АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘НТВ телевиз’ Category

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by tseren on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз | 3 Comments »

Онц байдал зогсоход зөвхөн хоёр телевиз нээгдэв

Posted by tseren on 2008/07/06

2008 оны 7-р сарын 5-6-ны шөнө дунд онц байдал бүрэн зогсов. 00 цаг 00 минутаас эхлэн энэ мөчийг тэсч ядан хүлээсэн телевизүүд дөрөв хоногийн турш хураасан мэдээ, сурвалжлагын үер буулгахыг хүлээж суулаа. Өнөөдөр онцгой өдөр, Бямба гариг, маргааш Ням гариг учраас нийслэлчүүд шөнөжин сууж бүх сувгийг нэгэн зэрэг үзэхэд бэлэн байсан биз.

Гэвч шөнө дунд өнгөрөхөд зөвшөөрөгдсөн эрх чөлөөгөө зөвхөн НТВ телевиз эдэлж, үймээн самууны дараах үйл явдлын мэдээ, тухайлбал  албадан саатуулах байрнаас хийсэн, тэгэхдээ хоригдсон залуучуудын уйлалдсан ээж, эгч нартай ярилцсан сурвалжлага үзүүллээ.  Харин TV9 телевиз нэвтрүүлэг явуулах эрх чөлөөг эхлээд уран сайхны кино үзүүлэх эрх чөлөө гэж үзэв. Бусад телевизүүд эфирээ ч нээсэнгүй.

МҮОНТ яав? Онц байдлын штабын мэдлээс ангижирч дэд хурандаа Сайнжаргал буцсан ч нөгөө л албан мэдээ, “Магнайгийн клип”-ээ үргэлжлүүлэв. Араас цэнгээнт нэвтрүүлэг, “Гэрэлтэй цонх”. Цаадуул нь бүтэн дөрөв хоног юу нэвтрүүлэхийг хянасан төдийгүй онц байдал цуцлагдсаны дараа үзүүлэх сурвалжлага хийж бэлтгэж хадгалахыг хүртэл зөвшөөрөөгүй юм болов уу?

P.S: Улаанбаатарт 18 цаг болж байна. ”Ийгл” телевизийг, бусад телевизийн ганц нэг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол онц байдлыг сайн дураараа үргэлжлүүлсээр байх шиг санагдлаа. Бүгд оройн мэдээллийн хөтөлбөрөөр хамаг юм үзүүлэхээр хүлээж байгаа бололтой.

Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, Телевиз | Leave a Comment »