Хэдэн долоо хоногийн өмнөөс нийслэлийн гудамжаар ийм нэгэн сурталчилгааны самбарууд жагссан билээ.

Удалгүй www.unegui.mn сайт нээгдэж, харин цаасан дээрх “Үнэгүй” (“Түмний зар сонин”) сонины анхны дугаар 2009 оны 6-р сарын 15-нд хэвлэгдэн гарав. Зарын хэмээх хоёр сонин сүүлийн 10 гаруй жилийн турш эзэгнэж байгаа зах зээл рүү цөмөрч орох гэсэн ээлжит оролдлого энэ болой.
Тэр хоёр сониныг бүгд мэдэх учраас дэлгэрэнгүй танилцуулахгүйгээр зарим нэг баримтыг дурдаад орхиё. Анхных нь “Шуурхай зар”. 1990-ээд оны эхээр мэндэлсэн зах зээлийн анхдагчдын нэг бөгөөд “Зарлан мэдээлэх чөлөөт хэвлэл” тодотгол нь тэр цагаас үлджээ. Эрхлэн гаргагч “Ширэвгэр” компанийн захирал Г.Төмөрбаатарт одоо улс төрд орж Сүхбаатар дүүргийн Засаг даргын суудалд суусан байна. Тус сонин одоогоор вэб сайтгүй.
Хоёрдахь нь “Зар мэдээ, сурталчилгаа”. Онцлог гэвэл зарыг зарын цэгүүдэд биеэр төдийгүй БаянСАТУ1904 лавлах утас, Мобиком, Скайтелийн утсанд мессежээр, бас www.zarsonin.mn сайтад гишүүнээр элсүүлж мөнгөөр цэнэглэх данс ашиглан хүлээн авч сониндоо нийтлэхээс гадна хэдэн өдрийн дараа сайтдаа тавьдаг юм байна.
“Шуурхай зар”, “Зар мэдээ сурталчилгаа” хоёр нэлээн төстэй. Хоёулаа 4000 орчим хувь хэвлэгддэг гэсэн тоо бий. Адилхан А3-ын 60-70 нүүрээр долоо хоногийн Мягмар, Баасан гаригт зэрэг хэвлэгддэг. Худалдах үнэ нь нэмэгдсээр одоо яг адил 800 төгрөг болсон. Хоёулаа зарыг төлбөртэй хүлээн авч , сониноо 800 төгрөгөөр зардаг. Тэд ийнхүү Монгол дахь зарын сонины жишгийг тогтоожээ. Тэгвэл “Үнэгүй” тэднийг дууриахдаа долоо хоногт нэг удаа Даваа гариг бүр хэвлэгдэхдээ зарыг утас ба мессежээр үнэгүй хүлээн авснаараа нөгөө хоёрыг давж гарахаар тооцоолжээ.
Юу болохыг харж л байя. Өнгөрсөн жилүүдэд зарын сонин гаргаж зах зээлд тогтох гэсэн оролдлогууд зөндөө байж ялангуяа ажлын зар, орон сууц, автомашин гэх мэтээр төрөлжиж ялгарахыг хичээсэн хөл дээрээ тогтсон нь үгүй. Зөвхөн энэ онд гэхэд “Хамгийн ШУУРХАЙ ЗАР МЭДЭЭ, мэдээлэл” (нэрээрээ төөрөгдүүлж байгаад худалдагдах гэсэн оролдлого бололтой) сонин нэмэгдсэн ч нөгөө хоёрын цаанаас цухуйхгүй л байна. www.topzar.mn сайт нь хаалттай.
Бас www.zarmedee.mn гэдэг “Үндэсний зарын портал сайт” бий. “Зараа үнэгүй өг, Зараа үнэгүй үз” гэсэн урианаас бүх юм ойлгомжтой. Гэхдээ зөвхөн онлайн учраас жирийн уншигчид бараг мэдэхгүй.
Зарын цаасан сонинууд, тэр дундаа “нөгөө хоёр” байр сууриа тавих хараахан болоогүй…

