АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Телевиз’ Category

УИХ-ын бас нэг гишүүн телевизтэй болов

Posted by tseren on 2009/08/05

Долдугаар сарын сүүлчээс дахиад нэг телевиз агаарын долгионоор (бас кабелиар) нэвтрүүлгээ цацаж эхлээд байна.

Нэр нь BTV.

Ноднингоос хойш Кёкүшю цамхагийн оройд шинэ телевиз дуншаад байна гэсэн нь ийнхүү мэндлэв. Б үсгийн тухайд гэвэл УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д. Батбаярын, бас “эдийн засаг бизнесийн чиглэлээр дагнан нийтлэл, нэвтрүүлгээ хүргэх анхны телевиз” гэж зарласан тул Бизнесийн гэсэн утгыг агуулжээ.

Шууд нээгдсэн www.btv.mn сайт дахь танилцуулгад хөрөнгө мөнгө, байшин саваа хүртэл гаргасан Д.Батбаярыгаа огт дурсаагүй байх юм. Түүний мөнгөөр л “Сони” корпорацид “2008 онд үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн техник хэрэгсэл, үйл явдлыг шууд дамжуулах DBS станцтай” болсон байж таарна.

Танилцуулга нь “олон нийтэч байр сууринаас” ажилладаг телевиз байх амлалтаар эхэлж байна. Бараг л олон нийтийн телевиз! Бас 21 аймаг болон томоохон улсын нийслэлүүдэд суурин сурвалжлагчтай гэж худлаа залжээ. Хэдийдээ амжсан байхав?

Харин аль ч телевизийн нэрийн хуудас болсон мэдээллийн хөтөлбөр нь “Б цэг” нэртэй, тэр нь эдийн засаг, худалдаа, үйлчилгээний агуулгатай байгаа нь содон санагдлаа.   

Гэхдээ шинэ телевиз хөл дээрээ босохыг нь хүлээж, бас амжилт хүсэх л үлдэж байна.

Posted in BTV, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »

Монголын зам муу, гэхдээ Малайзынх маш сайн …

Posted by tseren on 2009/07/18

Сүүлийн өдрүүдэд МҮОНТ тэргүүтэй телевизийн хэд хэдэн сувгаар Сингапур, Малайз хичнээн сайхан хөгжиж байгааг харуулсан сурвалжлагууд тасралтгүй гардаг боллоо. Ялангуяа автозамынх нь ганц ч нүхгүй, толигор сайхныг ээ!!!

Манай телевизүүд яагаад энэ хоёр улсыг гэнэт сонирхов? Нэг ч сэтгүүлч энэ талаар дуугарсангүй.

Харин “Өнөөдөр” сониноос явсан сэтгүүлч “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдах орнуудын туршлагаас эх орондоо нэвтрүүлэхийн тулд монголчуудынхаа оюуны мэлмийг нээх тал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар шийджээ. Тэрбээр хувиасаа хөрөнгө гарган, хэвлэл мэдээллийн 26 ажилтныг Сингапур, Малайзаар аялуулсан нь дээрх ажлын гараа болов” хэмээн шударгаар бичив.

Зөвхөн гараа нь ийм байгаа юм чинь  цаашаа мөн ч урт зам туулахнээ. Гэхдээ УИХ-ын гишүүн төдийгүй Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан сайд Х.Баттулга эхлээд монголын зам ямар байгааг, хэрхэн Сингапур, Малайзынх шиг болгож буйгаа сурвалжлуулмаар аа.  Хэвлэл мэдээллийн 26 ажилтныг нийслэл хотын замаас эхлээд Лүнгийн замаар аялуулаасай.

Социализмын үеийн онигоо байдаг:

Сангийн аж ахуйн хурал дээр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөв.  1. Малын саравч засах ажил  2. Коммунизм байгуулах зорилтын тухай.  Хурал эхлэхэд дарга босч ” Одоогоор банз байхгүй тул шууд хоёрдахь асуудалдаа орьё” гэжээ.

Posted in "Өнөөдөр" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »

22 цагаас өмнө…

Posted by tseren on 2009/07/09

Бараг ижил зорилготой архи, [шар] айрагны компаниуд ба телевизийн эздийн лоббинд дуртайяа автсан УИХ-ын гишүүд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засварлаж өгснөөр 18-аас доош градустай согтууруулах ундаа, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ телевизээр бол 22-06 цаг, харин сонин хэвлэлээр долоо хоногт ганц удаа.

Эздэд энэ хамаагүй. Тэдэнд зөвхөн сиймхий хэрэгтэй. Урьд нь хуулийг зөрчиж дураараа сурталчилж ирсэн бол одоо “бараг” зөрчихгүйгээр хүссэн цагтаа, хүссэн градустай сурталчилгаа явуулах эрхээ олж авчээ. Хугацаа, градус хоёрыг хэтрүүлээ л биз…

Сонины хуудсууд архи, пивээр хэдийнэ нэвчсэн бол телевизийн дэлгэц дээр үзэгчдийн сайхан наадах эсэхэд санаа зовсон согтууруулах компаниуд ээлж дараалан байраа эзэллээ: Жем Интернэйшнл, UFC…. Морьтой Чингэс дээр юм байна. Маргааш ажилтай шүү дээ!!!… [Зүгээр] Чингэс … Хан тэнгэр шиг харчууддаа зориулав. Жалам хар… “Арвай” унаагүй байна шүү?…

Тэгээд ихэнхдээ 22 цагаас хамаагүй өмнө гарч байх юм. Нөгөө шинэхэн засагдсан хууль арвай шууд биш будаа болох нь тэр.

Манай арилжааны телевизүүд дүүрчээ. Тэгвэл олон нийтийн телевиз?

МҮОНТ-ийн 2009.07.06-ны хөтөлбөрт 18.25-18.55. “Дэлхийн бренд Монголд 2 жил” гэсэн нэвтрүүлэг зарласан нь “Тайгер” шар айрагны сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. Юм болгонд далдагнаж явдаг Ц.Ганхүү нэртэй “од” хөтөлж “Тайгер”-аар ивээн тэтгүүлсэн учраас үгүй гэх эрхгүй хэсэг хүмүүсийг шахаж баахан магтуулаад сүүлдээ яриандаа согтож “… Тайгер” үйлдвэр бол нийгмийн хамгийн хариуцлагатай компани … Тайгер Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж байна… Бидний зүгээс, үзэгчдийнхээ зүгээс “Тайгер” брэндийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэж төгсгөсөн. Тэрбээр өөрөө Тайгер хавьд ажилладаг байх шүү. Бас нэг нөхөр: “Сая УИХ-дээр 18 градусаар бага согтууруулах ундаагаар урлаг спортыг дэмжих хэрэгтэй гэсэн маш зөв санаа гарсан” гэж магтсан.

МҮОНТ-ийн 2009.07.09-ны хөтөлбөр. 18.30-19.30 “Анхны мөнгөн медальт” гэсэн нэвтрүүлэг орсныг үзтэл, “Сэнгүр” шар айрагны ямар нэгэн ой, бас Австралийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн үйл явдалд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.

Арилжааны ба олон нийтийн телевизийн хооронд ялгаа алга.

Posted in Зар сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 2 Comments »

TV Zone vs Тop Info TV

Posted by tseren on 2009/06/09

Зурагтын мэдээ бол телевизорын дагуул. Долоо хоногт нэг, жилдээ 52 удаа солигддог дагуул. Таны санаанд хамгийн түрүүнд “зуугийн мэдээ” орж байгаа биз. Өнөөдөр “ТВ долоо хоног”, “ТВ суваг” (Монголын телевизүүдийн холбооны дэргэдэх гэсэн тодотголтой), “ТВ элч” (МҮОНРТ-ийн), “Танайд хоноё”, (бас “ТВ толь” гэх мэтийн нэг удаагийн оролдлогууд зөндөө) сонинууд хэдийнэ 200 төгрөгийн үнэтэй болж өнөөдрийн олон телевизийн мэдээг эмх замбараагүй унжралдуулан нийтэлж орхидог хэвээрээ ч янз бүрийн зар мэдээ, реклам сурталчилгааг өнгөтөөр тавьдаг, бас хямдхан тул байр сууриа хараахан алдаагүй өдий хүрчээ. Гэхдээ хэдэн саяын үнэтэй Bravia телевизорын хажууд “зуугийн мэдээ” юмуу өдөр тутмын сонины “мэдээтэй” нүүр нугларан хэвтэх зохимжгүй харагдана.

Сэтгүүл бол өөр хэрэг. Ноднин телевизийн мэдээний сэтгүүлүүд шинээр гарч ирсний эхнийх нь UBS телевизийн эрхэлдэг TV Zone юм.

Tv Zone setguul

Дараачийнх нь “Top Info TV (хамаг чухал үгсийг хамсан яасан ховдог нэр вэ?) сэтгүүл. Дээр дурдсан “TV суваг” сониныг, бас “Ноён зууч 1950” утсыг эрхэлдэг “Билэгт дөлгөөн” ХХК-ийн хэвлэл юм байна. Хоёулаа 999 төгрөгийн үнэтэй. (Нэг төгрөгийн хариулт өгдөг болов уу?).

IMG_1106

Өнгөрсөн сард Next Week нэртэй гуравдахь сэтгүүл мэндэлжээ. Хуудас цөөн, үнэ хямдхан – ердөө 300 төгрөг. Гурвуулаа гадаад нэртэй сэтгүүл байна.

Яг одоогоор TV Zone, Top Info TV сэтгүүлүүд ширүүн тулж байгааг UBS ба TV9 телевизээр явах шинэ дугаарын сурталчилгаанууд, бас “Номин”-гийн бүх супермаркетад зэрэгцэн зарагдаж байгаагаас та анзаарсан байх. Хоёуланд нь элдэв мэдээ, сонирхолтой ярилцлага, өгүүлэл, орчуулга, зураг, зөвлөгөө, англи хэлний хичээл пиг дүүрэн нийтлэгддэг юм байна.

Миний хувьд телевизийн мэдээ нь чухал. Хоёуланг авч үзвэл харамсалтай нь гял цалыг эс тооцвол “зуугийн мэдээ”-нээс дээрдэх юм алга: нөгөө л холион бантан. Уншигчид (үзэгчид) өөрт хэрэгтэй телевизийн суваг, өдөр цагийг олохын тулд бөөн эрэлд мордоно, дээрээс нь жижигхэн үсгээр хэвлэдэг тул томруулдаг шил шаардагдана. Нэвтрүүлэг, киноны тайлбар, танилцуулга байхгүй. Ингээд телевизийн мэдээний сэтгүүлийн хамгийн муу нийтлэл нь телевизийн мэдээ болж таарлаа. Япончууд нэг мундаг цаг бүтээсэн нь радио сонсгож телевиз үзүүлэхээс эхлээд тоглоом тоглуулдаг, тоо боддог, ном ярьж өгдөг, агаарын хэм, эзэмшигчийн цусны даралтыг хүртэл хэмждэг гээд түмэн үйлдэлтэй мөртлөө цаг, минутийг заалгахыг мартчихсан байжээ гэдэг шиг.

Top Info TV сэтгүүл янз бүрийн телевизийн нэвтрүүлэг, тэдгээрийн сэтгүүлч, уран бүтээлчдийг дугаар бүртээ аятайхан танилцуулдгаараа давуу боловч бусад сэдвээр задгайдуу. Харин TV Zone сэтгүүл илүү соёлтой ч ерөнхийдөө UBS-ийн Zone-д хашигдсан санагдав.

Posted in UBS телевиз, Сонинууд, Сэтгүүл, Телевиз | 3 Comments »

Тэд яагаад огцордоггүй вэ?

Posted by tseren on 2009/05/09

Өнгөрсөн хавар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хоёр хөрөнгө, орлогоо худал мэдүүлж үл хөдлөх хөрөнгө, компаниа нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоод албан тушаалаас нь огцруулах саналыг Иргэдийн хурлуудад нь тавьснаа мэдэгдсэн билээ.

Бид ярьдаг: Монголоос бусад ардчилсан оронд ямар нэгэн “но”-той юманд нэр холбогдсон албан тушаалтан шууд огцордог, эсвэл түдгэлздэг. Тийм нөхдийг гэрээсээ гарч ажилдаа ирэх, ажлаасаа тарж гэртээ ирэх, хурал цуглаанд оролцох гээд ахлам тутамд нь сэтгүүлчид бүчиж телевизийн камер, сурвалжлагчийн микрофон амар заяа үзүүлдэггүй. Хөрөнгө орлогыг нь эрж хайна, зургийг авна, папараци хийнэ. Албан тушаалаа өгөөд улс төрөөс зайлдаггүй юмаа гэхэд түдгэлзэж нуугдаад үнэн мөнөө олуулсан нь дээр болдог биз.

Дөрөвдүгээр сарын дундуур Батлан хамгаалах яаман дээр Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн уулзалт болоход МҮОНТ-ийг ганцааранг нь шахуу урьжээ. Тэгтэл Дорнод аймгаас Ц.Жанлав дарга ирчихсэн оролцож суув. Тэр ч бүү хэл сурвалжлагчаас айхгүйгээр ой угтсан ажлынхаа талаар ярилцлага өглөө. Шударга биш Засаг дарга сэтгүүлчийн аманд өөрөө ороод ирэх нь тэр! Харамсалтай нь сэтгүүлч маань “Та хөрөнгө орлогын мэдүүлгээ…” гэж эхэлсэн ганц асуулт тавьж зүрхэлсэнгүй.

Нутгийнх нь сэтгүүлчид Жанлав даргыг “зовоож” байна гэж сонсдоогүй, харин ч аймгийн хамгийн том телевиз түүний мэдлийнх, бас аймгийн ганц сонин Засаг даргатайгаа “нягт хамтран ажилладаг” гэсэн.

Энэ хаваржин Баянгол дүүрэгт Л.Амгалан даргын санаачилсан  бүтээн байгуулалт бүх телевизээр байнга гарч дуртайяа ярилцлага өгч байлаа. Сэтгүүлчид түүнийг эвгүй асуултаар зовоосонгүй. Харин өнөөдөр дөрөвдүгээр цахилгаан станцын урдуур “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн нээлтийн ёслол болсныг миний суваг эргүүлэхэд тааралдсан МҮОНТ, TV5, TV9, USB, SBN, “Ийгл” телевизүүд бүгдээрээ сурвалжилж Амгалан даргаас ярилцлага авчээ. Зөвхөн “Ийгл” телевизийн сурвалжлагч тэр асуултыг тавьсан байна. Хариуд нь Амгалан дарга “Нуусан барьсан, худлаа мэдүүлсэн юм байхгүй… ” гэж мэдэгдлээ. Одоо АТГ хүнийг гүтгэсэн болохнээ?

“Ийгл” телевиз ямар ч байсан салхи хагаллаа. Дараачийн удаад, бусад телевизүүд Амгаланд, бас Жанлавт “илүү, илүү” асуулт тавих байх гэж найдахаас.

Posted in Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 1 Comment »

“Боловсрол суваг” чаттай шдээ …

Posted by tseren on 2009/03/26

3-р сарын эхээр нийслэлийн цагдаагийн газраас телевизүүдийн удирдлагуудад хандаж TV чатаа зогсоогооч гэсэн хүсэлт тавьжээ. Дэлгэцээр шөнөжин урсаж, заримдаа гэмт үйлдэлд уруу татаж байгаа энэ юмаа сайн дураараа болиочээ гэсэн анхааруулга. Харин телевизүүд хүүхэд, залуучуудын гар утаснаас урсаж ирдэг орлогоосоо салахыг огт хүсэхгүй байна.Саяхны нэг үдэш дараах сувгуудаар ТВ чат явахыг үзээд тэмдэглэж авлаа.

City Channel
Боловсрол
Аист
UBS-ын 2-р суваг
TV5-ын 2-р суваг
MGTV
STV
STV music
TM
TV8
TV9-ын 2-р суваг

Сүүлчийнх бүр зугаатай. TV9 телевиз цагдаагийн бичгийг авангуутаа чат гэгч муухай юмыг юу ч үлдээлгүй бутниргэж “манайх чат явуулдаггүй” гэж сайрхах зуураа “Боловсрол суваг” чаттай шдээ гэж ховлож амжсан билээ. Гэтэл өөрөө гэмгүй царайлчихаад хоёрдугаар сувгаараа “нүгэл” үйлдсээр байгаа нь “ариун явдал уу?”

Миний хувьд, ТV чатыг бүрэн хаадаггүй юм аа зарим нэг хязгаарлалт тавих хэрэгтэй гэж боддог. Телевизийн удирдлагууд өөрсдөө ухамсраараа зохицуулбал дээрсэн. Орлогоо ч нэг их алдахгүй байж болно. Чухам ингэхийн тулд телевизүүдийн холбоо байдаг биз. Харамсалтай нь тэд огт сонсоогүй мэт “сайхан girl, дажгүй boy” нарыг холбож өгсөөр байна.

Удалгүй цагдаагийнхан тэсэхээ болиод хатуурхаж эхэлбэл цөмөөрөө “хэвлэлийн эрх чөлөөнд аюул учирлаа” гээд чарлаж гарна даа.

Posted in TV9 телевиз, Телевиз | 8 Comments »

Ерөнхий захирлын Гавъяат цолыг Ерөнхий зөвлөх нь авчихжээ

Posted by tseren on 2009/03/18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага ноднин намрын их хурлаасаа хойш сэтгүүлчдийнхээ төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөсний дүнд анхны томоохон амжилтанд хүрч чадлаа. Сэтгүүлчдийн ёс зүй, нийгмийн асуудлыг шийдэж эхлээгүй ч цагаан сараар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд бөгөөд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Т.Баасансүрэн, харин цэргийн баяраар жинхэнэ Ерөнхийлөгч бөгөөд TV5-ын . . . . . . . .  . (албан тушаалыг дор үзнэ үү) Д.Сарангэрэл дараалж,  хоёулаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Тэднийг МСНЭ буюу өөрсдөө гавъяатад тодорхойлсон гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ үеэр нэг сонин юм анзаарснаа хуваалцъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигад байгуулсан гавъяаг нь ширхэгчлэн тоочоод “ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол … олгосугай” гэжээ. Анзаарав уу? “ерөнхий захиралд” гэсэн байна. Хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад бас л “ерөнхий захиралд” гэж мэдээлсэн.

Харин зөвхөн TV5 телевиз тэс өөрөөр гүрийлээ.
Тэр оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөр шинэ гавьяат маань Гагаринтай хамт сансарт нисээд ирсэн мэт телевиз дээрээ буухыг сурвалжлан үзүүллээ
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ…..
Сурвалжлагч: Энэ өдөр манай телевизийн хувьд баяртай өдөр болж байна. TV5 телевизийн Ерөнхий зөвлөх МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтнийн цол тэмдгийг энгэртээ зүүж байна…
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд … гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ… TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд …
Сэтгүүлч: Эмэгтэй сэтгүүлчдын дундаас TV5 телевизийн ерөнхий зөвлөх … МСНЭ-ийн ерөнхийлөгч…

Нэг ч удаа “Ерөнхий захирал” гэсэнгүй

Маргаашийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр өчигдрийн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл гавьяат авахаас өөр аргагүй гэж монголчууд тэр чигээрээ шуугиж байгааг хаанаас юм чагнаснаа сонордуулав. Төгсгөлд нь МСНЭ-ийн сүлд дуу цуурайтав аа…

Гэтэл хачин юм болов. TV5 телевизийн ерөнхий захирал Ц.Базаррагчаа гэдэг нөхөр баяр хүргэж цэцэг гардуулж харагдах нь тэр.

Энэ юу гэсэн үг вэ? Эсвэл Монгол улсын Ерөнхийлөгч Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг TV5 телевизийн ерөнхий захиралд олгохоор зарлигдсаар байтал ерөнхий зөвлөх нь нэрээ шургуулаад авчихсан, эсвэл тэрбээр өөрийгөө TV5-ын эзэн биш, захирал ч биш, ердөө зөвлөх, жирийн сэтгүүлчдийн нэгэн адил хөлслөгдөж яваа нэгэн хэмээн худлаа танилцуулаад, нэг ёсондоо залилан хийж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон болж таарлаа. Харин тэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн протокол илчлээд хаячихав. Төр заримдаа төмбөгөр байдаг аж.

Нэгэнт албан ёсоор илчлэгдсэн юм чинь Сарангэрэл энэ өдрөөс хойш ариун мөрийн замд орж шударгаар явах болов уу гэтэл үргэлжлүүлэн мэхэлсээр байх санаатай. Магадгүй түүнд, гавьяат жүжигчин цол олговол дээр байж уу?

Posted in TV5 телевиз, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Телевиз | 19 Comments »

“3өв” газар төрж, “зөв” нам дагахын ач холбогдол

Posted by tseren on 2009/03/11

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэлд шууд болон шууд бусаар хамаатай гурван албан тушаалд тус тусын хүмүүсийг тавьцгаалаа.

Хэдэн сарын турш сүр бадруулан явуулсан УИХ-ын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны даргын сонгон шалгаруулалтаар Нэргүй гэдэг хүн шилэгдсэнийг албан ёсоор зарласан мөртлөө “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаярыг томилжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй нэг нутагт төрсөн учраас түүнийг таална хэмээн эртнээс тааварлаж байсан үнэн болж таарлаа.

“Зөв” аймаг сумаа олоод төрчихөж чадаагүй юм бол “зөв” намыг дагах байсан юм гэдгийг дараачийн суудал харуулав. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар МоСХ-ны гүйцэтгэх захирал, бас МАХН-ын элдэв юмны гишүүн Л.Нинжжамцыг тохоон томилжээ. Түүний бусад ид шидийг нь харж байж хэлье.

Харин Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Оюундарь очлоо. Арав шахам жил Америкт амьдарч юм үзэж нүд тайлсан сайн сэтгүүлчийг томилсон нь болж дээ. Харин энэ албан тушаал тэртээ тэргүй АН-ын хуваарьтай тул түүнд О. гэдэг хүнийг томилохоор тодорхой хүрээнд нэлээд эрт шийдсэн ч баараггүй хийхийн тулд сонгон шалгаруулалтыг битүүний урд өдөр зарлуулж хугацааны ихэнхийг Цагаан сарын ууц, буузанд уягдсан олон өдрүүдэд тааруулж бараад үндсэндээ ганцхан долоо хоног үлдээсэн байх юм. Үүний ачаар “ардчиллын биш” нөхдүүд нэрээ дэвшүүлж амжаагүй бөгөөд хоёулаа АН-ын үзэл суртлын шалгарсан дайчид болох Ц.Мөнхтөр (“Монголын мэдээ” агентлагын ерөнхий редактор), Ц.Оюундарь хоёр “шударгаар” өрсөлджээ. Шалгаруулалтыг 3-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болзолдоо зарласан хэрнээ хэт хичээж 10-ны өдөр урьдчилан амжуулсан нь сонин.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл “үүргээ” сайн биелүүлж баталгаатай хийж чадсан байна, гэхдээ арай хэтрүүлчихэж…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ | 5 Comments »

Завханд болсон хонолт

Posted by tseren on 2009/03/02

“25-р суваг” телевизийн хөтлөгч Тэнгис цагаан сарын өмнөхөн хөдөө ухасхийж 1000 гаруй км-ын цаана нэг хоноод иржээ. Изнис-ийн цагаан онгоц хөлөглөн Завхан аймгийн төв – Улиастайд бууж тэндээсээ нэгэн жип олж суун явсаар цасан цагаан хөндийд хонь хариулах малчин залуутай уулзаж түүнийг ёс болгон гуйж гэрт нь хонохоор очлоо. Гаднаа хашаа хороо нь цэмцийсэн, гэртээ халуу дүүгисэн (дэлгэцэн дээрээс л тэгэж санагдсан шүү), бас телевизортэй, унинаасаа гар утас дүүжилсэн, орчин үеийн сайхан айл угтав. Ажилсаг эзэгтэй, хоёр хөөрхөн хүүхэд (гуравдах нь сурагч, сумын төвд дотуур байранд суудаг, тэр нь утсаар залгаж ярив) угтаж сайхан зочилж хонууллаа. Гэрийн эзэн ч сайн малчин, гадагш гарч туйлдсан нэг тугалыг тордсоор байгаад хөл дээр нь босгож чадав.

Гэвч…

Хотоос ирсэн хөтлөгч маань тэднийд хайрцагтай бэлэг гардуулахад дээд талд нь Gem Интернэйшнл-ийн гонзгой “бүтээгдэхүүн” зурвас харагдаад өнгөрөв. Удалгүй араас нь жип, бас чиргүүлтэй 69 хоёр дурандуулан байж тэдний гадаа ирж зогсоход дотроос нь сумын Засаг дарга, бас хэн гээч… Gem International-ийн цээж задгай ажилтан бууж малчдад өвс тарааж буян хийж яваагаа хэлэв. Ингээд 20 боодол өвстэй тэр айлд 10-аад боодол өвс авчирснаа буулгаж эхлэв.

Эргэлзээ төрөөд явчихав. Тэнгис яагаад Монголын 21 аймгаас чухам Завханыг сонгож гэнэт зүглэсэн, онгоцноос буугаад ямар бэлэн жип олоод замд гарсан, замдаа яагаад жолоочийг биш дугуй эргэхийг л харуулсан, тэр айлд хоноход машин, жолооч хоёр хаачсан, ерөөсөө Gem-ийнхэн энэ өвөл ганц удаа хөдөө гарч өвс тараахад Тэнгэс бас тэнд явж таарсан, өглөө босоход хаанахын ямар жип ирж авсан гээд бодоод байхнээ бас нэг захиалгат “Танайд хоноё” байсан бололтой. Энэ удаад хонуулсан айл өөрөө ч захиалаагүй …

Сумын Засаг дарга сайн айлыг сонгож сайн бэлдүүлсэн байна. Зөв өө. Хөдөөний айл гэхлээр заавал ундуй сундуй, даарч хөхөрсөн байх албагүй. Гэхдээ цайлган цагааныг нь далимдуулан Gem Интернэйшнл-ийн рекламанд тоглуулж, телевиз үзэгчдийг хуурах тоглоомондоо оролцуулах дэмий санагдав. Тэрний оронд “бүтээгдэхүүн” дагаж ирснээ хэлээд, бас ганц “бүтээгдэхүүн” задлаад (тэр орой нутгийн хоёр залуу энэ айлд хонохоор буусан, тэд хаачив?) шөнөжин юм ярьж суухгүй дээ. Хотдоо эргэж ирээд нөхөж унтана биз.

Энэ нэвтрүүлгийн дундуур өөр реклам ороогүй нь учиртай байж…

Posted in 25-р суваг телевиз, Телевиз | 6 Comments »

Сар шинийн зурагт

Posted by tseren on 2009/03/01

Монголчууд сар шинийг ууц тавих нь буруу зөв, хятад бэлэг чанаргүй тухай яриа багатайгаар сайхан угтлаа. Айл болгон чадал чинээгээрээ тансаглаж налайсан дөрвөн өдөр наргиж цэнгэв. Ингээд гэртээ ч, айлд ч  бууз идэж архиа уунгаа өглөөнөөс орой болтол зурагт үзлээ.

Цагаан сараар гарах ёстой тэр нэвтрүүлгүүд бүгд гарав. Битүүний бөхийн шууд нэвтрүүлгээс эхлээд улсын сайн малчны шагналыг гардуулахаар хөдөөгүүр нэг тарсан эрхэм гишүүд, сайд дарга нар монголын бүх сэтгүүлчдийг дагуулж явсан мэт олон сурвалжлага, шинийн нэгний өглөөний төрийн золголтууд (дотроо монгол дээлний fashion show-тай), хурдан  морины Дүнжингаравын хурд уралдаан, бөөн найр, тэгээд концерт, Жавхлан, концерт, Жавхлан, концерт…  Энэ бүхнийг телевизийн хөтлөгч охид хөвгүүд монгол дээл хувцсаа өмсөн зарлаж өглөө. Бусад цагт нь монгол кинонууд!!! Арван хэдэн телевиз өдөр, орой монгол кино үзүүлж өглөө нь давтахлаар монголд бүтээсэн бүх киног үзүүлээд амжих шиг санагдсан шүү.  Ямар ч байсан сар шинийн дэлгэц пиг дүүрэн байлаа.

Юу дутав? Баяр болгоноор хүлээдэг хошин шогууд  чамлагдлаа. Мөнгөө бие биенээсээ нууж хөглөсөн эхнэр, нөхрийн паянг дэлгэсэн Х-ТҮЦ-ийн Аглуу, Одончимэг, Онон нарын зохиомж шинэ, харин бусад нь “хадгалах хугацаа нь дууссан” байлаа.

Жил болгон цагаан сар шинээр тохионо. Гэхдээ жил болгон нөгөө л хэдэн кино, дуугаа үзүүлж сонсгохын зэрэгцээ телевиз болгон нэг нэг цоо шинэ бөгөөд гойд юм хиймээр юм аа.  “Яагаав, харшлалт хэмээх шороон үхэр жилийн шинийн гурванаар анх үзүүлсэн…” гээд хожим хуучилж суухгүй юу..

Posted in Телевиз | 2 Comments »

“Эко констракшн” Ийгл телевизтэй тулж ажиллав

Posted by tseren on 2009/01/26

Хамгийн сайн хамгаалалт бол сөрөг довтолгоон. Сүүлийн хэдэн жил нийслэлийн хаа сайгүй газар авч орон сууц босгохдоо иргэдийг зогсоо зайгүй хохироож ирсэн “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа захиалагчдаасаа зугтсан хэвээрээ боловч төрд бол элсэж, харин сэтгүүлчидтэй тулж ажиллахаар шийдсэн байна. Үүний тулд яам, тамгынхныг (ЗТБХБЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар гэх мэт) бүр өөртөө элсүүлээд зогсохгүй өнгөрсөн намар нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод авч. Дараа нь “Эко констракш”-ны булхай, будлианыг илчилсэн сэтгүүлч Батхишигийн олон сурвалжлагыг нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг сонгон авч түүгээр өөрийн захиалагчдад том цохилт өглөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нямдаваагийн оролцсон “Ийгл” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг түүний хүссэнээр болж өнгөрөв. “Эко констракшн”-д гомдолтой захиалагчдаас нэгийг ч урьсангүй. Тэднийг төлөөлж харагдуулахаар тооцоолсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Тойвгоо гэдэг эр “бидэнд иргэдийн гомдол ирдэг, та болгооно уу?” гэсэн утгатай хэдэн үг бувтнахаас хэтрээгүй бол Улсын мэргэжлийн хяналтын газрын нэгэн дарга Ганбат бөв бөөрөнхийлсөн яриагаа “Эко констракшн”-ыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэлтээр төгсгөлөө. Харин МУИС-ын багш, хуульч эмэгтэй сүрхий эхэлсэн боловч сүүлдээ “гэрээний заалт чинь тодорхой биш байна” гэсэн ганц өгүүлбэрээ давтсаар хоцров. Онцгой байдлыг төлөөлж ирсэн Батбаатар дарга үеийн далан дээр барилга барьсан нь буруу гэдгийг ч нотолж чадсангүй.

Харин Нямдаваа захирал компанийнхаа хуулийн зөвлөхийн хамт тэднийг ёстой нэг “будаа болгов”. Захиалагчдын хамгийн их тавьдаг (барилгын чанар бол бүр дүүрсэн хэрэг) “Эко констракшн” барилгаа хугацаанд нь оруулахгүй, өртөг зардал хямд байхад нь барьж дуусгахгүй олон сар жилээр хойшлуулчихаад одоо болохоор бүх юмны үнэ нэмэгдсэн гээд кв.метрийн үнийг хамаа намаагүй нэмдэг тухай гомдолд “гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байгаа, хэрвээ захиалагч зөвшөөрөхгүй бол иргэний хуулийн дагуу гэрээ цуцлагдана, өөр яриа байхгүй гэсэн ганц тайлбараар хааж чадлаа. Гэрээнийхээ заалтыг улаан цайм зөрчиж захиалагчдаа хохироосон, тэдний мөнгийг хэдэн жил эргэлдүүлчихээд ямар ч хүү торгууль, хариуцлага хүлээхгүй өнгөрдөг тухай асуултыг хөтлөгч Энхтуяа, сэтгүүлч Батхишиг өөрөө ч тавьж хариулт авч барсангүй. Цаад хоёр нь түрүүлээд “машиндчихаж”байна лээ.

Сурвалжлагч Батхишиг урьд нь тийм сайн сурвалжлагуудыг бэлтгэж эрэн сурвалжилсан мөртлөө ингэж дуусгах ч гэж дээ. Эсвэл захиалгатай төдийгүй төлбөртэй хэлэлцүүлэг байсан биш биз?

Posted in Ийгл телевиз, Телевиз | 9 Comments »

C1-ээр гарсан зурхайн тулаан

Posted by tseren on 2009/01/26

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123

Цагаан сараар золгочихоод л дараачийн цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар мэтгэлцэж эхэлдэг талууд өчигдөр орой C1 телевизийн дэлгэцэн дээр жинхэнээсээ тулав. Одон оронч нэгнээр хүч нэмэгдүүлсэн Төгсбуянтын зурхайн талын улаан шар орхимжит лам нар болон шарын зурхайгаа хамгаалсан Ерөнхийлөгчийн зөвлөх асан Дашцэрэн тэргүүтнийг өөд өөдөөс нь харуулж суулгаад цаг гаруйн турш (суваг солиход эхэлчихсэн байсан болохоор нийт хичнээн үргэлжилсныг бүү мэд) мэтгэлцүүлэв. Харин тэдний дунд суусан түүх судлаач Нагаанбуу “Монголын нууц товчоо” сэлтээс түүхийн баримт дурдаж монгол зурхай хэмээх гуравдахь тооллыг санал болгож байх юм.

Маргааныг хагалахаар уригдсан ШУА-ын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Сүхбаатар сар, дэлхийн хөдөлгөөнийг шинжлэх ухаан ямар ч алдаагүй тооцоолдог, сар болгон шинийн нэгэнтэй, битүүнтэй, харин шинэ оныг аль сараас эхлүүлэх нь шинжлэх ухаанд падгүй, зөвхөн ёс заншил, уламжлалын асуудал гэж хэлсэн ч хоёр талд сонсох сөхөө байсангүй.

Студид зогссон хоёр хөтлөгч (нэг нь индрээрээ Сүхбаатар докторыг бараг таглаж зогсчээ) нэвтрүүлгээ эхлүүлж, бас дуусгаж л чадлаа.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-11

Ламтай ток шоу дэгтэй эхэлж ээлж дараалан ярьцгааж байснаа үе үе чөлөөт хэрүүл болон хувирч заримдаа барьцалдаж авахнээ гэмээр тун ширүүссэн. Тоогоор олон, насаар залуу бурхны шавь нарын зарим тун овилгогүй, тэдний талын энгийн хувцастай нөхдүүд Дашцэрэнг элэглэн шоолж, эсвэл но-г нь дэлгэхээр завдаж (гэхдээ түүнийг социализмын үе шоронд суусан, бас сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн сонины материалыг хэдэн өдрийн өмнө C1-ээр цацаж амжсан билээ), төгсгөлд нь Цагаан хэрэмнээс урагш нутагтай нь тийшээ явж шинэлнэ биз гэхчлэн гутааж байлаа. Тэгснээ ШУА-аас гаргасан номын зохиогч бололтой нэгэн рүү хандаж “Баасанжав гуай, та зурагт харж байгаа бол, танд тэр аргыг хэдэн жилийн өмнө дэмий хэлж өгсөн байна… Энэ бол их аюултай ном!” гэж сүрдүүлээд ч байх шиг. Ном аюултай байдаг “сайхан” цаг буцаж ирэхнээ.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-6

Хариуд нь Дашцэрэн “та нар монголчуудын толгойг түвд номоор мунхруулахаа зогсоо, тэр сүм хийддээ очиж дүвчигнэ” гэхчлэн мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр…

Хөтлөгчдийн хяналтаас гарч хэрүүл уруултай болсон ч зугаатай, бас нэлээд юм мэдүүлсэн мэтгэлцээн болж өнгөрлөө. Би гэхэд хэн нь хэн болохыг сайтар харж авсан. Нагаанбуу, Цэрэн-Очир хоёрын хэлсэн түүхийн баримтууд тун сонин. Даанч дэлгэцэн дээр титр огт бичигдээгүй тул зарим оролцогчийн  нэрийг мэдэж амжсангүй. Лав Тэрбишийн зурхай хэмээх бестселлерийн зохиогч эрхэм (энэ утгаараа бараг төрийн зурхайч) үзэгдээгүй, бодвол мэтгэлцэж зовохын оронд ээлжит цагаан сарын өмнө өвөр лүүгээ цутгах их орлогоо тоолж баясахыг илүүд үзсэн биз…

Posted in C1 телевиз, Телевиз | 12 Comments »

Вашингтоноос шууд [хүлээн авч] дамжуулав

Posted by tseren on 2009/01/21

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дэлхийн хэмжээний үйл явдал болж улмаар монголын 4 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Бишээ, өөрсдөө тэнд очиж наашаа шууд дамжуулсан биш, харин гадаадын телевизүүд цацсаныг зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хүлээн авч өөрсдийн тайлбар болон орчуулгатайгаар сонирхуулав. (Жил гаруйхны өмнө Оросын шинэ ерөнхийлөгч Д.Медведев тангараг өргөхөд манайхан тэгэж сүйд болоогүй билээ)

Хамгийн түрүүнд америкийн хөрөнгө оруулалттай “Ийгл” телевиз шууд үзүүлэхээ  эртлэн зарласан ба FOX News-ийн дамжуулсныг дамжуулан тайлбарлаж өглөө. Шөнө “Ийгл” нэвтрүүлгээ өндөрлөсөн ч Обама-д зориулсан хүндэтгэлийн цайллага FOX News-ээр цааш үргэлжилж харагдсан.

C1 телевиз нэлээд хоцорсхийж эхлээд орчуулан үзүүлж харагдсан. Чухам хаанахын ямар сувгаас авсныг мэдэж амжсангүй.

Харин “Боловсрол суваг” телевиз Монгол Улсаас АНУ дахь Элчин сайд асан Ж.Чойнхор болон америкийн иргэн бололтой нэгэн эрхмийг студидээ суугаад хамт үзэнгээ ярилцжээ.

barak-obama-inaug-bolobsrol3 barak-obama-inaug-bolobsrol2

Харин МҮОНТ телевиз Б.Обамагийн тангараг өргөх ёслолыг дамжуулахдаа Voice of America-гийн ямар ч тайлбаргүй (natural sound-тай гэдэг) дамжуулалтыг ашигласан боловч техникийн саатлаас үе үе BBC World News рүү шилжиж байлаа. Хоёр хөтлөгч хэтэрхий сайн бэлтгэж баахан материал цуглуулсан нь харин ч садаа болох шиг санагдсан.  Цаана нь тийм сонирхолтой үйл явдал яг одоо болж байхад “хамгийн урт үг хэлсэн ерөнхийлөгч тэр” гэх мэтээр америкийн түүхийн мэдлэгээ гайхуулах нь илүүц байв. Бас студийнхээ арын фонон дээр Улаанбаатарын зураг оруулсны учрыг ойлгосонгүй. ”Монгол-Америкийн найрамдал”-ыг бэлэгдсэн юм болов уу? Тэр шөнө суваг эргүүлэхэд дэлхийн ямар ч телевиз Вашингтоны төвд болж байгаа үйл явдлыг зүгээр л үзүүлж, тайлбарлаж байна лээ…

snapshot20090121224312

snapshot20090121223228

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 3 Comments »

10, 20, 30 дахь рекламыг хэн үзэх вэ?

Posted by tseren on 2009/01/16

Монгол дахь телевизийн мониторингийн хамгийн анхны бөгөөд одоогоор цорын ганц “Максима” агентлагаас зарим томоохон компанийн реклам, сурталчилгааны ажилтнуудыг урьж телевизийн рекламын зах зээлийн талаар ярилцлаа. Тус агентлагын судлаач Я.Хишигсүрэнгийн бэлтгэсэн танилцуулгыг түүний зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

Оршил болгож зарим нэг тодруулга хийж санаагаа нэмэрлэе.  

Монголын телевизүүдийн рекламын өртгийг үндсэн тарифаар бодвол 2008 оны эхний 10 сарын байдлаар 20,6 сая долларт хүрчээ. Гэхдээ телевизүүд ба компаниудын хоорондын гэрээний нөхцөл, хямдрал тодорхойгүй учраас бодит хэмжээ хамаагүй бага буюу 8 сая орчим доллар хэмээн тооцоолжээ.

Судалгаанаас үзэхэд манай телевизийн нэвтрүүлэгт зар сурталчилгааны эзлэх хэмжээ 15 хувьд хүрч байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад нэлээн өндөр үзүүлэлт юм. Ялангуя оргил цагт бүр их ногддог. Зар сурталчилгааны байршлыг авч үзэхэд 24-69 хувь мэдээллийн хөтөлбөрт ногдож байгаа нь сэтгүүл зүйн утгаараа гаж үзэгдэл. Уг нь мэдээлэл, сурталчилгаа хоёр харш. Гэтэл 2 цаг хүртэл үргэлжилдэг реклам-мэдээллийн хөтөлбөрүүд арилжааны бүх телевизийг эзэлжээ. (Зөвхөн олон нийтийн телевизийн 45 минутын “Цагийн хүрд” далд сурталчилгааг эс тооцвол нэг ч реклам агуулдаггүй. Гэхдээ МҮОНТ энэ тайланд хамрагдаагүй)

Ийм урт хөтөлбөрийг бүтэн үзэх тэвчээртэй хүн хэр олон байхав? Ихэнх нь реклам гарангуут сувгаа солино. Тэгэхлээр 10, 20, 30 дахь рекламыг хүмүүс маш бага үзнэ. Гэтэл компаниуд “Манай реклам оргил цагаар, мэдээллийн хөтөлбөр дундуур гарсан” гэж ойлгодог нь хууртаж байгаа хэрэг юм. Энэ бүхэн манай арилжааны телевизүүд эфирийн цаг, ялангуяа оргил цагаа үй олон рекламаар дүүргэж хялбар орлого олох боломжийг олгож байна. Нэвтрүүлэг, хөтөлбөр тэр хэмжээгээр багасна. Ингээд үзэгчид хохирч байгаа юм.

Телевизийн болон хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд хуулийн зохицуулалт хийх цаг хэдийнэ болсон байна. УИХ-ын гишүүн З.Алтай тэргүүтэй телевизийн холбооныхон ноднингийнх шигээ эсэргүүцэж сүйд болох биз, гэхдээ реклам захиалагчид буюу том компаниуд мониторингийн судалгааны дүнд тулгуурлан зохих шаардлага тавьдаг болох биз. Тэд мөнгөө салхинд хийсгээд байхыг хүсэхгүй. Харин үзэгчдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах нь тодорхойгүй.

“Максима”-гийн танилцуулгын төгсгөлд, монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлд оролцогчдын байдлыг олон улсын загвартай харьцуулан тодорхой санал дэвшүүлжээ. Үзээрэй.  

tv-rekalm-zah-zeel-2008-02

Read the rest of this entry »

Posted in Зар сурталчилгаа, Телевиз | 2 Comments »

“Цэнхэр дэлгэц”-гүй шинэ жил.

Posted by tseren on 2009/01/08

Хамгийн сайхан баяр бол шинэ жил. Иймээс хамгийн сайн, сайхан нэвтрүүлгийг үзнэ ёолкоор үзнэ гэж хүлээдэг.

Би хөдөөгийнхнийг төлөөлж ярихгүй, харин нийслэлд амьдардаг, тэр тусмаа кабелийн телевиз үздэг бидний нүдний өмнө 2008, 2009 он солигдох өдрүүдэд эрээлжилсан үй олон сувгийг хуруугаа чилтэл солиод “яагаав, саяын шинэ жилээр гарсан” хэмээн дурсах нэвтрүүлэг үлдсэнгүй ээ. 2009 оны шинэ жилийн “Цэнхэр дэлгэц” байсангүй гэсэн үг. Заавал ийм нэртэй байх албагүй, гэхдээ аль ч суваг шинэ жилийн “брэнд” болохуйц нэвтрүүлэг үзүүлсэнгүй.

Миний хувьд хошин шогийнхон эцсийн найдвар байсан ч сүүлийн 3-4 шинэ жил болгоноор цоо шинэ хөтөлбөр үзүүлсэн Х-ТҮЦ хамтлаг энэ удаад UBS телевизийн Mongolian Idol нэртэй, завсар зайгаар нь бага зэрэг мушийлгасан концертоор халтуурдлаа. Бусад сувгаар хошин шог дүүрэн байсан ч ихэнхдээ архивын бичлэг. Бас хошин шогийн хамтлагууд элдэв сувгаар гарч марзагнасан ч нэг л биш ээ. Энэ шинэ жилээс таны санаанд үлдэж хоцорсон хошин шог байна уу? Надад бол байхгүй. Ер нь монголын хошин шогийг шинээр цэнэглэх цаг болсон байна.

Ингээд бид “Цэнхэр дэлгэц”-ийн оронд оны шилдэг, алдартан, тэргүүний өргөмжлөлийг пологдотлоо үзэв. Улс төрчид хулхидаж, сонгууль будилж, үймээн самуун дэгдэж, авилгал хавтгайрч, хямрал гүнзгийрсэн 2008 оны жилийн төгсгөлд телевизийнхэн “Алтан шонхор”-дож өөрсдөө бүх дэлгэцийг эзлэн баярлахыг үзэж баярлах шив дээ.

Posted in Телевиз | 7 Comments »