АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘МСНЭ, мэргэжлийн байгууллагууд’ Category

Ерөнхий захирлын Гавъяат цолыг Ерөнхий зөвлөх нь авчихжээ

Posted by tseren on 2009/03/18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага ноднин намрын их хурлаасаа хойш сэтгүүлчдийнхээ төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөсний дүнд анхны томоохон амжилтанд хүрч чадлаа. Сэтгүүлчдийн ёс зүй, нийгмийн асуудлыг шийдэж эхлээгүй ч цагаан сараар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд бөгөөд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Т.Баасансүрэн, харин цэргийн баяраар жинхэнэ Ерөнхийлөгч бөгөөд TV5-ын . . . . . . . .  . (албан тушаалыг дор үзнэ үү) Д.Сарангэрэл дараалж,  хоёулаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Тэднийг МСНЭ буюу өөрсдөө гавъяатад тодорхойлсон гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ үеэр нэг сонин юм анзаарснаа хуваалцъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигад байгуулсан гавъяаг нь ширхэгчлэн тоочоод “ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол … олгосугай” гэжээ. Анзаарав уу? “ерөнхий захиралд” гэсэн байна. Хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад бас л “ерөнхий захиралд” гэж мэдээлсэн.

Харин зөвхөн TV5 телевиз тэс өөрөөр гүрийлээ.
Тэр оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөр шинэ гавьяат маань Гагаринтай хамт сансарт нисээд ирсэн мэт телевиз дээрээ буухыг сурвалжлан үзүүллээ
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ…..
Сурвалжлагч: Энэ өдөр манай телевизийн хувьд баяртай өдөр болж байна. TV5 телевизийн Ерөнхий зөвлөх МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтнийн цол тэмдгийг энгэртээ зүүж байна…
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд … гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ… TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд …
Сэтгүүлч: Эмэгтэй сэтгүүлчдын дундаас TV5 телевизийн ерөнхий зөвлөх … МСНЭ-ийн ерөнхийлөгч…

Нэг ч удаа “Ерөнхий захирал” гэсэнгүй

Маргаашийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр өчигдрийн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл гавьяат авахаас өөр аргагүй гэж монголчууд тэр чигээрээ шуугиж байгааг хаанаас юм чагнаснаа сонордуулав. Төгсгөлд нь МСНЭ-ийн сүлд дуу цуурайтав аа…

Гэтэл хачин юм болов. TV5 телевизийн ерөнхий захирал Ц.Базаррагчаа гэдэг нөхөр баяр хүргэж цэцэг гардуулж харагдах нь тэр.

Энэ юу гэсэн үг вэ? Эсвэл Монгол улсын Ерөнхийлөгч Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг TV5 телевизийн ерөнхий захиралд олгохоор зарлигдсаар байтал ерөнхий зөвлөх нь нэрээ шургуулаад авчихсан, эсвэл тэрбээр өөрийгөө TV5-ын эзэн биш, захирал ч биш, ердөө зөвлөх, жирийн сэтгүүлчдийн нэгэн адил хөлслөгдөж яваа нэгэн хэмээн худлаа танилцуулаад, нэг ёсондоо залилан хийж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон болж таарлаа. Харин тэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн протокол илчлээд хаячихав. Төр заримдаа төмбөгөр байдаг аж.

Нэгэнт албан ёсоор илчлэгдсэн юм чинь Сарангэрэл энэ өдрөөс хойш ариун мөрийн замд орж шударгаар явах болов уу гэтэл үргэлжлүүлэн мэхэлсээр байх санаатай. Магадгүй түүнд, гавьяат жүжигчин цол олговол дээр байж уу?

Posted in TV5 телевиз, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Телевиз | 19 Comments »

“Алтан шонхор-2008″ буюу “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна…

Posted by tseren on 2008/12/31

Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 17 номинацаар дараах шилдгийн шилдгүүдийг шалгаруулжээ. Оролцогсод нь C1, TM хоёроос бусад арилжааны телевизүүд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизгүй энэ арга хэмжээнд ирсэн байв.

2008 оны “Алтан шонхор”-тнуудын жагсаалт:

1. Хүүхдийн шилдэг нэвтрүүлэг – SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлэг
2. Шилдэг студи -
UBS телевизийн харьяа Дэүс студи
3. Орон нутгийн шилдэг телевиз –
“Лха” телевиз (Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт салбарласан сүлжээ телевиз)
4. Шилдэг инженер -
TV5 телевизийн инженер Оюунтуяа
5. Шилдэг тайзны зураач
- UBS телевизийн Тулга
6. Шилдэг компьютер графикч -
UBS телевизийн Энхзаяа
7. Хөгжмийн шилдэг нэвтрүүлэг -
TV8 телевизийн “Ретро аккорд” нэвтрүүлэг
8. Нийтлэл, танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлэг -
“25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлэг.
9. Мэдээллийн шилдэг хөтөлбөр -
“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ”
10. Спортын шилдэг нэвтрүүлэг -
НТВ телевизийн “Бээжин хүрэх замд” нэвтрүүлэг
11. Шилдэг найруулагч
- “25-р суваг” телевизийн Г.Энхтүвшин “Алтан ургийнхан” бүтээлээрээ
12. Киноны дуу оруулгын шилдэг алба –
TV9 телевизийнTV9 продакшн (Кино алба гэж товчилж хэлэхлээр буруу болдог, яагаад гэвэл кино бүтээдэг гэж ойлгогдоно)
13. Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг -
UBS телевизийн “Мистер энд Мисс” нэвтрүүлэг
14. Уран сайхны зохиомжит шилдэг нэвтрүүлэг-
UBS телевизийн “Амитаба” зохиомжит нэвтрүүлэг.
15. Шилдэг зураглаач
- “25-р суваг” телевизийн зураглаач Г.Нацагдорж “Үлэмжийн чанар” бүтээлээрээ
16. Шилдэг хөтлөгч -
SBN телевизийн хөтлөгч Б.Мэндсайхан
17. Шилдэг сэтгүүлч -
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү “Сэдэв” нэвтрүүлгээрээ.

Харин МСНЭ, Монголын сонины холбоо хүртэл тодруулдаг шилдэг телевиз гэсэн номинаци алга байв. Орон нутгийн шилдэг телевизийн шалгаруулсан мөртлөө “төвийнхийг” тэгсэнгүй. “Алтан шонхор”-ын шалгаруулалт бол арилжааны телевизийн захирлуудын нэг ёсны зөвшилцөл учраас аль нэгийгээ илүү гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй биз. Ингээд нийт дүнгээрээ UBS телевиз 5, “25-суваг” телевиз 4, SBN – 2, TV9, TV5, НТВ, TV8, “Ийгл”, Лха телевизүүд тус бүр нэг “Алтан шонхор”-той харьжээ. “Соёмбо”-оос бусдад нь хүртсэн байна.

Шилдэг инженер, зураач, компьютер графикчийн талаар мэдэх юм алга. Хүүхдийг шилдэг нэвтрүүлгээр “Лоолоогийн найзууд” шалгараагүй аж. Гэхдээ SBN-ийн “Нахиа” илүү юм байгаа биз. Бүгдийг үзээгүй болохоор UBS-ийнхэн бараг бүгдэд нь түрүүлсэн уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгийн номинацуудын талаар хэлэх юм бас алга. Шилдэг студи Дэүс-ийг хэн мэдэж байна? Бусад телевизийн ижил төстэй олон нэвтрүүлэг, студиэс юугаараа давуууг шүүгчид микроскопоор харж шийдсэн гэж найдъя.

Хамгийн чухал хоёр номинацийн тухайд.

“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ” мэдээллийн шилдэг хөтөлбөр болжээ. Нэг талаас залуу сэтгүүлчид нь төр засгийн бодлого, бүтээн байгуулалт, гэрэл гэгээтэй мэдээ энэ тэрийг үзүүлнэ гэж албархахгүйгээр, хаана сонирхолтой байна, тэнд очоод чөлөөтэй сурвалжилж чаддаг энгийн мэдээнүүдээс бүрдсэн сайн хөтөлбөр. 7-р сарын 1-ны үйл явдлыг CNN маягаар шууд дамжуулсныг бас үнэлсэн байх. Нөгөө талаас тогтсон цаг, эхлэл төгсгөл үгүй бөгөөд христийн зар, сурталчилгаатай холилдон зогсоо зайгүй давтан урсдаг нь ядаргаатай. Миний хувьд TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг шалгарч магадгүй гэж бодож байлаа. Маш сайн эрэн сурвалжлага, тайлбарууд, орон нутгаас мэдээ авдаг “Инфо” сүлжээг дурдахад л хангалттай юм. Даанч арилжааны бусад телевизийн нэгэн адил “Бизнес мэдээ”-ндээ идэгдэж хөтөлбөр нь сунаад жирийн үзэгчдэд ялгарч харагддаггүй байж магадгүй.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү шилдэг сэтгүүлчийн “Алтан шонхор”-ыг хүртлээ. Түүний хөтөлдөг “Сэдэв” нэвтрүүлэг манай телевизүүд дундаас (МҮОНТ-ийг оруулаад шүү!) улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хамгийн сайн задлан тайлбарлаж чаддаг. Харамсалтай нь Пүрэвхүү 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-аас Орхон аймагт нэр дэвшигч Д.Дамба-Очир, АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшигч Х.Баттулга хоёрын сурталчилгааг зэрэг хийж амжсан билээ. Сэтгүүлчийн ёс зүйн хувьд тааруухан энэ үйлдлийн шалтгааныг түүнд хангалттай цалин мөнгө өгдөггүй “25-р суваг” телевизийн удирдлагаас асуух хэрэгтэй байх.

Төгсгөлд нь “Алтан шонхор” наадмыг телевизээр үзэхдээ зугаатай гэмээр хэдэн тохиолдлыг анзаарснаа хуваалцъя.

Шагнал хүртсэн “25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлгийг бүтээгчдийн нэг нь “бидний сайных биш, нэвтрүүлэгт оролцсон тэр хүмүүсийн сайных” гэж хэт жижгэрсэн бол нөгөө нь “Энэ бол Монголын Оскар шүү дээ” гэж хэт томров. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит номинацийн ялагчийг зарлахаар гарч ирээд дугтуй нээхдээ “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна” хэмээн уншиж инээдэм болгов. 1980 оны Москвагийн олимпийн нээлт дээр Л.Брежнев хэлэх үгнийхээ эхэнд байсан таван цагиригыг хараад “О…О…О…О…О” гэж уншсан тухай онигоо зарим хүний санаанд оржээ. Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн З.Алтай уран сайхны шилдэг нэвтрүүлгийг зарлахын өмнө “Дахиад 25-х суваг телевиз юмуу … битгий баярла” гэж эв хавгүй марзагнаж телевизийнхнээ гомдоох шахав. Тэгснээ “Үл ойлгогдох нэр байна, монгол нэр биш байна… Али баба гэнэ үү” хэмээн үргэлжлүүлж намба алдлаа. Харин “Амитаба” нэвтрүүлгийн зохиогч охин, энэ бол яруу найрагч Нямсүрэнгийн алдартай шүлгийн нэр болохыг, бас яаж орчуулсан байдаг талаар бяцхан хичээл зааж эвтэйхан хариу барих нь тэр…

Нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн бололтой ХААН, “Голомт” банк, “Спирт, бал бурам” компанийн гадаад, дотоод захирлын хажуугаар нийслэлийн МАХН-ын хорооны дарга П.Цогтбаатар гарч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн нь сондгой харагдлаа. Нэг л учир байна даа…

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Телевиз | 14 Comments »

Монголд хоёрхон телевиз байдаг. Нэг нь олон нийтийн, бусад нь арилжааны.

Posted by tseren on 2008/12/31

Дэлхийд хоёрхон төрлийн суудлын машин байдаг, тэр нь Мерседес Бенц ба бусад гэдэг шиг монголын телевизүүдийг олон нийтийн ба арилжааны хэмээн хоёр ангилж болно. Энэ нь манай телевизийн салбарт МҮОНТ Мерседес Бенц хосгүй сайн, чанарын эталон гэсэн үг хараахан биш. Гэхдээ МҮОНТ дэлгэцэн дээр үзэгдэхгүй бол бүгд нэхнэ, харин аль нэг арилжааны телевиз алга болчихвол тэгтлээ сүйд болохгүй. Цаана нь дахиад 10 тийм телевиз үлдэх юм чинь…

Би яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө Монголын телевизүүдийн холбооны 2008 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МҮОНТ-ийнхэн оролцоогүй, 17 номинацийн алинд ч нэвтрүүлэг ба уран бүтээлчдээ дэвшүүлээгүй ажээ. Гэтэл ноднин МҮОНТ-ээс нэр дэвшиж зарим нь шалгарч ёслолын ажиллагааг хөтөлсөн МҮОНТ-ийн сэтгүүлч Ш.Гүрбазар телевиздээ ногдсон “Алтан шонхор”-ыг гардаж байсан санагдана. Энэ жил юу болов? МҮОНТ-ээр “Алтан шонхор”-ын талаар мэдээлсэн ч үгүй. Энэ бүхэн тусдаа ярих сэдэв байх.

Яг өнөөдөр Монголын телевизүүдийн холбоо бол арилжааны телевизүүдийн холбоо юм байна (C1, ТМ телевизүүд ч үзэгдсэнгүй). Тэгэхлээр “Алтан шонхор” бол арилжааны телевизүүдэд  хамаатай шагнал гэж ойлголоо.

Бас нэгэн зүйл. 2008 оны “Алтан шонхор” шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу 12-р сарын 26-ны Баасан гаригт болжээ. Гэхдээ “Өнөөдөр” сонин өөрийн “25-р суваг” телевизийнхэн ямар шагнал хүртсэнийг түрүүлж зарласныг эс тооцвол хэвлэл мэдээлэл таг дуугүй хүлээв. Телевизүүд товч мэдээлэхээс хэтрээгүй бөгөөд үзэгчид бараг юу ч мэдэлгүй хэд хоносон гэхэд болно. Сонин байгаа биз? Ямар нэгэн үйл явдал зөвхөн телевизээр гарсан цагт сая үйл явдал болдог ажээ. Хэрвээ гараагүй бол болоогүй мэт.

Ингээд арилжааны телевизүүд бүтэн дөрөв хоногийн пауз авч байгаад өчигдөр буюу 30-ны Мягмар гаригийн орой 22 цагаас “Алтан шонхор” наадмын тухай нэг ижил нэвтрүүлгийг  бэлтгэн TV5, TV9, 25-р суваг, TV8, НТВ, SBN, “Ийгл” телевизээр нэгэн зэрэг цацлаа.

(Миний хувьд оройтоод хальт харлаа. Өнөөдрөөс бүтнээр олж үзээд шагналтнуудын талаар товч тайлбар хийхээс).

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | Leave a Comment »

Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз болон бусад

Posted by tseren on 2008/12/24

Хэд хоногийн өмнө МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарын 2008 оны шилдгүүдийг зарлажээ. Тус эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизээр хэд хоног сүйд болов. Уг нь сэтгүүлчдийн байгууллага сайн сэтгүүлч юмуу нэвтрүүлгийг шалгаруулбал илүү зохих боловч шунаад шилдэг телевиз, радио, сонин, сэтгүүл гэж байгаад яг эздийн байгууллага мэт аашилжээ. Энд гайхаад байх явдалгүй, ерөөсөө МСНЭ бол хэвлэл мэдээллийн эзэд, дарга нарын эрх ашгийг түрүүнд тавьсан байгууллага юм. Шалгаруулалт нь бас тийм. Үүнийгээ далдлах гэж “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын удирдлага шалгаруулалтыг уншигчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн хийснээ тэмдэглэж байсан” тухай мессеж хаяв. Хэзээ, хаана, ямар санал асуулгыг уншигчдын дунд явуулж хэдэн хүн оролцсон, бас хэн хэн гэдэг судлаач саналаа өгснийг бүү мэд.

Өдөр тутмын шилдэг сонин – “Өнөөдөр”:

Хэрэв сэтгүүл зүйн талаас нь авч үзвэл тус сонин 2008 онд харьцангуй төв байр сууриа алдаж УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр төдийгүй түүний өмнө ба хойно хэнд үйлчилж давхих болсныг бүгд харсан. Тэгэхлээр МСНЭ-ийг ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт ирэх жил саад хийхгүй гэж амалсан Ерөнхий сайд С.Баярын ивээлийн сонинг шалгаруулахгүй байж болох уу? Бусад орных шиг гонжийсон нарийн форматаар хэвлэгдсэнийг хэвлэх үйлдвэрүүд, эсвэл сонины юмуу өдөрт тутмын сонинуудын холбоо дүгнэвэл хамаагүй дээрсэн.

Өдөр тутмын сонины шилдэг сэтгүүлч – Б.Нацагдорж (“Улаанбаатар таймс” сонин):

Олон жилийн туршлагатай сайн сэтгүүлч боловч хэн ч уншдаггүй энэ сонинд 2008 онд юу хийснийг нь үзэгчид байтугай “мэргэжлийн судлаачид” ч мэдэхгүй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар тус сонины ерөнхий эрхлэгчээр томилогдон ирж, бас МСНЭ-ны удирдлагад гүйцэтгэх хорооны гишүүн нэрээр буцаж оронгуутаа сониноо өөд татахаар шийджээ. Ингэхдээ өөрийгөө мартаагүй бөгөөд Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч нэрээр МСНЭ-ийн дээд шагнал – хүндэт медалиар энгэрээ цоолохыг эелдгээр зөвшөөрсөн байна. (Тэр Азийн сэтгүүлчдийн холбоо гэж юу болох, Чулуунбаатар хэнийгээ төлөөлж суудаг талаар мэддэг сэтгүүлч байна уу?)

Шилдэг телевиз – МҮОНТ:

Юугаараа? Энэ шагналыг авсан МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар өөрөө ч сайн ойлгоогүй, 2008 онд манайх техник тоног төхөөрөмжөө шинэчилсэн, бас манай телевиз улс төрчдөд ч үйлчилнэ, олон нийтэд ч үйлчилнэ хэмээн хадуурч харагдсан. Товчхондоо олон нийтийн телевиз учраас шалгарчээ.  Тэгвэл Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз гэвэл шулуухан бус уу? 2008 оны Монгол Улсын хамгийн шилдэг Ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг, хамгийн шилдэг Ерөнхий сайдаар С.Баярыг шалгаруулснаас ялгаа юу байхав.

Телевизийн шилдэг сэтгүүлч – Э.Дагиймаа (TV5 телевиз):

УИХ-ын сонгуулиар нэр бүхий нэр дэвшигчдийн булхайг нуусан сурталчилгаа хийж өгсөн нь сэтгүүлч хүний хувьд ариун явдал уу? Тэрбээр энэ шагналыг авахад бэлтгэсэн мэт хэдхэн хоногийн өмнөөс тэртээ тэргүй 2 цаг үргэлжилдэг, бизнес мэдээгээр пиг дүүрсэн уртаас урт мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө “Зохиогчийн хөтөлбөр” гэгчээр урьдчилаад 30 минут хоосон чалчдаг болсон юм. Ямар азаар телевизийн удирдлага гэж сайхан юм байдаг байна аа. (Сарангэрэл эзнийг нь хэллээ гэж андуураад магтаад эхлэв ээ! Remote Control буюу алсын удирдлагыг хэлсэн юм шүү).

Монголын шилдэг хамгийн радио – MҮОНР.

Шалгаруулахын тулд хэн нэгэнтэй өрсөлдүүлэх хэрэгтэй. Гэтэл тусад нь шалгаруулсан FM-үүдээс өөр радиог хайгаад хайгаад олсонгүй. Тэгэхлээр МҮОНТ өөрөө өөртэйгээ ширүүн өрсөлдөөд ялалт байгуулжээ.

Радиогийн шилдэг сэтгүүлч – Ц.Түвшинзаяа (МҮОНР-гийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакц)

Би сайн мэдэхгүй ч сайн сэтгүүлч байх аа. Баяр хүргэе! Улс төрчдийн хувийн сэтгүүлч, эсвэл наймаачин-сэтгүүлчид бүгд телевиз, сонин руу хошуурдаг, иймээс өөрт чинь саад болоогүй байх. Гэхдээ захирал Б.Пүрэвдаш нь МСНЭ-ийн дээд шагналыг зүүхээ яаж мартахав.

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-Б.Бямба-Очир /”Өнөөдөр” сонин/:

7-р сарын 1-ны өдрийн жагсаал цуглааны үеэр даварсан этгээдүүдийн чулуунд өртөж хүнд гэмтэл авсан залуу сэтгүүлчид түргэн эдгэрэхийг ерөөх л үлдэж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг байгууллага-”Макс” групп, 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг бизнесмэн-Ж.Оюунгэрэл /”Петровис”/:

Энэ хоёр номинац огт ойлгомжгүй. Хэрвээ өөрсдийн компани, бараа үйлчилгээний реклам сурталчилгааг хамгийн ихээр захиалж хэвлэл мэдээллээр гаргасан бол зүгээр л тэдний бизнесийн үргэлжлэл. Хэрвээ хэвлэл мэдээлэл юмуу сэтгүүлчид мөнгө төлж захиалга өгсөн бол огт өөр хэрэг. Ер нь Д.Сарангэрэл нарын эзэд МСНЭ-ийн эрх мэдлийг дахин авч тэдний өмнөөс төр засагт, бизнест хандаж тусламж дэмжлэг хүсээд байгаагийн цаана эх захгүй реклам сурталчилгаанаас олж байгаа тоймгүй их ашиг орлогоосоо сэтгүүлчидтэйгээ хуваалцах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд зориулахыг хүсэхгүй учраас тус байгууллагыг сэтгүүлчдийн өмнөөс дуугардаг ҮЭ болгохгүй гэсэн бас нэг шалтгаан бий.

Шилдэг салбар зөвлөл – МСНЭ-ийн Орхон аймгийн салбар зөвлөл:

Би МСНЭ-ийн дотоод ажлыг мэдэхгүй. Гэхдээ энэхүү салбарын нэг ид шид уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт байдаг нь эргэлзээгүй.

Шилдэг сэтгүүл – “Mongolian mining journal” сэтгүүл:

Миний мэдэхээр өнгөрсөн намар 2 дугаар хэвлэгдэж гарсан. Нэр нь хүртэл гадаад, нэг дугаарын үнэ 20 доллар учраас монголчуудад гэхээсээ илүү гадаадынханд зориулсан сэтгүүлийг тодруулжээ. Mongolian #1 magazine гэж өөрийгөө өргөмжилсөн Uptown-аас эхлээд 5 жил тасралтгүй гарч байгаа “Алтан гадас”, ”Шинэ ертөнц”, бас “Цаг төр”, бас бус сэтгүүлийг өрсөлдүүлсэн болов уу? Заримынх нь “нам” таараагүй бололтой.

Шилдэг FM радио – Улаанбаатар радиогийн II суваг FM 101.7:

Саяын их хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд багтсан “Улаанбаатар” радиогийн захирал, МАСЭХ-ны зүтгэлтэн У.Булганы бүтээсэн хамгийн эхний ажил. FM 101.7 бол түүний удирддаг (хувийн ч байж магадгүй) “Улаанбаатар” радиогийн мэдлийн хөгжмийн суваг билээ.

Тэр баярт үдэш дээрх шагналтнуудад хэн ирж баяр хүргэсэн (магадгүй шалгасан) гээч? Та зөв таажээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр.

Он хараахан дуусаагүй байна. Удахгүй болох телевизүүдийн холбооны “Алтан шонхор” шалгаруулалтыг илүү болно гэж найдья. Сүүлийн хэдэн өдөр телевизүүд дэлгэцэн дээрээ нэр дэвшүүлж байгааг харахад шилдэг найруулагч, зураглаач, хөтлөгч, мэдээллийн хөтөлбөр гэсэн номинацууд харагдаж байсан. Тодорхой учраас өрсөлдөөнтэй, иймээс шударга байх найдлагатай. Миний бодлоор, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр TV9-ын “Энэ өдөр” бараг шалгарах байх. “Инфо” мэдээллийн сүлжээ нь тун давгүй. Шилдэг сурвалжлагч (зүгээр нэг “сэтгүүлч” биш ) шалгаруулбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр ширүүн сурвалжлагуудыг бэлтгэдэг Отгон, газрын асуудлаар эрэн сурвалжилж байсан Отгонжаргал хоёрыг нэрлэе. Бусад телевизээс гэвэл “Ийгл”-ийн Батхишиг санаанд орж байна.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль

Posted by tseren on 2008/12/20

Өнгөрч буй долоо хоногт “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт болжээ. Энэ удаагийнхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр анх удаа Төрийн ордноос гаргаж Хэвлэлийн хүрээлэн дээр очин тэндхийн 5000 дахь хэвлэлийн хурлын оронд хийсэн байна. Яагаад? 

Сүүлийн үед Ерөнхийлөгч маань ер бусын байгаа. Хэд хэдэн удаа уртаас урт ярилцлага өгч улс орны нөхцөл байдлыг дүгнэж хэрхэн засаж янзлах хэрэгтэйг тайлбарласан. Харин сэтгүүлчидтэй уулзахдаа хараахан дуусаагүй байгаа энэ онд юу хийснээ тайлагнасан ном тараажээ. Ерөнхийлөгчийн хувийн сэтгүүлчийн эрхэлдэг “Улаанбаатар таймс” сонинд бичсэнээр “… Бидний хооронд өрнөсөн халуун яриа гурван цаг үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж “Сэтгүүлч, ерөнхийлөгч хоёрт нэг адил зүйл бий. Тэр нь ард түмэнтэйгээ, ард түмнийхээ талд байгаа цагт хэзээ ч буруудахгүй гэсэн зарчим” гэж хэлсэн байна. Ийнхүү сэтгүүлчдийг өөртэйгээ зүйрлэн өргөмжлөхийн зэрэгцээ дараах зүйлийг ярьжээ. (Үг үсэг өөрчлөлгүй ишлэв):

- Засгийн газраас, эсвэл төр засгаас ч юм уу энэ хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцахдаа улам илүү ил тод мэдээллийг өгдөг байх хэрэгтэй юмаа. Зарим сургалтад хамрагдах тал дээр тусалдаг байж болох юм. Ерөнхий сайдаар би ажиллаж байхдаа тухайн жил сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж төгсөж байгаа хамгийн сайн сурлагатай оюутнуудыг 14 хоногийнх байсан байх аа, би буруу санаагүй бол тодорхой хугацааны семинарт суулгаж, тэр үед ажиллаж байсан Засгийн газрын гишүүд, Их Хурлын гишүүдээр лекц уншуулж, мэдээлэл өгч ингэж одоо анхных нь ажлынх нь гарааг нь хийхэд нь тодорхой тус дэмжлэг үзүүлж байсан. Тэр залуучуудаас олон нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэж би ойлгодог. Тэхлээр цаашдаа ч энэ хэлбэрын ажил ч юм уу өөр шинэ хэлбэрийн ажлуудыг бид хийхэд бэлэн байна. Манай сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, бусад одоо байгууллагууд тус тусдаа болон хамтраад иймэрхүү ажил хиймээр байна аа гэсэн санал гаргавал бид бололцооныхоо хэрээр дэмжиж ажиллая аа гэсэн ийм бодолтой байна. Түрүүн би бас төрийн бус байгууллагуудтай харьцах тал дээр бол шинэ зарчим нэвтрүүлбэл яасан юм бэ гэж хэлсэн. Миний зүгээр ойлгож байгаагаар бол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хамгийн их одоо сэтгүүлчидтэй холбоотой … сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалтай холбоотойгоор гадаад, дотоодоос мөнгө босгох чадвартай байгууллага байх гэж бодож байгаа. Тэхлээр тэр босгосон мөнгөтэй нь яг тэнцэхүйц мөнгийг Засгийн газраас өгч ингэж хоёр талын дэмжлэг өгч энэ сэтгүүлчдийн байгууллага ажиллаж сэтгүүлчдээ бэлдэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах асуудал дээр тодорхой ахиц дэвшил гаргах бололцоотой байх болов уу гэж ингэж бодож байна…  

Үүнийг Ерөнхийлөгчийн ивээлд ийнхүү орсон МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа Сэтгүүлчдийн байгууллагаа төр тодорхой хэмжээгээр дэмжих учиртай. Сэтгүүлч хүн гэдэг нийгмийг байлдан дагуулдаг, хэзээ ч хөгширдөггүй, цуцдаггүй хүмүүс, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарал хандуулна гэж амаллаа” хэмээн бөөн баяр болж энэ тухай сурвалжлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = Хөгжил” гэсэн сүржин шторкоор чимэглэн үзүүлэв.

Хөгжилсөөд байх юу байхав. Цаана чинь ард түмний бэлэг тэмдэг маань 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ албан ёсоор зарлаж “… Надад энэ албыг хашихад давуу тал бий. Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Монгол улсын Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хийе бүтээе гэсэн ажил, бүтээл оргилж байна. Эхлүүлсэн ажил ч их байна. Миний хийж бүтээсэн ажлын цаана ард түмэн минь байгаа. Өнөөдөр надад албан тушаал цуглуулах сонин биш байна. Цоо шинээр хийж бүтээх их ажил хөдөлмөрийг цуглуулах нь чухал байна” гэж мэдэгдсэн байна. Орчуулга хэрэггүй ээ. Урьд өдөр нь нь Ерөнхий сайд С.Баяр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүйгээ амлан байраа тавьж өгсөн нь ийм учиртай байж. 

Одоо Ерөнхийлөгч сэтгүүлчдийг гарын дороо байлгах шаардлагатай хариуцлагатай үе эхэллээ. Иймээс Соёлын сайд байхдаа Хэвлэлийн хүрээлэнг барьж өгснөөс эхлээд Ерөнхий сайд байхдаа хэвлэл мэдээллийнхнийг хэрхэн халамжилж байснаа сануулсан хэрэг. Харин яагаад ч юм даруу зан гаргаж зөвхөн хэдэн оюутныг сургасан гэжээ. Үгүй дээ. Оюутнуудыг биш, ажиллаж байсан сэтгүүлчдийг, гэхдээ тэднийг сургадаг биш, үүрэгддэг байсан. Үүний тулд эхнэрийнхээ нэрээр “Чөлөөт хэвлэл” сан байгуулж хэдэн сонины эздийг халаасалчихсан явдагсан. Тэр жилүүдэд төсвийн мөнгийг хэн хэнд сая саяар хүртээсэн баримтууд хожим бага сага илэрсэн.  Хил давж тив алгасан гадаад оронд айлчлахдаа тэднийг онгоцондоо дүүрэн ачдаг, цаадуул нь буцаж ирээд тэр үеийн ерөнхийлөгч Багабандийг муулдаг сонин цаг байлаа. Ингээд 2005 оны зуны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд шар дээлтэй нэр дэвшигчийг шууд дэмждэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид  ажлаа “бөөн баяр” эхэлсэн…  Сонгуулийн дараа МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нь бүр Ерөнхийлөгчийнхөө (МСНЭ-ийн биш, Монгол Улсын!) дэргэд нүүгээд оччихсон байсан шүү! 

Удалгүй 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Энхбаярч арга давтагдахнээ. Энэ удаад “Чөлөөт хэвлэл” санг биш (тэрбээр Ерөнхий сайдаа больж төсөв мөнгийг шууд мэдэхээ больсон тул татан буулгасан биз), МСНЭ-ийг ашиглах бололтой. Юу хэрэгтэйгээ хэлээд бай, мөнгө өгөөд байя гэсэн байна.  Гадаад дотоодоос мөнгө босговол яг тэнцэхүйц мөнгийг нэмнэ гэснийг бодоход тун нарийн схем зохиожээ. Харин мөнгийг нь Засгийн газар өгнө гээд гэснийг бодоход цаад Баяртайгаа хэдийнэ тохирчихсон байж таарлаа. (Даанч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга Амарсанааг өгч авалцаад байсан юм аа)

МСНЭ-ийн удирдлага Ерөнхийлөгчтэй уулзах тоолондоо төрөөс байр нэхдэг, цаадах нь амалсан харагддаг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар хэр зүтгэснийг нь харж байгаад  өгөх ч байх. Уг нь Жасрай агсан Ерөнхий сайд байхдаа хотын яг төвд аятайхан байшинг сэтгүүлчдийн байгууллагад олгосон, даанч түүнийг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хувьдаа завшсаныг бүгд сайн мэдэж байгаа… Бүр хавь ойрын газрыг нь зарсан сураг байдаг.   

Сонгууль дөхөхлөөр сурталчилгааны баг болж хувирдаг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн багт МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл оржээ. Б.Чадраа, Д.Чойжамц, С.Ганбаатар (МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг дэмжсэн лекц уншиж монголын бүх аймгийг тойрсныг санав уу?) , Н.Баяртсайхан, Ж.Эрдэнэчимэг, Т.Намжим, Б.Пүрэвбат гээд бусад  зөвлөхүүдийн нэрийг дурдвал илүү тайлбар хэрэггүй биз. 

Саяын их хурлаар МСНЭ-ын удирдлага дахь МАХН-ын гишүүдийн байршил улам “сайжирлаа”. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүний тухай би нэгэнтээ бичсэн. Ерөнхийлөгчид сөрөг гэгддэг “Өдрийн сонины” нэг төлөөлөл багтсан ч УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар очих болсон гэлцэнэ. Тэгтэл Ерөнхий нарийн бичгийн даргаа “шударгаар” шалгаруулж авах болж сонин хэвлэлээр тендер зарлаад хэнийг олсон гээч? УИХ-ын сонгуулиар бас л МАХН-ын сонгуулийн төв штабт ажилласан сэтгүүлч Я.Сумъяаг

Юмыг баталгаатай хийх юмаа…

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 6 Comments »

Телевизийн эздийн бэлэг

Posted by tseren on 2008/11/30

TV5 телевизийн мэдээлснээр бол Монголын телевизүүдийн холбооны удирдлага “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойд зориулан нэгэн дуу бүтээж бэлэглэжээ.  Шүлгийг нь соёлын гавъяат зүтгэлтэн, жирийн сэтгүүлч Ш.Гүрбазар, харин аяыг мэдээж UBS телевизийн эзэн, соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Балхжав зохиожээ. Ойн баярын хүлээн авалтанд уригдан очиж дуугаа хүлээлгэн өгч байгаа “комисс”-ын бүрэлдэхүүнд өөрийгөө TV5 телевизийн эзэн биш гэж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгөөр 2 дахь удаагаа сонгогдсон Д.Сарангэрэл харагдав. Дуунд шүлэг, аяаас өөр зохиох юм байдаггүй тул Монгол улсыг авч явдаг “Эрдэнэт” үйлдвэрт гараа сунгасан өгөөмөр хүмүүсийн тоонд өөрийн эзнийг багтаахын тулд TV5 телевизийн нэрээ нуусан сэтгүүлч “телевизүүдийн холбооны удирдлага бэлэглэв” гэж тайлбарласан хэрэг. Тэгснээ “Энэ дуу ХИТ болно доо гэж сонссон хүмүүс эргэлзээгүй хэлж байна” гэж нөгөө хоёрт нь тал засав.    

Урьд цагт уран бүтээлчид “зүрх сэтгэлээсээ” намын магтуу зохиодог байсан бол одоо ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр том үйлдвэр, компанийг магтсан уран бүтээл үйлдэж бэлэглэдэг сайхан цаг иржээ.

Мартсанаас, хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар 30 жилийн ойгоо угтуулж зарласан уран зохиолын уралдаанаа дүгнэж хэсэг зохиолчдод баахан мөнгө тараасан билээ. Эдгээр роман (тууж)-ууд бестселлер болно гэж уншсан хүмүүс хэлж байгаа болов уу?

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Телевиз | 2 Comments »

МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд хэн хэн оров?

Posted by tseren on 2008/11/11

МСНЭ-ийн 3-р их хурлаар сонгогдсон 15 хүнтэй гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнийг жагсаавал, ерөнхийлөгч Д.Сарангэрэл, дэд ерөнхийлөгч Т.Баасансүрэн нараас гадна МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор М.Зулькафиль, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаяр, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатар, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, “Улаанбаатар радио”-гийн ерөнхий захирал У.Булган, Монголын радиогийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш, мэдээлэл, сурталчилгааны “Интерком сан” ХХК-ийн захирал Ц.Цэдэн-Иш, МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат, МСНЭ-ийн Эрдэнэт  дэх салбар зөвлөлийн дарга Т.Сувдаа, Дорнод салбарын дарга Б.Туяа, МСS группийн дэд захирал Л.Энх-Амгалан нар болно.  

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн яагаад монголын сэтгүүлчдийн төлөө хүчин зүтгэх болов? “Монголросцвет” нэгдлийн ерөнхий захирал байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаад тэр нь “нотлогдоогүй” өнгөрсөн энэ эрхэм  TV5 телевизийн ивээн тэтгэгч, магадгүй нууц эздийн нэг гэгддэг. Зарим төлөөлөгч болж “байгаа юм уу?” гэж асуухад өнөөдрийн их хурлыг санхүүжүүлсэн гэж ойлгуулаад нам болгосон юм гэнэлээ.  Их хурлаараа нийлж авлига авснаас ялгаа юу байхав. Нэмж бас “Таван богд” группийн захирал Баатарсүрэнг зүтгүүлж үзсэн сурагтай. Коктейль найруулагч нь сэтгүүлчдийн байгууллагыг амины телевиз шигээ байлгахыг хүсчээ.   

Ингээд МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны шинээр сонгогдсон 15 гишүүн дотроос ажил олгогч биш бөгөөд сэтгүүлчийн ажлаа хийж байгаа хүн 5 олдлоо. Б.Золбаяр, Ц.Алтанцэцэг, Д.Заяабат гурав дээр МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын дарга, кабелийн телевизийн захирал Т.Сувдаа, Дорнод аймаг дахь салбарын дарга, “Дорнодын мэдээ” сонины эрхлэгч Б.Туяа хоёрыг нэмээд шүү!  

Намын харъяаллын хувьд МАХН-ын гишүүн лав 9 байна.  (Илүү ч байж магадгүй, гэхдээ би заримыг сайн мэдэхгүй) 

Одоо ямар нэгэн тайлбар хэрэггүй байх аа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

МСНЭ-ийн 3-р их хурал: TV5 хөөрч МҮОНТ бойкотлов

Posted by tseren on 2008/11/08

Сэтгүүлчдийн их хурлын талаар манай телевизүүд юуг мэдээлэв? Ихэнх нь “хаяагаа хадрахгүй” зарчмаар илүү дутуугүй сурвалжлаад өнгөрсөн. Харин хоёр телевиз тэс өөрөөр хандлаа. 

Оройн 18 цагт их хурал дуусаагүй үргэлжилж байсан ч TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр МСНЭ-ийн их хурал 3-р их хурал хэмээх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй сурвалжлагаар эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илгээлт явуулсан, гэхдээ сайд дарга нарыг уриагүй, иймээс сэтгүүлчид дангаараа толгойгоо мэдэж хараат бусаар хуралдсан гээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн илтгэлийн хэсгээс сонсгож дэлгэцэн дээрх танилцуулгаас ньүзүүллээ. Өнгөрсөн 3 жилд МСНЭ-дээ 45 сая төгрөг оруулсан, жишээлбэл  ДОХ-ын төслөөс 2 үе шаттайгаар 15 сая төгрөгийн төсөл харэгжүүлсэн, Их Монгол улсын 800 жилийн ойн арга хэмжээний төсвөөс 10 сая төгрөг авсан, мөн МСНЭ-ийг өөрийн байртай болгож тохижуулсан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн тэмдэглэл ном гаргасан гэхчлэн тайлагнажээ. Бас Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байна хэмээн тэр илтгэжээ. Араас нь Д.Амбасэлмаа, М.Зулькафиль хоёроор МСНЭ өнгөрсөн 3 жилд маш сайн ажиллласан гэж магтуулаад, төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл дөнгөж сая сонгогдсон баяртай мэдээг хамгийн түрүүнд хүргэлээ. Оройн 21 цагаас энэ сурвалжлагаа давтан үзүүлэв.  

TV5 телевиз ингэж хөөрөхөөс өөр яахав. Сурвалжлагын гол баатар бол өөрийнх нь эзэн. Яахав, ерөнхий зөвлөх гэсэн даруухан нэртэй. (Цаашдаа ерөнхий эзэн юм уу эзэн зөвлөх гээд нэрлэвэл ямар бол?)

Гэтэл Монголд хамгийн олон сэтгүүлч нэг дор ажилладаг төдийгүй улс оронд болсон үүнэс ч жижиг үйл явдлыг тэр орой сурвалжилсан МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр таг дуугүй өнгөрөөх нь тэр.  Магадгүй, их хурал оройтож тарсан учраас амжаагүй, эсвэл сурвалжлагч нь их хурлын зааланд ороод сэтгэл хөдөлж коктейльдоод саатчихсан, иймээс маргааш орой үзүүлэх биз гэж бодоод өнгөрөв.  

Гэтэл маргааш оройн “Цагийн хүрд“ сэтгүүлчдийн их хурлыг дахиад тоосонгүй. (Эсвэл өдрийн мэдээгээр мэдээлсэн байж болох. Үзсэн хүн байвал хэлээрэй)

МҮОНТ сэтгүүлчдийн их хурлыг мэдээлэхгүйгээр бойкотолсны жинхэнэ шалтгаан өөр байх. Ноднин МҮОНТ дотроо бужигнаж суулт өлсгөлөндөө хүрсэн тэр өдрүүдэд TV5 хэмээх арилжааны телевизийн эзэн Д.Сарангэрэл МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр давхиж ирээд нэмж бужигнуулсны хариуг жилийн дараа барив бололтой. 

Нэг телевизийн, тэр тусмаа олон нийтийн телевизийн дотоод хэрэгт нөгөө телевизийн эзэн оролцохыг эсэргүүцэх нь түмэн зөв.  Гэхдээ  Д.Сарангэрэлийн Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсан гэж худлаа ярьснаас эхлээд сэтгүүлчдийн даргаар өөрийгөө дахиад сонгуулсан зэргийг нь илчилж сурвалжилсан бол дээр байж. Юуны тулд шударга үнэнийг эрэлхийлж бүх нийтэд хэлэх үүрэгтэй олон нийтийн телевиз билээ? Тэр тусмаа сэтгүүлчид нь төлөөлөгчөөр оролцоод байхад.

Posted in TV5 телевиз, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 5 Comments »

Монголын сэтгүүлчдээр найруулсан коктейль

Posted by tseren on 2008/11/07

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн 3-р их хурал өчигдөр “Чингэс” зочид буудалд хуралдаж дууссан байна. 

Бас л хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, албан тушаалтнууд зонхилсон том хурал болж өнгөрчээ. Миний хүндэлж явдаг ахмадууд олон харагдсан, гэхдээ тэд өнөөдрийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг шийдэх арга механизмыг “одоогийн залуучууд хөөрхий юм мэдэхгүй учраас тэдэнд сайн хэлж сэнхрүүлээд өгөхөд болно” хэмээн итгэж явдаг улс. Эдгээр ахмадыг дарга нараар нь томилуулж ирүүлсэн дуулгавартай (ихэнх нь сүржин ярианаас цаашгүй) сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийг тойрон эргэлддэг баахан нөхдүүдтэй хольж дүүргээд өөр байр суурьтай цөөн хэдийг дунд нь живүүлж байгаад  нөгөө л дарга, албан тушаалтнуудыг буцаагаад сонгож өгөх тийм коктейль найруулж чаджээ. Сүүлийн үед моодонд орсон жинхэнэ “молотов” дэлбэрэх аюултай бол ийм коктейль жаахан исгэрч шуугиад шалчийдаг билээ. 

Үнэхээр тэгжээ. Телевизээр гарч сонинд бичигдсэнээс үзвэл их хурлын төлөөлөгчид … хэвлэлийн эрх чөлөө дутаад байх юм … хараат бус ажиллах шаардлага тулгарлаа … сэтгүүлчийн нэр хүнд унаж байна …. сэтгvvлчид улстөрчид, мөнгөтэй хvмvvсийн амнаас гармаар байна … олон нийтийн радио телевизийн хууль сайн хэрэгжихгvй байна … Сэтгvvлчид эрх нь зєрчигдөөд сонин, телевиз дамжин хөөгдөж яваад байна,  тэднийг хамгаалах юмсан … гэх мэтээр баахан ярьж хийгээ гаргаснаар тайвширчээ. Ганцхан “Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, сэтгvvлчдийн байгууллагын тэргvvнээр сэтгvvлчдийг ажилд авдаг эздийг сонгодгийг болиулах ёстой, яагаад  гэвэл сэтгvvлчдийг ажилд авдаг, халдаг хүн эрх ашгийг нь хамгаална гэж байхгvй гэж хэлээд авсан ч заал сонссонгүй. Энэ нь коктейлийг маш нарийн жороор “баталгаатай” найруулсан хэрэг. 

Анх байгуулагдсан цагаас хойш энэ байгууллагад сэтгүүлчдийг дарга нартай нь хамт оруулаад найдвартай хяналтанд байлгадаг тэр арга дахиад хэдэн жил үргэлжлэхнээ. Урьд нь үүнийг нам, засаг албан ёсоор зохион байгуулдаг байсан. Өнөөдөр цаг үе өөр болсон ч МСНЭ бахь байдгаараа. Монголд сэтгүүлчийн эрх чөлөө, хараат бус байдлын салхи ороогүй ганц газар энэ байх.       

Ингээд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр TV5 телевизийн ерөнхий зөвлөх гэсэн баг өмссөн, үнэн хэрэгтээ жинхэнэ эзэн гэдгийг их хурлын бүх төлөөлөгч мэддэг, бас Монголын телевизүүдийн холбоо хэмээн эздийн байгууллагын гишүүн Д.Сарангэрэлийг улираан сонгожээ. Дэд ерөнхийлөгчөөр дахиад нэг ажил олгогч – МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэнг нэмж сонгосон байна. Хоёулаа  МАХН-ын гишүүд бөгөөд эхнийх  нь МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны 2007 оны шилдэг сэтгүүлч өргөмжлөл зүүсэн, нөгөөдөх нь 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын сонгуулийн штабт ажиллаж дуусаад өнгөрсөн зун МОНЦАМЭ агентлагт ирсэн нэгэн билээ.  Төр засаг хүртэл 2009 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчдийг улс төрийн намын харъяалалгүй болгочихоод байхад шүү!  

Өнөөдөр хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрын эздэд дарлуулж байгаа ядарсан оёдолчин эмэгтэйчүүд хүртэл эрхээ хамгаалан тэмцдэг болж. Тэдний эрх ашгийг хамгаалдаг ҮЭ муу сайн ч гэсэн тусдаа байна. Харин сэтгүүлчид бол үгүй. Яагаад гэвэл тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага дахиад л эздийнх нь гарт оржээ. 

Дараа нь их хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан жинхэнэ коктейль болсон гэнэлээ.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »