийн бага хурлын талаар таг дуугүй өнгөрсөн хэрнээ “Зочны цаг”-аараа Д.Баттулгатай тусгайлан ярилцсан хөтлөгч Энхцэцэг зочинтойгоо нийлээд нутгийн “ухвар мөчид иргэд”-ийг элдвээр хэлж гарлаа.
- Ийм төрийн бус байгууллага гарч ирээд байхлаар та нарын явуулж байгаа үйл ажиллагаанд хор нөлөө нь юу байна?
- Та бүхэн нутаг усныхандаа тустай үйл хийдэг болсон байна шүү дээ…
- Дарамтлагч …
- Дайны хажуугаар дажин байдаг юм аа. Байгаль орчноо хамгаалах гээд нэг хэсэг нь үнэн сэтгэлээсээ тэмцээд явж байхад нөгөө хүмүүс нь Баттулга гуайн хэлдгээр тухайн компанийг янз бүрээр дарамталж рекэтлэдэг ийм хандлага манай улсад бий болоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Энэ бол Ховд аймгийн Цэцэг сумын нүүрсний уурхайн орчимд гарч байгаа, Гэлээ гэхдээ сайн үйлс үргэлж ялдаг юм аа…
Сэтгүүлчийн үг гээд боддоо! Лав энэ орой сайн үйлс биш, Mongolia Energy Corporation-ы биржэд босгож байгаа их мөнгөний TV5-д ногдсон хэсэг үнэмлэхүй ялалт байгуулав.
TM телевиз бас Мон Ен Ко-гийн талд оржээ. Харин МҮОНТ хэвлэлийн бага хурлыг тэр чигээр нь сурвалжилсан бол “25-р суваг” телевиз аль аль талын байр суурыг тэнцүүхэн харуулав. Бусад телевизийг ажиглаагүй учраас яасныг бүү мэд. Сонинууд арай гайгүй. “Өдрийн сонин”, “Ардын эрх”, “Зууны шуудан” хэвлэлийн хурлын талаар ердийн сурвалжлагуудыг нийтэлж, харин “Зууны мэдээ”. 3-р нүүрэндээ “Ховдод хорт бодисын аюул нүүрлэжээ” жижигхэн сурвалжлага, харин 9-р нүүрэнд “Хөшөөтийн уурхайд цианит натри ашигладаггүй” гэсэн нэр хаяггүй нийтлэл тавьжээ. Төлбөртэй учраас илүү том байсан биз….
Posted in TV5 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »