Ойрд телевизүүдээр зогсоо зайгүй үзүүлж байгаа ”Орбит” бохины рекламын энэ клип маш зугаатай санагдлаа.
Archive for the ‘Зар сурталчилгаа’ Category
Реклам: Нэрээ солиход ч бэлэн
Posted by tseren on 2009/11/13
Posted in Зар сурталчилгаа | 5 Comments »
Архи, пивоны компаниуд ба телевизүүд хуулийн хоригийг цуцлаад байна
Posted by tseren on 2009/07/14
Наадмаар согтууруулах ундааны сурталчилгаа телевизийн дэлгэцнээ сад тавьж найр болж хувирлаа. Яваандаа найр хавтгайрав бололтой, 22 цагаас өмнө ба 18 градусаас дээш “болохгүй” гэсэн хоригийг архи пивоны компаниуд ба телевизүүд “мэдээд” буюу тохиролцоод цуцалсан байх юм.
Наадмын хэдэн үдэш ихэнхдээ 22 цагаас өмнө“Жем Интернэйшнл”, UFC, “Морьтой Чингэс”, “Чингэс” (18 граудсаас зөөлөн архинууд юм байх даа?), “Жалам хар”, “Сэнгүр”, “Алтантүрүү”-гийн шинэ шинэ клипүүд эрээлжилж АПУ, “Спирт, бал бурам” болон бусад компаниуд баярын мэнд хүргэж сайхан наадахыг ерөөж салсангүй. Мэдээ сурвалжлаган сурталчилгаанууд зөндөө. Маргааш өглөө нь бүгдийг давтаж үзүүлэв. (Хуулиар бол 06 цагт зогсоох ёстой).
Сэтгүүлч Ш. Гүрбазарын “Алтантүрүү” архийг сурталчилсан клипэнд тоглож (олон нийтийн телевизийн хуулиар хориотой) арилжааны телевизүүдээр гаргасан орлого чамлалтай санагдсан бололтой наадам дууссаны дараа МҮОНТ-ийнхээ “Гэрэлтэй цонх”-он дээрээ лого тавьж байгаад бөхийн хууч дэлгэв. “Алтантүрүү” 40 градусын архи байснаа төрөл арилжиж шар айраг болсон юм уу?
P.S: MTC компанийн Ice брэндийн “бүтээгдэхүүн”-ийг наадмын өмнөхөн юутай хамтатгаж яаж сурталчилсныг мэдсэн үү? Таныг мэдээгүй өнгөрөх вий гэж санаа зовсон телевизүүд нөхөн үзүүлэхгүй хаачихав. Нэгэн зэрэг. Команд авсан мэт.
Posted in Зар сурталчилгаа | 2 Comments »
22 цагаас өмнө…
Posted by tseren on 2009/07/09
Бараг ижил зорилготой архи, [шар] айрагны компаниуд ба телевизийн эздийн лоббинд дуртайяа автсан УИХ-ын гишүүд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засварлаж өгснөөр 18-аас доош градустай согтууруулах ундаа, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ телевизээр бол 22-06 цаг, харин сонин хэвлэлээр долоо хоногт ганц удаа.
Эздэд энэ хамаагүй. Тэдэнд зөвхөн сиймхий хэрэгтэй. Урьд нь хуулийг зөрчиж дураараа сурталчилж ирсэн бол одоо “бараг” зөрчихгүйгээр хүссэн цагтаа, хүссэн градустай сурталчилгаа явуулах эрхээ олж авчээ. Хугацаа, градус хоёрыг хэтрүүлээ л биз…
Сонины хуудсууд архи, пивээр хэдийнэ нэвчсэн бол телевизийн дэлгэц дээр үзэгчдийн сайхан наадах эсэхэд санаа зовсон согтууруулах компаниуд ээлж дараалан байраа эзэллээ: Жем Интернэйшнл, UFC…. Морьтой Чингэс дээр юм байна. Маргааш ажилтай шүү дээ!!!… [Зүгээр] Чингэс … Хан тэнгэр шиг харчууддаа зориулав. Жалам хар… “Арвай” унаагүй байна шүү?…
Тэгээд ихэнхдээ 22 цагаас хамаагүй өмнө гарч байх юм. Нөгөө шинэхэн засагдсан хууль арвай шууд биш будаа болох нь тэр.
Манай арилжааны телевизүүд дүүрчээ. Тэгвэл олон нийтийн телевиз?
МҮОНТ-ийн 2009.07.06-ны хөтөлбөрт 18.25-18.55. “Дэлхийн бренд Монголд 2 жил” гэсэн нэвтрүүлэг зарласан нь “Тайгер” шар айрагны сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. Юм болгонд далдагнаж явдаг Ц.Ганхүү нэртэй “од” хөтөлж “Тайгер”-аар ивээн тэтгүүлсэн учраас үгүй гэх эрхгүй хэсэг хүмүүсийг шахаж баахан магтуулаад сүүлдээ яриандаа согтож “… Тайгер” үйлдвэр бол нийгмийн хамгийн хариуцлагатай компани … Тайгер Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж байна… Бидний зүгээс, үзэгчдийнхээ зүгээс “Тайгер” брэндийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэж төгсгөсөн. Тэрбээр өөрөө Тайгер хавьд ажилладаг байх шүү. Бас нэг нөхөр: “Сая УИХ-дээр 18 градусаар бага согтууруулах ундаагаар урлаг спортыг дэмжих хэрэгтэй гэсэн маш зөв санаа гарсан” гэж магтсан.
МҮОНТ-ийн 2009.07.09-ны хөтөлбөр. 18.30-19.30 “Анхны мөнгөн медальт” гэсэн нэвтрүүлэг орсныг үзтэл, “Сэнгүр” шар айрагны ямар нэгэн ой, бас Австралийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн үйл явдалд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.
Арилжааны ба олон нийтийн телевизийн хооронд ялгаа алга.
Posted in Зар сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Телевиз | 2 Comments »
Ер нь хязгаарлаад яах юм?…
Posted by tseren on 2009/06/26
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Зар сурталчилгааны тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж 18 хувиас бага градустай дарс, шар айргийг телевизээр оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл, харин өдөр тутмын сонинд долоо хоногт нэг нүүрний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр, харин вэб сайтаар зоргоороо сурталчлахыг зөвшөөрсөн тухай мэдээлэв.
Ийнхүү эрхэм гишүүд маань шар айраг, дарс уусан хүмүүс шууд гэртээ харьж унтдаг, харин 40 градусын архи уувал тас үсрэнэ, тэгээд архичин болно гэдгээ мэддэггүй тэнэг сонгогчдоо ухуулж сэнхрүүлэх шаардлагатай талаар эхний хундагнийх шиг сайхан үгсийг хаваржин урсгаж байгаад Монгол орны өмнө “асар тулгамдсан” уг асуудлыг эдийн засгийн хямрал, банкны дампуурал, Оютолгойн гэрээнээс өмнө хичээнгүйлэн шийдэж өглөө.
Анх хязгаартай сурталчлах хуулийн төсөл оруулж ирснээ яг хэлэлцэх болохоороо “Ер нь хязгаарлаад яах юм?” хэмээн дуугарч эхэлсэн. Хамгийн сүүлчийн хэлэлцүүлэг дээр Лу.Гантөмөр гишүүн “Сонинуудыг хагас нүүрээр хязгаарласан нь тэднийг хохироож байна” гэж гомдоллоход байнгын хорооны дарга Жакей “Асуудал цаашдаа нээлттэй“ гэж дэмжиж харагдсан. Захиалга өгсөн архины компанийн захирлууд ба хэвлэл мэдээллийн эзэд ч “энэ бол зөвхөн эхлэл” гэдгийг мэдэж байгаа. Зарим нь бүр тэгэж ярьж суусан.
Архи, тамхины сурталчилгаа бол бусад оронд халуун маргаан дэгдээж байж зөвшилцдөг асуудал. Харин манай УИХ ямар ч нотолгоо, тооцоо судалгаа үзүүлэхгүй, хуулийн төслийг олон нийтэд танилцуулж санал бодлыг сонсохгүй байсаар шийдлээ.
Хэвлэл мэдээлэл таг дуугүй байв. Эргэлзсэн ганц үг ч хэлэгдсэнгүй. Юу бичиж нийтлэхийг уншигч, үзэгч, сонсогчдын өмнөөс сэтгүүлчид биш зөвхөн эзэд, реклам захиалагчид шийддэгийн бас нэг нотолгоо.
Posted in Зар сурталчилгаа | 1 Comment »
Хэдхэн хоног тэсэхгүй байна
Posted by tseren on 2009/06/16
Алимтай “Хараа” нэртэй ууж хэрэглэдэг бүтээгдэхүүний сурталчилгааг зөвшөөрсөн хоёрын хоёр хуулийн өөрчлөлт өнөө маргаашгүй батлагдахаар дуншиж байгаа ч манай хэвлэл мэдээлэл “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” болж байх шиг. Аль хэдийнэ сонинуудыг дүүргэсэн алимтай “Хараа” одоо зарим телевизийн дзлгэцэн дээр хундаглагдах болжээ. Тэгэхдээ хууль батлагдсан ч хориотой байх учиртай 22 цагаас хамаагүй өмнө!
Олон нийтийн телевиз ч гэсэн энэ найрнаас хоцорсонгүй. 16-ны оройн хөтөлбөртөө “Шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн” гэдэг шинжлэх ухаанч нэртэй нэвтрүүлэг зоосон нь нь АПУ хувьцаат компанийн “Натур агро” хэмээх спиртийн үйлдвэрийн тухай сурталчилгаа байв. Тэр спирт нь хүний биед ямар ч хоргүй төдийгүй ашигтай гэсэн шүү! Улмаар АПУ-гийн зарим “бүтээгдэхүүн”-ийг магтсаар дуусгасан энэхүү эрүүл мэндийн нэвтрүүлгийг бүтээгчид нь нэрээ нуухаа мартаагүй юм. Бас “Цагийн хүрд”-ээрээ АПУ-г сурталчилгааг сурвалжлагаар явуулж даруулахаа ч мартсангүй.
Posted in Зар сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »
Алимтай “Хараа”
Posted by tseren on 2009/06/10
Өчигдөр өдөр тутмын зарим сонины тэргүүн нүүрэнд “Алимтай хараа” худалдаанд гарсан тухай сурталчилгааг нийтлэгджээ. Алим жимс харуулаад байхад л уншигчид ямар учиртай “бүтээгдэхүүн” болохыг шууд таньж байна. Жинхэнэ нэр нь алимтай “Хараа” юм шүү. Манайд согтууруулах ундааны сурталчилгаа ийм өндөр түвшинд хүрчээ.
Гэтэл УИХ-ын гишүүд багадаад байна гэж үзээд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулинд өөрчлөлт оруулж 18 градус хүртэлх шар айраг, бусад согтууруулах ундааг телевизээр үдшийн 22 цагаас 06 цаг хүртэл, сонинд долоо хоногийн нэг өдөр сурталчлахыг зөвшөөрөх гэж байна. Үүнийхээ төлөө байнгын хороодын хуралдаан дээр гайхалтай сонин зүйл ярьцгаав. Э.Бат-Үүл гишүүн “Манай хэвлэл мэдээлэл улс төрийн сонгуулиар л жаахан мөнгө олдог учраас худалдагдаад байгаа юм. Бага градустай архиар мөнгө олдог бол тэгэхээ болино” гэв. Шунах, согтуурах хоёрт хязгаар үгүй гэдгийг тэр мартжээ. 2012 оны сонгуулиар телевизийн захирлууд улс төрчдийн сарвайсан боодолтой мөнгийг “Уучлаарай. би шар айраг, бага градустай архинаас хангалттай мөнгө олдог” гээд буцаахыг харахаас. Ч.Сайханбилэг гишүүн “Би ардаа архины үйлдвэргүй, хэвлэл мэдээлэлд хувьцаа эзэмшдэггүй” гэж шударгаа гайхаад “Согтууруулах ундааны сурталчилгааг хоёрын хооронд хагас дутуу зөвшөөрөөд хэрэгггүй. Бүрэн чөлөөлөх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв. MCS-д нь ямар их таалагдаа бол?
Архи, шар айрагны үйлдвэрүүд, хэвлэл мэдээлэл эрвийх дэрвийхээрээ дэмжиж байна. Өчигдөр орой “25-р суваг” телевизээр “шар айраг”-ын Ганхүү согтууруулах ундааг хориглох нь буруу гээд 1930-аад оны Америкийн “хуурай хууль”-иар айлгасан бол өнөө өглөө UBS телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгээр “Чингэс шар айраг компанийн Очирхуяг захирал бас л дээрх санааг давтаж, бас чанартай “бүтээгдэхүүн”-ийхээ ач тусыг эрдэмтдээр яриулж өгөхөө амлав.
Хуулийн өөрчлөлтүүд УИХ-аар ямар ч саадгүй батлагдах нь тодорхой болжээ. Тун удахгүй 22 цагаас хойш телевиз болгоноор хүүхэд, залуучуудад зориулсан “соёлтой хэрэглээ”-ний дамжаанууд нээгдэнэ (Эсвэл тэднийг үдшийн үлгэр үзээд 21.59-д орондоо ордог гэж бодсон уу?). Тэгээд эрхэм гишүүдийг “Алимтай хараа юу, шар айраг уу?” нэвтрүүлэгт эрхэм гишүүдийг урих буйзаа.
Бүх архидалт соёлтой эхэлдэг.
Posted in Зар сурталчилгаа | 7 Comments »
Архины сурталчилгааг тэд мэднэ
Posted by tseren on 2009/06/02
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн З.Алтай, Р.Амаржаргал, Ж.Сүхбаатар, Д.Энхбат, З.Энхболд нарын хэсэг гишүүд санаачлан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг засварлаж пиво, хатуулаг багатай дарсыг шөнийн цагаар телевизээр сурталчлахийг зөвшөөрөх хуулийн төслийг боловсруулсан нь явсаар Хууль зүйн байнгын хороог давж УИХ-ын нэгдсэн хуралдаанд тулж очоод байна.
Эрхэм гишүүд төрийн бодлогын ямар агуу “чухал” асуудалд хууль санаачлах хүртлээ санаа зовов оо? “25-р суваг” телевизийн захирал З.Алтай архины рекламыг хүссэнээрээ явуулж чадаагүйгээс асар их орлого алдсан олон жилийн “шар”-аа ноднин УИХ-д оронгуутаа тайлж дээрх хуулийн төслийг санаачлан зүтгүүлсэн санагдана. Одоо бөөнөөрөө болжээ. Согтууруулах ундааны сурталчилгааг бүрэн хориглосноос болж далд аргаар сурталчилж, улмаар чанаргүй архийг ихээр ууж, согтуугаар гэмт хэрэг үйлдээд байна хэмээн тайлбарлаад одоо пиво, дарсыг шөнийн цагаар радио, телевизээр, харин сонин, сэтгvvлийн хэвлэлийн тодорхой хуудсанд сурталчлахыг зөвшөөрөх юм байна.
Энэ бол эхлэл, гэхдээ архины сурталчилгаа хавтгайрахын зөвхөн эхлэл. Хуулиар бүрэн хориглочихоод байхад өдөр, шөнөгүй сурталчилж чаддаг хүмүүст сиймхий гаргаад өгөхлөөр яаж дураараа дургих бол? Тэр цагт одоогийн “Сайн үйлсийн аян”, “Алсын хараатай амьдрал”, “Гуала бөглөө” сэлт хүүхдийн зугаа шиг санагдах болно.
Эрхэм гишүүд Афганистан руу цэрэг илгээх мэтийн дайн байлдааны том асуудлыг мэдээд шийддэг юмаа гэхэд архи, тамхийг иргэдтэйгээ “хуваалцмаар”. Тэдний зөвшөөрсөн сурталчилгааг шөнө үзэж өдөр уншин хүмүүжих учиртай жирийн согтуучууд, тэдний эхнэр хүүхэд, ээж аав нар гологдоод байвал эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагаас асуугаад үзээсэй. Их юм хэлэх байх шүү! Тэдэнд төслөө илгээж хэлэлцүүлэх, саналыг нь сонсох учиртай цорын ганц хууль энэ баймаар.
Мартсанаас, төрийн бодлогын ийм “чухал” асуудал дээр Г.Батхүү гишүүн хамтрахгүй хаачив?
Posted in Зар сурталчилгаа | 3 Comments »
10, 20, 30 дахь рекламыг хэн үзэх вэ?
Posted by tseren on 2009/01/16
Монгол дахь телевизийн мониторингийн хамгийн анхны бөгөөд одоогоор цорын ганц “Максима” агентлагаас зарим томоохон компанийн реклам, сурталчилгааны ажилтнуудыг урьж телевизийн рекламын зах зээлийн талаар ярилцлаа. Тус агентлагын судлаач Я.Хишигсүрэнгийн бэлтгэсэн танилцуулгыг түүний зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.
Оршил болгож зарим нэг тодруулга хийж санаагаа нэмэрлэе.
Монголын телевизүүдийн рекламын өртгийг үндсэн тарифаар бодвол 2008 оны эхний 10 сарын байдлаар 20,6 сая долларт хүрчээ. Гэхдээ телевизүүд ба компаниудын хоорондын гэрээний нөхцөл, хямдрал тодорхойгүй учраас бодит хэмжээ хамаагүй бага буюу 8 сая орчим доллар хэмээн тооцоолжээ.
Судалгаанаас үзэхэд манай телевизийн нэвтрүүлэгт зар сурталчилгааны эзлэх хэмжээ 15 хувьд хүрч байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад нэлээн өндөр үзүүлэлт юм. Ялангуя оргил цагт бүр их ногддог. Зар сурталчилгааны байршлыг авч үзэхэд 24-69 хувь мэдээллийн хөтөлбөрт ногдож байгаа нь сэтгүүл зүйн утгаараа гаж үзэгдэл. Уг нь мэдээлэл, сурталчилгаа хоёр харш. Гэтэл 2 цаг хүртэл үргэлжилдэг реклам-мэдээллийн хөтөлбөрүүд арилжааны бүх телевизийг эзэлжээ. (Зөвхөн олон нийтийн телевизийн 45 минутын “Цагийн хүрд” далд сурталчилгааг эс тооцвол нэг ч реклам агуулдаггүй. Гэхдээ МҮОНТ энэ тайланд хамрагдаагүй)
Ийм урт хөтөлбөрийг бүтэн үзэх тэвчээртэй хүн хэр олон байхав? Ихэнх нь реклам гарангуут сувгаа солино. Тэгэхлээр 10, 20, 30 дахь рекламыг хүмүүс маш бага үзнэ. Гэтэл компаниуд “Манай реклам оргил цагаар, мэдээллийн хөтөлбөр дундуур гарсан” гэж ойлгодог нь хууртаж байгаа хэрэг юм. Энэ бүхэн манай арилжааны телевизүүд эфирийн цаг, ялангуяа оргил цагаа үй олон рекламаар дүүргэж хялбар орлого олох боломжийг олгож байна. Нэвтрүүлэг, хөтөлбөр тэр хэмжээгээр багасна. Ингээд үзэгчид хохирч байгаа юм.
Телевизийн болон хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд хуулийн зохицуулалт хийх цаг хэдийнэ болсон байна. УИХ-ын гишүүн З.Алтай тэргүүтэй телевизийн холбооныхон ноднингийнх шигээ эсэргүүцэж сүйд болох биз, гэхдээ реклам захиалагчид буюу том компаниуд мониторингийн судалгааны дүнд тулгуурлан зохих шаардлага тавьдаг болох биз. Тэд мөнгөө салхинд хийсгээд байхыг хүсэхгүй. Харин үзэгчдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах нь тодорхойгүй.
“Максима”-гийн танилцуулгын төгсгөлд, монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлд оролцогчдын байдлыг олон улсын загвартай харьцуулан тодорхой санал дэвшүүлжээ. Үзээрэй.

Posted in Зар сурталчилгаа, Телевиз | 2 Comments »
Монголын телевизийн рекламын зах зээл 20,6 сая долларт хүрчээ
Posted by tseren on 2008/09/17
Монголын телевизүүдийн нэвтрүүлэгт байнгын мониторинг хийдэг төрөлжсөн байгууллага болох - “Максима” ХХК-иас телевизийн зар сурталчилгааны зах зээлийг олон улсынхтай харьцуулсан сонирхолтой танилцуулга бэлтгэснийг тус компанийн зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. (“Максима” ХХК. Утас: 98118887, И-мэйл: khishigsuren@maxima.mn)
Энэхүү танилцуулга нь өргөн нэвтрүүлгийн буюу нийслэл Улаанбаатар хотоос эфирээр цацагддаг 12 телевизийн бүх нэвтрүүлгээс зар сурталчилгаа болгоныг бүртгэж үргэлжлэх хугацааг хэмжин дүнг нэгтгэсэн тоон мэдээлэл дээр тулгуурласнаараа үнэ цэнэтэй юм.
Нийт 20 слайдын зураг байгааг дор үзнэ үү.
Posted in Зар сурталчилгаа, Телевиз | 7 Comments »
“Нөгөө тэмээ чинь нулимдаг гэж байншдээ…”
Posted by tseren on 2008/06/07
Бид орой болгон телевизээр хэдэн арван реклам үздэг. Давталтыг тооцвол хэдэн зуу болох биз. Гэхдээ санаанд үлдэж хоцордог нь маш цөөн. Харин хэдэн жилийн гарч байсан, өнгөрсөн хавраас дахин үзүүлж байсан энэ реклам надад таалагддаг шүү.
- Хөдөө нутагт анх удаа ирж байгаа юм аа даа – Яасан ч ганган залуу вэ дээ.
- Тийм ээ ….
Posted in Зар сурталчилгаа | Leave a Comment »








