Archive for the ‘НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ’ Category
Posted by tseren on 2009/11/24
Би эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Ямар Куба, Хойт Солонгос биш дээ.
МУИС-ийн 2-р байрны 3-р давхарт оюутнууд торны цаанаас Интернэтэд орж байх юм Энд хувилж олшруулах үйлчилгээ явуулдаг цэгийн эзэд оюутнуудыг төдийлөн таашаадаггүй мэт санагдлаа. Өөрсдөө байшин дотор байшин буюу ТҮЦ барьж суурьшаад зөвхөн жижигхэн цонхоор харьцдаг төдийгүй борлуулдаг номнуудаа шилний цаанаас, харин Интернэтийг давхар торны цаанаас үзүүлэн орлого олж чаддаг аж. Ёстой нөгөө “Шилний цаанаас долоолгов”.
Компьютер болгоны дээр “Хулгайчаас эд зүйлсээ болгоомжил!” хэмээн дурайлгажээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын халаас цүнхэнд санаа тавихаас өөр санаа зовох юм байна шүү!
Оюутнуудын хувьд компьютерийн урд суух мэтийн “хэт тансаг” юм бодолтгүй. Интернэтээс татаж авсан файлаа флашанд хуулж авмаар санагдаж жижиг цонх руу аймшиггүйгээр очиж шагайвал компьютерийн ханиад томуу яриад буцаах биз. Иймээс компьютерийн хулгана, гар хоёрыг нүхээр шургуулан хэрэглүүлж байгаа нь их юм гэж бодохоос.

Read the rest of this entry »
Posted in ИНТЕРНЭТ, НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 15 Comments »
Posted by tseren on 2009/11/07
Энэ бол “Тэди” төвийн өөдөөс хараад өглөөнөөс орой болтол яриулдаг, суурин шахуу болсон цагаан утасны цэг. ”Мобиком”-ын орлогоос дусал дуслаар хумслаад байгаа мэт харагдавч тэр дуслын хагас нь буцаад ”Мобиком”-д орно. Утас нь “Мобиком”-ынх.

Read the rest of this entry »
Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 3 Comments »
Posted by tseren on 2009/11/03
Америкийн автомашины General Motors, Crysler, Ford мэтийн аваргууд Детройт хотноо төвлөрдөг юм гэсэн. Улаанбаатарын жижиг худалдаачид Нарантуулд захад шавааралдаж, эмийн бөөний төвүүд 50 мянгатад, барилгын материалын дэлгүүрүүд Зуун айлд, автомашины засварууд Их тойруугийн дагуу жагсаж, нүдний шилний газрууд Урт цагааныг барааддаг нь тус тусдаа учиртай байж таарна.
Гар утасны бяцхан цэг ажиллуулдаг энэ хоёр эмэгтэй өрсөлдөгч мөртлөө хоёр тийшээ тарж биш зэрэгцэж суусан нь олон шалтгаантай биз. Тэдгээрийн нэгийг би анзаарлаа: утсаар яриулах зав чөлөөндөө энэ тэрийг хөөрөлдөнө.

Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | Leave a Comment »
Posted by tseren on 2009/10/30
Хэд хоногийн өмнө Улаанбаатарын гудамжинд цагаан утсаар үйлчилдэг хүмүүсийн зургийг цуврал болгон нийтэлж эхэлсэн чинь нэгэн уншигч “хүний зургийг зөвшөөрөлгүй авч тавьдаг ёс зүйгүй” хэмээн намайг ичээсэн байна. Харин тийм учраас нүүрийг эгц харуулахгүй, эсвэл холоос авсан санаатай юм аа. Бид ийм мэдрэмжтэй бол сайн хэрэг, гэхдээ зураг дарахын тулд дуранд өртөж мэдэх 10, 20, 30 … хүн тус бүртэй хэлэлцээр хийж эхэлбэл дэндэнэ ээ. (Манай нэг хуулинд тиймэрхүү, гэхдээ хэрэгждэггүй заалт бий байх шүү).
Нэг талаас, гудамжинд гарч үйлчилгээ эрхэлнэ гэдэг бол нээлттэй хүн болно гэсэн үг. Ичих юм байхгүй. Бусдын хүч, хөдөлмөрөөр амьдрахаас хавьгүй илүү нэр төртэй. Харин соёлтой, цэвэрхэн … гээд шаардлагууд тавигдах учиртай. Үнэндээ хөдөлгөөнт үйлчилгээний цэг юм шүү. Тэдэнд зориулсан хөнгөхөн тавиур, сандал байж яагаад болохгүй гэж? Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг юмны нэг ”хүн-утас” байх шүү.
Нөгөө талаас, ялангуяа эмэгтэйчүүд нүүрээ нуусхийж суудаг болохыг анзаарсан.
Ингээд дахиад нэг зургийг нийтлээд үзье. Дээрх шүүмжлэлийг хүлээн авч энэ эмэгтэйн нүүрийг огт харагдуулаагүй шүү. (Харин түүнээс тамхи, бохь авч зогссон хэсэг оюутан хэлмэгдчих шиг боллоо. Би тэднээс мэдээж зөвшөөөрөл аваагүй. Яах ёстой байснаа сайн мэдэхгүй л байна)

Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 4 Comments »
Posted by tseren on 2009/10/29
1980-аад оны дундуур Иран-Иракийн дайны ээлжит тулалдаанд алагдсан иран цэргийн бугуйнд байсан электрон цаг хэдэн сарын дараа ч зогсолгүй эзэндээ дохиолсоор байгааг барууны нэгэн сурвалжлагч бичсэнийг гэнэт саналаа.
2009 оны 10-р сарын 27-ны өдөр нийслэлийн 4-р цахилгаан станцын зүүн зам дээр “Анод” банкны буюу тус банкны лизингтэй “Хюндэй” маркийн 95-34 УББ улсын дугаартай авто машины бензин дуусч улмаар жолооч О нь тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсоож банкандаа савнаас бензин хийж байханд нь араас ирж явсан Апекс грүпийн 43-13 УБЗ улсын дугаартай “Хюндэй” маркийн хүнд даацын авто машин дайрч амь насыг нь хохироосон тухай сурвалжлагыг TV9 телевиз үзүүлэв. Дайрсан жолооч (хагас ухаантай явж харагдав) хурд хэтрүүлсэн, харин амиа алдсан жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй буруутай гэнэ.
Нэгэнт өнгөрчээ. Харин сэтгүүлч сурвалжлагынхаа төгсгөлд “цогцсыг бүтээсэн байхад халаасан дахь гар утас нь тасралтгүй дуугарсаар байлаа” гээд “утсаа аваач ээ” хэмээн нэхэх мэт жингэнэх тэр аяыг сонсгоход өнчирч хоцорсноо хараахан мэдээгүй ар гэрийнхэн нь нүдэнд харагдах шиг болов.
Хэлэх үг алга аа.
Posted in TV9 телевиз, НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 5 Comments »
Posted by tseren on 2009/10/25
Улаанбаатарын гудамжаар нааш цааш явж, эсэхүл хаа нэгтээ сууж үйлчилдэг цагаан утастай хүмүүсийг дүр зураг надад сонин санагддаг. Иймээс тааралдахаараа хааяа зургийг нь дардаг юм.
Харилцаа холбооны хамгийн шинэ технологи CDMA, GSM-ийг ашигладаг, тэгсэн мөртлөө биеийн хөдөлмөр, дээрээс нь аливаа бизнест хамгийн чухал гурван зүйл - нэгдүгээрт, байрлал, хоёрдугаарт, байрлал, гуравдугаарт байрлал гэдгийг дээд зэргээр мэддэг хүмүүсийн эрхэлдэг ер бусын үйлчилгээ. Манайх шиг “сая хүнтэй” дэлхийн зиндааны хотуудад лав алхам тутамд байх учиртай таксофоныг тэд 99 хувь орлохоор барахгүй 100 хувь илүү. Гараа даллахад хүрээд ирдэг, зам дээр гацчихсан машины цонхоор ороод ирдэг таксофон гэж та сонссон уу?
Дутагдал нь гэвэл олон хүний ам хүрдэг тул цэрвэмээр. Эйч 1 Эйн 1-ийг сануулья.
Хэдэн жилийн өмнө дангаараа явдаг жинхэнэ хүн-утаснууд зонхилж байсан бол өнөөдөр хаа нэгтээ сууж хажуугаараа өнгөрснийг яриулаад, тамхилаад (бүр асааж өгдөг!), аманд нь чихэр хүлхүүлж бохь зажлуулаад үддэг бяцхан үйлчилгээний цэгэрхүү утаснууд давамгайлах болжээ.
Хэзээ нэгэн цагт ийм хүн-утас үгүй болж зөвхөн зурган дээр үлдэх буйзаа.
[Урьд нь авсан зургууд байх учиртай, дараа оруулья. Бас шинэ зураг оруулж байя. Иймээс "цуврал" гэв]

Read the rest of this entry »
Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 6 Comments »
Posted by tseren on 2009/09/18
Сүүлийн хэдэн өглөө хаа нэгтээгээс ирсэн хэдэн жаал энэ гараашийг бараадан намрын бүлээн наранд ээж нойр авдаг болов. Зэргэлдээх сургуулийн хүүхдүүд хажуугаар гүйлдэн хичээлдээ орж, машины эзэд гараашаа онгойлгон унаандаа сууж одохыг жаалууд үл анзаарна. Биш ээ, тэд жаалуудыг үл анзаарна. Нар нэлээн дээр гарсан хойно сэрцгээж хаашаа ч юм шулганалдан одох юм …

Read the rest of this entry »
Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 3 Comments »
Posted by tseren on 2009/09/06
Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдийн хамгийн хөгжилтэй явдлууд, бас зугаатай яриа мэдээж 6 настай шинэ сурагчдаас гарч байна.
- [Уйлж байгаа сурагч] Аав орж ирэхгүй байна… Гадаа байгаа…
- Ээжийгээ санаад байна …
- Намайг ухаантай болгож өгсөн ээж аавдаа баярлалаа.
[Сургуульд сурахад юу нь гоё байна? гэсэн сурвалжлагчийн асуултанд] Хоол идэх нь гоё…
Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 1 Comment »
Posted by tseren on 2009/07/14
Нэг бөх нөгөөдөө “чи намайг боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гоморхсон тухай онигоо байдаг. Тэрбээр гуравдугаар анги, нөгөөдөх нь дөрөвдүгээр анги төгссөн байж.
Саяын наадмын хоёр дахь өдрийн өглөө соёолон морины уралдааныг Хүй долоон худгаас шууд дамжуулсан UBS телевизийн хоёр тайлбарлагч морьд барианд орохыг сэтгэл өндөр тайлбарлаж дуусангуутаа нэг нь багширсан олон хүн амьтныг сая анзаарч:
- Өнөөдөр Хүй долоон худагт лав хагас сая хүн цугларч сайхан наадлаа гэж дүгнэв.
Хэдийгээр соёолонгийн тоосонд даруулах дуртай ч нийслэлийн сая гаруй хүн амын тэн хагас тэнд оччихсон бужигналдсан гэхэд итгэмээргүй. Нөгөө тайлбарлагч нь бас итгээгүй бөгөөд залруулж
- Өнөөдөр энд сая гаруй хүн цугларч сайхан наадлаа гэх нь тэр.
Сайхан наадсан нь үнэн байх, гэхдээ тэр өглөө нийслэл эзгүйрсэн байж таарах уу?
Баримжаа гэж нэг юм байдаг даа…
Posted in 2009 оны наадам, UBS телевиз | 1 Comment »
Posted by tseren on 2009/07/14

Бараг телевиз болгон шууд дамжуулсан наадам өндөрлөв. Хэдэн зуун сурвалжлагчийн хараа чих, тэр дундаа гэрэл зурагчдын дуранд өртөөгүй хүн амьтан, дуу чимээ, үйл хөдлөл Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт нэг ч үлдээгүй тул сонин санагдаад баахан дарсан хуушуурын хаягаар дагнахаар шийдэв.
Энд ирж хуушуурдсан олон хүн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ивээл дор “ардчилсан сонголт” хийжээ. Харин ардчилсан ерөнхийлөгч маань ард түмнийхээ дунд орж ганц хоёр хуушуур идсэн бол зүгээр байж. Америкийн ерөнхийлөгч Обама гэр бүлээрээ Макдональдс орж томоос том хамбургер зооглосныг санаж байна… Read the rest of this entry »
Posted in 2009 оны наадам | 8 Comments »
Posted by tseren on 2009/03/11
Өнөөдрөөс төвийн нутгаар шуурч байна. Нийслэлийн энүүхэнд хэдэн зуун машин цасанд боогдож, зарим аймагт малдаа явсан хүүхдүүд төөрч сураггүй болсныг онцгой байдлынхан хайж байгаа тухай мэдээ ирсээр… Гэхдээ хэд хоногоос тэнгэр цэлмэж энэ бүхэн мартагдана.
Цагаан сарын өмнөхөн зүүн болон төвийн нутгаар гэнэт хүйтрэн их цасан шуурга тавьж хэдэн хүний амийг авч одсоныг бол таг мартсан.
Вильям Шекспирийн “Ромео, Жульетте хоёр” гэж жүжиг, түүгээр бүтээсэн киног үзээгүй хүн үгүй биз. Дундаж зууны Италид бие биедээ дайсагнасан хоёр гэр бүлийн залуу, бүсгүй хоёрын хайр сэтгэлийн түүх. Олон үйл явдлын дараа Жульетте гэрээсээ зугатахын тулд түр зуурын хор ууж ухаангүй хэвтэж байхыг холоос ирсэн Ромео хараад үхсэн байна гэж ойлгон гашуудсаар жинхэнэ хор ууж үхэтхийн унана. Удалгүй Жульетте сэрж Ромео үхсэнийг хараад хутга авч амиа егүүтгэнэ… “Үүнээс эмгэнэлтэй түүх энэ хорвоод үгүй” хэмээн уг зохиол төгсдөг санагдана.
2-р сарын 17-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд ганц гэрээр өвөлжиж байсан малчин айлын нөхөр нь хот орсон, харин гэртээ 34 настай эхнэр гурван хүүхдийн хамт үлдсэн байж. Цасан шуурга эхэлж хоттой хонь уруудахад 17 настай хүү тогтоохоор гарчээ. Түүнийг ирэхгүй удсанд сэтгэл түгшсэн эх хэдий нялх биетэй ч тэссэнгүй. Дөнгөж ганцхан сартай нялх үрээ өлгийдөж дээрээс нь сайтар хучиж орхиод таван настай хүүхдээ авч нохойгоо дагуулан хойноос нь явжээ. Энэ хооронд том хүү малаа олоогүй ч айл таарч эсэн мэнд хоносныг хөөрхий эх мэдэлгүй явсаар шуурганд төөрч гэрээсээ 10 гаруй км-ын цаана хүүхдээ тас тэвэрсээр хоёулаа осгож амиа алджээ.
Одоо үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?
Маргааш хотоос ирсэн нөхөр нь гэртээ оронгуутаа учрыг мэдэж хүмүүст хэл дуулгахад эрлийн баг гарч хайсаар хоёр өдрийн дараа цасан дороос олсон ч …
Харин бид үхэр жилийн шинж, сайн малчны малын тоо, хямрал, долларын ханшын зөрүүний таван төгрөг, Оюутолгойн гэрээ мэтийн жижиг сажиг юм ярьсаар дараачийн шуургатай золголоо.
Posted in НИЙГЭМ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ | 12 Comments »