АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘25-р суваг телевиз’ Category

Сонгуулиар завсарладаг мэргэжил

Posted by tseren on 2009/08/10

Ерөнхийлөгчийн сонгуулиар сураг алдран далд фронтод сэмээрхэн дайтаж яваад ирсэн зарим сэтгүүлч хэсэг амсхийгээд дэлгэцнээ дахин үзэгдэж эхэллээ.

Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны штабт зүтгэсэн “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгээ сэргээж Сүхбаатарын талбайн урдах Ахмадын холбооны байранд очиж Баасан хатагтайтай уулзсан бичлэгээ үзүүлэв. (Нурах шахсан барилгад Баасан конторлож ахмадууд цугларсан хэвээрээ, хэрвээ тэдний мэдэлд өгчихвөл хөрөнгө оруулагч бэлэн, засаад гоё байшин болгохоо амалж байна)

Ингээд сонгуулийн өдрүүдэд Пүрэвхүүгийн “Миний мэргэжил – сэтгүүлч” биш байсан бол одоо буцаад мөн болсон хэрэг.

Сурталчилгаа эхлэхэд хоёр намын штаб телевизийн захирлуудад хандаж “татгалзахааргүй санал” олныг тавьсны нэг нь гайгүй сэтгүүлчдийн нэр цохож штабтаа авч ажиллуулах хүсэлт байжээ. Бараг бүх захирлууд зөвшөөрч сэтгүүлчдээ зарчихсан байна. Зараагүй, зүгээр л чөлөө өгөөд явуулсан гэх биз. Гэхдээ редакцийн ёс зүйн зарчим энэ тэрийг “мартсаныхаа” төлөө тухайн телевиз асар их сурталчилгааг өндөр тарифаар саадгүй авч цацсан билээ. Зарагдсан сэтгүүлчийн тухайд гэвэл тусдаа гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирсон …

Харин одоо “шударга, тэнцвэртэй”, бас “хэнд ч худалдагдахгүй” ажиллах цаг ирлээ. Юу ч болоогүй юм шиг …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз | 7 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by tseren on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Завханд болсон хонолт

Posted by tseren on 2009/03/02

“25-р суваг” телевизийн хөтлөгч Тэнгис цагаан сарын өмнөхөн хөдөө ухасхийж 1000 гаруй км-ын цаана нэг хоноод иржээ. Изнис-ийн цагаан онгоц хөлөглөн Завхан аймгийн төв – Улиастайд бууж тэндээсээ нэгэн жип олж суун явсаар цасан цагаан хөндийд хонь хариулах малчин залуутай уулзаж түүнийг ёс болгон гуйж гэрт нь хонохоор очлоо. Гаднаа хашаа хороо нь цэмцийсэн, гэртээ халуу дүүгисэн (дэлгэцэн дээрээс л тэгэж санагдсан шүү), бас телевизортэй, унинаасаа гар утас дүүжилсэн, орчин үеийн сайхан айл угтав. Ажилсаг эзэгтэй, хоёр хөөрхөн хүүхэд (гуравдах нь сурагч, сумын төвд дотуур байранд суудаг, тэр нь утсаар залгаж ярив) угтаж сайхан зочилж хонууллаа. Гэрийн эзэн ч сайн малчин, гадагш гарч туйлдсан нэг тугалыг тордсоор байгаад хөл дээр нь босгож чадав.

Гэвч…

Хотоос ирсэн хөтлөгч маань тэднийд хайрцагтай бэлэг гардуулахад дээд талд нь Gem Интернэйшнл-ийн гонзгой “бүтээгдэхүүн” зурвас харагдаад өнгөрөв. Удалгүй араас нь жип, бас чиргүүлтэй 69 хоёр дурандуулан байж тэдний гадаа ирж зогсоход дотроос нь сумын Засаг дарга, бас хэн гээч… Gem International-ийн цээж задгай ажилтан бууж малчдад өвс тарааж буян хийж яваагаа хэлэв. Ингээд 20 боодол өвстэй тэр айлд 10-аад боодол өвс авчирснаа буулгаж эхлэв.

Эргэлзээ төрөөд явчихав. Тэнгис яагаад Монголын 21 аймгаас чухам Завханыг сонгож гэнэт зүглэсэн, онгоцноос буугаад ямар бэлэн жип олоод замд гарсан, замдаа яагаад жолоочийг биш дугуй эргэхийг л харуулсан, тэр айлд хоноход машин, жолооч хоёр хаачсан, ерөөсөө Gem-ийнхэн энэ өвөл ганц удаа хөдөө гарч өвс тараахад Тэнгэс бас тэнд явж таарсан, өглөө босоход хаанахын ямар жип ирж авсан гээд бодоод байхнээ бас нэг захиалгат “Танайд хоноё” байсан бололтой. Энэ удаад хонуулсан айл өөрөө ч захиалаагүй …

Сумын Засаг дарга сайн айлыг сонгож сайн бэлдүүлсэн байна. Зөв өө. Хөдөөний айл гэхлээр заавал ундуй сундуй, даарч хөхөрсөн байх албагүй. Гэхдээ цайлган цагааныг нь далимдуулан Gem Интернэйшнл-ийн рекламанд тоглуулж, телевиз үзэгчдийг хуурах тоглоомондоо оролцуулах дэмий санагдав. Тэрний оронд “бүтээгдэхүүн” дагаж ирснээ хэлээд, бас ганц “бүтээгдэхүүн” задлаад (тэр орой нутгийн хоёр залуу энэ айлд хонохоор буусан, тэд хаачив?) шөнөжин юм ярьж суухгүй дээ. Хотдоо эргэж ирээд нөхөж унтана биз.

Энэ нэвтрүүлгийн дундуур өөр реклам ороогүй нь учиртай байж…

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 7 Comments »

“Миний мэргэжил – [төлбөртэй] сэтгүүлч”

Posted by tseren on 2009/02/22

Өчигдөр орой “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгийн 6 дахь дугаар гарав. Оросын РТР телевизийн “Профессия – репортер” гэдэг эрэн сурвалжлагын тусгай нэвтрүүлгийг дууриаж, нэрийг нь хуулан орчуулжээ. Манайд бол Пүрэвхүүгийн зохиогчийн хөтөлбөр бөгөөд одоогоор газар дээр нь очиж бэлтгэсэн уртхан сурвалжлагын хэмжээнд байна.

Энэ удаад редакциас өгсөн даалгаврын дагуу “Эмээлт” өртөө рүү явж тэндхийн цагдаа нар, ченжүүд, иргэдтэй уулзаж, айлуудаар орж зовлон жаргалыг нь сонсов. Тэндээс УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, C.Оюун, Д.Батбаяр, нийслэлийн хуралд сонгогдсон Т.Билэгт, Л.Эрхэмбаяр нарыг нэрлэж өөрсдийн тойргоо эргэж тойрон нүүр царайгаа харуулахыг уриаллаа. Болж.  

Гэхдээ би өмнөх хоёр дугаарын талаар нэг юм хэлэхгүй бол “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн” болно.

2009 оны 2-р сарын 7-ны дугаараар Говьсүмбэр аймагт очиж Шивээ-Овоогийн оросын цэргийн хаягдсан хотхонд амьдардаг иргэдийн амьдралыг харуулав. Өөрийн унаагаар очиж ундуй сундуй барилгуудыг тойрч халаалт доголдож даарч бээрсэн айлуудаар орж энд тэндгүй хөлхөх согтуу хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Яахав, хаа сайгүй байдаг бидний амьдралын дүр зураг. Энэ утгаараа Говьсүмбэрийг муулаа ч үгүй, магтаа ч үгүй.

Гэтэл 2009 оны 2-р сарын 14-ны орой санаандгүй юм болов. Пүрэвхүү өөрийн “гараар” хийсэн өмнөх нэвтрүүлгээ няцаасан “төлбөртэй” нэвтрүүлэг бэлтгэн үзүүлэх нь тэр.

minii-mergejil-setguulch-darga minii-mergejil-setguulch-gobisumber2

Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Шивээ-Овоо сумын засаг дарга, МСҮТ-ийн захирал нарын хүмүүс өмнөх нэвтрүүлэг буруу зөрүү ойлголт өгснийг сануулаад аймаг, байгууллагынхаа ажил амьдрал, ялангуяа Засаг дарга Баянмөнх гэдэг хүнийг магтан шагшлаа. Хотоос ирж энд амьдрах нь дээр гэж нотолсон үлгэр жишээ залуучууд гарав. Мэргэжлийн сургалт үйлчилгээний төв үнэхээр сайхан юм байна. Даардаг айлууд даарахаа больчихож.  Бас цэцэрлэгийн эрхлэгч авгай түрүүчийн нэвтрүүлгээр халамцуу гарч дэл сул юм ярьсан эрийг дэргэдээ нов номхон зогсоочихсон, хөдөлмөрийн дэвтрийг нь дэлгээд шагширч өглөө. minii-mergejil-setguulch-gobisumber17

Хөөрхий эр телевизийн дуранг өрөвдөлтэйө ширтэнэ… Муу ч, сайн ч эр хүнийг ингэж гутааж болох уу? 

minii-mergejil-setguulch-gobisumber19

Өмнөх нэвтрүүлгээр сэтгүүлч Пүрэвхүү Шивээ-Овоог бараан талаас нь харуулсан байг. (Бичлэгээ компьютер графикаар засчихаагүй л бол тэгээгүй). Буруу зөрүү юм хэлсэн байг. Гэхдээ энэ нь долоохон хоногийн дотор төрөл арилжиж урьд нь огт шүүмжлээгүй Говьсүмбэр аймгийн төвийн албан байгууллагууд, уурхай, тэр тусмаа Засаг даргыг нь тусгай нэвтрүүлгээр тэнгэрт тултал магтан сурталчлах шалтгаан огтхон ч биш.

Говь-Сүмбэр аймгийн дарга нар хэдэн төгрөг амлахад л 2008 оны Монголын шилдэг сэтгүүлч буугаад өгчээ. Үүнээсээ ичээд өөрөө харагдахгүй нуугдаж тайлбараа өөр хүнээр уншуулсан ч зарим асуултыг өөрөө тавих нь сонсогдсон. Одоо нэгэнт мөнгөө төлсөн (төсвийн мөнгө биз) Говьсүмбэрийн удирдлага сүүлийн үед бусад сонин хэвлэлд гарсан бүх шүүмжлэлийг давхар няцаан амжуулж өгсөн дөө.

Ноднин “25-р суваг” телевизийн удирдлага Алтантүрүү гэдэг чадварлаг залууг буруу залж айлд мөнгөөр очиж унтдаг болгож сургаад балласан бол одоо энэ охиноор Говьсүмбэр аймгийн нэгэн тосгоныг жаахан шүүмжлүүлээд дараа нь мөнгө авч залруулжээ. Юугаараа шантааж биш гэж? Хэрвээ эхний нэвтрүүлэг байгаагүй бол хоёрдахь нэвтрүүлэг хийгдэхгүй, улмаар Говьсүмбэр аймгийн төсвөөс татвар төлөгчдийн хэдэн төгрөг “25-р суваг” телевизийн дансанд шилжихгүй байсан.

Одоо манай хэвлэл мэдээллийнхэн шантаажыг ил тод хийдэг болжээ.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 17 Comments »

“Улаанбаатар” зочид буудалд хоноё”

Posted by tseren on 2008/12/29

Ноднин телевиз үзэгчдийн сэтгэл санааг эзэмдэж хөтлөгч Алтантүрүү нь Монголын телевизүүдийн холбооны шагналыг Ерөнхий сайд С.Баяраас гэрт нь хонох урилгын хамт авч байсан “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ 2008 оныг зочид буудлын тансаг өрөөны ванны өрөөнд үдэх шив. Сайн сайхан яваа мэт боловч нөгөө шинэ сонин хүмүүс, тэдний амьдрал, оройн хоол унд, үдшийн яриа алга байлаа. Нэг л биш ээ.

Тайлбарлая.
2008 оны төгсгөлийн буюу 12-р сарын 28-ны “Танайд хоноё” нэвтрүүлгийн эхэнд өмнөх ням гаригт очсон олон хүүхэдтэй ядруу айлд туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивыг аваачиж өгснөөр эхлэв. Дараа нь хөтлөгч Тэнгис хонох айлаа олохоор УИД-ын урд ирж зогсоод “Би хонох айл олох гэж маш их хичээдэг. Өнөөдөр хонуулах айл олдохгүй бол яанаа” хэмээн ямар нэгэн буруу юм хийснээ нуусан жаал (“Аав аа, би аяга хагалаагүй ш дээ” гэдэг урьдчилж хэлдэг шиг) мэт тун сэжигтэй эхлэв. Уг нь түүнийг хичээдэггүй гэж хэн ч зэмлээгүй юмсан. Ингээд хөтлөгч маань тэр хавиар сүлжилдэх түмэн хүнээс хэдэн охид, эмэгтэйчүүдыг сонгож “танайд хоноё” гэсэн санал тавихад цаадуул нь мэдээж татгалзлаа. Өрхийн тэргүүнээс асуухгүйгээр нэг (хоёр) “хар юм”-ыг бас камертай дагуулаад очдог ёс жудаггүй эзэгтэй гэж байх уу? Байхгүй! Нөхөргүй ганц бие юмуу өрх толгойлсон бол бүр үгүй.

Хэргийн учир тэр дороо тайлагдаж хөтлөгч маань “Би өнөөдөр зочид буудалд очиж хононо” гэж мэдэгдлээ. Уг нь сонин санаа. Буудлын амьдралын нэгэн үдэш юмуу шөнийг харуулж яагаад болохгүй гэж?. Даанч “Улаанбаатар” гэдэг зочид буудалд очиж хонохоор шийдсэнээ зарлаж, үүнийгээ “хүүхэд байхаасаа сайн мэддэг байсан” гэж тайлбарлав. Гэхдээ жинхэнэ шалтгаан өөр. Тус буудал “Монгол ньюс” компанийн хөрөнгө оруулалттай, бараг түүний охин компани шахуу билээ. Илүү тайлбар хэрэггүй биз.

Дараачийн мөчид хөтлөгч Тэнгис “Улаанбаатар” зочид буудлын ресепшн дээрээс түлхүүр авч байх юм. “Хонуулчих л даа. Мешокоо дэвсээд унтчихна. Саад болохгүй, тэгэх үү” гэсэн нэвтрүүлгийнхээ алдарт гуйлтыг хэрэглэх шаардлага гараагүй бололтой. Буудлын менежер биечлэн үйлчилж ганц хонохоор ирсэн хөтлөгчид Ерөнхийлөгчийн өрөөг танилцуулж тэнд оруулах шиг болов. (Гэхдээ үйл явдлын дүрсүүд рекламын клип шиг солигдоод байсан тул би андуурч болох). Ингээд хөтлөгч номертоо ганцаараа үлдэнгүүтээ (зураглаачтайгаа хоёулаа гэсэн үг) ваннтай усанд шумбаж зургаа авахуулаад “Шинэ жилээр хүмүүс гэр бүлээрээ байхыг хүссэн учраас намайг хүлээж аваагүй байх” гэж худлаа залж “Намайг уриалгахан хүлээж авсан “Улаанбаатар” зочид буудлын хамт олонд баярлалаа” хэмээн талархаад хөнжилдөө шурган нойрссон ба өглөө босоод юу ч дуугаралгүй хөгжмөөр “зодоод” тэр чигээрээ гарч нэг мэдэхэд буудлын гадаа явж харагдав. Ядахдаа өрөөгөө хүлээлгэж өгсөн байгаасай. Ийнхүү дэндүү богинохон мөртлөө сурталчилгаа нь хонолтоосоо урт “Буудалд хоноё” өндөрлөв.

Хоёр жилийн турш үзэж дассан Алтантүрүү солигдож шинэ хөтлөгч гарч ирэхэд, тус тусмаа олимпийн аварга Бадар-Ууганыд хоноход үзэгчид эхний удаад ихэд сонирхсон боловч одоо больжээ. Шинэ хөтлөгчийг олон хүн шүүмжилж байна. Аливаа нэвтрүүлэгт хөтлөгч солигдож болдог, гэхдээ шинэ хүн юм бол өөртөө таарсан, өөрийн чаддаг шинэ юмыг оруулж байж үзэгчдийг урвуулах учиртай. Даанч шинэ хөтлөгч маань Алтантүрүүг муухан дууриагчийн хэмжээнд эхэлж энэ оны төгсгөлд гоё буудалд арын хаалгаар хонож ванны өрөөнд ус палчигнуулахаас өөр олигтой юм бодож олсонгүй. Харамсалтай.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 6 Comments »

Бадар-Ууганыд Алтантүрүү биш Тэнгис хонов

Posted by tseren on 2008/12/01

Хэд завсарлаад сэргэсэн “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ удаад олимпийн боксын аварга Бадар-Ууганыд зочиллоо. Тэрбээр өөрт нь амлаад байсан олон байранд ороогүй, харин ШШБГ-аас өгсөн ганц сууцанд аав ээж, дүү нартайгаа цуг амьдардаг ажээ. Ухаантай сайн залуу, азтай гэр бүл байна. Иймээс сайхан нэвтрүүлэг боллоо.

Бадар-Ууганаас дутуугүй сонин юм гэвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү солигдсон явдал байлаа. Сүүлийн жилүүдэд Монголын телевизэд гарч ирсэн хамгийн өвөрмөц нэвтрүүлэг зүв зүгээр явж байтал нэвтрүүлэг, арилжаа хоёроо ялгахаа больтлоо мөнгөнд донтсон “25-р суваг” телевизийн удирдлага нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнд захиалгаар хонуулж цаадах нь үүнийгээ нуух гэж жүжиглэсээр нэр нүүрээ барсан билээ. Тиймээс нэвтрүүлэгтээ гутсан байх. Манай залуучууд ажилдаа дургүй болохоороо яадаг билээ?  Тэгээд телевизээсээ гарсан сурагтай. (Мэдээж өөрийн нэвтрүүлэг хийж олон телевизийн нэгээр гаргана. Монголд телевизээр мөнгө олдог аргыг тэр сайн сурсан биз) 

Харин 25-р сувагтаа үлдсэн “Танайд хоноё” нэвтрүүлгийн шинэ хөтлөгч Б.Тэнгист тийм явдал тохиолдохгүй гэж найдья. Ядахдаа дараа жилийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл. Бас манай зарим бүтээгдэхүүний үйлдвэрүүд “Тэнгис” гэдэг брэнд бүү гаргаасай. Гаргавал энэ нэвтрүүлгийг хөтлөгчтэй нь хамт худалдаад авчихаж мэднэ. 25-ын удирдлага эсэргүүцэж сүйд болохгүй…   

Энэ удаад “Танайд хоноё” нэврүүлгийн дундуур хангалттай олон реклам явдаг хэвээрээ, хөтлөгч нь унтахдаа хүртэл “Говь” компанийн унтлагын мешокийг рекламдаж үүгээрээ Алтантүрүүг давж гарсан харагдлаа. Илүү хэрэггүй байх аа…

tanaid-honoyo0 tanaid-honoyo31

tanaid-honoyo1 tanaid-honoyo4

tanaid-honoyo6 tanaid-honoyo7

tanaid-honoyo8tanaid-honoyo2

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 6 Comments »

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by tseren on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, C1 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 8 Comments »

“За тэгье … Танайд хоноё… Хэдээр вэ?”

Posted by tseren on 2008/09/29

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү хэсэг завсарласны эцэст дахин мөнгөөр айлд хонож эхэллээ. Тэрбээр өөрөө соёлтой залуу болохоороо “би зорьж ирсэн, хажуугаар нь бас урилгатай ирсэн” гээд боловсон үгээр тайлбарлаж байна. Зорьж ирэхийг нь мэдээд урина гэж юу байхав, тэгэхлээр урьсан учраас зорьсон байж таарна. 

Бямба гаригийн “Танайд хоноё”. 

Энэ удаад “Өсөхбаяр” сангийн тэргүүн Өсөхбаяр нэртэй залуугийнхийг “зорин уригджээ”. Тийм байх аа. Өнгөрсөн зун ийм нэртэй сан байгуулсан тухайгаа хэвлэлийн хурлаар зарлахад хүмүүс “Өсөхбаяр аваргынх байж таарна, энэ залуу түүний өмнөөс гүйх нь, харин яагаад Хан-Уул дүүргээс ажлаа эхлэх юм бол” гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл аваргын нэрээр анхаарал татаж байгаад нийслэлийн ИТХ-ын хуралд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр эртнээс онилсон овсгоотой залуу байж. 

Алтантүрүүг гэртээ авчран зочлоод, хонуулсны (бас мөнгө өгсний) хариуд Алтантүрүү

- Иргэдийн төлөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ 26-хан настай энэ залуу Улаанбаатар хотын оршин суугч бидний амьдрах орчныг шийдэж өгөх итгэл даах хүн мөн үү биш үү гэдгийг үзэгч та бүхэнд харуулахыг хүссэн юм.  Сонгуультай холбоотой учраас би энд их юм яримааргүй байна… гээд мешок руугаа шурган орж нойрлоо. 

Түүнд их юм ярих хэрэг үнэхээр байгаагүй, учир нь Өсөхбаяр өөрийгөө “гадаадад 10 хонохлоор дотор давчдаад буцаж ирмээр санагддаг” гэх мэтээр тултал рекламдаж авсан. Дахиад жаахан яриулсан бол Хан-Уул дүүргээсээ  холдож Энхтайвны гүүрийг даван хотын төв рүү орохлоор дүүргээ санадаг сэтгэлээ илчлэх нь гарцаагүй байсан. Ийм эх оронч бөгөөд хан-уулч хүнийг сонгохгүй байж болох уу? Болохгүй. 

Ням гаригийн “Танайд хоноё”.   

Сүүлийн өдрүүдэд Японы Комацу пүүсийн Монгол дахь салбарын захирал Э.Тамир орой болгон телевизээр гарч компанийхаа 15 жилийн ойн мэндчилгээг монголын ард түмэнд дэвшүүлсээр бүгдийн танил болжээ. (Яг одоо дахиад гарч байна. Сайн уу, Тамир аа!)

Тэгтэл  орон нутгийн сонгуулийн кампани эхэлж таарснаас болов уу нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшихээр тодрох нь тэр. 

Ингээд Алтантүрүүг  дуудан гэртээ хонуулж аж амьдралаа илүү сайн дэлгэхээр шийджээ. Гэтэл юу болов? Эхлээд тансаг харшаараа оруулж тоолж барахааргүй олон өрөөгөөрөө шагайлгаж хөөрхий сэтгүүлчийг маш их горьдоосон (Алтантүрүү “энд хономоор байна… хонуулахгүй юм байх даа” гээд үглээд байсан) мөртлөө хонуулахгүй, бас авгайгаа үзүүлэхгүй (зөвхөн хүүхдүүд нь харагдсаныг бодоход авгай нь тэр хавьд нуугдсан байж) машиндаа суулган авч давхисаар Өлзийт хавьд байдаг мориныхоо хашааны дэргэдэх байшинд аваачиж хэсэг ярьж суугаад унтууллаа. Тун тохилог байшин, гэхдээ л хачин байгаа биз? Алтантүрүү маань “яая гэхэв” хэмээн хэд үглээд дуугүй л хонов.  Мориныхоо жүчээнд очоод унтчих гэвэл зөвшөөрөх байсан. Мешоктойгоо очсон юм чинь. Мөнгө, тэгэхдээ их мөнгө авчихсан бол яая гэхэв…

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 5 Comments »

Сонгууль-2008: “Лүнгийн хэрэг”-ийг хэн цайруулав?

Posted by tseren on 2008/09/07

2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хэрхэн оролцож ямар үүрэг гүйцэтгэсэн зарим баримт жишээг “Сонгууль-2008″ нэрээр эргэн сануулья.

Баруун зүгт Лүнгийн замыг “Очир төв” компани хоёр жилийн турш там болгоод байна. Уг нь тендерт ялж цоо шинэ засмал тавих үүрэг хүлээн ажлаа эхэлж хуучин замыг туушид нь хуулж хаясан мөртлөө шинийгээ барьж дуусалгүй өдий хүрснээс хөндий дүүрэн салаа замууд үүсч эрүүл хөрс, малын бэлчээрийг сүйтгэсэн билээ. Саяхан Зам, тээвэр аялал жуулчлалын яамны дэд сайдын яриаг сонсоход 11-р сард бүрэн дуусах гэрээтэй энэ зам дээр тус яамныхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод сахиж суугаа боловч сайндаа л 50-70 хувийг энэ онд багтаан ашиглаланд өгвөл дээдийн заяа гэнэ. Бас наадмаар Хүй долоон худаг руу хагас дутуу тавьсан замаа одоо дахиж байгаа сурагтай.  

Хэрвээ манай сэтгүүлчид “Лүнгийн хэрэг”-ийг нэгэн дуугаар шуугиад эхэлсэн бол ийм хулхи компанийн эзэн Дамба-Очир төрд орох нь бүү хэл  өөрөө хүрз бариад тэнд халуун асфальт шидэлж зогсох учиртайсан. Гэтэл тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуултар МАХН-ын нэрээр Орхон аймгаас сонгогдож Төрийн ордонд тухалж сууна. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц Дамба-Очир “хэдэн төгрөг” гаргахад л монголын телевизүүд түүний өмнө бүрэн сөгджээ. Эхлээд МҮОНТ Дамба-Очирт худалдагдаж сонгуулийн байтугай ямар ч сурталчилгаа явуулах эрхгүй “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө  Лүнгийн замын байдлыг гүжирдэн магтаж Дамба-Очирыг хэдэнтээ сурталчилж өглөө. (Үүнийг би нэгэнтээ бичиж байсан) 

Хамгийн анхны, ардчилсан, хараат бус, чөлөөт телевиз “25-р суваг” дараачийнх. Тус телевизийн хамгийн сайн сэтгүүлч Пүрэвхүү бүсгүй “Лүнгийн зам” нэртэй 20 минутийн баримтат бүтээлээ туурвижээ. Нойр хоолгүй ажиллан зам барьж байхад гүтгэлээ гэж Дамба-Очирын өмнөөс гомдоллоод УИХ-ын чуулган дээр шүүмжлэл хэлсэн З.Энхболд, Батж.Батбаяр нарын зургийг харуулж “тэр хоёр улс төрийн шалтгаанаар дайрсан” гээд баахан балбаад дараа нь АН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч нэгний компанийн урьд тавьсан замаас хэдэн цоорхой илрүүлэн микроскопоор томруулах шахам харуулж барьцлаа. Лүнгийн замаар тэр болгон яваад байдаггүй эрдэнэтчүүд Дамба-Очирыгоо өрөвдөн нулимс унагасан биз.

 

 

Удалгүй 25-р суваг телевиз “Очир төв” нэртэй  бас нэг нэвтрүүлэг гарч эгэл жирийн амьдралын илүүд үзэж одоо болтол гуравхан өрөө байранд амьдарч байгаа Дамба-Очир хэмээх гайхамшигт хөвгүүний тухай бас нэг нэвтрүүлэг толилуулсан. Ерөнхийдөө Эрдэнэтийг босгоод авч яваа хүн гэж ойлгогдсон шүү. Тайлбарыг МҮОНТ-ийн хөтлөгч Ичинхорлоо яруу тодоор уншлаа. Олон нийтийн радио, телевизийн хуулиар хориотой зүйл. 

Үүнийг үзэж сэтгэл хөдөлсөн бололтой TV5-ын тоймч Э.Дагиймаа тэр сайн хүнийг дэмжихээр Эрдэнэтийн зүгт яаран мордож очоод “Сүүлийн үед таны тухай шуугиантай материал их гарч, хар пиар яваад байна“ хэмээн ичингүйрэн асуулаа. Хариуд нь Дамба-Очир сонгуульд өрсөлдөгчдийн элдэв гүтгэлэг доромжлолыг тоохгүй гэж даналзсанаар Дагиймаагийн бах ханаж боодол мөнгө өвөртлөн буцаж иржээ. 

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 1 Comment »

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг амархан буулгаж авлаа

Posted by tseren on 2008/07/31

Гачууртад Туулын эрэг дээр  Улаанбаатар хотын ундны усны бүсэд гольфийн талбай байгуулахаар наадмын өдрүүдийг угтуулан эксковатораар газар хагалж эхэлснийг нутгийн иргэд хармагцаа очиж эсэргүүцсэн төдийгүй телевиз дуудаж сурвалжлуулсан тэр маргаан нийслэлд урьд нь гарч байсан бүх маргааны нэгэн адил дуусч байх шиг. Товчоор хэлбэл, компаниуд дийлдгээрээ дийлж, иргэд ялагддагаараа ялагдаж, гагцхүү зөвшөөрөл өгсөн дарга нар огт цухуйхгүй үлдэж байна.

Энэ маргааныг хамгийн сайн сурвалжилсан нь TV9 телевиз. Сэтгүүлч Отгонжаргал нутгийн иргэдтэй хамт хамгаалалтын албаныхантай үзэлцэж, ажилчидтай хөөцөлдөж, зөвшөөрөл олгосон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, одоо  УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хаягаар хатуу үг хэлж, улмаар мэргэжлийн хяналтынхан болон БОЯ-наас хүн аваачиж тэнд гольфийн талбай барих нь хууль зөрчсөн болохыг хэлүүлж барилгын ажлыг зогсоох ам шийдвэр гаргуулж иргэдтэй хамт баярлаж байв.

Харин  өнөөдөр тэр гольфийн талбайг барьж байгаа Tuul River Countryside компанийн дэд захирал эмэгтэйтэй ярилцлага хийснээ үзүүллээ. Олон хоног олдохгүй байсан компанийн төлөөлөл (жинхэнэ эзэд нь тодорхойгүй үлдсэн ч) ийнхүү дэлгэцийн өмнө  гарч  ирсэн нь өөрсдөө хүссэнийх. Цаад эзэд нь тийм команд өгчээ. Ингээд бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан, Улаанбаатар хотын газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ИТХ-аар баталсан учраас Мөнх-Очир дарга зөвшөөрөл олгосон, Туул голд ямар  ч хор нөлөөгүй, ажлын байр олноор бий болно, Гачуурт тосгоныхныг ажилд авна гэсэн тайлбарууд урсав. Сэтгүүлч маань түүний аманд бүрэн багтаж “зөвшөөрөлтэй юм байна” гэж хүлээн зөвшөөрөн бууж өглөө. Түүнд өөр мэдээлэл, хөндлөнгийн тайлбар, эрэн сурвалжилсан баримт дутаж байгаа нь илт.

Орой “25-р суваг телевиз” бас энэ талаар сурвалжлага үзүүлэв. Гольфийн талбайг бариулахгүй гэсэн иргэдийн байр суурийг сэтгүүлч Оюунбат үзэгчдэд  дэлгэрэнгүй сонсгов. “Зөвшөөрөл олгосон дарга нар лав монгол хүн биш” гэж зарим иргэд бухимдана. Энэхүү сурвалжлагын араас “хоёр талын байр суурийг тэнцвэртэй үзүүлэх үүргээ биелүүлж” гэсэн тодотголтойгоор нөгөө  Tuul River Countryside-ийн дэд захиралтай ярилцав. “Гацууртынханд ажлын байр олон гарна, одоо хэлмэрч, хөтөч, туслах ажилчин хэрэг болно” гээд нөгөөдөхөө амлав. Гацууртынхан бүгд гадаад хэлтэй учраас хэлмэрчийн ажилд орж тайвшрах юм байна л даа. Бас гольфийн талбай байгуулахыг хориглохоо камерийн өмнө амалж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Оюунчимэг “зөвшөөрөлтэй юм байна, арга алга” гэснээ байгаль орчны үнэлгээгээр “Туул голд үзүүлэх нөлөө дунд зэрэг” гэж хэлснийг харуулав. Гэхдээ ярилцлага авсан сурвалжлагч Ганзориг энэ мэт асуулт тавиагүй. Учир нь  тэрбээр саяын сонгуулиар Э.Мөнх-Очирын сурталчилгааны сэтгүүлчээр ажилласан билээ.

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг дуудаж ганц ярилцлага өгөөд амыг  нь хялбархан таглачих шиг боллоо. Одоо Гачууртын иргэд телевиз дуудвал энэ хоёр телевиз очихгүй, элдэв шалтаг хэлнэ…

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 2 Comments »

Телевизийн захирлууд vs “Ийгл”

Posted by tseren on 2008/07/06

Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?

TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
- Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг….  Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…

МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй. 

Бас  “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.

Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг  үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд  Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.

Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.

Ер нь Монголын хэвлэл  мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…

Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр  сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав.  Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч  “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, 25-р суваг телевиз, Ийгл телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 7 Comments »

“Танайд хоноё” жүжиг болов

Posted by tseren on 2008/05/05

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн ээлжит дугаар Ням гаригийн орой гарлаа. Сүүлийн үед миний хувьд хамгийн сонирхолтой  хэсэг нь хонох айлаа хэрхэн олсноо харуулсан оршил жүжиг болоод байна. 

Энэ удаад хөтлөгч Алтантүрүү Улаанбаатарын хөл чимээнээс зайлсхийж сүүлийн үед архины хордлого энэ тэр дуулддаг тэр газрын амьдралтай танилцахаар шийдсэнээ мэдэгдээд замд гарч Багануур дүүргийн захиргааны өмнөх талбай дээр очиж тааралдсан хэдэн хүүхнийг зогсоож “Танайд хоноё” гэж гуйлаа.   Нэг эмэгтэй эгчийндээ амьдардаг ч ерөнхийдөө зөвшөөрөх янзтай байтал Алтантүрүү өөрөө “Эгч чинь уурлах болов уу?” гээд ухарчихаж байх юм. Ашиггүй айлд хонохыг хүсээгүй биз. Бас эрэгтэйчүүд буюу өрхийн тэргүүнүүдэд хандаагүй нь тохиолдлын хэрэг биш бололтой. (Би хасч монтажлан найруулсан бичлэгээс энэ дүгнэлтийг хийж байна. Бүтнээр нь үзүүлсэн бол…).

Дараа нь Алтантүрүү хүмүүсээс гуйхаа больж “Зөндөө  хүмүүсээс асуугаад бүтсэнгүй. Миний ард байгаа захиргааных нь байранд ороод Засаг даргынд хоноё гэж бүгдээрээ дайрья”  гэж хэлээд оров. Харуул манаа ч яасан юм, нариийн бичгийн дарга чтааралдахгүй явсаар Багануур дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбатын албан өрөөнд явж орлоо.

Дараачийн үйл явдлууд төдийлөн сонирхолтой бус. Мэдээж Засаг дарга шууд зөвшөөрч Алтантүрүүг гэртээ авчрахад авгай хүүхдүүд нь  гал тогооны өрөөндөө эргэлдэн угтлаа. Гурван өрөө бололтой ердийн орон сууцны айл ажээ. Багануурынхны жишиг амьдрал иймэрхүү юм байна гэж хөтлөгч хэдэнтээ давтсан бол Засаг дарга өөрөө “Миний амьдрал нэг иймэрхүү” гэж лав 10 удаа хэллээ. Цааш өөрийгөө элдэв янзаар магтаж (бусдын жишгээр амьдардаг, авлигал авч үзээгүй, би хүнтэй харилцахдаа зарчим л ярьдаг гэх мэт), ухаантай санал дэвшүүлж (Засаг даргыг иргэд нь сонгодог байвал зүгээр), тэгснээ гурил элдэн цуйван хийж хичнээн ардач эр болохоо харуулж амжлаа. Алтантүрүү уламжлал ёсоор “Хэлсэн үгэндээ үнэнч, холбирдоггүй хүн юм шиг байна” гээд хэсэг магтаад “мешок”-тоо орж нойрсов. Хүнийг ганцхан оройн дотор танина гэдэг ховор чадвар шүү.

Харин өглөө босоод микрод сууж буцахаа хэлж Засаг даргаар үдүүлэн тэднийхээс гарсан юм. “25-р суваг” телевизийн хамгийн сайн нэвтрүүлгийнхээ сурвалжлах хэсгийг аппарат хэрэгсэлтэй нь явганаар илгээлээ гэж үү? Минийхээр бол, төлбөргүй нэвтрүүлэг хийдэг, иймээс унаа ч байхгүй гэдгээ харуулах гээ давхар жүжиг тавиад амжив. 

Хэрвээ үнэхээр төлбөргүй нэвтрүүлэг байсан бол Д.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд АН-аасаа нэр дэвших хүсэлтэй, бас Багануурын Засаг дарга төдийгүй тэргүүн баян, “Ноён” групп хэмээх том компанитай, Багануурын  хамгийн том “Ноён” телевизийн эзэн, Улаанбаатарт гэхэд л Алтантүрүүг өдөр болгон  хонуулаад цуйвангаар байтугай  дайлж чадах “Залуучууд” зочид буудлыг эзэмшдэг гэдгийг яриулж болох байсан даа.

Бямба гаригийн “Өнөөдөр”-ийн дугаарт Алтантүрүү том ярилцлага өгөхдөө  “Нэвтрүүлгийн нэр “Манайд хонооч” болсон байна лээ?” гэсэн асуултанд,  “Алтантүрүү сонгуулиар далимдуулж мөнгө хийж байна гэж. Мөнгө аваад оцойтлоо баяжсан юм алга, ажлаа хийгээд л явж байна. Сонгуультай холбоотойгоор долоо хоногт хоёр айлд хонож байгаа нь үнэн. “MN 25 дугаар суваг” телевиз бол арилжааны телевиз. Гэхдээ энэ үед хэнийд хонох вэ гэдэг нь хамгийн чухал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2007 оны “Ирээдүйтэй залуу сэтгүүлч” гэсэн шагналыг надад өгсөн. Өөрөө ч мэдээгүй, манай хамт олон шагналыг минь аваад ирсэн. Тийм болохоор би итгэл алдахыг хүсэхгүй байгаа. Хэн нэгнийг дэмжсэн, магтаж малгайлсан нэг ч асуулт тавьдаггүй. Байгаагаар нь л гаргахыг хүсдэг. Нэр дэвшигч итгэл даах хүн мөн үү гэдгийг харуулахыг хүсч байгаа” гэжээ.

Бас НТВ телевизийн “Үнэн үү” нэвтрүүлэг  (зочиндоо  асуулт тавьж үнэн хариулсан эсэхийг дэлгэцийн доогуур графикаар харуулдаг бололтой) сэтгүүлч Алтантүрүүг урьжээ. Ярилцлага гэхээсээ илүү сэтгэл зүйн сорилтыг санагдуулах  бөгөөд хөтлөгч Нямбаяр сүрхий асууж чаддаг залуу байна. Жишээлбэл, хуруугаа учиртайхан имэрч “ийм юм аваад айлд хоноод байна уу?” гэж асуулаа. Алтантүрүү  “Үгүйсгэхгүй. 25-р суваг бол телевиз арилжааны телевиз. Шударга, гарах ёстой хүмүүсийнд урилгаар хонож байгаа” гээд “мөнгө авлаа гээд асуудгаа л асууна, яаж асуулт тавихав гэдэгтээ байгаа юм” гэхчлэн өөрийгөө  хамгааллаа. Гэхдээ хөтлөгч Нямбаяр “Сонгууль дуустал УИХ-ын гишүүдээр явах юм байна”, “Үнийг нь авсан тэр хүндээ тааруулж ярина даа?”, “Бялдуучилж явахгүй гэж итгэж байна” гэдгээ хэлээд авч байв. 

Ийнхүү айлд “Танайд хоноё” нэвтрүүлэг “Захиалгаар хоноё”  юмуу “Дуудлагаар хоноё” болсон нь тодорхой болжээ. “Шударга, гарах ёстой” нэр дэвшигч гэдгийг яаж мэдэж байна аа? Алтантүрүүг урьсан болохоор уу? Мөнгийг нь авчихсан бол зөвхөн “Нэр дэвшигч итгэл даах хүн мөн” гэдгийг харуулж болно. Харин нэр дэвшигч “итгэл даах хүн биш” гэдгээ харуулах гэж мөнгө төлдөггүй л байхгүй юу… 

Иймээс гудамжинд хүмүүсийг зогсоож “Танайд хоноё” гэсэн жүжиг тавихын оронд “Би уригдлаа” гээд нэр дэвшигчийнд шуудхан явж очвол ядахдаа шударга юм даа.  Монголын сэтгүүл зүйн найдвар болсон шинэ үеийн нэгэн сайн сэтгүүлч элдэв улс төрчидтэй сэмхэн тохирч мөнгө төгрөг авчихаад дараа нь санаандгүй тааралдсан мэт уулзаж, гэрт нь очоод огт уулзаж байгаагүй мэт жүжиглэж үзэгчдээ хууран мэхэлдэг болсон нь  харамсалтай. Шинэ үеийн захиалгат сэтгүүл зүй ийнхүү эхэлжээ.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 9 Comments »

Алтай монголын бүх телевизээр ингэж агсарвал ч …

Posted by tseren on 2008/05/03

“25-р суваг “ телевизийн захирал З.Алтай УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдэж Монголын телевизүүдийн холбооны өмнөөс хэвлэлийн хурал зарлан хуралдуулав. Түүнийг Ц.Балхжав (UBS), А.Ганбаатар (НТВ), Д.Сарангэрэл (TV5), Ц.Энхбат (TV90) нар дэмжихээр ирсэн байлаа.

МТХ-ны ерөнхийлөгч З.Алтай шуудхан эхэллээ: Би УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшихээр шийдлээ. Уг нь дэвшье гэж бодоогүй, гэхдээ энэ улс орны байгаа байдлыг хараад тэссэнгүй, улсаа бодохоор шийдлээ, би амиа бодсон бол 25-тайгаа яваад байх байсан, 16 жил, 18 жил тэслээ, бидний ирээдүй дэндүү бүрхэг, дэндүү харанхуй байна, одоо иргэний үүргээ гүйцэтгэх боллоо. Аль нэг намд орохгүй, аль нэг нам хүчнийг дагаж далбайхгүй, аль болох энэ нам, улс төрөөс хол байя… Энэ нөхдүүд арван хэдэн жил буг болчихоод суугаад байна, тэгэхлээр  тэнд нэг амттай юм байна аа, тэдний нэг ч гэсэн суудлыг авья … Миний ард Монголын телевизүүд байна, монголын сая сая үзэгчид байна, телевиз шиг хүчтэй хэрэгсэл байхгүй, яадаг юм би телевизийн ашиглана, мэргэжлээ ашиглана… Намайг телевизээр их мөнгө олдог гэж бодож байна уу, юу ч олдоггүй, миний дансыг  шалгаад үз, юу ч гарахгүй…

Энэхүү хачин яриагаа 20 гаруй минутийн турш зогсоо зайгүй урсгав. Алтай юу болчихов оо? Зүгээр л сонгуульд нэр дэвшихээ зарлаад, бас телевизээрээ олигтой мөнгө олдоггүй, ядуугаа өрөвдүүлэх гээд байгаа юм бол хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад үзүүлэхийн оронд сагсуураад, тэгснээ агсраад ч байх шиг. Хэн л түүний дансыг шалгаад явав гэж…

Араас нь телевизийн захирлууд бие биенээ хөөргөж гарав: 
Д.Сарангэрэл: Би Алтайг 20 гаруй жил мэднэ…. Баянзүрх дүүргийн сонгогчдыг уриалж байна. Сэтгүүлчдийг уриалж байна.
З.Алтай: Монголын эмэгтэйчүүд Сараа шиг байгаасай.  Дэлхийн олон мундаг улс төрч сэтгүүлчдийн дундаас гарсан шүү… Ер нь чи өөрөө дэвшвэл яасан юм бэ?
Ц.Энхбат: Тавь шүргэж байгаа бидэн шиг улсууд албан тушаал энэ тэр горьдоод явдаггүй.  Энэ удаагийн сонгуулийн хууль азийн хоолтой тэстэй. Би бол телевизийнхээ зүгээс дэмжинэ.
Д.Сарангэрэл: Сэтгүүлчдэд үзэгнээс өөр хөрөнгө байхгүй, гэхдээ бид хандивын хүлээн авалт зохион байгуулна.
А.Ганбаатар: Үүнийг сонгуулийн сурталчилгаа болгож битгий  сурталчлаарай…
З.Алтай: Би УИХ-д ордог л юм бол… Орохгүй бол гомдохгүй ээ. 
Д.Сарангэрэл: Маргааш 3500 сэтгүүлч UB Palace-д үнэгүй шоу үзнэ. Билетээ авсан биз дээ…

Хэвлэлийн хурлыг шууд дамжуулсан “25-р суваг” телевизийн 2-р суваг төгсгөлд нь “Үүргэвчтэй аялал“ нэвтрүүлгийнх нь хөгжмийг эгшиглүүлж захирлынхаа сурталчилгааг эхлүүлэв. Сонгуулийн кампани, сурталчилгааг албан ёсоор зарлаагүй байхад телевизийн захирлууд ингэж хавсайдаж болох уу? Тэр жигшээд байгаа улс төрчдөөсөө ялгаагүй нөхдүүд байна. 

2000 онд байх аа, Монголын радиогийн сэтгүүлч М.Цагаан УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихдээ нутагтаа нэг ч очихгүйгээр зөвхөн өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээр сурталчилгаа хийсээр байгаад гарчихна гэж тооцоолж хэдэн сар амаа чилтэл донгодоод бараагүй билээ.  Харин энэ удаад З.Алтай монголын бүх телевизээр сурталчлуулсаар байгаад гарч ирэхээр шийджээ. Гэхдээ энэ хэвлэлийн хурал дээрх шиг дүвчигнөөд, түүнийг нь монголын бүх телевиз үзүүлээд байвал эсрэгээр ч эргэж мэднэ.

P.S: Энэхүү хэвлэлийн хурлыг “25-р суваг” тэр өдөртөө хэдэн удаа, Бямба гаригийн үдэш хөтөлбөрт орсон Алтантүрүүг айлд хонуулахгүй “амрааж” байгаад бүрэн үзүүллээ. Ням гаригт Алтайн алдарт “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг гарч эхэллээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа гэдэг бол гадаадад оччихоод монгол хэл мэдэхгүй улсуудыг монголоор муулж зугаацахаас арай өөр байж таарна…

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

Захиалгаар үйлдсэн “Дуулиант хэрэг”

Posted by tseren on 2008/04/27

Социализмын  үеийн хэргүүдийг сэргээн өгүүлдэг “25-р суваг” телевизийн “Дуулиант хэрэг” нэвтрүүлгийн захиалгат дугаарыг үзлээ.  Хадгаламжийн банкны хэргээр яллагдсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн давж заалдах шатны шүүх хурлын өмнө түүнийг өмөөрсөн нэвтрүүлэг байна. УИХ-аас эхлээд МАХН, цагдаагийнхан хүртэл энэхүү “уран бүтээл” дээр дайчлагдан оролцжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Онцгой байдлын ерөнхий газрын  зөвлөх байсан Д.Базарсад, ЭМЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга Н.Түмэндэмбэрэл, БСШУЯ-ны сайд Ө.Энхтүвшин, МАХН дахь жигүүрийн зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ, хуульч Б.Баярсайхан идэвхийлэн зүтгэж харагдана. Ерөнхий сайд С.Баярын яриаг ч оруулахаа мартсангүй.  Төр засаг тэр чигээрээ шүүхэд нөлөөлөхийг оролджээ.

Улс төрчид Хүрэлсүхийг хайрлах болсны шалтгаан тов тодорхой. Харин “Хадгаламж” банкны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч хошууч Ж.Болд, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Мишигдорж нар  өмгөөлөгч болчихсон аятай “байхгүй, буруугүй, тогтоогдоогүй” хэмээн ярьж Солонгосын казиногоос ирсэн “бид бичлэг өгөөгүй” гэсэн бичгийг эхээр нь үзүүлж гайхуулав. Номхон зогсож байгаад дээрээс үүрэг авсан биз. Гэхдээ тэдэнд тавих энгийн асуулт байна: “Хадгаламж” банкны 14 тэрбумыг Чимэдцэрэн гэдэг ганцхан хүн Солонгосын казинод алдсаныг яг мэдэж байгаа юм уу? Хэзээ, хэдэн удаагийн тоглолтоор, хэд хэдээр алдсаныг тогтоов уу? Хэрвээ солонгосын талд албан ёсоор хүсэлт тавиад мэдчихвэл үлдсэн мөнгө нь хаачсаныг тодруулах ажил үлдэнэ. У.Хүрэлсүхэд өгсөн алдарт  фургоны мөнгөнөөс эхлэнэ. Цаашилбал, МАХН-даа, МАСЗХ-ндоо, найз нөхөддөө, унаа тэрэг, байр байшин … гэх мэтээр нэмээд үзэхэд 14 тэрбум гарч байх учиртай. Зөвхөн ингэж тогтоосон цагт “Хадгаламж” банкны хэргийг шалгаж дууслаа гэж хэлнэ. Та нар энэ хэргийн үнэн мөнийг олж чадаагүй, Чимэдцэрэнгийн аманд багтчихсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?

“Хилсээр шийтгэгдэх” гээд байгаа Хүрэлсүхийг өмөөрч уйлан хайлах хэвлэл мэдээлллийнхээн! Дээрх асуултыг мөрдөн байцаагчдад тавиад үзээрэй. Асуудал Хүрэлсүх шийтгэгдэх гээд байгаадаа биш, бусад нь шийтгэгдэхгүй үлдсэндээ байгаа юм биш үү? Одоо Хүрэлсүх ч шийтгүүлэхгүй үлдэх нь захиалгаар үйлдсэн “Дуулиант хэрэг”-ээс тов тодорхой болов.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Сүхбаатарын талбайгаар дүүрэн УИХ-ын гишүүдийн аав ээж хөлхдөг

Posted by tseren on 2008/04/27

Бямба  гаригт “25-р суваг” телевиз “Танайд хоноё” нэвтрүүлгээ яг адилхан бүтэн цаг үргэлжлэх “Шинэ үеийнхэн ярьж байна” нэвтрүүлгийн нэрээр далдалж  байгаад гэнэтхэн үзүүлэв. Уг нь Ням гаригийн хөтөлбөрт зарласан байлаа.  

Монголчууд үнэхээр цөөхөн юм аа. Гудамжинд гараад дурын нэг хөгшнийг зогсооход л УИХ-ын гишүүний аав байж таардаг. Итгэхгүй байна уу? Сүхбаатарын талбай дээр хөтлөгч Алтантүрүү нэгэн буурайтай тааралдсан нь УИХ-ын гишүүн, бас 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Бадамдамдингийн аав Рагчаа гуай өөрөө явж байв.

Ингээд Рагчаа гуайнд хонохоор ороход авдран дээрх жаазнаас эрхэм гишүүн учиртайхан ширтэж угтлаа.  Харин хөтлөгч маань “танихгүй” гүрийв. Удалгүй Рагчаа гуай хүүгээ “УИХ-д ажилладаг, УИХ-ын гишүүн гэж явдаг” таалгахад wow! гэж дуу алдсанаа хөтлөгч бушуухан өөр зүйл ярьж, альбом дотроос Бадамдамдингийн зураг гарч ирэхэд ч тоохгүй дүр эсгэв.  Гэхдээ тэссэнгүй, унтахаасаа өмнө Рагчаа гуайгаас хүүгийнхээ төлөө саналаа өгөх эсэхийг асууж, хүүхдүүдийг нь магтаж амжлаа.  Үнэхээр магтахаар сайн хүүхдүүдтэй буянтай сайхан хөгшид байна лээ.

Энэ нэвтрүүлгээс би юу мэдэж авсан бэ гэвэл, Сүхбаатарын талбайгаар дүүрэн УИХ-ын гишүүний аав ээжүүд хөлхдөг болжээ. Сонгууль ойртсоных биз. Магадгүй Алтантүрүү хөдөө явж малчин айлд нохой хориулаад буусан ч “манай хүү УИХ-д ажилладаг…” гээд угтаж магадгүй.

Posted in 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 78 other followers