АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘"Өдрийн сонин"’ Category

Ч.Сангарагчаа: Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна…

Posted by tseren on 2009/10/04

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг дэд даргатай хамт дуудаж баахан загнажээ. Хэвлэл мэдээллийнхэн монголын авлигын загалмайлсан эцэг гэж урьд нь яг энэ өрөөнд сууж байсан эрхмийг зааж өгөөд байхад хөдлөөгүйд ихэд хилэгнэсэн байна.

Загнахдаа тун сайн бэлтгэсэн нь илт. Үүний тулд АТГ-ынхан 14 ажилтнаа орон сууцтай болгоход зориулж төсвийн мөнгөнөөс олгосон баримтыг “Өдрийн сонин” дээрээ дэлгэж, бас АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг зарлигаараа өөрчилж (Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал юм байна) “ардчиллынхан” зонхилсон 15 хүнтэй болгож өргөтгөөд тэднээс Ж.Батзандан тэргүүтнийг (бусад нь үзэгдсэнгүй) байлцуулав.

АТГ-ынхан “орон сууцны” нээнтгээ арилгах гэж тэр оройдоо мэдэгдэл гаргаж бүх телевизээр уншуулсан ч монголын хамаг телевизээр орон даяар шууд дамжуулах шахсан “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэв” реалити шоуны хажууд юу болохов.

Араас нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгчийг байтугай Ерөнхийлөгчийг өөрийг нь орлож дутуу ярьсныг (уг нь Элбэгдорж дутуу ярина юу байхав!) гүйцээж тайлбарладаг болсон“дэд ерөнхийлөгч” Д.Дорлигжав (жинхэнэ ажил нь тамгын газрын дарга гэсэн байх шүү!) ээлжит ярилцлагаа өгч “Ийм хүнийг анх удаа л харж байна” гэж шогшроод Сангарагчааг огцрох хэрэгтэй гэв.  Ажлаа авснаас нь хойш ирж уулзаагүй юм гэнэ.

Хуулиараа бол АТГ-ын дарга өөрөө л хүсэхгүй бол Ц.Элбэгдорж байтугай Д.Дорлигжав ч огцруулах эрхгүй юм байна. Гэхдээ ингэж цочоох цаг хэдийнэ болсон. Маргаашнаас нь Н.Энхбаяр гэдэг хүн, TV9 гэдэг телевиз хоёрыг шалгаж эхэлсэн сураг дуулдав…

Энэ өдрүүдэд АТГ-аас манай хэвлэл мэдээллийг хэрхэн дүгнэсэн нь тун сонин байлаа. Тус газрын мэдэгдэлд “… өдөр тутмын зарим хэвлэлд гаргасан “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд төрийн мөнгийг дур мэдэн зарцуулдаг” гэсэн утга бүхий мэдээлэл нь худал ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэлийн энэ мэт явуургүй оролдого нь хэзээ ч бүтэхгүй санаархал …” гэжээ. Заримсаад байх юмгүй “Өдрийн сонин”-ийг хэлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамгийн ихээр дэмждэг, энэ утгаараа түүнтэй “холбоотой” сонин. Тэгэхлээр “авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэл” хэн хэн болж таарахав?

Бямба гаригт МҮОНТ-ийн “Ярилцъя” хөтөлбөрөөр Ч.Сангарагчаа дарга дахин дэлгэцнээ үзэгдэж “Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна. Манай хэвлэл мэдээллийн байгуулагууд авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Та наргүйгээр бид алхам ч урагшаа явахгүй. Та нараар дамжуулж өдөр тутам авлигатай холбоотой эерэг, сөрөг мэдээлэл сүүлийн 2 жил дараалан сонин хэвлэлээр гардаг болсон. Авлигатай тэмцэхэд маш том тус дэмжлэг болж байгаа. Тэгэхээр би энэ удаад хэвлэл мэдээллийнхнээ энэ ажлаа улам эрчимжүүлээч гэж хэлмээр байна. Нөгөө талаас энэ хэвлэл мэдээллийнхний маань дотор шударга бус, олигархуудын гар хөл болсон, худалдагдсан, шуудхан хэлэхэд, тийм хэвлэл мэдээллийн сонин ч гэх юм уу юу ч гэх юм хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнгүй байгаа шүү. Үүнийг ард түмэн зүгээр энэ сонинг авч үзээд л шууд шууд хэлж байгаа шүү, энэ тэрний сонин байна, энэ тэр намын сонин байна, энэ тэр эрхтэн дархтаны сонин байна гээд л … Энэ олигархуудын дарангуйллаас хэвлэл мэдээлэлийнхэн минь гараачээ” гэж уриалмаар байна гэж өөрийн биеэр бататган хэллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга хэлж байна шүү!

Posted in "Өдрийн сонин", УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ | 2 Comments »

68 хувийг тэг болтол “зодож байна”

Posted by tseren on 2009/08/20

Одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу, элдэв хөнгөлөлт чөлөөлөлт үгүйгээр  Оюутолгойн гэрээг байгуулаад ир гэсэн тов тодорхой үүрэг өгсөн УИХ-ын 57-р тогтоолын хариуд Засгийн газрын ажлын хэсэг “Ёстой гоё гэрээ байгуулах боллоо, харин хэдэн хуулийг өөрчлүүлье” гэсэн хариу даалгаврыг өргөн барихад Д.Дэмбэрэл дарга “жа” хэмээн хүлээж авсан тэр мөчөөс хойш монголын хэвлэл мэдээллээр гэрээний заалтуудыг магтах, ялангуяа 68 хувийн татварыг муулах сурталчилгааны кампани өрнөж байна. Ерөнхийлөгчийн суудлаас ховхормогцоо сая шударга үнэнийг нэхэж эхэлсэн Н.Энхбаярын TV9 телевиз (бас мэдээж “Зууны мэдээ”) гэрээний төслийг эсэргүүцэгчдийг яриулснаас биш , хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, тоймчид бараг бүгдээрээ Засгийн газрын талд орж УИХ-ын чихийг зөөлрүүлэх гэсэн мэт балбаж эхэллээ “Өнөөдөр” сонин УИХ-ын гишүүдийг “Нусаа тат” гэж загнасан бол UBS телевиз “… 68 хувийн татварыг авах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн хувь хүртэх гэсэн сонирхолтой холбоотойг олон хүн мэдэж байгаа”-г илчлэв. (Харин “мэдэж байгаа” хүмүүсээ UBS мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй).  Бас Оюутолгойн гэрээ ба хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх УИХ ээлжит бус чуулганд “Амжилт хүсье!”, эрхэм гишүүдийг “Зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна” гэх мэт боловсон  анхааруулга ч цувлаа… 

Ийнхүү Засгийн газар, “Айвенхо майнз”, түүний мөнгөнд согтсон хэвлэл мэдээлэл гурав 68 хувийн татварыг шууд газарт унаган тэг болтол зодож байхыг хараад манай яруу алдарт олон нийтийн телевиз яаж зүгээр өнгөрөхөв. Бишээ, өмөөрөөгүй… 

Эхлээд “Айвенхоу майнз”-ийн түнш – “Рио Тинто” компанийн сурталчилгааны нэвтрүүлгийг МҮОНТ оргил цагаараа сэмхэн шургуулав. Америкт суралцахдаа Оюутолгойн гэрээний гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бурууг мэдчихээд ирсэн МУИС-ын багш Баянмөнх ”… энэ татварыг хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй… яавал тэдэнд ашигтай байлгахав?” гэх мэтээр хичээл заалаа. Бас геологийн ухааны нэгэн доктор ярив. (Яг энэ хоёр ярианы хэсгээс тэр оройн “Цагийн хүрд” үзүүлсэн юм. Мэдээллийн хөтөлбөр хүртэл захиалгатай байжээ). Төгсгөлд нь “Улаанбаатар хот. 2009 он.

Тэгвэл чуулган нээгдсэн оройн оргил цагаараа Оюутолгойн гэрээнээс 68 хувийг татварыг авч хаяхыг ухуулсан дараачийн нэвтрүүлэг хулгайгаар орж ирлээ. (Бас л хөтөлбөрт байгаагүй гэсэн үг). Нөгөө хичээл зонхилж, түүнийг Засгийн газрын төслийг өргөн барих үед Сангийн сайд С.Баярцогтын хэлсэн үг, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн “жа”-гаар чимсэн байлаа. Төгсгөлд нь бас л “2009 он” гэжээ.

“Захиалгат нэвтрүүлэг” гэсэн тайлбар тавихаа ч больж. Олон нийтийн телевиз цайрчээ. 

P.S: Энэхүү захиалгат нэвтрүүлгийг нөгөө TV9 телевиз маань 20-ны оройн оргил цагаараа гэнэтхэн үзүүлэв. Мөнгө, мөнгө, мөнгө … Бүр ахиухан мөнгө төлбөл иргэний хөдөлгөөнийхнийг яриулахаа ч болих биз.

Posted in "Өдрийн сонин", TV9 телевиз, UBS телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 8 Comments »

Тэргүүн нүүрний эсэргүүцэл

Posted by tseren on 2009/05/27

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.

Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.

“ӨДРИЙН СОНИН”

2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…  

 2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.

2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.

Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!

Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?

2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан  ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?

 2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.  

2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.

Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.

Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

Бид нэг хүнийг шоронд мартсан юм шиг байна …

Posted by tseren on 2009/03/10

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дөрвөн сарын ял аваад шоронд сууж байгаа. 2-р сарын 18-нд Ганцхудагт болсон шүүх хурал дээр түүний эсрэг 5 үндэслэлээр ял тулгасны 4 нь нурж, харин тав дахь буюу жилийн өмнө Х.Бат-Ялалтын хийлгэсэн хэвлэлийн хурлаас “Өдрийн сонины” сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр мэдээ бичихдээ хоёр дүүргийн нэрийг сольж бичсэнийг нотлох баримтад авч 4 сарын хорих ял оноосон юм. Тэр үед Бат-Ялалт сэтгүүлч охидыг буруу зөрүү бичихвий хэмээн сэргийлж хэвлэлийн мэдээ бэлтгэж тараасан ч Цэцэгдэлгэр алдаа гаргачихжээ. Тэгсэн мөртлөө Бат-Ялалт тэгэж ярьсныг л би бичсэн гэж зүтгээд ядахдаа ноорог, тэмдэглэлийн дэвтэр гээд юу ч үзүүлээгүй ажээ.

Х.Бат-Ялалт “би зөв ярьсан, харин сэтгүүлч алдаа гаргасан бол түүнтэй хариуцлага тооц” гээд Цэцэгдэлгэртэй барьцаж болох байсан ч тэгээгүй бөгөөд эр хүн шиг байж цаашаа ачигдсан гэж ойлголоо. Түүний өмгөөлөгч Самбуугийн Сүрэнжав ч гэсэн сэтгүүлчийг буруутгаад яахав дээ гээд ярьж суусан.

Харин Б.Цэцэгдэлгэр дээрх шүүх хуралд гэрч болж мэдүүлэг өгсөндөө туйлаас гомдсон сурвалжлага бичиж “Сурвалжлагч хэвлэлийн бага хурлын мэдээ бичсэнийхээ төлөө гэрч болов” хэмээн гарчиглажээ. Уг нь мэдээ бичсэний төлөө биш, харин буруу бичсэнийхээ төлөө гэрчээр дуудагдсан баймаар. (Бусад сонин хэвлэлийн сурвалжлагчид зөв бичсэн учраас гэрч болоогүй). Цэцэгдэлгэр сурвалжлагаа “Ийнхүү сэтгүүлч хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх шүүх хуралд гэрч болж мэдүүлэг өглөө. Бусад оронд үүнийг хуулиар хориглож, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг нь хангасан юм байдаг юм билээ” хэмээн дэвэн дэлхийтэй барьцаж төгсгөсөн байна.

“Өдрийн сонины” сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр бас л алдаа хийчихжээ. Сэтгүүл зүйн ном сурах бичиг, гарын авлагад зөв бичээд байхад л ингэж буруу ойлгоод байх юм даа.

Түүнийг сурвалжлагаа хэвлэлд шилжүүлэх мөчид шүүхийн шийдвэр хараахан гараагүй байсан ч тэр оройдоо Бат-Ялалт 4 сарын ял авсныг Цэцэгдэлгэр маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр гээд лав 3-р сар гартал сониндоо мэдээлээгүй юм. Дахиад буруу бичээд ялыг нэмүүлэхээс айсан гэж найдья. Харин Бат-Ялалтыг суллагдаад гарч ирэхээр очиж уулзаад уучлал гуйгаасай даа. Гэхдээ битгий бичээрэй. Бас алдчихвал буцаагаад суулгачихаж мэднэ…

Posted in "Өдрийн сонин", Сонинууд | 6 Comments »

“Өдрийн сонин” дээр гарсан “бослого”

Posted by tseren on 2008/07/04

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнд “…танай сонины 2008 оны долдугаар сарын 1,2-ны өдрийн дугааруудад болж буй үйл явдалд өрөөсгөл байр сууринаас өнгөц хандсан, тогтворгүй байдлыг дэвэргэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байгаад харамсч байна.  Тиймээс та бүхнийг “Онц байдлын тухай” Монгол Улсын хууль, “Онц байдал тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг анхааруулж байна. Хэрвээ хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, эмх замбараагүй байдлыг дэвэргэсэн үйлдлээ үргэлжлүүлбэл хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авахыг мэдэгдье” гэсэн бичиг ирүүлжээ.

“Өдрийн сонин” ч аягыг нь хоосон буцаасангүй, уг мэдэгдэлд ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга М.Ганболд гарын үсэг зурсныг өлгөж аваад “М.Ганболд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын багын найз нь билээ. Иймд Энэхүү мэдэгдлийг төрийн тэргүүний “Өдрийн сонин”-д хандаж байгаа хандлага гэж ойлгож болох бололтой” гэсэн тайлбар зүүгээд нийтэлчихэж.

Албан ёсны биш ч гэсэн АН-ын төв хэвлэл болсон “Өдрийн сонин” тэртээ тэргүй элдвийг бичих нь тодорхой. Гэхдээ хоёрхон хоногийн дараа онц байдал дуусахын хооронд нөгөө галдан шатаагч маягийн танхайчууд огт уншдаггүй өдөр тутмын сонинд яагаад мэдэгдэл хүргүүлэх болов?

Дурдсан хоёр дугаарыг  сөхөж үзлээ.  “Өдрийн сонин”-ы зарим дүгнэлт, жишээлбэл үймээн самууныг “бослого” гэж нэрлэсэнд хэргийн учир байгаа бололтой. Энэ үгийг үнэхээр бодлоготой хэрэглэсэн харагдана. Тухайлбал,

2008-07-01
“Ард түмэн ардчиллыг дэмжиж босч эхэллээ” (Сэтгүүлч Б.Долзодмаа)
2008-07-02
“Сонгох эрхээ боогдуулсан ард түмний тэмцэл эцэстээ бослого болж хувирлаа” (Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан)

Бас энэ дугаарт нийтлэгдсэн ”Д.Баярсайхан: Бид үүргээ л биелүүлсэн” гэсэн ярилцлагын оршилд “Өчигдөр болж өнгөрсөн эсэргүүцлийн жагсаал бодит байдал дээр юу болж өрнөснийг, цагдаа нар иргэд рүү хэрхэн буудаж, бороохойдож бас босогчид хэрхэн МАХН-ын байрыг галдаж байгааг… ” гэжээ.

Өөр нэг өгүүллийн гарчиг: “Гадаадын хэвлэлүүд эсэргүүцлийн бослогын тухай мэдээлж эхэллээ”. Гадаадын хэвлэлүүд үнэхээр бослого гэж нэрлэв үү? Эх сурвалжтай нь тулгаж үзвэл Оросын newsru.com сайт дээр “акция” гэж бичсэнийг “ӨС” мушгиж  “бослого” хэмээн орчуулжээ.

Тийм ээ, 2008 оны 7 дугаар сар 1-ны үйл явдал бол яавч бослого биш, анх улс төрийн цуглаан хэлбэрээр эхэлснээ  хяналтгүй болж сүүлдээ дээрэм тонуул, галдан шатаалт болж хувирсан үймээн самуун гэдэг нь гарцаагүй. Харин “Өдрийн сонин“ хүслээ илэрхийлээд ч юм уу дэмий юм бичээ л биз. Тэглээ гээд “дараагийн арга хэмжээ авна” гэж айлгаж байгаад болиулна гэвэл санасны гарз. “Өдрийн сонин”-ийхон өөр хүчтэй үг олоод л биччихнэ. Жишээлбэл, хувьсгал. Яахав, бүтээгүй хувьсгал гэнэ биз. Эсвэл зөөлрүүлж Монгол төрийн эсрэг биш, зөвхөн МАХН-ын эсрэг бослого байсан гэнэ. Тэр өдрийн дугаартаа “Коммунист намуудын мөхсөн түүх” нэртэй өгүүллийг анхааруулга мэт нийтэлсэн нь тохиолдол биш байх.

P.S: 2008.07.05.
Өнөөдөр онц байдлын дэглэмээр дээд зэргийн хариуцлагатай ажиллаж байсан МҮОНТ-ээр үзүүлсэн Батлан Хамгаалах Яамны “Дуулга” студийн нэвтрүүлгээр  хөтлөгч нь”2008 оны 7-р сарын 1-нд болсон эсэргүүцлийн бослогын үеэр…”  гэж хэлээд авч байх юм.  ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга Ганболд сэрдхийсэн байх даа.

Posted in "Өдрийн сонин", 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь | 4 Comments »