АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Хот төлөвлөлт ба газар олголт’ Category

Хэлмэгдэгсдийн талбай …

Posted by tseren on 2009/10/17

Helmegdegsdiin hushuunii urd

Улаанбаатарт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэр зэрэг 54 байршилд газар олгохгүй байх жагсаалтад Монголын үндэсний түүхийн  музейн урд талын хэлмэгдэгсдийн талбай орсон билээ.  Барилга барих тухай бодож ч зүрхлэхгүй газрыг Нийслэлийн ИТХ-аас өршөөж шоудсан нь сонин. “За яахав, бид харж үзээд энд чинь барилга барихаа болилоо шүү” хэмээн  ихэрхээд ч байгаа юм шиг… 

Өнгөрсөн арваад жилд цэцэрлэгт хүрээлэн, зүлэг мод, хүүхдийн тоглоомын талбай, явах замаа хүртэл алдаж хэлмэгдсэн нийслэлийн иргэдэд зориулсан хөшөө  биш юмаа гэхэд самбар босгох жижигхээн талбай нийслэлд олдох болов уу?

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | Leave a Comment »

Даапаалав

Posted by tseren on 2009/10/04

Саяхан нийслэлийн ИТХ-аас хойшид ГАЗАР ОЛГОХГҮЙ БАЙХ 54 БАЙРШЛЫН ЖАГСААЛТ гаргасныг үзэхэд тэд иргэдээ даапаалж байх шиг санагдаад явчихав. Энд тэндээс нь хэмлэсээр байгаад дахиж олгох зай талбай огт үлдээгүй, эсвэл тэртээ тэргүй олгох ёсгүй нийтийн эзэмшлийн  хэдэн талбай, цэцэрлэгт байгууламжуудыг жагсаасан байх юм. Дэндүү ил учраас тэр биз. Тэгсэн мөртлөө сургууль, цэцэрлэгийн болон СӨХ-ийн гаднах талбайг тэр чигээр нь орхижээ.

Зарим нэгийг сонирхъё.

- Их жанжин Сүхбаатарын талбайд газар олгохгүй гэжээ Монгол улсын төв талбай дээр газар олгоно гэж ямар эрүүл хүний санаанд орох вэ? Харин манай хотын дарга нарын толгойд хэдийнэ ороод, тэндээ нуугдаж байгаад дөнгөж сая гарав бололтой. Гэхдээ хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн хучилтыг хятад компаниар солиулахдаа талбайн гуравны нэгийг урд талаас нь сэмхэн үлдээснийг бид анзаардаггүй. Нэг мэдэхэд хашаалаад ямар нэгэн юм барьж эхлэнэ дээ.

- Барилгачдын талбай дээр бариулахгүй гэнэ. Тэр талбайг Барилгачдын хөшөө нэрээр дороо гарааш, хажуугаараа ресторан, зоогийн газартай байгууламж хэдийнэ эзэлсэн.

- СУИС-ын урд талбайд дээр бариулахгүй гэжээ. Тэнд машины багахан зогсоол харагддаг, харин ямар ч талбай байхгүй.

- Монголын үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн талбайд бариулахгүй гэнэ. Машины замыг хааж барихыг санаархахгүй юм бол тэнд өчүүхэн төдий ч зай байхгүй.

- Нийслэлийн Ардчилсан намын байрны хойд талын С.Зоригийн хөшөөтэй талбай гэжээ. Тэнд хөшөө байгаа нь үнэн, харин талбай байхгүй.

- 19-р хорооллын Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай гэжээ. Тэр жоохон талбай (үнэн хэрэгтээ талбай биш, П үсэг хэлбэртэй барилгын завсар шүү дээ)  дүүртэл баригдчихсан байгаа.

- МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны талбай. Хэдийнэ баригдаад эхэлчихсэн. (“Бас нэг шовгор”-ыг үз)

- 23-р сургуулийн урдах Б.Явуухулангийн нэрэмжит талбайд бариулахгүй гэжээ. Уг талбайг тохижуулах нэрээр зөвшөөрөл өгөөд өндөр гэгчийн хашаагаар таглуулан том барилгын суурь ухуулж эхэлснээ тэд сайн мэдэж байгаа.  Сайхан жүжиглэж байна аа!

Цаашилбал, ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод мужид бариулахгүй гэнэ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэртэй том дарга нар хүссэн ч бариулах эрхгүй. Улсын Их дэлгүүрийн урдах талбайд бариулахгүй гэнэ. Тэр чинь УИД-ийн үргэлжлэл. Ёстой л нөгөө “хүний юмаар хүүдэгнэнэ” гэгч болохнээ.

Гэх мэтээр та байршил болгоныг төсөөлөөд үз дээ. 54 байршлын жагсаалтыг дор сийрүүлэв.

Read the rest of this entry »

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | 6 Comments »

Бас нэг шовгор…

Posted by tseren on 2009/09/25

Саяхан нийслэлийн удирдлага хуралдаж хотын төв хэсэгт дахиж нэг ч барилга бариулахгүй, тэр тусмаа нийтийн эзэмшилд үлдсэн цөөхөн зай талбайг амь биеээрээ хамгаалах болсноо зарласан юм. Гэтэл тэд хэнд юуг өгч авахаа цаагуураа хэдийнэ жин тан болгочихоод наагуураа тормолзож суугаа нь тэр аж.

Хэдхэн хоногийн өмнөөс МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд, Мэдээллийн технологийн үндэсний паркийн хойно, Оюутны нэртэй аятайхан талбай дээр нэр нь үл мэдэгдэх компани амжуулж өгч байна аа…

Ээлжит шовгор энд сүндэрлэснй дараа Оюутны талбайн үлдэгдлийг юу гэж нэрлэвэл зохилтой вэ? Ikh surguuliin urd

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | 5 Comments »

120 мянгат: Айлын цонхыг тагласан зочид буудлын барилга

Posted by tseren on 2009/08/16

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын 14, 15-р байрны урд барьж байгаа G.M.V зочид буудлын 13 давхар, түүний залгаа 2 давхар барилгууд айлуудын цонхийг таглан баригдаад дуусчээ. Тухайлбал, нэгэн айлын цонх ийн таглагдсан байв.

xix-adore-1 Read the rest of this entry »

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | 3 Comments »

Төмөр замын арктай шар …

Posted by tseren on 2009/08/16

Би “Хот төлөвлөлт ба газар олголт” булан нээж нийслэлийн барилга байшин, гудамж, зам талбайн байдал,  газрын маргаан зөрчил, хот төлөвлөлтийн алдаа завхралыг ажиглаж тодорхой баримт, жишээг нийтэлж байхаар шийдлээ.

Эхнийхийг танилцуулья.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, төмөр замын “арктай шар” гэгдэх орон сууцны нүүрэн талд, усан оргилуур, мод, цэцгийн мандал бүхий тохижуулсан жижигхэн гурвалжин дээр “Халиун толгой” компани олон давхар барилга барихаар суурь ухаж хашаа босгож эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн маргаан тэмцэл 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна.  

Та харж байна уу? Энхтайвны өргөн чөлөө рүү харсан “арктай шар”-ын айлуудын цонхыг 10 давхар барилгаар таглаж болно гэж үү?

tumur_zam_arktai_bair Read the rest of this entry »

Posted in Хот төлөвлөлт ба газар олголт | 1 Comment »