Archive for the ‘Нийтлэл, нэвтрүүлэг’ Category
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Posted by tseren on 2009/11/04
Хэд хоногийн өмнө Биеийн тамир, спортын төрийн бодлогын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Энхболд гишүүн тогтоолын төсөл алдаатай, тодруулбал, “хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж тогтов” гэсэн өгүүлбэр ойлгомжгүй байна гэхэд уг төслийг бэлтгэж оруулсан нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунхорол “монголчууд буруу яриад зөв ойлголцдог тэр жишгээр ойлгочихвол зүгээр юм шиг байна” хэмээн тас ширвэв.
Саяхны нэг өдөр телевизийн суваг хэдэн сувгийг хэсэгхэн зуур солиход тааралдсан элдэв ярианы алдаануудын зах зухаас сонирхоно уу.
- Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн Засаг дарга: Улаанбаатар хотын агаар маш их бохирдож байгаа гэж маш их ярьж байгаа. Бид үүнд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорилгоор энд мод авчирч тарьж байна…
- “Ийгл” телевизийн World news: Афганистаны … мужид НАТО-гийн 3 мянган цэрэг байгаа бол талибаны 12 мянган дайчин ажиллаж байгаа юм… [Талибууд мөн ч хөдөлмөрч улс шүү!!!]
- Эрүүл мэндийн дэд сайд Цолмон УИХ-ын хуралдаан дээр: … тайван бус байх юм бол халдварын тархалт 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн олон улсын судалгаа бий.
- [Сувгийг харж амжсангүй]: … АНУ сүүлийн 70 жилд учирч байгаагүй эдийн засгийг давж гарлаа гэж мэдээлэв.
- Монгол Улсын шадар сайд М.Энхболд: …. томуугийн халдвартай … хүн тогтоогдсон байна. Иймд бид энэ үйл явцыг бид эрчимжүүлэхээр ажиллаж байна…
- “Инфо ТВ” сэтгүүлийн сурталчилгааны клип: …. Өөр ямар ч мэдээ, мэдээллээс сонсоогүй мэдээллийг хүлээн аваарай ..
- “25-р суваг” телевизийн “Арай ч дээ” нэвтрүүлгээр УБЕГ-ын хэлтсийн дарга:… Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах эсэхийг…
- Мөн нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа: … 4-р цахилгаан станц өөрийн хүртэл хөлдөх аюул тулгараад … Энэ сонины хариу тайлбарыг өгөх хүн Төрийн өмчийн хорооноос олдсонгүй…
Мэдээж миний дуртай “болсон мэдээлэл” монголын телевизийн бүх сувгийг эзэлсэн төдийгүй олон улсын тавцанд гарч “дэлхийн зах зээл дээр болсон мэдээ, мэдээлэл”-д хүрснийг мэдлээ.
Аливаа улс үндэстэн, ямар ч уран илтгэгч яриандаа алдаж будилдаг ч дараачийн мөчид залруулаад явдаг. Харин бид юу ч болоогүй мэт үргэлжлүүлдэг. Алдсанаа ч анзаардаггүй. “Хүн яаж сэтгэнэ, тэгэж ярьдаг” гэсэн мэргэн үг бий. Ингэж эмх замбараагүй сэтгэдэг хүмүүс ажил амьдралаа эмх цэгцтэй зохион байгуулж, дэс дараа, цаг хугацаа, процедурыг дагаж чадах уу? УИХ нь хүртэл буруу бичээд, дээрээс нь Нямдоржтонгууд хулгайгаар засаад, араас нь “зөв ойлго” гэж загнаад (УИХ-ын гишүүнийг шүү! Жирийн иргэнийг бол баллахнээ!!!) байхлаар Монгол Улсад хууль журам тогтох уу?
Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »
Posted by tseren on 2009/09/07
Бүр 1950-иад оны сүүлчээс монголын радиод ажиллаж эхэлсэн ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа: “Миний бичсэн чанартай чанаргүй нь хамаагүй, мэдээлэл хийж байсан бодит түүх юм” гэж хэлснийг уншаад цаг хугацааны үнэ цэнийг дахин нэг ухаарлаа. 1959 оны ямар ч нэвтрүүлгийн бичлэг 2009 оны хамгийн сайн нэвтрүүлгийнхээс илүү үнэ цэнэтэй болсон байх шүү.
Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »
Posted by tseren on 2009/08/05
Долдугаар сарын сүүлчээс дахиад нэг телевиз агаарын долгионоор (бас кабелиар) нэвтрүүлгээ цацаж эхлээд байна.
Нэр нь BTV.
Ноднингоос хойш Кёкүшю цамхагийн оройд шинэ телевиз дуншаад байна гэсэн нь ийнхүү мэндлэв. Б үсгийн тухайд гэвэл УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д. Батбаярын, бас “эдийн засаг бизнесийн чиглэлээр дагнан нийтлэл, нэвтрүүлгээ хүргэх анхны телевиз” гэж зарласан тул Бизнесийн гэсэн утгыг агуулжээ.
Шууд нээгдсэн www.btv.mn сайт дахь танилцуулгад хөрөнгө мөнгө, байшин саваа хүртэл гаргасан Д.Батбаярыгаа огт дурсаагүй байх юм. Түүний мөнгөөр л “Сони” корпорацид “2008 онд үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн техник хэрэгсэл, үйл явдлыг шууд дамжуулах DBS станцтай” болсон байж таарна.
Танилцуулга нь “олон нийтэч байр сууринаас” ажилладаг телевиз байх амлалтаар эхэлж байна. Бараг л олон нийтийн телевиз! Бас 21 аймаг болон томоохон улсын нийслэлүүдэд суурин сурвалжлагчтай гэж худлаа залжээ. Хэдийдээ амжсан байхав?
Харин аль ч телевизийн нэрийн хуудас болсон мэдээллийн хөтөлбөр нь “Б цэг” нэртэй, тэр нь эдийн засаг, худалдаа, үйлчилгээний агуулгатай байгаа нь содон санагдлаа.
Гэхдээ шинэ телевиз хөл дээрээ босохыг нь хүлээж, бас амжилт хүсэх л үлдэж байна.
Posted in BTV, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »
Posted by tseren on 2009/07/18
Сүүлийн өдрүүдэд МҮОНТ тэргүүтэй телевизийн хэд хэдэн сувгаар Сингапур, Малайз хичнээн сайхан хөгжиж байгааг харуулсан сурвалжлагууд тасралтгүй гардаг боллоо. Ялангуяа автозамынх нь ганц ч нүхгүй, толигор сайхныг ээ!!!
Манай телевизүүд яагаад энэ хоёр улсыг гэнэт сонирхов? Нэг ч сэтгүүлч энэ талаар дуугарсангүй.
Харин “Өнөөдөр” сониноос явсан сэтгүүлч “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдах орнуудын туршлагаас эх орондоо нэвтрүүлэхийн тулд монголчуудынхаа оюуны мэлмийг нээх тал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар шийджээ. Тэрбээр хувиасаа хөрөнгө гарган, хэвлэл мэдээллийн 26 ажилтныг Сингапур, Малайзаар аялуулсан нь дээрх ажлын гараа болов” хэмээн шударгаар бичив.
Зөвхөн гараа нь ийм байгаа юм чинь цаашаа мөн ч урт зам туулахнээ. Гэхдээ УИХ-ын гишүүн төдийгүй Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан сайд Х.Баттулга эхлээд монголын зам ямар байгааг, хэрхэн Сингапур, Малайзынх шиг болгож буйгаа сурвалжлуулмаар аа. Хэвлэл мэдээллийн 26 ажилтныг нийслэл хотын замаас эхлээд Лүнгийн замаар аялуулаасай.
Социализмын үеийн онигоо байдаг:
Сангийн аж ахуйн хурал дээр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөв. 1. Малын саравч засах ажил 2. Коммунизм байгуулах зорилтын тухай. Хурал эхлэхэд дарга босч ” Одоогоор банз байхгүй тул шууд хоёрдахь асуудалдаа орьё” гэжээ.
Posted in "Өнөөдөр" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »
Posted by tseren on 2009/05/09
Өнгөрсөн хавар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хоёр хөрөнгө, орлогоо худал мэдүүлж үл хөдлөх хөрөнгө, компаниа нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоод албан тушаалаас нь огцруулах саналыг Иргэдийн хурлуудад нь тавьснаа мэдэгдсэн билээ.
Бид ярьдаг: Монголоос бусад ардчилсан оронд ямар нэгэн “но”-той юманд нэр холбогдсон албан тушаалтан шууд огцордог, эсвэл түдгэлздэг. Тийм нөхдийг гэрээсээ гарч ажилдаа ирэх, ажлаасаа тарж гэртээ ирэх, хурал цуглаанд оролцох гээд ахлам тутамд нь сэтгүүлчид бүчиж телевизийн камер, сурвалжлагчийн микрофон амар заяа үзүүлдэггүй. Хөрөнгө орлогыг нь эрж хайна, зургийг авна, папараци хийнэ. Албан тушаалаа өгөөд улс төрөөс зайлдаггүй юмаа гэхэд түдгэлзэж нуугдаад үнэн мөнөө олуулсан нь дээр болдог биз.
Дөрөвдүгээр сарын дундуур Батлан хамгаалах яаман дээр Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн уулзалт болоход МҮОНТ-ийг ганцааранг нь шахуу урьжээ. Тэгтэл Дорнод аймгаас Ц.Жанлав дарга ирчихсэн оролцож суув. Тэр ч бүү хэл сурвалжлагчаас айхгүйгээр ой угтсан ажлынхаа талаар ярилцлага өглөө. Шударга биш Засаг дарга сэтгүүлчийн аманд өөрөө ороод ирэх нь тэр! Харамсалтай нь сэтгүүлч маань “Та хөрөнгө орлогын мэдүүлгээ…” гэж эхэлсэн ганц асуулт тавьж зүрхэлсэнгүй.
Нутгийнх нь сэтгүүлчид Жанлав даргыг “зовоож” байна гэж сонсдоогүй, харин ч аймгийн хамгийн том телевиз түүний мэдлийнх, бас аймгийн ганц сонин Засаг даргатайгаа “нягт хамтран ажилладаг” гэсэн.
Энэ хаваржин Баянгол дүүрэгт Л.Амгалан даргын санаачилсан бүтээн байгуулалт бүх телевизээр байнга гарч дуртайяа ярилцлага өгч байлаа. Сэтгүүлчид түүнийг эвгүй асуултаар зовоосонгүй. Харин өнөөдөр дөрөвдүгээр цахилгаан станцын урдуур “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн нээлтийн ёслол болсныг миний суваг эргүүлэхэд тааралдсан МҮОНТ, TV5, TV9, USB, SBN, “Ийгл” телевизүүд бүгдээрээ сурвалжилж Амгалан даргаас ярилцлага авчээ. Зөвхөн “Ийгл” телевизийн сурвалжлагч тэр асуултыг тавьсан байна. Хариуд нь Амгалан дарга “Нуусан барьсан, худлаа мэдүүлсэн юм байхгүй… ” гэж мэдэгдлээ. Одоо АТГ хүнийг гүтгэсэн болохнээ?
“Ийгл” телевиз ямар ч байсан салхи хагаллаа. Дараачийн удаад, бусад телевизүүд Амгаланд, бас Жанлавт “илүү, илүү” асуулт тавих байх гэж найдахаас.
Posted in Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 1 Comment »
Posted by tseren on 2009/03/25
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Сэлэнгэ аймгийн Мандал, Баянговь сумын хөгжил цэцэглэлтийг ихэд магтан дуулах боллоо. Өөр хаана ч байхгүй барилга, байшин, эмнэлэг, оношлогооны аппарат, сум орныг хөгжүүлэх сан тэнд байдаг аж. Энэ бүхнээ бахдан ярих хоёр сумын Засаг дарга нар удалгүй од болохнээ…Бороогийн орд газрын 40 тонн алтыг тавхан жилийн дотор ховх сорсон мөртлөө Монголд олигтой татвар төлөөгүй гэж “Бороо гоулд” компани гадаадынхантай ямар гэрээ байгуулж болохгүйн жишээгээр тодрон амны уншлага болж байгаа ч дараачийн ордыг авч ухахын тулд монголчуудыг найрах пиарыг хүчтэй хийж байгаа нь тэр. “Бороо гоулд” компаниас өгсөн хандив тусламжийг бараг л тоосго тоосгоор нь тоочин сурталчилсаар.
Гэхдээ өдөр тутмын сонинууд “Бороо гоулд”-ийн нэрийг бахархалтайгаар бичиж байгаа бол телевизүүд нуусхийдэг. Тэд “Бороо гоулд”-аас мөнгө авч пиардаж байгаа нь илэрчих гээд хэцүү байгаа бололтой. Ялангуяа МҮОНТ нуух гэж ядах юм.
3-р сарын 25-ны орой МҮОНТ-ээр “Хөгжлийн тулах цэг”-ээр “Уурхайчны нэг өдөр” нэвтрүүлэг гарлаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас бэлтгэжээ. “Энэ удаад янз бүрээр хэлэгддэг Бороо гоулдын уурхайн тухай биш, уурхайчин Батболдын тухай өгүүлье” гэж тун зальжин эхэлсэн ч тэр чигээрээ “нам, засагтаа баярлалаа” гэдэг шиг “Бороо гоулд”-д баярлалаа” гэсэн яриагаар дүүрсэн байв. Эцэст нь “… Уул уурхай гэдэг бол хэдхэн хүний асуудал биш … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийнг алтны уурхайг ашиглаж эхэлснээс хойш …. орон нутгийн иргэдийн хэрхэн сайнаар нөлөөлснийг дурдахгүй байхын аргагүй” гэж дүгнэлээ. Гэхдээ ийм зөв зүйтэй дүгнэлт хийсэн уран бүтээлчид нэрээ бахархалтайгаар тавихын оронд “2009 он” гэсэн тооны ард нуугдаж нэвтрүүлгээ төгсгөжээ.
“Бороо гуолд” компани Мандал, Баянговь хоёр сумыг нэлээд өөд татсан нь үнэн, гэхдээ бүх үнэний зөвхөн нэг хэсэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж, араас нь Тавантолгойн болон бусад гэрээнүүд оочирлож байгаа энэ үед МҮОНТ уул уурхайн асуудлаар янз бүрийн үзэл бодлыг уралдуулж хэлэлцүүлэн нийгэмд ойлголцол бий болгохыг хичээхийн оронд зөвхөн компаниудыг магтаж суух юм.
Энэхүү “Хөгжлийн тулах цэг” бол Даваа гариг болгон гардаг захиалгат нэвтрүүлэг. Өмнөх нэг дугаараар Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглахыг түргэтгэхийг ухуулахдаа “Бид Хятадын эрчим хүчний сүлжээнд холбогдочихвол салгана гэсэн ойлголт байхгүй. Хятадуудаар хөрөнгө оруулаад тэднээс бариулчихвал хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд биднээс эрчим хүч авсаар байх болно” гэсэн марзан юм ярьж сонсогдсон. Ийм гүн гүнзгий санааг илэрхийлсэн уран бүтээлчдийн нэр мэдээж “2009 он”
Ноднин 10-р сараас хойш “Эрс шинэчлэл” ба “Миний монголын газар шороо” хөдөлгөөнүүд уул уурхайн асуудлаар нэвтрүүлэг хийж оролцох хүсэлтээ МҮОНТ-ын удирдлагад тавиад чадахгүй байна гэж гомдол мэдүүлж байсан. Тэд хэн нэгэнд таалагдахгүй юм их ярьдаг байх, гэхдээ бүх үнэний бас өөр хэсгийг илэрхийлж байгаа бус уу?
Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 5 Comments »
Posted by tseren on 2009/02/22
Өчигдөр орой “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгийн 6 дахь дугаар гарав. Оросын РТР телевизийн “Профессия – репортер” гэдэг эрэн сурвалжлагын тусгай нэвтрүүлгийг дууриаж, нэрийг нь хуулан орчуулжээ. Манайд бол Пүрэвхүүгийн зохиогчийн хөтөлбөр бөгөөд одоогоор газар дээр нь очиж бэлтгэсэн уртхан сурвалжлагын хэмжээнд байна.
Энэ удаад редакциас өгсөн даалгаврын дагуу “Эмээлт” өртөө рүү явж тэндхийн цагдаа нар, ченжүүд, иргэдтэй уулзаж, айлуудаар орж зовлон жаргалыг нь сонсов. Тэндээс УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, C.Оюун, Д.Батбаяр, нийслэлийн хуралд сонгогдсон Т.Билэгт, Л.Эрхэмбаяр нарыг нэрлэж өөрсдийн тойргоо эргэж тойрон нүүр царайгаа харуулахыг уриаллаа. Сайн.
Гэхдээ би өмнөх хоёр дугаарын талаар нэг юм хэлэхгүй бол ”дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн” болно.
2009 оны 2-р сарын 7-ны дугаараар Говьсүмбэр аймагт очиж Шивээ-Овоогийн оросын цэргийн хаягдсан хотхонд амьдардаг иргэдийн амьдралыг харуулав. Өөрийн унаагаар очиж ундуй сундуй барилгуудыг тойрч халаалт доголдож даарч бээрсэн айлуудаар орж энд тэндгүй хөлхөх согтуу хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Яахав, хаа сайгүй байдаг бидний амьдралын дүр зураг. Энэ утгаараа Говьсүмбэрийг муулаа ч үгүй, магтаа ч үгүй.
Гэтэл 2009 оны 2-р сарын 14-ны орой санаандгүй юм болов. Пүрэвхүү өөрийн “гараар” хийсэн өмнөх нэвтрүүлгээ няцаасан “төлбөртэй” нэвтрүүлэг бэлтгэн үзүүлэх нь тэр.

Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Шивээ-Овоо сумын засаг дарга, МСҮТ-ийн захирал нарын хүмүүс өмнөх нэвтрүүлэг буруу зөрүү ойлголт өгснийг сануулаад аймаг, байгууллагынхаа ажил амьдрал, ялангуяа Засаг дарга Баянмөнх гэдэг хүнийг магтан шагшлаа. Хотоос ирж энд амьдрах нь дээр гэж нотолсон үлгэр жишээ залуучууд гарав. Мэргэжлийн сургалт үйлчилгээний төв үнэхээр сайхан юм байна. Даардаг айлууд даарахаа больчихож. Бас цэцэрлэгийн эрхлэгч авгай түрүүчийн нэвтрүүлгээр халамцуу гарч дэл сул юм ярьсан эрийг дэргэдээ нов номхон зогсоочихсон, хөдөлмөрийн дэвтрийг нь дэлгээд шагширч өглөө. Хөөрхий эр телевизийн дуранг өрөвдөлтэйө ширтэнэ… Муу ч, сайн ч эр хүнийг ингэж гутааж болох уу?

Өмнөх нэвтрүүлгээр сэтгүүлч Пүрэвхүү Шивээ-Овоог бараан талаас нь харуулсан байг. (Бичлэгээ компьютер графикаар засчихаагүй л бол тэгээгүй). Буруу зөрүү юм хэлсэн байг. Гэхдээ энэ нь долоохон хоногийн дотор төрөл арилжиж урьд нь огт шүүмжлээгүй Говьсүмбэр аймгийн төвийн албан байгууллагууд, уурхай, тэр тусмаа Засаг даргыг нь тусгай нэвтрүүлгээр тэнгэрт тултал магтан сурталчлах шалтгаан огтхон ч биш.
Говь-Сүмбэр аймгийн дарга нар хэдэн төгрөг амлахад л 2008 оны Монголын шилдэг сэтгүүлч хүссэнээр нь хийгээд өгчээ. Үүнээсээ ичээд өөрөө харагдахгүй нуугдаж тайлбараа өөр хүнээр уншуулсан ч зарим асуултыг өөрөө тавих нь сонсдож байлаа. Нэгэн мөнгөө төлсөн Говьсүмбэрийн удирдлага бусад сонин хэвлэлийн нийтлэлийг давхар няцаан амжуулж өгсөн дөө.
Ноднин “25-р суваг” телевизийн удирдлага Алтантүрүү гэдэг чадварлаг залууг буруу залж айлд мөнгөөр очиж унтдаг болгож сургаад балласан бол одоо энэ охиноор Говьсүмбэр аймгийн нэгэн тосгоныг жаахан шүүмжлүүлээд дараа нь мөнгө авч залруулжээ. Юугаараа шантааж биш гэж? Хэрвээ эхний нэвтрүүлэг байгаагүй бол хоёрдахь нэвтрүүлэг хийгдэхгүй, улмаар Говьсүмбэр аймгийн төсвөөс татвар төлөгчдийн хэдэн төгрөг “25-р суваг” телевизийн дансанд шилжихгүй байсан.
Одоо манай хэвлэл мэдээллийнхэн шантаажыг ил тод хийдэг болжээ.
Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 16 Comments »
Posted by tseren on 2009/01/30
Өнөөдөр “Глоб Интернэйшнл” ТББ-аас АВЛИГА БА МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” сэдвээр зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцож тавьсан илтгэлээ нийтлэв.
Социалист нийгэм хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхол, түүнийг илэрхийлж хангах суурь нөхцөл болсон мэдээллийн урсгалыг хаан боогдуулж хаалттай байлгаснаас болж сүйрсэн гэж хэлбэл нэг их хэвтрүүлэг болохгүй биз. Зүүн Европын орнуудад коммунист дэглэмийг “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө” радио станцууд нураасан гэж хэлдэг. Энэ бүхэн нэгэнт түүх болжээ.
Өнөөдөр нийгмийн бүхий л институци, түүний дотор төр, бизнес, улс төрийн нам, төрийн бус байгууллагууд нээлттэй байна гэдэг бол ардчилал, зах зээл оршин тогтнох үндэс болж юм. Ардчилалд ил тод байдал ямар хэрэгтэйг бид сайн мэднэ. Зах зээлийн тухайд бусдаас илүү бараа, үйлчилгээгээр хангасан тал нь амжилт олж, бусад нь түүнийг давж гарахын төлөө чөлөөтэй өрсөлдөж үүний ачаар нийтдээ хөгжиж дэвшдэг тэр механизм саадгүй ажиллахын тулд энэхүү үйл явц дээд зэргээр нээлттэй байх учиртай. Үнэ, ханш, чанараас эхлээд эрэлт хэрэгцээ, нөөц баялаг, цаашилбал зах зээлд оролцогчид, тэдний эзэмшил, сонирхлын зөрчлийн тухай мэдээлэл хэдийнчинээн хаалттай байна, чөлөөт шударга өрсөлдөөнөөс төдийчинээн ухарч байгаа хэрэг юм. Read the rest of this entry »
Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 7 Comments »
Posted by tseren on 2009/01/09
2009 оны эхний бүтэн долоо хоногийн гол үйл явдал бол эдийн засгийн хямрал биш харин яруу найргийн “Болор цом” наадам, Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой байлаа.
Би “Болор цом”-ын шүлгүүд сайн муу байсан, эсвэл Монгол Улсын №1 орчуулагч Н.Энхбаяр төрийн одон медалийг зохиолчиддоо боорцог мэт тараасан тухай биш, харин сэтгүүл зүйн тухай ганц санаа хэлэх гэсэн юм. Сүүлийн хэдэн хоног хэвлэл мэдээлэл, ялангуяа телевиз, ялангуяа МҮОНТ, МҮОНР зохиолчдод “эзлэгдэв”. Биш ээ, дотор нь дүүрэн яруу найрагч, зохиолчид байдаг, тэгэхлээр аль хэдийнэ эзлэгдсэн юм байна. Мэдээ нь хүртэл “МҮОНР-ийн яруу найрагчид төрийн дээд шагнал хүртлээ” гэхчлэн гарчиглажээ.
Манайд зохиолч, яруу найрагч гээд байгаа тэр хүмүүсийн ихэнх сонин хэвлэл, радио, телевизэд ажилладаг. Амьдралын зорилго нь гоё шүлэг, дууны үг, роман бичих, харин амьдрах арга нь сэтгүүлч хийх. Мэргэн цэцэн ярих, уран гоё бичих авъяас сэтгүүлчийн ажилд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ энэ олон шүлэгч-сурвалжлагч, яруу найрагч-редактор, зохиолч-эрхлэгчид сэтгүүл зүйг өөр лүүгээ чангаадаг нь зүйн хэрэг. 850 орчим настай Чингэс гэдэг хүнийг олж уулзаад ярилцах хүсэлт тавихад цаадах нь эелдгээр зөвшөөрч, ингээд сониндоо цуврал ярилцлага нийтлүүлсэн сэтгүүлч хүртэл бий. “Баримт түшсэн эрэгцүүлэл” гэх мэт гоё төрөл зүйл зөндөө. Даанч ч сулхан баримт нь нурахад түших юмгүй болж хоосон цэцэрхлийн балчигт шалхийдэг. Мэдээжийн санаа, бүгд мэдэх юмыг тойрсон нуршуу нийтлэл, нэвтрүүлгээр сонин хэвлэл, радио телевиз пиг дүүрэн байх юм.
Хэрвээ уран зохиолч хүн яг өнөөдрийн бужигнаанаас ангид, түүхэнд үлдэх мөнхийн бүтээл туурвилын хойноос явдаг бол сэтгүүлч хүн яг өнөөдрийн үйл явдлын тэмдэглэл хөтөлж үлдээх үүрэгтэй. Зөв буруу нь хамаагүй баримт, жишээ, санал бодол… Зөвхөн энэ биш. Одоо баримтыг дүгнэж чаддаг, ил далд учир шалтгааныг илрүүлдэг, сайн муу чиг хандлагыг хэлдэг сайн тоймчид манай хэвлэл мэдээлэлд хэрэгтэй болжээ. “Аавдаа авгай авахыг зааж” том том дуугарч энэ улсын Ерөнхийлөгчөөс нь эхлээд сургадаг жижигхээн охид, хөвгүүд, бас аль социализмын үеэс “улс төрийн тоймч” нэрийг зүүсэн Дашзэвэг нар биш шүү. Тэр Дашзэвэг хүртэл цаанаа яруу найрагч, дууны шүлгийн мастер байсан нь илэрсэн бөгөөд сүүлдээ цэнгэн хөгжилдсөөр үзэгдэхээ ч больжээ.
Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 4 Comments »
Posted by tseren on 2008/12/29
Ноднин телевиз үзэгчдийн сэтгэл санааг эзэмдэж хөтлөгч Алтантүрүү нь Монголын телевизүүдийн холбооны шагналыг Ерөнхий сайд С.Баяраас гэрт нь хонох урилгын хамт авч байсан “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ 2008 оныг зочид буудлын тансаг өрөөны ванны өрөөнд үдэх шив. Сайн сайхан яваа мэт боловч нөгөө шинэ сонин хүмүүс, тэдний амьдрал, оройн хоол унд, үдшийн яриа алга байлаа. Нэг л биш ээ.
Тайлбарлая.
2008 оны төгсгөлийн буюу 12-р сарын 28-ны “Танайд хоноё” нэвтрүүлгийн эхэнд өмнөх ням гаригт очсон олон хүүхэдтэй ядруу айлд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивыг аваачиж өгснөөр эхлэв. Дараа нь хөтлөгч Тэнгис хонох айлаа олохоор УИД-ын урд ирж зогсоод “Би хонох айл олох гэж маш их хичээдэг. Өнөөдөр хонуулах айл олдохгүй бол яанаа” хэмээн ямар нэгэн буруу юм хийснээ нуусан жаал (“Аав аа, би аяга хагалаагүй ш дээ” гэдэг урьдчилж хэлдэг шиг) мэт тун сэжигтэй эхлэв. Уг нь түүнийг хичээдэггүй гэж хэн ч зэмлээгүй юмсан. Ингээд хөтлөгч маань тэр хавиар сүлжилдэх түмэн хүнээс хэдэн охид, эмэгтэйчүүдыг сонгож “танайд хоноё” гэсэн санал тавихад цаадуул нь мэдээж татгалзлаа. Өрхийн тэргүүнээс асуухгүйгээр нэг (хоёр) “хар юм”-ыг бас камертай дагуулаад очдог ёс жудаггүй эзэгтэй гэж байх уу? Байхгүй! Нөхөргүй ганц бие юмуу өрх толгойлсон бол бүр үгүй.
Хэргийн учир тэр дороо тайлагдаж хөтлөгч маань “Би өнөөдөр зочид буудалд очиж хононо” гэж мэдэгдлээ. Уг нь сонин санаа. Буудлын амьдралын нэгэн үдэш юмуу шөнийг харуулж яагаад болохгүй гэж?. Даанч “Улаанбаатар” гэдэг зочид буудалд очиж хонохоор шийдсэнээ зарлаж, үүнийгээ “хүүхэд байхаасаа сайн мэддэг байсан” гэж тайлбарлав. Гэхдээ жинхэнэ шалтгаан өөр. Тус буудал “Монгол ньюс” компанийн хөрөнгө оруулалттай, бараг түүний охин компани шахуу билээ. Илүү тайлбар хэрэггүй биз.
Дараачийн мөчид хөтлөгч Тэнгис “Улаанбаатар” зочид буудлын ресепшн дээрээс түлхүүр авч байх юм. “Хонуулчих л даа. Мешокоо дэвсээд унтчихна. Саад болохгүй, тэгэх үү” гэсэн нэвтрүүлгийнхээ алдарт гуйлтыг хэрэглэх шаардлага гараагүй бололтой. Буудлын менежер биечлэн үйлчилж ганц хонохоор ирсэн хөтлөгчид Ерөнхийлөгчийн өрөөг танилцуулж тэнд оруулах шиг болов. (Гэхдээ үйл явдлын дүрсүүд рекламын клип шиг солигдоод байсан тул би андуурч болох). Ингээд хөтлөгч номертоо ганцаараа үлдэнгүүтээ (зураглаачтайгаа хоёулаа гэсэн үг) ваннтай усанд шумбаж зургаа авахуулаад “Шинэ жилээр хүмүүс гэр бүлээрээ байхыг хүссэн учраас намайг хүлээж аваагүй байх” гэж худлаа залж “Намайг уриалгахан хүлээж авсан “Улаанбаатар” зочид буудлын хамт олонд баярлалаа” хэмээн талархаад хөнжилдөө шурган нойрссон ба өглөө босоод юу ч дуугаралгүй хөгжмөөр “зодоод” тэр чигээрээ гарч нэг мэдэхэд буудлын гадаа явж харагдав. Ядахдаа өрөөгөө хүлээлгэж өгсөн байгаасай. Ийнхүү дэндүү богинохон мөртлөө сурталчилгаа нь хонолтоосоо урт “Буудалд хоноё” өндөрлөв.
Хоёр жилийн турш үзэж дассан Алтантүрүү солигдож шинэ хөтлөгч гарч ирэхэд, тус тусмаа олимпийн аварга Бадар-Ууганыд хоноход үзэгчид эхний удаад ихэд сонирхсон боловч одоо больжээ. Шинэ хөтлөгчийг олон хүн шүүмжилж байна. Аливаа нэвтрүүлэгт хөтлөгч солигдож болдог, гэхдээ шинэ хүн юм бол өөртөө таарсан, өөрийн чаддаг шинэ юмыг оруулж байж үзэгчдийг урвуулах учиртай. Даанч шинэ хөтлөгч маань Алтантүрүүг муухан дууриагчийн хэмжээнд эхэлж энэ оны төгсгөлд гоё буудалд арын хаалгаар хонож ванны өрөөнд ус палчигнуулахаас өөр олигтой юм бодож олсонгүй. Харамсалтай.
Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 6 Comments »
Posted by tseren on 2008/12/09
2008 оны 12-р сарын 8-нд “Глоб Интернэйшнл” ТББ-аас зохион байгуулсан “19-р зүйл ба хараат бус сэтгүүл зүй” дугуй ширээний ярилцлагад зориулж өөрийн бичсэн илтгэлийг дор нийтлэв.
Аливаа нийтлэл, нэвтрүүлгийг (нийтэд хүргэдэг гэсэн утгаар бүх төрөл зүйлийг энд багтааж байна) захиалгаар бэлтгэж явуулах нь сэтгүүл зүйн мөн чанарт харшилдаг. Хэвлэл мэдээлэл бусдаас мөнгө авч тодорхой бараа, үйлчилгээг нийтэд танилцуулж болох авч энэ тохиолдолд нийтлэл, нэвтрүүлэг биш сурталчилгаа гэж нэрлэнэ. Энэ бол сэтгүүл зүйд шийдэгдсэн асуудал. Нийтлэл, нэвтрүүлгийг зар сурталчилгаанаас зааглах нь сэтгүүл зүйн үндсэн зарчмуудын нэг юм. Read the rest of this entry »
Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 2 Comments »
Posted by tseren on 2008/11/25
Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …
C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа. Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.
Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч өөрөөсөө гадна НТВ, SBN, TM, хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.
Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.
Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор. Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.
Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.
Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй. Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …
Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?
Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Сэтгүүл, Телевиз | 8 Comments »
Posted by tseren on 2008/11/20
ХААН банк Амгалан дахь салбараасаа болж TV9 телевизээр хөгөө чирснийхнээ дараа яасан гэж та бодож байна? Банкны удирдлага нь тэр салбар дээр очиж ихэмсэг дарга залууг загнаж, ааш муутай ажилтнуудаа журамлав уу? Магадгүй Амгалангийн ядарсан авгай хүүхнүүдийг цуглуулж уучлал гуйв уу? Үгүй бололтой.
Маргааш орой нь TV9 телевиз “Хаан” банкыг учир зүггүй өмөөрөх нь тэр. Энэ удаагийн сурвалжлагаар улирал тутамд олгогддог халамжийн мөнгө олгогдсож эхэлснээр ХААН банкны салбаруудын ачаалал ихсэж байна, тэр мөнгөнүүд өөр өөр дансаас ордог учраас 2-3 хоногийн зөрөө гардаг гээд Нийгмийн халамжийн газрын ажилтнаар санхүүүжилтйн хуваарь, дүрэм журмыг баахан тайлбарлуулав. Хүүхдийн мөнгө дуусчихна гэж иргэд болгоомжилдог нь ташаа ойлголт гэнэ. Өчигдөр TV9-ыг дуудсан сурвалжлуулсан Амгалангийн авгай хүүхнүүд үүнийг мэддэггүй учраас хий дэмий бужигнаж “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” банкийг хүндрүүлж ёс алджээ гэсэн санаа. Араас нь ХААН банкны дэд захирал Л.Батсайхан өөрийн биеэр дэлгэцнээ морилж тус банкинд халамжийн мөнгө хаанаас орж ирдэгийг дахин тайлбарлаж, хүүхдийн мөнгийг дансанд нь хийгээд өгчихдөг тул заавал Амгалангаас авах шаардлагагүй, хотын төвд явж байвал тэндээс авч болно, Зүүнхараа очоод авж болно, Өмнөговь очоод авч болно, онлайнаар авч болно гээд гайхуулж өгөх нь тэр.
Өмнөговь руу нисэх байтугай хотын төв орох автобусны мөнгөтэй болохын тулд эхлээд хүүхдийн мөнгөө авах хэрэгтэй тэдгээр авгай хүүхнүүдийг даапаалаад ч байх шиг. Энэ янзаараа Амгалангийн салбараа хаачихаад хүүхдийн мөнгөө Интернэтээр ав гэх юм байна. Сурвалжлагч залуу дэд захирлыг даган баясаж ХААН банкны 400 гаруй салбартай 80 хувь онлайнаар холбогдсон, 70 гаруй мөнгөний машинаас авч болно гэхчлэн үргэлжлүүлж өндөр сүрлэг барилгуудыг харуулсаар сурвалжлагаа өндөрлөв.
Амгаланд хүүхэд шуухаддаа дарагдан суугаа үйлчлүүлэгчдээ хаалган дээрээ тосч угтдаггүй юм аа гэхэд хүний ёсоор харьцаж эвтэйхэн тайлбарлаад хуваарь гаргаж төрөөс дамжуулсан мөнгийг хэл амгүй тараачихаж чадахгүй байж юун сүртэй юм бэ?
Миний магтаад байсан TV9 юу болов оо? Тэр өглөө ХААН банкны удирдлага TV9-ын захирал руу утасдаж гомдол мэдүүлсний дагуу өөр сурвалжлагчийг томилж дээрх сурталчилгааг хийж эрхэм банкны нэр хүндийг цэвэрлэж өгсөн биз. Эсвэл мөнгөний хүүдийнээсээ хэдэн төгрөг гаргаж захиалсан “Бизнес мэдээ” ч байж болох юм. Манай телевизүүдийн төлбөртэй, төлбөргүй мэдээнүүд ялгагдахаа больсон билээ.
ХААН банкны дэд захирал энэ орой Амгалангийн хүүхнүүдийг чадсан (банкийг нь хайр найргүй балбасан телевизийг ганцхан хоногт урвуулна гэдэг тоглоом биш) амжилтаа бататгаж TV5 телевизийн бас л төлбөртэй “Зочны цаг”-ийг худалдаж аваад хадгаламж эзэмшигчдээ удалгүй харж үзэх тухайгаа бахдан ярилаа.
Ингэж олон юм ярихын оронд “Уучлаарай, та бүхнийг дахиж бухимдуулахгүй” гээд уучлал гуйсан бол ХААН банк засарчээ гэдэгт би л лав итгэх байсан юм. Бүх юмыг мөнгөөр шийдээд сурчихсан хүмүүст уучлал гуйх сэтгэл байдаггүй юм болов уу?
Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 5 Comments »
Posted by tseren on 2008/11/17
Сүүлийн хэдэн жил захиалагчдаа зогсоо зайгүй хулхидаж байгаа “Эко констракшн” компанийг муулж бичээгүй сонин, муугаар үзүүлээгүй телевиз гэж Монголд үгүй болжээ. Барилгаа хугацаанд нь ашиглалтанд оруулж үзээгүй болохоор өөр яахав. Боссон барилгууд нь бөөн гомдол дагуулдаг ч эрхбиш хатуу төмөр хэлхэж цемент зуурч нийлүүлсэн юм болохоор тогтоод байдаг биз.
Ийм дампуу компанийн захирал Нямдаваа гэгч залуу хэвлэл мэдээллээс бултаж сурсан нэгэн боловч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ийгл” телевизийн сурвалжлагч Батхишигтэй Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үүдэн дээр таарчихаж.
Сурвалжлагч ярилцлага авахыг хүсэхэд цаадах нь сайдын өрөө рүү ухарч хэсэг нуугдсанаа сайдын туслах залууг дайчлан камерийн дуранг таглуулж байгаад хажуугаар нь гарч гоё машиндаа хамт суун зугтжээ. Удалгүй түүний үүрэг өгсний дагуу бололтой “Эко констракшн”-ий нэг нөхөр “Ийгл”-ийн сурвалжлагчид бүгдийг ярьж өгнө хэмээн мэхэлж компани дээрээ дуудаж ирүүлээд “Бид өөрсдөө танайд хүсэлтээ тавиад нэвтрүүлэг хийлгэж болох уу?” гэж тандсан байх юм. “Бид мөнгө өгвөл биднийг магтсан нэвтрүүлэг хийж өгөх үү?” гэсэн үг.
Өнгөрсөн зун тус компани “2008 он” гэсэн зохиогчтой (төгсгөлд ингэж бичсэнээс өөр нэр хаяггүй) захиалгат нэвтрүүлгийг бараг бүх телевизээр (түүний дотор “Ийгл”-ээр) үзүүлэхдээ “Эко констракшн”-д гомдсон хэдэн зуу, мянган захиалагч байгааг тас нууж, зөвхөн гэрээлсэн байрандаа удахгүй орно гэж найдсан хэсэг захиалагчаар компаниа баахан магтуулж жүжигчин Равдангаар хөтлүүлсэн билээ. Цаадуул нь хамаг мөнгөө төлчихсөн, хэд дахин хойшилсон байраа яаж ийгээд авахын тулд аргагүйн эрхэнд магтаж өгсөн биз.
Үйл явдал цаашаа улам сонирхолтой өрнөжээ. Маргааш нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав “Ийгл”-ийн сэтгүүлчийг хүлээн авч уулзаад “Эко констракшн” компани алдаа дутагдлаа зассан гэж нотолсноо сэтгүүлчийн гаргаж ирсэн баримтад уурсан “Чи нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд байгаа Нямдаваа захирлын нэр хүндэд бусдын захиалгаар халдлаа” гэж загнаад “Зууны шуудан” сонинд гарсан ”Захиалгын сэтгүүл зүй газар авах гээд байна” гэсэн ярилцлагын гарчгийг нотлох баримт болгон зааж, бас “сайдын туслах Эко компаниас барилгын зураг авах гэж явсан юм мэдэв үү?” гэх мэтээр даналзсан байх юм. Урьд нь А.Мягмаржав “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, бас Монголын радиогийн “Хурд” агентлагийн захирал байсан юмсан. Сайн хүнийг төрийн алба сайн эвдэх юмаа.
Бямба гаригт ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сэтгүүлчдийг дагуулан барилгын компаниудийг эргэхэд Нямдаваа захирал нөгөө зовлонт “Ийгл”-ийн сурвалжлагч бүсгүйтэй дахин учрах нь тэр. Гэхдээ юу ярьсан гээч? “Хэрвээ төр засаг банкуудад яаралтай үүрэг зээл өгүүлбэл барьж дуусгах гээд хүлээгээд сууж байна” гэнэ ээ. Сурвалжлагч гайхаж “хэрвээ танай компани барилгаа ноднин хугацаанд нь оруулсан бол барилгын материалын үнэ өсөхөөс өмнө амжих байсан биш үү” гэсэн сурвалжлагчийн асуултанд дахиад л “банкнууд зээл өгвөл …” гээд юу ч болоогүй юм шиг тормолзож зогслоо.

“Эко констракшн” гэж компани ямар нэгэн ид шидээр (зарим хүмүүс ид шид биш, нууц эзэн нь нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд учраас тэр гэдэг ) хотын энд тэндгүй газар эзэмшиж үй олон захиалга авч баахан орон сууцны барилга эхэлсэн боловч тэрнийгээ барахгүй сунжруулсаар энэ жилийн үнийн өсөлттэй золгожээ. Дараачийн удаад банкинд үүрэг өгөөгүй төр, өөрт нь зээл олгоогүй банкуудийг буруутгаж ярих юм байна. Магадгүй, аргаа барсан захиалагчдаараа “Нямдаваа захиралд зээл олго” гэсэн жагсаал цуглаан хийлгэж мэднэ. Өөрийгөө нийслэлийн ИТХ-д сонгуулах бол энүүхэнд.
Хотын дарга нар төсвийн мөнгөөр байр авахдаа зөвхөн “Эко констракшн”-ий байрыг сонгодог нь тус компанийн өөр нэгэн ид шид юм. Хэд хоногийн өмнө нийслэлийн хамгийн өндөр настанд олгосон нэг өрөө байрны түлхүүрийг Нямдаваа нь хувиасаа өгч байгаа мэтээр гардуулж UBS телевизээр шоудаж харагдсан.
Одоо Нямдаваа захирал телевизээс зугатах биш, телевизээс салахаа болохнээ.
Posted in UBS телевиз, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Телевиз | 3 Comments »