АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз’ Category

МҮОНТ манлайлав

Posted by tseren on 2009/12/06

Ням гаригийн үдэш хачин юм болж МҮОНТ 18 цаг 40 минутаас хөтөлбөртөө зарласан “Амьдрал ISO-д дуртай” гэсэн халамцуу нэртэй, тодруулбал, “Сэнгүр” шар айргыг сурталчилсан нэвтрүүлгээ цуцалжээ. Олон нийтийн радио, телевизийн тухай болоод Архидан согтуурахтай тэмцэх хуулиудийн заалтыг зөрчихөө больж ариун мөрийн замд оров уу?

Даанч тэгсэнгүй. Оронд нь “Энержи ресурс”-ын захиалгат нэвтрүүлгийг гэнэдүүлэн цацаж Ухаа худгийн төлөө кампанийг манлайлав. Бас бямба гаригийн өглөөний “Ярилцья” нэвтрүүлгээр студид уригдсан ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, тус компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хамтдаа тэр оройн “Цагийн хүрд”-ээр Ухаа толгой дээрээс дахиад л ухуулж зогссон билээ.

Түрүүчийн амралтын өдрүүдэд “Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцсэн нэвтрүүлгээр дүүрсэн байсан арилжааны телевизүүд энэ Бямба, Ням гариг “Энержи ресурс”-д бүрэн эзлэгдэж, нэг нь уул овоо шиг их ажил хийсэн Ухаа худаг уурхайн төслийн магтаал, нөгөө нь саяхан Ухаа худагт баяжуулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй гишүүдийн сайшаалаас бүрдсэн хоёр янзын сурталчилгааны нэвтрүүлгийг ах телевизтэй уралдан үзүүлэв. Аль ч телевизийн хөтөлбөрт байгаагүй боловч “Энержи ресурс” хүслээ хэлмэгц дурын нэвтрүүлгийг дуртайяа цуцалж байлаа.

Одоо олон нийтийн ба арилжааны телевизийн ялгааг олно уу.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Пиар (PR), далд сурталчилгаа | 1 Comment »

З.Алтай: Ланд-200-гийн оронд арван хэдэн камер аваад …

Posted by tseren on 2009/12/04

УИХ-ын чуулганы байнгын хорооны хуралдаанаар 2010 оны улсын төсөв хэлэлцэх үеэр МҮОНРТ-ийн үйл ажиллагааны санхүүжилтын 6 тэрбум гаруй төгрөгөөс гадна тоног төхөөрөмж худалдан авахад 500 сая төгрөг нэмж тусгах саналыг З.Алтай гишүүн эсэргүүцсэнийг TV5, UBS зэрэг арилжааны телевизүүд бүрэн эхээр үзүүлсэн юм.

Тэрбээр юу ярьсан бэ?

- Өнөөдөр Монгол Улсад цаг өөр болсон. 15-16 арилжааны телевиз явж байна. Улсаас нэг төгрөгний ч татвар авдаггүй, бор зүрхээрээ хэдэн реклам хөөгөөд амьдарч байгаа. Тэнд хичнээн мянган ялгаа байхгүй радио, телевизийн улсууд ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр их мөнгө тэнд шаардлагатай юм уу, үгүй юм уу. Үндэсний олон нийтийн радио, телевизийн хийж байгаа цагийн хэмжээний багтаамжтай тэр бүх нэвтрүүлгийг энэ арилжааны хэдэн суваг, телевизүүд нөхөөд хангаад явж байгаа. Гэтэл өнөөдөр энэ их мөнгө яагаад орж ирээд байнав гэдэг дээр ганц жишээ хэлье. Радио, телевизийн улсын хорооны ерөнхий захирал өнөөдөр Ланд-200 гэдэг наян хэдэн мянган долларын үнэтэй цоо шинэ машин, монгол төгрөгөөр 120 сая гаран төгрөгийн машиныг өнөөдөр худалдаж аваад зүгээр унаад явж байна. Татвар төлөгчдийн мөнгө шүү, найз нараа. Энэ мөнгөөр чинь арван хэдэн мэргэжлийн сайн чанарын камер авчих мөнгө. Яагаад энийг харьцуулж бодож үздэггүй юм бэ? Тоног төхөөрөмж нь хуучирсан муудсан юм бол Ланд-200 авахынхаа оронд арван хэдэн камер аваад сурвалжлагч нартаа өгчих нь яасан юм бэ? Ингээд бүх юмыг энэ маягаар оруулж ирээд хуучин загварын үлэг гүрвэлийн маягаар иддэг энэ системийг бид өөрчлөхгүй бол болохгүй байна. Цаашдаа бид энэ мөнгийг Засгийн газар дээр даже энэ 6 тэрбумаас ядахдаа 2 тэрбумыг нь арилжааны телевизүүдэд Засгийн газрын харъяа байгууллагууд гэрээний дагуу энэ үндэснийхээ телевизүүдийг дэмжих үүднээс тодорхой сэдэв чиглэлээр нь гэрээ байгуулаад мэдээлийн сан дэргэдээ байгуулаад ингэж өгдөг хуваарьтай зах зээлд шилжихгүй бол аль амбасын үеийн, социализмын үеийн радио, телевизийн тэр юмаар бүх санхүүжилт юмыг өгөх юм бол энэ амьдралд нийцэхгүй юм байгаа юм шүү. Би тэрийн л хэлэх байна. Дарга нь үнэхээр тийм өндөр үнэтэй машин унаад татвар төлөгчдийн мөнгөөр ханхалзаж байдаг, тэгээд өшөө аппаратанд мөнгө хүрэхгүй байна, мөнгө авъя, ядуу байна гээд ингээд орж байгаа чинь логик нь мөн үү? Хяналт байна уу, энд эцсийн эцэст. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6 тэрбум аваад явбал энэ бол хангалттай мөнгө. Юун 500 сая вэ? Тийм л мөнгө хэрэгтэй юм бол 200-гаа зараад камер болго л доо. Соната аваад явахыг хэн байг гэсэн юм…

Зөв зүйтэй шүүмжлэл дотор бас өөр санаа цохиж явахыг анзаарав уу? Арилжааны телевизүүд МҮОНРТ-ын адил төсвөөс мөнгө хуваарилуулахыг мөрөөддөг төдийгүй яаж хүртэх загвараа бодоод олчихсон УИХ дахь Алтай төлөөлөгчөөрөө дамжуулан санал тавилаа. Товчхондоо, яам, агентлагуудын захиалгаар нэвтрүүлэг бэлтгэж мөнгө авахыг хүсчээ. Манай телевизийн эзэд хараат бус байдал, эрх чөлөөг мөнгөөр солиход хэзээд бэлэн.

Харин З.Алтайн илчилсэн МҮОНРТ-ийн захирлын хөлөглөдөг машин гарцаагүй томджээ. Төрийн ордон орж үүрэг даалгавар аваад буцахын хооронд ингэж тансагладаг үнэн бол төсвийн мөнгө хайран. Хэн нэгэн тэрхүү машины зургийг авч над руу мэйлээр илгээвэл сайтдаа нийтлэхсэн.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ | 8 Comments »

Пэрэнлэй ба телевиз

Posted by tseren on 2009/11/22

МҮОНТ тэргүүтэй телевизүүд өнгөрсөн хавар, зун, намар Пэрэнлэй гэж телевизийн “од”-той найзалсан билээ. Лав “Монголын мэдээ” агентлаг хаврын тариалалт, ургац хураалтын ажлыг сурвалжлах болохоороо хөдөө нутгийг биш ХХААХҮЯ-ыг зорьж Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Пэрэнлэй тэргүүтэй нөхдөөс заавал ярилцлага авдаг, хааяа тэднийг даган хөдөөлөхдөө Сэлэнгэ, Булганы аж ахуйнуудын тариан талбайн их ургацын дунд баатарлагаар зогсоон яриулж орой бүр үзүүлсээр өдий хүрсэн юм.

Гэтэл гурав хоногийн өмнөөс Пэрэнлэйг “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд саатуулж Атрын 3-р аянд зориулсан хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэрэгт татсан тухай МҮОНТ-ээр бусад бүх хэвлэл мэдээлэл шуугиж эхэллээ. Пэрэнлэй тэр олон сурвалжлагад оролцож ярилцлага өгөхийн хэдийд хаагуур нь амжуулдаг байна аа?  Үй олон телевиз, сониныхон зөвхөн Пэрэнлэй нарыг дагаж, зөвхөн тэдний амаар сурвалжилж биш, хааяа салж тусдаа яваад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ болоод Хөтөлийн салбараар орж (энэ хоёр салбарын эрхлэгчидтэй хуйвалдаж мөнгө завшсан гэнэ) хавь ойрын хүмүүстэй уулзан ярьж хөөрч байсан бол ч …

Пэрэнлэй өөрийн хамгийн болгоомжлох учиртай хэвлэл мэдээллийг, ялангуяа телевизүүд, тэр тусмаа МҮОНТ-ийг үргэлж дэргэдээ, нэг ёсондоо хараа хяналтандаа байлгаж чаджээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ | 1 Comment »

Отгонбаяр сайдын телечадавхи

Posted by tseren on 2009/11/22

Монголын бүх телевиз, радио, сониныг зэрэгцүүлэн эзэмддэг эрхмийг танилцуулья. Нэр нь Ё.Отгонбаяр. Үндсэн ажил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Зөвхөн сүүлийн хэдхэн сард МҮОНТ-ээр түүний “тоглосон” ямар ямар мэдээ, сурвалжлагууд үзсэнээ эргэн санахыг оролдьё. Лхагва гариг бүрийн Засгийн газрын хуралдааны дараа өөрийн салбарын хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд танилцуулах, түүнийгээ “Нээлттэй засаг”-аар гүйцээж ярих, их, дээд, дунд, бага сургуулийн хичээлийн жилийн нээлт, сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулах ёслол дээр үг хэлж харагдах нь зөвхөн бие халаалт байжээ.

Ялангуяа сургууль, боловсролын үйл явдал болгон заавал бүх зурагтаар гардаг, тэр болгонд Отгонбаяр сайд заавал ярилцлага өгдөг заншил тогтоод удлаа. АНУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан, “Орчлон” сургуулийн сурагчид олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ хүлээн авсан ёслол, Солонгост болсон урлагийн наадмаас медаль авсан хүүхдүүдэд баяр хүргэсэн, сүүлдээ БСШУЯ ба ЭМЯ хамтран ажиллах (гайхалтай!) гэрээнд гарын үсэг зурсан тухай сурвалжлагууд гарч бүгдээрээ Отгонбаярын яриагаар өндөрлөж байлаа. Төрийн хоёр яам энэ мэт ажлаа телевизгүйгээр, ерөөсөө гэрээгүйгээр, утсаар тохироод хийж чадахгүй юу? Нэг мэдэхэд БСШУЯ-наас ЭМЯ-нд явуулах албан бичигт Отгонбаяр сайд гарын үсэг зурсан тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр цацагдаж Отгонбаяр сайд тэр бичгийнхээ ач холбогдлыг тайлбарлаж зогсохнээ.

Алс холын Энэтхэгээс хүртэл монголын телевизийн дэлгэцийг эзэгнэсэн гээч. Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалын сурвалжлагуудын дундуур Ерөнхийлөгчөөс дутуугүй харагдаж ярьсан хүн бол Отгонбаяр.

Гай болж гахайн ханиад дэлгэрэв. Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг наашлуулсан, сунгасан, дуусгахаар шийдсэнийг зөвхөн Отгонбаяр дамжуулж, телехичээлийг Отгонбаяр эхлүүлж, ийм хичээлийг “Боловсрол суваг” телевизийнхэн бэлтгэж бусад телевизээр гаргадгийг Отгонбаяр ойлгуулж, цааш үргэлжлэх эсэхийг зөвхөн Отгонбаяр зарлав. Бусад өдрүүдэд телехичээлийн явцтай Отгонбаяр сайд танилцсан тухай сурвалжлагууд үргэлжилж, Отгонбаяр сайд юу үзсэн талаар Отгонбаяр сайд өөрөө танилцуулж зогссон. Ашгүй хичээл эхэлж телехичээл мэдээний сэдэв биш болохоос өмнө амжиж хичээлүүдийг CD-нд бичүүлэн тараах ёслолын ажиллагааг яаман дээрээ зохион байгуулж бүх телевизээр дахиад нэг гарч CD-ны ач холбогдлыг ярьж билээ.

Бас болоогүй. Отгонбаяр сайд оюутнуудад амны хаалт гардуулсан, Отгонбаяр сайд Т.Ганди сайдын хамт оюутнуудад аарц, чацарганыг улаан гараараа тараасныхаа боловсролын болоод анагаах ухааны гүн гүнзгий утга учрыг зөвхөн Отгонбаяр сайд өөрийн дуу хоолойгоор тайлбарлаж байж санаа амрав.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын оюутны өдөр тохиоход “Цагийн хүрд”-ээр бас л Отгонбаяр сайд гэгээн дүрээрээ мэндчилгээ дэвшүүлж тэр өдөртөө амсхийх шиг санагдсан ч хэдхэн минутын дараа МҮОНТ-ийн сурталчилгааны клипэнд тоглоод дахин гарч харагдах юм. Ийнхүү боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багтдаг хагас сая гаруй сурагч, оюутан, багш, эрдэмтэн, театр, урлагынхан, тэдний бүх ажил, амьдрал Отгонбаяр сайдын зурагтаар гардаг фон болж хувираад байна.

Хүйтны эрч чангарсан сүүлийн гурав хоногт Отгонбаярын сайдын телечадавхи дагаад чангарлаа.

19-ны Пүрэв гаригийн үдэш НТВ-ийн “Чухал яриа”-гаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

20-ны Баасан гаригийн орой TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье” хөтөлбөрөөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.

21-ны Бямба гаригийн өглөө МҮОНТ-ийн “Ярилцъя…” нэвтрүүлгээр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр (Саяхан шинэ ерөнхий сайд Сү.Батболд “боловсрол – тэргүүлэх салбар” гээд хэлчихснийг хоёр талаасаа ийнхүү “баярлан угтав”. Тэгэж яривал эзэн Чингэсээс эхлээд Сүхбаатар, Цэдэнбал бүгдээрээ эрдэм мэдлэгийг дээдэлдэг байсан, энэ утгаараа лав 800 жилийн өмнөөс тэргүүлэх салбар)

P.S:

Өнөөдөр амралтын өдөр МҮОНТ-ийн мэдээг санаандгүй үзтэл нөгөө Ё.Отгонбаяр сайд костюм пиджакаа ч тайлах завгүй “Бид сургуулиудад бүтэн сар хэрэглэх “Санитол” олгосон байгаа… ” хэмээн ярьж зогсоно. Хэзээ амардаг юм болдоо, хөөрхий. Ариутгалын “Санитол”-ыг хүртэл зүгээр өнгөрөөхгүй юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ | 7 Comments »

Үзэгчид, сонсогчид, уншигчдын өмнө шууд гүйцэтгэв

Posted by tseren on 2009/11/13

OrkhonМҮОНТ-ийн Пүрэв гаригийн хөтөлбөрт 21.15 цагаас “Орхон гол нутгаа тэжээнэ” нэртэй 30 минутын нэвтрүүлгийн нэр дурайхыг үзээд олон нийтийн телевиз гол усныхаа төлөө дуугарахаар шийдсэнд баярлахыг шахав. Харин үзэнгүүтээ Орхон гол дээр усан сан байгуулах төслийг есөн шидээр сурталчилсан захиалгат нэвтрүүлэг болохыг мэдээд гонсойход хүрлээ.

Байгаль орчны сайд Л.Гансүх Монголд айлчилсан Турк улсын Байгаль орчин, ойн сайдтай хамт Улаанбаатараас нисдэг тэргээр хөөрч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт газардахад түрүүлж очсон түшмэд угтан авч хамтдаа энэхүү нэвтрүүлэгт оролцлоо.

Orkhon (11)Тэд Орхон голын усыг далангаар боож томоохон усан сан байгуулна, тэгвэл олон сайхан Орхон, Хэрлэнг бий болно, 30МВт-ийн усан цахилгаан станц байгуулж эрчим хүч үйлдвэрлэнэ, усан сан дүүрэхлээр бусад газар луу урсгана, ингэснээр усаар гачигдаг говийн аймгуудыг ундаална, тэнд байгуулагдах томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг усаар хангана гэхчлэн төслийнхээ ид шидийг угсруулан магтав. Гэхдээ надад Орхон голын усыг газар доогуур булсан төмөр хоолойгоор говь руу урсгаж Оюутолгой, Тавантолгойд (энэ хоёр нэрийг яах аргагүй дурдсан) зориулах эцсийн зорилготой гэж ойлгогдлоо. Саяхан манай Засгийн газар “Айвенхоу Майнз”-ийн мэдэлд Оюутолгойн дорхи гүний усыг шилжүүлсэн гэрээг байгуулсан бол одоо Орхоны усыг хүргэж өгөхнээ? Монголд усны хэрэглээ 10 дахин нэмэгдэх тооцоо, “Гүний усаа хайрлая” уриа хоёрыг зүгээр нэг давтаагүй биз. Лав монголын хүн ам 10 дахин нэмэгдэхгүй… 

Орхон голын ус жилээс жилд багасч заримдаа Орхоны хүрхрээ цутгахаа больчихоод байхад юун усан сан бэ?

Orkhon (1)Харин Гансүх сайд “Энд гол тасарна гэсэн ойлголтыг толгойноосоо авч хая” хэмээн тушаасан бол МҮОНТ-ийн нэр нь үл мэдэгдэх баатар-сэтгүүлч “Орхон голын усан боомтыг Дөргөн Тайширын усан цахилгаан станцтай харьцуулан ашиггүй юманд мөнгө зарцуулах гэлээ гэж улс төржүүлэн ад үзэх хүмүүс байна. Тэдний зарим нь голын усыг бүрэн таслах гэж байна, голоо тэгэж хэрчүүлэхгүй хэмээн эх орон байгаль орчноо хамгаалдаг ардын баатар болж байгаа нь нууц биш ээ” хэмээн хэнийг ч юм довтолж, дээрээс нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэнт орсон, шийдвэр хэдийнэ гарсныг анхааруулаад “Хил даван урсчихдаг гол дээрээ боомт далан барьж их уснаас нь балгын төдий ердөө гуравхан хувийг ашиглан ангасан цангасан говь нутгаа тэжээлээ хэмээн буруутган эсэргүүцэх “эх оронч” гарахгүй байх аа” хэмээн төгсгөв.

Orkhon (9)Хөөрхий тэр “эх орончид” нь хаана байгаа, хэзээ тэгэж дуугараад одоо хөхөрч няцартлаа балбуулж суугаа юм бол доо, бүү мэд.

Дэлхий дээгүүр сая сая жил урссан гол мөрний усыг боох, эргүүлэх гэх мэт хэт санаархал коммунист Хятадад хүртэл ширүүн маргаан тэмцэл дэгдээдэг. Харин Монгол улсад иймэрхүү энэ асуудлыг өөрөөр шийддэг боллоо. Яаж? Засгийн газар, том компаниуд захиалгаа өгөхөд олон нийтийн телевиз тэргүүтэй хэвлэл мэдээлэл эсэргүүцэгчдийн хүзүүнд “Эх орончид” (мэдээж хашилтанд бичнэ) гэсэн пайз зүүж байгаад үзэгчид, сонсогчид, уншигчдын өмнө шууд гүйцэтгэж байна.

Энэ удаад гардан гүйцэтгэгчид нь МҮОНТ-ийн “Монгол телевиз” кино нэгтгэл” нэрийн цаана нэрээ, нүүр царайгаа нууцалсан нь мэдээж.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг

Posted by tseren on 2009/11/08

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө орлогоо (хувийн компани, байр, хадгаламж, дүүргийн төсвөөс зүгээр л авсан 10 сая төгрөг зэргийг орхиж) худал мэдүүлсэн тул АТГ-аас хуулийн дагуу огцруулахыг шаардаад бараагүй өдий хүрлээ. Өөрийг нь сонгосон дүүргийн хурлын төлөөлөгчдөө ийш тийш аваачиж найрлаад хөдөлгөдөггүй, сэтгүүлчдийг хөлсөлж аваад “Би ганц эмэгтэй Засаг дарга, намайг гоочиллоо” гэх мэт ярилцлага өгөөд өрөвдүүлчихдэг. Бас “Мөрөөдлийн цэцэрлэгээ” мэдээ болгоноор ярьж баатар болдог.

Саяхан дараачийн “но” цухуйв. 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хугацаандаа “Баянгол-түншлэл” нэрээр сурталчилгаа явуулж, төсвийн 10 сая төгрөг зарцуулсныг АТГ-аас илрүүлээд дахин хэрэг үүсгэлээ.

Л.Амгалангийн хариулт удаан хүлээлгэсэнгүй.

2009.11.08-ны Ням гаригийн 12 цагийн үед МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй хулгайн нэвтрүүлэг гэнэтхэн орж ирэв. [Яг эхлэлийг үзээгүй тул нэрийг мэдэж амжсангүй]. Баянгол дүүргийн ялалт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад энэ бүгдийг Засаг дарга Л.Амгалан манлайлаад зогсохгүй орон гэргүй эрд гэр олгож, бяцхан охиныг нь өөрөө хөтлөн оруулсан зэрэг сэтгэл хөдлөм явдлыг харуулав. АТГ-ын мөрдөн байцаагчид үзээд нулимс дуслуулсан байх учиртай.

Төгсгөлд нь МҮОНТ-ийнхэн нэр хаяг огт тавьсангүй. Аргагүй дээ. Хулгайч нэрээ үлдээлээ гэж сонссон уу?

Бас нэгэн зүйл. Л.Амгалангийн “Баянгол-түншлэл” нэртэй сурталчилгааны кампанийг МҮОНТ хэд хэдэн удаа хулгайгаар сурталчилж 10 саяас нь овоо юм хүртсэн гэдэг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 14 Comments »

Төмөр замын ээлж ирлээ

Posted by tseren on 2009/11/04

“Айвенхоу Майнз”-ийн захиалгаар гэнэтийн ашгийн 68 хувийг цуцлах хуулийг батлах санал хураалтын өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүний өөрийнгүй нийлээд энэ хуулийг батлуулах юм байна” хэмээн дуугарч билээ. Одоо Тавантолгойн ээлж ирэхийн өмнөхөн түүний нэгээхэн хэсэг – Ухаа худгийг ухаад урагш гоожуулж эхэлсэн “Энержи Ресурс” компани төрийнхөн, бас хэвлэл мэдээлэлтэй нийлээд төмөр замаа хүссэнээрээ урагш шууд хил давуулах нь гарцаагүй юм байна.

Лхагва гаригт УИХ-ийн байнгын хорооны хуралдаанаар ЗТБХБ-ийн сайд Х.Баттулга уг төмөр замыг урагшаа биш, Сайншанд руу тавьж монголын үндсэн төмөр замтай холбох хэрэгтэйг нотлон маргалдаж, ажлын хэсгийн ахлагч нь “Энержи Ресурс”-ийн эздийн нэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү байхдаа яадаг юм гэж хэрэлдээд дийлдсэн бол “Энержи Ресурс” хэвлэл мэдээллийг яаралтай дайчилж “Өнөөдөр” сонины маргааш өдрийн дугаарт сэтгүүлч Л.Болормаагийн тус компанийн гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага “Г.Батцэнгэл: Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалт бол Монгол Улсын эдийн засагт хямралын үед төдийгүй цаашдаа ч ихээхэн ач холбогдолтой гэж харж байна” гэсэн гарчигтайгаар нийтлэгдэв. 

Мягмар гаригт МҮОНТ-ээр “Транзит Монгол” нэрээр зарлаж байгаад “Халуун сэдэв” захиалгат нэвтрүүлэг үзүүлсэн. Олон нийтийн телевиз хэзээд бэлхэн!

Эхлээд Оросын болоод Казахстаны төмөр замыг тэнгэрт тултал магтсанаа Монголын төмөр замын хоцрогдол, доройтлыг элдвээр дуудаж “2007 онд зүтгүүрүүдийн 85 хувь хуучирсан технологитой байсан бөгөөд байнга эвдэрдэг. Эдгээр зүтгүүрүүд нь удаан, нүүрсээр ажилладаг” гэв. Монгол-Оросын хамтарсан төмөр замыг муулах нь зөв, гэхдээ ингэж гүжирдээд яахнав. Хар утаа хаясан хар зүтгүүр зөвхөн кинон дээр л явдаг болоод удаж байгаа шүү.

Тэгснээ “… Монгол улс хувийн хөрөнгө оруулагчдын төмөр замд оруулах хөрөнгийг талархан хүлээн авч төрөөс ил тод зохицуулах чиглүүлэх болно гэдгийг ойлгуулах нь маш чухал“ гээд захиалагчдынхаа даалгаврыг палхийтэл зарлаж орхив. Төрөөс зохицуулахыг зөвшөөрсөнд баярлалаа! Тэгсэн хэрнээ “… Үнэндээ төмөр замын газрын даргыг ЗТБХБЯ-ны сайд томилдог, үүний зэрэгцээ тухайн яам Улаанбаатар төмөр замын хувьцаа эзэмшигч байдаг, энэ нь тухайн яам төмөр замын салбарт бизнесийн болон бодлогын ашиг сонирхолтой болохыг илэрхийлж байгаа бөгөөд улмаар зохицуулалтын тухай ярихад ашиг, сонирхлын асар том зөрчил гарна” гэж төмөр замын салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг яамыг жийж орхиод зохицуулалт хийдэг хараат бус байгууллагыг шаардлаа. Тун удалгүй манай төр төмөр замаасаа хөөгдөх биз. 

Яриаг нь хасч танахыг мэдээгүй юу, Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүн нэрээр (үндсэн ажлаа нуусныг бодоход мэдэж байж), Монголын төмөр замын газрын Бодлогын хэрэгжилт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Энхбаяр, Монголын төмөр зам ТӨХК—ийн захирал А.Батболд нар төмөр зам дахь хувийн хэвшлийг мөрөөдөн хэсэг ярьцгаав. Уг нь төрд хамаатай албан тушаалтнууд юмсан. Эцэст нь 2008 онд хятадаас маш гоё зүтгүүр (нүүрсээр ажилладаггүй!) оруулж ирээд төмөр замд шахаж чадаагүй бололтой “Транскон” ХХК-ийн захирал Н.Ариунзаяа гомдлоо тайлав.

Нэвтрүүлэг “Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төмөр замын хэрэг эрхлэх газар, МТЗ ТӨХК, Транскон ХХК гүн туслалцаа үзүүлэв” гэж төгсөв. Ямар нэгэн нэр, хаяг алга. Хэн захиалсан бэ?

P.S:  Уг нэвтрүүлгийг Пүрэв гаригийн үдэш тэр чигээр нь давтан үзүүлэв. Нэг нэвтрүүлгийг МҮОНТ хоёр удаа оргил цагаараа явуулсан бол цаана нь том захиалагч байна гэсэн үг.

P.P.S: Бямба гаригийн орой 3 дахь удаагаа үзүүлэх нь тэр. 

Read the rest of this entry »

Posted in "Өнөөдөр" сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

“Мөнгө дагасан үнэн”

Posted by tseren on 2009/10/22

МҮОНТ өнгөрсөн Бямба гаригт Лүнгийн хэргийг орон даяар шууд цайруулсан нь багадав бололтой дараачийн Лхагва гаригт арай өөрөөр давтлаа. Энэ нь Лүнгийн замын төгсгөл рүү уригдан очиж бэлтгэсэн “Зам дагасан үнэн” захиалгат нэвтрүүлэг юм.

Намрын зэврүүн шөнийн түнэл харанхуйг зүсэх хүчирхэг машин, техникийн гэрэлд зогсоод хэдэн сараар гэр орондоо харилгүй, үр хүүхдээ ч үзэлгүй зүтгэж буйгаа өгүүлэх ажилчид, Лүнгийн замыг замыг хэрхэн өдий өдий хүргэснээ танилцуулахдаа хүртэл хөдөө хөрж гадаа гандаж харагдах “Очир төв” компанийн дарга нарын дүр зураг сэтгэл хөдлөм…

Ажилчид нь баатарлаг (энэ замаас тавилцаад буцсан хятад ажилчид ч бас баатарлаг!), захирал нь чадварлаг, УИХ-д гараад суучихсан эзэн нь бүр илүү овсгоотой атал Лүнгийн зам тендерт амалсан хугацаанаасаа жилээр хоцорсон нь огт ойлгомжгүй. Цаашилбал, хавийн газрыг там болгосон, өвс бэлчээр сүйтгэсэн … нь бүр хачирхалтай. Гагцхүү МҮОНТ-ийн нэвтрүүлэгт энэ бүхэн багтаагүй. Яагаад гэвэл зам биш “Мөнгө дагасан үнэн” юм. Хэрвээ маргааш хэн нэгэн захиалбал архи, уурхай, хүн … гээд ямар ч нэртэй хамаагүй мөнгийг дагаж сурвалжилна…

Нэвтрүүлгийн төгсгөлд “Очир төв” компанийн гүйцэтгэх захирал ярихдаа, Лүнгийн зам дуусахад 10 км дутуу, замын ажил 11-р сарын 10 хүртэл үргэлжилдэг , хэрвээ цаг агаар саатуулахгүй бол “энэ ондоо багтааж ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” [яг ингэж хэлэв] гэв. Дуусгана гэсэн үг үү, дуусгахгүй гэсэн үг үү?

Лүнгийн хэрэг хэдэнтээ цайрч одоо нэгэнт баатарлаг үйлс, түүхэн гавъяа руугаа явж байгаа тул ажилчдаа цааш зовоолгүй гэрт нь хариулж, дутуу замаа ирэх хавар эртхэн, тэгээд чанартай тавьж дуусгаасай билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

“Лүнгийн хэрэг”-ийг дахин цайруулав

Posted by tseren on 2009/10/17

“Очир төв“ компанийн захирал Д.Дамба-Очир Улаанбаатараас Лүнгийн чиглэлд 106 км замыг тавьж чадах хүн хүч, технологи, санхүүгийн чадавхаа элдвээр гайхуулан тендерт шалгарсан ч хоёр жилийн дотор замыг орчны бэлчээртэй нь хамт там болгож хувиргаад баруун зүгийг зорьсон хүмүүс болоод нутгийн малчдын хараалыг ид идэж байсан тул тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ямар ч шаанс байгаагүй юм. Гэхдээ мань эр Улаанбаатараас TV5-ын сэтгүүлч Дагиймаа, “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү (Сонгууль-2008: “Лүнгийн хэрэг”-ийг хэн цайруулав?), дээрээс нь Орхон аймгийнхаа бүх хэвлэл мэдээллийг ховх худалдан авснаар (нэлээд хэдэн км зам тавих мөнгөө зарцуулсан биз) сонгогдон УИХ-д шургалж амжсан юм.

“Энэ намар дуусгахын хооронд юун сүртэй юм” гэж тэр сэтгүүлчид хамгаалаад байсан Лүнгийн зам өнөөдөр байдаггүй ээ. Ядахад “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр 2008 оны наадамд зориулж Хүй долоон худаг руу бас л “Очир төв”-өөр тавиулсан хэдхэн км замыг өнгөрсөн зун буцаагаад хуулж дахин тавихад хүрсэн билээ.

Тэгвэл 2009 оны 10-р сарын 17-ны МҮОНТ-ийн “Ярилцья” хөтөлбөрт Д.Дамба-Очир гишүүн баатарлаг дүрээр гарч ирэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр Эрдэнэтийн зэс баяжуулах үйлдвэрийг нэхсэн зоригтноор тодорсон тул уригдсан ажээ. Өөрийгөө сэмхэн өргөж хэлснээр, “Эрдэнэтэд захирал байхдаа” (уг нийгмийн асуудал хариуцсан захирал байсан гэдэг) үүнийг санаачилж УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гардан суулгаж өгсөн ч “хэрэгжүүлээгүй Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй байна” хэмээн дүгнэж даналзав аа. 

Хариуцлагыг бусдаас нэхэх ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн энэ лут эрхмээс сэтгүүлч Ц.Мөнхтөр “Лүнгийн хэрэг”-ийн талаар асуухгүй байж чадаагүй нь мэдээж. Хариултууд гайхалтай!

- “Очир төв” компани ажилчдаа ажилтай байлгах үүднээс энэ замыг авсан … Зам яагаад удаад байна вэ гэвэл өөрийн хөрөнгөөр барьж байгаад гол бэрхшээл байгаа юм…

Уг замын мөнгийг төсвөөс үе шатаар өгч байгаа, харин хугацаандаа дуусдаггүй учраас мөнгө нь дагаж хоцордог. Саяхан Засгийн газар арга тасрахдаа “Очир төв”-д зориулсан бонд гарган мөнгөөр угжин эрхлүүлж эхэлсэн…

Хөтлөгч асуултаа чангаруулж “Яагаад 120 км замыг хуулаад хаячихсан юм бэ? Нэг хэсгийг хуулж зам тавьчихаад дараачийн хэсгийг хуулж болоогүй юм уу?” гэв

Дамба-Очир юу гэж хариулсныг та хэзээ ч таахгүй!

- Манайх европын технологи хэрэглэж байгаа…

Европ технологи биш Дамба-Очирч арга. Нийслэлд хууль зөрчөөд ч хамаагүй, ямар нэгэн аргаар суурь ухаад барилга зоочихвол цайрдагтай яг адил. 120 км-ын хучилтыг туушид нь хуулаад хаячихсан учраас яамнаас хүсээд хүсээд гэрээгээ цуцалж өөр компанид өгч чадахгүй болгосон хэрэг.

Улмаар Дамба-Очир давшилтанд орж “Төв зам учраас ингэж хэл ам их гардаг байх. Бас намайг УИХ-ын гишүүн болсонтой холбоотой байх” гэж бараг л Лхүмбийн хэргээс өөрийгөө цагаатгалаа.

Арга тасарсан сэтгүүлч “Тэгээд Лүнгийн зам маань хэзээ ашиглалтанд орох вэ? гэж асуулаа.

- 11-р сард орох БАЙХ…

Орохгүй гэсэн үг. Цаашаагаа өвлийн хүйтэн, цас мөс… Ингээд туршлагатай сэтгүүлч Ц.Мөнхтөр түүнд талархсанаа илэрхийлснээр “Лүнгийн хэрэг“-ийг дахин нэг удаа цайруулж өглөө. Монголын сэтгүүлчид Дамба-Очирыг барахгүй юм байна.

Одоо миний хувьд ганц найдвар бол Ерөнхий сайд С.Баярын бие нь сайжраад Солонгосоос бушуухан ирж Дамба-Очирыг баахан сэтгүүлчидтэй хамт дагуулан Лүнгийн замын ундуй сундуй дээр очоод саявтар Маршалын баригдаагүй гүүрний дэргэд нэгэн захирлыг загнасан шигээ загнах.

- Где дорога? [Энэ завсарт Дамба-Очир баахан ярина] За одоо би ярьж болох уу? Би зам харахгүй байна. Энийгээ дуусаагүй байж танайх Хүй долоон худагт өөр ажил аваад явж байсан. Төсвөөс танд …. тэрбум төгрөг өгсөн байна. Зам харагдаж байвал би ажил хийсэн гэж үзнэ. Гэтэл та 11-р сард дуусах БАЙХ гэж хээвнэг ярьж байна… Одоо дуусгах юм бол дуусга…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 9 Comments »

Ямар сайхан юм бэ?

Posted by tseren on 2009/10/10

Бямба гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өөрийн телевизийн “Ярилцъя” хөтөлбөрт оролцож гурван жил хагас эзэлсэн суудлаа хэн нэгнээс тас харамлаж дахиад арван жил тухалсан ч гайхах явдалгүй тухай санаагаа түс тас хэлж орхив. Мэдээж манж өгүүлбэрээр жийрэглэсэн.

… Намайг энэ албан тушаалд байлгахгүй байх сонирхолтой хүмүүс бий …Үндэсний зөвлөл Ерөнхий захирлыг хуулийн дагуу дахин томилсон… Цаашаа хичнээн ч ажиллаж болно. Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш… Би Би Си, Эн Эйч Кей-гийн захирал арван хэдэн жил болсон байдаг… Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш…

М.Наранбаатар захирал Их Британийн BBC, Японы NHK гэдэг олон нийтийн хоёр том телевизийг маш сайн судалсан нь сайшаалтай. Өөрийн биеэр тийшээ айлчилж, Интернэтээр хайж, бас саяхан болж өнгөрсөн ABU-гийн чуулганд ирсэн японы төлөөлөгчдөөс “Танай захирал хэдэн жилийн хугацаатай вэ? Нээрээ юу? Ямар сайхан юм бэ!хэмээн дахин дахин лавлаад баримт нотолгоотой юм хэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэхдээ BBC юмуу NHK-гийн захирлууд татвар төлөгчид буюу үзэгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулж ил тод тайлагнадаг (манай нөхөр ноднин 148 сая төгрөгөөр хэтрүүлчихээд санхүүгийн тайлангаа тас нуучихаад байгаа), иймэрхүү зөрчил гаргавал “энэ албан тушаалд байлгахгүй сонирхолтой” хүмүүс гарч ирээд огцруулдаг, цаашилбал олон нийтийн телевиз гэж МҮОНТ шиг төр, засгийн телевизийг хэлдэггүй, олон нийтийн телевиз том компаниудийн мөнгөөр нэр, хаяггүй захиалгат нэвтрүүлэг явуулдаггүй, сонгуулийн үеэр улс төрийн намуудад  “тэнцвэртэй” худалдагддаггүй, 7-р сарын 1-4 болон Оюутолгой гэрээг батлахын өмнөх шиг эгзэгтэй өдрүүдэд олон нийтийнхээ дуу хоолойг хаадаггүй … гэх мэт “жижиг сажиг” зүйлийг огт сонирхоогүй нь илт.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

“Алим” агентлагийн өнөөдрийн дугаар …

Posted by tseren on 2009/10/10

Телевизийн хөтлөгч алдаад үг өгүүлбэрээ буруу хэлж болно. Маргааш нь зөв хэлнэ биз. За яахав, хоёр удаа алдаж болно. Нөгөөдөр гэж өдөр бий… Гэхдээ алдаагаа олон сар, жилээр залруулдаггүй буюу хэлсэн өгүүлбэрээ сайн ойлгодоггүй хөтлөгчдөөр МҮОНТ дүүрэхнээ.

Тодруулбал, “Монголын мэдээ” агентлагийн хөтлөгчид мэдээ мэдээллийг “болгодог” талаар би хэдэнтээ бичиж байсан. Ойлгодоггүй ээ. Араас нь “Гэрэлтэй цонх” хөтөлбөр Интернэтээс зурагтай юутай нь хуулсан, гадаадын одууд ингэлээ тэглээ гэсэн марзан мэдээнүүдээ “5 хором” нэртэйгээр үзүүлж цагаа бөглөхдөө “Бид энэ булангаараа дэлхий дахинд болж байгаа хамгийн сонирхолтой мэдээ, мэдээллээс хүргэдэг билээ” гэж гайхуулж салахгүй юм. Үдэш болгон шүү!

Эгч нарын дэмийрэл хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч дүү нарт халдварлаж “Алим” агентлагийн өнөөдрийн дугаарыг үзнэ үү” хэмээн хэлд орж байна.

Халдвар тархсаар. Гурав, дөрвөн телевизийн мэдээнээс түүж үзүүлдэг C1 телевизийн “Фокус” нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Өнөөдөр болсон анхаарал татсан мэдээ, мэдээллээс хүргэж байна” гэсэн бол БТВ телевизийн “Б цэг” хөтөлбөрийн хөтлөгч залуу “Одоо та бүхэн дэлхийн улс орнуудад болсон гадаадын мэдээ мэдээллээс хүргэнэ” гэхийг сонсов. Эрэгтэй, эмэгтэй ялгаа алга…

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ер бусын авъяастай хүмүүс.

Үүнийг нотлох гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнийг тангараг өргөсний дараа:

- Энэ бол парламентийг бүрэн бүтэн болгох талаар хийж байгаа чухал арга хэмжээ юм. С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдалд талархал илэрхийлье” гэв.

Одоо цагт ямар нэгэн арга хэмжээг “хийдэг”, бас хэн нэгэнд баяр хүргэхийн оронд “талархдаг” болжээ. Спикер хэлж байгаа болохоор зөв ойлгохоос доо …

Posted in BTV, C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Хориг үргэлжилж байна

Posted by tseren on 2009/09/24

Оюутолгойн гэрээний төслийг шүүмжлэгчдийг олон түмэнд хамгийн нөлөөтэй мэдээллийн хэрэгсэл – телевизээр яриулахгүй, үүний тулд аливаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулахгүй байх хоригийг өнгөрсөн Бямба гаригт МҮОНРТ тун боловсон зөрчиж “Ярилцья” хөтөлбөртөө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу хоёрыг урьж Оюутолгойн гэрээний талаар хэсэг яриулав.

Ш.Сайхансамбуу: Бид [Оюутолгойн гэрээний төслийг шүүмжилсэн хэсэг гишүүд] хэвлэл мэдээллээр ярья гэхээр яриулаагүй… Хэдхэн хүн шийдээд тэрийг битгий зурагтаар гарга гэдэг… Бензиний үнийг хуйвалдаад нэмдэг компаниуд шиг…

Ц.Даваасүрэн: Тэр үеэр би сонинд ярилцлага өгсөн чинь сурвалжлагч нь эргээд таны хэлсэн энэ хэсгийг хасахгүй бол нийтэлж болохгүй байна гэсэн. Би тэнд Оюутолгойн гэрээний төслийг энэ хэвээр нь баталбал юу Монгол Улс юу алдах вэ гэсэн тоог хэлчихсэн юм…

Ноцтой мэдэгдлүүд! Эрхэм гишүүд амаа скотчдуулах шахсан байна шүү!

Ашгүй олон нийтийн телевиз гэмшиж хоригийг өөр дээрээ цуцлахаар шийдэв үү гэтэл бас үгүй аж. Засгийн газар “Айвенхоу Майнз”-тай тохирсон гэрээндээ гарын үсэг зурахад нэгэнт саадгүй болсон тул “албан ёсны зөвшөөрөлтэй” хоёр гишүүний гомдлыг ганц удаа тайлахад аюулгүй гэж үзсэн бололтой. Олон ургальч хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд байдаг гэж ойлгогддог “Нээлттэй хэлэлцүүлэг” энэ сэдвийн өмнө тас хаалттай хэвээрээ.  

Маргааш нь “Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд уригдаж “… иргэний хөдөлгөөнүүдэд хэвлэл мэдээлэл хаалттай байсан, “… бүх хэвлэлүүд хаагдчихсан учраас бид үгээ хэлж чадахгүй байна… гадаадынхан манай хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байна” гэсэн.

Бас Авирмэд, Дашзэвэг, Хурц, Болд, Владимир нарыг орой болгон урьж Оюутолгойн шударга бус гэрээний төслийг шударга болтол нь үзэлцэнэ гэж зарласан TV9 телевиз сэмээрхэн дуугаа хураажээ. 

“Оюутолгойн хориг” үргэлжилж байна.

Posted in TV9 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

МАХН-ын зөв мэргэн захиалгаар …

Posted by tseren on 2009/09/17

Хэд хоногийн өмнө МАХН-аас санаачлан “Нийгмийн ардчиллын аян”-ыг 2009.09.15-2009.12.15-ны хооронд гурван сарын турш явуулахаар болжээ. АН-ынхны сүр дуулиантай тэмдэглэхээр бэлтгэж байгаа Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойтой зориуд давхцуулж хажуугаар нь орохыг хүссэн биз. Намуудын энэ толхилцоон бидэнд ямар хамаа байхав. Гэтэл МҮОНТ уг аяны нээлтэд зориулсан том хэлэлцүүлгийг МАХН-ын захиалгаар тэр өдөр нь тусгайлан зохион байгуулж өглөө.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

“Гэгээн үдэш” ба “Цагийн хүрд”

Posted by tseren on 2009/09/17

Өчигдөр МҮОНТ-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн зарим судлаач, төрийн бус байгууллагын төлөөллийг урьж ярилцав. Тэдний тоонд багтаж очсон миний бие Бямба гаригийн урлаг, соёлын “Гэгээн үдэш” хөтөлбөрийг МҮОНТ-ийн хамгийн сайн нэвтрүүлэг гэж үздэг, харин “Цагийн хүрд” тэр чигээрээ төр засгийн мэдээллийн хөтөлбөр, учир нь бүх мэдээ, сурвалжлага нь албан ёсны арга хэмжээ, хурал, семинар, ёслолын тухай байдаг (үүнийг сэтгүүлчид нь чадах чинээгээрээ нуун далдалдаг), хөдөөнөөс бэлтгэсэн сурвалжлагууд нь төрийн томчуудыг дагаж, сайндаа л ямар нэгэн төсөл, хөтөлбөрийн захиалгаар хийгдэж байгааг (өнгөрсөн зун гэхэд “Монголын мэдээ” агентлагийн нэг ч сэтгүүлч “бие дааж” хөдөө яваагүй) шүүмжилж бас агуулгын хувьд огт ялаагүй “Сүлд”, “Нээлттэй засаг” мэтийг болимоор санагддагаа хэлсэн юм.

Тэр ч яахав. МҮОНТ-ийн удирдлага янз бүрийн хүмүүс, энэ удаад бидний санал бодлыг сонсоо л биз. Харин энэ тухай сурвалжлагыг оройн “Цагийн хүрд”-ээр үзүүлж байх юм. Ямар хэрэг байна аа?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Төр, засгийн хагас арилжааны телевиз

Posted by tseren on 2009/09/09

2009 оны 8-р сарын 28-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэгэн мэдээ “МҮОНРТ цаашид ямар удирдлагатай байхыг эцэслэн шийдлээ” гэсэн эхлэлтэй байв. Яагаад эцэслэн? Урьд нь шийдэгдэхгүй зовоож байснаа сая нэг дууссан мэт сүржигнэхийн учир юу байв? Цааш үзэхүл, МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн хуралдаан болж ерөнхий захирал М.Наранбаатарыг “хатуу шалгуур”-аар оруулж 90 хувийн саналаар хугацааг нь дахиад гурван жилээр сунгасан юм байна. Хуралдааныг даргалагч, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд одоогийн захирлыг үүргээ сайн биелүүлсэн гэж магтсан уг  мэдээ МҮОНРТ-ын хараат бус байдал сайжирсан гэх мэт тайлбараар төгслөө.

Яг тэр өдөр АН-ын З.Энхболд, Х.Тэмүүжин нарын УИХ-ын хэсэг гишүүн хоёр жилийн өмнө ОНРТ-ийн хамт олны зөвлөлийн өргөх бичгийн дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа ерөнхий захирлыг нь сонгон шалгаруулах журмаар томилохыг шаардсаныг ”Цагийн хүрд” харин тас нуув. Тэд үнэнд биш даргадаа хайртай аж.

Маргаашнаас”Өдрийн сонин”-д шүүмжлэлтэй ярилцлагууд гарч томилгоог эгзэгтэй болгож орхив. Харин “Өнөөдөр” сонин МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын ” Би хэний үгэнд ороогүй вэ гэдэг нь сонины ярилцлагуудаас харагдаж байгаа байх” гэсэн том ярилцлагыг нийтэлж Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баттуяа, Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Л.Болд, бас МҮОНРТ-ийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга М.Баттөмөр, бас МҮОНТ-ийн Үдшийн нэвтрүүлгийн редактор, “хамт олны зөвлөлийн гишүүн асан” (яг ингэж бичжээ. 2007 онд өлсгөлөн зарласан нөхдүүдийг гэмшлийг харуулсан хэрэг) Д.Наранцэцэг нарын яриагаар хүч нэмжээ. (“Өнөөдөр”-ийн ээлжит захиалгат нийтлэл. Хэрвээ тийм биш бол нөгөө талын байр суурийг оруулахсан).

Дээрх ярилцлагад Наранбаатар захирал МҮОНРТ-ийг ямар мундаг удирдаж хичнээн их ялалт амжилтанд хүргэснээ сайрхаад сонгуулийн сурталчилгааг ямар ч өө сэвгүй явуулсныг нь “Глоб интернэшнл”, Нээлттэй нийгэм форум, ТББ-ын эвсэл зэрэг мэргэжлийн байгууллагын мониторингоор нотлогдсон тухай ярьжээ. Гэтэл ННФ мониторинг явуулаагүй, зөвхөн “Глоб”-ийг санхүүжүүлсэн бол ТББ-ын эвсэл гэж мэргэжлийн ямар байгууллага байдгийг бүү мэд. Харин үлдээд байгаа “Глоб”-ын мониторинг бол МАХН ба АН-д зориулсан сонгуулийн сурталчилгааны цаг зөвхөн ойролцоо байсан эсэхийг гаргаснаас төдийлөн хэтрээгүй юм.

Үнэндээ юу болсон бэ гэвэл МҮОНРТ нь 2008 оны УИХ-ын ба 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтуудыг уландаа гишгэж улс төрийн хоёр гол хүчинд “тэв тэнцвэртэй” худалдагдсан билээ. Ингэхдээ ямар “хулгай” хийж, сонгогчдийг хэрхэн хууран мэхэлснийг миний бичлэгүүдээс үзээрэй (МҮОНТ, 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ангиллууд). Баримт жишээнүүд өдөр, цаг, минуттайгаа бий. Сүүлчийн сонгуультай холбоотой ганц жишээ дурдахад “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө лангуун дээр гаргаж тавиад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр үнэлж хоёр нэр дэвшигчийн штабт сар гаруйн турш зарсан билээ. Бүр сэтгүүлчдээ дагалдуулаад өгчихсөн…  

Хойшид ядахдаа ичээд дуугүй байх болов уу гэтэл цагаандаа гарч байгаа бололтой.

Өнөөдөр МҮОРНТ-ийн удирдлага ба Үндэсний зөвлөл хоёр нэг болжээ. Тэднийг шүүмжилж хариуцлага нэхвэл бие биенийхээ араар нь орж нуугддаг, эсвэл “олон нийт”, “хараат бус байдал” зэрэг гоё үгээр давшилдаг болж. Тэд нийлээд МҮОНТ-ийг хувьчлаад авчихжээ. 

МҮОНТ муу ажиллаж, хуулиа байнга зөрчиж, удирдлагууд нь хариуцлага хүлээдэггүй гэдэг нь Ардчилсан намынхан л хэлж байгаа болохоос биш яг үнэн. Гагцхүү АН-ынхан өөрсдөө 2005 онд МАХН-тай нэг хөнжилд орж байгаад Олон нийтийн радио, телевизийн хуулийг төрүүлсэн, дараа нь Үндэсний зөвлөлийг тэнцүү хувааж өөрийн талын хүмүүсийг нэр цохож оруулсан, ноднин өвөл яг тэгэж шинэчилсэн билээ. Тэгэхэд зуугаад төрийн бус байгууллага нэгдэж хэдэн нэр дэвшүүлэхэд нэгийг ч аваагүй! Хохь нь! Харамсалтай нь үзэгчид бид хамт хохирч байгаа юм.

Өнөөдөр энэ телевиз, радио хоёр 40,30,20,10 жилийн өмнөх шиг [хоёр] нам, засгийн телевиз хэвээрээ төдийгүй нэмээд арилжааны телевиз болчихож. Ялгаа гэвэл олон нийтийн  пайз зүүсэн. Захиалгат, төлбөртэй нэвтрүүлэг тоймоо алдлаа. Уг нь арилжааны телевизүүд шиг мөнгөнд бүү донт, битгий худалдагд гэж жил бүр татварын төлөгчдийн 7-8 тэрбум төгрөгийг өгдөг. (Тэд үүнээс 2-3 тэрбумыг гартаа ч барьдаггүй, нэвтрүүлгийг орон даяар шууд дамжихад зориулагддаг гэж гомдоллож байсан. Тэгвэл тэр мөнгөөр МҮОНТ-ийн оронд TV9 юмуу “25-р суваг” телевизийг орон даяар орой бүр шууд дамжуулаад юу хэлэхийг нь сонсох юмсан). Тэдэнд 40 жилийн түүхтэй бэлэн телевизийг байшин барилга, техник хэрэгсэл, хүмүүстэй нь өгсөн. 2008 онд 7 биш бүр 11 тэрбумийг хуваарилсан.  Тухайлбал, техникийн шинэчлэл хийхэд 2 тэрбум, дээвэр засах энэ тэрд хэдэн зуун сая, нийлээд 11 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл төсвөө 148 сая төгрөгөөр хэтрүүлсэн байх юм. Зөвхөн үүнийхээ төлөө Ерөнхий захирал хариуцлага хүлээх ёстой баймаар.

2009 оны эхээр МҮОНТ-ээс Хямралын эсрэг аян зарлаж орой болгон тусгай нэвтрүүлэг явуулж орон даяар цацсан цагийг тооцвол лав хэдэн арван сая төгрөгт хүрч таарна. Харин аянаа дүгнэхдээ (UB palace-д шоудаж) 30 гаруй сая төгрөг цуглуулснаа зарласан санагдана. Ядарсан ардуудын мөнгийг 500, 1000-аар татахын оронд багтаж ядсан төсвөөсөө ганц хоёр тэрбумыг хэмнэж хүүхдийн оношлогооны төвд зориулсан бол жинхэнэ хямралын эсрэг аян болохсон!

МҮОНРТ 2008 оны үйл ажиллагааны тайландаа төсөв санхүүгээ оруулахгүй тас нуужээ. Гэтэл Олон нийтийн радио, телевизийн хуульд зааснаар бол заавал төдийгүй дэлгэрэнгүй тайлагнах ёстой. (6.1. Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана: … 6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт; 6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт… ). Үндэсний зөвлөл үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ …. Нийлж нуулцах шалтгаан байна аа?

Тэд 2007-2008 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэх компаниар “Улаанбаатар аудит” корпорацийг сонгон авсан байдаг.  Харин хэдхэн хоногийн өмнө “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн шуудан”-гийн зочноор захирал Осоргаравыг нь урьж баахан сурталчилгаа хийлгэлээ.

Тал засахдаа мундаг юм аа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 9 Comments »