АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘TV8 телевиз’ Category

Хүмүүжээгүй “Хатагтай”

Posted by tseren on 2012/02/18

Хүмүүс гамшиг осол тохиолдож амь нас аюулд учирсан тохиолдолд гал команд, цагдаа, түргэн тусламжийг дууддаг. Хөдөлгөөнт эргүүл бол маш шуурхай ирнэ. Харин эрх ашиг хохирч арга барагдах, заримдаа бухимдахаараа 1952 дугаарт залгаж TV8 телевизэд ханддаг болжээ. Хааяа хог шатаагаад байна, ус алдлаа, тог тасрав гэсэн ялих шалихгүй гомдлын мөрөөр очин хэрүүл маргаанд оролцдог бол саяхан хойт аав, согтуу ээж хоёртоо зодуулж байсан жаал хүүг хөршүүдийн дуудлагаар очиж хамгаалсан, магадгүй аварсан. Ноднин үргэлж согтуу ирж бусниулдаг танхай хүүгээ TV8 дуудаж өгсөн ээжийг үзсэн.  Үнэхээр арга тасарч цөхөрсөн хэрэг. Бас ядуугийн туйлд хүрсэн, эдгэшгүй өвчинд нэрвэгдсэн зөндөө айл өрхийг “Ард түмний толь”-иор үзсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хоосон өрөвдөөд суулгүй тусалсан жишээ олно. Иргэд өөр телевизүүд рүү утасдахад очиж сурвалжлах магадлалтай ч TV8 шиг өдөр шөнөгүй явдаггүй.

Энэ ажил сэтгүүлчийн хувьд нойр хоолоо алдахаас гадна эрсдэлтэй. “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийнхэн “Дэлхий 2012 онд сөнөнө” гэж номлодог талаар мэдээлэл авч тийш очоод солонгос эзнээс авсан үгүйсгэсэн хариултыг багтаасан сурвалжлага бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-нд нэвтрүүлсний дараа тус сүмээс телевизийн захирал руу ярьж бичлэгийг устгуулсан төдийгүй сүмийн солонгос эзэн,  монгол залуугийн хамт ирж “Чамайг ална. Чамайг хорлоно. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү” хэмээн заналхийлж байгаад явжээ. Тус сүмийн бусад итгэгч нар ч удаа дараа дарамталсан байна. Бас болоогүй 2011“бодит байдалд нийцэхгүй мэдээлэл нийтэд тарааж шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр хүндэд хохирол учирсан” гэх үндэслэлээр 30 сая төгрөг шаардаж, дээрх сурвалжлагадаа телевизээрээ няцаалт хийх, уучлал гуйхыг шаардсан нэхэмжлэлийг  2011 оны 12-р сарын 27-нд  Чингэлтэй дүүргийн шүүхэд  гаргаад байгаа.

Саяхны нэг жишээ. 2-р сарын 14-нд TV8 телевизийн сэтгүүлч “Хатагтай” эмнэлэгт эхнэрээ хэвтүүлсэн ч сайн эмчлүүлж чадаагүй залуугийн гомдлын дагуу очжээ. Эхнэр нь тус эмнэлгийн эмч нарыг бүдүүлэг, дуудуулж байж ирдэг, өрөө нь хүйтэн гэсэн бол нөхөр нь “хүүхэд гарчих гээд байхаар нь тогтоох гэж энд хэвтүүлэхэд  маргааш өдөр болтол эмчилгээ хийхгүй болохоор нь Отгонболд эмчид хэлэхэд дусал залгачихья гэсэн. Гэтэл гурав хоногийн дараа хүүхдийг нь “цэвэрлэнэ” гэсэн тул орж муудалцахдаа хараал хэлсэн (яах аргагүй түүний буруу), улмаар зодуулах шахсанаа ярьжээ. Сэтгүүлч Отгонболд эмчтэй утсаар холбогдоход “ярилцлага өгч чадахгүй” гэсэн бол аав нь тэнд тааралдаж өвчний түүхийг үзээггүй мөртлөө “Та нар анагаах ухааны доктор хүнтэй юу яриад байгаа юм… Тэр эмэгтэйн аборт хийлгэснийх биз, 28 хүртэл аборт хийлгэхгүй явна гэдэг чинь худлаа, өнөөдөр аборт гэдэг чинь секс хийхтэй адил зүйл болсон” гэж загнахыг “Ард түмний толь”-иор нэгд нэгэнгүй үзүүлсэн юм. Тэр ярианд үзэгчид маш дургүйцсэн биз.

Маргааш нь эмнэлэг, телевиз хоёрын хооронд юу болсныг таахаас өөр аргагүй. Нөгөөдөр орой буюу 2-р сарын 16-нд “Хатагтай” эмнэлгийн талаар төрөл арилжсан сурвалжлага үзүүлэв. Отгонболд эмч өөрийгөө хамгаалж “Тэр залуу үзлэг хийж байсан өрөөнд орж ирээд намайг хараахаар нь би гарч учраас ольё гэсэн…. Өрөө сэрүүхэн байна гэдгээр далимдуулан мөнгөө төлөхгүй гарах гэсэн байх чааваас…. Би 30 мянганы хүний амь сүйтгэж байгааг эсэргүүцсэн… Иймээс миний эсрэг далд явуулга байх…. Би учрыг олно…” гэхчлэн ярьж суулаа. Дараа нь сурвалжлагч Минжин тус эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүдтай уулзаж өрөөнүүд дулаахан сайхан байгааг хэлүүлж төгсгөв.

Отгонболд захирал TV8-ын сэтгүүлчийг нэлээд сайн “хүмүүжүүлжээ”. Телевизийн захирал нь сэтгүүлчээ хамгаалсангүй. Иймээс эргээд нөгөө залуудаа хандаж дахин тайлбар авахаас айжээ. Миний хувьд хоёр талаасаа уучлал гуйж гар барилцахыг хүлээж байсан гээч. Найдвар тээж эмчлүүлэхээр ирсэн хөөрхий тэр эмэгтэйг эмчилж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа халамж тавьж ар гэрийнхэнтэй нь эелдэгээр харьцаж чаддаггүй “Хатагтай” эмнэлэг энэ удаад “хүмүүжсэнгүй”.

Posted in TV8 телевиз | 1 Comment »

Хэн ч татгалзаж чадаагүй …

Posted by tseren on 2011/01/14

Гацууртын алтны ордын ашиглалтын лицензийг авахын төлөө довтолгоогоо Бороо гоулд /Centerra Gold гэдэг хоёр нүүртэй компани үргэлжлүүлсээр. Хэрэв лиценз авч чадахгүй бол ажилчдаа хална гэж сануулсан бололтой дэргэдэх монгол ажилчдын ҮЭ-ийн хороо байн байн хэвлэлийн хурал зарлан Монголын эдийн засагт “Бороо гоулд”-ийн оруулсан түүхэн хувь нэмэр, бас Монголоос гараад явчихвал учрах нийгэм-эдийн засгийн хор уршиг, нуруулдан уусгах технологийн онол, практикийн үндсийг багтаасан том том мэдэгдэл хийж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үүдэнд сүрт жагсаал хүртэл хийсэн. Ходоод ямар ч эрдэмд сургана гэж энэ дээ.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Жон Казакофф нь өөрөө цухуйж өрөөнөөсөө бололтой тусгай мэдэгдэл хийжээ.  Гэхдээ үүний тулд хэвлэлийн хурал зарлаагүй, сэтгүүлчдийн асуултыг сонсож хариулт өгөөгүй, зүгээр л нүүр бүхий, даанч түүнийгээ нуусан сурвалжлагч[д]ийг дуудаж бичүүлсэн байна.   

Хамгийн түрүүнд МҮОНТ-д “татгалзахааргүй санал”  тавьсан бололтой өчигдөр орой “Цагийн хүрд”-ээр тайлбартай сурвалжлагын хэлбэрт оруулан цацаж өглөө. Мэдэгдлийн агуулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бусад компанийн сүйрүүлсэн газрыг “Бороо гоулд” компани нөхөн сэргээж эхэлсэн, лиценз өгчихвөл бүр сайн хийнэ, гэтэл зарим төрийн бус байгууллага шатахууны сав руу буудсан, бас олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж байгаа тухай юм. Хаана Казакофф дуусч, хаана сэтгүүлч эхэлж байгаа нь ойлгогдохгүй үргэлжилсэн сурталчилгаа.  Бэлтгэсэн, зурагласан нэр, хаяг алга.

Энэхүү захиалгат сурвалжлагаар үзэгчдийг нэгэн зэрэг бөмбөгдөх ажилд TV5-аас эхлээд Шууд.тв-ээр шувтартлаа бүгд оролцжээ. Миний үзсэн TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч нь камертайгаа “Бороо гоулд”-д бас л дуудагдаад очсон байв.  

Дараачийн 40 тонн алтны ордод санаархсан “Бороо гоулд” нийслэлийн төвд нэгдүгээр төрөхийн анхны барилгыг  (яаж ч муулсан миний хувьд дурсгалтай, хайран барилга!) 10-р сарын 1-ны өмнө яаралтай нураалгаж 10 тэрбумаар шинэ төрөх барихаар амлаад ч (одоо ажлаа эхлээгүй харзнаад байгаа) Ашигт малтмалын газраас лиценз өгөхгүй байгаад учир бий. Өмнөх Бороо давтагдвал яахав?  Бас нөгөө “мэргэн буудагчид” юу хэлэх бол?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | 4 Comments »

“Цагийн хүрд”-ын баяртай мэдээ

Posted by tseren on 2010/09/17

Нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаацалддаг байсан цаг өнгөрлөө гэсэн баяртай мэдээг МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Мягмар гаригт орон даяар зарлав.  Улаанбаатар хотод газрын маргаан дэгдэхээ больжээ гэсэн үг.  Даанч тийм байх аа, сүүлийн саруудад “Цагийн хүрд”-ээр нийслэлийн бүтээн байгуулалт л гараад байсан. Энэ удаад Баянзүрх дүүргийн нэгэн цэцэрлэг хүрээлэнг ээлжит удаагаа сурвалжлав. Урьд нь “барих гэж байна”, “барьж байна”, “дуусах гэж байна” гэж үзүүлсэн бол энэ удаад дуусчихсан бололтой хотын болоод бусад дүүргийн удирдлага танилцаж байгааг харуулав.

Харин хэдэн минутийн дараа TV8  телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Шөнийн толь”:

- Шөнийн 01 цаг. СХД-ийн 17-р байрны дэргэд хүүхдийн тоглоомын талбайд барилга барихыг оршин суугчид эсэргүүцэж хашааг нь шатаан тэмцэлдэнэ. Гэтэл тус байрны “Батхолбоо” СӨХ-ийн дарга нь “Оршин суугчдын 80 хувь зөвшөөрсөн” гэсэн худлаа бичиг үйлдээд алга болчихож. Цаагуураа сүлбэлдсэн гэлцэнэ. Гүйцэтгэгч компаниас мэдээж хүн ирээгүй бөгөөд зөвхөн гэрээ байгуулсан хамгаалалтын албаныхан хараал ерөөл амсаж зогслоо.

- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Шинэ гэмтлийн эмнэлгийн орчимд, гэр хорооллын хажуугаар өнгөрдөг явган хүний замыг хааж далан сэтэлж байна гэсэн мэдээллийн мөрөөр очжээ.

- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Говийн 44-р байрны зүүн талд үл мэдэгдэх компани үйлчилгээний барилга барихаар газар ухаж эхэлснийг эсэргүүцсэн оршин суугчдын дуудлагаар очсон сурвалжлага. Тус байр нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайгүй болсон тул оршин суугчид шүүхээр заргалдаж байгаа ч цаадуул нь шөнө гэнэдүүлэн дайрчээ.

Маргааш нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт Халдварын эмнэлгийн ажилчдын байрны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайд халдаж тул оршин суугчид шөнийн цагаар хамгаалан зогсох зуураа сэтгүүлчийг камертай нь дуудсан бас нэгэн сурвалжлага.  Өөр нэг газрын маргаанаар хоёр тал ах дүүсээрээ хүчээ зузаатган бараг зодолдож байлаа. 

Ер нь нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаах явдал цөөрсөн нь үнэн, яагаад гэвэл булаах талбай бараг үлдээгүй.

P.S:  Дараачийн хэдэн өдөр Богд уулын Зайсангийн аманд Бурхан багшийн сэрэг дүртэй том шар хөшөө бүхий талбайг хашаалж таллаад барилга барьж эхэлсэн, Хан-Уул дүүргийн 1-р хорооны шинэхэн хотхоны хашааг нураагаад УИХ-ын гишүүн Ц.Батбаярын “Ганьт” компанийнхан ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцэж байгааг TV9 гаргасан бол мөн Зайсан дахь Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын төвийн орчны газрын маргааныг бүх олон телевиз үзүүллээ.   

“Цагийн хүрд” юугаа хардаг байна аа?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | Leave a Comment »

Яадаг муу яргачин бэ?

Posted by tseren on 2010/08/30

Өнгөрсөн Баасан гаригт TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний мэдээ”-гээр Биокомбинатад байдаг нэгэн айлд 7 настай охиныг 25 настай нагац ах нь ухаан орсон цагаас нь зоддог байсан явдал санаандгүй илэрсний дараа тэр залуу гэрээсээ зугатаж, харин охин одоо Хүчирхийллийн эсрэг төвд байгаа тухай сурвалжлага үзүүллээ.  Охиныг төрсний дараахан аав, ээж нь салж эмээ дээр нь орхиод хоёр тийшээ болсон аж. 

Хөх няц болсон биетэй (эргүүлж тойруулж харуулав), нүүр царайг нь далдалсан охин сурвалжлагчид ийн ярьжээ: 

… Манай нэг ах согтуу байсан ч зодно, эрүүл байсан ч зодно. Өдөр шөнөгүй зодно. Зүгээр л зодоод байдаг ш дээ. Ерөөсөө ойлгодоггүй…. Юм хийхгүй байна чи, юм хийгээч [хараал] гээд зоддог. Өдөр болгон зоддог… Дээр үеэс зодсон. Уйлж чаддаггүй. Уйлахаар улам бүр зоддог. Галын дэгээ төмөр, элдүүр пүүз янз янзын юмаар цохиж зодно. Намайг чулуун дээр гаргаж чирж аваачиж зодсон. Уйлахгүй л тэвчээд байсан… Намайг өдөр болгон зоддог учир би айгаад уйлж чаддаггүй. Өөр надын уруулыг сэтэлж байсан, ухаан алдуулж байсан. Багана мөргүүлсэн, нүдээр түмбүүшиг мөргүүлсэн, толгой тархиар бас л түмбүүшиг мөргүүлсэн. Би уйлахгүй л яваад байсан…. Эмээ гэртээ байгаа. Эмээ өмөөрөхөд “чиний хэрэг биш ингээд зодоод байдаг. Эмээ зүрх муутай, тэгээд ойр ойрхон ухаан алдаад уначихдаг. Хүнд хэлж чаддаггүй байсан. [Хажуу айлынхан, найз нөхөд] байнга мэднэ. Би нэг өдөр сургуульдаа гэмтсэн бэртсэн очсон чинь манай багш “яасан чи?” гэхлээр “манай нэг ах маань зодсон” гэсэн чинь “Яадаг муу яргачин бэ?” гэсэн … Би одоо хоёрт орно. Хичээлд явах надаа гоё байдаг… Зодсон газар гуяа өвчинтэй, одоо нуруу муруу өвчинтэй байсан, нурууны өвчин одоо гүйгүй болсон. Хоёр өдөр би шөнөжингээ уйлагнаад унтаж чадахгүй халуураад байсан… Хүнд хэлбэл ална шүү чамайг [хараал] гэдэг. Тэгээд би хүн амьтнаас нууж байдаг… Ахдаа аймаар гомддог…”

Хөөрхий охины нагац эгч буюу залуугийн эгч гадаадаас ирээд мэдэж цагдаад хэлсэн бололтой юм. Хэрвээ эгч ирээгүй бол энэ аймшиг цааш үргэлжлэх байж. Цагдаагийн ажилтны ярьснаар, хүүхэд хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүй, зодож байх ёстой юм шиг ойлгодог гэнэ. Ингээд охин уйлж, бас хүнд хэлж чаддаггүй… 

Үзсэн хүмүүсийг зүгээр нь сэрдхийлгээд орхиогүй, юм бодогдуулсан сурвалжлага байлаа.

Муу хүмүүс хаа сайгүй байдаг. Бусад улсыг мэдэхгүй, лав Америкт хүүхэд зодуулах, шарх сорвитой явах байтугай “гэртээ ганцаараа” үлдсэн байвал хөршүүд нь шууд цагдаа руу утасддаг гэсэн. Харин манайд тамлуулж байхад хөршүүд, найз нөхөд, ангийн багш нь хүртэл мэддэг мөртлөө утсаа шүүрч авдаггүй…

Posted in TV8 телевиз | 6 Comments »

Арилжааны телевизээс л үзлээ

Posted by tseren on 2010/04/03

Хэд хоногийн өмнө TV8 телевизийн Hard Talk нэвтрүүлэг  УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрдэм хүчний сайд Д.Зоригт, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд хоёрыг студидээ авчран маргалдуулжээ.  Хөтлөгч залуу Оюутолгойг гэрээг сайн мэдэхгүй учраас олигтой асууж чадаагүй, иймээс задгай ярилцлага болов. Гэхдээ энэ бол хоёр талын бараг анхны телевизийн халз уулзалт байсан юм.  

Өчигдөр орой, Баасан гаригийн үдэш “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн  зууван ширээний нэг талд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, нөгөө талд С.Баярцогт, Д.Зоригт нарын гишүүдийг өөд өөдөөс харуулж суулгаад жинхэнэ hard talk өрнүүлэв. Мэтгэлцээн шууд л ширүүсч “дахиад ийм нэвтрүүлэгт оролцохгүй” гэж дуугарсан Баярцогт сайд хаяад нь явах нь гэж бодогдсон ч эрхбиш соёлтой хүмүүс болохоор рекламан завсарлага авч яаж ийгээд дуусгав.  Миний хувьд эхэндээ бүгдээрээ зөв юм яриад байх шиг санагдсан ч бие биенээ хэдэнтээ харилцан няцаасны эцэст бага сага зүйлийг өөртөө ойлгож авлаа.

Эрхбиш ашигтай гэрээ хийжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж хэрэг бишидсэн ч 2040 он гартал гар хүрч болохгүй юм байна. Ер нь 10, 20 байтугай 30, 40, 50 жилийн дараахыг мэдэж шийддэг ямар мундаг сайдууд вэ? Хэдэн арван жилийн дараа хүртэж магадгүй орлогын төлөө өнөөдөр баясаад яахав. Хурдан ухаад урагшаа зөөж болохоор нь Тавантолгойдоо (Энержи Ресурс, Дайцүки, Ажнай мэтүүд амжаад эмтэлж авсныг орхихоос) найдья, монголчуудаа. Ямар азаар “Яндаж болдогггүй далай шиг яасан баян нутаг вэ?”   

Надаас эхлээд жирийн иргэд, олон нийтэд нэлээд юм ойлгуулсан сайн мэтгэлцээн байв. Харамсалтай нь, үүнийг олон нийтийн биш арилжааны телевизээс үзлээ.

Posted in 25-р суваг телевиз, TV8 телевиз | 5 Comments »

Сэтгүүлчийг дууд! Камертай нь! (2)

Posted by tseren on 2010/03/17

Хохирсон, ядарч зүдрэн арга тасарсан хүмүүс яадаг вэ? Албан тушаалтнуудаас эхлээд өөрийн сонгосон эрхэм гишүүн, иргэдийн хурлын төлөөлөгчдөд ханддаг. Даанч үргэлж “хуралтай” байдаг тэднийг олж уулзах, эсвэл “иргэдийг хүлээж авах цаг”-аар оочирлох, найдвартайгаар нь өргөдөл бичиж гардуулах гэсээр олон хоног, сарыг алддаг. Товчхондоо хүнд суртлын аманд өөрөө яваад орчихно.

Өөр нэг арга бий. Телевиз дуудах. Ирүүлж чадвал тэр үдэш, эсвэл маргааш оройдоо зураг дүрстэйгээр орон даяар биш юмаа гэхэд Улаанбаатарт суугаа бүх хүмүүст,тэр дундаа дарга нарт шууд хүргэж чадна. Урьд нь иргэд голдуу Ийгл телевиз ба 25-р суваг рүү утасдаг байсан бол ноднин намраас TV8 телевиз “Сэтгүүлчийг камертай нь дууд!” хэмээн зарлаж байгаад хамаг гомдлыг цуглуулж сурвалжлах үүргийг өөртөө хүлээдэг болов. 1952 дугаарт залгавал тэд өдөр шөнө хамаагүй очоод, сурвалжлаад, “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний толь” ба “Шөнийн толь”-иор үзүүлээд өгнө.

Сүүлийн үед үзүүлсэн тийм сурвалжлагуудаас заримыг дор тоймлов.

• ХААН банкны Хайлааст салбараас 70 мянган төгрөгөө авсан нэгэн хөгшний мөнгөн дотор хуурамч 20 мянгатын дэвсгэрт байсныг бүр хойно мэдээд буцаж ирэхэд сольж өгөхгүй болохоор нь сэтгүүлчийг дуудсаны дараа л “асуудлыг шийдсэн” байна.

• Орбитын эцэст байдаг 22-р хорооны нутаг дэвсгэрт цэргийн ангийн бохир урсаж хавь ойрын айлуудыг хүнд байдалд оруулаад байна гэсэн гомдлын мөрөөр очжээ. Гол, горхи шиг урсаад хөлдчихсөн байна. Өнөө маргаашгүй хайлж эхэлнэ…

• Микроавтобус хурд хэтрүүлж яваад шон мөргөхөд 17 настай жолоочийн хажууд сууж явсан 23 настай эмэгтэй хүнд бэртэн эмчлүүлж байтал эмнэлэг нь “мөнгөө төлөөгүй” гээд хөөгөөд гаргажээ. Нөгөө жолооч эмчилгээний төлбөр өгөөгүйгээс болсон тухай ар гэрийнхний гомдлоор хийсэн сурвалжлага. Тэдний хамт осол гаргасан залуугийн гэрт очиж уулзаад нүүрийг нь харуулахгүй яриулахад “аав, ээж туслах байх” гэхээс өөр олигтой юм хэлсэнгүй. Харанхуй болсон хойно аав нь ирээд сэтгүүлчийг барьж аван зодох шахам хөөж байгааг бичлэгээр үзүүлэв. Дараа нь хохирсон эмэгтэйн гэрт очиход бие нь маш муу, хэвтэрт орсон, нүд нь хараагүй шахам болжээ. Хоёр настай хүүхэдтэй, нөхөр нь цэрэгт байдаг гэнэ.

• Найз нартайгаа баяр тэмдэглээд халамцуу явсан эмэгтэйг микроавтобусны жолооч, кондуктор хоёр олон хүний нүдэн дээр зодож гэмтээсэн гомдлын мөрөөр сурвалжлага. Замын цагдаа дээр очиход тоохгүй болохоор нь 1952 луу залгахаар өөр арга олсонгүй. 

• Сурвалжлагч “камертайгаа” явж байтал шөнийн харанхуйд 8 настай ачтайгаа бүдчин тэмтчих тахир дутуу хөгшин тааралдахад уулзаж учрыг магадлаад (ач нь сургуульд орж чадаагүй) өрөвдөж эхлээд дэлгүүрт, буцаагаад гэрт нь хүргэж өгчээ. Үйлчилгээ багтсан иж бүрэн сурвалжлага байна.   

• Хойт хашааны айл нь угаадсаа тэдний хашаа руу асгаад байна гэсэн гомдлын мөрөөр очиж нотлох баримтын зургийг авлаа. Дэлгэцнээс үнэртэх шиг л болов. 

• Өвөрхангай аймагт амиа хорлосон цэргийн албан хаагчийн ээжтэй уулзуулав. Тэр ээж: Би хоёр дүүг нь яаж цэрэгт явуулах юм бэ? Цэрэг гэдэг чинь тамын тогоо юм уу? хэмээн уйлсаар …  

• “Шавь” цогцолбор сургуулийх удирдлага хичээлийн шинэ байр барих газрын 30 см зузаан цасыг сурагчдаар цэвэрлүүлж байна гэсэн эцэг эхчүүдийн гомдлын мөрөөр очжээ.

• Зальт этгээдүүд бааранд сууж байсан эмэгтэйн цүнхийг хулгайлаад гарахдаа бас болоогүй баарны хамгаалагчийн утсыг “ганцхан яриад өгье” гэж хэлээд авч зугатсан ч нэг нь баригджээ.

• Ажилд зуучилдаг компани 25 мянган төгрөг хурааж аваад аль нэг компани руу явуулсан боловч цаадуул нь аваагүйн улмаас хохирсон эмэгтэйн гомдлын мөрөөр сурвалжлага. Мөнгийг нь буцаахгүй гэнэ ээ.

• Нэгэн иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүүхдээ суралцуулахаар хөөцөлдтөл Наранцэцэг гэдэг эмэгтэй 7000 доллар нэхсэн тул сэтгүүлчийг микрофонтой нь дуудаж байгаад дахин залгаж яриаг нь сонсгоход цаадах нь “Энэ мөнгийг би ганцаараа авахгүй сонгон шалгаруулах комиссын гишүүдэд тарааж өгнө” гэхчлэн аймаар “шударга” юм ярьж байх юм. Харамсалтай нь TV8 эрэн сурвалжлага хийсэнгүй. Ядахдаа цагдаад өгөөсэй билээ.

• Хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй настай охиныг эмчилгээний 120 мянган долларын зардлыг Солонгосын тал даах болсон ч замын зардалгүй тул тусламж гуйж байна.

• 25-р эмийн сангийн уулзвар дээр нэгэн залуугийн машиныг 57-87 дугаартай машин мөргөсөн гомдлын мөрөөр хийсэн сурвалжлав. Мөргөсөн этгээд “би цагдаагийн ажилтан. Надаас юу олж долоох юм бэ?” гэж аархаж байжээ. Замын цагдаагийнхан ирээд тэр нөхрийг 1,7-ын согтууралтай байсан ч зүгээр орхисон мөртлөө залуугийн үнэмлэхийг хурааж аваад ЗЦГ дээр очоорой гээд явчихаж. Залуу арга буюу TV8-ыг дуудахад тэр “цагдаа” машинаа түгжээд зугатав.

• Смарт худалдааны төвөөс авсан даршилсан өргөст хэмх өттэй байсан тухай гомдлын дагуу очиход дэлгүүрийн эзэн “Бид буруугүй, нийлүүлсэн “Баясах трэйд” буруутай” гэв.

• Цагдаагийн ажилтан согтуугаар таксинд сууж үйлчлүүлээд мөнгөө төлөөгүй бөгөөд жолоочийг нэхээд байхлаар нь гэртээ оруулж зодсон тухай гомдлын дагуу ирсэн сурвалжлагч Пүрэвжаргал уг жолоочтой хамт шөнийн 02.10-т тэр цагдаагийн гэрт очиж хаалганых нь хонхыг дарсан ч онгойлгосонгүй. Ямар эвдээд оролтой биш…

• Нэгэн байрны орцанд хүүхдүүд олон лааг зүрхэн хэлбэртэйгээр байрлуулж асаагаад орхисон тухай орцны жижүүрийн дуудлагын дагуу очжээ. Хайр дурлалын асуудал биз, гэхдээ гал гарвал инээд биш ханиад … 

• 2008 онд Ховд аймгаас ирсэн наян гарсан эмээгийн ганц хүү нас барж харж хандах хүнгүй болсны дараа хашаандаа түр байлгасан айл нь цагдаагийн газарт аваачжээ. Цагдаагийнхан Өлзийт хороонд байж магадгүй гэсэн хөөрхий тэр хөгшний дүүгийн зээ хүүг олж өгөхөөр хөдлөхөөсөө өмнө TV8-ыг телевиз дуудаж танилцуулав.

• 5-р хорооллын нэгэн СӨХ-д орцны жижүүрээр долоо хоног ажилласан ч байр нь маш хүйтэн тул дулаацах гэж ажлын байраа арга буюу орхиж явсан, улмаар ажлаасаа гарсан эмэгтэй долоо хоног ажилласан 40 мянган төгрөгөө авах гээд чадаагүй тул телевиз дууджээ. СӨХ-ийн дарга хүүхэн “чи муу ажилласан, өгөхгүй” гээд хашгирч байх юм.

• Архангай аймгийн Тариат суманд нэгэн залууг сүхдэж хүнд гэмтээсэн этгээд ямар ч хариуцлага хүлээгээгүй талаар аав, эхнэрийнх нь гомдлын мөрөөр. Залуу хэвтрийн болжээ.

• Нимгэхээн манцуйтай гурван сартай хүүхдийг өдөржин тэвэрч “Мөнгөн завьяа”-гийн дэргэд гуйлга гуйж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр очиход хүүхэд тэвэрч суугаа залуу: “Манай эгчийн хүүхэд юм аа. Орой 7-8 хүртэл сууна. Ээж нь сая хорин хэдэн мянган төгрөг аваад явсан” гэж хээв нэг ярьсан бол тэр хавийн иргэд:”Хэдэн залуу ирж мөнгийг нь авдаг” гэжээ. Сэтгүүлч Минжин энэхүү мэдээллийг хүүхдийн байгууллагуудад хаяглав.

• Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Баатар уулнаас хууль бусаар огтлоод зөөж байна гэсэн гомдлыг утсаар авч сонсгов. Нойтон модтой 13 машин модыг уулнаас буулгаж байхад мэргэжлийн байгууллагууд хараагүй юм шиг өнгөрсөн гэнэ.

• Дөрвөн жилийн өмнө эмчийн буруугаас болж өрөөсөн нүдгүй болсон иргэн утасджээ. Тэр үед “Ард түмний мэдээ” гэж байгаагүй учраас өдий хүрсэн биз. 

• G-Mobile компаниас худалдаж авсан интернэт модем амалснаас 5 дахин удаан ажиллаж байна гэсэн гомдол тавихад нь “өөрөө цааш борлуул”гэжээ. Хэрэглэгч 1952 луу залгасан хэрэг.

• Хоолой нь боогдоод эмнэлэгт очсон хүүхдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эмч ганц тариа хийсэн болоод “манай дүүргийн харъяалал биш” гээд Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү пааслахад ар гэрийнхэн нь таксигаар аваачих гэж бөглөрч явсаар хүрэх хооронд хүүхэд нь нас барсан тухай ар гэрийнхний гомдлоор дээрх хоёр эмнэлгийн хооронд явж сурвалжлав. Дэндүү харамсалтай.

• Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2-р эмнэлэгт үзүүлэх гэсэн эхчүүд олон цагаар оочирлож байгаа тухай гомдлын мөрөөр очжээ. Оочирлосоор байв. 

• Хэсгийн эмнэлэгт заавал улавч өмсгөж 100 төгрөг хурааж байна гэсэн гомдлын мөрөөр явж тайлбар сонсов. Ариун цэврийг сахиулсан юм байна.  

• 8 сая төгрөгөөр машинаа даатгуулсан эмэгтэйн даатгалын мөнгөө авч чадахгүй байгаа гомдлын мөрөөр очиж маргаанд оролцов. 

• Хонхор өртөөн дээр 2009 оны 10-р сарын 30-нд нэгэн эмэгтэй шөнө ухсан нүхэнд унаад нас барсан олджээ. Гэтэл сар гаруйн дараа БЗД-ийн цагдаагийн ахмад Ганболд талийгаачийн настай ээжийг нь бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж, бас 10 настай охиноос нь хальт асуугаад хэргийг хаасан байна. Гэтэл хэрэг гарсан өдрийн 18 цагийн үед Энхтөр, Амартүвшин хоёр гэдэг залуу талийгаачийг гэрээс нь авч явсан ба цагдаагийн ажилтан “Би тэр хоёр залууг танайх руу явуулсан, тохиролцоогүй юм уу” гэж гэрчийн хажууд ярьж байжээ. Өнчирсөн гурван хүүхэдтэй нь хоцорсон ээжийнх өмнөөс хэн нэгэн 1952 луу залгасан бололтой.

• Шөнийн 03 цагийн үед Солонгос улсын ЭСЯ-ны гадна очиход 40-өөд хүн оочирлон зогсож байгааг харуулав. Зурагтаар үзээгүй бол итгэмээргүй юм.

• “Зуун наст” эмнэлэгт согтуу залуу орж ирээд тусламж хүсэхэд эмч түр хэвтүүлээд эргэх зуур нь хулгай хийгээд зугатсаныг цагдаагийнхан баривчилжээ.

• Шилэн хөөргийг манан хөөрөг гэж хууртан 135 мянган төгрөгөөр худалдаж аваад хохирсон иргэний гомдлын мөрөөр очиход худалдсан, авсан хоёр камертай сэтгүүлчийн хажууд чи, би-дээ тулж тун ширүүн үзэлцлээ.

• Шоронд 20 жил суугаад гарч ирсэн 57 настай эр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гэр орон гуйх санаатай гэж 9 сар явж байгаа талаар Төрийн ордны гаднаас үзүүлэв. Өглөө болгон Мааньтад байдаг найзынхааа гэрээсээ гарч алхсаар 10 цагт ирдэг гэнэ. Сурвалжлагын ачаар АСА циркийн дотор гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас түүнд цагаан сарын тавгын идээ бэлэглэв.

• Орон сууцны дээд давхрын айлаас нь ус алдсан гомдлын мөрөөр сурвалжлав. Согтуу эмээ хаалгаа түгжээд унтчихсан байж. Цагдаагийнхан ирж хаалга тогшиход сэрээгүй тул онцгой байдлынхныг дуудаж, тэд дээврээр дамжин 5 давхрын цонхоор орж усыг зогсоогоод эмээд хэлэхэд огт тоохгүй буцаад унтлаа.

• Гоо сайхны салонд шулуун хими хийлгэсэн эмэгтэйн үс халцарч эхэлсэн тухай гомдлын мөрөөр очжээ. Дэндүү харамсалтай.

• Эрэлийн байрны 9 давхарын айлаас ус алдсан эзгүй айлын хаалгыг онцгой байдлынхан онгойлгож орж байгаагийн гэрчээр сэтгүүлч байлцав. Мэдээж камертайгаа.  

• СХД-ийн 20-р хорооны конторын дэргэд үүрийн 5 цагийн үед очиход 70 мянган төгрөгийн бичиг баримтаа авах гэсэн хүмүүс хэдийнэ зогсож байгааг сурвалжлав. Эхний эмэгтэй Эмээлтээс иржээ. “Зэргэлдээх орцонд ороод дулаацаж болохгүй юу?” гэхэд “Оочироо алдчихна”, бас нэг эмэгтэй “Би өчигдөр 7 цагт ирээд оройн 11 хүртэл зогсоод чадаагүй болохоор өнөөдөр эртхэн ирлээ. Манайд ажил хийдэг хүн байхгүй ээ” гэв. Хорооны ажил 09 цагаас эхлэх ажээ.

• Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гал гарч нэг айлын 5 хүн амиа алдсан аймшигт явдлыг шөнийн 05 цаг 30 минутад очиж сурвалжлав. Цагдаагийнхан тэр хашааг хамгаалалтанд авч зураг авахуулсангүй.

• БХИС-ын удирдлага, технологийн сургуулийн оюутнууд дээшээ илтгэж цөхрөөд “Ард түмний толь”-д ханджээ. Хичээлийн байр дэндүү хүйтэн учраас гадуур хувцастайгаа хичээллэж байх юм.

• Газар тариалангийн компанийн захирлууд ХХААХҮЯ дээр ирж улсад тушаасан улаан буудайны мөнгөө авах шаардлага тавьж бужигнуулахдаа сайдад биш TV8-д найджээ. Захирлууд бас л ард түмэн юм байна. 

• Хятад барилгын компани орчуулагчдаа цалин өгөхгүй луу унжсан гомдлоор очиж цугтаа нэхэлцэв.

• Баянзүрх дүүрэг дэх нийтийн орон сууцны гаднах нийтийн жорлон бөглөрсөн тухай гомдлын дагуу очив. Сурвалжлагчид үнэртсэн байж таарна.

• Дээд айлаас ус алдсан гомдлын мөрөөр хийсэн сурвалжлага. Тэр айлынхан өөр хоорондоо зодоон хийж төмөр трубагаа зад татжээ.

• Улсын төв номын сангийн дэргэд үйлчлүүлэгч сахиад зогсож байсан машинтай залууг өрсөлдөгчид нь орлого хаасанд дургүйцэж муудалцан улмаар машинаараа хөөж Бөхийн өргөөний орчимд гүйцэж зогсоогоод зодож байхад нь эргүүлийн цагдаа нар баривчлаад байхад нь сурвалжлагч явж очив.

Үнэхээр сэрдхиймээр, уур хүрмээр, харамсалтай, бас инээдтэй гээд есөн шидийн гомдлыг сурвалжилжээ. Зарим нь тун шалихгүй. Гэхдээ энэ бүхэн манай өнөөдрийн амьдрал. Харин одоо TV8 телевиз урьд үзүүлсэн зарим онцгой хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөсөн, юу болж дууссан, дуусаагүйг эргэж сурвалжилмаар юм байна. Иргэд зөвхөн зурагтаар гарч ганц удаагийн сенсаац, зугаа болох гэж сэтгүүлчийг (бас камертай нь) дуудаагүй байж таарна. Зарим хүний хувьд 1952 сүүлчийн найдвар байсан шүү!

Posted in + ТЕЛЕВИЗ, TV8 телевиз | 8 Comments »

Сэтгүүлчийг дууд! Камертай нь!

Posted by tseren on 2010/01/24

Манай арван хэдэн телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд ерөнхийдөө төстэй , энд тэнд болсон албаны болоод бусад хурал семинар, арга хэмжээг тойрсон сурвалжлагуудын хоорондоо бага сага ялгагдах хувилбарууд юм. Харин TV8 телевиз ноднин 10-р сараас бусдаас онцгойрохоор шийдэж “Толь” мэдээллийн хөтөлбөрөө өөрчилж дотор нь хэдэн өвөрмөц булан нээсэн билээ.

“Өдрийн толь” –Албаны үйл явдлын мэдээ сурвалжлага. Гэхдээ хэдхэнийг үзүүлдэг бөгөөд сонирхолтой биш.

“Ард түмний толь” – “Таны эрх хаана зөрчигдөж байна? Тантай хэн шударга бус харьцаж байна? Сэтгүүлчийг камертай нь дууд… “ТВ8-ийн “Толь” мэдээллийн хөтөлбөр. Дуудлагын утас: 1952” гэж зарлаж байгаад иргэдийн гомдлын дагуу очсон хэсэг сурвалжлагаас бүтдэг. Хүмүүс нэг их хэсэг “Ийгл”-ийг дууддаг байсан бол одоо TV8-ийг болсон уу? 

“Шөнийн толь” – “Танд шөнийн мэнд хүргэе” гэж мэндчилдэг сонин “толь” юм. Нийслэлд урьд шөнө тохиолдсон гэмт хэрэг, зөрчил, замын осол, түймэр зэрэг элдэв үйл явдлын сурвалжлага. Сүүлийн үед голдуу нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй хамтран хэргийн газарт очдог болжээ. Монголын бусад бүх сэтгүүлчид гэртээ хурхирч байхад сэтгүүлч Одхүү (дайчин сэтгүүлч, гагцхүү нэлээд чалчаа, хоёулаа зэрэгцэж суугаад нэвтрүүлгээ хөтлөхөд цаадах нь зөвхөн толгойгоо дохиж амждаг байв. Харин он гарангуут үзэгдэхээ больчихов. Хаачив?), Батхүү, Пүрэвжаргал нар ээлжилж хаа нэгтээ харанхуй гудамжинд “одоо Улаанбаатарт шөнийн 5 цаг болж байна” гээд ярьж зогсох нь онцгой хүйтэн байж таарсан энэ өвөл үнэхээр баатарлаг явдал гэлтэй. Урьд нь “Хөшиг” нэвтрүүлгээр цагдаагийнхантай хамтран зочид буудал руу дайран тэнд тааралдсан нөхдийг орон даяар алдаршуулдаг байсан бол одоо хүмүүсийн нүүрийг ихэнхдээ мозаикдаж халхалдаг болж.

“Ард түмний” болоод “Шөнийн толь”-иор гарсан жирийн амьдралын сонирхолтой, адал явдалтай зарим сурвалжлагуудын товчийг жагсаав.

- Эмчийн буруугаас болж хүүхэд нь согогтой төрсөн залуухан эмэгтэйн гомдол. Түүний үгийг сэтгүүлчээс өөр хэн ч сонсоогүй.

- Гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад гарсан 17 настай охин 8-р сараас хойш сураггүй байна. Аав ээж нь дэлгэцээр нулимс дуслуулан гарч охиноо буцаад ирэхийг гуйв.

- Архи ууж агсан тавьж өөрсдийг нь зоддог хүүгээ аав ээж нь цагдаад олон удаад өгсөн ч сүүлдээ тоохоо больсон тул аргаа бараад TV8 телевизийг дууджээ. Сурвалжлагч очиход ид агсарч байсан хүүгээ гэрт нь арайхийж оруулаад ээж, аав нь ярилцлага өгөв: Манай ганц хүү … Бид машин хүртэл авч өгсөн… Шашны дээд сургууль төгссөн… 1988 оны хүүхэд… Хүүгийн царайг таниулаагүй мөртлөө ээж, аавынх царайг харуулав. Эсрэгээр хийх ёстой байсан уу?

- Жирэмсэн эхчүүд эмнэлэгт үзүүлэх гэж өдөржин оочирлож байна..

- Нэгэн иргэн “Хүдэр охь” компаниар 35 сая төгрөгөөр бариулсан модон сууцны дээвэр хоёрхон хоноод нураад уначихаж. Иргэн гомдолтой байлгүй яахав.

- Дамбадаржаагийн 58-р сургуулийн шинэ уурын зуух доголджээ. Хотын ерөнхий менежер Бат төсөл хэрэгжүүлж Бээжингээс авчирсан зуух гэнэ. Хоёр ирэх байтал нэгийг өгчээ. Арга нь тасарсан ажилчдын яриа.

- Хулгайч айлын гэрт ид “хөдөлмөрлөж” байхад нь хөдөлгөөнт эргүүлийнхэн барьж авлаа.

- Баянгол дүүрэгт согтуу хүмүүс зодооныг харуулав. Томоос том чулуу бариад өрсөлдөгчдөө үхлийн цохилт өгөхөөр дайралтанд орсон залуу камер хараад шалчийн зугтав. Ойр хавьд цагдаа байсангүй. Сурвалжлагч руу дайсан бол яана?!

- Яншидо-2 рестораны хоолноос өт гарсан гомдлын мөрөөр очиж солонгос эзэд хэрхэн агсарахыг харуулав. Солонгос хүүхнүүд нь нөхрөөсөө хэцүү юм байна.

- “Хатагтай” эмнэлэгт хагалгаа хийлгээд хохирсон эмэгтэй Отгонболд захиралд доромжлуулаад телевиз дууджээ. Отгонболд захирал тэр эмэгтэйг хөөж тууж байгааг ар гэрийнхэн гар утсандаа бичиж авсныг оруулав..

- Солонгосын хөрөнгө оруулалтай “Бэгдү констракшн” компани шинэ барилга барихдаа “Сан конфорт” компанитай хуйвалдан Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн халуун усны худгийг дур мэдэн зөөж халуун усгүй болгосон тухай цэцэрлэгийн эрхлэгчийн гомдлын мөрөөр…

- Баянзүрх дүүрэг дэх “Хадгаламж” банкны 19-р тооцооны төвийн хүүхдийн мөнгийг хугацаанд нь өгөхгүй, иргэдийг олон хоногоор чирэгдүүлдэг дутагдал дахиад давтагдсан тухай гомдол. Салбарын эрхлэгч бүсгүй асуултанд хариулахгүй камер луу цохиж байгааг харуулаад “сэтгүүлчд бидэнд ийм муухай аашилж хандаж байгаа юм чинь жирийн иргэдэд яаж ханддаг бол?” гэв.

- “Гомо” гэгдэх Нараа шөнийн 3 цагт сурвалжлагчтай тааралдаж хүнд зодуулсан тухайгаа гомдол мэдүүлж зогслоо.

- Цааз захын уулзварын гэрлэн дохионы орчинд автобусанд дайруулсын хоёр ихрийн нэг нь нас барж нөгөө нь эмнэлэгт байгаа тухй сурвалжлага. Автобусны жолооч хохирогсдын ар гэрээр нэг удаа ирээгүй, ажлаа хийсээр байгаа гэнэ

- Сэлэнгэ аймгийн иргэн, “Тэнгэрийн зарлиг-түмний нэгдэл” байгууллагын тэргүүн Баярбилэг 1-р сарын 3-наас Монгол орноор явган аялахаар зам гарч Улаанбаатарт ирээд өөрийнхөө тухай мэдээлэл цацаж өгөхийг хүсчээ. Дорнод аймгийн Бурхантын застав хүртэл явна гэв. Энэ хар хүйтэнд болимоор юм.

- Баарны зөөгч үйлчлүүлэгчийнхээ утсыг хулгайлаад баригдсан тухай. Дуудлагаар очиж зураг авахдаа нүүрийг нь таниулаагүй. Зөв байх аа.

- Сурвалжлах баг буцаж яваад Дэнжийн 1000-ын замд түүсэн шилээ үүрээд явж байсан согтуу эрийг гэрт нь хүргэж өгөв. Цагтаа компанийн захирал, инженер мэргэжилтэй байснаа машин дотор ярьжээ.

- Гарцаар гарч халамцуу иргэнийг “Ланд крузер”-тэй залуу мөргөж хэсэг зайнд чирж гэмтээсэн ба залуугийн аав машинаас бууж ирээд “архины мөнгө салгах гэлээ” гээд нэмж зодсон байна. (Бодвол хүүгээ “дутуудууллаа” гээд гүйцээсэн хэрэг). Цус нөжөө гоожуулсан иргэний яриа.

- “Лексус” машинтай шал согтуу жолооч шөнийн 04 цагийн үед хэд хэдэн машин мөргөөд зогссон тухай. Тэр согтуу манай ах “том хүн” гээд нэрийг нь хэлсэн ч “Шөнийн толь” зориудаар дарав. МАХН-ын том зүтгэлтэн байсан биз… Гэхдээ тэрний буруу байхгүй учраас сонсгоогүй нь зөв.

- “Мандат” зоогийн газраас халагдсан ажилтны цалинг өгөхгүй байгаа гомдлын дагуу очиход сурвалжлагчийн хажууд цалингийн дутууг тоолж өглөө.

- Хужирбуланд байдаг “Өгөөж саран” чихрийн үйлдвэрийн эзэд ажилчин эмэгтэйчүүддээ цалинг нь өгөхгүй, нэхэхлээр “Өт минь чи өтнийхөө амьдралаар амьдраарай” гэх хараасан тухай нэгэн эмэгтэйн гомдол. Зарим нь 15 хоног ажиллаад 27 мянган төгрөг авсан гэнэ. Харин камертай сэтгүүлчийн дэргэд цалинг нь өгч авалцахаар болов. Одоо TV8 “Цалингийн толь” нээвэл таарна. 

- Гудамжинд унасан хүнийг олсон цагдаа нарын дуудлагаар түргэн тусламж авч яваагүй орхижээ. Харин TV8-ыг дуудахлаар дахиж ирээд “Цагдаагийнхан согтуу хүн болгон дээр 103 дуудаж өгдөг нь буруу” гэх мэтээр маргалдсан ч аваад явлаа.

- Хамраас нь их хэмжээгээр цус гарсан эмэгтэйг бүтэн хоёр хоног эмнэлгүүд авахгүй өөр хоорондоо явуулаад байжээ. Хүү нь арга буюу “камертай нь” дуудаж баахан хэрүүл тайлбар сонсгосны дараа Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн гэв. “Эмнэлгийн толь” хэрэгтэй болохнээ. 

Болоош дээ.

Бас сэтгүүлчид “Одоо дараачийн толийг үзээрэй” гээд нэрлэхээс цэрвэж бултдаг нь “Бизнесийн толь” буюу төлбөртэй сурвалжлагууд юм. Саяхан TV8-ын сэтгүүлчийг камертай нь бүр Баян-Өлгийгөөс дуудаж, тэнд оволзож байгаа аймгийн МАХН ба АН-ын тэмцэлд эхнийхийг дэмжсэн сурвалжлага, ярилцлага авчирч үзүүллээ.

P.S:  Бас “Цоохор толь” нэртэй улс төрийн үйл явдлын хошиндуу тайлбарууд багтдагийг мартжээ.

Posted in TV8 телевиз | 40 Comments »

Хоёр магнатын алдаа буюу телевиз, сонин хоёрын аль нь хүчтэй вэ?

Posted by tseren on 2008/07/18

2008 оны УИХ-ын сонгууль энэ асуултанд товч бөгөөд тодорхой хариу өгсөн юм.

Олны мэдэх хэвлэл мэдээллийн гурван эзэн болох “25-р суваг” телевизийн захирал З.Алтай, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Хүмүүс” сонины үүсгэн байгуулагч Р.Хадбаатар нар саяын сонгуульд нэр дэвшсэн билээ.

Монголын хамгийн том хоёр сонины эзэд аль ноднингоос сонгуульд бэлтгэж эхэлжээ. Хадбаатар гэхэд “Хүмүүс” сонины уншигчдын клубыг ганцхан нэр дэвших Хөвсгөл аймагтаа байгуулж (нийтдээ 40 мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага болсон гэдэг) тус клубын буюу уншигч, редакцийн уулзалт нэрээр концерт, бэлэг, мөнгө, хонжвор, үнэгүй сонин, сурталчилгаагаар хөвсгөлчүүдээ таслаагүй. Бас аймгийнхаа 120 гаруй багийн даргыг Бээжин хотноо хоёр ээлжээр аялуулсан юм. Сонгогчдоо өөр яаж халамжилсныг бүү мэд.

С.Баярмөнх ч нэг их дутаагүй. Нэр дэвшихэээр шийдсэн Баянхонгор нутагтаа бас л “Сэрүүлэг”сонины уншигчдын клуб (өөр ямар ч аймагт байгуулаагүй) байгуулж ноднингоос хойш баянхонгорчуудаа сэрээсээр  сонгууль хүргэж чадсан. Дуучин Баясгалан “Сэрүүлэг”-ийн нүүр царай болж Баянхонгорт хаваржих шиг болов. Бэлэг дурсгалын талаар зөндөө дуулдаж байсан.

Дээрээс нь хоёулаа ноднингийн болоод энэ жилийн Монголын хэвлэлийн магнатаар бие биенээ ээлжлэн тодруулж том пиардсан төдийгүй хамгийн гол нь хоёулаа хамгийн хүчирхэг МАХН-аас нэр дэвшсэн байлаа. Өөр ямар ч улс төрч, бизнесмен, нийгмийн зүтгэлтэнд ийм олон давуу тал зэрэг бүрдэхгүй. УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад өөр юу хэрэгтэй юм бэ?

Телевиз чухал гэдгийг тэд ойлгож байсан. Баярмөнх бүр TV8 нэртэй телевиз байгуулсан төдийгүй Баянхонгор, бас Хөвсгөл аймагт нэвтрүүлгээ дамжуулж үзүүлсэн гэдэг. Өөрөө ч хэд хэд гарсан. Хадбаатар МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө Хөвсгөл аймагт хийсэн “айлчлал”-ынхаа тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгийг Үндэсний телевизээр сэм сэмхэн оруулж байв. Гэхдээ хоёр магнат маань өөрсдийн эзэмшдэг сониноо тойрсон сурталчилгаанд хэт эрдэж хугацаа алдсан бололтой. Зөвхөн сонгуулийн кампанийн төгсгөл рүү телевизийн сурталчилгааны хажууд бусад сурталчилгаа юу ч биш, бүх телевизээр зэрэг бөмбөгдөх хэрэгтэй гэдгийг гэнэт ухаарч гэртээ хонуулдаг, хоол хийдгээс эхлээд бусад бүх нэвтрүүлэг, ярилцлагыг бөөн бөөнөөр захиалж угсруулан орцгоосон боловч нэгэнт хожимдсон байлаа.

“25-р суваг” телевизийн захирал З.Алтай сонгуулиас ердөө сар гаруйн өмнө нэр дэвшихээ зарласан бие даагч. Тэрбээр тойрогтоо цөөхөн хүнтэй уулзалтууд хийж, сонгогдвол үзүүлээд өгнө гэж баахан сүржигнэснээс биш, мянга мянган хүнийг доргиосон концерт, найр найдам зохион байгуулаагүй. бэлэг сэлт тараагаагүй байх. Зөвхөн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ 25-р сувгаараа сарын турш үзүүлж энэ олон жил үүргэвч үүрээд хаагуур зовж зүдрэн аялснаа сануулахад л ялалт халаасанд ороод ирэх нь тэр. Гурван өрөө байр амалсан хотын экс мэр  Ц.Батбаяр, алт эрт нүхээ малтчихсан хашир гишүүн Д.Ганди, баян бизнесмен Д.Ганхуяг, ноднингоос хойш Хонгорт, хотод, Улиастайд хаа ч хамаагүй хэн нэгний эрхийг хамгаалж тодорсон Б.Мөнхтуяа гишүүн, гурван жил жагсаж даналзсан Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан гээд өөртэйгээ өрсөлдсөн болгоныг давж тойрогтоо төдийгүй Монголд хамгийн олон санал авсан юм. З.Алтайн мэдэлд бүхэл бүтэн телевиз байсан, түүнийгээ тултал ашиглаж чаджээ.

Улс төрийн том намуудад хамаагүй, шинээр сонгогдсон хоёрдогч нэр дэвшигч бол Иргэний эвслийн тэргүүн, Ногоон намын дарга Д.Энхбат юм  Гэхдээ маш олон хүн түүнийг нам, эвслийн гуншингаар биш харин “Форум-ын Энхбат” гэсэн хоёрхон үгээр таниад сонгосон. “Форум” бол 2004-2006 онуудад МҮОНТ-ээр явуулж байсан нөгөө нэвтрүүлэг гэдгийг хүмүүс мартаж амжаагүй байжээ.

P.S: “Өнөөдөр” сонины саяхны нэг дугаарт бичихдээ “Сэтгүүлч Д.Цэрэнжав гуай зурагтаар ярьж байна. “Demokratie буюу англиар Democracy гэдэг үг нь эртний Грекийн demos (ард түмэн), kratia (засаглал) гэсэн үгнээс үүдэлтэй. Бид үүнийг “ардчилал” хэмээн орчуулдаг. Махчилсан утгаараа ар түмний засаглал гэсэн үг юм. Харин энэ удаагийн сонгуульд telecracy буюу зайнаас засаглах үйл явц давамгайлж байна” гэсэн юм. Tele гэдэг нь алсаас, зайнаас гэсэн утгатай грек үг. Түүний хэлсэн үг үнэн болохыг өнгөрсөн хоёр өдрийн үйл явц тод харууллаа” гэхчлэн бичжээ. Гэхдээ би теле гэдэг үгийг телевиз гэсэн тов тодорхой утгаар хэрэглэсэн юм шүү.

Posted in + СОНИНУУД, + ТЕЛЕВИЗ, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, TV8 телевиз | 5 Comments »

МАХН-ын “Авлигын толь” ба АН-ын “Монгол дахь авлигын үнэн түүх”

Posted by tseren on 2008/05/01

Ардчилсан намын Шаабар МАХН-ынхны орооцолдсон  будлиантай хэргүүдийг голдуу түүвэрлэсэн “Авлигын толь” ном бичиж сонинд цувруулан гаргасны  хариуг МАХН-ын сэтгүүлчид барьж эхэлсэн билээ.

Харин TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр МАХН-ын сонгуулийн сурталчилгааны аргыг илчилсэн тун ноцтой тайлбар үзүүллээ. Тайлбарт, улс төрийн намуудаас МАХН түрүүлж сонгуулийн сурталчилгаандаа хамгийн бохир арга хэрэглэхээр зэхэж байна гээд өдөр тутмын зарим сонинд нийтлэгдэж эхэлсэн Жа.Пүрэв, Ш.Цэрэнпил, Б.Болд нарын “Монгол дахь авилгын үнэн түүх” баримтат цуврал нийтлэлийн гарчгийг харуулж баахан тайлбар хийлээ.

TV8 цааш үргэлжлүүлэхдээ “өдөр тутмын зарим хэвлэлийг харвал “20-р зууны банк  тоносон шилдэг луйврууд” хэмээх сүржин нийтлэлүүд гарч байна. Ардчиллынхын засаг барьсан он жилүүдэд тэднии юу хийж байсныг гутаах зорилготой. Одоо 7 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн, хэзээ ямар сувгаар  гарах нь тодорхой болсон” гээд “Алт дилерийн хэрэг ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ? “ баримтат нэвтрүүлгийн сценари йн хуудсуудыг үзүүлээд “Да.Ганболд, Гончигдорж нарын тусгайлан намнаж банкуудыг эрүүлжүүлэх алхмуудыг зоригтой хий ж байсныг гутаах зорилготой, ингэхдээ компьютер график ашиглаж янз бүрийн  юм хийх гээд байна” гэхчлэн тайлбарлав.  Төгсгөлд нь телевиз үзэгчдэд хандан “Дороо бодолтой дотроо суурьтай” байхыг анхааруулав. Уг нь дороо суурь, дотроо бодолтой байвал илүү байхсан.

АН-ынхан МАХН-ын нэвтрүүлгийн сценарыг олзолж аваад яаралтай арга хэмжээ авсан биз. Харин МАХН-ын идэвхтэй зүтгэлтэн бөгөөд МАХН-аас нэр дэвшигч С.Баярмөнхийн телевиз АН-ын талд орж МАХН-ын сурталчилгаанаас сэрэмжлүүлсний учир юу вэ? Мөнгө. Тиймээс нэр хаяггүй тайлбар байсан. Харин Баярмөнх намынхандаа “Би мэдээгүй, төлбөртэй нэвтрүүлэг байсан байна лээ” гээд аргалахаа мэднэ.

Орой нь тун төстэй, гэхдээ товчхондуу тайлбарыг бас TV9-ийн “Но[ц]той мэдээ”-гээр уншив.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by tseren on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. “Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж “Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 40 other followers