Archive for the ‘ИНТЕРНЭТ’ Category
Posted by tseren on 2009/05/22
Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.
Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.
Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.
Тэгтэл www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм. Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)
Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.
(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ | 7 Comments »
Posted by tseren on 2009/05/10
Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны албан ёсны сайт www.enkhbayar.com байгаа нь сонин санагдлаа. Тодруулбал, mn ба сom сайтуудын аль алиныг авч чадаагүй, ингээд гадаад хүмүүсийн эзэмшдэг энэ хаягаар сайтаа байрлуулжээ. Эзэдтэй нь тохиролцсон биз. Тэр эзэд нь Монголд бизнес эрхэлдэг (лав 40 мянгатын “Амстердам” бар) голландчууд бөгөөд одоо ч нэр дээрээ байлгасан хэвээрээ. Харин Элбэгдорж бас www.elbegdorj.mn ба www.elbegdorj.com гэсэн домэйн нэрүүдийг давхар эзэмшиж одоо аль аль хаягаар сурталчилгааныхаа ижилхэн сайтыг байрлуулсан байна.
Үүнээс үүдээд манай улс төрчид өөрсдийн нэртэй домэйныг эзэмшдэг эсэхийг сонирхлоо. Монголд нэг ижил нэртэй хүн хэдэн мянгаар тоологдох тул зөвхөн том дарга, улс төрч эзэмших албагүй ч тэд бусдаас илүү өөрсдийгөө сурталчлах шаардлагатай учраас өрсөөд авчихсан байх магадлалтай. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд С.Баярынхыг үзвэл (www.bayar.mn) аль эрт алдчихсан нөхөр байна. Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл яана? Харин өнгөрсөн сонгуулиар www.sbayar.mn сайт ажиллуулсны (одоо хаагджээ) домэйн нэрний эзэмшлийг сонирхвол Оршихийн Сумъяабаатар гэж хүний нэр гарч ирлээ.
Бас ноднингийн УИХ-ын сонгуулиар www.batbold.mn хаягаар гадаадад төгссөн, гадаад харилцааны мэргэжилтэй, тэгээд Гадаад хэргийн сайд, бас лиценз зэрэг энэ байтугай ховор юмыг сэмхэн цуглуулдаг Сү.Батболдынх биш, харин “хөдөөнөөс ирсэн” уяач гишүүн Су.Батболдынх байгаа нь сонин санагдаж билээ. Цааш ухвал www.batbold.mn-ын жинхэнэ эзэн хоёр Батболдын алин ч биш, харин Цэдэнбалын Ариунбаяр гэж хүн байна. (Гэхдээ Сү.Батболд гишүүн www.subatbold.mn сайт нээсэн байсан ч одоо хаагджээ)
Манайд домэйн нэр түрээсэлдэг бизнес улс төрчдөөс эхэлж байх шиг.
Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ | 1 Comment »
Posted by tseren on 2008/12/08

Хоёр долоо хоногийн өмнө сэргэсэн МҮОНРТ-ийн www.mnb.mn сайт тэргүүн нүүрэндээ хуучин мэдээтэй, телевизийн долоо хоногийн хөтөлбөрийг эс тооцвол булангууд нь хов хоосон байгаа. Гэхдээ энэ сайтаасаа бүх нэвтрүүлгээ ямар ч төлбөр хураамж нэхэхгүйгээр шууд үзүүлдэг болжээ. Үүгээрээ нэвтрүүлэг болгондоо тоолуур тавьж мөнгө нэхэж эхэлсэн, эсвэл Интернэт телевиз, live энэ тэр гэж худлаа залдаг арилжааны зарим телевизийг давж гарлаа. Одоогоор UBS телевиз нэвтрүүлгээ шууд гаргадаг ч гацаа ихтэй учраас “ядаргаатай” санагдсан.
Тэгвэл МҮОНТ-ийн хөтөлбөрийг ганц секундын саатлыг эс тооцвол ямар ч гацаагүй тод сайхан гарахыг хэдэн оройн турш үзэж байна. Сайт хийдэг сайн компанийг сонгож техникийн асуудлыг амжилттай шийдэв бололтой. Мөн FM-ын 106.0 долгионоор явдаг Монголын үндэсний радио, 100,9 долгионы эзэлсэн P3 радиогийн нэвтрүүлгийг ч бас л шууд сонсгож байна.
Ингээд МҮОНРТ яг өнөөдөр Интернэт радио, телевиз болчихсон байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэж байгаа нэвтрүүлгийг эздэд нь (дарга нарыг хэлээгүй юм шүү) ингэж үзүүлэхэд болохгүй нь юу байхав. Монголынхоо телевизийг зөвхөн Интернэтээр үздэг монголчуудад тун ч хэрэгтэй. Үүний зэрэгцээ “Гэрэлтэй цонх” хөтөлбөр гадаадад суугаа монголчуудын тухай булантай болсон байна.


P.S: МҮОНТ, радиогийн нэвтрүүлгийн сайн мууг энд огт хөндөөгүй юм шүү.
Posted in ИНТЕРНЭТ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »
Posted by tseren on 2008/11/26
МҮОНРТ-ийн www.mnb.mn сайт 2008 оны 1-р сарын 14-нээс хойш шинэчлэгдэлгүй бүтэн жилийг үдэх шахсанаа сая сэргэж ажиллаж эхэлсэн байна. Одоогоор эхний нүүрний хэдэн мэдээ, нэвтрүүлгийн хөтөлбөрийг эс тооцвол бусад хуудсууд хов хоосон байна. Бас МҮОНТ-ын нэвтрүүлгийг шууд үзүүлж байсан боловч сүүлдэээ гацаад таг болчихов.
Өнөөдөр UBS, TV5, TV9, 25-р суваг, НТВ гээд арилжааны гол гол телевизүүд аль эрт сайтаа байгуулж түүгээр дамжуулан өөрсдийгөө сурталчлаад зогсохгүй мэдээлийн хөтөлбөр, нэвтрүүлгээ зарж мөнгө олж эхэлсэн билээ. Тэгвэл олон нийтийн телевизэд сайн сайт хэд дахин илүү хэрэгтэй.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд “МҮОНТ нь үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:
6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;
6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;
6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;
6.1.4. ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;
6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал” гэж заасан байдаг.
Ийм тайлан өдөр тутмын сонинд нэг удаа гарсныг би үзсэн, харамсалтай нь илтгэл, танилцуулга тал руугаа хэвийсэн, бас санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт гэх хэлэхээр юм олдоогүй. Сонин дээр дэлгэрэнгүй гаргахлаар их мөнгө төлдөг гээд олон нийтийн мөнгийг хэмнэсэн бол сайтдаа тавьчихмаар.
Яг өнөөдөр жирийн үзэгчид, олон нийтийн зүгээс МҮОНТ-тэй холбогдолтой мэдээлллийг хүссэн цагтаа авах, нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулгыг үзэх, бас тэднийг Үндэсний зөвлөлд хэн хэн төлөөлж “хаагуур, ямар юмаа хийж яваа”-г мэдэх боломж алга байна. Сайтын өмнөх хувилбар дээр “МҮОНТ-ийнҮндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавын “Илгээлт” гэсэн их зантай мэндчилгээнээс өөр юу ч байгаагүй.
Одоо www.mnb.mn сайт МҮОНТ-ийг үргэлж ил тод байлгах цонх болоосой.
Posted in ИНТЕРНЭТ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »
Posted by tseren on 2008/11/24
Монголд хэвлэгддэг сонинуудын нийтлэл, нэвтрүүлгээс хамаг сонирхолтойг нь авч тавьдаг вэб сайтууд нэлээд хэдэн жилийн өмнө гарч ирсэн билээ. Эхэндээ хилийн чанадад суугаа монголчуудад уншигдажх болсондоо сонины эзэд дуртай байсан биз. Гэтэл яваандаа хуулагч сайтууд тоймгүй олширч тэдний нэг – www.olloo.mn гэхэд компани байгуулж хувьцаа гарган хөрөнгийн биржээр борлуулж сүүлдээ реклам сурталчилгааг нь булааах болсон тул өнгөрсөн долоо хоногт Монголын сонинуудын холбоо ба Монголын өдөр тутмын сонинуудын холбоо мэдэгдэл гарган хэвлэлийн хурал зарлаж “бидний тэвчээр барагдлаа. Одоо болсоон” гэж мэдэгдсэн билээ. Сайтууд “бид хулгайлаагүй, гэрээ байгуулаад авч байгаа” хэмээн няцаахыг оролдож байгаа ч тэдний ихэнх цаасан сониныг хуулж амьдардаг, гэрээ хэлэлцээртэй зарим нь сонинуудад юу ч төлдөггүй нь үнэн юм. Сонины эрхлэгч нар урьд байгуулсан ганц нэг гэрээгээ тэр өдөр цуцалсан байна.
Сонинууд ба сайтуудын хооронд ийм маргаан үе үе дэгддэг боловч төдөлгүй гэрээ байгуулсан нэрээр эвлэрдэг байсан бол энэ удаа тэгэхгүй байх. Дэлхий даяар сонины хувь ширхэг аажмаар боловч тасралтгүй буурч сонин хэмээх мэдээллийн хэрэгсэл хаа сайгүй байр сууриа алдах болсон тэр хандлага манайд мэдрэгдэж байна. Сүүлийн 10-аад жилд өдөр тутмын сонинуудын нэр төрөл олширсон хэрнээ хувь ширхэг нь өсөхөө больсон. Тэгтэл улс төрчид өгөөмөр аашилж мөнгөөр угждаг сонгуулийн энэ удаагийн цикл үндсэндээшувтарч хэдэн арав, хэдэн зуун мянгаар тусгай дугаар захиалахаа болив. Ядаж байхад эдийн засгийн хямрал эхэлж ирэх оны төсвөөс УИХ-ын гишүүд болон яам, агентлагийн удирдлагын өдөр тутмын хэвлэл захиалгын зардал 35.1 сая төгрөгийг хасчихсан. Сонины эзэд бухимдах нь аргагүй.
Уламжлалт сонинуудад Интернэт халтай мэт боловч түүнд дасан зохицохоос өөр арга байхгүй. Улам олон уншигч үйл явдлын мэдээг цаасан дээрээс биш компьютерийн дэлгэцээс уншихыг илүүд үзэх болжээ. Хаанаас ч хамаагүй учраас гадаадад суугаа монголчууд гэхэд Улаанбаатарт гардаг сонины нийтлэлийг биднээс их уншсан байдаг. Бас сайтыг цаасан сонин шиг хэн нэгэн аваад явчихгүй.
Иймээс сонинууд нийтлэлүүдээ бусдад хуулуулахгүй мөртлөө өөрөөсөө харамлаад зөвхөн цаасан дээр архивлаад байвал хайран. Одоогоор “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Зууны шуудан”, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн тойм“, “Улаанбаатар таймс” өдөр тутмын сонинууд сайттай (www.mongolnews.mn, www.dailynews.mn, www.zuuniimedee.mn, www.zuuniishuudan.mn, www.niigmiintoli.mn, www.unuuuder.mn, www.ubtimes.mn), гэхдээ зөвхөн “Өнөөдөр” сонин нийтлэлээ.pdf хэлбэрээр борлуулж мөнгө олж эхэлсэн. Гэтэл зарим сонины сайт шинэчлэгдэлгүй 3 дахь жилээ үдэж байна. Чөлөөт хэвлэл хоёр магнатын “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинууд интернэтэд огт төлөөлөлгүй.
Хэзээ нэгэн цагт сонин болгон цаасан ба онлайн гэсэн хоёр хувилбартай болж таарна. Хоёулаа адилхан байх албагүй, чухам энэ ялгаа аль алинаас нь мөнгө олох боломжийг эзэддээ олгох биз ээ.
Posted in ИНТЕРНЭТ, Сэтгүүл | 1 Comment »
Posted by tseren on 2008/08/27
Өнөө өглөө Байгаль нуурын орчимд 6 баллын нэлээд хүчтэй газар хөтлөлт болжээ. Тэр нь 9.35-ын үед Улаанбаатар хотод хүрч доргиогоод авлаа. Зарим өндөр барилгад чичрэлт мэдэгдэж ширээ сандал хөдөлсөн тул хүмүүс гудамжинд гарч хүлээзнэсэн байна.
Хэвлэл мэдээллээс энэхүү газар хөдлөлтийн талаар хамгийн түрүүнд МҮОНТ 11 цагийн мэдээгээрээ дуулгаж дүрсгүй цагаан мэдээ уншиж сонсгов. Бусад телевизүүд Монгол башё-г шууд дамжуулахад бэлтгээд завгүй байсан бололтой ямар нэгэн мэдээ гаргасангүй.
Үйл явдлыг хамгийн шуурхай мэдээлж чадах нь вэб сайтууд билээ. Эхлээд 10 цаг 02 минутад www.news.mn сайт маш товч мэдээлээд 11 цаг 06 минутад Онцгой байдлын ерөнхий газраас тайлбар авч тавьсан байна. Орос зүгт Булган Сэлэнгэд, нийслэлийн баруун дүүргүүдэд илүү мэдрэгдсэн гэнэ. Тэгвэл www.olloo.mn сайт 10 цаг 31 минутад энэ тухай товч мэдээг Байгаль нуурын газрын зурагтай тавьжээ. Улаанбаатарт эвдрэл хохирол гараагүй, нэмж чичрээгүй болохоор сайтууд дахин сонирхсонгүй.
Харин телевизүүд “Монгол баше” руу хандаж МҮОНТ, TV5, TV9, 25-р суваг, бас сумо “сонирхдоггүй” Ийгл шууд дамжуулан үзүүлэв. Зөвхөн башё дууссаны дараа 17 цагаас C1 телевиз газарт хөдлөлтийн талаар анхны дэлгэрэнгүй сурвлжлага үзүүлж араас бусад телевизүүд залган авлаа.
Posted in ИНТЕРНЭТ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »
Posted by tseren on 2008/08/08
Хятадын нийслэл Бээжин хотноо зуны 29-р Олимпийн тоглолт нээгдэж байна. Энэ өдрөөр улс төрийн хоригдлуудыг суллах, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хангахыг энд тэндээс уриалж шаардаж байгаа билээ. Гэхдээ зөвхөн Хятадын биш, бас Монголын эрх баригчдаас шаардмаар байна.

Бид “МАХН-ын байр дуу дайрч орьё” гээд уриалсан, гэхдээ дайрч орох байтугай чулуу ч шидээгүй Г.Магнайг баривчилсан нь зөв буруу эсэх талаар маргалдаж болно. Тэгвэл уриалаа ч үгүй Ж.Батзанданг яагаад олон хоног суулгасан бэ? Сүхбаатарын талбай дээр дуугүй суусан Г.Арслан, А.Саруул нарыг яагаад баривчлав? Тэд Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэнтэй нийлж Сүхбаатарын талбай дээр чимээгүй суулт хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайханд хүсэлт гаргажээ. Уг нь жагсаал цуглаан ч биш, өдөр бүр 12-17 цагт чимээгүй суухыг хүссэн. Гэтэл “оролцох хүмүүсийн тоо тодорхойгүй” гэх мэт хөгийн шалтаг зааж бүртгээгүй аж. Уг нь Амарсайхан дарга жагсаал цуглаан хийх гэсэн иргэддээ үйлчилж, тоо цифр дутаад байвал дуудаад тодруулчих үүрэгтэй. Эсвэл утасдаад асуусан ч яадаг юм. (Эвтэйхэн ярьчихаж болно доо: Сайн уу, Арслаан. Би Сүхбаатар дүүргийн Амарсайхан байна. Чи амарсан уу? Саяын сонгуулиар ядраа байлгүй дээ…. Хөөе, чиний бичгэн дээр хоёр тоо дутаад байна. Чи хэлээдэх, би нөхөөд биччихье… За, Чамтай цуг суулт хийх наад хүмүүсийн зарим нь настай хүмүүс байна лээ шүү. Наршчих вий дээ, сайн хэлээрэй. Наагуур чинь сахилгагүй юмнууд яваад үймүүлэх вий… Элдэв асуудал гарвал утасдаарай. Миний утас: 9911…..За сайн суугаарай). Ганцхан минут хангалттай. Хэрвээ Монгол улс ардчилсан орон мөн юм бол иргэд жагсаал цуглаан хийх хүслээ хэлдэг, Засаг дарга бүртгэдэг байх учиртай. Гэтэл Амарсайхан дарга үүргээ биелүүлээгүйгээс болж цагдаагийн “машин” ажилдаа орж Арслан, Саруул хоёрыг 14 хоногоор баривчилж, маргааш нь бүдүүлэг цагдаа нар 80 настай эмгэн, таягтай хөгшин, хоёр хүүхэдтэй бүсгүйг чирж гудран цагдаагийн газарт аваачиж “дахиж суувал” жинхэнээр суулгахаар айлгасан байх юм.
Өнөөдөр юм л бол барьж хорьдог болохнээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үүний тулд жагсаж цуглах эрх чөлөөнд шууд халдаж байна. Энэ бол бидний хувьд сонин хэвлэлд юмуу Интернэтэд бичиж нийтлэх, эсвэл телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэж явуулахыг хориглосонтой яг адилхан.
Интернэтэд вэб сайт эрхэлж, блог хөтөлдөг нөхөд өө! Бидний үзэл бодол, харах өнцөг хичнээн өөр байсан ч хамаагүй Монголд иргэд жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан интернэтийн томоохон акцыг зохион байгуулах талаар бодож үзвэл ямар вэ? Жишээлбэл, 8-р сарын аль нэг өдрийг сонгон авч сайт юмуу блогныхоо тэргүүн нүүрэнд том уриалга нийтлэх гэх мэт санаачлага гаргахыг уриалж байна.
Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, ИНТЕРНЭТ | 8 Comments »
Posted by tseren on 2008/08/07
7-р сарын 1-ны үйл явдлын дараа амь насаа алдсан 5 иргэний ар гэрийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзах үеэр МҮОНТ-ийг хэдэнтээ дурдаад авчээ.
Тэдгээр иргэд МҮОНТ-ийн удирдлагад хандаж, хүмүүсийг буудсан хэрэг явдлын тухай нэвтрүүлэг хийлгэх хүсэлт тавьсан боловч цаадуул нь тодорхой хариулт өгөлгүй бултчихжээ. Уг нь онц байдлын 4 өдрийн туршид амь үрэгдсэн хүмүүсийн талаар огт дуугараагүй, эхний өглөө 1-р эмнэлгээс санаандгүй хийсэн сурвалжлагаа ч дахиж үзүүлэхгүй хассан олон нийтийн телевиз нүглээ наманчилж энэ байтугай нэвтрүүлгийг санаачлагаараа хийчихсэн баймаар. Тэнд онц байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр бололтой.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахдаа олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн тулд арилжааны телевизүүдийг хааж ганцхан МҮОНТ-ийг үлдээсэн, харин сонин хэвлэлүүд гардгаараа гарсан, FM радио, бас Интернэтийг яагаа ч үгүй” гэлээ. Юу ярьчихав аа?!
Зарим FM-ийн байр үймээн самууны хөлд өртөж шатсаныг бид мэднэ. Гэтэл монгол телевизийн цамхаг дээр байрлуулсан антенныг нь ямар ч тайлбаргүйгээр унтрааснаас болж хэд хэдэн FM тасарчээ. Инээдтэй нь гэвэл, бусад FM-үүд дуугаа хураасныг мэдээд “тэгэх ёстой юм байлгүй” гээд эфирээ хаасан “ухамсартай” FM байсан аж. Гэтэл зарлиг мутарласан Ерөнхийлөгч өөрөө үүнийг мэдээгүй тууж явна. “Яаж энэ улс орныг удирдана даа” гэж дуу алдмаар. Тэр өдрүүдэд FM-ийн антенныг хэн унтрааж Ерөнхийлөгчийн зарлигыг зөрчсөнийг шалгахад ч илүүдэхгүй.
Бас Ерөнхийлөгч онц байдлын өдрүүдэд Интернэтийг яагаа ч үгүй, вэб сайтууд чөлөөтэй ажилласан тухай хэлээд авсан. Баярлалаа, Ерөнхийлөгч өө. Гэхдээ Интернэтийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, таны анд Жорж Буш хүртэл хянаж чаддаггүй, нөгөө Бен ладен, “Аль Кайда” нь ална хядна гээд онлайнаар заналхийлсэн хэвээр билээ. Бас Хятадын Шинжааны “Дорнод Туркестан” нэртэй алан хядагчид Олимпийн үеэр дэлбэлж шатаах мэдэгдлээ цацсаар байгааг Интернэтийг цензурдэх арвин туршлагатай Хятадын мэргэжил нэгт Хуа Жинтао ч болиулж чадалгүй Олимпоо эхлүүлж байх шиг. Харин манай Ерөнхийлөгчийн толгойд “олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд” Интернэтийг цензурдэх санаа төрсөн ч бүтэхгүйг нь мэдээд арилжааны телевизээс өөр юуг ч хориглоогүй сайн Ерөнхийлөгч болж харагдахыг оролдов уу? Тэгээгүй юм бол иймэрхүү дэмий юм ярихгүйсэн.
Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, FM радио, ИНТЕРНЭТ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »
Posted by tseren on 2008/07/04
Онц байдал тогтоосноор сонин хэвлэлүүд хаагдаагүй ч нүдээр үзүүлж, чихээр сонсохыг орлохгүй. Гэхдээ Интернэт гэж Хойт Солонгос, Хятад, Иран зэрэг орны эрх баригчид л таглах гэж оролддог мэдээллийн эх захгүй орон зай үлдэж байгаа юм. Тэнд мэдээ, сурвалжлагаа секунд ч алдалгүй нийтэлж цаасанд баригдахгүйгээр чөлөөтэй хүргэж болно. Бас дуу чимээтэй бөгөөд хөдөлгөөнтэй дүрс бүхий бичлэгийг тэнд тавьж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Интернэтийг огт дурдаагүй ч эхний өдөр зарим сайт “сайн дураараа” өөрийгөө цензурджээ. Жишээлбэл, www.gogo.mn сайт “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган онц байдал зарласантай холбогдуулан GoGo.mn-ийн зүгээс Мэдээнд сэтгэгдэл бичихийг түр хугацаанд хаасан тул хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье” гэв. Монголдоо хамгийн том гэж ойлгогддог www.olloo.mn сайт хүртэл санал сэтгэгдэл хүлээж авахаа ямар нэгэн тайлбаргүйгээр хаачихсан, тэр нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Бас хэд хэдэн сайт бүр ажиллахаа больсон, тэдгээрийг хакердсан байж магадгүй гэлцэнэ.
МҮОНТ-ээс бусад бүх телевизийн эфир унтарсан ч Ийгл мэдээ, сурвалжлагуудаа бэлтгэсэн хэвээрээ төдийгүй www.eagle-tv.mn сайтдаа тавьж цацаж байна. Урьд нь тус телевизийг эфирээр үзнэ гэдэг бол хэзээ юу гарах нь мэдэгдэхгүй, реклам нь барагдахгүй ядаргаатай ажил байдаг. Тэгээд ар араас нь залгуулсан мэдээ ярилцлагаар толгой эргүүлж байгаад христийн сурталчилгаагаа “шахдаг” аргатай билээ. Харин Интернэт дэх Ийгл-ийг дуртай цагтаа үзэж болох учраас миний хувьд амар санагдлаа.

Гэхдээ МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихаад байхад нэвтрүүлгээ Интернэтээр цацаж болох уу, үүнийг нэвтрүүлгээ явуулж байгаатай адилтгах уу гэсэн асуулт төрж байна. Ямар ч байсан манай эрх баригчид “Ийгл” телевизэд “боль” гэж халдах байтугай “болино уу” хэмээн хандаж ч чадахгүй биз ээ. Яагаад гэвэл “Ийгл” телевиз америкийн хөрөнгө оруулалттай.
Бусад телевизүүдээс “25-р суваг”, TV5 ба UBS телевизүүд 7-р сарын 1-нээс хойш сайтаа шинэчлэхээ больсон бол TV9 телевиз дүрсгүй “цагаан” мэдээ хэдийг тавьж “Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ” гэсэн асар чухал мэдээг хамгийн эхэнд залсан харагдав.


Posted in 2008.07.01-ны үйл явдал ба дараа нь, TV9 телевиз, ИНТЕРНЭТ, Ийгл телевиз | Leave a Comment »
Posted by tseren on 2008/02/22
Лхагва гариг болгон “Өдрийн сонин”-д нийтлэгддэг Баабарын өгүүлэлд хэн нэгэн хариу бичсэнийг санахгүй юм байна. Луйварчнаар дуудаад байхад ч “тэсдэг”. Харин өнгөрсөн долоо хоногийн ээлжит өгүүлэл – “Завсардсан үеийнхэн”-д филосифч С.Молор-Эрдэнэ “Завсардсан Баабар” гарчигтай хариу бичжээ. Түүндээ Баабарыг эрдмийн цол хэргэмгүй гэж голоод зарим нэр томъёог буруу зөв хэрэглэснийг анхааруулж “завсардсан үеийнхэн” гэдгээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотолж чадсангүй хэмээсэн байна. Хоёр зууны зааг дээр улс төрд орж ирсэн залуучууд ямаршуу нөхдүүд болохыг дүрслээд “завсардсан үеийнхэн” нэр оноосон нь Баабарын өөрийн хэрэг. “Баабар тэгэж үзжээ” гэж бодоод өнгөрөхөд л хангалттай. Түүнийг заавал конспектлох юм уу шинжлэх ухааны нээлт болгон судалж толгойгоо зовоох албагүй. Харин эрдэмтэн Молор-Эрдэнэ Баабарын нийтлэлийг (зүгээр л нийтлэлийг!) няцаахаар шийджээ. Эрдэмтэн дуугарч байхад юу ярихав. Харамсалтай нь дээрх нөхдүүдийг “завсардсан” биш гээд тайлбарлах, эсвэл “завсардаагүй үеийнхэн” гэдэг ч юм уу нэр томъёо дэвшүүлсэнгүй. Үргэлжлэл байгаа гэж найдья.
“Завсардсан Баабар” өгүүлэл ”Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрэнд захиалгатай ч юмуу гэж ойлгогдохоор хүндэтгэлтэй нийтлэгдсэн билээ. Тэр оройдоо www.news.mn сайтад тавигдахдаа Баабарын таван зүйл хариултыг ардаа зүүсэн байлаа. Харин дараа өдрийн сонинуудад яг ингэж хосоороо нийтлэгдэв. Үүгээр Баабар, Молор-Эрдэнэ хоёр бие биендээ хандсан үгс дуусч, тэд дахиад ганц ч үг ганхийгээгүй билээ.
Харин мэтгэлцээ тэр хоёрын хяналтаас нэгэнт гарч Интернэтэд Баабар, Молор-Эрдэнэ үгүйгээр үргэлжиллээ. Эргээд харахад “Завсардсан үеийнхэн”, “Завсардсан Баабар”, Баабарын хариу гурвыг уншигчдын (Интернэт хэрэглэгчид биш уншигчид гэвэл зохилтой) сэтгэгдлүүдгүйгээр ойлгох боломжгүй болжээ. Яагаад гэвэл Баабар, Молор-Эрдэнэ хоёр өөрсдөө хэлээгүй, хэлж чадаагүй, магадгүй чадах ч үгүй тийм зүйлийг уншигчид хэлчихсэн билээ.
Ганц нэгхэн жишээ.
Энэ Молор гэгч бичсэн юмаа бүх сонин болон сайтад тараажээ. Анхных нь Ерөнхийлөгчийн Зууны мэдээд нэгдэх өдөр гарсан. Харин хоёр дахь өдөр зарим сонингууд Баабараас асуусан болов уу, араас нь комент хэлжээ. Бүх сайтуудад очсон. Ингэхээр энэ соёлтой маргаан биш, зүгээр л хэн нэг нь мөнгө төлсөн довтолгоон байна. Харин Захиалагч тун ч ядуухан тэнэг амьтан хөлсөлж дээ
Дээр үед С.Лочин гэж зохиолч байв. Их сургуульд оюутан байхад нь нутгийн Л.Түдэв онгироож байгаад Ренчин докторын эсрэг өгүүлэл бичүүлжээ. Нам засаг Ренчин гуайд дургүй байсан учир хөөрхий залуугийн бичвэрийг сонингоор нэг тавих нь тэр. Харин ард түмэн Ренчиндээ хайртай учир Лочинг насаар нь шахсан даа. Одоо хэнд ч тоогддоггүй нэг өвгөн бий, залуудаа бусдын хатгаасаар юм бичиж насаараа амьтанд адлагдсаныгаа нөхөж баршгүй алдаа гэж ярьж суудаг. Тэрэнтэй их адилхан болжээ.
Би эхлээд Молор-Эрдэнийг ийм олон сонинд тавиулаад захиалгаар бичжээ гэж бодож байлаа. Алдсан байжээ. Анх гарсан Зууны мэдээгээс бусад сонинд дандаа эхлээд нийтлэлийн хэвлээд доор нь дандаа Баабарын хариуг хэвлэсэн байна. Баабар л ингэж хэвлүүлж чадна. Молор-Эрдэнэ Баабарын хариуг оруулаад мөнгө төлж хэвлүүлнэ гэж үгүй. Баабар Молор-Эрдэнийн нийтлэлд маш их ач холбогдол өгч ажилласан байна. Тө өөрөө дүгнэ.
Захиалгагүй болоод зэрэг зэрэг 4-5 сонинд хэвлүүлдэг болж байна уу? Бүх сонинд төлбөрийг нь өгсөн байна
Ха ха ха Бүх сонин вэбээс авсан байна. Асуугаарай. Харин тэд Баабарын эсрэг биш, сонирхолтой учраас гаргасан гэлээ. Ухаанаараа уралд. Бүү муу хэл.
Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ.
Posted in ИНТЕРНЭТ | 2 Comments »