АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Сэтгүүл’ Category

“Ирмүүн” сэтгүүлийн дураараа дугаар

Posted by tseren on 2009/12/07

 “Ирмүүн” сэтгүүлийн хоёрдахь дугаар бүтэн 10 сарын дараа хэвлэгдэн гарчээ. Тогтмол хэвлэл байж ийн хүлээлгэснээ, бас доторх агуулгаа тайлбарлахдаа,

“Хэн нэгний зохиосон цаг хугацааны товлол, нүүр хуудасны тоо, өргөн нарийн, өндөр нам улиг болсон стандарт, уншигчийн ёс зүй, эрхлэгчийн совесть энэ бүхэн уйтгартай. Заавал тийм байх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Сөрж сэлэхийг хүссэнгүй дагаж урсахыг хүссэнгүй, зүгээр л зоргоороо, зөн мэдрэмжээрээ бүтээлээ Ирмүүнээ, бид” гэжээ.

Тийм байна. Монголын хамгийн “том” сэтгүүлээр өргөмжлөгдөхөд хүргэсэн далбагараа ч багасгачихаж. (Гэхдээ сканерт багтахааргүй том хэвээрээ)  Бас “Амьтны ферм”-ийг комикс болгосон товхимолоо үргэлжлүүлж хавсаргасангүй.

Харин тал хуудасны тоо 150 хүрч (эхний дугаарынх 124) зузаарч байж л дуучин Б.Сарантуяагийн “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна”, эмч Болдсайханы “Хайр дурлалд ариун нандин зүйл бага шүү дээ” гарчигтай задгайрсан хоёр ярилцлагыг багтааж чаджээ. Гэхдээ энэ хоёр яриа араас нь залгасан “Нүцгэн зураг – Ирмүүний Бачка”, “Бүлээхэн торгон зөөлөн”, “Чи дур тавихдаа юу мэдэрдэг вэ?” нэртэй гурван фото нийтлэлийн хажууд зүгээр л цэвэр ичимтгий…

Бусад нийтлэлүүдээс доктор, профессор Г.Лхагваагийн “Сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байна” ярилцлагаас хүн маш бага идэх хэрэгтэй гэдэгт бараг итгэлээ. Би чадах болов уу? “Бид чинь баахан алдартай, алдаргүй талийгаач нарын төмөр дүрсүүдийн дунд амьдарч …” гэж бичсэн зураач Г.Эрдэнэбилэгийн “Хөшөөд минь уучлаарай!” шүүмж жижиг хэрнээ часхийв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, зохиолч, яруу найрагч Р.Эмүжин хоёрын бурханы тухай ярилцлагын өмнө орсон зураг ламаахай нарын зураг гайхамшигтай! Эвтэйхан салгаж аваад ханандаа наамаар санагдавч сэтгүүл хайран.

102-103 дугаар нүүрийг дэлгэхэд айдас, сэжиг зэрэг хүргэсэн муухай зураг цочоов. Photo by Mario Sorrenti гэжээ. Барууны Art гэдэг хачин өндөр түвшинд хүрсэн, нарийн юм байдаг аж. Манайхан тун удалгүй гүйцэж түрүүлэх биз.

Posted in Сэтгүүл | 1 Comment »

“Зоригттой тойм”

Posted by tseren on 2009/11/08

Toim setguul, D.ZorigtНоднин зуны УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид болон Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярт нарт зориулсан хоёр дугаараас хойш “Үндэстний тойм” сэтгүүлийг хараагүй явснаа саяхан болж өнгөрсөн УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, ЭБЭХ-ний сайд Дашдоржийн Зоригттой дугаарыг санаандгүй олж үзлээ. Чингэлтэй дүүргийн олон мянган айлуудаар үнэгүй тараагдсан, иймээс номын дэлгүүр, сонины мухлагаар үзэгдээгүй биз

Редакцийн зурвастаа “Монголчуудын хүсэн хүлээсэн Оюутолгойн гэрээ батлагдлаа. Удтал дуншсан энэ гэрээ ард түмэн, иргэний хөдөлгөөн, улс төрчдийн хамтын хүчээр тодорхой тооны хэдэн хүнийг эс тооцвол бүгдийн сэтгэлд нийцэхээр нөхцөлтэй батлагдсан гэдэгт бид итгэлтэй байна” (яаж мэдэж байна аа?) гэж эхлээд “Чингэлтэй дүүрэгт болж буй нөхөн сонгуулийн өмнө гарч байгаа тул энэ сэдвийг бас тойроогүй ээ. Тус сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Д.Зоригтод бид гол өгүүллээ зориулсан” гэнэ. Санаандгүй таарчихаж.

Гол өгүүлэл нь бүхэл бүтэн багц бөгөөд хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабандийн “Хүнийхээ хувьд их зөв залуу” , Д.Зоригтын өөрийнх нь бичсэн “Есөн эрдэнийн эх орон”, бас “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэгийн “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай”, “Нийгмийн толь”-ийн Л.Мөнхбаясгалангийн “Түүний зүрх сэтгэлд итгэнэ”, “Аугаа Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” нийтлэлүүд багтжээ. Манай топ хоёр захиалгат сэтгүүлчийн эдгээр нийтлэлүүд сайтуудад бас тавигдсаныг (харин сэтгэгдлийг тас хаасан байв) саналаа. Нэг сумаар баахан туулай намнажээ.

Дугаарт орсон танин мэдэхүйн бусад нийтлэлүүд урьдын адил дэндүү сонирхолтой. Ялангуяа С.Содбаатарын “Банхар” өгүүлэл. Тэд чинь төвд гаралтай юм байна шүү!

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль, Сэтгүүл | 3 Comments »

Хятад сэтгүүлүүд

Posted by tseren on 2009/09/18

Бээжин сууж, би бас сууж байснаа саяхан тийшээ явахдаа сонины мухлагуудыг анзаарч хэдэн зураг дарснаа сонирхуулья. [Уг нь томоор авсан тод зургууд боловч зайндаа тааруулж багасгав].

Hyatad setguul kiosk (1)

Read the rest of this entry »

Posted in Сэтгүүл, Хятад | 3 Comments »

Монголын Forbes-ийг Pearl гэдэг

Posted by tseren on 2009/06/26

 Pearl сэтгүүлийн 4 дэх дугаар худалдаанд гарчээ.

Эхний дугаарууд нь барууны гялгар сэтгүүлүүдийг шууд   дууриаж тансагладаг Citynight ба Uptown хоёрт хараахан хүрээгүй ч үнийн хувьд хямдхан – ердөө 1500 төгрөг хэвээрээ байна.

Forbes cover111Харин энэ дугаараас Pearl арай өөр замаар явахаар шийдэж Америкийн санхүү-эдийн засгийн алдартай сэтгүүл – Форбс-ийг дууриахаар шийдсэнээ албан ёсоор зарлаж эрхлэгчийн зурвастаа “Тансаг, цэвэр, ариун, гэгээлэг бат бөх шинжийг агуулсан “Сувд”-тай эрхэм бизнесмен, ажил хэрэгч та бүхнийгээ адилтган нэрийдсэн нь учир утгатай билээ. Дэлхийн элитүүдийн унших дуртай Forbes сэтгүүлийн нийтлэлийн бодлого, донж маяг, өнгө аясыг Монголынхоо нийгэм болон зах зээлд уялдуулан өөрийн гэсэн уншигчдын хүрээг бий болгон дэлхийн зах зээл рүү нэвтрэн гарах нь манай сэтгүүлийн гол зорилго байдаг. Pearl сэтгүүлд “Сувд” шиг үнэ цэнэтэй, нууцлаг эрхмүүдийн тухай мэдээ, мэдээлэл тавигддаг гэдгийг уншигч та бүхэн хэдийнэ анзаарсан байх” хэмээн тайлбар хийжээ. (Зөвхөн Монголд л бизнесменүүдийг сувдтай зүйрлэдэг байх даа)

Ингээд хавтсан дээрээ Mongolian Forbes Magazine гэж бичсэн байлаа.

Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Швейцарын банкинд тэрбумын данстай гэх Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн талаар Forbes сэтгүүлийн дугаарт гарах байсныг хойшлуулсан тухай сөрөг сурталчилгааны бор төдий биш том хар шувуу нисэхэд Forbes-ийг захиалж уншдаг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодорч, Forbes тийм муухай юм бичдэггүйг нотолж баахан ярьсан билээ.

Тэгвэл Монголын Forbes юу нийтлэв?

Pearl Magazine #4 cover 2009.06Хавтсан дээр харагдаж байгаагаас бусад гарчгыг жагсаавал: Алдарт сүлжээ зочид буудал Chicago Sheraton, Саятнуудын хүлээсэн шинэ Lotus Evora авто хүлэг, Хамгийн том алдартай алмазууд, 1,3 сая ам.долларын цаг, Лондонгийн хөрөнгийн бирж, Хувьцаа гэж юу вэ?, Барьцааны гэрээний тухай, Та удирдагч – зурхай, Шинэ ажилтнаа харцаар нь шинж, Дарга ажилтнуудтайгаа нэг тасалгаанд суух ашигтай юу? Төсөл хэрхэн бичих вэ? Өөртөө итгэлгүй лидер байх уу? Аль эсвэл, Америкийн тамхины зах зээлийн төлөөх дайн, Mont Blanc үзэг, Мөнгөний урсгалыг өөртөө тат, Их өвөг дээдэс Хүннү гүрэн, Зэвсэгт хүчиндээ эрс шинэчлэл хийе, Төрийн албаны хуулийг өөрчлөх шаардлагатай, Kitchen булан: Махтай винегрет гэх мэт жорууд.

Яах аргагүй эдийн засаг, бизнес тал руугээ хэлбийжээ. Америкийн Форбес-т баячуудын баяжсан түүх их гардаг бол энэ дугаарт “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын дутуугүй сонин түүх нийтлэгджээ. Зах зээлийн өрсөлдөөний арга ухаан, алдаа оноог харуулсан цуврал нийтлэлийн энэ удаагийнх гаднаас бензин оруулдаг компаниудын тухай байв.

Гэхдээ энэ дугаарын хамгийн том “хадаас” нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болдын өгсөн ярилцлага, түүнд орсон “Тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь гадаадын тусгай алба, түүний төлөөний этгээдийг илрүүлэх явдал. Энэ ажлыг идэвхжүүлж байгаа. Зарим үр дүнг …” гээд цааш үргэлжилж дууссан өгүүлбэр юм.

Би энэ өгүүлбэрийг дуустал иш татаагүй учраас “Pearl сэтгүүлд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, ялангуяа ТЕГ-ын мэдээлэл болон ярилцлагаас иш татах, зураг, реклам сурталчилгааны материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно” гэж анхааруулсныг нэг их зөрчөөгүй гэж найдья.

Харин “Сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно” гэсэн дараачийн анхааруулга гайхаш төрүүлэв. Forbes өөрөө нийтлэлийн бодлогоо харамлаагүй байхад шүү!

Нэгэнтээ Uptown сэтгүүл ХЗДХЯ-ны улсын бүртгэлийн 198 тоот, Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн онцгой эрхийн 6517 тоот гэрчилгээ, зохиогчийн эрхийн 2871 тоот гэрчилгээ сэлтээ дурдаад  “…албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно. Мөн сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно…” гэсэн байсан.

Ер нь манайд сэтгүүлийн нэр, үсгийн хэлбэр, нүүр булангийн нэр, дизайны загвараас гадна нийтлэлийн бодлогод зохиогчийн эрх олгодог болсон юм уу? Сүүлийн үед чухамдаа барууны сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг маш сайн дууриаж чадсан учраас олон сайхан сэтгүүл мэндэлж хөл дээрээ босч байгаа билээ. Бусдын юмыг бусдаас харамлаад дэмий байх аа.

Posted in Сэтгүүл | 4 Comments »

TV Zone vs Тop Info TV

Posted by tseren on 2009/06/09

Зурагтын мэдээ бол телевизорын дагуул. Долоо хоногт нэг, жилдээ 52 удаа солигддог дагуул. Таны санаанд хамгийн түрүүнд “зуугийн мэдээ” орж байгаа биз. Өнөөдөр “ТВ долоо хоног”, “ТВ суваг” (Монголын телевизүүдийн холбооны дэргэдэх гэсэн тодотголтой), “ТВ элч” (МҮОНРТ-ийн), “Танайд хоноё”, (бас “ТВ толь” гэх мэтийн нэг удаагийн оролдлогууд зөндөө) сонинууд хэдийнэ 200 төгрөгийн үнэтэй болж өнөөдрийн олон телевизийн мэдээг эмх замбараагүй унжралдуулан нийтэлж орхидог хэвээрээ ч янз бүрийн зар мэдээ, реклам сурталчилгааг өнгөтөөр тавьдаг, бас хямдхан тул байр сууриа хараахан алдаагүй өдий хүрчээ. Гэхдээ хэдэн саяын үнэтэй Bravia телевизорын хажууд “зуугийн мэдээ” юмуу өдөр тутмын сонины “мэдээтэй” нүүр нугларан хэвтэх зохимжгүй харагдана.

Сэтгүүл бол өөр хэрэг. Ноднин телевизийн мэдээний сэтгүүлүүд шинээр гарч ирсний эхнийх нь UBS телевизийн эрхэлдэг TV Zone юм.

Tv Zone setguul

Дараачийнх нь “Top Info TV (хамаг чухал үгсийг хамсан яасан ховдог нэр вэ?) сэтгүүл. Дээр дурдсан “TV суваг” сониныг, бас “Ноён зууч 1950” утсыг эрхэлдэг “Билэгт дөлгөөн” ХХК-ийн хэвлэл юм байна. Хоёулаа 999 төгрөгийн үнэтэй. (Нэг төгрөгийн хариулт өгдөг болов уу?).

IMG_1106

Өнгөрсөн сард Next Week нэртэй гуравдахь сэтгүүл мэндэлжээ. Хуудас цөөн, үнэ хямдхан – ердөө 300 төгрөг. Гурвуулаа гадаад нэртэй сэтгүүл байна.

Яг одоогоор TV Zone, Top Info TV сэтгүүлүүд ширүүн тулж байгааг UBS ба TV9 телевизээр явах шинэ дугаарын сурталчилгаанууд, бас “Номин”-гийн бүх супермаркетад зэрэгцэн зарагдаж байгаагаас та анзаарсан байх. Хоёуланд нь элдэв мэдээ, сонирхолтой ярилцлага, өгүүлэл, орчуулга, зураг, зөвлөгөө, англи хэлний хичээл пиг дүүрэн нийтлэгддэг юм байна.

Миний хувьд телевизийн мэдээ нь чухал. Хоёуланг авч үзвэл харамсалтай нь гял цалыг эс тооцвол “зуугийн мэдээ”-нээс дээрдэх юм алга: нөгөө л холион бантан. Уншигчид (үзэгчид) өөрт хэрэгтэй телевизийн суваг, өдөр цагийг олохын тулд бөөн эрэлд мордоно, дээрээс нь жижигхэн үсгээр хэвлэдэг тул томруулдаг шил шаардагдана. Нэвтрүүлэг, киноны тайлбар, танилцуулга байхгүй. Ингээд телевизийн мэдээний сэтгүүлийн хамгийн муу нийтлэл нь телевизийн мэдээ болж таарлаа. Япончууд нэг мундаг цаг бүтээсэн нь радио сонсгож телевиз үзүүлэхээс эхлээд тоглоом тоглуулдаг, тоо боддог, ном ярьж өгдөг, агаарын хэм, эзэмшигчийн цусны даралтыг хүртэл хэмждэг гээд түмэн үйлдэлтэй мөртлөө цаг, минутийг заалгахыг мартчихсан байжээ гэдэг шиг.

Top Info TV сэтгүүл янз бүрийн телевизийн нэвтрүүлэг, тэдгээрийн сэтгүүлч, уран бүтээлчдийг дугаар бүртээ аятайхан танилцуулдгаараа давуу боловч бусад сэдвээр задгайдуу. Харин TV Zone сэтгүүл илүү соёлтой ч ерөнхийдөө UBS-ийн Zone-д хашигдсан санагдав.

Posted in UBS телевиз, Сонинууд, Сэтгүүл, Телевиз | 3 Comments »

Монгол Pearl

Posted by tseren on 2009/02/08

pearl-setguul-200812-cover-small Монгол үг дууссан бололтой Pearl гэж англи нэр зүүж, бас Department magazine хэмээн  тодотгосон тус сэтгүүлийн 2008 оны 12-р сард гарсан анхны дугаарыг онцлох хоёр шалтгаан надад байна. Нэгдүгээрт үнэ. Бусдаас дутахгүй “гоё” энэ сэтгүүлийн үнэ ердөө 1500 төгрөг. (Өнөөдрийн ханшаар бол яг 1 доллар! Төгрөг унаад байвал дараачийн дугаараа энэ үнээр зарвал бүр хямдарна гэсэн үг). Хоёрдугаарт, зарим нийтлэлүүд чухал мэдээлэл, тайлбарыг агуулжээ.

Анхны дугаарын хойморт уригдсан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдтай хийсэн ярилцлагыг “Х.Баттулга: Би баян хүн биш…” гарчигласан байна. (Жирийн уншигч бид ядуууу… болж таарахнээ?) Түүний хөрөнгө оруулсан компаниудын жагсаалт тун сонин агаад “Женко холдинг” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, “Махимпекс” ХХК, “Талх чихэр” ХХК, “Коника Минолта” ХХК, Hartford Institute, ” Женко тур бюро” ХК, ХИД ХК, “Налайх” ХК, “МИК Эмээлт” ХХК, “Эмээлт зах” ХХК-аас гадна C1 телевиз, “Ардчилал” сонин, “Монголын мэдээ” сониныг багтаажээ. (Одоо зөвхөн С.Баярмөнх, Р.Хадбаатар хоёр хэвлэлийн магнатаар дуудуулахгүй болов) Мөн эндээс АТГ-ын 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ашигласан гаргасан “2008 оны Монголын хамгийн баян хүн хэн бэ? жагсаалтыг уншиж болно.

Эрхлэгч нь сэтгүүлээ “Канад-Монголын бизнес хөгжлийн сангийн албан ёсны түнш” гэсний учрыг би сайн ойлгосонгүй. Бас “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газартай дугаар болгон дээрээ хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэсэн нь сонин санагдав. Үзэхүл, АТГ-аас “Шударга ёсны шагнал” гардуулсан ёслолын арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагын дор “Ерөнхий зохион байгуулагч АТГ” гэж бичээд сэтгүүлийнхээ логог тавьж хамтарч зохион байгуулсан мэт ойлголт төрүүлэхийг оролджээ. ТЕГ-ын тухайд гэвэл “Богдын тагнуулч Л.Дашдэндэв Ардын засгийн үед ч тагнуул хийж Богдод нууц мэдээлэл өгдөг байжээ” гэсэн түүхэн өгүүллийг материалыг архиваас нь авснаа хэлэв үү? 1990 оны үйл явдлын тухай “Улс төрийн хуйвалдаан” өгүүллийг бэлтгэхэд манай тагнуулчид тусалсан шинж алга.

Харин “Маркетингийн тулаан” өгүүлэлд монголын үүрэн телефоны дөрвөн компанийн хэрэглэгчдийн өрсөлдөөнийг “Мобикомын хамгаалалт”, “Скайтелын давшилт”, “Юнителын жигүүрийн довтолгоо”, “ G-Mobile-ийн мөлжүүртэй яс”, “Скайтелийн стратегийн алдаа”, “Монополь компанийн нуралт”, “Юнителийн алдаа” гэсэн дэд гарчигтайгаар тун сонирхолтой тайлбарлажээ. Надад таалагдлаа.

Бусад материалуудын гарчиг: “Тэрбумтнуудыг хүлээлгэдэг брэндүүд”, “Хос зүрх бие биедээ тэмүүлж амьдралын сайн сайхныг мэдэрнэ” (УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгтэй хийсэн ярилцлага), “2009 оны шинэ жилийн гоёлын даашинзны загвар”, “Ажил хэрэгч залуус ямар бүсгүйд таалагддаг вэ?”, “Хүүхдийг өлгийдвөл өсөлт нь зогсдог”, “Дэлхийд зартай 10 том луйвар” гэх мэт. Завсраар нь брэнд хувцасны сурталчилгааны хуудсууд зөндөө багтжээ. Иймээс Department magazine юм болов уу?

Сэтгүүлийг эрхлэн гаргагч нь “Алтайн халиун” групп. Редакцийн бүрэлдэхүүнийг том сэтгүүлийн жишгээр Editorial Director Ts.Gerelbaatar, Head of Editor N.Delgertsetseg, Editor-in-Chief A.Enkhtuvshin гэхчлэн жагсаажээ. Их л нарийн зааг ялгаатай албан тушаалууд болж таарлаа.

Сэтгүүл сар тутам 10000 хувь хэвлэгдэнэ гэжээ. Харамсалтай нь 2009 оны 1-р сарын дугаар үзэгдэхгүй байна. Эхний дугаарыг маш сайн бэлтгэж гаргаад сураг алдардаг ээлжит сэтгүүл биш байгаасай.

Posted in Сэтгүүл | 8 Comments »

“Их ав”-ыг авахад 20000 төгрөг

Posted by tseren on 2009/02/07

Монголын хамгийн “том” Ирмүүн Life сэтгүүл өөрийгөө 12 мянган төгрөгөөр үнэлсэн билээ. Гэтэл энэхүү дээд “амжилт”-ийг 20 мянган төгрөгийн үнэтэй “Их ав” хэмээх ангийн сэтгүүл хэдхэн хоногийн дараа эвджээ.

2008 он гарсаар Улаанбаатарт долоо хоног тутам 1-2 сэтгүүл мэндэлж байна. Ихэнхдээ барууны сэтгүүлүүдийг олон таван үггүйгээр шууд дууриахдаа тэдний түвшинд хэр дөхсөнийг мэдэхгүй, харин худалдах үнийн хувьд ойролцоо. Тэнд сэтгүүлийн дундаж үнэ 4-5 доллар бол манайд 3000-5000 төгрөг орчим байна. Гэхдээ бид тэдэн шиг их цалин мөнгөтэй биш.  Гагцхүү монгол төгрөг маань энэ чигээрээ унаад байвал ч …

Зарим шинэ сэтгүүлүүдийн талаар товчхон.
“Монголын даам” – Анхны дугаар 2008 оны 12-р сард хэвлэгдэн гарчээ. Эрхлэгч нь Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ.
Sole – Спортын чөлөөт сэтгүүл. “Бусдаас тасархай” гэдгээ шууд зарласан байна. Үнэ 5990 төгрөг
“Эмнэлгийн техник, технологи” – Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс эрхлэн 300 хувь хэвлүүлж мэргэжлийн хүмүүстээ үнэгүй тарааж буйгаа хэвлэлийн хурал хийж зарлав.
“Их ав” – Зөвхөн хөөж гүйцээд буудаж унагадаг харгис хүмүүс биш гэдгээ харуулахын тулд “Байгаль хамгаалал, ан агнуур, танин мэдэхүйн сэтгүүл” хэмээн зөөлрүүлжээ. Харин үнэн дээр ямар ч найраа байхгүй – 20000 төгрөг.
marketing-magazine-2009-cover“Эрхэм хүн – Хүн эрхэм” – Хэтэрхий гүн гүнзгий нэр байна. Багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сар тутмын сэтгүүл. Сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч нь хэл шинжлэлийн ухааны магистр Ц.Одонтуяа. “Хүний сэтгүүл гуйж уншмааргүй байна уу? Тэгвэл та өөрийн “Эрхэм хүн-Хүн эрхэм” сэтгүүлээ захиалаарай” гэж юм бодтол ухуулжээ.
Эрхэмсэг (Elegance) - Ингэж орчуулагдах уу? “Бизнес. Соёл урлаг. Спорт. Танин мэдэхүй” гэсэн тодотголтой. Үүсгэн байгуулагч U.Uran гэжээ. Сар тутам хэвлэгдэж гарна.
“Бардамнал” – “Монгол үндэстний сэтгүүл”-ээр өөрийгөө өргөмжлөн бардамнаж чадсан байна. Барууны сэтгүүлийг дууриахын оронд уламжлал руугаа ханджээ. Эрхлэгч Ш.Энхцэцэг. Үнэ 6300 төгрөг.
“Маркетинг” – “Монголын маркетингийн хөгжлийн төлөө” уриатай энэ сэтгүүлийг M.U.G. буюу Marketing Update Group ХХК эрхлэн гаргажээ. 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд CD дагалдана.
Hospitality – “Зочлох үйлчилгээний ёсон” гэж орчуулан давхар нэрлэжээ. The Magazine of the Hotel and Restaurant Industry юм байна. 5000 хувь хэвлэгдсэн. http://www.upscale-journey.mn сайтыг зарласан ч ажиллахгүй байна.
Ногоон SOS (Ногоон аврал) – “Байгаль орчны тухай мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй, асуудал дэвшүүлсэн олон нийтийн сэтгүүл”. Экологийн боловсрол олгох интернэт мэдээллийн төв ТББ-аас эрхлэн гаргажээ. Байгаль орчны сайд Ганхуягийн мэндчилгээнээс үзэхэд яг ийм нэртэй бас сонин гардаг аж. Эрхлэгч Ц.Туяацэцэг. Вэб сайт: www.ecoedu.mn
Pearl - Энэ сэтгүүлийн талаар тусад нь өгүүлнэ.

Posted in Сэтгүүл | 4 Comments »

Монголын хамгийн том сэтгүүл – Ирмүүн Life

Posted by tseren on 2009/01/17

irmuun-life-setguul-11 Энгийн үгээр бол нүцгэн хүүхний зураг нийтэлдэг америкийн Playboy сэтгүүл  уншигч эрчүүдээ эвгүй байдалд оруулахгүйн тулд бусад сэдэвтэй сөөлжүүлдэг  аргатай. Хэрвээ гартаа Playboy барьсан эрхмээс юу үзэж байгааг сонирхвол Брэд  Питт, Дэвид Бэкхэмийн ярилцлага, аль эсвэл автомашины шинэ  загварын тухай  нийтлэлийг нэр төртэйгээр харуулна (Фидель Кастрогоос хүртэл Playboy ярилцлага  авч тавьсан удаатай). Харин таныг холдонгуут өөр хуудсанд шилжинэ…

 2009 оны 1-р сард мэндэлсэн монголын Ирмүүн Life сэтгүүл эхлээд бусад  нийтлэлүүдээ оруулж илэн далангүй зургуудаа тэртээ арын хуудсуудад далдлан  оруулжээ. “Бидний “Бэлэг”ийг задлаарай” гэсэн редакцийн оршилд “гоо зүйн”  хэмээх нандин тодотголтой сэтгүүл” гэсэн байна. Боловсон, соёлтой байхыг  эрмэлзэх нь зүйн хэрэг.

 Ямар ч байсан Ирмүүн Life Монголдоо хамгийн том сэтгүүл болж чаджээ. Би юуны  өмнө ердийн сэтгүүлийнхээс хамаагүй өргөн цаасны хэмжээг (форматыг) хэлж  байгаа юм. Ийм том хавтгай монгол сэтгүүл байдаг уу? Дээр үеийн “Тоншуул”  иймэрхүү далбагар байсан санагдана, гэхдээ харьцуулаад яахав. Өнөөдрийн Ирмүүн Life 140 хуудастай, орчин үеийн сэтгүүл юм.

Ирмүүн Life-ийн агуулга сонирхолтой, урлаг талруугаа, иймээс гоо зүйн гэхээсээ илүү баруунд байдаг art magazine гэдэг төрөлд ойр санагдлаа. Агуулгыг сонирхвол,
Кино урлаг дахь феномен. Испанийн нэр кино найруулагчийн тухай өгүүлэл.
Суут Моди-гийн гурван амьдрал. Францын нэрт зураач Амедио Модилья
Хайрын өлсгөлөн хийгээд амиа хорлохуйн тайлбар
“Д.Ариунцэцэг: Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурын байдаг гэж би өөртөө хэлдэг…”. Загвар өмсөгч, “Монгол газар” компанийн захирал Мянганбаярын эхнэртэй хийсэн ярилцлага.
Ертөнцийн гэгээ: Бид тэдний тухай. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, яруу найрагч Б.Галсансүх эмэгтэй хүний тухай
Г.Аюурзана: “Авьяастай хүнийх шүлэг, авъяасгүйнх нь сэтгэгдэл” ярилцлага. Түүний орчуулсан дэлхийн шилдэг уран зохиолын дээжээс
“Уйтгарын хашгираан Улаанбаатар. Нийслэлийн өнгө төрх, уран барилгын маш сайн шүүмж
Билборд бүтсэн түүх буюу өөртөө зориулсан анти-реклам. Нисэхээс хотын төв хүртэл замын хажуугаар эрээлжилсэн рекламны самбарууд.
Гүн бодрол. Зохиолч Б.Урианхай: Тансаг хэрэглээ, чамин ахуй хүн төрөлхтний нэг номерийн дайсан. Ярилцлага.
Цусан дүрсэн бийр. Японы алдарт зохиолч Юкио Мишимагийн тухай өгүүлэл.
Жон Ленноны сүүлчийн ярилцлага
Цаашаа нөгөө зурагнууд: Жинхэнэ эзэгнэгчээс амталсан жирийн биш таашаал”, “Нөмрөгөн цаанах санаашрал буюу нүцгэн эрх чөлөө” гэх мэтээр
Бидний дээвэр. Утаанбаатарыг дээрээс авсан зураг.
Төгсгөлд нь Жорж Орвэлийн “Амьтны ферм” зохиолыг комиксоор харуулсан товхимолыг хавсаргажээ.

Сайн бэлтгэж сайн хэвлүүлсэн тансаг сэтгүүл болжээ. Гагцхүү нэр нь эрлийз. Хоёр сар тутам хэвлэгдэнэ. Ерөнхий редактор буюу креатив арт директор А.Дэлгэржаргал.

Эрхлэн гаргагч нь Irmuun Multimedia ХХК бөгөөд өөр хэд хэдэн сэтгүүлтэй. Хэдэн жилийн өмнө МИАТ-ын олон улсын нислэгийн сэтгүүлийг Mongolica нэрээр гаргаж байсан бол одоо Sky Vision болгосон харагдана. “Танд хэрэгтэй” (хэрэглэгчийн сэтгүүл), “Нар” (бага насны хүүхдэд зориулсан сэтгүүл), Okey (Өсвөр насны охид хөвгүүдэд зориулсан улирал тутмын сэтгүүл) бас тэднийх.

Posted in Сэтгүүл | 11 Comments »

Гудамжаар дүүрэн “Гялбаа”

Posted by tseren on 2008/11/30

gyalbaa-setguuliin-5-jil

Зив Розенбергийн сэтгүүл гудамжинд гарав.

Posted in Сэтгүүл | 3 Comments »

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by tseren on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Сэтгүүл, Телевиз | 8 Comments »

Сонинууд vs Сайтууд

Posted by tseren on 2008/11/24

Монголд хэвлэгддэг сонинуудын нийтлэл, нэвтрүүлгээс хамаг сонирхолтойг нь авч тавьдаг вэб сайтууд нэлээд хэдэн жилийн өмнө гарч ирсэн билээ. Эхэндээ хилийн чанадад суугаа монголчуудад уншигдажх болсондоо сонины эзэд дуртай байсан биз. Гэтэл яваандаа хуулагч сайтууд тоймгүй олширч тэдний нэг – www.olloo.mn гэхэд компани байгуулж хувьцаа гарган хөрөнгийн биржээр борлуулж сүүлдээ реклам сурталчилгааг нь булааах болсон тул  өнгөрсөн долоо хоногт Монголын сонинуудын холбоо ба Монголын өдөр тутмын сонинуудын холбоо мэдэгдэл гарган хэвлэлийн хурал зарлаж “бидний тэвчээр барагдлаа. Одоо болсоон” гэж мэдэгдсэн билээ.  Сайтууд “бид хулгайлаагүй, гэрээ байгуулаад авч байгаа” хэмээн няцаахыг оролдож байгаа ч  тэдний ихэнх цаасан сониныг хуулж амьдардаг, гэрээ хэлэлцээртэй зарим нь сонинуудад юу ч төлдөггүй нь үнэн юм.  Сонины эрхлэгч нар урьд байгуулсан ганц нэг гэрээгээ тэр өдөр цуцалсан байна. 

Сонинууд ба сайтуудын хооронд ийм  маргаан үе үе дэгддэг боловч төдөлгүй гэрээ байгуулсан нэрээр эвлэрдэг байсан бол энэ удаа тэгэхгүй байх.  Дэлхий даяар сонины хувь ширхэг аажмаар боловч тасралтгүй буурч  сонин хэмээх мэдээллийн хэрэгсэл хаа сайгүй байр сууриа алдах болсон тэр хандлага манайд мэдрэгдэж байна. Сүүлийн 10-аад жилд өдөр тутмын сонинуудын нэр төрөл олширсон хэрнээ хувь ширхэг нь өсөхөө больсон.  Тэгтэл улс төрчид өгөөмөр аашилж мөнгөөр угждаг сонгуулийн энэ удаагийн цикл үндсэндээшувтарч  хэдэн арав, хэдэн зуун мянгаар  тусгай дугаар захиалахаа болив. Ядаж байхад эдийн засгийн хямрал эхэлж ирэх оны төсвөөс УИХ-ын гишүүд болон яам, агентлагийн удирдлагын өдөр тутмын хэвлэл захиалгын зардал 35.1 сая төгрөгийг хасчихсан.  Сонины эзэд бухимдах нь аргагүй. 

Уламжлалт сонинуудад Интернэт халтай мэт боловч түүнд дасан зохицохоос өөр арга байхгүй.  Улам олон уншигч үйл явдлын мэдээг цаасан дээрээс биш компьютерийн дэлгэцээс  уншихыг илүүд үзэх болжээ. Хаанаас ч хамаагүй учраас гадаадад суугаа монголчууд гэхэд Улаанбаатарт  гардаг сонины нийтлэлийг  биднээс их уншсан байдаг. Бас сайтыг цаасан сонин шиг хэн нэгэн аваад явчихгүй. 

Иймээс сонинууд нийтлэлүүдээ бусдад хуулуулахгүй мөртлөө өөрөөсөө харамлаад зөвхөн цаасан дээр архивлаад байвал хайран. Одоогоор “Өнөөдөр”, “Өдрийн  сонин”, “Зууны мэдээ”, “Зууны шуудан”, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн тойм“, “Улаанбаатар таймс” өдөр тутмын сонинууд сайттай (www.mongolnews.mn, www.dailynews.mn, www.zuuniimedee.mn, www.zuuniishuudan.mn, www.niigmiintoli.mn, www.unuuuder.mn, www.ubtimes.mn), гэхдээ зөвхөн “Өнөөдөр” сонин нийтлэлээ.pdf хэлбэрээр борлуулж мөнгө олж эхэлсэн. Гэтэл зарим сонины сайт шинэчлэгдэлгүй 3 дахь жилээ үдэж байна. Чөлөөт хэвлэл хоёр магнатын “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинууд интернэтэд огт төлөөлөлгүй. 

Хэзээ нэгэн цагт сонин болгон цаасан ба онлайн гэсэн хоёр хувилбартай болж таарна. Хоёулаа адилхан байх албагүй, чухам энэ ялгаа аль алинаас нь мөнгө олох боломжийг эзэддээ олгох биз ээ.

Posted in ИНТЕРНЭТ, Сэтгүүл | 1 Comment »

5000 төгрөг ба 20 долларын үнэтэй сэтгүүлүүд

Posted by tseren on 2008/11/11

“Танд хэрэгтэй” 

tand-heregtei-setguul-2008-1   tand-heregtei-setguul-2008

Тус сэтгүүлийн хоёрдахь буюу 11-12-р сарын дугаар хэвлэгдэн гарчээ. Янз бүрийн бараа үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан 200 хуудас мэдээлэл бүхий тун сонирхолтой сэтгүүл байна. Анхны дугаар 2008 оны 7-р сард гарч жимс жимсгэний талаар олон тооны зөвлөгөө танилцуулга нийтэлсэн бол шинэ дугаарын сэдэв нь мах, махан бүтээгдэхүүн ажээ.  Бас эхний дугаарын зочин буюу хавтасны хүнээр “Шри шри” амьдрах ухаан төвийн тэргүүн Ц.Саранцэцэгийг сонгосон бол дугаарынх Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болжээ. Сэтгүүлийг“Ирмүүн мальтмедиа” ХХК эрхлэн гаргаж байна.   

Jockey.mn 

Энэ бол Монголын олон улсын морин уралдааны холбооноос хурдан морины талаарх төрөл бүрийн мэдээллийг агуулсан портал цахим хуудасны төдийгүй гадаад, дотоодын хурдан морины эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар мэдээ, мэдээллийг агуулсан “журнал” (өөрсдөө тэгэж тодорхойлжээ)-ын нэр юм. 2008 оны 9-р сараар дугаарласан анхны дугаар саяхан хэвлэлтээс гарч номын дэлгүүрүүдэд иржээ.  

Mongolian Mining Journal 

mongolian-mining-journal

Сар тутам англи, монгол хэлээр хэвлэгдэн гарах Mongolian Mining Journal сэтгүүлийн нэг дугаар 20 долларын үнэтэй юм байна. Арай л үнэтэй санагдаж байвч монголчууд бид санаа зовохгүй байж болно.  Учир нь монголын ашигт малтмалд татагдан  орж ирсэн болон орж ирэх  компаниуд, бизнес эрхлэгчид харамлахгүй төлөх тийм мэдээллийг агуулах бололтой.  Иймээс номын дэлгүүрт үзэгдэхгүй байна. Бас нэр нь зөвхөн англи.

Эхний дугаарыг уул уурхайн асуудлаар болсон Discover Mongolia 2008-ийг угтуулан гаргажээ.  

Сэтгүүлийг Уул уурхайн vндэсний ассоциацын ерөнхийлөгчийн зөвлөх Э.Содонтогос, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байсан сэтгүүлч Л.Болормаа хоёр үүсгэн байгуулжээ.  http://mongolianminingjournal.com вэб сайттай. 

Hi Кино

Монголд өнөөдөр “бүх урлагуудын дотроос хамгийн чухал”-д зориулсан хэвлэл алга. Урьд “Кино ертөнц”, “Дэлгэц” гэх мэт олон сэтгүүл, бас сонинууд мэндэлж байсан ч тэгэсхийгээд сураг алдарсан билээ. Интернэтэд www.kino.mn нэртэй сайт байдаг ч одоохондоо Under construction байна. Энэ удаад сэтгүүл ээлжит оролдлогыг AVLA ХХК хийж анхны дугаарыг 11-р сарын эхэээр гаргажаа. Үүсгэн байгуулагчид нь нэрээ авахаар очиход нь “Кино” нэр хэдийнэ эзнээ олсон байсан тухай Hi үгийг урьд нь нэмж ийм эрлийз болгосон байх. Ерөнхий эрхлэгч Б.Дарханцэцэг. Сэтгүүлийн зөвлөх нь нэрт кино найруулагч Х.Дамдин юм байна. 

Mongolian Mining Journal-аас бусад сэтгүүлийн худалдаалах үнэ 5000 төгрөг.  Ноднин сэтгүүлийн дундаж үнэ 3500-4000 төгрөг байсан бол эдийн засгийн хямралаас болж өнөөдөр 20-25% өссөн байгаа биз? 

Posted in Сэтгүүл | 4 Comments »

Цаасан дээрх “ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ОРОН ЗАЙ” ба бусад

Posted by tseren on 2008/10/21

Шинээр болон үргэлжлэн гарч байгаа сэтгүүлүүдийн сониноос тоймлоё. Цаашдаа нэг нэгээр нь дэлгэрэнгүй бичиж байя. 

TV ZONE сэтгүүл
Хавтсан дээрээ ингэж бичсэн (бас UBS нэрийг давхар тавьжээ) хэдий ч монгол нэр нь “ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ОРОН ЗАЙ” аж. “Телевизийн хөтөлбөр, мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй, амралт чөлөөт цагт зориулсан долоо хоног тутмын чөлөөт сэтгүүл” гэсэн урт гуншинтай. 2008 оны 3-р сараас хойш 23 дугаар гараад байна. Associated with UBS & G-Entertainment буюу UBS телевиз, Жи-Энтертэйнмент хоёр хамтран гаргадаг. Эрхлэгч Б.Саруулсайхан. Телевизийн мэдээний сэтгүүл гэж ойлгогддог боловч өдөр тутмын сонинууд дээр гардаг мэдээнээс огт ялгаа алга. 

AUTOMOTOR сэтгүүл
“Авто ертөнцийн мэдээ, мэдээллийн сэтгүүл”. Анхны дугаар 2008 оны 9-р сард хэвлэгдэн гарлаа. Эрхлэгч Г.Жавхлан. Машин худалдах зар нэлээд зай талбайг эзэлжээ. 

“ИХ ХҮЛЭГЧ” сэтгүүл
“Морин спортын чөлөөт сэтгүүл” гэжээ. Анхны дугаар 2008 оны намар лангуун дээр үзэгдэв. Эрхлэгч Энхтайваны Гансүх, ерөнхий менежер Э.Ганчулуун. Эрчим хүчний дэд сайд бөгөөд манлай уяач Т.Энхтайваны хүүхдүүд байх гэж бодогдлоо. www.mongolianhorse.mn сайттай боловч ажиллахгүй байна.

“МОНГОЛЫН НИЙГЭМ, ЭМЭГТЭЙЧҮҮД” сэтгүүл
Анхны дугаар 2008 оны 9-р сард гарав. “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний сэтгүүл”. Харин үүсгэн байгуулагчаа “Монголын нийгэм, эмэгтэйчүүд” сэтгүүл гэж бичсэн байх юм. Өөрөө өөрийгөө төрүүлсэн болж таарлаа. Эмэгтэйчүүдийн сэтгүүл өөр байдаг биз. Редакцийн зөвлөлд Б.Саранцэцэг, О.Энхмаа, Ц.Энхбаяр гурав багтаж, сэтгүүлийн зөвлөлийн дарга нь Саранцэцэг, эрхлэгч нь Энхмаа. Тэр Борисын Саранцэцэг бол Монголын эмэгтэйчүүдийн төлөө намыг үүсгэн байгуулагч, бас 2001 оноос Олон улсын интернэт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч ажээ.

MONGOLIAN CITY NIGHT сэтгүүл
Нэрнийхээ дор “Entertainment for Men” гэжээ. Анхны дугаар 2008 оны 9-р сард дан англи хэлээр хэвлэгдэн гарсныг үзэхэд эрчүүд, гэхдээ гадаад эрчүүдэд зориулсан сэтгүүл шиг санагдсан. General director B.Bayarchimeg, Executive director L.Nyamsuren нарын бүтээл. Харин дараачийн дугаар 2008 оны 10-р сард монгол, англи хэлээр, хоёр талаасаа хоёр өөр хавтастай гарав.

“ЖҮДО” сэтгүүл
2008 оны 4-р улиралд УИХ-ын гишүүн бөгөөд жүдогийн холбооны тэргүүн Х.Баттулгын МоАХ-ны “Ардчилал” сонинтой хамт захиалагджээ. www.judomongol.mn сайттай байх аж. Одоогоор нээгдээгүй.

POWERLIFTING сэтгүүл
“Спортын чөлөөт хэвлэл”. Нөгөө өргөдөг барьдаг спорт биз. Бас 2008 оны 4-р улиралд “Ардчилал” сонинтой хамт захиалагдав.

“АЯЛАЛ, АМРАЛТ”
Англи нэр нь Tour and Relax. “Аялал, жуулчлал, амралтын чөлөөт сэтгүүл” гэжээ. Сүүлийн үед дотоодын аялал жуучлалыг ихээхэн өрнүүлж буй “Липн турс” компаниас 2008 оны 9-р сард анхны дугаарыг гаргажээ. www.lipntours.mn вэб сайттай боловч ажиллахгүй байна.

PURPLE LIST
Эмэгтэйчүүдэд зориулсан загварын сэтгүүл. Анхны дугаар 2008 оны 9-р сард хэвлэгдэж гарав. Нэрээ монголоор эхлээд “Ягаан навч”, дараа нь улам гоё орчуулж “Үзмэн ягаан” болгосон харагдав. Эрхлэгч нь нэрээ Т.Нипонь гэжээ. Нууц нэр бололтой.

“МИНИЙ ИХ ГҮРЭН” сэтгүүл
Forum for Politics, Culture and Business. Нийгэм-улс төрийн нийтлэг сэтгүүл байна. Ерөнхий эрхлэгч Дашцогтын Ариунаа. Оршлын оронд хуульч Б.Чимэд мэндчилгээ дэвшүүлж “Чөлөөт хэвлэлийн анхдугаар дамжаа – “шар сонин”-ы сэтгүүлчийн гараагаа эхэлсэн өдгөө бие даасан … шавилхан бүсгүй Дашцогтын Ариунаа эрхлэн гаргах юм гэнэ” хэмээжээ. Дотроо “хэрэглэгчдийн сонголтонд зориулав” гэсэн жижигхэн А5 хавсралттай. Муугүй болжээ. Харин өнгөрсөн зун нэг дугаар гарсан ба дахиж үзэгдээгүй.

Posted in Сэтгүүл | Leave a Comment »

Монголын сэтгүүлүүдийн дундах INNOVATION

Posted by tseren on 2008/10/21

“Шинжлэх ухааны сэтгүүл”. Гэхдээ анагаахын шинжлэх ухаанаар дагнасан эрдэм шинжилгээний сэтгүүл ажээ. Иймээс сэтгүүлд нийтлэх судалгааны өгүүлэлд тавих нарийвчилсан шаардлагуудаа хавтасны арын нүүрэндээ тавьсан харагдана. 

Тус сэтгүүл http://www.innovationjournal.mn сайттай бөгөөд өөрийгөө дараах байдлаар танилцуулсан байна.  

“Монголын шинжлэх ухаан, тэр дундаа анагаах ухааны салбарын өнөөгийн өнгө төрхийг илтгэх, энэ салбарт ажиллаж, суралцаж буй эмч, судлаач, оюутнуудыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах, шинжлэх ухааны сэтгүүлзүйг монголд хөгжүүлэх зорилго бүхий цоо шинэ санаа шийдэлтэй уг өнгөт сэтгүүл “INNOVATION” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд [2003 оноос] жил бүр хэвлэгдэн гардаг байсан бол 2007 оноос улирал тутам хэвлэгдэн уншигчидынхаа гарт хүрч байна. Эрүүл мэндийн салбарын талаар мэргэжлийн цогц мэдээллийг агуулж, тус салбарын шинэлэг мэдээ, мэдээллийг бүрэн тусгаснаараа онцлогтой тус сэтгүүлийн эдитороор анагаах ухааны салбарын нэр хүнд бүхий эрдэмтэн, профессорууд ажилладаг бөгөөд дараах байнгын булангуудыг эрхлэн гаргаж байна. Эрхэм судлаач та өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ тус сэтгүүл дээр нийтлүүлэх боломжтой төдийгүй INNOVATION сэтгүүл нь ДЭМБ-ын Western Pacific Region Index Medicus (WPRIM)-д элсэн орсон тул та өөрийн бүтээлээ Монголын төдийгүй олон улсын түвшинд танилцуулах болно”

     I

Анх 2000 онд оюутны эрдэм шинжилгээний клуб хэлбэрээр байгуулагдаж 2006 оноос “Дэлхийн эрүүл мэндийн төлөөх түншлэл” нэртэй болсон төрийн бус байгууллагаас (сайт нь http://www.pgh.mn/journal.htm) үүсгэн санаачилжээ. Тус байгууллага анагаах ухааны 14 мэргэжилтэн болон 23 оюутан буюу нийт 37 гишүүдтэйгээс 8 нь анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн магистр болон докторын зэрэгтэйгээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж, суралцаж буй Тайвань, Солонгос, Япон ба АНУ дахь гишүүдийг элсүүлсэн олон улсын шинжтэй байгууллага аж. Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч нь Анагаах ухааны доктор Н.Эрдэнэхүү. Удалгүй Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын 5-6 шилдгийн шилдэг инновацийг шалгаруулан өргөмжлөх томоохон арга хэмжээг зохион байгуулахаа зарлажээ.  Цаашдаа ERUULMEND.MN вэб сайт ажиллуулах юм байна.

Innovation бол монголоор “Шинэ санаа буюу шинэ нээлт” гэсэн үг. Тус сэтгүүл Монголд эрдэм шинжилгээний сэтгүүл ямар байж, юу хийх ёстойг харуулж шинийг авчрана гэж найдья.

Posted in Сэтгүүл | Leave a Comment »

“Тасархай” сэтгүүл

Posted by tseren on 2008/08/04

Өмнө нь би “Монголын №1 сэтгүүл”-ийг танилцуулсан бол энэ удаад өөрийгөө “тасархай” гэж үнэлсэн сэтгүүлийг хэлж өгье. Нэр нь “Үндэстний тойм”.

Томоор бичсэн ТОЙМ, улаан хүрээтэй хавтас нь бараг  л америкийн TIME адил харагдуулдаг тус сэтгүүлийн 2008 оны 5-р сарын дугаарын (№9) өмнөх үгэнд “Монголд сэтгүүлийн бум болж байна. Гэхдээ “Үндэстний тойм” энэ фронт дээр бусад монгол сэтгүүлээс хол давуу гэж өөрийгөө тоодог ч гэлээ цочрол авлаа” гэж маш даруухан эхэлснээ “ингээд уншвартай, өгөөжтэй материалаар сэтгүүлээ дүүргэж уншигчдаа татах арга барилаар зах зээл дээр тулалддаг редакцийнхан маань тасархай гэдгээ нотлон харуулах нь зүйтэй гэж үзсэн юм” гээд дан ярилцлагаас бүрдсэн дугаар бэлтгэхээр шийдсэнээ зарлажээ. Дугаараа нэг хүнээр дагнахаар шийдсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр болж  “Өөрийн бодол өөртөө зөв, Өрөөл даавуу өмдөндөө зөв” нэртэй Баярын магтуугаар дүүргэсэн байна.

Санаандгүй тохиолдол болов уу гэтэл сарын дараа “тасархай” сэтгүүлийнхэн маань дахиад нэг цочихдоо дахин С.Баяр, тэгэхдээ түүнтэй хамт нэр дэвшсэн Сү.Батболд, М.Чимгээ гуравт зориулсан өөр нэг дугаар (№16) гаргаадхаж. Тайлбарлахдаа, “Монголчууд ардчилсан сонгууль явуулах болсоор хориод жилийн нүүр үзэж багагүй туршлагажиж хашир суужээ. Гэвч нэр дэвшигч бүртэй нарийн тодорхой танилцах боломж хомс байдаг. Иймээс манай редакци уншигч танд хэрэг болуужин хэмээн УИХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна” гэв. Хавтсан дээрээ “Бид хамтдаа зүтгэнэ. МАХН-аас нэр дэвшигчдийн бүтцийг харахад улс төр, эдийн засаг, нийгэм гэсэн төр улсын тулгын гурван чулуу санаанд бууж байгаа юм”  хэмээн дурайлгаж, дотор нь “Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: С.Баяр ард түмэн төр түшиж чадах хүнийг хүлээж ядаад цөхөрч байхад гарч ирсэн улс төрч“ гарчигтай ярилцлага,  “Өдрийн сонин”-ы Г.Мөнхбаясгалангийн ”Үгүйлэгдэж байсан орон зай”, Б.Цэнддоогийн “Төрийн залгамж” зэрэг өгүүлэл оржээ. (Найрагчийн тухайд гэвэл энэ сонгуулиар бараг бүх нэр дэвшигчийг бүх хэвлэлээр магтаж ярьсны нэг нь энд багтжээ)

Нэрт нийтлэлч Б.Баабар нарын “Непко” хэвлэлийн газраас 2006 оноос эрхлэн гаргаж байгаа тус сэтгүүлийн “Далай лам. Ойр мөртлөө алсын шүтээн” сэдэвтэй бөгөөд тус хэвлэлийн газрын бүтээл “Бодь мөрийн зэрэг” сударт зориулсан сонирхолтой дугаарыг санаж байна. Түүнээс хойш Таван толгой, бас Оюутолгойн тухай сурталчилгааны бололтой дугаарууд үзэгдсэн ба “Үндэсний компаниуд үндэстнээ тэтгэнэ” гэсэн дугаарыг шуудангийн хайрцагт үнэ төлбөргүй хийсэн байж билээ. “Энержи ресурс” санхүүжүүллээ гэж ойлгосон. Би өөр дугаар олж үзээгүй, яагаад гэвэл гадуур зарагдаагүй. Жишээлбэл, С.Баяр ба түүний нөхдөд зориулсан дээрх №9 ба №16-ын хоорондох дугаарууд бас үзэгдээгүй, магадгүй нэр дэвшигчид захиалгаар хэвлүүлж тойрогтоо тараасан биз.

Тэгэхлээр “Үндэстний тойм” үнэхээр “тасархай” юу, хэрвээ тийм бол юугаараа вэ? Гоё хүүхнүүдээр хавтасласан “Гялбаа”, дуу хөгжмийн “Metro Music”, барилгын “Тэнхлэг зууч”, хөл бөмбөгийн “Ура гоол”, хүүхдийн “Нар” сэтгүүлээс хол тасарснаа сайрхаагүй л байх. Бас “Монголын №1 сэтгүүл” гэж өөрийгөө өргөмжилсөн “Аптуан”-аас хэр зайтай яваа бол?

Уг нь “Үндэстний тойм”-ийг өөрийгөө ядахдаа нийгэм-улс төрийн буюу төстэй хэвлэлүүдтэй харьцуулбал зүгээрсэн. Жишээлбэл, сар тутмын   “Алтан гадас” сэтгүүл 2003 оноос хойш эрээвэр хураавар ч гэсэн 56 дахь дугаараа уншигчиддаа өргөн барьсан бол “Цаг төр, хүмүүс” долоо хоног тутам!! хэвлэгдэж улс төрөөс гадна нийгмийн амьдралыг маш өргөн хүрээнд тун сонирхолтойгоор дэлгэдэг болсон. Тэд олон талаараа “Үндэсний тойм”-оос хамаагүй давуу.

Харин “захиалгат сэтгүүл”-ийн хувьд “Үндэстний тойм” бусдаас тасарсан байж болох. Юуны өмнө, хэвлэлтийн тоо ширхгээрээ. Яагаад гэвэл, сонгуульд нэр дэвшигчид “Үндэстний тойм”-ыг сурталчилгааны тараах материал  болгож сонгосон бол өөрийгөө Баабар нараар магтуулж бичүүлсэн дугаараа тойргийнхоо айл өрхийн тоогоор, бусад цагт баян компаниуд нийслэлийн шуудангийн хайрцгийн тоогоор буюу хэдэн арван мянган хувиар хэвлүүлж цацсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгүүл зүйн хувьд энэ бол нэг их бахархах зүйл биш.

Posted in Сэтгүүл | 7 Comments »